Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1104

 

Ц.**ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/02940 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.**ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “**” ХК-д холбогдох,

 

Гэрээний алдангид 83 617 145 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 6 824 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

 

Гэрээний 3.2 дахь хэсэгт заасан 0,3 хувиар алданги тооцох үнийн дүнг гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувь болох 33 446 858 төгрөг болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.**

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.**, С.**

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.**

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Би 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “**” ХК-ийн барьж байсан **ы барилгын 1 дүгээр давхарт үйлчилгээ явуулах зориулалтаар байр захиалсан юм. Төлбөрийг 100 хувь төлж байраа захиалсан. 4 өрөө байрны үнэ 167 234 290 төгрөгийг 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ** компанийн 110 202 87 87 дугаарын Голомт банкны дансанд тушаасан. Гэрээний 3.1-д зааснаар гүйцэтгэгч нь 1.1-д 4 өрөө орон сууцыг барьж 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр багтаан захиалагчид хүлээлгэн өгнө гэсэн атлаа өгөөгүй. 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Орон сууц хугацаандаа баригдаагүй тул гэрээний 3.2-т тохирсон алдангийг тооцвол 83 617 145 төгрөгийг нэхэмжилж байна.

Дээрх байрыг Япон улсын иргэн ** /шүдний эмчтэй/-тай хамтран шүдний эмнэлэг байгуулах зориулалттай захиалсан юм. Энэ тухай **тай 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх тухай гэрээ байгуулсан бөгөөд гэрээ ёсоор “**” ХК чанарын шаардлага хангасан барилгыг цаг хугацаандаа хүлээлгэн өгснөөс хойш 1 сарын дотор эмнэлгийн үйл ажиллагаа эхлэх ёстой байсан. Байр ашиглалтад орохгүй 2 жил болсноос хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх тухай гэрээ цуцлагдсан бөгөөд гэрээний 5.1-д зааснаар Япон улсын талаас ирэх очир зардал болох 6 824 500 төгрөгийг би төлсөн тул шаардаж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь иргэн Ц.**тэй 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороололд тус компанийн барьж байсан **ы А блокийн 1 давхрын 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Манай компанийн зүгээс барилгын ажлыг гэрээнд заасан хугацаанд нь дуусган барилгыг хүлээн авах талаар эрх бүхий байгууллагуудад цаг тухайд нь хандсан боловч улсын комисс ажиллахгүй байсаар 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр барилгыг улсын комисс хүлээн авсан. Энэ нь манай компаниас үл шалтгаалах нөхцөл байдал бөгөөд үүнд бидний зүгээс гэрээний үүргээ зөрчсөн гэм буруутай байдал болон нэхэмжлэгчийг хохироосон зүйл байхгүй.Н

Нэхэмжлэгчид захиалсан орон сууцаа гэрээнд заасан хугацаанд биет байдлаар эзэмшиж, ашиглах боломжийг бүрдүүлж өгсөөр байхад өөрөө орон сууцаа хүлээн аваагүй. 2014 оны 8 дугаар сарын 09-ний өдөр орон сууцныхаа түлхүүрийг хүлээн авсан. Эдгээр нөхцөл байдлаас харахад бидний зүгээс нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, нэхэмжлэл нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Талууд алдангийн хэмжээг тогтоох хүсэл зоригоо илэрхийлэхдээ гэрээний үнийн дүнгийн 20 хувиас алданги тооцохоор тохиролцсон. Тийм ч учраас гэрээний 2.2-т захиалагчийн төлөх алдангийн хэмжээг гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувиас тооцохоор заасан боловч уг 20 хувь гэдэг хэмжээг гэрээний 3.2-т оруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний 3.2-т алданги тооцох дүнг тодорхой заагаагүйгээс гэрээний уг зохицуулалтыг хэрэглэх боломжгүй тул үүнийг тайлбарлах замаар ямар дүнгээс алданги тооцохоор талууд тохирсон бэ гэдгийг зайлшгүй тогтоох шаардлагатай юм. Бидний зүгээс гэрээний 3.2-т заасан алданги нь гэрээний талуудын эрх тэгш байх зарчмын хүрээнд талууд алданги тооцох дүнгээ харилцан адил тогтоох ёстой гэж үзэж байна. Гэрээний нийт үнийн дүн бол 167 234 290 төгрөг гэдэгтэй маргадаггүй бөгөөд түүний 20 хувь нь 33 446 858 төгрөг болох бөгөөд энэ дүнг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж үзнэ. Иргэний хуулийн зохицуулалт ёсоор алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж үзвэл манай компаниас гэрээний дагуу төлөх алдангийн дээд хэмжээ 16 723 429 төгрөг байх юм. Гэрээний 3.2 дахь заалтын алдангийг ямар дүнгээс тооцох талаар зохицуулалтын агуулгыг талууд харилцан адилгүй ойлгож, өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа тул уг зохицуулалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасны дагуу тайлбарлан тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 323.4, 323.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “**” ХК-аас 83 617 145 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ц.**т олгож, үлдэх 6 824 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон “гэрээний 3.2 дахь хэсэгт заасан 0,3 хувиар алданги тооцох үнийн дүнг гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувь болох 33 446 858 төгрөг болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 699 592 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325 180 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “**” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 575 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.**т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Талууд гэрээ байгуулахдаа эрх тэгш байх зарчмыг баримтлах нь ойлгомжтой юм. Өөрөөр хэлбэл, иргэний эрх зүйн харилцаа нь оролцогчдын эрх тэгш байх зарчимд үндэслэгддэг бөгөөд уг зарчим алдагдвал эрхээ шүүхээр хамгаалуулдаг.

Талуудын байгуулсан гэрээний 3.2 дахь хэсэгт алдангийг ямар дүнгээс тооцохыг тодорхой заагаагүйгээс гэрээний уг зохицуулалтын талаар талууд маргасан. Тийм ч учраас сөрөг нэхэмжлэл гаргаж талуудын маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхийг хүссэн бөгөөд сөрөг нэхэмжлэлийнхээ эрх зүйн үндэслэлийг тодорхой тайлбарласан. Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэснээр бол нэхэмжлэгч орон сууц захиалах үед уг орон сууцны барилгын ажил үндсэндээ дууссан, зөвхөн дотор заслын ажил үлдсэн байсан гэдгийг хүлээн зөвшөөрч талууд энэ талаар маргаангүй. Энэ нь бодит байдлын хувьд талуудын хэн аль нь гэрээ байгуулахдаа гэрээний үүргийн 80 хувийг гүйцэтгэсэн байсныг нотолно. Тийм ч учраас хариуцагчийн зүгээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу алдангийг гэрээний үнийн дүнгийн 20 хувиас тооцохоор хүсэл зоригоо илэрхийлсэн.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо түүний хууль зүйн үндэслэлийг тайлбарлаагүй. Нөгөө талаас, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг үндэслэсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас харвал зохигчийн хэн аль нь гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогдоогүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ үндэслэлээ тодорхой заасан байхад анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсгийн зохицуулалтыг яагаад хэрэглэх боломжгүй болохыг дүгнээгүй.

Дээрх байдлаас үзвэл анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

 

Нэхэмжлэгч Ц.** нь хариуцагч “**” ХК-д холбогдуулж алдангид 83 617 145 төгрөг, гэрээний үүргийг зөрчсөнөөс учирсан хохиролд 6 824 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувиас алданги тооцохоор тохиролцсоныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хянан шийдвэрлэж 102/ШШ2016/01840 тоот шийдвэр гаргасан боловч уг шийдвэрийг бичгээр үйлдэхдээ шийдвэрийн тодорхойлох хэсэгт сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулгыг бүрэн гүйцэд тусгаагүй, үндэслэх хэсгийн эхлэл байхгүй, дутуу бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ, 118.3 дахь хэсэгт тодорхойлох хэсэгт зохигчдын тайлбарын агуулгыг заана, 118.4 дэх хэсэгт үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгааг заана гэснийг тус тус зөрчжээ.

 

Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэл тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/02940 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “**” ХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 576 050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА