Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 4778

 

 

 

 

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2016/04778

 

 

Улаанбаатар хот

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргалыг суулцуулан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 24/А-7 тоотод оршин суух, ЧТ74050221 регистртэй, Цэцэн сартуул овогт Цолмон овогтой Ариунхишигийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж, өөрийн байранд байрлах, хуулийн этгээдийн 2044161 регистртэй, “Нийслэл өргөө” ХК-д холбогдох,

Гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүссэн алданги 83,617,145 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 6,824,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээний 3.2 дахь хэсэгт заасан 0,3 хувиар алданги тооцох үнийн дүнг гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувь болох 33,446,858 төгрөг болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ариунхишиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нэргүй /ШТҮД:0836/, С.Эрдэнэцэцэг /ШТҮД:0446/, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир нар оролцов. 

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ариунхишиг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ц.Ариунхишиг би 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нийслэл өргөө” ХК-ийн барьж байсан “Өргөө” хотхоны барилгын 1 дүгээр давхарт үйлчилгээ явуулах зориулалтаар байр захиалсан юм. Тухайн үед үнэ нь бусад газруудын байрны метр квадратын үнээс өндөр байсан ч байршил, үйлчилгээний зориулалттай нэг давхрын орон сууц байгаа нь надад таалагдсан, хийх бизнесээ төлөвлөсөн байсан учраас төлбөрийг 100 хувь төлж байраа захиалсан. Гэрээ ёсоор байрны 1 м.кв нь 1,742,750 төгрөгний үнэтэй, нийт 95,96 м.кв талбайтай 4 өрөө байрны үнэ 167,234,290 төгрөгийг 2012 оны 11 дүгээр 24-ний өдөр “Нийслэл өргөө” ХК-ийн 110 202 87 87 дугаарын Голомт банкны дансанд тушаасан ба энэ талаар СЭЗЭДэд захирал Ө.Энхтуяа гэрээний ард хүлээн авсан гээд гарын үсэг зурсан байдаг. 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 3.1-д зааснаар гүйцэтгэгч нь 1.1-д дурдсан барилгын 1 дүгээр давхрын 2 тоот 4 өрөө орон сууцыг чанар сайтай барьж 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр багтаан захиалагчид хүлээлгэн өгнө гэсэн байгаа. Гэтэл барилгын ажил 2015 оны 2 дугаар сард дуусаж, би 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Үл хөдлөх эд хөрөнгийн 000393180 дугаартай гэрчилгээн дээр үйлчилгээний зориулалттай байр гэдгийг заасан байгаа. Орон сууц хугацаандаа баригдаагүй тул гэрээний 3.2-д хоног тутам 0,3 хувийн алдангийг захиалагчид төлнө гэсний дагуу “Нийслэл Өргөө” ХК-иас алдангиа нэхэмжилж байна. Үүнд: 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 02 дугаар 24-ний өдөр хүртэл нийт 570 хоног байна. Нэг хоногт нийт төлсөн 167,234,290 төгрөгийн 0,3 хувь нь 501,702 төгрөг болно. Үүнийг хугацаа хэтэрсэн 570 хоногт үржүүлбэл 285,970,140 төгрөг болно. Иргэний хуулийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул нийт алдангийн хэмжээ 83,617,145 төгрөгийг хариуцагчаас шаардсан.

Би уг хотхонд байр захиалахдаа уг байранд Япон улсын иргэн Масуда Такаюуки /шүдний эмчтэй/-тай хамтран шүдний эмнэлэг байгуулах зориулалтай захиалсан юм. Энэ тухай Масуда Такаюукитай 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх тухай гэрээ байгуулсан бөгөөд гэрээ ёсоор “Нийслэл өргөө” ХК чанарын шаардлага хангасан барилгыг цаг хугацаандаа хүлээлгэн өгсөнөөс хойш 1 сарын дотор эмнэлэгийн үйл ажиллагаа эхлэх ёстой байсан. Байр ашиглалтанд орохгүй 2 жил болсоноос хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх тухай гэрээ цуцлагдсан бөгөөд гэрээний 5.1-д зааснаар Япон улсын талаас ирэх очих зардлыг Ц.Ариунхишиг миний бие хариуцан өгсөн. Нийтдээ 6 удаа япон улсаас ирж буцах зардал нийт 6,824,500 төгрөгийг алданги 83,617,145 төгрөг дээр нэмж, нийт 90,441,645 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж, үндсэн нэхэмжлэлээ дэмжиж байна. Би өнөөдрийг хүртэл шүүх хуралдаанд зөвхөн өмгөөлөгчийнхөө үгийг сонсох, асуултад хариулах байдлаар оролцож ирсэн. Гэхдээ би өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийнхөө зүгээс тайлбар хэлэх ёстой юм байна гэж бодлоо. Би гэрээг яагаад хийсэн бэ гэхээр 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ганзориг захиралтай биечлэн уулзаад өөрийнхөө цаашдын зорилго, төлөвлөгөөгөө ярихад тэрээр миний санал болгож байгаа байр чиний төлөвлөгөөнд яг тохирох юм байна, манай байр маш хурдан ашиглалтанд орох гэж байгаа гэж хэлсэн учраас маш их итгэл үнэмшилтэйгээр 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулж, шууд төлбөрөө 100 хувь хийсэн. Д.Тамир өмгөөлөгчийн хэлж байгаагаар гэрээ байгуулах үед барилга тодорхой хувийн гүйцэтгэлтэй байсан гэдэг нь үнэн. Тийм ч учраас би төлөвлөж байсан ажил хурдан ахих юм байна гэж бодож гүйцэтгэлтэй барилгад захиалга өгсөн. Байрны гүйцэтгэлийн талаар ярих юм бол надад хариуцагч байгууллага шал байхгүй, таазнаас нь ус гоожчихсон, цонхнууд нь түгжээгүй байр хүлээлгэж өгсөн. Хэрвээ би байрны гүйцэтгэлийн талаар ярьвал энэ маргаан асар том маргаан болж хувирна. Байр ашиглалтанд орох гэрээнд заасан хугацаа хүртэл би хүлээцтэй хандаж байсан. Иймд би “Нийслэл Өргөө” ХК-иас алданги 44,500,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь уг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гэж байгаа нь бие даасан тусгайлан хэлэлцэх асуудал биш, шүүх ажиллагааны явцад хэлэлцэх маргааны хэсэг бөгөөд мэтгэлцээний явцад тодорхойлогдох асуудал байна. Гэрээний 3.2-т “...гүйцэтгэгч захиалсан барилгыг гэрээнд заасан хугацаандаа хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд 0,3 хувийн алдангийг Захиалагчид төлнө” гэж заасан бөгөөд гэрээний 2.1-д зааснаар захиалагч орон сууцны нийт үнэ болох 167,234,290 төгрөгийг 2012 оны 11 дүгээр сарын 23-нд буюу гэрээ хийсэн өдөр 100 хувь төлсөн тул гэрээний 2.2 дахь заалтыг хэрэглэх шаардлагагүй болж байна. Иймд захиалагч мөнгөө 100 хувь төлсөн байгаа энэ тохиолдолд гэрээний 3.2 дахь заалтыг хэрэглэхдээ гүйцэтгэгч захиалсан барилгыг гэрээнд заасан хугацаандаа хүлээлгэн өгөөгүй тохиолдолд захиалагчийн төлсөн үнийн дүнгийн хэмжээгээр хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр ойлгох нь зүйтэй. Учир нь захиалагч төлсөн мөнгөний хэмжээгээр хохирч байгаа гэж ойлгоно. Мөн барилга байгууламжийг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд захиалагч хэсэгчлэн хэрэглэх боломжгүй тул хугацаандаа хүлээлгэн өгөөгүйгээс үүсэх үүргийн үнийн дүнг хэсэгчлэн тогтоох боломжгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нэргүй шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хоёр тал сайн дурын үндсэн дээр байгуулсан. Гэрээтэй холбоотой маргаан байхгүй. Харин гэрээний заалтыг хариуцагч тал хэрэглэхдээ захиалагчийн төлсөн төлбөртэй холбоотой гэрээний заалтыг нэхэмжлэгчээс нэхэмжилж байгаа алдангийн зардалтай уялдуулна гэж ойлгомжгүй тайлбар яриад байна. Гэрээний 2.1 дэх заалтыгад нийт төлбөрийн хэмжээг 167,234,290 төгрөг гэж заасан байгаа. Энэ мөнгийг нэхэмжлэгч 100 хувь төлсөн. Гэтэл хариуцагч талаас иш татаад байгаа гэрээний 2.2 дахь заалтад “захиалагч нь энэ гэрээний 2.1-т заасан төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд...” гэж маш тодорхой заасан байгаа. Захиалагч төлбөрөө 100 хувь төлсөн тохиолдолд энэ заалтыг хэрэглэх ямар ч боломж байхгүй. Энэ тохиолдлыг хариуцагч тал тэгш эрхийн асуудалтай холбож тайлбарлаад байна. Захиалагч тал үүргээ 100 хувь гүйцэтгэсэн байхад хариуцагч тал хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үнийн дүнгийн 100 хувиар алдани тооцно гэсэн ойлгомжтой хуулийн заалт байж байхад үүнийг тэгш эрхийн харьцаа гэсэн утгаар хэрэглэх боломжгүй гэж энэ гэрээний 2.2 дахь заалтыг үндэслэх гэж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг үндэслээд хангаж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд, хариуцагч тал хуулийг буруу тайлбарлаж байна гэж ойлгож байна. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тал” гэж маш тодорхой зааж өгсөн байгаа. Энд зөвхөн хугацаа хэтэрсэн асуудлын талаар яригдаж байгаа. Гэтэл хариуцагч тал энэ заалтыг огт барилга баригдаагүй үед хэрэглэх заалт гэж тайлбарлаж байгаа нь буруу юм. Мөн хариуцагч тал барилга 2007 оноос хойш баригдаад эхэлсэн гэж ярьж байна. Манай талаас барилгын баригдах үе шаттай холбоотойгоор маргалдсан зүйл байхгүй. Зөвхөн гэрээнд заасан 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр орон сууцыг 100 хувь хүлээлгэж өгөх байсан үүргээ гүйцэтгээгүй гэж л маргаж байгаа. Орон сууцаа 100 хувь хүлээлгэж өгч байж орон сууцны төлбөрөө 100 хувь төлөхийг шаардах эрхтэй болно. Энэ бол тэгш зарчим. Нэгэнт захиалагч үүргээ 100 хувь биелүүлсэн бол гүйцэтгэгч талыг үүргээ 100 хувь гүйцэтгэхийг мөн шаардах эрхтэй болно. Мөн хариуцагч тал гэрээг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасны дагуу тайлбарлана гэж байна. Иргэний хуулийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан байна. Гэрээний 2.2-т “хэрвээ захиалагч тус гэрээний 2.1-д заасан төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол” гэж маш тодорхой заасан байгаа. Ц.Ариунхишиг 100 хувь үүргээ гүйцэтгэж төлбөрөө бүрэн төлсөн. Үүнээс өөрөөр тайлбарлах ямар ч боломж байхгүй. Иргэний хуулийн 198.2 дахь заалтыг үндэслээд гэрээний 2.2 болон 3.2 дугаар заалтуудыг эрх тэгш нэг түвшинд ойлгох ямар ч боломж байхгүй. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдгийг орон сууцыг 100 хувь хүлээлгэж өгөх ёстой байсан асуудлын талаар ярихаас биш барилга хэдэн хувийн гүйцэтгэлтэй байсан гэдэг чухал биш. Гагцхүү гэрээнд заасан хугацаанд чанарын өндөр түвшинд ашиглах, хэрэглэх бүх боломжоор л хангасан орон сууцыг хүлээлгэж өгөх үүргээ гүйцэтгээгүй асуудал яригдаж байгаа учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдэг нь 100 хувь хүлээлгэж өгөөгүй гэж ойлгох ёстой. Иймд хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ц.Ариунхишигийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хариуцагч тал барилгын гүйцэтгэл 80 хувьтай байсан гэж тайлбарлаж байна. Гүйцэтгэгч тал барилгын гүйцэтгэл 80 хувьдаа хүрсэн, нэг жилийн дараа ашиглалтанд орохоор гэрээ хийж байгаа учир барилгыг хугацаандаа оруулж амжих учраас захиалагч талд хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхгүй гэж баттай итгэж гэрээ байгуулсан байх. Ямар ч гэрээнд захиалагч талын эрх гэж байдаггүй. Гүйцэтгэгч талын бэлдсэн гэрээг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зураад гэрээ байгуулдаг. Өөрөөр хэлбэл захиалагч гэрээнд өөрчлөлт оруулдаггүй. Барилгын гүйцэтгэл 80 хувь байсан ч гэсэн Ц.Ариунхишигийн гар дээр байрны түлхүүр ирээгүй л бол Иргэний хуулийн 232.6 дахь заалтыг баримталж хэрэг маргааныг шийдвэрлэнэ гэж үзэж байна. Гэрч О.Билгүүн шүүх хуралдаанд гэрээнийхээ талаар тайлбарлахдаа энэ гэрээнд 2 талаас харилцан зөвшилцөөд өөрчлөлт оруулсан гэж тайлбарлалаа. Ер нь бол бусад гэрээнд нийт үнийн дүнгийн 20 хувиас алданги төлнө гэж байдаг, энэ гэрээнд харин байхгүй байна гэснээс харахад тэр заалтыг зориуд авч хаясан юм болов уу гэж харагдаж байна. Ц.Ариунхишиг төлбөрөө 100 хувь төлчихсөн учраас тэгэж бичих шаардлагагүй байсан болоод гүйцэтгэгч тал өөрсдөө тус заалтаа зориуд авсан юм байна гэж ойлголоо. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээ байгуулах үед барилга 80 хувь байсан гэж ярьж байсан боловч гэрч барилга 70 хувийн гүйцэтгэлтэй байсан гэж байна. Ингээд гүйцэтгэлийн хувьд ямар нэгэн тогтоосон зүйл байхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч “Нийслэл Өргөө” ХК-иас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус компани нь иргэн Ц.Ариунхишигтэй 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороололд тус компанийн барьж байсан Өргөө хотхоны А блокын 1 давхрын 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Манай компанийн зүгээс барилгын ажлыг гэрээнд заасан хугацаанд нь дуусган, барилгыг хүлээн авах талаар эрх бүхий байгуулагуудад цаг тухайд нь хандсан боловч улсын комисс ажиллахгүй байсаар 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр барилгыг улсын комисс хүлээн авсан. Дээрх байдлаас болж барилгын ажлыг хугацаанд нь гүйцэтгэсэн боловч уг барилгыг улсын комисс хүлээн авахад хугацаа алдсан. Энэ нь манай компаниас үл шалтгаалах нөхцөл байдал бөгөөд үүнд бидний зүгээс гэрээний үүргээ зөрчсөн гэм буруутай байдал болон нэхэмжлэгчийг хохироосон зүйл байхгүй. Нөгөө талаас хэдийгээр улсын комисс уг барилгыг хүлээн аваагүй боловч бидний зүгээс уг барилгад орон сууц захиалсан иргэдийг орон сууцандаа орж биет байдлаар эзэмших нөхцлийг бүрэн бүрдүүлсэн байсан бөгөөд нэхэмжлэгчид ч энэ тухай мэдэгдсэн. Түүнчлэн, барилгын ажлыг хугацаанд нь гүйцэтгэсэн боловч улсын комисс ажиллахгүй хугацаа алдаж байгааг ч нэхэмжлэгчид цаг тухайд нь мэдэгдэж байсан болно. Нэхэмжлэгчид захиалсан орон сууцаа гэрээнд заасан хугацаанд биет байдлаар эзэмшиж ашиглах боломжийг бүрдүүлж өгсөөр байхад өөрөө орон сууцаа хүлээж аваагүй. Эдгээр нөхцөл байдлаас харахад бидний зүгээс нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, нэхэмжлэл нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Нийслэл Өргөө” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Нийслэл Өргөө” ХК нь иргэн Ц.Ариунхишигтэй 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан бөгөөд талууд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон алданги төлөх хүсэл зоригоо илэрхийлэхдээ гэрээний үнийн дүнгийн 20 хувиас алданги тооцохор тохиролцсон. Тийм ч учраас гэрээний 2.2-т захиалагчийн төлөх алдангийн хэмжээг гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувиас тооцохоор заасан боловч уг 20 хувь гэдэг хэмжээг гэрээний 3.2-т оруулаагүй байна. Өөрөр хэлбэл, гэрээний 3.2-т алданги тооцох дүнг тодорхой заагаагүйгээс гэрээний уг зохицуулалтыг хэрэглэх боломжгүй тул үүнийг тайлбарлах замаар ямар дүнгээс алданги тооцохоор талууд тохирсон бэ гэдгийг зайлшгүй тогтоох шаардлагатай юм. Бидний зүгээс гэрээний 3.2-т заасан алданги нь гэрээний талуудын эрх тэгш байх зарчмын хүрээнд талууд алданги тооцох дүнгээ харилцан адил тогтоох ёстой гэж үзэж байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа гэрээний аль нэг нөхцлийн утга нь ойлгомжгүй бол түүнийг гэрээний бусад нөхцөлтэй харьцуулах замаар түүний агуулгыг тодорхойлдог. Гэрээний нийт үнийн дүн бол 167,234,290 төгрөг гэдэгтэй маргадаггүй бөгөөд түүний 20 хувь нь 33,446,858 төгрөг болох бөгөөд энэ дүнг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж үзнэ. Иргэний хуулийн зохицуулалт ёсоор алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж үзвэл манай компаниас гэрээний дагуу төлөх алдангийн дээд хэмжээ 16,723,429 төгрөг байх юм. Гэрээний 3.2 дахь заалтын алдангийг ямар дүнгээс тооцох талаар зохицуулалтын агуулгыг талууд харилцан адилгүй ойлгож, өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа тул уг зохицуулалтыг Иргэний хуулийн 198.2 дахь хэсэгт заасны дагуу тайлбарлан тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээнд хариуцагч талаас ямар нэгэн маргаан байхгүй. Гэрээ байгуулах үед барилгын гүйцэтгэл 80 хувьтай байсан ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх 2 үндэслэл байна. Нэгдүгээрт, гэрээний хугацаа сунгах шаардлагатай боллоо, орон сууцыг гэрээнд заасан хугацаанд оруулах боломжгүй болсон, гэрээний хугацааг өөрчлөе гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч н.Ишжамц гэх хүнд хариуцагч компаниас мэдэгдэж байсан. Хоёрдугаарт, талууд гэрээ байгуулахдаа хэн аль нь адилхан эрх эдэлж, үүрэг хүлээх ёстой. Талуудын байгуулсан гэрээний 2.1-д “... орон сууцны нийт төлбөрийн 100 хувьтай тэнцэх буюу 167,234,290 төгрөгийг төлнө...” харин 2.2-т “...хэрвээ захиалагч нь тус гэрээний 2.1-т заасан төлбөрөө хугацаанд нт төлөөгүй бол гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувиас 0,3 хувийн алданги гүйцэтгэгч байгууллагад төлнө...” гэж заасан байна. Гэтэл гэрээний 3.2-т “... гүйцэтгэгч захиалсан барилгыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутам 0,3 хувийн алданги төлнө...” гэж заасан. Энэ заалтад ямар үнийн дүнгээс алданги тооцох талаар тодорхой зааж өгөөгүй байна. Гэхдээ анх гэрээ байгуулахдаа талуудын хэн аль нь үүргийн гүйцэтгэлийг хангахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу 20 хувиар тооцно гэж хүсэл зоригоо илэрхийлж байсан гэж үзэж байгаа. Тийм учраас аль аль тал нь ижил тэгш байх буюу гэрээний үнийн дүнгийн 20 хувиас тооцоод алданги төлөхийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж заасан байгаа. Гэтэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдэг ойлголт бол огт барилга бариагүй байхыг ойлгоно. Барилгын ажил хир явагдсан байгааг гүйцэтгэл гэж хэлнэ. Гүйцэтгээгүй үүргийн дүн гэдэг нь барилгаа бариад хэдэн хувь дутуу байна гэдэг нь юм. Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасны дагуу хэрвээ гэрээнд талууд хүсэл зоригоо буруу илэрхийлсэн бол, ойлгомжгүй бол, талууд гэрээний заалтыг ойлгож буй ойлголтод маргаж байгаа бол гэрээг тайлбарлах замаар тогтоож болдог гэж заасан байна. Бид гэрээг хүчин төгөлдөр биш гэж маргаагүй. Гэхдээ аль аль талын үүргийн гүйцэтгэлийг хангах, алданги тооцохдоо нэг талд дутуу байдлаар гэрээ байгуулсан байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд, барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын актыбн 1.7 дээр “энэхүү барилга байгууламжийг зураг төслөөр 2007 оны 9 дүгээр сараас барьж эхэлсэн бөгөөд 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр барьж дуусгасан” гэж бичсэн байна. Барилга 2007 оноос хойш баригдсан гэж үзвэл 2012 он хүртэл мэдээж тодорхой хэмжээний гүйцэтгэл хийж таарна. Тодорхой хэмжээний гүйцэтгэл хийгдчихсэн, ашиглалтад орох нилээн дөхчихсөн барилга дээр захиалга авсан. Гэрээ байгуулах үед барилга тодорхой хэмжээний гүйцэтгэлтэй байсан учраас гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол нийт үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх алданги тооцно гэж дүгнэж болно. Учир нь манай компани 80 хувийн гүйцэтгэлтэй байсан учраас 20 хувиас алданги тооцуулж хариуцлага хүлээхэд бэлэн байгаа. Гагцхүү үүнийгээ гэрээний 3.2-т тусгахдаа ямар үнийн дүнгээс алданги тооцох вэ гэдэг талаараа орхигдуулчихсан. Тиймээс гэрээний 2.2 дахь заалтыг гэрээний 3.2 дахь заалттай харьцуулах байдлаар тайлбарлах нь зүйтэй. Энэ үндэслэлийн дагуу хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргаж гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувиас алданги тооцно гэдгийг тогтоолгохыг хүссэн юм. Бид хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцно гэдэг дээр маргаагүй. Нийт үнийн дүнгээс алданги тооцох уу, 20 хувиас алданги тооцох уу гэдэг дээр л маргаж байгаа. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ариунхишиг нь хариуцагч “Нийслэл Өргөө” ХК-д холбогдуулан гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүссэн алданги 83,617,145 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 6,824,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Хариуцагч “Нийслэл Өргөө” ХК нь нэхэмжлэгч Ц.Ариунхишигт холбогдуулан “гэрээний 3,2 дахь хэсэгт заасан 0,3 хувиар алданги тооцох үнийн дүнг гэрээний нийт үнийн дүн 167,234,290 төгрөгийн 20 хувь буюу 33,446,858 төгрөг болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Ариунхишиг нь хариуцагчаас гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохиролд 6,824,500 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “Нийслэл Өргөө” ХК-иас алданги 83,617,145 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, маргаан бүхий орон сууцны барилгын гүйцэтгэл 80 хувьтай байсан учир үүрэг огт гүйцэтгээгүй гэж үзэн нийт үнийн дүнгээс алданги тооцох үндэслэлгүй, мөн гэрээний 3.2-т алданги тооцох нөхцлийг гэрээний 2.2-т заасны дагуу нийт үнийн дүнгийн 20 хувиас тооцуулахад алданги төлөхийг зөвшөөрнө гэж тайлбарлан маргана.

Харин нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг мөн эс зөвшөөрч, захиалагчаас нийт төлбөрийг гэрээ байгуулсан өдөр 100 хувь төлж барагдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн учир гэрээний 2.2 дахь заалт захиалагчид хамаарахгүй бөгөөд гүйцэтгэгч тал нь чанарын өндөр шаардлага хангасан орон сууцыг гэрээнд заасан хугацаанд бүрэн 100 хувь захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй учир алдангийг нийт үнийн дүнгээс тооцох нь зөв гэж, мөн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь бие даасан тусгайлан хэлэлцэх асуудал биш, шүүх ажиллагааны явцад хэлэлцэх маргааны хэсэг гэж тайлбарлан маргасан.

Талуудын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан 01 дугаар “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдаж, захиалагч Ц.Ариунхишиг нь гүйцэтгэгч “Нийслэл Өргөө” ХК-иас Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт баригдах Өргөө хотхоны А блокын барилгад 1 дүгээр давхарт үйлчилгээ явуулах зориулалттай 95,96 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг, 1 м.кв-ийг 1,742,750 төгрөгөөр тооцон нийт 167,234,290 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, захиалагчаас орон сууцны нийт үнийн 100 хувьтай тэнцэх төлбөрийг 2012 оны 11 дүгээр сарын 23-ны дотор төлөх, гүйцэтгэгч нь орон сууцыг чанар сайтай барьж, 2013 оны 7 дугаар сарын 30-нд багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан үүрэг хүлээсэн байна. /хх 6, 7/

Дээрх гэрээний дагуу хэрэв захиалагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувиас тооцон 0,3 хувьтай тэнцэх алданги гүйцэтгэгчид төлөх, гүйцэтгэгч захиалсан барилгыг гэрээнд заасан хугацаандаа хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд 0,3 хувийн алдангийг захиалагчид төлөхөөр тусгасан байх бөгөөд захиалагч гэрээний нийт дүн буюу 167,234,290 төгрөгийн төлбөрийг гэрээ байгуулсан өдөр буюу 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гүйцэтгэгчид хүлээлгэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан болох нь төлбөр төлсөн баримт, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдоно. /хх 8, 9/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа бөгөөд талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Зохигчид гэрээний ерөнхий нөхцөл, хугацаа, үнийн дүн болон хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй боловч талуудын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүлээх хариуцлагын талаар харилцан өөр өөрөөр тайлбарлаж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч Ц.Ариунхишиг нь хариуцагч “Нийслэл Өргөө” ХК-ийг гэрээний 3.1 дэх хэсэгт заасан 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр орон сууцыг захиалагчид хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас мөн гэрээний 3.2-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцож, уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх 570 хоногийг хоногийн 501,702 хоногоор тооцоход 258,970,140 төгрөг болох учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар буюу 83,617,145 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч “Нийслэл Өргөө” ХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээний 3.2 дахь заалтад ямар үнийн дүнгээс алданги тооцох нь тодорхойгүй байх тул гэрээний талууд эрх тэгш байх зарчмыг баримтлан гэрээний 2.2 дахь хэсэгт “захиалагч нь төлбөрийг хугацаандаа төлөөлгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувиас тооцон 0,3 хувьтай тэнцэх алданги гүйцэтгэгчид төлнө” гэж заасантай адилтган, гэрээний 3.2 дахь хэсэгт заасны дагуу алданги тооцох үнийг гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувь буюу 33,446,858 төгрөгнөөс бодох ёстой учраас уг үнийн дүнгийн 50 хувь болох 16,723,429 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Мөн хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй, хугацааг сунгах шаардлагатай байгаа талаар захиалагчид мэдэгдэж байсан бөгөөд гүйцэтгэгчийн буруугаас бус харин Улсын комисс хүлээн авахгүй удсаны улмаас хугацаа хожимдуулсан гэж тайлбарлана.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь уг ажлыг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба мөн хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт гэрээний хугацааг талууд харилцан тохиролцохоор заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд гэрээний нийт үнийн 100 хувьтай тэнцэх төлбөр буюу 167,234,290 төгрөгийг төлөхөөр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн бөгөөд талууд гэрээнд ажлын гүйцэтгэлийг тодорхой хэсгээр, үе шаттайгаар хувилан гүйцэтгэхээр тусгаагүй, харин гүйцэтгэгч нь тогтсон хугацаанд буюу 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр захиалагчид бүрэн хүлээлгэж өгөхөөр тохирсон байна.

Маргааны зүйл болох орон сууцны барилга нь 2007 оны 9 дүгээр сараас баригдаж эхлэн, 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дууссан байх бөгөөд хариуцагч “Нийслэл Өргөө” ХК нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг барьж дуусган захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэлгүй 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар болон Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актаар тогтоогдох ба энэ талаар зохигчид хэн аль нь маргаагүй. /хх 93/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрээг байгуулах үед барилгын гүйцэтгэл 80 хувьтай байсан гэж, харин шүүх хуралдаанд гэрчээр оролцсон О.Билгүүн барилгын явц 70 хувьтай байсан гэж мэдүүлэх боловч энэ талаар хэрэгт авагдсан бичмэл баримт байхгүй тул гэрээ байгуулах үед барилга хэдэн хувийн гүйцэтгэлтэй байсан нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс барилгын ажлын явц 80 хувьтай байсан учир гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг гэрээний 2.2 дахь хэсэгт зааснаар гэрээний нийт дүнгийн 20 хувьд тооцно гэж тайлбарлан Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасныг үндэслэж мэтгэлцсэн.

Гэвч хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь гэрээгээр тохиролцсон хугацаанд 167,234,290 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй учир гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг маргааны зүйл болох орон сууцны нийт үнэ болох 167,234,290 төгрөгөөс алданги тооцож шаардах нь зөв байна.

Хариуцагч ажлын гүйцэтгэлийг 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ 570 хоногоор хэтрүүлсэн бөгөөд гэрээний 3.2 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцоход 285,970,636 төгрөг болж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 167,234,290 төгрөгийн 50 хувиар алдангийг тооцон 83,617,145 төгрөг нэхэмжилж байгаа нь хуульд нийцсэн байна.

Иймд дээрх үндэслэлээр, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 232 дуаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Ариунхишиг нь хариуцагч “Нийслэл Өргөө” ХК-иас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн алдангид 83,617,145 төгрөгийг шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч “Нийслэл Өргөө” ХК нь нэхэмжлэгч Ц.Ариунхишигт холбогдуулан “гэрээний 3,2 дахь хэсэгт заасан 0,3 хувиар алданги тооцох үнийн дүнг гэрээний нийт үнийн дүн 167,234,290 төгрөгийн 20 хувь буюу 33,446,858 төгрөг болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан.

Талуудын хооронд хийгдсэн “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 2.2 дахь хэсэгт “захиалагч нь ... төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувиас тооцон 0,3 хувьтай тэнцэх алданги гүйцэтгэгчид төлнө” гэж, мөн гэрээний 3.2 дахь хэсэгт “гүйцэтгэгч захиалсан барилгыг гэрээнд заасан хугацаандаа хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд 0,3 хувийн алдангийг захиалагчид төлнө” гэж тус тус үүргийн биелэлтийг хангуулахаар анз тохиролцсон байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг чөлөөтэй тодорхойлон, сайн дурын үндсэн дээр, гэрээний чөлөөт байдлын хүрээнд хийгдсэн байна.

Гэрээг чөлөөтэй байгуулах гэдэг нь гэрээнийхээ агуулгыг нөгөө талтайгаа тохирсны үндсэн дээр чөлөөтэй тодорхойлохыг хэлэх бөгөөд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний аль нэг нөхцлийн утга ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлох боловч талуудын гэрээний чөлөөт байдлын үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр тохиролцоонд шүүх хөндлөнгөөс оролцон өөрчлөх үндэслэлгүй юм.

Түүнчлэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хариуцагчийн хариу тайлбарын үндэслэлтэй ижил байх бөгөөд хариуцагчийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой ямар эрх зөрчигдсөн нь тодорхойгүй, нэхэмжлэгчээс юу шаардаж буй нь ойлгомжгүй, шүүхээр гэрээний заалтыг дүгнэн тогтоолгож, гэрээний агуулгыг тодорхойлохыг хүссэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт нийцээгүй, гэрээний талууд өөрсдөө тодорхойлох зохицуулалт байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Нийслэл өргөө” ХК-иас 83,617,145 /наян гурван сая зургаан зуун арван долоон мянга нэг зуун дөчин таван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ариунхишигт олгосугай.

2.Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний 3,2 дахь хэсэгт заасан 0,3 хувиар алданги тооцох үнийн дүнг гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувь болох 33,446,858 төгрөг болохыг тогтоолгох тухай “Нийслэл Өргөө” ХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 699,592 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325,180 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Нийслэл өргөө” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 575,450 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ц.Ариунхишигт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                    А.САРАНТУЯА