Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00362

 

 

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00362

 

Т.Ргийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2022/03316 дугаар шийдвэртэй

Т.Ргийн нэхэмжлэлтэй

С.Тгт холбогдуулан 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах,

 Б.Цх, г.аг, Ц.Тлд нарт холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагч Б.Цхын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Т.Рг нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр г.агт 3 жилийн хугацаатай орон сууц захиран зарцуулах итгэмжлэл олгоогүй, итгэмжлэл хийсэн газрыг мэдэхгүй, нотариатын газарт очиж байгаагүй. Тухайн үед Т.Рг нь Итали улсад ажиллаж, амьдарч байсан. Иймд нотариатч С.Тг нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.3.-т заасан нотариатын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж нотариатын үйлдэл хийсэн байх тул нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Уг итгэмжлэлийг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б.Цх, Ц.Тлд, г.аг нар орон сууц худалдах, худалдан авах гэрээг 5,000,000 төгрөгөөр шилжүүлсэн байх бөгөөд уг гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. ** тоот хаягтай үл хөдлөх хөрөнгө нь Т.Ргийн өмч юм. Нотариатын тухай хуульд зааснаар нотариатч нь талуудад хууль зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй ба хуульд заасан үндэслэлд нийцээгүй бол нотариатын үйлдэл хийхээс татгалзах ёстой. Т.Рг нь 2017 онд Монгол улсад байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж болохгүй. Нотариатчийг Нотариатын тухай хуульд зааснаар үр дагаврыг нь сайн танилцуулаад, хууль зүйн зөвлөгөө өгөх эрхийг хуулиар олгосон байхад үүргээ биелүүлээгүйгээс болж үр дагавартай асуудлууд гарчихсан байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч С.Тгийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. г.аг нь Т.Ргийг төлөөлөхдөө түүний иргэний үнэмлэх, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг холбогдох баримтыг авчран хууль журмын дагуу итгэмжлэл авсан. С.Тг нь Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчөөгүй. Т.Рг нь Монгол улсад байгаагүй гэх боловч Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар Монгол улсад байсан нь нотлогдсон учир нэхэмжлэгчийн тайлбар эргэлзээтэй байна. Нотариатч нь төлөөлөгч, төлөөлүүлэгчийг байлцуулан тэдэнд хуульд заасан эрх үүргийн дагуу итгэмжлэх, төлөөлөх эрхийг олгосноор ямар үр дагавар гарах талаар тайлбарласан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээ нь Т.Ргийн гарын үсэг, тухайн цаг хугацаанд зурагдсан гарын үсэгтэй тохирч байгаа эсэхэд бүрэн дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б.Цхын тайлбар, татгалзлын агуулга: Архивын баримтаас харахад 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Т.Рг итгэмжлэл, нотариатын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан байх учир нотариатын үйлдлийг ажлын байранд хийгдээгүй, биечилж гүйцэтгээгүй гэх тайлбар үндэслэлгүй. 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч орон сууцны гэрчилгээгээ алга болгон дахин авахаар Улсын бүртгэлд хүсэлт гаргаж гарын үсэг зурсан байдаг. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн ба 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрчилсэн итгэмжлэлийг ашигласан эсэх нь тодорхойгүй байгаа. Нотариатч хуулийн дагуу хийгдсэн итгэмжлэлийг үндэслэн орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчилж, гэрээ хүчин төгөлдөр болсон учир итгэмжлэлтэй холбоотойгоор энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч г.агийн тайлбар, татгалзлын агуулга: Хуульд заасан эрхийн дагуу нэхэмжлэлтэй холбоотой тайлбар өгөхгүй, тайлбар байхгүй. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулахтай холбоотой бүртгэлийн газарт өгсөн мэдүүлэгт 32,000,000 төгрөг гэж Ц.Тлд бичсэн, гэрээнд 30,000,000 төгрөг гэж байдаг. Гэтэл хариуцагчид 2017 онд 5,000,000 төгрөгөөр худалдсан нь бодит байдалд нийцээгүй байна. Албан татвараас зайлсхийж, өмнөх гэрээг нотлох зорилготой дүр үзүүлэн хийсэн гэрээ гэж үзэж болохоор байна гэжээ.

5. Хариуцагч Ц.Тлдын тайлбар, татгалзлын агуулга: Орон сууц худалдах, худалдан авах гэрээг би мэдэхгүй. Миний хувьд ** тоот хаягтай 101,88 м.кв талбайтай орон сууцыг худалдах санаа зорилго, шаардлага байхгүй. Итгэмжлэлийг хүчингүй болгуулах талаар нотариатч дээр Т.Рг очоогүй, байгаагүй гэж бодож байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч С.Тгийн 2017.09.01-ний өдрийн Т.Ргаас г.агт олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар нэхэмжлэгч Т.Ргийн, хариуцагч Б.Цх, Ц.Тлд, г.аг нарт холбогдох, Ц.Тлд, г.аг, Т.Рг, Б.Цх нарын хооронд 2017.12.13-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжил төлсөн 165,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Тгаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгч Т.Ргийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ улсын бүртгэл үнэн зөв гэсэн дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

Хариуцагч С.Тг нь харьяалал зөрчсөн талаар гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй. Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт нотариатын үйлдлийн зөвхөн ажлын байрандаа явуулахыг хуульчилсан байдаг. Гэтэл хариуцагч С.Тгийг оршин суугаа газрын хаягт нотариатын үйлдэл хийх боломжгүй. Иймд харьяалал зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй. Шүүхийн шинжилгээний төв нь тусгай мэдлэг шаардсан, техник технологиор хийгдэж тогтоосон хууль зүйн үндэслэлтэй. Иймд хариуцагч С.Тгийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэжээ.

8. Хариуцагч С.Тгийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. С.Тг нь Баянзүрх дүүрэгт оршин суудаг ба нэхэмжлэгч анх С.Тгт холбогдуулан нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусад хариуцагч нарыг нэмж тодорхойлсон.  Анхан шатны шүүх хуралд тайлбар гарган хэргийг шилжүүлэхийг хүссэн ч хүлээн авахгүйгээр хэргийн харъяалал зөрчин шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэргийг харъяалах шүүхэд шилжүүлэх ёстой байсан. Шүүх гарын үсгийн шинжээч томилж, нэхэмжлэгчээс ирүүлсэн гарын үсгийн загварууд хоорондоо зөрүүтэй илэрхий өөр өөр байхад шинжээч "итгэмжлэлд зурсан гарын усэгтэй харьцуулахад тохирохгүй байна" гэсэн дүгнэлтийг шүүх үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчсөн. Шүүх нэхэмжпэгчийн нэхэмжлэлийг хангаснаар түүний эрх хэрэв зөрчигдсөн байвал, уг зөрчигдсөн эрхийг сэргээх нь шүүхийн шийдвэрийн зорилго, ач холбогдол ба эрх сэргээх үр дагаварт хүргэхгүй бол шүүхэд шийдвэр гаргах боломжгүй гэжээ. Нэхэмжпэгчийн ямар эрх сэргээгдэх, ямар үр дагаварт хүрэх нь тодорхой бус, ойлгомжгүй байхад зөвхөн нотариатчид холбогдох шаардлагыг хангасан нь шүүх хэт нэг талыг барьсан гэж үзэхээр тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

9. Хариуцагч С.Тгийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч С.Тгийн харьяалал зөрчсөн гэх гомдлыг хүлээн авах боломжгүй. Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт нотариатын үйлдлийн зөвхөн ажлын байрандаа явуулахыг хуульчилсан байдаг. Гэтэл хариуцагч С.Тгийг оршин суугаа газрын хаягт нотариатын үйлдэл хийх боломжгүй. Иймд харьяалал зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй. Шүүхийн шинжилгээний төв нь тусгай мэдлэг шаардсан, техник технологиор хийгдэж тогтоосон хууль зүйн үндэслэлтэй. Иймд хариуцагч С.Тгийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэжээ.

10. Нэхэмжлэгч Т.Рг, хариуцагч С.Тг нарын давж заалдах гомдолд хариуцагч Б.Цхын гаргасан тайлбарын агуулга: Үл хөдлөх эд хөрөнгө нь Сүхбаатар дүүрэгт байрладаг ба орон сууц худалдах, худалдан авах гэрээг Сүхбаатар дүүргийн нотариатаар гэрчлүүлж, тус дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Уг орон сууц нь Банк бус санхүүгийн байгууллагын бүртгэлд бүртгэгдсэн байгаа. Итгэмжлэл нь хуулийн дагуу хийгдсэн, хуурамчаар үйлдсэн гэх боломжгүй. Хууль ёсны дагуу хийсэн итгэмжлэлтэй гэрээг гэрчлүүлж, нотариатын үйлдэлд оролцсон учраас Д.Цогбадрахад буруу байхгүй. Тиймээс гэрээн дээр эрх олгосон итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус болох нь үйл баримтаар тогтоогдсон гэжээ.

11. Зохигчдын давж заалдах гомдолд хариуцагч г.аг, Ц.Тлд нар тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчдын гаргасан гомдлын хүрээнд хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т.Рг нь хариуцагч С.Тгт холбогдуулан 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, хариуцагч Б.Цх, Ц.Тлд, г.аг нарт холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.Тлд, г.аг нар хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч С.Тг Б.Цх нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

4. Чингэлтэй дүүргийн тойргийн 85 тамганы дугаартай нотариатч С.Тг нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Т.Ргаас **, 101.88 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдах, бэлэглэх, захиран зарцуулах, барьцаалах, гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах, гэрээг бүртгүүлэх, хүлээн авах, бүртгэлийн хэлтсээс лавлагаа авах зэрэг бүрэн эрхийг г.агт 3 жилийн хугацаатай олгосныг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, мөн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус тус бүртгэлийн 1367 дугаарт бүртгэж, итгэмжлэлийг баталж тамга даржээ. /1хх 213, 226/

4.1. Нотариатч С.Тгийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны итгэмжлэлийн бүртгэлийн дэвтрийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 983-988 хүртэлх бүртгэлийн дугаарт 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн итгэмжлэл бүртгэсэн бүртгэл хийгдээгүй, /1хх27-30/

харин түүний 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эхэлсэн итгэмжлэлийн бүртгэлийн дэвтэрт 2017 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн огноотой 1367 дугаарт 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн итгэмжлэл бүртгэгдсэн /1хх211-212/ гэх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

4.2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2.1, Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нотариатч С.Тгийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн бүртгэлийн 1367 дугаарт бүртгэсэн Т.Ргаас г.агт олгосон итгэмжлэл нь хууль зөрчсөн, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ. Иймд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Т.Ргаас г.агт олгосон итгэмжлэл гэрчилсэн С.Тгийн нотариатын үйлдлийг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.-т заасны дагуу хүчингүйд тооцох үндэслэлтэй юм.

 

5. Хариуцагч Ц.Тлд, г.аг нар хариуцагч Б.Цхтай 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр Ц.Тлд, г.аг, Т.Рг нар өөрсдийн өмчлөлийн, **тоотод байрх 101,88 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцыг Б.Цхын өмчлөлд шилжүүлж, гэрээнд Т.Ргийг төлөөлж г.аг гарын үсэг зуржээ. /1хх268/

5.1. Дээрх худалдах, худалдан авах гэрээг үндэслэн Б.Цх нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр бүртгэх байгууллагад хүсэлт гаргаж маргаан бүхий орон сууцны өмчлөгч болсон нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн огноотой, 000625763 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн улсын бүртгэлийн газраас олгосноор нотлогдож байна. /1хх114, 1хх122/

5.2. Хариуцагч Б.Цх нь “Т*” ХХК /хуучин нэрээр **-*/-тай 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “Т*” ХХК нь 100,000,000 төгрөгийг Б.Цхад зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор уг 4 өрөө орон сууцыг барьцаалсан, /1хх106-111/

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1818 дугаартай шийдвэрээр Б.Цхаас зээлийн гэрээний үүрэгт 122,425,337 төгрөг гаргуулж, барьцааны зүйл болох ** 4 өрөө орон сууцын албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /1хх112-113/

5.3. Хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчийн тайлбараас дүгнэхэд хариуцагч Б.Цх нь ** 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах үедээ уг орон сууцны өмчлөх эрхийн талаар зохигчид хоорондоо маргаантай, бүртгэл буруу болохыг мэдэж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна. /1хх 118, 1хх122/

5.4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч С.Тгын гэрчилсэн, хариуцагч г.агт олгосон итгэмжлэлийг үндэслэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан учир уг гэрээ нь хүчин төгөлдөр бус” гэж тодорхойлон хариуцагч Б.Цхын өмчлөлд шилжсэн орон сууцны өмчлөх эрхээ буцаан сэргээлгэхийг хүссэн.

5.5. Хариуцагч Б.Цх маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны өмчлөх эрхийг олж авсан хариуцагч Б.Цхын хувьд улсын бүртгэлийг үнэн зөв гэж тооцогдоно. Иймд хариуцагч Ц.Тлд, г.аг, Б.Цх нарын хооронд хуулиар хориглосон хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

5.6. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, худалдан авагч Б.Цх нь худалдагч г.агт хамтран өмчлөгч Т.Рг үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг олгоогүй, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн итгэмжлэлд бичигдсэн гарын үсэг Т.Ргийнх биш гэдгийг мэдэх боломжгүй тул маргаан бүхий 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж дүгнэснийг буруутгахгүй.

 

6. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр Ц.Тлд, г.аг, Б.Цх нарын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний үр дагавар үүсгэхийг хүсээгүй, гэрээг хэлбэрийн төдий байгуулан өмчлөх эрхийг хариуцагч Б.Цхын нэр дээр шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх нэхэмжлэгчийн тайлбар, гомдол үндэслэлгүй. Талуудын хэлцлийн үр дүнд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хариуцагч Б.Цхын өмчлөлд шилжиж, улмаар тухайн хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан зэрэг нь хэргийн үйл баримтаас үзэхэд хэлбэрийн төдий шинжийг агуулсан гэж үзэхээргүй байна. Мөн нэхэмжлэгч нь энэ талаархи нэхэмжлэлийн үндэслэлээ шүүхийн өмнө хангалттай нотлоогүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Иймд гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

7. Хариуцагчийн “шүүх хэргийн харъяалал зөрчиж шийдвэрлэсэн” гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй. Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Нотариатч тогтоосон тойрогтоо үйл ажиллагаа эрхлэн явуулах ажлын байртай байх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол нотариатч нотариатын үйлдлийг зөвхөн ажлын байрандаа хийнэ” гэж зааснаар хариуцагч С.Тг нь нотариатчийн ажил үүргээ Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хажууд байнга буюу Чингэлтэй дүүргийн тойрогт нотариатчийн үйл ажиллагаа эрхэлдэг байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн мэргэжлийн үйл ажиллагаанд холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан учир шүүх хэргийг харъяаллыг зөрчөөгүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2022/03316 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ЦОГТСАЙХАН

 

                                                     ШҮҮГЧИД                          Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                                Э.ЭНЭБИШ