Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2017/00754

 

 

“Дувайз” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00034 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 697 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Дувайз” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Доорстэп” ХХК-нд холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх ажлын хөлс, бараа материалын зардал 76 820 380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагвын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ганбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхбуйр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбартаа: “Дувайз” ХХК-ийн захирал Б.Ганбат би анх Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутагт байрлах 12 дугаар байрны 75 айлын орон сууцны эхний 30 айлын сантехник, цахилгааны ажлуудыг хийж гүйцэтгэхээр “Ажиг Туул” ХХК-ийн захирал Ц.Баярсайхан гэгчтэй гэрээ байгуулан ажиллахаар болж 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ажиллаж, гэрээгээр ажлаа хийж гүйцэтгэн дуусч байхад иргэн Ж.Батбилэг гэгч нь манай үлдэгдэл 3, 4, 5 дугаар байрнуудын цахилгаан, сантехникийн ажлуудыг хийгээд өгөөч нэгэнт энэ байранд хийж байгаа юмгэрээ байгуулна гэхэд би юу гэж худал хэлэхэв, манай дүүгээр Ц.Баярсайхантай хийсэнтэй адил гэрээгээр хийе гэхээр би үнэмшээд, аман хэлцлээр тохиролцоод 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаа бүрэн дуусгаж улсын комисст хүлээлгэн өгсөн болно. Ажлын үр дүнгээ бүрэн хүлээлгэж өгөөд бараа материал бусад компани, хувь хүмүүсээс зээлээр авсан цахилгааны болоод сантехник ажлын хөлс зэрэг бусад гаргасан зардлаа хийсэн ажлын гүйцэтгэл, зохих баримтын дагуу нэхэмжлэхэд өнөөдрийг хүртэл өгөхгүй ямар нэгэн арга эрэн хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн болно. Энэ хугацаанд Ц.Баярсайхан нь өөрийн эзэмшлийн байрны 1, 2 дугаар орцоо Ж.Батбилэгт алдсан, түүнд өгсөн одоо бүх юмыг тэрээр өөрөө мэдэж шийднэ гэсэн тул тэрээр гэрээний дагуу үүргииг шилжүүлэн авсан гэж ойлгож байгаа юм. “Доорстеп” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй, гэрээний дагуу зөвшилцөөнд хүрээгүй тул тус компанийг үүргээ биелүүлээгүй гэж Иргэний Хуулийн 343, 355, 222 дугаар зүйлүүдэд заасны дагуу болон гэрээний 4.2-д заасны дагуу ажлын хөлс, бараа материалын үнэ, гарсан зардал, олох байсан хохирлоо гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас 1, 2 дугаар орцны ажлын хөлс 34 560 000 төгрөг, “Ажиг туул” ХХК-д хөрөнгө оруулсан 17 696 200 төгрөг, 3, 4, 5 дугаар орцны ажлын хөлсний үлдэгдэл 19 600 000 төгрөг, “Мон хоруст ХХК-нд “Ажиг туул” ХХК-ийн өмнөөс төлсөн 3 979 180 төгрөг, өмнө нь Ж.Батбилэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 491 040 төгрөг, нийт 76 920 420 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон гаргасан хариу тайлбартаа: Уг байрны сантехник, цахилгааны засварын ажлыг хийлгэхээр харилцан тохиролцохдоо бичгээр гэрээ байгуулах саналыг “Дувайз” ХХК бус “Доорстеп” ХХК нь тавьсан. Гэтэл “Дувайз” ХХК нь бичгээр гэрээ байгуулах шаардлагагүй, амаар тохиролцоод ажиллах саналыг тавьж, бичгээр гэрээ байгуулахаас татгалзсан. Уг 12 дугаар байрны 75 айлын орон сууц нь анхнаасаа иргэн Ж.Батбилэгийн эзэмшлийн орон сууц болно. “Доорстеп” ХХК нь өөрийн эзэмшлийн дээрх хаягт байрлах орон сууцаа засаж, сэргээн ашиглалтад оруулахаар бизнес төлөвлөгөө боловсруулан, өөрийн хамаатны дүү болох Ц.Баярсайханы “Ажиг туул” ХХК-тай Хөрөнгө оруулалтын гэрээг 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр уг 75 айлын орон сууцны эхний 30 айлын орон сууцыг сэргээн засаж ашиглалтад оруулах нэгдсэн зорилго биелүүлэхээр, “Ажиг туул” ХХК нь орон сууцны засварын ажилд шаардлагатай хөрөнгийг гаргаж засаж, сэргээх ажлыг зохион байгуулж, ашиглалтад өгөх, “Доорстэп” ХХК нь орон сууц худалдан борлуулсны ашгаас 30 хувийн үнийг “Ажиг туул” ХХК-д төлөхөөр гэрээгээр тохиролцон харилцан тохиролцсон. Үүний дараагаар “Ажиг туул” ХХК-ийн захирал Ц.Баярсайхан нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ зарим хэсгийг буюу уг барилгын сантехник, цахилгааны ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхээр “Дувайз” ХХК-ийн захирал Б.Ганбат гэгчтэй Ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан байдаг. 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр комисст хүлээлгэж өгөх, “Ажиг туул” ХХК нь үүний хөлсөнд 34 560 000 төгрөг төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн болох нь гэрээнээс харагдаж байна.

Нэхэмжлэлд “Мон-Хорус интернешнл” ХХК-иас худалдан авсан бараа материалын үнэ болох 3 979 180 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Уг төлбөрийг “Доорстеп” ХХК нь бүрэн төлсөн. Төлбөрийг захирал Ж.Батбилэг өөрийн биеэр банкинд очиж, “Мон-Хорус интернэшнл” ХХК-ийн харилцах дансанд төлсөн бөгөөд энэ нь “Мон-Хорус интернэшнл” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар “Дувайз” ХХК, “Ажиг туул” ХХК, “Доорстэп” ХХК, иргэн Ж.Батбилэг нартай ямар нэгэн өр төлбөр байхгүй тухай тайлбараар нотлогдож байна. Мөн дээрх төлбөрийг “Доорстеп” ХХК нь төлсөн болох нь 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 3 000 000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 3 998 000 төгрөгийг тус тус дансанд тушааж, нийтдээ 6 998 000 төгрөгийг “Мон Хорус интерэшнл” ХХК-нд төлсөн болох нь тус компанийн харилцах дансны хуулгаар тогтоогдож байна.

Цемент БМД 1 200 000 төгрөг гэсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчээс хэрэгт нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн Иргэн Б.Ганбатаас гаргаж, “Ажиг туул” ХХК-иар дамжуулан иргэн Ж.Батбилэгийн 12-р байрны 1, 2-р орцонд оруулсан хөрөнгө оруулалтын тооцоо гэх баримтад цемент худалдаж авсан үнийг 1 120 000 гэсэн байх бөгөөд уг төлбөрийг “Ажиг туул” ХХК-ийн захирал Ц.Баярсайханд бэлнээр олгож, “Дувайз” ХХК-ийн уг зардлыг төлүүлсэн. Хэрэгт байгаа баримтаар бол БМД нэртэй компаниас “Ажиг Туул” ХХК нь 10 тн цементийг 1 200 000 төгрөгөөр авсан байх тул энэ төлбөрийг “Дувайз” ХХК нэхэмжлэх эрхгүй юм. Нэхэмжлэлд нийтдээ зардал, ажлын хөлс хэмээн оруулсан 17 696 200 төгрөгийн хувьд уг барилгын 1, 2-р орцонд оруулсан бараа материал, ажпын хөлс гэсэн нотлох баримтыг хэрэгт хавсаргажээ. Уг баримтаас харахад ажлын хөлс 11 200 000 төгрөг гэж оруулсан нь “Ажиг туул” ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний үнэ болох 34 560 000 төгрөгт багтсан үнэ гэж ойлгож байна. Энэхүү жагсаалтад орсон цементийн хувьд үнийн дүнгээр нь тооцож үзвэл бараг 10 тонн орчим цементийн үнэ байна. Энэ нь өмнө нэхэмжилсэн 10 тонн цементтэй нийлэн нийт 20 орчим тн цемент уг барилгын 1, 2-р орцонд хэрэглэсэн болох юм. 20 тонн цементийн ердөө 20 хувь нь л уг барилгын 5 орцны сантехник, цахилгааны засварын ажлыг хийж гүйцэтгэхэд хангалттай хүрэлцээтэй болно. Нийтдээ уг барилгын цахилгаан сантехникийн ажилд “Доорстэп” ХХК-иас гаргасан бараа материалын үнэнд 81 332 304 төгрөг зарцуулсанаас 1, 2-р орцонд 46 396 876 төгрөгийг зарцуулсан байдаг. Нэхэмжлэлд ажлын баталгаа 2 350 798 төгрөгийн хувьд уг ажлын гүйцэтгэлийн баталгааны хуулийн хугацаа буюу 3 жилийн хугацаа дуусаагүй, уг хугацаанд гүйцэтгэсэн ажилд удаа дараа доголдлууд илэрч байсан тул үүнээс гарсан хохирлын арилгахад уг мөнгө нь бүрэн зарцуулагдсан. Хэрэв элдэв доголдлууд гараагүй бол энэхүү ажлын баталгаа 2 350 798 төгрөгийн олгох боломжтой байсан.

Ажлын хөлсний үлдэгдэл 8 837 798 төгрөгийг нэхэмжилсэн байна. Аман хэлцлээр 1-5 дугаар орцны сантехник, цахилгааны засварын ажлыг 47 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсоноос Б.Ганбатад ажил гүйцэтгэх явцад Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлийн дагуу бэлэн мөнгөний зарлагын баримтаар бэлнээр 25 700 000 төгрөг, бэлэн мөнгөний зарлагын баримтгүйгээр бэлэн мөнгөний гүйлгээний тайланд тусгагдсанаар бэлнээр 320 000 төгрөг, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөлийн дагуу бэлэн мөнгөний зарлагын баримттайгаар дансаар 10 000 000 төгрөг, харилцах дансны хуулганаас харахад Ж.Батбилэг хувийн Хас банкны данснаас 2 000 000 төгрөг, ХААН банкны данснаас 4 000 000 төгрөг нийт 42 020 000 төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн байдаг. Б.Ганбат нь Б.Ууганбаатарын хамтаар уг ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Бараа материал худалдаж авсан тооцоо нийлсэн актаар нийт 11 445 юанийн зөрүү буюу одоогийн ханшаар 3 570 840 төгрөгийн төлбөрийг хариуцан төлөх ёстой байсан бөгөөд уг төлбөрийг одоог хүртэл төлөөгүй компанид хохирол учруулсан байна. Нэхэмжлэлд ажлын хөлс 34 560 000 төгрөгийг шаарджээ. Ажил гүйцэтгэх гэрээний хувьд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт заасны дагуу “Ажиг туул” ХХК нь “Дувайз” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулах талаар “Доорстэп” ХХК-д мэдэгдэж зөвшөөрөл авах үүрэгтэй байж. “Ажиг туул” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бусад этгээдээр гүйцэтгүүлэхээр “Дувайз” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулах талаар “Доорстэп” ХХК-нд мэдэгдээгүй зохих зөвшөөрлийг аваагүй байна. Барааны үнэ 1 494 000 төгрөг гэжээ. Энэ нь хэрэгт өгсөн баримтаас үзэхэд 2013 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр БМД компанийн бараа материалын үнэ 1 494 000 төгрөгийн зарлагын баримт тамгатай байна. Гэвч энэ баримтаас үзэхэд ямар компани уг бараа материалыг авсан нь тодорхойгүй, огт бичигдээгүй, хүлээлгэн өгсөн, хүлээн авсан, шалгасан нэг ч гарын үсэг байхгүй байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй баримтаар төлбөр нэхэмжпэх хууль зүйн үндэслэлгүй. “Дувайз” ХХК уг баримтад бичигдсэн бараа материалыг авсан болох нь нотлогдохгүй байна.

Шүүхийн 8702 дугаар шийдвэрийн дагуу улсын орлогод үлдсэн 491 040 төгрөг гэжээ. Дээрх зардал бол нэхэмжлэгчээс урьд нь иргэн Ж.Батбилэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ төлсөн улсын тэмдэгтийн хураамж бөгөөд хариуцагчаас буруу тодорхойлсон гэх үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болж, шүүхийн үйл ажиллагааны зардалд тооцон хуульд зааснаар улсын орлого болгон шийдвэрлэж, энэхүү шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Тэгээд нэхэмжлэгч “Дувайз” XXК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрөө хариуцагчаа буруу тодорхойлсон нь өөрсдийнх нь буруутай үйлдлээс болсон тул “Дувайз” ХХК-тай ямар хамааралгүй юм. Дээрх нэхэмжилсэн зардлууд нь нийлбэр дүнгээрээ 70 609 016 төгрөг болж байх бөгөөд үүн дээр ажлын гэрээний гүйцэтгэлээс алдагдал, олох байсан орлого, бусдад төлөх төлбөр гэх 6 211 364 төгрөгийг ямар үндэслэлээр, ямар баримттайгаар тус компаниас нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, холбогдох баримтгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00034 дүгээр  шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 496 дугаар зүйлийн 496.2-т заасны дагуу хариуцагч “Доорстэп” ХХК-иас 36 097 798 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Дувайз” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39 737 582 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас 985 000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 542 060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Доорстэп” ХХК-иас 338 439 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Дувайз” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 697 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00034 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 335 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва хяналтын журмаар гаргасан гомдолдоо: "Дувайз” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Доорстеп” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч “Доорстеп” ХХК-иас 36 097 798 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч “Дувайз” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Ажиг туул” ХХК болон “Доорстеп” ХХК нарын хамтран 2013 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр баталсан тохиролцоогоор тухайн байрны 1, 2 дугаар орц буюу 30 айлд холбогдох цахилгаан, сантехникийн ажлыг 34 560 000 төгрөгөөр хийхээр төсөвлөж байсан атал 1-5 дугаар орцны 75 айлын сууцанд адил агуулга бүхий ажлыг 47 000 000 төгрөгөөр тохиролцсон гэх хариуцагч “Доорстеп” ХХК-ийн тайлбар эргэлзээтэй байна” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй гэж дүгнэжээ. Хариуцагч “Доорстеп” ХХК болон “Ажиг туул” ХХК нарын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан бөгөөд энэхүү гэрээг үндэслэн “Ажиг туул” ХХК нь нэхэмжлэгч “Дувайз” ХХК-тай 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байдаг. Энэхүү “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 12 дугаар байрны 1, 2 дугаар орцны цахилгаан, сантехникийн засварын ажлыг нэхэмжпэгч “Дувайз” ХХК нь өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж, ажлын хөлсөнд 34 560 000 төгрөг авахаар тохиролцсон байгааг хэрэгт авагдсан баримтаас харж болохоор байна.

Харин хариуцагч “Доорстеп” ХХК, “Ажиг туул” ХХК нарын хооронд байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г талууд харилцан тохиролцож, 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр цуцалсан бөгөөд үүнийг үндэслэн хариуцагч “Доорстеп” ХХК болон нэхэмжлэгч “Дувайз” ХХК нарын хооронд амаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, дээрх хаягт байрлах 12 дугаар байрны 75 айлын орон сууц буюу 1-5 дугаар орцны цахилгаан, сантехникийн засварын ажилд шаардагдах бараа материалыг 100 хувь “Доорстеп” ХХК гаргаж, зөвхөн засварын ажлын хөлсөнд зөвхөн 47 000 000 төгрөгийг “Дувайз” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж тус тус заасны дагуу дээрх гэрээнүүд байгуулагдсан байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан хариуцагчийн тайлбар эргэлзээтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болох нь дээрх 2 гэрээний төлбөрийн нөхцлүүд ялгаатай байгаагаас харж болохоор байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжпэгч “Дувайз” ХХК болон “Ажиг туул” ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний тухайд ажил гүйцэтгэгч буюу “Дувайз” ХХК нь 1, 2 дугаар орцны засварын ажлыг өөрийн хөрөнгөөр буюу шаардагдах бүх бараа материалыг өөрөө гаргах, ажлын хөлсөнд 34 560 000 төгрөг төлөх, харин “Доорстеп” ХХК, “Дувайз” ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь 1-5 дугаар орцонд хийх засварын ажлыг захиалагчийн хөрөнгөөр буюу “Доорстеп” ХХК-ийн авч өгсөн материалаар ажлыг гүйцэтгэж, ажлын хөлсөнд 47 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байгааг шүүхээс ялгааг нь гаргаж дүгнээгүй, хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэж, хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн 1, 2 дугаар орцны зөвхөн засварын материалын үнэ 23 914 000 төгрөг ажлын хөлс 34 560 000 төгрөг байхаар зохиогдсон төсөв байхад зөвхөн 34 560 000 төгрөгөөр “Ажиг туул” ХХК, “Дувайз” ХХК нарын хооронд гэрээ байгуулж, өөр ямар ч нэмэлт зардал, ажлын хөлс тохироогүй байхад 1-5 дугаар орцны засварын материалын зардал буюу үнийг “Доорстеп” ХХК бүрэн хариуцаж, ажлын хөлсөнд 47 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон нь нэхэмжлэгчид ямар ч хохирол учраагүй, хариуцагч нь ямар ч хэмнэлт хийж, бусдын зардлаар хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй, шударга тохиролцоо болсон гэдгийг хэрэгт авагдсан баримтуудаас бүрэн тогтоох боломжтой байхад ийнхүү шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Хэрэв 34 560 000 төгрөгийн ажлыг гүйцэтгүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж хариуцагчийг буруутгаж байгаа бол “Ажиг туул” ХХК-ийн нэхэмжлэгчээс зээлж авсан гэх 7 696 200 төгрөгийг ч гэсэн уг байрны засварын ажилд зориулан авсан гэх үндэслэлтэй байхад уг шаардлагыг нь хэрэгсэхгүй болгоод нөгөөг нь хангаж шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр өөрөө хоорондоо зөрчилтэй, хууль бус шийдвэр болсон гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн “...3, 4, 5 дугаар орцны 45 айлын орон сууцны цахилгаан, сантехникийн ажлыг 47 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан гэрээ байгуулагдсан байна” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Учир нь шүүх ийнхүү дүгнэлт хийхдээ нэхэмжлэгч “Дувайз” ХХК-иас гаргасан баримтууд болон хариуцагч “Доорстеп” ХХК-ийн албан бланк дээр бичсэн, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурж, баталгаажуулаагүй протокол нэртэй баримтуудыг үндэслэл болгосон нь нотлох баримтын шаардлага хангаагүй, нотолгооны ач холбогдолгүй баримтуудыг үндэслэн талууд маргаантай байгаа асуудлын талаар хэргийн оролцогчдын нэг талд дүгнэлт хийж байгаа нь хуульд нийцэхгүй.

Мөн шүүхийн шийдвэрт “...”Дувайз” ХХК барилгын ажлыг гүйцэтгэж байх явцад 12 дугаар байрны 3, 4, 5 дугаар орцны ажлыг 47 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэнэ гэж ойлгож байсан бөгөөд “Доорстеп” ХХК нь ийм ойлголт, хүсэл зоригтойгоор ажлыг гүйцэтгэж байгааг мэдсэн. Гэсэн хэдий ч уг ойлголтын зөрүүг арилгах, нэг мөр болгох талаар тодорхой арга хэмжээ авалгүй байсаар ажлыг бүхэлд нь гүйцэтгүүлсэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутагт байрлах 12 дугаар байр нь сэргээн засварлагдахаас өмнө “Доорстеп” ХХК-ийн өмчлөлийн зүйл байсан бөгөөд улмаар засвар бүрэн хийгдсэний дараа иргэдэд худалдаалагдсан, худалдан борлуулаагүй зарим хэсэг нь “Доорстеп” ХХК-ийн өмчлөлд хэвээр байгаа, барилгад засвар хийж бусдад худалдан борлуулах ажлыг бүхэлд нь “Доорстеп” ХХК хариуцан зохион байгуулсан байх бөгөөд “Ажиг туул” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ цуцлагдсанаас хойш “Доорстеп” ХХК-ийн захирал Ж.Батбилэгтэй үргэлжлүүлэн тохиролцсон гэж андууран ойлгож тус байрны 1, 2 дугаар орцны ажлыг “Дувайз” ХХК хийж дуусгасан. Дээрх асуудлаар талуудын хооронд ойлголцлын зөрүү байгааг “Доорстеп” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд мэдсээр байсан боловч нэг мөр тодруулан тогтоох арга хэмжээг авалгүй гүйцэтгэгч “Дувайз” ХХК-иар ажлыг бүрэн хийлгэж дуусгасан явдал нь “Доорстеп” ХХК-ийг бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэж дүгнэхэд хүргэж байна” гэжээ. Нэхэмжлэгч “Дувайз” ХХК-ийн захирал Б.Ганбат нь анхан шатны шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа “Дувайз” ХХК болон “Ажиг туул” ХХК нарын хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” хүчинтэй, тийм ч учраас уг гэрээгээр тохиролцсон төлбөрийг нэхэмжилж байгаа талаар тайлбар гаргасан байдаг. Тэгвэл бодит байдал дээр нэхэмжпэгч “Дувайз” ХХК нь нэг ажлыг буюу 1, 2 дугаар орцны засварын ажлыг гүйцэтгэхтэй холбоотой гэрээг 2 компанитай давхар хөлс тохирон байгуулсан байна.

 “Доор степ” ХХК болон “Ажиг туул” ХХК нарын хооронд байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ” 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр цуцлагдах үед гэрээгээр гүйцэтгэхээр тохиролцсон ажил хэр их явагдсан, хэдэн хувьтай байсныг анхан шатны шүүхээс тодруулаагүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байхад 1, 2 дугаар орцны засварын ажлыг гүйцэтгээд 3-5 дугаар орцны ажил тусдаа гэрээ байгуулсан мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж зэж байна. Иймд анхан болон давж аалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т зааснаар нэмэлт өөрчлөлт оруулж, “Доорстеп” ХХК-иас гаргуулж, “Дувайз” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн төлбөрөөс 34 560 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан шийдвэр, магадлал үндэслэл бүхий болжээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу хэргийн бодит байдлын талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт  Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн байна. 

Нэхэмжлэгч “Дувайз” ХХК нь хариуцагч “Доорстэп” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөл зохих ажлын хөлс 54 160 000 төгрөг, материалын зардал 21 675 380 төгрөг, нийт  76 820 380 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 985 000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзжээ.  Хариуцагч  нэхэмжлэлийг татгалзаж,  ажлын хөлсийг бүрэн төлсөн, нийт 42 020 000 төгрөгийг төлж, барьцаа 2 350 798 төгрөгийг доголдлыг арилгахад зарцуулсан, материалын үнийг өөрөө хариуцаж төлсөн... гэсэн үндэслэлээр маргажээ.

Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, “Дувайз” ХХКомпани нь ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, түүний гүйцэтгэсэн ажил болон хөлсний хэмжээг хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн тогтоож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 496 дугаар зүйлийн 496.2-т заасан зохицуулалтад нийцсэн гэж үзнэ. 

Хариуцагч “Доорстеп” ХХК нь Говь-Сүмбэр аймгийн 3 дугаар багийн нутагт байрлах 75 айлын орон сууцны 3, 4, 5 дугаар орцонд сантехник, цахилгааны ажлыг гүйцэтгүүлэхээр “Дувайз” ХХКомпанитай тохирсон гэж анх тайлбар гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус байрны 1-5 буюу нийт 5 орцны сантехник, цахилгааны ажлын хөлсийг 47 000 000 төгрөгөөр тохирсон гэж мэтгэлцснээс  үзэхэд 1, 2-р орцны сантехник, цахилгааны ажлыг гүйцэтгүүлсэн “Ажиг туул” ХХКомпанийн хөлс төлөх үүргийг хүлээсэн агуулгатай боловч “Доорстеп” ХХКомпани нь “Дувайз” ХХКомпанийн  гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу 1-5 дугаар орцонд хийсэн сан, цахилгааны ажлыг 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр актаар хүлээн авсан /хх-12/, эд хөрөнгийн өмчлөгч нь байх тул шүүх хариуцагчийг бусдын зардлаар хөрөнгөжих үндэслэлгүй гэж үзэж, 1-2-р орцны ажлын хөлсийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т заасан үндэслэлээр хариуцуулсан нь хууль зөрчөөгүй байна. 

Шаардах эрхийн хэд хэдэн үндэслэл байгаа тохиолдолд аль нэг шаардах эрхийн зохицуулалтыг сонгож, зохигчид энэ талаар мэтгэлцсэн тул нэхэмжлэлийн шаардлагын талаарх шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзнэ.

“Доорстеп” ХХКомпани нь “Ажиг туул” ХХКомпанитай 2013 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ / 11-14, 15/ байгуулахдаа ...байрны 1, 2-р орцны сантехник, цахилгааны засварын ажлын хөлсийг 34 560 000 төгрөгөөр тохиролцож байсан, “Ажиг туул” ХХКомпани нь “Дувайз” ХХКомпанитай гэрээ байгуулахдаа ажлын хөлсийг 34 560 000 төгрөгөөр тохирсноос үзэхэд 47 500 000 төгрөгийн хөлс нийт 5 орцонд хамаарах ажлын хөлс байх боломжгүй, уг хөлс нь зөвхөн 3, 4, 5-р орцны ажлын хөлс гэж тодорхойлсон шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Талууд гэрээг хуулийн хүрээнд  чөлөөтэй байгуулах эрхийн дагуу хөлсийг харилцан тогтоож болох боловч  дээрх нөхцөл байдлаас гадна зохигчдын тооцоо нийлсэн баримт /хх-72/, зохигчдын үйлдсэн протокал /х-20/ зэрэг баримтуудаар 3, 4, 5-р орцны ажлын хөлс 47 500 000 төгрөг болох нь тогтоогджээ.

Шүүх 3, 4, 5-р орцны сантехник, цахилгааны ажлын хөлс 47 500 000 төгрөгөөс өгөөгүй дутуу хөлс 1 537 798 төгрөг, 1, 2-р орцны ажлыг гүйцэтгэхэд гарсан хөлс 34 560 000 төгрөг, нийт 36 097 798 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд бүрэн нийцсэн байна.

Иймд шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн хангасан хэсгээс 34 560 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00034 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 697 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 336 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

                            ШҮҮГЧ                                                   П.ЗОЛЗАЯА