Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 599

 

Я.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Я.Ц-ын өмгөөлөгч Б.Минжүүрдорж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар магадлалтай, Я.Ц, Б.Т, М.М, “ЗБ” ХХК нарт холбогдох 1714001690142 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Я.Ц-ын өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, урьд ял шийтгэлгүй, Б овогт М.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

2. Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 4, урьд ял шийтгэлгүй, С овогт Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

3.  Монгол Улсын хуулийн этгээд, “ЗБ” ХХК, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, 51.16 тоотод үйл ажиллагаа явуулах, захирал Б.Т, /00013671 бүртгэлийн дугаартай, 3559289 регистрийн дугаартай, биологийн нөхөн сэргээлтийн 2014/J071 дугаар гэрчилгээ/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

4. Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 5, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Я.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “...шүүгдэгч М.М, Б.Т нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Б.Т, Я.Ц нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч хуулийн этгээд “ЗБ” ХХК-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ийг 500,000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Т-г 450,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Я.Ц нарыг 5,400,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “ЗБ” ХХК-ийн эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 20,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400,000 төгрөгөөр торгох ял дээр нэмж нэгтгэн түүний торгох нийт ялыг 5,850,000 төгрөгөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.М-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг, шүүгдэгч Б.Т, Я.Ц, шүүгдэгч хуулийн этгээд “ЗБ” ХХК-д тус тус оногдуулсан торгох ялуудыг гурван жилийн дотор тус тус төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.М, Б.Т, Я.Ц, шүүгдэгч хуулийн этгээд “ЗБ” ХХК нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “ЗБ” ХХК-ийн эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг хуулийн этгээдэд торгох ял оногдуулж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч М.Мөөс долоон сая / 7.000.000 / төгрөгийг, шүүгдэгч Б.Т-аас арван есөн сая таван зуун мянган / 19.500.000 / төгрөг нийт хорин зургаан сая таван зуун мянган / 26.500.000 / төгрөгийг гаргуулж, 1. хохирогч Ж.Э-т нэг сая зургаан зуун арван нэгэн мянган / 1.611.000 / төгрөг, 2. хохирогч Ц.Э-д гурван сая нэг зуун арван нэгэн мянган /3.111.000 / төгрөг, 3. хохирогч Ж.Э-д гурван сая нэг зуун арван нэгэн мянган / 3.111.000 / төгрөг, 4. хохирогч Ц.Э-д гурван сая нэг зуун арван нэгэн мянган / 3.111.000 / төгрөг, 5. хохирогч Л.Б-д гурван сая нэг зуун арван нэгэн мянган / 3.111.000 / төгрөг, 6. хохирогч Ж.О-д гурван сая нэг зуун арван нэгэн мянган / 3.111.000 / төгрөг, 7. хохирогч А.Б-д гурван сая нэг зуун арван нэгэн мянган / 3.111.000 / төгрөг, 8. хохирогч М.А-т гурван сая нэг зуун арван нэгэн мянган / 3.111.000 / төгрөг, 9. хохирогч Б.Б-д гурван сая нэг зуун арван нэгэн мянган / 3.111.000 / төгрөгийг тус тус олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.5.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар байгаль орчинд учруулсан хохирол нэг сая гурван зуун жаран мянга зургаан зуун гучин долоон /1.360.637 / төгрөгийг шүүгдэгч Б.Т, Я.Ц нараар хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн 7.9 грамм алтны хольц бүхий зүйлийг худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 314.5 грамм алтыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Я.Ц-д  буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч М.М-ийн эзэмшлийн телевизор нэг ширхэг, шүүгдэгч Б.Т-ын эзэмшлийн угаалгын машин нэг ширхэг, шүүгдэгч Я.Ц-ын эзэмшлийн эзэмших газар, усан буу нэг ширхэг, экскаватор нэг ширхэг, ковш нэг ширхэг, ачааны “Хово” машин хоёр ширхэг, шүүгдэгч хуулийн этгээд “ЗБ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нөхөн сэргээлт явуулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын тогтоолыг хүчингүй болгож телевизорыг эзэмшигч М.М-т, угаалгын машиныг эзэмшигч Б.Т-т, газар болон усан буу нэг ширхэг, экскаватор нэг ширхэг, ковш нэг ширхэг, ачааны “Хово” машин хоёр ширхэг зэргийг эзэмшигч нарт нь, шүүгдэгч хуулийн этгээд “ЗБ” ХХК-ийн эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх гэрчилгээг хүчингүй болгуулахаар Байгаль орчин аялал жуулчлалын яаманд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүгдэгч хуулийн этгээд “ЗБ” ХХК буюу түүний захирал Б.Т-т тус тус хэрэгцээний дагуу буцаан олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх   шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд  шүүгдэгч Я.Ц-ын өмгөөлөгч Б.Минжүүрдорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэсэн заалтыг давж заалдах шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн. Я.Ц-ын хувьд гэмт хэрэг үйлдэж ямар нэгэн орлого олоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан алтыг тухайн газраас олборлоогүй, мотор зараад авсан алт болох талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гаргуулна гэж хуульчилсан байхад Я.Ц-ын эзэмшлийн бус гуравдагч этгээдийн эзэмшлийн усан буу 1 ширхэг, экскаватор 1 ширхэг, ковш трактор 1 ширхэг, ачааны хово маркийн 2 ширхэг машин механизмыг улсын орлогод хураан авч байгаа нь учруулсан хохирол, хураан авч байгаа техник хэрэгслийн хувьд шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалтын хувьд дээрх техник хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан болох нь тогтоогдоогүй, уг нөхцөл байдал нь шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийг хураан авсан прокурорын тогтоолоор нотлогдож байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь заалтын хувьд дээрх техник хэрэгслийг шүүгдэгч Я.Ц тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд өөрийн өмчлөлд шилжүүлээгүй, зөвхөн түрээсээр ашиглах тухай аман хэлцэл хийгдэж байсан. Я.Ц-ын эзэмшлийн гэх эд хөрөнгийг хураагаагүй нь тухайн хэргийг анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл болохгүй, магадлалд хэргийн нотлогдвол зохих асуудлуудыг хангалттай нотлон тогтоосон гэж дүгнээд учруулсан хохирлын шинж чанар, хор уршгийн талаарх асуудлаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь магадлал хууль ёсны үндэслэлтэй болоогүй гэж үзэх үндэслэл болно. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг хураагаагүй гэдэг агуулгаар дээд шатны прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны хэлэлцээд эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хяналтын шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Я.Ц-ын өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн гаргасан гомдлыг үндэслэн Я.Ц, Б.Т, М.М, “ЗБ” ХХК нарт холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч М.М, Б.Т нарыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан, шүүгдэгч Б.Т, Я.Цнарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан, шүүгдэгч хуулийн этгээд “ЗБ” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс явуулсан гэм буруутайд тус тус тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хэргийг зөв зүйлчилж хуульд заасан төрөл, хэмжээний дотор гэм бурууд нь тохирсон ял оногдуулжээ.

 

Давж заалдах шатны шүүхээс энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нөхцөл байдалгүйг тэмдэглээд харин Я.Ц-ын эзэмшлийн усан буу төхөөрөмж, экскаватор трактор, шанагат трактор, ачааны өөрөө буулгагч автомашинуудыг гэмт үйлдэлдээ ашигласан байхад буцаан олгосон, байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн сэргээгээгүй байхад шүүхээс хөнгөн ял шийтгэсэн, мөн 314,5 гр алтыг Я.Ц-д буцаан олгож улмаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад хүлээлгэн өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эсхүл ашиглахаар завдсан тээврийн хэрэгсэл бусад тоног төхөөрөмж, тусгай хэрэгсэл нь уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авахаар, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээнээс зайлсхийх болон бусад шалтгаанаар бусдын өмчлөлд шилжүүлсэн бол хураан авах, эсхүл үнийг төлүүлэх хэлбэрийн аль нэгээр албадан гаргуулахаар мөн зүйлийн 5 дахь хэсэгт заажээ.

 

Хэргийн газар хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахаар авч ирсэн усан буу нэг ширхэг, экскаватор нэг ширхэг, ковш нэг ширхэг, ачааны өөрөө буулгагч автомашин хоёр ширхэг нь гэмт хэрэг үйлдэгдэх үед Я.Ц эсхүл Б.Т-ын өмчлөлд байсан одоо түүний өмчлөлд байгаа болохыг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй байна.  “Шунхлай” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн 5986 УНЦ, “Фенстер” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 7792 УНЦ улсын дугаартай саарал өнгийн JAC маркийн /хэргийн материалд ”ХОВО” гэж ташаа тэмдэглэгдсэн/ хоёр ширхэг хүнд даацын өөрөө буулгагч автомашинууд нь өөрийнх нь бөгөөд одоо осолд орсон эвдэрхий байдалтай байгаа гэх гэрч Г.У-н мэдүүлгээс /хавтас 3, хх 202/ өөр нотлох баримт, тухайлбал  техникийн баримт бичиг, гэрчилгээ хэрэгт авагдаагүй, битүүмжлэхдээ марк, дугаар, хүч чадал, өнгө байдлыг тодорхой заагаагүйн улмаас гарал үүсэл тодорхойгүй болж шинжилгээ явуулахаар тогтоол гаргасан хэдий ч шинжээч нар өмчийн харьяалал болон үнэлгээг тогтоох боломжгүй болсон байна.

 

Б.Т, Я.Ц нарт холбогдох хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийг прокурор, шүүхээс мөрдөн байцаалтад удаа дараа буцааж байсан боловч битүүмжлэгдсэн гэх эд хөрөнгө Б.Т, Я.Ц нарынх болохыг тогтоож чадаагүй нь Б.Т, Я.Ц нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, оногдуулах ял шийтгэл, хохирлын хэр хэмжээг тогтооход ач холбогдолгүй, албадлагын тусдаа арга хэмжээнд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүйгээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийн жинхэнэ өмчлөгчийг тогтоохгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эцсийн шатанд хураан авах нь түүгээр гэмт хэрэг үйлдэхийг урьдчилан мэдээгүй, хэлцэл, гэрээний үндсэн дээр бусдад түр хугацаанд эд хөрөнгөө шилжүүлсэн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч буюу гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг зөрчихөд хүргэх тул анхан шатны шүүхээс тэдгээр өмч хөрөнгийг эзэмшигч нарт нь олгохоор шийдвэрлэснийг хэвээр үлдээхээр тогтов.

 

Тэгэхдээ уг эд хөрөнгийг зөвхөн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч болохоо нотолсон иргэнд шийтгэх тогтоолд заасны дагуу буцаан олгох, эзэмшил, өмчлөлийн талаар маргаан гарвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу прокурорыг оролцуулан шийдвэрлэх эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 2, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхэд прокурор санал гаргаж хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох, эсхүл улсын орлого болгох асуудлыг жич шийдвэрлүүлэх нь хуульд нийцнэ.

 

Үүнээс гадна эд мөрийн баримтаар хураагдсан 314,5 гр алтыг гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох нь тогтоогдоогүй гэж үзэж Я.Ц-д буцаан олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэснийг буруутгах үйл баримтын болон хууль зүйн үндэслэл хэрэгт үгүй боловч шийтгэх тогтоолд хуулийн хүчин төгөлдөр болмогц олгохоор заасан атлаа “хэрэгцээний дагуу” гэх үндэслэлээр энэ хугацаанаас өмнө Я.Ц-д хүлээлгэн өгсөн нь хэдийгээр шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөөгүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ноцтой зөрчилд хамаарахгүй боловч битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шийдвэрлэх тухай Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурорын хамтран баталсан журам, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолыг тус тус зөрчсөн болохыг зориуд тэмдэглэж байна.

 

Шүүгдэгч Б.Т, Я.Ц нар болон хуулийн этгээд “ЗБ” ХХК-д тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэрэгт оногдуулсан ял шийтгэлийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Я.Ц нарыг 5,400,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн ерөнхий ангийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “ЗБ” ХХК-ийн эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 20,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн нь тэдгээрийн гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршигт тохирсноос гадна шүүгдэгч М.М, Б.Т нарт бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт  оногдуулсан торгох ялын хэмжээг ч хөнгөдсөн гэж үзэхээргүй байна.

 

Анхан шатны шүүхийн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарын хүрээнд явагдсанаас гадна мөн шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгохоор тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Я.Ц-ын өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн гаргасан гомдлыг бүхэлд нь хангасугай.

                      

 

                                    ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР                      

                                                                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН