Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 051

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Га

Улсын яллагч: Э.Га

Шүүгдэгч Я.Ц, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч Я.Ц, Б.Т нарт холбогдох эрүүгийн 1714001690142 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, дээд боловсролтой, Б.Т,

2. Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, Я.Ц

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.Т, Я.Ц нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Далт гэх газарт 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 сарын 13- тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 1251957 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Маанийн дэнж гэх газарт 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 108680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Тын шүүхийн хэлэлцүүлэгт

Би найз Я.Цыг нөхөн сэргээлтийн ажил хийх гэж утсаар дуудсан юм. 2017 онд Бөмбөгөр сумын Далд гэх газар нөхөн сэргээлт хийх тухай нутгийн иргэдийн хурлын тогтоолоор гарсан байсан. Нөхөн сэргээлт хийхээр 3 компани өрсөлдөж байсан. Манайх сонгон шалгаруулалтад гэрчилгээ тусгай зөвшөөрлийн хуулга, Иргэдийн хурлын тогтоол, хүсэлт зэргээ өгсөн байсан. Тухайн газарт нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулаагүй, харин тусгай зөвшөөрөлтэй компани. Би тухайн газарт 2 нүх зөвшөөрөлгүй ухсанаа хүлээн зөвшөөрч байна. Байгаль орчин учруулсан хохирлоо нөхөн төлнө. Нүх ухахад ашигласан техник хэрэгслүүдийг бүгдийг түрээсэлж авсан байсан. Я.Цын техник хэрэгслүүд болон өөр хүмүүсийн техник хэрэгслийг түрээсээр авчирсан, ашиг орлогоо хуваасан зүйл байхгүй. Далд гэх газар 3-4 хоног үйл ажиллагаа явуулсан. Бид хоорондоо түрээсийн гэрээ байгуулаагүй гэв.

Шүүгдэгч Б.Тын мөрдөн байцаалтад өгсөн

... Манай компани Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг “Далт ам” гэх газарт эвдэгдсэн газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлаа хийгээд байж байхад цагдаа ирж шалгасан. Манай :Зүтгэл баян” ХХК нь гэрээ байгуулаагүй байсан буюу гэрээ байгуулах гээд хөөцөлдөж байсан юм. Миний хувьд тухайн газартаа усан буугаа байрлуулаад хажууд нь 2 хэсэг газарт нуур байгуулах нүхээ ухаж бэлдсэн байсан. Засаг даргын тамгын газрын дарга Д, Засаг даргын орлогч дарга Б.Бь дарга нар гэрээ чинь бүтэх байхаа, бэлтгэл ажлаа хийж бай гэсэн би үүний дагуу 2 хэсэг газарт нуур байгуулах нүх ухаж усан буу төхөөрөмжөө байрлуулсан байсан, харин өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан юм. Мөн голын урд талд хуучин нинжа нарын ухсан байсан газарт жижигхэн нүх ухсан байж байгаад мөн цагдаад баригдсан. Тэр газраас мөн ямар нэг ашигт малтмал олборлоогүй... Тухайн газруудыг олон хүн ухна гэж байна гэсэн сураг сонсоод хүн түрүүлээд ухчих вий гэж бодоод би очоод уг нүхнүүдийг ухуулж нөхөн сэргээлтийн ажлын бэлтгэлээ хийж байсан. Ухах үедээ гэрээ байгуулаагүй байсан. Би уг газрыг ухах зөвшөөрлийг Я.Цд өгч ухуулсан.... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 240-245 /

Шүүгдэгч Я.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Би 2018 онд манай найз надруу яриад манай аймагт нөхөн сэргээлтийн ажил явагдаж байна. Бичиг баримтын асуудал нь шийдэгдээд бэлэн болж байна. Ирж ажиллаач техник хэрэгсэл чамд байна уу гэсэн тэрний дагуу би ирсэн. Ирээд зөвшөөрөлтэй газар гээд Далдын ам гэх газар очиж техник тоног төхөөрөмжөө буулгасан. 5 ширхэг хово машиныг түрээсэлж авчирсан. 2 ширхэг эксгэ, 2 ширхэг ковш нь миний техник байгаа юм. Ховд аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байхад тэр газар нь А лицензтэй байсан. Харин Баянхонгор аймагт өөр журмаар үйл ажиллагаа явдаг гэж ойлгосон. Өмнө нь гараар алт олборлогч нар эвдэж сүйтгэсэн газрыг аймаг орон нутагтайгаа гэрээ хийгээд үйл ажиллагаа явуулдаг гэсэн тайлбарыг сонсож ирсэн. Тухайн газарт би ерөнхийдөө техник хэрэгслийг хариуцан ажиллаж, үйл ажиллагаа явуулах асуудлыг Б.Т хариуцаж байсан. Бид нар хоорондоо түрээсийн гэрээ байгуулаагүй. Далд гэх газар 3-4 хоног үйл ажиллагаа явуулсан гэв. О.Б, Б. Ц, Э.Д нарт би түрээсийн гэрээ байгуулж авчирсан, урьдчилгаа мөнгийн би төлсөн гэв.

Шүүгдэгч Я.Цын мөрдөн байцаалтад өгсөн

... Би Увс аймагт байхад найз Б.Түшинбаяр утсаар яриад Баянхонгор аймагт нөхөн сэргээлт явуулах газар олсон бүх бичиг баримт, газрын асуудлыг нь холбогдох байгууллагаар шийдүүлчихсэн гэж хэлсэн. Увс аймгаас 2 ширхэг эксковатор, 1 усан буу төхөөрөмж, 1 ширхэг ковш, 1 ширхэг хово ачааны автомашин зэргийг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн Маанийн ам гэх газар ирсэн... Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б.Т нь бичиг баримт нь бүрдчихсэн гэхээр нь би Маанийн ам гэх газарт шрүп ухуулсан. Тэндээс ямар нэг ашигт малтмал олборлоогүй,.. Тэр үедээ Баянхонгор аймгийн тээврийн товчоо гэдэг газарт өөр тийшээ явж байсан экскэваторын жолоочийг түрээсээр ажиллах уу гэхэд ажиллая гэхээр нь л амаар ярьж тохироод ажиллуулсан байсан. Надад түрээсэлж авсан гэрээ болон өөр баримт байхгүй, тэртрактор нь одоо хаана байгаа, эзнийг нь хэд гэдгийг нь би одоо мэдэхгүй байна. Тэр үедээ зүгээр амаар ярьж тохирсон байсан бөгөөд трактор ажиллаж байгаад яваад өгсөн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 32-34, 2-р хх-ийн 151-152/

Иргэний нэхэмжлэгч Б.Нын мөрдөн байцаалтад өгсөн

... Нэгэнт зөвшөөрөлгүй газар ухсан бол эргүүлж булуулж нөхөн сэргээлтийг нь бүрэн хийлгэмээр байна. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх байхаа. Иргэн, хуулийн этгээд нь ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж болохгүй, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах бол нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй, ашигт малтмал олборлох гэж байгаа бол ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй байх ёстой ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171-172, 2-р хх-ийн 96-97/,

Гэрч Н.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Би Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргаар ажиллаж байгаа бөгөөд “ Зүтгэл баян” ХХК-ийн талаар ерөөсөө мэдэхгүй байна. Манай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, цагдаа нар очиж шалгаж байсан. Би өөрөө бол яг хаана ямар үйл ажиллагаа явуулсан талаар би мэдэхгүй. “Зүтгэл баян” ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан гэх “Маанийн дэнж” гэх газар нь өмнө нь гар аргаар ашигт малтмал олборлогч нарын эвдэж сүйтгэсэн газар байгаа юм. “Зүтгэл баян” ХХК нь намайг сумын Засаг даргаар ажиллаж байх үед нэг ч төгрөгийн хандив өгөөгүй . Тэр газрын албан ёсны нэр нь” Далтын ам” гэж нэрлэдэг газар байгаа юм... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 173-174, 2-р хх-ийн 98-99 /,

Гэрч С.Бийн мөрдөн байцаалтад өгсөн

... Би Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байгаа. “Зүтгэл баян” ХХКомпани нь “Маанийн ам” гэх газарт эвдэгдсэн газарт нөхөн сэргээлтийн ажиллагаа явуулахдаа ямар нэгэн гэрээ байгуулаагүй. “Маанийн ам” гэдэг газар бол өмнө нь гар аргаар ашигт малтмал олборлогчид, болон трактортой иргэд ажиллаж эвдэж сүйтгэсэн, зайлшгүй нөхөн сэргээлт хийх шаардлагатай газар байсан. Гэхдээ тухайн газарт нөхөн сэргээлт хийхэд эхлээд Багийн Иргэдийн нийтийн хуралд хүсэлт гаргаж хурлаар дэмжигдэж тогтоол гарсан байх шаардлагатай, үүний дараа нь Хөгжлийн бодлогын хэлтсээс зохион байгуулсан сонгон шалгаруулалтанд орж, үүний дараа Аймгийн Засаг даргатай гэрээ байгуулах ёстой, ийм журмын дагуу явагдаж байгаа “Зүтгэл баян” ХХК-ийг тухайн газарт үйл ажиллагаа явуулахыг нь Багийн Иргэдийн нийтийн хурлаас ч тогтоол гараагүй. “Зүтгэл баян” ХХК нь манай багт ямар нэгэн хандив өгөөгүй. Тэр газрын албан ёсны нэр нь “Маанийн дэнж “ гэдэг газар байгаа хүмүүс янз бүрээр хэлээд байдаг...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 175-177, 100-101 /

Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн

... Би Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч даргаар ажиллаж байгаа. Баянхонгор аймгийн нутагт эвдэгдсэн газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд Аймгийн засаг дарга гэрээ байгуулж эрх олгож байгаа. Мөн нөхөн сэргээлт явуулах ажлыг хариуцсан ажлын хэсэг гэж байгуулагдсан байгаа. Би нөхөн сэргээлтийг явуулах ажлын хэсгийн ахлагчаар нь ажилладаг юм. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Маанийн ам” гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан “Зүтгэл баян” ХХК нь Аймгийн Засаг даргатай гэрээ байгуулаагүй, нөхөн сэргээлт явуулах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлаар ороогүй , компанитай гэрээ байгуулж нөхөн сэргээлт явуулах зөвшөөрлийг олгох эрх нь зөвхөн Аймгийн Засаг даргад байдаг. Ажлын хэсгийн ахлагч, гишүүдээс зөвшөөрөл өгөх эрх хэнд ч байхгүй. Би Б.Түшвшинбаярт үйл ажиллагаа явуулахыг амаараа хэлж зөвшөөрөөгүй, надад тийм эрх ч байхгүй. Надад Б.Т нь уурхай ажиллуулах гэж байгаа, багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоолыг Хөгжлийн бодлогын хэлтэст өгсөн гэж хэлсэн, өөр надад юм хэлсэн зүйл байхгүй, би ч тэгж ажиллахыг нь зөвшөөрсөн юм байхгүй. Би тэр компанийг хаана ямар үйл ажиллагаа явуулсныг нь би мэдэхгүй. Аймгийн Засаг даргын тамгын газраас санал орж ирсэн тохиолдолд сонгон шалгаруулах ажлын хэсэг хуралдаж шийдвэрлэнэ. Хөгжлийн бодлогын хэлтсээс материал бүрдүүлээд шаардлага хангасан газруудыг ажлын хэсэгт оруулж ирснийг нь хүлээн авч ажлын хэсэг хуралдаад дэмжсэн бол саналаа Аймгийн Засаг даргад хүргүүлдэг юм. “Зүтгэл баян” ХХК нь аймаг, орон нутагт хандив өгөөгүй ...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 178-180, 2-р хх-ийн 114-115 /

Гэрч Д.Мын мөрдөн байцаалтад өгсөн

... “ Зүтгэл баян” ХХК нь аймаг, орон нутагтай ямарч гэрээ байгуулаагүй, суманд ямар нэгэн хандив тусламж, хөрөнгө оруулалт өгөөгүй, ер нь нөхөн сэргээлт явуулах аж ахуй нэгжүүд нь сумтай гэрээ байгуулдаггүй, харин Аймгийн засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэстэй гэрээ байгуулан ажилладаг. Би 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр уг уурхай дээр очиж үзэхэд усан буу төхөөрөмжөө суурилуулчихсан хажууд нь 2 ширхэг том нүх ухчихсан байсан, дараа нь 2017 оны 10 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд очиж шалгахад 28-нд нь очиход усан буугаа суурилуулчихсан байсан, маргааш нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр очиж шалгахад усан буугаа ажиллуулж байсан, голын хажуугаас шороо авч угааж байгаа бололтой тэндээс машины мөр гарч усан бууруу нь ирсэн харагдаж байсан. Тэр Далт гэх газар нь урьд нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай байсан бөгөөд уг тусгай зөвшөөрөлтэй “Хан шижир” ХХК нь үйл ажиллагаагаа явуулаад талбайдаа нөхөн сэргээлт хийгээд хүлээлгэж өгсөн талбай байгаа юм. Тэрнээс хойш гар аргаар ашигт малтмал олборлогч нар ажиллаж газар ухаад зарим хэсэг нь эвдэрсэн, зарим хэсэг нь эвдэгдээгүй газар байсан. “Зүтгэл баян ХХК-ийг намайг 3 удаа очиж шалгахад бичиг баримт нь аймагт байгаа, одоо зөвшөөрөл ирнэ гээд ямарч бичиг баримт надад үзүүлээгүй … гэх мэдүүлэг /1-р хх-ийн 184-186, 2-р хх-ийн 60-62, 106-108/

Гэрч Т.Уын мөрдөн байцаалтад өгсөн

... Би хувиаараа нөхөрлөл байгуулаад бичил уурхайгаар ашигт малтмал олборлох ажил эрхэлдэг. 2017 оны 10 дугаар сарын 05-ны үед Б.Т, Я.Ц хоёроос дизель моторыг 23,000,000 төгрөгөөр бодоод өөрт байсан 300 грамм алтыг өгөөд тэр моторыг нь авсан юм. Би бие өвдөөд байхаар нь бичил уурхайгаар явж ажиллахаа больсон тэгээд тэр моторыг Говь-Алтай аймагт ажиллаж байгаа надтай хамтарч ажилладаг хүмүүс одоо ашиглаж байгаа, би тэд нартай хамт ажиллахаа больсон юм... Надад тэр моторыг Б.Т, Я.Ц нараас худалдан авсан баримт байхгүй ээ, тэр үедээ амаар ярьж тохироод л наймаа хийсэн юм. Би тэр моторыг тэр хамт ажилладаг хүмүүстээ өгч үлдээсэн ч гэх баримт байхгүй. Тэр мотор нь том хэмжээтэй, тог гаргадаг цахилгаан мотор байгаа. Би тэр моторыг худалдан аваад Ц гэх хүнд 300 грамм алтыг өгсөн, тэр алт нь зарим нь бүхэл, зарим нь нунтагдуу алт байсан, би өгөхдөө тэр алтыг даавуун уутанд хийгээд өгсөн, эд нар уг алтыг аваад юунд хийсэн, яаж хадгалж байсныг би мэдэхгүй … гэх мэдүүлэг /1-р хх-ийн 193-195 /

Гэрч Д.Гын мөрдөн байцаалтад өгсөн

... 2017 онд манай компани Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Маанийн дэнж” гэх газарт эвдэгдсэн газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан. “Зүтгэл баян” ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан талбайд ухагдсан байгаа газар нь урьд нь нүх байгаагүй, эрүүл газар байсан, харин энэ нүх ухсан байгаа газрынх нь хажууд нэг жижигхэн нүх ухагдсан байсан чинь Мэргэжпийн хяналтын газрын ажилтан Энхбаяр надад тэр нүхийг та дараад өгчихөөрэй гэж хэлсэн юм. Тэрнээс биш энэ голын хажуу талын газар нь манай компаний нөхөн сэргээх ёстой газар биш, эрүүл ухагдаагүй газар байсан, харин нэг жаахан нүх, овоолсон шороо үүссэн байсныг нь Энхбаяр жижигхэн нүх юм чинь та дараад өгчихөөрэй гэж надад хэлсэн юм. Би 2017 оны 10 дугаар сарын эхээр уурхайгаа буулгаад ажилчидаа аймаг оруулчихаад аймагт хэд хоноод эргээд ирэхэд уг газарт ийм урт нүх ухчихсан байсан. Я.Ц нэг өдөр манай уурхай дээр ирээд энэ доод талын овоолсон шороо юу юм гэхээр нь би манайхыг дараад өгчих гэсэн юм, намар манайх буухаараа дарах юм байгаа гэж хэлж байсан, тэрнээс биш би тэр хоёроос дараад өгөөч, тэнд ажилла гэж ерөөсөө хэлээгүй ....” гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 198-200 /

Гэрч Ц.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн

.... Би 2017 онд Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан нөхөн сэргээлт явуулах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр ажилласан юм. “Зүтгэл баян” ХХК нь материал дутуу гэсэн үндэслэлээр нөхөн сэргээлт явуулах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах хурлаар ороогүй, хурлаар орж Аймгийн Засаг даргатай гэрээ байгуулаагүй учраас ямар нэгэн хандив тусламж өгөөгүй. Гэрээ байгуулсны дараа хандив тусламж өгдөг. “Зүтгэл баян” ХХК нь ерөөсөө гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулснаар л үйл ажиллагаа явуулах эрх үүснэ, гэрээ байгуулсны дараа холбогдох байгууллага нь тухайн газарт нь нөхөн сэргээлт явуулах газрын цэг солбицолыг нь хүлээлгэж өгдөг. Бид урьдчилан амаар зөвшөөрөл өгнө гэсэн юм байхгүй, би Б.Тт амаар тэгж үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрөөгүй болохгүй. Харин Б.Т нь сонгон шалгаруулалтанд орохоор хөөцөлдөж байхдаа л ямар ямар бичиг баримт бүрдүүлэх, хандиваа яаж өгдөг гэж асууж байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 201-203 /

Гэрч Б.Цын мөрдөн байцаалтад өгсөн

... Би 2017 оны 09 дүгээр сараас эхлэн 2017 оны 10 дугаар сарын дунд үед хүртэл би өөрийн эзэмшлийн 2698 УБК улсын дугаартай хар өнгийн пикап маркийн машинаар ойр зуурын ажлын үйлчилгээнд буюу шатахуун, хоол хүнс тараах ажлын үйлчилгээнд ажилласан юм,.... 3 Хобо болохоор бид нарын машин ,.... бид нарыг түрээсэлсэн, миний эзэмшлийн тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 04-49 УНХ улсын дугаартай цагаан өнгийн Хобо маркийн тээврийн хэрэгсэл юм. 2017 оны 10 дугаар сарын эхээр 40.000.000 төгрөгөөр худалдан авсан миний өөрийн хувийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа ...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 75-77, 1-р хх-ийн хх-204-206, 2-р хх-ийн 102-103/

Гэрч Б.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн

...Би Баянхонгор аймгийн Стандарчлал хэмжил зүйн хэлтэст лабораторийн химич шижээчээр ажилладаг, би химич мэргэжлээрээ 1 дэх жилдээ ажиллаж байна. Шинжилгээнд ирүүлсэн алт гэх зүйлд шинжилгээ хийлгэхэд энэ зүйл нь алт мөн байна. Сорьц нь 876,93 хэмжээтэй сорьцтой алт мөн байна. Дээжийг нь би Монгол банкинд хүргүүлдэг бөгөөд Монгол банкнаас дээжийг нь хүлээн аваад Швейцарь улсад дахин шинжилгээ хийлгэдэг бөгөөд энэ шинжилгээ хийгдэж ирсэний дараа нь эзэмшигчид буцаан олгодог юм ... /2-р хх-ийн 218-220, 234-235/

Гэрч Э.Дын мөрдөн байцаалтанд өгсөн

... Баянхонгор аймагт нөхөн сэргээлтийн ажил хийхээр О.Б,Б. Ц бид гурав өөрсдийнхөө эзэмшлийн буюу хувийн нийт 3 ширхэг Хобо маркийн тээврийн хэргслүүдээр гарсан юм .... Манай гурван тэрэг, 1 экскавотр, 1 ковш зэрэг нь ажилласан,...Ц гэх хүнтэй 3 тэрэгний дунд урьдчилгаа 10000000 төгрөг өгсөн юм... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 17-19/

Гэрч О.Бгийн мөдөн байцаалтанд өгсөн

... Бид нарыг түрээсэлсэн юм. Миний эзэмшлийн тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 91-83 УБТ улсын дугаартай улаан өнгийн Хобо маркийн тээврийн хэрэгсэл байгаа. 2017 оны 06 дугаар сард 55.000 төгрөгөөр худалдан авсан миний өөрийн хувийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм ... /2-р хх-ийн 72-74/ зэрэг нотлох баримтууд тус тус болно.

Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/09 дүгээр шинжээчийн

  1. “Зүтгэл баян” ХХК нь ямар нэг тусгай зөвшөөрөл авсан эсэхийг тогтоох

боломжгүй байна.

  1. “Зүтгэл баян” ХХК-д холбогдож буй тус талбай нь ямар нэг тусгай

зөвшөөрөлд хамаарагдахгүй байна.

3. “Зүтгэл баян” ХХК-ийн эвдсэн талбайгаас 1 ба 2-р талбай нь урьд өмнө эвдэгдсэн талбай байсан учраас зөвхөн 3-р талбай дээр учруулсан байгаль орчны хохирлын хэмжээг тооцож үзэхэд 1251957 төгрөг болж байна.

4. Дээрх газрууд нь урьд өмнө эвдэгдэж уул уурхайн үйл ажиллагаанд өртөж байсан газрууд байна.

5. Эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийх олборлолт явуулж байгаа нь Ашигт малтмалын тухай хууль болон Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг тус тус зөрчиж байна.

6. “Зүтгэл баян” ХХК-ийн эвдсэн гэх 1 ба 2-р талбай нь урьд өмнө эвдэгдсэн талбай байсан учраас сэргээлтийн зардлыг өмнөх байгууллага хариуцах ёстой бөгөөд хохирлын үнэлгээ тоолж буй 3- талбай нь шинжээчийн үзлэгийн үеэр ухаш овоолго бүхий эвдрэл мэдэгдэхгүй болсон байсан учраас нөхөн сэргээлтийн зардлыг тооцож гаргах боломжгүй байна.

7. “Зүтгэл баян” ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан нийт талбайгаас хохирлын үнэлгээ тооцсон 3-р талбайн хэмжээ нь 0,24 га хэмжээтэй байна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 244-245/

Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн Экологи-Эдийн засгийн хохирлын үнэлгээ

Зүтгэл баян” ХХК нь зохих ёсны зөвшөөрөлгүй 0,24 га талбайд үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон байна.

Тус үнэлгээгээр эдэлбэр газар, газрын хэвлий, учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар, усанд орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны 11 сарын 18-ны өдрийн А-388 дугаар тушаалаар батлагдсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар тус тус тооцсон болно.

Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн 0,24 га талбайд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 1 251 957 төгрөг ... гэх дүгнэлт / 1-р хх-ийн 246-250, 2-р хх-ийн 1-6/

Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/13 дугаар шинжээчийн

1. “Зүтгэл баян” ХХК нь ямар нэг тусгай зөвшөөрөл авсан эсэхийг тогтоох

боломжгүй байна.

2. “Зүтгэл баян” ХХК-д холбогдож буй тус талбай нь ямар нэг тусгай зөвшөөрөлд хамраарагдахгүй байна.

3. “Зүтгэл баян” ХХК –ийн эвдсэн талбайд учруулсан байгаль орчны хохирлын хэмжээг тооцож үзэхэд 108 680 төгрөг болж байна.

4. Дээрх газар нь урьд өмнө эвдэгдсэн ч дахин бүрэн нөхөн сэргээгдэж ургамлан бүрхэвч тогтсон эрүүл газар байсан байна.

5. Эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийх олборлолт явуулж байгаа нь Ашигт малтмалын тухайн хууль болон Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг тус тус зөрчиж байна.

6. “Зүтгэл баян” ХХК-ийн эвдсэн гэх талбай нь мөрдөгчийн үзлэгийн үеэр гүний хэмжилт хийх боломжгүй болсон байсан учраас нөхөн сэргээлтийн задрлыг тооцож гаргах боломжгүй байна.

7. “Зүтгэл баян” ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан тайлбайн хэмжээ нь 2661м2 буюу 0,27 га хэмжээтэй байна ... /2-р хх-ийн 120-121/

Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн Экологи-Эдийн засгийн хохирлын үнэлгээ

Зүтгэл баян” ХХК нь зохих ёсны зөвшөөрөлгүй 0,27 га талбайд үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон байна.

            Тус үнэлгээгээр эдэлбэр газарт учруулсан хохирлын үнэлгээ, хөрсөн бүрхэвчид учруулсан хохирлын үнэлгээ, ургамлан бүрхэвчид учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2010 оны 05 сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар тооцсон болно.

Дээрх үйл ажиллагааг нөлөөгөөр эвдэрсэн 0,27 га талбайд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 108 680 төгрөг болж байна ... /2-р хх-ийн 122-131/

Үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн сорилтын дүн “ ... алтан гулдмай жин 314.44..” /2-р хх-ийн 228-229/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / 1-р хх-ийн 26, 27, 2-р хх-ийн 15-16, 26-27, 147-148/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 30-80, 2-р хх-ийн 42-48/, эд зүйл түр хураан авсан тухай, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 81, 83-84 /, бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 85, 2-р хх-ийн 221- 222/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 214-217/, эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол тэмдэглэл /1-р хх-ийн 140-142/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 164-168, 2-р хх-ийн 244-249/, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1-р багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол, тэмдэглэлийн хуулбар /1-р хх-ийн 91, 92-94/, “Зүтгэл баян” ХХК-ийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 95-99/, “Зүтгэл баян” ХХК-ийн лавлагаа /1-р хх-ийн 108-109/, шүүгдэгч Б.Т, Я.Ц нарын эд хөрөнгтэй эсэх хураангуй лавлагаа /1 хх-ийн 105, 2-р хх-ийн 138-139/, Я.Ц, Б.Т нарын иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 106, 107 /, Я.Ц, Б.Т нарын эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэх ял шалгах хуудас /1-р хх-ийн 237-238 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч Б.Т нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Далт гэх газарт 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 сарын 13- тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 1251957 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Маанийн дэнж гэх газарт 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 108680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Б.Т .... тухайн газартаа усан буугаа байрлуулаад хажууд нь 2 хэсэг газарт нуур байгуулах нүхээ ухаж бэлдсэн байсан,... 2 хэсэг газарт нуур байгуулах нүх ухаж усан буу төхөөрөмжөө байрлуулсан байсан, харин өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, ...голын урд талд хуучин нинжа нарын ухсан байсан газарт жижигхэн нүх ухссан, ямар нэг ашигт малтмал олборлоогүй … гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 19-22 /

Шүүгдэгч Я.Ц .... Б.Т нь бичиг баримт нь бүрдчихсэн, Маанийн ам гэх газарт шрүп ухуулсан,..тэндээс ямар нэг ашигт малтмал олборлоогүй ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 151-152/

иргэний нэхэмжлэгч Б.Н .... Нэгэнт зөвшөөрөлгүй газар ухсан бол эргүүлж булуулж нөхөн сэргээлтийг нь бүрэн хийлгэмээр байна... нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах бол нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй, ашигт малтмал олборлох гэж байгаа бол ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй байх ёстой ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171-172, 2-р хх-ийн 96-97/

гэрч Н.М... Зүтгэл баян ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан гэх “Маанийн дэнж” гэх газар нь өмнө нь гар аргаар ашигт малтмал олборлогч нарын эвдэж сүйтгэсэн газар байгаа....гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 173-174, 2-р хх-ийн 98-99 /

гэрч Б.Бийн… Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Маанийн ам” гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан Зүтгэл баян ХХК нь Аймгийн Засаг даргатай гэрээ байгуулаагүй, нөхөн сэргээлт явуулах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлаар ороогүй....гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 178-180 дугаартал, 2-р хх-ийн 114-115 /,

гэрч Д.Мын ... Би 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр уг уурхай дээр очиж үзэхэд усан буу төхөөрөмжөө суурилуулчихсан хажууд нь 2 ширхэг том нүх ухчихсан байсан, дараа нь 2017 оны 10 дугаар сарын 28-нд нь очиход усан буугаа суурилуулчихсан байсан, 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр очиж шалгахад усан буугаа ажиллуулж байсан, голын хажуугаас шороо авч угааж байгаа бололтой тэндээс машины мөр гарч усан бууруу нь ирсэн харагдаж байсан... гар аргаар ашигт малтмал олборлогч нар ажиллаж газар ухаад зарим хэсэг нь эвдэрсэн, зарим хэсэг нь эвдэгдээгүй газар байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 184-186, 2-р хх-ийн 60-62/

гэрч Д.Гын .... Зүтгэл баян ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан талбайд ухагдсан байгаа газар нь урьд нь нүх байгаагүй, эрүүл газар байсан ... / 1-р хх-ийн 198-200 /

гэрч Ц.Дгийн ... “Зүтгэл баян” ХХК нь гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулснаар л үйл ажиллагаа явуулах эрх үүснэ, гэрээ байгуулсны дараа холбогдох байгууллага нь тухайн газарт нь нөхөн сэргээлт явуулах газрын цэг солбицолыг нь хүлээлгэж өгдөг юм ... /1-р хх-ийн 201-203/

гэрч Б.Цын ... Далт гэх газарт ирэхэд тэр компани нь усан буугаа суурилуулсан байсан ба усан бууныхаа хажууд 2 ширхэг том хэмжээний нүх учихсан байсан,уусан буу төхөөрөмжөө ажиллуулж шалгаж үзэж байсан ... /1-р хх-ийн 204-206, 2-р хх-ийн 1-8, 120-131/

Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/09 дүгээр шинжээчийн

...Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн 0,24 га талбайд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 1 251 957 төгрөг ... гэх дүгнэлт / 1-р хх-ийн 246-250, 2-р хх-ийн 1-6/

Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/13 дугаар шинжээчийн

....Дээрх үйл ажиллагааг нөлөөгөөр эвдэрсэн 0,27 га талбайд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 108 680 төгрөг болж байна ...гэх дүгнэлт /2-р хх-ийн 122-131/болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтаар нотлогдсон гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй..., 3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан,шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулж, эх сурвалжаар магадлах зэргээр шинжлэн судалж, шалгахад шүүгдэгч Я.Цыг үйлдлийг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй ба Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн № 188а дугаар яллах дүгнэлтэд шүүгдэгч Я.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл Баянхонгор аймгийн прокурорын газрын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн № 19 дугаар прокурорын тогтоолд... яллагдагч Я.Ц нь уг хэрэгт хамтран оролцоогүй буюу Б.Тыг аймгийн Засаг даргатай гэрээ байгуулж зөвшөөрөл авч ажиллагаа явуулсан гэж ойлгон уурхайн ажлыг зохион байгуулж үйл ажиллагаа явуулсан тогтоогдож, уг үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй .... яллагдагч Я.Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Тухайлбал: Шүүгдэгч Б.Тын.... Бөмбөгөр суманд газар ухах , бичиг баримт бүрдүүлэх ажлыг би зохион байгуулсан, хүнтэй хамтраагүй ганцаараа үйл ажиллагаа явуулсан, шороо ухаж ямар нэгэн ашигт малтмал олборлоогүй, өөрийн гэсэн техник байхгүй тул найз Я.Цын өөрийнхөн техник хэрэгсэл болон бусад хүмүүстэй техник хэрэгсэлийг ашиглахаар түрээсээр / албан ёсны бичгээр гэрээ байгуулаагүй, хоорондоо тохиролцоод/ ажиллуулсан Я.Ц хариуцаж ажилласан... өгсөн мэдүүлэг / 2-р хх-ийн 167-168, 207-208

Шүүгдэгч Я.Цын ...манай найз техник хэрэгсэл чамд байна уу гэсэн тэрний дагуу би Далдын ам гэх газар очиж техник тоног төхөөрөмжөө буулгасан. 5 ширхэг хово машиныг түрээсэлж авчирсан. 2 ширхэг эксгэ, 2 ширхэг ковш нь миний техник байгаа,... өмнө нь гараар алт олборлогч нар эвдэж сүйтгэсэн газар байсан,би ерөнхийдөө техник хэрэгслийг хариуцан ажиллаж, үйл ажиллагаа явуулах асуудлыг Б.Т хариуцаж байсан. Бид нар хоорондоо түрээсийн гэрээ байгуулаагүй. О.Б, Б.Ц, Э.Д нартай би түрээсийн гэрээ байгуулж авчирсан, урьдчилгаа мөнгийн би төлсөн гэв.

Гэрч Т.Уын... Би хувиаараа нөхөрлөл байгуулаад бичил уурхайгаар ашигт малтмал олборлох ажил эрхэлдэг. Т, Я.Ц хоёроос 23,000,000 төгрөгөөр бодоод өөрт байсан 300 грамм алтыг өгөөд дизель моторыг авсан,... тэр моторыг Говь-Алтай аймагт ажиллаж байгаа надтай хамтарч ажилладаг хүмүүс одоо ашиглаж байгаа,... моторыг Б.Т, Я.Ц нараас худалдан авсан баримт байхгүй , амаар ярьж тохироод л наймаа хийсэн,..мотор нь том хэмжээтэй, тог гаргадаг цахилгаан мотор байгаа… гэх мэдүүлэг /1-р хх-ийн 193-195/

Гэрч Э.Дын...Баянхонгор аймагт нөхөн сэргээлтийн ажиллагаа хийхээр О.Б, Б. Ц бид гурав өөрсдийнхөө эзэмшлийн буюу хувийн нийт 3 ширхэг Хобо маркийн тээврийн хэргслүүдээр авч очсон.... Манай гурван тэрэг, 1 экскавотр, 1 ковш зэрэг нь ажилласан,..Я.Ц 3 тэрэгний дунд урьдчилгаа 10000000 төгрөг өгсөн, бид Я.Цтай түрээсийн гэрээг амаар байгуулж ажилласан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 17-19/

Гэрч Б.Цын мөрдөн байцаалтад өгсөн

... Би 2017 оны 09 дүгээр сараас эхпэн 2017 оны 10 дугаар сарын дунд үед хүртэл би өөрийн эзэмшлийн 2698 УБК улсын дугаартай хар өнгийн пикап маркийн машинаар ойр зуурын ажлын үйлчилгээнд буюу шатахуун, хоол хүнс тараах ажлын үйлчилгээнд ажилласан ,.... 3 Хобо болохоор бид нарын машин, бид нарыг түрээслэсэн,...миний эзэмшлийн тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 04-49 УНХ улсын дугаартай цагаан өнгийн Хобо маркийн тээврийн хэрэгсэл өөрийн хувийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа ...гэх мэдүүлэг юм. / 2-р хх-ийн 102-103/

Гэрч О.Бгийн... Бид нарыг түрээсэлсэн,...миний эзэмшлийн тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 91-83 УБТ улсын дугаартай улаан өнгийн Хобо маркийн тээврийн хэрэгсэл байгаа. 2017 оны 06 дугаар сард 55.000 төгрөгөөр худалдан авсан миний өөрийн хувийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа ... /2-р хх-ийн 72-74/ гэх мэдүүлэг зэргээс үзэхэд Я.Ц нь өөрийн эзэмшлийн 2 ширхэг эксковатор, 1 усан буу төхөөрөмж, 1 ширхэг ковш, 1 ширхэг хово ачааны автомашин, мөн Э.Д, О.Б, Б. Ц нарын техник хэрэгсэлийг эзэмшигчийн зөвшөөрөлтэйгээр болон дамжуулан Б.Тт түр эзэмшүүлэх, ашиглуулахаар шилжүүлсэн буюу эдгээр хүмүүст түрээсийн урьдчилгаа төлбөр гэж 10000000 төгрөгийг Я.Ц өгсөн буюу Б.Т нь уг техник хэрэгслүүдийг түр эзэмших ашиглахаар шилжүүлэн авсан ба ашиг орлого олох , аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор тодорхой хугацааны туршид тухайн түрээсийн эд хөрөнгийг ашиглах эрхтэйгээр түрээсийн гэрээг / иргэний хуульд заасан эрх зүйн гэрээ хийсэн/ байгуулж ажиллуулсан бөгөөд Я.Ц нь эд хөрөнгийг ашигласны үр дүнд зохих түрээсийн төлбөрийг авахаар харилцан тохиролцсон ажиллаж байсан гэж үзэхээр байх ба Я.Ц нь уг хэрэгт хамтран оролцоогүй буюу Б.Тыг аймгийн Засаг даргатай гэрээ байгуулж зөвшөөрөл авч ажиллагаа явуулсан гэж ойлгон уурхайн ажлыг зохион байгуулж өөрийн техник хэрэгслүүдийг хариуцан ажиллуулж үйл ажиллагаа явуулсан тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Я.Цд ашигтайгаар шийдвэрлэгдэх “үндэслэл бүхий эргэлзээтэй байдлууд”-ыг нотлох хүрэлцээтэй баримтууд хэрэгт хангалттай цугларсан нь дээр дурдсан нөхцөл байдал болон холбогдох хэрэгт шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Я.Цд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл 174001690142 дугаартай эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтаар нь Б.Ттай бүлэглэн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Далт гэх газарт, Мөн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Маанийн дэнж гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, нотлогдоогүй байх тул түүнд ашигтайгаар шийдвэрлэв.

Түүнчлэн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1-р багийн нутаг “Маанийн ам” гэх газарт үйл ажллагаанд өртөж эвдэгдсэн талбай нь мөрдөгчийн хэргийн газрын үзлэгээр хийсэн хэмжилтийг үндэслэн ухагдсан ухашийн гүн хууль бус уурхайлалт явуулсан боловч гүний хэмжээг тогтоох боломжгүй болсон учраас угаасан шорооны хэмжээг тодорхойлж улмаар усан орчинд учирсан хохирлыг үнэлгээг тооцох боломжгүй, “Зүтгэл баян ” ХХК нь зөвшөөрөлгүйгээр 2661м2 буюу 0,27 га талбайд үйл ажиллагаа явуулсан байгаль орчинд учруулсан хохирол 108680 төгрөг,

Мөн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Далт” гэх газарт үйл ажллагаанд өртөж эвдэгдсэн талбай нь 3 хэсэг байх бөгөөд 1,2-р талбайг шинжээчийн хэмжилт шинжилгээний үеэр эзэлхүүн тооцож хэмжих, 3-р талбай нь голын халиа мөсөнд дарагдаж хэмжих боломжгүй болсон байсан, байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг зөвхөн 3-р талбайн хэмжилтийг үндэслэн эвдэрсэн 2354м2 буюу 0,24 га талбай бүхий байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээгээр 1251957 төгрөг тогтоосон бөгөөд Я.Цын эзэмшлийн машинд байсан шар өнгийн зүйлийг тухайн хэрэгт хурааж авсан нь Б.Тын үйл ажиллагааны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 314,5 грамм алт олборлосон талаар хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй, Я.Ц нь өөрийн эзэмшлийн том хэмжээтэй, тог гаргадаг цахилгаан моторыг Т.Ут 23,000,000 төгрөгөөр бодож өөрт байсан 300 грамм алтыг аваад дизель мотроо зарсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Тыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль орчинд 1360637 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Тт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Тт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Б.Тын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Б.Тт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувьд ногдох хөрөнгө, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, ашиглах, олборлохоор газар ухсан болох нь тогтоогдсон, уг үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлыг Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн дүгнэлт хэрэгт авагдсан бөгөөд уг дүгнэлтийг шүүх үндэслэлтэй болсон гэж үнэлж, шүүгдэгч Б.Таас байгаль орчинд учруулсан хохирол болох 1360637 төгрөг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Зүтгэл баян” ХХК-ийн гэрчилгээг шүүгдэгч Б.Тын , 314.5 грамм алт, шаар гэх 7,9 грамм зүйлийг Я.Цд нарт тус тус буцаан олгож, бичлэг бүхий СД нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хадгалж шийдвэрлэлээ.

 

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Б.Тын эзэмшлийн “... угаалгын машин...”-ыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.Цын эзэмшлийн “... газрын гэрчилгээ...” битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч Я.Цд олгож, шүүгдэгч Б.Түшинбаяр, Я.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Я.Ц нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Шангас овогт Я.Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Санги тойн овогт Б.Тыг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Тыг таван мянга дөрвөн зуун /5400/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу / 5400000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Тыг таван мянга дөрвөн зуун /5400/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу / 5400000 / төгрөгөөр торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 300000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Я.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Б.Т, Я.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, Байгаль орчиныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар шүүгдэгч Б.Таас байгаль орчинд учруулсан хохирол 1360637 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 314.5 грамм алт, шаар гэх 7,9 грамм зүйлийг Я.Цд, “Зүтгэл баян” ХХК-ийн гэрчилгээг шүүгдэгч Б.Тт тус тус олгож, бичлэг бүхий СиДи 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Тын эзэмшлийн “... угаалгын машин...”-ыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, Я.Цын эзэмшлийн “... газрын гэрчилгээ...” битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч Я.Цд буцаан олгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Тт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА