Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 208/МА2023/00009

 

*******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 148/ШШ2022/00450 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч *******, *******

 

Хариуцагч Б.Батсүрэн, *******, ******* нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: өвлүүлэгч *******ын хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоолгох, Нийслэлийн тойргийн Нотариатч*******гийн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар өвийг хүлээн авсанд тооцуулах, өвлүүлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдээс өвлөгдөх хэсгийг хариуцагч *******гаас гаргуулах, Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч *******ийн 2021 оны 03 сарын 31-ний өдрийн 38, 39 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай

 

Хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* түүний өмгөөлөгч болон хариуцагч*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, Улсын дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2022/01250 дугаартай тогтоолыг үндэслэн, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир, хариуцагч *******, түүний өмгөөлөгч Ж.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ:

1. Өв хүлээн авсныг тогтоож, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2.Нэхэмжлэгч *******, ******* бидний төрсөн аав *******-ын ******* нь 2020 оны 3-р сарын 28-ний өдөр нас барж, хууль ёсны өвлөгч бид зохих журмын дагуу нас барснаас хойш нэг жилийн дотор буюу 2020 оны 7-р сарын 28-ний өдөр УБ, ХУД-н нотариат дээр очиж өв хүлээн авах хүсэлтээ гаргасан билээ. Бидний өв хүлээн авах хүсэлт ХУД-ийн тойргийн нотариатч*******гийн буруутай үйл ажиллагааны улмаас бүртгэгдээгүйн тул бидний төрсөн аавын дараах эхнэр *******-д аав *******ын нэг хүний өмчлөлд байсан Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, 4-р баг, 4-р хэсэг ******* тоот хаягтай 510 мк газрыг №0039 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр, мөн хаягт байрлах эхнэр *******гийн хамт хамтран өмчлөл бүхий 96 мк хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг №0038 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр нэхэмжлэгч биднийг өв хүлээн авах хүсэлтээ хуулийн хугацаанд гаргаагүй гэх шалтгаанаар өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг ганц ******* д олгожээ. Нэхэмжлэгч бидний зүгээс хуулийн хугацаанд өв хүлээн авах хүсэлт гаргасан нь хавсралт баримтуудаар нотлогдох тул шүүхээс дээрх үл хөдлөх хөрөнгөнүүдийн өвийг хүлээн авсанд тооцож, Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч *******ийн 2021 оны 03-р сарын 31-ний өдрийн №0038, №0039 тоот өвлөх эрхийн гэрчилгээ буюу гэрчилгээг үйлдсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч******* хариу тайлбартаа:

 

1. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.

2. Хан-Уул дүүргийн нотариатч******* би 2020 оны 07 сарын 28-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг 034 тоот бүртгэлд бүртгэж гэрчилсэн нь үнэн болно. Харин нотариатч миний хариуцлагагүй алдаа буюу Нотариатчдын танхимын өвийн бүртгэлд дээрх хүсэлтийг бүртгүүлээгүй үйлдлээс болж *******ын хууль ёсны өвлөгчид болох *******, ******* нарын эрх ашиг хохирсонд харамсаж байна. Иймд *******, ******* нарын өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг Нотариатчдын танхимд бүртгүүлээгүй нотариатч******* миний хууль бус эс үйлдэхүйг тогтоож, өвийг хүлээн авсанд тооцуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

 

Хариуцагч ******* хариу тайлбартаа:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2. Уг нэхэмжлэлийн шаардлага нь: өвийг хүлээн авсанд тооцуулах гээд байна уу эсвэл өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах гээд байна уу, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах гээд байна уу гэдэг нь ойлгомжгүй байна.

******* //-ны хууль ёсны өвлөгч ******* нь өвлөх хүсэлт гаргаснаар нотариатч ******* миний бие МУ-н Иргэний хуулийн 528-р зүйлийг баримтлан 038. 039 тоот өвлөх эрхийн гэрчилгээг үйлдсэн болно. Уг өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо холбогдох хууль тогтоомжинд заасны дагуу холбогдох бүх материалыг бүрдүүлэн нэг бүрчлэн шалгаж тогтоож өөр хууль ёсны өвлөгчидийн талаар лавлагаа авахад байгаагүй учраас хүсэлт гаргасан хууль ёсны өвчлөгчид нь гэрчилгээг олгосон. Миний энэ үйлдэл нь хуулийн дагуу хийгдсэн болно.

Нэхэмжлэгч *******, ******* нар нь уг гаргасан нэхэмжлэлийн шаардлагандаа ХУД-ийн нотариатч*******гийн буруутай үйл ажиллагаанаас болж хууль ёсны өвлөгч бид нар өөрт ногдох хэсгээ өвлөж авч чадсангүй гэжээ. ХУД-ийн нотариатч*******гийн энэ үйлдэл нь манай байгууллагын лавлагаагаар давхар нотлогдож байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, буруутай этгээдээ өөрсдөө нэхэмжлэлийн шаардлаганд дурьдсан байна. Иймд миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч ******* хариу тайлбартаа:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. ...Нотариатын хуулийн дагуу нотариатч хуулийнхаа дагуу мэдээллийн системээс өөр өвлөгч байгаа эсэхийг шалгаж үзээд программд байхгүй, мэдээлэл авагдаагүй байсан тул надад өвлөх эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу бичиж олгосон Тиймээс нотариатчийн үйлдэл зөв хийгдсэн юм.

Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.1.1- дэх заалтаар нас барагчийн эхнэр гэж хамгийн түрүүнд бичигдсэн нь өвийг нэн тэргүүнд нас барагчийн баталгаатай эхнэр нь өвийг өвлөх эрхтэй гэж хуульчилсан байна. Иймд миний бие ******* би нэн тэргүүнд талийгаач нөхрийнхөө өвийг хүлээн авах эрхтэй хууль ёсны өвлөгч мөн.

Миний талийгаач нөхөр ******* нь 2020 оны 03 сарын 28-ны өдөр нас нөгцсөн. Иргэний хуулийн 531-р зүйлийн 531.2 заасныг үндэслэн хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэн хойш 1 жил өнгөрсөн дараа олгоно гэсэн заалтаар 2021 оны 04 сарын 27-ны өдөр буюу нэг жилийн дараа өвийн гэрчилгээ олгосон нь хуулийн дагуу олгогдсон бөгөөд хууль зөрчигдөөгүй юм.

Нэхэмжлэлдээ нэхэмжлэгч нар бичихдээ: өв хүлээн авах хүсэлтээ хуулийн хугацаанд гаргаагүй гэх шалтгаанаар өвлөх эрхийн гэрчилгээг ганц *******д олгосон байна гэжээ.

Намайг өв нээлгэх үед Мөнхдөл, Мөнхцэцэг нар огтоос хүсэлт гаргаагүй байсан. Гэтэл 2020 оны 07 сарын 28-ны өдөр УБ хот ХУД-ын нотариат дээр өв хүлээн авах хүсэлтээ гаргасан гэж бичсэн нь худал хуурмаг зүйл гэж үзэж байна.

... Би нэхэмжлэлийн шаардлагыг ч ойлгохгүй байна. Өв хүлээн авсныг тогтоолгох гэж ямар утгатай зүйл шаардлага гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Мөн ямар үндэслэлээр өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэж байгаа нь тодорхойгүй байна гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 450 дугаартай шийдвэрээр:

 

-Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3, 531 дүгээр зүйлийн 531.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын *******, ******* нар нь өвлүүлэгч *******ын хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоолгох, *******, ******* нарын өв залгамжлах эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй нь Хан-Уул дүүргийн нотариатч*******гийн 2020 оны 03 сарын 28-ны өдөр нэгдсэн бүртгэлд бүртгээгүйн улмаас өвлөх эрхээ эдлэж чадаагүй, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар өвийг хүлээн авсанд тооцуулах, Өвлүүлэгчийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 4 дүгээр хэсэг, 276 тоот хаягт орших улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 510 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өөрт өвлөгдөх хэсэг болох *******т оногдох 10,000,000 төгрөг, *******д оногдох 10,000,000 төгрөгийг тус тус хариуцагч *******гаас гаргуулж олгуулах, мөн хаягт оршин улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өвлүүлэгчид оногдох хэсгээс өөрт өвлөгдөх хэсэг болох ******* оногдох 13,333,300 төгрөг, *******д оногдох 13,333,300 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж олгуулах, Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч *******ийн 2021 оны 03 сарын 31-ний өдрийн 38, 39 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 620,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

...1. Анхан шатны шүүх Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчмыг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэх үндэслэл болно.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа дээр дурдсанаар хариуцагч нарт холбогдуулан 5 шаардлага гаргаснаас Нэхэмжлэгч *******, ******* нар нь талийгаач *******ын төрсөн хүүхдүүд, ... болох нь төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар ... -аар тогтоогдож байх тул мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан тэргүүн ээлжийн хууль ёсны өвлөгч нар байна гэж эхний шаардлагыг хангасан дүгнэлт хийсэн хэрнээ ИХШХШТХуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, "... өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна хэмээн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт дүгнэсэн боловч бусад шаардлагыг хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох талаар дүгнэлт хийгээгүй байгааг шүүхийн шийдвэр хууль бус болсон гэж үзэж байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйл нь Өв хүлээн авах болон өв хүлээн авахаас татгалзах журмыг, 531 дүгээр зүйл нь Өвлөх эрхийн гэрчилгээ олгох журмыг зохицуулсан хэм хэмжээнүүд билээ. Гэтэл Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын 2021 оны 07-р сарын 28-ны өдөр Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасны дагуу Нийслэлийн тойргийн нотариатч*******д гаргасан хүсэлтийг "... өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг харъяалал зөрчиж Хан-Уул дүүргийн нотариатч*******д гаргасныг зохих байгууллага, этгээдэд гаргасан гэж үзэх боломжгүй тул ... өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэх юм гэж дүгнэсэн нь нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсгийг буруу хэрэглэсэн дүгнэлт болжээ.

 

Нэхэмжлэгч нар хууль ёсны өвлөгчийн хувьд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар өвийг хүлээн авахаар хүсэлт гаргасан талаар нотлох баримт хэрэгт авагдсан, тухайн хүсэлтийг өөрт нь илэрхийлэн гаргасан болохыг Нотариатч******* гэрчийн мэдүүлгээр болон хариуцагчаар өгсөн тайлбараар нотлосоор байхад Өв хүлээн авахаас татгалзсан гэж үзсэн нь нотлох баримтанд болон хуульд үндэслэхээс өөр байдлаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, илт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Шүүх хурал дээр хариуцагч *******гийн талаас Нотариатч*******д гаргасан хүсэлт нь Өв залгамжлах эрхийн гэрчилгээ авах хүсэлт байх тул өв хүлээн авах хүсэлт гаргасан гэж үзэхгүй гэж маргасаныг шүүх хүлээн авсан гэж үзэхээр байх боловч яагаад хариуцагчийн тайлбарыг хүлээн авах болсон, яагаад шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосныг тодорхой тайлбарлаагүй байх тул зохигчийн тайлбар нь бодит үнэнд нийцсэн байх" хуулийн шаардлагын хүрээнд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх тул нэхэмжлэгийн тайлбарыг зохих ёсоор үнэлээгүй гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан байвал өвийг хүлээн авсанд тооцохоор хуульчилсан байх ба Өвийг хүлээн авах хүсэлт гаргахдаа өв залгамжлах эрхийн гэрчилгээ авах өргөдөл гаргасан байхаар зохицуулжээ.

Хүсэлт гэдэг нь хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд хүсэл зоригийн илэрхийллээ гадагш илэрхийлэн гаргахдаа тухайн этгээд амаар болон бодит үйлдлээр, тэр тусмаа бичгээр илэрхийлж болно. Өв хүлээн авах хүсэлт гаргахдаа буюу хүсэл зоригоо илэрхийлэхдээ бичгээр гаргахыг хуулиар шаардсан ба бичгээр гаргах хүсэлтээ илэрхийлэхдээ өв залгамжлах эрхийн гэрчилгээ авах өргөдөл гаргаж болохыг зөвшөөрсөн болохоос хамт амьдарч байгаагүй өвлөгчийг Өв хүлээн авах өргөдөл, болон Өвлөх эрхийн гэрчилгээ олгох өргөдөл гэх хоёр тусдаа өргөдөл гаргахыг хуулиар шаардаагүй байна.

Гэтэл шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт ... өв хүлээн авах хүсэлтийн талаар хуульд тусгайлан харъяалал тогтоогоогүй байх тул аль ч нотариатад гаргаж болох юм" хэмээн нэхэмжлэгч нар өв хүлээн авах хүсэлтээ ХУДүүргийн нотариатч*******д гаргасаныг зөвтгөсөн хэрнээ Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасан зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол татгалзсанд тооцох хуулийн зохицуулалтаар өв хүлээн авахаас татгалзсан гэж дүгнэж хоорондоо зөрчилтэй, эсрэг тэсрэг дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр гарах шалтгаан болжээ.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэг нь хуульд заасан хугацаанд өөрт хамгийн ойрхон байгаа аль нэг Нотариат буюу, баг сумын Засаг даргад өв хүлээн авах хүсэлтийг гаргаагүй тохиолдолд татгалзсанд тооцохоор тогтоосон болохоос заавал тогтоосон харъяалалын дагуу хүсэлт гаргахыг шаардаагүй болно.

Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт Нотариатчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нар хэдийгээр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргасан боловч өв хүлээн авах боломжгүй болжээ хэмээн нэхэмжлэгч нарын өвийг хүлээн авахаас татгалзсан гэх үйл явдал нь тэдний хүсэл зоригоос хамаараагүй болохыг үнэн зөв дүгнэсэн байна.

Гэвч Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-д зааснаас үзвэл өв хүлээн татгалзах нь өв залгамжлагчийн өөрийнх нь хүсэл зоригоос болон өөрийн нь идэвхигүй үйлдлээс шалтгаалахаар байхад Нэхэмжлэгч *******, ******* нар өвийг хүлээн авахаар хүсэлтээ бодитоор, идэвхитэй үйлдлээр илэрхийлсэн байхад Нотариатчийн буруутай үйлдлийн улмаас Өвийг хүлээн аваас татгалзсан гэж дүгнэсэн нь өв залгамжлагч нарын хүсэл зоригийг бусдын буруутай үйлдлийг ашиглан хязгаарлаж, Өвлөгч нарын төрсөн эцгийн үлдээсэн өвийг өв залгамжлахаар хуулиар тогтоосон хууль ёсны эрхийг нь зөрчсөн бүдүүлэг алдаа болно.

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2 дэх хэсгээс харахад Нутаг дэвсгэрийн харьяаллаар өргөдөл гаргах тухай зохицуулалт нь өвийг хүлээн авахаар өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасны дараа, мөн өв нээгдсэнээс хойш 1 жил өнгөрсний дараа зөвхөн өвлөх эрхийн гэрчилгээ авах өргөдөл-ийг өв нээгдсэн газрын Нотариат буюу, баг сумын Засаг даргад гаргахаар тогтоосон байхад Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан журмаар гаргах өргөдлийг нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргасан байх шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарласан дүгнэлт болно.

Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч ******* нь 2021.03.31-ний өдөр 0038, 0039 тоот Өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо хавтаст хэргийн 31-р хуудаст авагдсан байгаа лавлагааны хариуг бодитоор аваагүй байж болзошгүй байна, Монголын Нотариатчдын Танхимын 2022.01.19-ний өдрийн 67 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичигт ... 2021 оны 03 сарын 30-ны өдрийн лавлагааг шүүж үзэхэд тус лавлагаа олгосон тухай мэдээлэл байхгүй байна гэснээс үзвэл *******д гэрчилгээ олгоход саад болж болзошгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулахын тулд лавлагааны баримтыг хууль бусаар бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

Хэрэв тийм бол Нотариатын тухай хуульд зааснаар Нотариатын үйлдэл хийхээс татгалзах, Нотариатын үйлдлийг түдгэлзүүлбэл зохих нөхцөл байдлыг зориуд нуун дарагдуулж гэрчилгээ олгосон нь хууль бус үйлдэл болно гэж үзэж хүчингүй болгох үндэслэл болгож тайлбар гаргасан. Гэтэл энэхүү шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан Монголын Нотариатчдын Танхимын ирүүлсэн нотлох баримт дүгнэлт хийгээгүйг хууль бус, үндэслэлгүй шийдвэр гаргах шалтгаан болсон гэж үзэж байна.

Нэмж хэлэхэд өвлөгдөх хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийн үнийг гаргуулахаар нэхэмжлэл гаргахдаа өвлөгдөх хөрөнгийг нийт 110,000,000 төгрөг буюу өвлүүлэгчийн дангаар өмчилж байсан Газарыг 30,000,000 төгрөг, хариуцагч *******тай хамтран өмчилж байсан Хувийн сууцыг 80,000,000 төгрөгөөр үнэлэн нэхэмжлэл гаргасан ба Үнэлгээгээр хөрөнгийн үнэлгээг дээрх үнэлгээнээс багаар тогтоосон тул үнэлгээг хүлээн зөвшөөрч шаардлагын хэмжээг багасгасан байхад, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 зааснаар хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болоогүй байхад шүүх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг багасгасан хэмжээгээр буцаан олгохгүйгээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон улсын тэмдэгтийн хураамж буцаан гаргуулах хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна.

Шийдвэрийн тогтоох хэсгийг танилцуулсны дараа амаар шийдвэрийн агуулгыг танилцуулахдаа нэхэмжлэгч нарын өвлөх эрхээ алдсан нь нотариатчийн буруутай үйлдлээс шалтгаалсан тул учирсан хохирлоо буруутай этгээдээс гаргуулах боломжтой гэж тайлбарлаж байсан боловч шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт энэ талаар хийсэн дүгнэлт огт хийгээгүй, ТОГТООХ нь хэсэгт энэ талаарх шийдвэр огт тусгагдаагүй байна. Тиймээс анхан шатны шүүх хурлын бичлэгийг давж заалдах шатанд судлуулахыг хүсэж байна.

Иймд анхан шатны шүүх нь хуулийн ялгаатай хэм хэмжээнүүдийг ялгамжтай зөв хэрэглэж чадаагүй, өв хүлээн авах хүсэлт гаргах заавал бичгээр өргөдөл гаргасан байхыг шаардсан байгааг, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргахдаа заавал бичгээр гаргахыг шаардаагүй байгаа ялгаж дүгнэж чадаагүй, Нотариатын цахим сангийн бүртгэлд Өв хүлээн авах хүсэлтийг бүртгэхдээ Өв эрхийн гэрчилгээ авах хүсэлт гэх нэртэйгээр бүртгэхээр програмчлагдсаныг зохих ёсоор үнэлэхгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул дээрх үндэслэлүүдээр шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

 

Хариуцагч*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Тэрээр гомдолдоо нэхэмжлэлийн шаардлагын өөрт холбогдох хэсэг буюу нотариатын үйлдлийн бурууг хүлээн зөвшөөрөөд байхад харгалзан үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомджээ.

Нотариатчийн хууль бус эс үйлдэхүй болох нь тогтоогдож байгаа тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар нотариатч******* тухайн гэм хорыг арилгах үүрэгтэй. Нотариатч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар буруугүй гэдгээ нотолбол хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан байхад хариуцагч нь буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн учир нэхэмжлэгч нар хохирсон гэж үзэж байгаа бол хохирлоо нотариатчаас нэхэмжлэх эрхтэй боловч нэхэмжлэлд энэ талаар шаардлага гаргаагүй учир шийдвэрлэх боломжгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотариатч******* нь Иргэний хууль болон Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн хууль бус үйлдэл нь тогтоогдсон байдаг. Тухайлбал: Нотариатын тухай хуулийн 2512-т Нотариатч нь гэрчилсэн үйлдэл бүрээр цахим бүртгэл хийх, мэдээлэл үүсгэх, санд байршуулах, баяжуулах, улсын бүртгэл, татварын болон холбогдох бусад байгууллагад дамжуулах, лавлагаа, мэдээлэл авах, зуучлах замаар нотариатын цахим үйл ажиллагаа эрхэлнэ гэж заасан. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 1-р сарын 02-ны өдөр Нотариатын цахим мэдээллийн санд мэдээллийг хүлээн авах, хадгалах, ашиглах, түүний аюулгүй байдлыг хангах журам батлагдан хэрэгжиж эхэлсэн ба нотариатч эдгээр заалт журмыг зөрчсөн.

Иймд Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлд Үйлчлүүлэгчийн эрхийн талаар зохицуулсан ба 28.1.3-т Нотариатчийн буруутай үйлдлийн улмаас хохирол учирвал нөхөн төлүүлэх эрхтэй.

Түүний гаргасан гомдол өөр хоорондоо зөрчилдөөд байгаа нь ойлгомжгүй байна. Гомдолдоо хэдийгээр өвлөгч нар Иргэний хуулийн 531-р зүйлд заасны дагуу өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг өвлүүлэгчийн оршин сууж байсан газрын нотариатад гаргахаар зохицуулсан боловч гэсэн нь шүүхийн шийдвэрийг зөвтгөсөн агуулгатай байна. Харин ... нотариатын танхим өв хүлээн авах бүртгэлийн нэгдсэн мэдээлэл бүхий сүлжээтэй тул өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн хүсэлтийг тойрог харгалзахгүй хүлээн авдаг гэж өмнөхөө үгүйсгэсэн нь ойлгомжгүй.

Хариуцагч өөрийн гэм буруутай эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрсөн гээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй. Шүүгч нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, хуулийг тайлбарлан хэрэглэж шийдвэрээ гаргасан. Иргэний хуулийн 528.2-т өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг гаргасан л бол өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заагаагүй. Нотариатад, өв нээгдсэн газрын нотариатад гэж хаана хүсэлтийг гаргахыг тодорхой заасан учир шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж дүгнэлт хийн шийдвэрлэсэнийг шүүх санаачлагаараа тогтоосон гэж үзэхгүй байна.

Нөгөө талаар нэг нотариатчийн буруутай үйлдлээс нөгөө нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох зохицуулалт Нотариатын тухай хуулийн 31.1-т заасан 6 үндэслэлд байхгүй учир түүний тайлбар үндэслэлгүй байна. Иймд давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Сэлэнгэ аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6-р сарын 07-ний өдрийн №00450 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан.

Шүүх бол нэхэмжлэгчийн зөрчигдсөн гээд байгаа эрхийн хүрээнд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэлд өв нээгдсэн цаг хугацаа, өв залгамжлах эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргах үед СОVID-19 цар тахлын улмаас хөл хорионы хязгаарлалтын дэглэмтэй байсан нөхцөл байдлыг харгалзан үзэх талаар үндэслэл, шаардлага байгаагүй тул шүүхэд өөрийн санаачлагаар ямар нэгэн нөхцөл байдлыг харгалзан үзэх эрх хуулиар олгогдоогүй.

Нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангах эсхүл хэрэгсэхгүй болгох талаар дүгнэлт хийгээгүй гэж гомджээ. Үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагуудад шүүхээс бүхэлд нь дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч *******, ******* нарын хувьд талийгаач *******ын төрсөн хүүхдүүд учраас Иргэний хуулийн 520.1.1-т зааснаар тэргүүн ээлжийн хууль ёсны өвлөгч бөгөөд энэ нь талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь нэхэмжлэлийн шаардлагыг хангасан гэсэн гэж үзэх боломжгүй. Нэгэнт хуулиар төрсөн хүүхдүүд хууль ёсны өвлөгч байна гээд заасан байхад шүүх үүнийг үгүйсгэж болохгүй учир шүүхийн дүгнэлт хуульд нийцэж байна. Анхан шатны шүүх гаргасан нэхэмжлэлийн хүрээнд, хооронд нь уялдаа холбоотой байдлаар дүгнэлтийг хийсэн.

Нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, Иргэний хуулийн 528.3 дах заалтыг буруу хэрэглэсэн гэж гомдолдоо дурджээ. Иргэний хуулийн өвлөх эрхийн зохицуулалтууд хоорондоо уялдаа холбоотой учир өөр өөр нөхцлөөр тайлбарлах боломжгүй. Нэхэмжпэгч нарын хувьд Иргэний хуулийн 528.2 дах хэсэгт заасан хугацаанд өв залгамжлах эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан учир өвийг хүлээн авсанд тооцно гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 528 дугаар зүйл бол өвлүүлэгчтэй хамт амьдарч байсан болон хамт амьдарч байгаагүй өвлөгч нарын өвийг хэрхэн хүлээн авах талаар ялгаатай байдлаар зохицуулсан. Нэхэмжлэгч нар өвлүүлэгчтэй хамт амьдарч байгаагүй учир Иргэний хуулийн 528.2-т зааснаар нотариат буюу баг сумын Засаг даргад өв хүлээн авах болон өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзэхээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл уг өргөдлөө ямар хугацаанд, хаана гаргахыг тодорхой заасан бөгөөд Иргэний хуулийн 531.1-т өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатад гаргана гэж нарийвчлан зохицуулсан тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 528, 531 дүгээр зүйлүүдийг зөв тайлбарлан хэрэглэсэн.

Иргэний хуульд хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзэхээр зохицуулсан тул шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан шийдвэрлэсэн.

Нотариатч *******ийнг Өв залгамжлэх эрхийн гэрчилгээ олгохдоо хавтаст хэргийн 31-р талд авагдсан лавлагааны хариуг бодитоор аваагүй байж болзошгүй, *******д Өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгоход саад болж болзошгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулахын тулд лавлагааны баримтыг хууль бусаар бүрдүүлсэн гэжээ. Энэ бол цэвэр хардалтын шинжтэй ямарч нотолгоогүй гүтгэлэг болох нь нотариатч*******гийн гэрчийн мэдүүлэг, тайлбар зэргээр үгүйсгэгдээд байдаг. Өөрөөр хэлбэл нотариатч******* нь өөрийн хариуцлагагүй алдаанаас Нотариатчдын танхимын өвийн бүртгэлд хүсэлтийг бүртгүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг учир нотариатч *******ийн авсан лавлагааны хариу үнэн зөв болж байна. Нотариатч *******д Нотариатын тухай хуулийн 31.1-т заасан үйлдэл хийхээс татгалзах үндэслэл байгаагүй учир түүний үйлдэл хуульд нийцсэн болно. Нотариатын тухай хуулийн 31.3-т Энэ хуулийн 31.1-т заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно. гэж заасан учраас нотариатч *******ийн баталсан үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэл тогтоогдоогүй болно.

Нотариатч *******ийн баталсан үйлдэл хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нэхэмжлэгч нарт өвийн хөрөнгөөс оногдох хэсэг хуваарилах ямарч боломжгүй.

Нотариатч******* өөрийн хууль зөрчсөн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа учир түүний буруутай үйлдлээс учирсан хохирлоо тухайн нотариатчаас нэхэмжлэх эрх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хор учруулснаас үүсэх үүрэгт хамаарч байгаа тул энэ асуудлаа жич нэхэмжлэх нь хуульд нийцэж байна. Мөн Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлд Үйлчлүүлэгчийн эрхийн талаар заасан ба 28.1.3-т Нотариатчийн буруутай үйлдлийн улмаас хохирол учирвал нөхөн төлүүлэх эрхтэй учир зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэлээ хуульд заасны дагуу гаргах боломжтой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй этгээдийг хэлнэ гэж зааснаар нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан, үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй этгээд нь нотариатч *******, талийгаачийн эхнэр ******* нар биш болно. Иймд давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэгч нарын гаргасан гомдол болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Давж заалдах гомдлуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч нар түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

 

2.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага тус бүрд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Хэдийгээр шүүх хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн байх тул хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж зохих дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

3.Хэргийн үйл баримтын талаар: Хариуцагч ******* нь нөхөр *******тай хамт амьдарч байсан бөгөөд түүний нөхөр ******* нь өвчний улмаас 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нас баржээ.

Талийгаач ******* нь өмнөх гэрлэлтээсээ *******, ******* гэсэн хоёр хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд нь эцгээсээ тусдаа амьдарч байжээ. Талийгаач ******* нь эхнэр *******гийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг оршин сууж байсан бөгөөд тэдгээрийн өмчлөлд 510 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, дугаарт бүртгэгдсэн хувийн сууц бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-т зааснаар талийгаач нас барснаар түүний өв нээгдсэн байна.

Өв нээгдснээр талийгаачийн хүүхдүүд болох *******, ******* нар өвлөх эрхийн хүсэлтийг Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нотариатч*******д гаргасан байх ба нотариатч нь өвлөх эрхийн хүсэлтийг 2020 оны 07 сарын 28-ны өдөр бүртгэсэн атлаа өвийн нэгдсэн цахим санд энэ тухай мэдээлэл оруулаагүй байна.

2021 оны 03 сарын 31-ний өдөр талийгаачийн эхнэр болох ******* нь Сэлэнгэ аймгийн нотариатч *******д өвлөх эрхийн гэрчилгээ авах талаар хүсэлт гаргасан байх ба өвийн цахим мэдээллийн санд өөр өвлөгч бүртгэгдээгүй, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар хуульд заасан хугацаанд хүсэлт гаргаагүй тул бусад өвлөгч нар нь өвөөс татгалзсан гэж үзэн 2021 оны 03 сарын 31-ний өдөр өвлүүлэгчийн эхнэр *******д Өвлөх эрхийг гэрчилгээг олгосноор өвлүүлэгчийн үл хөдлөх хөрөнгүүдийг дангаар өвлөсөн байна.

Өвлүүлэгчийн хөрөнгийг эхнэр *******д шилжснээр бусад өвлөгч нар өвлөх эрхийн талаар маргажээ.

 

4.Нэхэмжлэлийн шаардлагын талаар: Нэхэмжлэгчид нь өвлүүлэгч *******ын өвлөгч нарын хувьд хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлт гаргасан боловч Хан-Уул дүүргийн нотариатч*******гийн буруутай үйл ажиллагааны улмаас 2020 оны 03 сарын 28-ны өдөр нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, улмаар өвлөх эрхээ эдэлж чадаагүй байна.

Сэлэнгэ аймгийн нотариатч ******* өөр өвлөгч бүртгэгдээгүй тул нэхэмжлэгч нарыг өв хүлээн авахаас татгалзсан гэсэн үндэслэлээр өвлүүлэгчийн эхнэр *******д гэрчилгээ олгож, өвлүүлэгчийн хөрөнгө өвлөгч *******д шилжсэн тул нотариатч*******гийн үйлдлийг гэм буруутайд тооцох, нотариатч *******ийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухайн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь хэрэгт хариуцагчаар өвлөгч *******г татан оролцуулах, нэхэмжлэлийн шаардлагаа өвлүүлэгч *******ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, хариуцагч *******гаас өвлүүлэгчийн хөрөнгөнөөс ногдох хэсгээ гаргуулах гэж тус тус нэмэгдүүлсэн байна.

 

5. Хэргийн хариуцагч нотариатч******* нь нотариатын үйлдэл хийсэн боловч бүртгэлийн нэгдсэн санд энэ тухай мэдээлэл хийгээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн,

-хариуцагч ******* нь нэхэмжлэгч нар нь өвлүүлэгч *******ын төрсөн хүүхдүүд мөн боловч хууль заасан хугацаанд өв хүлээн авах талаар хүсэлт гаргаагүй тул татгалзсан гэж өвийг хүлээн авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж,

-хариуцагч нотариатч ******* нь хуульд заасан үндэслэл журмын дагуу үйл ажиллагаагаа явуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан байна.

 

6.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч нар нь өвлүүлэгч *******ын хууль ёсны өвлөгч нар мөн боловч хуульд заасан хугацаанд өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ гаргаагүй тул өв хүлээн авахаас татгалзсан гэж дүгнэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч түүний өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

 

7.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлоо анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, хуулийн зохих заалтыг буруу тайлбарласан, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн дүгнэлтээ тогтоох хэсгээрээ үгүйсгэсэн, үндэслэх, тогтоох хэсэг эрс зөрүүтэй бичигдсэн нь тус тус шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж тайлбарласан.

 

8. Хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэлийн шаардлага тус бүрд давж заалдах шатны шүүх дараах дүгнэлтийг хийж байна.

 

8.1.Нэхэмжлэгч нараас гаргасан Нийслэлийн тойргийн нотариатч*******гийн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох тухай шаардлагыг хувьд:

Нотариатч нь үйл ажиллагаандаа Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх заавар баримтлах үүрэгтэй бөгөөд Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.9-д заасан өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт болон өвлөх эрхийг олгосныг нотариатч орон нутагт аймгийн салбарын, нийслэлд Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд оруулна гэж заасан.

Гэтэл Нийслэлийн Хан-Уул дүүргийн нотариатч******* нь нэхэмжлэгч *******, ******* нарын 2020 оны 03 сарын 28-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг бүртгэсэн атлаа Нотариатчдын танхимын өвийн бүртгэлд дээрхи хүсэлтийг бүртгэх үйлдэл хийгээгүйгээс өөр өвлөгч болох *******д өвлүүлэгчийн хөрөнгө шилжих эрх үүссэн болох нь хэрэгт авагдсан зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хариуцагч******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоож байх тул нотариатч*******гийн хууль бус эс үйлдэхүй гэж үзнэ.

 

8.2 Сэлэнгэ аймгийн нотариатч *******ийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай шаардлагын хувьд:

Талийгаач ******* нь эхнэр *******тай хамт амьдарч байсан ба түүний эхнэр ******* нь 2021 оны 03 сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч *******д өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргаснаар нотариатч тухайн хүсэлтийг хүлээн авч гэрчилсэн ба бусад өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй гэсэн үндэслэлээр хууль ёсны бусад өвлөгчийг өв хүлээн авахаас татгалзсанд тооцон Өвлөх эрхийн 0038 дугаартай гэрчилгээ олгожээ.

Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч ******* нь өвийн нэгдсэн сангийн бүртгэлээс зохих лавлагааг авахад бусад өвлөгч нараас хүсэлт гаргасан тухай баримт авагдаагүй байсан ба нэхэмжлэгч нар өвлүүлэгчээс тусдаа амьдарч байсан, өвлөгчид нэг жилийн дотор өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн аваагүй, нотариатад хүсэлт гаргаагүй бол өвийг хүлээн авахаас татгалзсанд тооцсон гэсэн хариуцагч *******ийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч *******д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл хууль зөрчөөгүй тул нотариатч *******ийн 2021 оны 03 сарын 31-ний өдрийн 0038 дугаарт бүртгэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

8.3 Өвлүүлэгч *******ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, өв хүлээн авсанд тооцуулах тухай шаардлагын хувьд:

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй.

520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж заасан тул талийгаач *******ын эхнэр *******, түүний төрсөн хүүхэд охин *******, хүү ******* нар нь хууль ёсны өвлөгч юм.

 

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-д Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж,

528.3-д Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. гэж тус тус заасан.

 

Татгалзах гэсэн ойлголт нь өвлөгчийн хүсэл зоригийн илэрхийлэл байх ба энэ нь нэхэмжлэгч *******, ******* нарын хувьд хуульд заасан хугацаанд өв хүлээн авах тухай хүсэлтээ гаргасан боловч тодорхой эрх бүхий этгээдийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэм буруутай эс үйлдэхүйн улмаас өвийн нэгдсэн санд бүртгэгдээгүй нь нэхэмжлэгч нарын өвийг хүлээн авахаас татгалзсан гэх үндэслэл болохгүй.

Түүнчлэн өв хүлээн авахаас татгалзах нь өвлөгчийн өөрийнх нь хүсэл зориг болон өөрийнх нь идэвхигүй үйлдлээс шалтгаалахаар хуульчилсан тул *******, ******* нар өвийг хүлээн авахаар хүсэлтээ бодитоор, идэвхитэй үйлдлээр илэрхийлсэнийг эрх бүхий этгээдийн буруутай эс үйлдэхүйн улмаас Өвийг хүлээн авахаас татгалзсан гэж дүгнэх нь өвлөгч нарын хуулиар олгосон эрхийг зөрчсөн үйлдэл болно.

 

8.4.Нийслэлийн Хан-Уул дүүргийн нотариатч******* Нотариатчдын танхимын өвийн бүртгэлд өвлөгч *******, ******* нарын хүсэлтийг бүртгээгүй түүний буруутай эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нар нь өвлөх эрхээ эдлэх боломжгүй болсноор өвлүүлэгчийн хөрөнгө өөр өвлөгч болох хариуцагч *******д дангаар шилжсэн байх ба ийнхүү шилжсэн, нотариатч*******гийн гэм буруутай эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нар өвлөх эрхээ алдсныг шүүх хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т зааснаар өв хүлээн авах хугацааг сунгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү өв хүлээн авах хугацааг шүүх сунгаснаар нэхэмжлэгч *******, ******* нар нь өв хүлээн авах эрх үүсэх бөгөөд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т ...Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй. заасны дагуу өөр өвлөгч болох *******д шилжсэн хөрөнгөөс нэхэмжлэгч нар нь өөрт ногдох хэсгийг гаргуулахаар шаардлага гаргах эрх үүснэ.

 

8.5. Хариуцагч *******гаас өвлүүлэгчийн өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгөөс /орон сууц/ оногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагын хувьд:

Талийгаач ******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 4 дүгээр хэсэг, 276 тоот хаягт хаягт улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 510 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгч бөгөөд тухайн газар дээр эхнэр *******тай амьдрах хугацаанд хувийн сууцыг барьснаар түүний өмчлөлийн газар болон хувийн сууц нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 зааснаар газрын үндсэн бүрдэл хэсэг болсон гэж үзэх тул улсын эрхийн дугаарт бүртгэгдсэн хувийн сууц нь хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзнэ.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-т зааснаар өвлөгчийн /талийгаач *******ын/ хамтран өмчлөх хөрөнгө болох хувийн орон сууц нь өвлөглөгч нарт өвлөгдөхөөр байх ба Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т зааснаар өвлүүлэгч *******ын хууль ёсны өвлөгч нар тухайн хөрөнгийг адил хэмжээгээр өвлөхөөр заажээ.

Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч *******ийн 2021 оны 03-р сарын 31-ний өдрийн N20038, №0039 тоот өвлөх эрхийн гэрчилгээ буюу гэрчилгээг өвлөх эрхийг олгосноор өвлүүлэгчийн эд хөрөнгүүд хариуцагч /нэг өвлөгч/ *******д шилжсэн тул бусад өвлөгч болох *******, ******* нарт Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т ...бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй. зааснаар хариуцагч *******д шилжсэн өвлүүлэгчийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг шаардах эрх үүссэн тул нэхэмжлэгч *******, ******* нарын энэхүү шаардлага хуулийн үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-д Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү энэ хуулийн 520.1.1-д заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй гэж заажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр шүүх өвлүүлэгч *******ын өвлөгдөх үл хөдлөх хөрөнгүүдэд эд хөрөнгийн үнэлгээний Ашид Билгүүн ХХК-аар үнэлгээ тогтоолгосон байна.

Тус үнэлгээний тайлангаар улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хувийн сууцыг газрын хамт 88.664.773 төгрөгөөр тус тус үнэлсэн байх тул дээрхи тайланг үндэслэн өвлөгчийн хөрөнгөөс өвлөгч тус бүрд оногдох хэсгийг тодорхойлох боломжтой гэж үзлээ.

Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хувийн сууц нь хоёр хүний өмчөөр бүртгэгдсэн байх ба өвлүүлэгчийн өвлөгдөх хөрөнгөд орон сууцны 50 хувь буюу /88.664.773 : 2 =44.332.387/ 44.332.387 төгрөгөөр тооцон өвлөгдөх хөрөнгийг хэмжээг тодорхойлох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ. гэж заасны дагуу өвлүүлэгч *******ын өвлөгдөх хөрөнгийг 44.332.387 төгрөгөөр тооцон өвлөгч эхнэр *******, охин *******, хүү ******* нарт өвөөс ногдох хэсгийг тэнцүү хэмжээгээр буюу тус бүрт 14.777.463 төгрөгийн хөрөнгө хуваарилах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгүүд хариуцагч /нэг өвлөгч/ *******д шилжсэн тул хариуцагч *******гаас нэхэмжлэгч *******, ******* нарт өвлөгдөх хөрөнгөөс тус бүрт 14.777.463 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

 

8.Нэхэмжлэгч нарын шаардлагын заримыг давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Иймд хариуцагч*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч нарын давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 148/ШШ2022/00450 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 531 дүгээр зүйлийн 531.1, 531.3, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн тойргийн нотариатч Б.Батсүрэнгийн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, хариуцагч Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч *******ийн 2021 оны 03 сарын 31-ний өдрийн 0038 дугаарт бүртгэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл, 0038 дугаарт бүртгэгдсэн өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.4, 532 дугаар зүйлийн 532.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******, ******* нарыг хууль ёсны өвлөгч гэдгийг тогтоож, тэдгээрийн өв хүлээн авах хугацааг сунгаж, хариуцагч *******гаас өвлүүлэгч *******ын өвлөгдөх хөрөнгөөс өвлөгч *******т 14.777.463 төгрөг, өвлөгч *******д 14.777.463 төгрөг тус тус гаргуулсугай. гэж,

 

2 дахь заалтыг:

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 627,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гээс 70.200 төгрөг, хариуцагч *******гаас 298.728 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай. гэж тус тус өөрчилсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 489.400 төгрөг, хариуцагч*******гээс төлсөн 70.200 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Top of Form

Г.ДАВААРЕНЧИН