Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 208/МА2023/00012

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 149/ШШ2023/00005 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

 Хариуцагч *******т холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: 90,800,000 төгрөг гаргуулах тухай

 Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 01 дүгээр сарын 01, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн нотариатын үйлдэл бүхий гэх тооцоо нийлсэн тухай хэлцлийг хүин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай

 Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 1.    90,800,000 төгрөг гаргуулах

 2. ******* нь *******ээс 2020.10.04-ний өдөр 20,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5990080662 дугаартай дансаар, 100,000,000 төгрөгийг 2020.10.12-ны өдөр мөн дээрхи дансаар тус тус шилжүүлэн авч, уг мөнгийг 2021.12.01-ний өдөр буцаан төлөхөөр, нийт 120,000,000 төгрөгийг зээлсэн. Уг мөнгөнөөс 4,000,000 төгрөгт нь тооцож самар авсан.

Үлдэгдэл 116,000,000 төгрөгийг төлөх ёстой хугацаа өнгөрсөн ч ******* нь төлөхөөс татгалзаж байсан учир, 2021.12.20-ны өдөр тэрээр өөрийн гараар үлдэгдэл мөнгийг 2022.05.01-ний өдөр төлөхөөр үүргийн харилцааг зөвшөөрсөн тухайгаа бичиж өгч, талууд тооцоо нийлсэн. *******аас 2022 оны хавар 25,200,000 төгрөгт нь тооцож, 350 ширхэг палкыг нэг ширхэгийг нь зах зээлийн үнээс өндөр ханшаар буюу нэг бүрийг нь 72,000 төгрөгөөр тооцож авсан. Ингээд ******* нь *******эд нийт төлөх ёстой 120,000,000 төгрөгөөс 29,200,000 төгрөгийг өөр эд зүйлээр төлсөн гэж үзвэл одоо үлдэгдэл 90,800,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлэхгүй байна. Гэсэн ч өнөөдрийг хүртэл тэрээр зээлсэн мөнгөө төлөхгүй, утсаар ярихад ханддаг газар нь хандаад ав гэж хэл амаар доромжилж байх тул дээрхи мөнгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Өмнө нь энэ асуудлаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжпэл гаргасан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг үндэслэн зээлийн гэрээний үүрэг болох 90,800,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 1.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүйгээр нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 ******* би нэхэмжлэгч *******ээс ямар нэг байдпаар мөнгө зээлж байсан удаагүй бөгөөд нэхэмжилж буй дүнгээр мөнгө зээлээгүй болно. Нэхэмжлэгч *******ийн гэлийн үндэслэлд дурьдсан зүйлс нь огтоос худал юм. ******* би *******тэй 2020 оны сүүл, 2021 дамнуулан 6-н сар гаруй хугацаанд самар хураах, бэлтгэх ажлыг хамтран эрхэлсэн. Миний хувьд самар бэлтгэх хүмүүстэй гэрээ байгуулах, урьдчилгааг олгох, хүлээн авах, *******эд хүлээлгэж өгөх, самарт явсан багийг байгуулалтаар хангах ажлыг хариуцаж, харин ******* надаар дамжуулж самар ажлыг санхүүжүүлж, цааш нь БНХАУ-ын иргэдэд нийлүүлэх ажлыг эрхэлдэг байсан. ******* нь анх өөрөө надад самар аваад өгөөч гэж санал тавьсан. Мөнгийг нь гаргая байгуулаад өгчих гэдэг байсан. Өөрийнх нь урьдчилгаа өгөөд гарга гэснийх нь дагуу самарт явдаг хүмүүст тараадаг байлаа. Нийт 160тн гаруй самар бэлтгэн авч *******эд өгсөн.

...2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл би *******эд 160 тонн самар нийлүүлсэн байдаг. ...Одоо надаас нэхэмжлээд байгаа 90800000 төгрөгийг би төлөхгүй. Би энэ хүнд 160 тонн буюу 1.5 тэрбум төгрөгийн самар өгсөн. 90800000 төгрөгийг ******* би ганцаараа аваагүй. Уг мөнгийг би цааш нь самар бэлтгэх жолооч нарт урьдчилгаа болгож тарааж өгсөн юм. Тэгэхээр миний *******ээс аваад цааш нь мөнгө тарааж өгсөн хүмүүс надад самраа бэлтгэж өгөөгүйгээс би хохироод байгаа юм гэжээ.

 Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ:

 1. Иргэн *******ын үйлдсэн гэх ..иргэн *******ээс 116,000,000 төгрөг авсан нь үнэн ... 2021.01.01, 2021.12.20-ны өдрийн /нотариатын үйлдэл бүхий/ гэх тооцоо нийлсэн тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах.

2. ...нэхэмжлэгч 2020 оны сүүлээр эхэлсэн ковид-19 цар тахлын улмаас самрын ажил зогссон. Хэдийгээр самрын ажил зогссон ч *******ийн хүссэн самарыг бэлтгэж, хүлээлгэж өгсөн. Харин ******* 2021 он 01 сард надаас тусламж гуйж, санхүүжүүлдэг Хятадтайгаа тооцоо нийлэх гэсэн чинь мөнгө дутаад болдоггүй ээ. Чи надад өртэй мэтээр бичиг хийгээд өгчих. Түүнийг би үзүүлж аргалж байя гэсэн. Би цаашдаа хамтарч ажиллах харилцаагаа бодоод тус болж байна гэж бодоод тэр бичгийг нь хийгээд өгсөн. Гэтэл тэр оныхоо сүүлд 12 сард дахиад дан бичиг болохоор итгэхгүй байна. нотариатаар батлуулаад өгчих .. гэж гуйсан. Би нөхөрлөл бизнесийн харилцаагаа бодоод мөн адил тус болж байна гэж ойлгон бичиг үйлдэн нотариатаар гэрчлүүлж өгсөн. Гэвч *******ийг энэ бичгийг надаар үйлдүүлж, миний эсрэг ашиглах байсныг мэдсэнгүй.

Миний хувьд *******ээс мөнгө зээлсэн удаа байхгүй. Өр авлага байхгүй. Харин ч *******ийг төлөөлөн самар бэлтгэх ажлыг зохион байгуулсан. Үүнийхээ хүрээнд 116 саяас ч илүү мөнгө түүний данснаас миний дансанд бүтэн жилийн хугацаанд орж, би цааш нь самарчдын багт хууваарлах байдлаар зохион байгуулсан байгаа.

Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

 

1.Сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.Би *******аар дамжуулж самар бэлтгүүлж байсан удаагүй. ...Миний нэхэмжлэлд дурдсан 120,000,000 төгрөгөөс ч өмнө надаас олон удаа мөнгө зээлж байсан Гэтэл тэр зээлсэн, буцааж төлсөн мөнгөнийхөө баримтуудыг одоо надтай хамтарч ажилладаг байсан гэж мушгин гуйвуулж шүүхэд тайлбарлаж байгаа юм байна.

...Сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг түүнд надад өртэй мэтээр бичиг хийгээд өгчих, Хятадтай нийлэх гэсэн юм гэж хэлсэн удаа байхгүй. Яагаад ингэж гүтгэж гүжирдээд байгааг мэдэхгүй байна. Тэгээд ч ******* нь надад итгэж тэгж бичиж өгөхөөр надтай дотно хүн ч биш, хүн чанарынхаа хувьд ч хүнд тэгж туслахаар хүн биш байсан.

... 2022.05.01-ний дотор 116,000,000 төгрөгөө төлөхөөр тохиролцож, үүний дагуу ******* нь өөрийн гараар 2021.12.20-ны өдөр баталгаа бичиж өгсөн. 2 дахь баталгааг харин Мандал сумын нотариатч Саранцэцэг дээр ******* өөрөө очиж батлуулсан. Энэ 116,000,000 төгрөгийг авсан нь үнэн, тэдний дотор төлнө гэж бичиж өгсөн баримт нь бидний хооронд хийгдсэн тусдаа эрх зүйн үр дагавар үүсгэх хэлцэл биш, харин өмнө хийгдсэн зээлийн гэрээний үүргээ төлнө гэдгээ баталж *******ын бичиж өгсөн баталгааны баримт юм. Тийм ч учраас баталгаагаа өөрөө нотариат орж батлуулсан хэрэг. Өөрөөр хэлбэл, мөнгө авсан гэдгээ л нотлох баримт юм. Намайг зээлүүлсэн мөнгөө нэхэхэд өөрөө л сайн дурын үндсэн дээр бичиж өгсөн. Үүнийг баталсан нотариатч нь мэдэж байх л учиртай гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 149/ШШ2023/00005 дугаартай шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 90800000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******эд олгож,

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар *******ын 2021 оны 01 дүгээр сарын 01, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн нотариатын үйлдэл бүхий гэх тооцоо нийлсэн тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 611950 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжинд 611950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******эд олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 737950 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 149/ШШ2023/00005 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна. ...шүүх бодит байдалд нийцээгүй, хэт нэг талыг барьж хийсэн дүгнэлт гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 100,000,000 төгрөгийг зээлж аваад төлөөгүй гэж үзвэл түүнээс хойш хүлээж авсан олон сая төгрөгийг *******эд төлсөн бөгөөд өргүй гэж үзэх боломж хэрхэн, яаж үүсээд байна вэ? үргэлжилсэн олон удаагийн мөнгийг хүлээн авсан мөртлөө тэдний дотор хамгийн сүүлд нь биш дунд байгаа мөнгийг сонгон авч, зээлсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Өмнөх зээлээ төлөхгүй байхад дараагийн мөнгийг зээлүүлсээр байгаа нөхцөл байдал, мөн дараах зээлийг төлсөн өмнөх зээлийг төлөөгүй гэх логикын алдаанд шүүх огтоос дүгнэлт хийгээгүйд харамсалтай байна.

Иймээс шүүх хэрэгт цугларсан баримтыг бодитоор үнэлээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 149/ШШ2023/00005 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Гомдолд дурдаад байгаа өмнөх зээлээ төлөөгүй байхад зээлдүүлсээр байгаа нөхцөл байдал агуулгаар гомдол гаргасан. 2020.10.01, 10.04, 10.12 өдөр 120 сая төгрөгийг зээлж авсан. 4 сая төгрөгт палк банз өгсөн гэхэд маргаагүй гэж хоёр тал хариулдаг. *******ийн дансны хуулгыг нилээд олон сая төгрөгийн гүйлгээ орсон байдаг. 2020 оны 10 дугаар сард 120 сая төгрөгийг зээлээд хувьдаа самар авах ажлыг хийсэн. Гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Түнхэл тосгоноос иргэдээс самар аваад *******эд авч ирж, тушаадаг байсан гэж тайлбарладаг. ...Ялгаад дүгнэлт хийсэн тул үндэслэлтэй шийдвэр гарсан. Хамтарч ажилласан гэж тайлбарладаг боловч нотлох баримтаар нотлогддоггүй. Шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд хариуцагч *******ын гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

3. Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 90.800.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* хамтран ажиллах гэрээ байгуулсан гэсэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.

 

4. Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч *******ын 5990080662 дугаарын ХААН банкны данс руу 20.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч *******ын 5990080662 дугаарын ХААН банкны данс руу 100.000.000 төгрөг, нийт 120.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хавтаст хэргийн 6, 7 дугаар талд авагдсан ХААН банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

 

5. Хариуцагч ******* нь татгалзалаа нэхэмжлэгчийн даалгавраар үүрэг гүйцэтгэж байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ тухайгаа нотлоогүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******ийн даалгасан үүргийн дагуу хэдий хэмжээний самар авч, хэдэн төгрөгийн самар буцаан өгсөн тухайн баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчийн хүсэлтээр асуусан гэрчүүдийн мэдүүлэг нь зохигчдын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн талаар нотлож чадаагүй байна.

Харин эсэргээрээ ******* нь бусдад мөнгө өгч самар бэлдүүлж байсан гэдгийг нотлосон гэж үзэхээр байна.

Иймд зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд харин Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэл бүхий болсон байна.

 

6. Хариуцагч *******ын талуудын хооронд байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр *******ын 2021 оны 01 дүгээр сарын 01, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухайн сөрөг нэхэмжлэл гаргасан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ.

Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно.

Гэтэл зохигчдын хооронд хийсэн хэлцэл нь дээрх шаардлагад нийцэхгүй байх ба хариуцагч нь үйлдлийнхээ учир холбогдолыг ойлгож, улмаар эрх бүхий этгээдэд өөрийн хүсэлтийг гаргасан байх тул түүний сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

7. ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 01, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн нотариатын үйлдэл бүхий гэх тооцоо нийлсэн тухай буюу 116.000.000 төгрөгийг төлнө гэсэн баталгаа болгож гаргаж өгсөн тодорхойлолтуудыг нотариатаар гэрчлүүлэхдээ өөрийн гараар үйлдэж, өөрийнхөө хүсэл зоригийн дагуу үйлдсэн байх ба бусдад баримт болох үүднээс өөрийн хүсэл эрмэлзэлгүйгээр хийсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******аас 90.800.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч *******ын 2021 оны 01 дүгээр сарын 01, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн нотариатын үйлдэл бүхий гэх тооцоо нийлсэн тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

8. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгждэг бөгөөд хэргийн зохигчид нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа байгаа эсэхийг нотлох буюу үйгүйсгэх замаар мэтгэлцдэг.

Гэтэл хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэлээ, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж гаргах үүргээ биелүүлээгүй татгалзалтай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй атлаа анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж давж заалдах гомдол гаргасан нь түүний давж заалдах гомдол үндэслэл бүхий болоогүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 149/ШШ2023/00005 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 611,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГ

ДАРГ ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Top of Form

Г.ДАВААРЕНЧИН

АЛАГЧ