Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 214/МА2023/00009

 

                                       У.Н*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Н.Баярхүү, шүүгч Л.Ариунцэцэг  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 132/ШШ2023/00032 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: У.Н*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.А*******д холбогдох

16 362 351 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч У.Н*******, хариуцагч С.А******* нарын давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч С.А*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч У.Н*******ын нэхэмжлэл, тайлбарын агуулга: “Миний бие Б******* ХХК-ийг тусгай зөвшөөрөлтэй модны рам, Зил 131 маркийн машины хамт 25 000 000 төгрөгөөр худалдаж авахаар 2020 оны 3 дугаар сард анх С.А*******тай тохиролцсон юм. Тэгээд эхлээд 2020 оны 3 дугаар сарын 26-нд 350 000 төгрөг Б******* ХХК-ийн өмнөөс .......... суманд Ойн анги байгуулагдсан тул хандив гэж өгсөн /С.А*******ын өөрийнх нь хүсэлтээр, 4 сарын 1-нд 5 000 000 төгрөг С.А*******ын хувийн .......... дугаарын дансанд шилжүүлсэн, 4 сарын 07-нд 19 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Нийтдээ тохирсон ёсоор 24 350 000 төгрөг өгчихөөд байж байтал 4 сарын 9-ний өдөр С.А******* нь 2 залуу дагуулж, рамаа үзүүлээд байхаар нь юу болоод байгаа юм бол гээд очсон чинь тэр хүмүүст компаниа, машинаа, рамаа, 2 байшин транспорматор газартай нь 50 000 000 төгрөгөөр зарна гээд ярилцаад зогсож байсан. Нөхөр бид 2 гайхаад юун газар байшин бэ гэсэн чинь С.А******* энэ байшин газрыг заавал дагалдуулж өгнө гээд байсан. Тэгээд бид маргалдахад тэр 2 хүн яваад өгсөн. Тэгээд ярилцсаар байгаад машин, рам, компани, 2 жижиг байшин транспорматор газар зэргийг оролцуулаад 50 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод 4 сарын 17-нд 1 500 000 төгрөг дээрхи дансанд, 4 сарын 18-нд 2 860 000 төгрөг, 140 000 төгрөг, 4 сарын 20-нд 1 900 000 төгрөг, 8 сарын 22-нд 100 000 төгрөг төлсөн. Ингээд нийтдээ 30 850 000 төгрөг төлсөн.

Ойн хуурайшилт гээд мод бэлтгэхийг 4 сард зогсоосон тул С.А*******тай яриад 6 сард ажил эхлэхээр модоо хийгээд үлдэгдлийг нь өгөхөөр тохирсон. Тэгтэл С.А******* Б******* ХХК-д олгосон мод бэлтгэх хуваариараа өөрөө зунжин мод бэлдээд дууссан. Бид хоёр мод бэлтгэх ямар ч боломжгүй, орлогогүй болсон. Бид мөнгөө өгсөн болохоор компанийг шилжүүлж өгөхийг шаардаж байн байн уулздаг боловч модоо хийж дуусаагүй л байна, удахгүй гээд хойшлуулаад байсаар 2020 оны  9 дүгээр сарын 1-нд шилжүүлж өгсөн. Тэгээд зээл аваад үлдэгдэл мөнгөө хурдан өгөөрэй гэсэн. Компаний гэрчилгээ тамга тэмдэг болон машин рамаа аваад зээл хөөцөлдөхөд рам байрлуулсан газар нь хүний газар байгаад шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн байсан нь улсын бүртгэлээр гарч зээл бүтэхгүй болсон. Тэгсэн чинь С.А******* би зээл хөөцөлдье. Та 2 тэр зээлийг төлөөрэй гэхээр нь за тэгье гээд үгэнд нь ороод буцаагаад 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр компанийг шилжүүлж өгсөн. Тэгээд зээл хөөцөлдөөд л байна гэсээр байгаад он дуусах дөхсөн. 2021 он гараад С.А******* зээл бүтэхгүй байна  үлдэгдэл 20 000 000 төгрөгөө хурдан өг гэж шаардсан. Бид 2 маргалдаад нэг хэсэг орхисон. ... Бид хоёр рам, машиныг нь өгөөд өгсөн бүх мөнгөө авах санаатай маргалдсаар байсан. Тэгээд арга буюу өөрөө авахгүй гээд байхаар нь машиныг Г******* гэдэг хүнд 12 000 000 төгрөгөнд бодож банз, палкаар зарсан. Рамыг Г******* гэдэг хүнд 8 000 000 төгрөгөөр бодож банз палкаар зарсан. Угаасаа ханш нь ийм л байсан. Би С.А*******д дээрхи амаар тохирсон гэрээний дагуу 30 850 000 төгрөг өгсөн. Б******* ХХК-ийн 2020 оны аж ахуйн нэгжийн татварт 223 991 төгрөг, цахилгааны төлбөрт 717 360 төгрөг, ойжуулалтын төлбөрт 2 207 000 төгрөг, талбайн тусгаарлалтын төлбөрт 204 000 төгрөг, ......... сумын Цагдаагийн газраас гудамжны гэрэлтүүлэг хийхэд аж ахуйн нэгжээс хандив гэж авахад Б******* ХХК-ийн өмнөөс 125 000 төгрөг төлсөн бөгөөд С.А******* төлөөрэй гэсэн юм. Бүгд 3 477 351 төгрөгийг түүний өмнөөс төлсөн. Мөн надаас Мянгаа гэдэг хүнд өртэй юмаа нэхээд байна гээд 1 500 000 төгрөг зээлж авсан, бас банз өгнө гээд 535 000 төгрөг аваад банзаа өгөөгүй. Ингээд нийтдээ С.А*******д 36 362 351 төгрөг өгсөн байна. Иймд С.А*******д өгсөн 36 362 351 төгрөгөөс машин, рамны үнэ 20 000 000 төгрөгийг хасаад 16 362 351 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч С.А******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б******* компаний өмнөөс 2020 оны 03 дугаар сарын 26-нд 350 000 төгрөг төлсөн гэжээ. У.Н******* нь надаас Булган аймгийн төвд модны зах байгуулмаар байна гэж худал хэлж гуйж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б 04 дугаартай “Б*******” ХХК-ний захирлын тушаалыг гаргуулан өөрийгөө захирлын тушаалд томилуулсан. У.Н******* нь захирлын албан тушаалд томилогдсон байх үедээ тус компаний нэрийн өмнөөс хандив өгсөн нь түүний өөрийн гаргасан өөрөө хүсч үйлдсэн үйлдэл, энэ мөнгийг С.А******* аваагүй ........ суманд хандивт өгсөн тул энэ мөнгийг С.А*******аас нэхэмжлэх үндэслэлгүй. С.А******* энэ талаар огт мэдээгүй бөгөөд нэхэмжлэлтэй танилцаад мэдэж байгаа, тэгэхээр энэ мөнгийг С.А******* төлөх үүрэг байхгүй. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр У.Н******* миний данс руу 5 000 000 төгрөгийг 3 000 000 төгрөг, 2 000 000 төгрөгөөр хувааж 2 удаа шилжүүлсэн энэ мөнгө нь надаас 250 ширхэг палкыг 1 ширхэг палкыг 20 000 төгрөгөөр тооцон авсан төлбөрөө төлж байгаа юм. Энэ палкнаас хэдэн ширхэг палк дутсан тул палкны үнэндээ тааруулаад 5см-ийн банз авч явсан. Энэ нь миний гар дэвтэр дээр бичигдсэн бичвэр, түүний дансны хуулгаас тодорхой харагдана. Тухайлбал 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Эрдэнээ гэдэг хүнд 7 см-ийн приус модыг 10 ширхэгийг 30 000 төгрөгөөр, зах банз 1 портерыг 60 000 төгрөгөөр 90 000 төгрөгөөр зарсан талаар дэвтэр дээр бичээд доод талд нь У.Н*******д өгсөн модны талаар, түүний доод хэсэгт Бавуу гэх хүнд 2 600 000 төгрөгийн банз, палк өгсөн 130 000 төгрөгний палкыг зээлээр өгсөн талаарх бичвэрүүд байгаа бөгөөд С.А*******ын Хаан банкны .......... дугаарын дансны хуулга дээр Эрдэнээс 90 000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр, У.Н*******оос 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 12 цаг 32 минутанд 3 000 000 төгрөг, 12 цаг 35 минутанд 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн, 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр моогий гэсэн утгаар 2 600 000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Модны үнэ Бавуу гэсэн утгаар 130 000 төгрөг шилжүүлсэн байдлаар давхар нотлогдож байна. Эндээс харахад У.Н*******ын нэхэмжлээд байгаа 5 000 000 төгрөг нь мод палкны үнэ болох нь тодорхой болж байгаа бөгөөд нэгэнт палк банзаа авчихсан төлбөрөө төлчихсөн болохоор дахин нэмж нэхэмжпэх нь үндэслэлгүй юм. 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр У.Н******* нь С.А*******д 19 000 000 төгрөг өгсөн гэжээ. 19 000 000 төгрөг биш бэлнээр 18 880 000 төгрөг өгсөн ба үлдэгдэл 120 000 төгрөгийг дансаар шилжүүлнэ гэж хэлээд өгөөгүй байсан. Миний хувьд авсан мөнгөө үнэн шударгаар ярина. 2020 оны 4 сарын 17-ны өдөр 1 500 000 төгрөг, 2020 оны 4 сарын 18-ны өдөр 2 860 000 төгрөг, 140 000 төгрөг, 2020 оны 4 сарын 20-ны өдөр 1 900 000 төгрөг, 2020 оны 4 сарын 22-ны өдөр 100 000 төгрөгийг, мөн 1 500 000 төгрөгийг М..........д өгнө гэж авсан нь үнэн. Тэр мөнгөө нэмэхээр 26 880 000 төгрөгийг нийтдээ авсан гэсэн үг юм. Энэ мөнгөн дээр У.Н******* үндэслэлгүйгээр палк, банзны төлбөрийн 5 000 000 төгрөгийг мөн хандивын 350 000 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Би У.Н*******д машин, хөрөө рам, “Б*******” ХХК-ийг оролцуулаад нийтдээ 50 000 000 төгрөгөөр зарахаар харилцан тохиролцсон болохыг У.Н******* нэхэмжлэлдээ тайлбарласан байна. Би У.Н*******д ямар нэгэн зээл авч өгье гэдэг яриа тохиролцоо огт хийгээгүй ба харин У.Н******* нь “.............” ТӨҮГ-тай гэрээ хийх шаардлага гарсан болохоор л манай компанийг түр шилжүүлж авах гээд янз бүрийн арга саам хэрэглэж байж шилжүүлж авчихаад үлдэгдэл 20 000 000 төгрөг өгөх болохоороо буцааж өгсөн ийм л хүн. У.Н******* бид нарын хооронд машин хөрөө рам хоёрыг худалдаалах тухай аман хэлцэл хийгдсэн болохоос биш компанийг зарах тал дээр тохиролцож чадаагүй юм.

Би машин худалдаж авсан Б.Г*******той гар утсаар ярьж асуухад “17 400 000 төгрөг У.Н*******д өгчихсөн байгаа гэтэл Н******* надаас үлдсэн 600 000 төгрөгтөө машиныхаа бичиг баримтыг өгчих гэж хэлсэн, би яахаараа мөнгөө өгчихөөд бичиг баримтаа чамд өгдөг юм бэ” гэж хэлсэн, мөн миний төрсөн хүү П.Б******* Б.Г*******той гар утсаар ярилцсан ба тухайн үед түүний гар утсанд хийгдсэн бичлэгт Б.Г******* нь “У.Н*******оос машиныг 18 000 000 төгрөгөөр авсан одоо үлдэгдэл 600 000 төгрөг өгнө гэтэл У.Н******* нь 600 000 төгрөгтөө машины бичиг баримтыг буцааж авья гэж хэлсэн би тэгэхээр нь өгөхгүй” гэж хэлсэн талаарх бичлэг байгаа юм. Тэгэхээр У.Н******* нь машиныг 18 000 000 төгрөгөөр зарсан мөртлөө нэхэмжлэлдээ 12 000 000 төгрөгөөр зарсан гэж худал бичсэн байна. Д.Г******* нь Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны захирагчийн албаны орлогч дарга ажилтай хүн байдаг бөгөөд түүнтэй би өөрөө 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүний бичиг баримт дээр нотариат даруулах гэж орж уулзахад “эгчээ танай хөрөө рамыг У.Н******* надад зарчихсан” гэхээр нь би хэдэд авсан юм бэ гэхэд “10 сая гаргаж авсан” гэж хэлж байсан. Тухайн үед Д.Г*******гийн дэргэд гэрчлэх хүмүүс ч бас байсан тэгэхээр Д.Г******* өөрөө төрийн албан тушаалд хариуцлагатай ажил хийдэг хүн тул худал ярихгүй байх гэж бодож байна. Иймд У.Н******* нь нэхэмжлэлдээ 8 000 000 төгрөгөөр зарсан гэж үндэслэлгүй хэлжээ.

“Б*******” ХХК-ний аж ахуйн нэгжийн албан татварт 223 991 төгрөг төлсөн нь 2020 онд ямар албан татварыг хэзээ яаж төлсөн нь тодорхойгүй байна. Цахилгааны төлбөрт 717 360 төгрөг, ойжуулалтын төлбөрт 2 207 000 төгрөг, талбайн тусгаарлалтын төлбөрт 204 000 төгрөг төлсөн гэжээ. Нэгдүгээрт У.Н******* нь миний мод бэлтгэх зөвшөөрлийн дагуу өөрөө хөрөө рам ажиллуулж ашиг олсон түүнийхээ татвар, гарсан зардал, тогны мөнгөө өөрөө л төлөх үүрэгтэй. Хандивт 125 000 төгрөг төлсөн бол надад төлөх үндэслэл байхгүй учир нь хандив гэдэг нь хүний өөрийн сэтгэлээс гардаг сайн дурын үндсэн дээр үйлдэгддэг мөнгө. У.Н******* нь өөрийнхөө бэлтгэсэн 200 м.куб модныхоо талбайн тусгаарлалт, ойжуулалтын мөнгөө төлөх үүрэгтэй тэр мөнгөө төлсөн төлбөрөө надаас нэхэмжлэх үндэслэлгүй юм. Банз өгнө гэж 535 000 төгрөг авсан гэжээ. У.Н******* нь тогны мөнгө төлмөөр байна би өөрөө уулзаж чадахгүй байна гэж хэлээд 2020 оны 10 дугаар сарын 26-нд 535 000 төгрөг шилжүүлсэн тэр мөнгийг нь тушаах гээд намайг очиход 547 570 төгрөгийн өр үүссэн байсан ба 12 500 төгрөг нэмээд тэр төлбөрийг нь төлсөн. Түүнээс биш би У.Н*******оос 535 000 төгрөгийг авч өр үүсээгүй. Гүйлгээний утга дээр хүртэл тогны мөнгө гэж шилжүүлсэн мөртлөө банзны мөнгө гэж худал хэлж байна. У.Н******* нь тэгэхээр надад машин, хөрөө рамны мөнгө гэж 30 000 000 төгрөгийг өгөх ёстой байснаас 26 880 000 төгрөгийг өгсөн. Тэгэхээр түүний нэхэмжлээд байгаа 36 362 351 төгрөгөөс машин хөрөө рамны 20 000 000 төгрөгийг хасаад 16 362 351 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь би машин, хөрөө рам нь нийлээд 30 000 000 төгрөгөөр үнэлж худалдахаар тохиролцсон бөгөөд У.Н******* нь бусдын эд хөрөнгийг өөрийнхөө дураар 20 000 000 төгрөгөөр үндэслэлгүйгээр бууруулан үнэлж, бусдаас авсан болон бусдад худалдсан зүйлийнхээ үнийг худал хэлж нэхэмжилж байгаа болох нь нотлох баримтаар тогтоогдож байна“ гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2-д зааснаар хариуцагч С.А*******аас 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Н*******д олгож, 12 362 351 /арван хоёр сая гурван зуун жаран хоёр мянга гурван зуун тавин нэг/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 239 761.75 /хоёр зуун гучин есөн мянга долоон зуун жаран нэгэн төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 78 950 /далан найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч У.Н******* давж заалдсан гомдолдоо: “..Бид С.А*******ын “Б*******” ХХК-тай үйл ажиллагаа явуулж байхдаа улсад татварын өртэй /ААНэгжийн/ 223 991 төгрөг, цахилгааны төлбөр 717 600 төгрөг, ойжуулалтын төлбөр 2 207 000 төгрөг, талбайн тусгаарлалтын төлбөр 204 000 төгрөг, Сэлэнгэ сумын цагдаагийн газраас гудамжны гэрэлтүүлэг хийхэд аж ахуй нэгжээс хандивт 125 000 төгрөг, хотын ченжид өртэй гээд 1 500 000 төгрөг, бүгд 4 977 591 төгрөгийн өртэй байсан бөгөөд уг өрийг У.Н******* миний бие хувиасаа төлсөн. Улсад өртэй бол энэ компани ажил явуулж чадахгүй. Өөрийн төрсөн 2 хүүхдээ авчирч нотлох баримтгүй үгсэн хуйвалдан үг зааж өгч худал мэдүүлэг өгүүлснийг шүүх зөв гэж үзсэнд гомдолтой байна. “Б*******” ХХК-ийг У.Н*******ын нэр дээр шилжүүлсэн боловч С.А******* нь банкнаас зээл авъя гээд гэрт нь ирж Б******* ХХК-ийг буцааж өөрийн нэр дээр болгосон нь ер нь залилан хийх, улс даяар короногийн халдвар гарсныг овсгоотойгоор ашиглаж явсан нь харагдаж байна. Миний ээж гэрчилнэ. С.А******* нь энэ хэргийг нотлох баримтгүй С.А*******ын талд илт давамгай шүүхийн шийдвэр гаргасанд нь гомдолтой байна. Анхнаасаа залилан мэхлэх зорилгоор улсад төлөх өрөө У.Н******* надаар төлүүлж, төлүүлэхийн тулд С.А******* нь өөрөө захирлын тушаал гаргасан байна. Гэхдээ компаниар төлөөгүй, би өөрийн данснаас Б******* ХХК-ийн өрийг төлсөн болох нь миний дансны хуулгаар нотлогдож байхад шүүх буруу дүгнэлт хийсэн. У.Н******* миний бие 2020 оны 4 дүгээр сарын 01-нй өдөр 5 000 000 /таван сая/ төгрөг А*******д шилжүүлсэн ба энэ мөнгийг шилжүүлэхдээ гүйлгээний утган дээр банз палк гэж бичээрэй гэж өөрөө хэлсэн бөгөөд хэлсэн ёсоор нь бичиж шилжүүлсэн. Үүнээс харахад анхнаасаа залилан луйвар хийх зорилготой байсан байна. 250 ширхэг палк авсан гэж гүтгэж байгаа нь энэ бичүүлсэн /өөрийн/ гүйлгээний утгандаа тааруулсан гэж бодож байна. Энэ хүн надад палк, банз өгсөн юм бол гарал үүсэл, гоожин байх ёстой. Ийм баримт байхүй. С.А******* нь би рамаа зарж байгааг банкинд мэдэгдэж болохгүй, банкнаас зээл хөөцөлдөж байгаа зарагдсан гэж /банк/ мэдвэл зээл бүтэхгүй болчихно. Гүйлгээний утган дээрээ палк банз гэж бичээрэй гэсний дагуу бичээд залилуулчихаад байна. Энэ талаар гэрч Шижирбат үнэнийг хэлсэн. Мөн ЗИЛ-131 машиныг 12 саяар зарсныг 15 саяар зарсан болгож буруу шийдвэр гаргасан. Шүүх гэрч Б.Г*******ын мэдүүлгийг үнэлээгүй. У.Н******* би С.А*******аас 16 362 351 төгрөгийг гаргуулж авмаар байна. Шүүх ийнхүү нотлох баримтгүйгээр буруу шийдвэр гаргаж С.А*******ын талд илт давуу үйлчилсэн. Шүүгч нь намайг болон миний өмгөөлөгчийг удаа дараа загнаж хүсэлтийг хүлээж авахгүй байсанд гомдолтой байна. Иймд миний нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү “ гэжээ.

5. Хариуцагч С.А******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх зохигчдын хооронд 50 000 000 төгрөгийн үнийн дүнтэй худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, 30 000 000 төгрөг, 20 000 000 төгрөгөөр 2 хувааж төлөхөөр тохиролцсон талаар зөв дүгнэсэн. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд ерөнхийдөө маш зөв дүгнэлтийг хийсэн, тухайлбал шийдвэрийн 7 дах хэсэгт дурдсан зүйлийг би бодит амьдралд нийцсэн, хууль ёсны эрх ашгийг зөвөөр дүгнэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэнээр шүүж, дүгнэлтийг гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх зохигчдын хоорондох ЗИЛ-131 машин, хөрөө рамны худалдах худалдан авах гэрээний үнийг нэхэмжлэгч У.Н******* бусдад зарсан үнээр буюу ЗИЛ-131 машиныг 15 000 000 төгрөгөөр, хөрөө рамыг 8 000 000 төгрөгөөр худалдаалсан гэж үзсэн. У.Н******* надаас 30 000 000 төгрөгт тооцож авсан машин, хөрөө рамыг бусдад хямдхан зарсан нь миний хүлээх үүрэг биш юм. Өөрөөр хэлбэл У.Н******* машин, хөрөө рамыг бусдад бэлэглэсэн ч болно, түүнээс хямдханаар эсвэл бүр өндөр үнээр худалдаж болно. Гэтэл би яагаад У.Н*******ын хямдхан худалдаалсан гээд байгаа зүйлийн зөрүүг хариуцах ёстой юм бэ. У.Н******* надад машин хөрөө рамыг буцааж авчраад өг гэж хэлж байхад авчраад өгсөн бол би түүнээс авсан мөнгөө буцааж өгөөд л энэ асуудал аль эрт шийдэгдэх байсан. Гэтэл У.Н******* машин хөрөө рамыг буцааж өгөөгүй ба бусдад миний эд хөрөнгийг миний зөвшөөрөлгүйгээр худалдаалчихаад одоо би түүний наймааны улмаас үүссэн үнийн зөрүүг буюу 4 000 000 төгрөгийг хариуцахаар шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Хэрэв У.Н******* машин, хөрөө рамыг 5 000 000 төгрөгөөр худалдаалсан гэж хэлсэн бол би бас л үнийн зөрүүг төлөх үү гэдэг асуулт тавигдана, иймээс би У.Н*******ын бусдад хямдхан худалдаалсан наймааны үнийн зөрүүг хариуцахгүй. У.Н******* өнөөдрийг хүртэл компаний тамга тэмдгийг буцааж өгөөгүй манай компанийг хохироож, өөртөө ийм эрх байгаа гэж үзэж настай хөгшин хүн намайг дээрэлхэж байгаад би гомдолтой байдаг. Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 09-ны өдрийн 132/ШШ2023/00032 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, С.А*******аас У.Н*******д 4 000 000 төгрөгийг гаргуулах гэсэн хэсгийг хүчингүй болгож, У.Н*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.Н*******, С.А******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Тухайн үед 30 000 000 төгрөгөөр машин, хөрөө рам зарсан байдаг. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 12 362 351 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 4 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. У.Н******* нь машин, хөрөө рамыг бусдад хямд үнээр зарсан. Үүний зөрүү мөнгийг хариуцагч С.А*******аас нэхэмжилж байгаа нь шудрага ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байгаа. У.Н******* нь уг машин, хөрөө рамыг худалдаж авсанаараа цаашид гарах эрсдэл, үр ашгийг өөрөө хариуцах ёстой. Гэтэл С.А*******д хариуцуулж байгаа нь үндэслэлгүй юм. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт С.А*******аас 4 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бусад асуудлыг анхан шатны шүүх үндэслэлтэй шийдсэнгэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч У.Н******* ...худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 36 362 351 төгрөг өгсөнөөс зил 131 машин, модны рамны худалдан борлуулсан үнэ 20 000 000 төгрөгийг хасаад 16 362 351 төгрөгийг гаргуулна гэж,

2а. Хариуцагч С.А******* ...машин, хөрөө рамыг 30 000 000 төгрөгт худалдан борлуулахаар тохирсон байснаас 26 880 000 төгрөгийг авсан. 16 362 351 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүйгэж талууд маргажээ.

3. Анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгчээс хариуцагчид дансаар болон бэлнээр өгсөн мөнгийг 27 000 000 төгрөг гэж тооцож, тогны мөнгө, хандив, татварт төлсөн зэрэг бусад төлбөрийг хариуцагчаас нэхэмжилсэн нь Иргэний хуульд нийцэхгүй, нэхэмжлэгч машин, рамыг бусдад 23 000 000 төгрөгт зарсан гэж дүгнэн зөрүү төлбөр 4 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, 12 362 351 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж,

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй., мөн хуулийн 205.2.-т “Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө”, 205.2.1.-д “гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээний үүрэг биелэх боломжгүй болж талууд гэрээнээс татгалзсан ба эд хөрөнгийг биет байдлаар буцааж өгөх боломжгүй тул мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлажээ.

Гэвч шүүх хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхин нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Талууд Б******* ХХК болон компаний нэр дээрх эд хөрөнгө /зил 131 машин, модны рам, 2 байшин, транспорматор, газартай/ 50 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, худалдан авагч У.Н******* төлбөрийг худалдагч С.А*******д хэсэгчилэн төлж байсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг хуульд заасны дагуу байгуулаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах бөгөөд нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байхыг шаардна.

5а. Гэсэн хэдий ч зохигчид худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал болон нийт үнэ 50 000 000 төгрөг байсан талаар маргаагүй тул шүүх маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт хийхгүй.

Нэхэмжлэгч У.Н******* зил 131 машин, модны рамыг 25 000 000 төгрөг гэж, хариуцагч С.А*******  30 000 000 төгрөг гэж маргаж байх бөгөөд нэхэмжлэгч өөрийн тайлбарыг нотолж чадаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй тул 25 000 000 төгрөгөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй. Тодруулбал: Хэргийн үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж өгөх нь талуудын үүрэг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт, гэрээний үнэ 25 000 000 төгрөгөөр тохиролцсон гэдгийг нотлох үүрэг нэхэмжлэгчид шилжих ба уг үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.   

5б. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1.-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ.” гэж заасан ба нэхэмжлэгч У.Н*******ын зил 131 машин, модны рамыг бусдад хэдэн төгрөгөөр худалдсан нь хэрэгт ач холбогдолгүй бөгөөд эд зүйлсийг биет байдлаар нь буцаах боломжгүй болсон тул хэлэлцэн тохирсон үнийг С.А*******д төлөх үүрэгтэй.  

          5в. Анхан шатны шүүхийн ...Хариуцагч А******* нь нэхэмжлэгч Н*******оос 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 1 500 000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 2 860 000 төгрөг, 140 000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1 900 000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 100 000 төгрөг, Мянгаад өгнө гээд 1 500 000 төгрөгийг тус тус авснаа хүлээн зөвшөөрдөг. Харин 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Н*******оос 19 000 000 төгрөг биш 18 880 000 төгрөг авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь өөр баримтаар үгүйсгэгдсэн тул нийт 27 000 000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний үнэнд өгсөн байна”, “...5 000 000 төгрөгийг палкны үнэнд шилжүүлсэн, 535 000 төгрөг тогны үнэ гэж шилжүүлсэн,  Б******* ХХК-ний өмнөөс ойн ангид хандив гэж өгсөн 350 000 төгрөг, талбайн тусгаарлалтын мөнгө 204 000 төгрөг, татварт 223 991 төгрөг, цахилгааны төлбөрт 717 600 төгрөг, ойжуулалтын төлбөрт 2 207 000 төгрөг, хандив 125 000 төгрөг нийт 3 827 591 төгрөгийг хариуцагч С.А*******д бэлнээр болон дансаар өгөөгүй тул түүнээс нэхэмжлэх нь хуульд нийцэхгүй байна. гэж дүгнэж дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

        6. Нэхэмжлэгчийн ...өөрийн 2 хүүхдээ авчирч нотлох баримтгүй үгсэн хуйвалдаж, үг зааж өгч худал мэдүүлэг өгүүлснийг шүүх зөв гэж үзсэнд гомдолтой гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Учир нь шүүх гэрчид хууль сануулан мэдүүлэг авсан ба худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх болохыг тайлбарласан, ...5 000 000 төгрөгийг банкны гүйлгээний утга дээр банз, палк гэж бич гэсний дагуу шилжүүлсэн гэсэн тайлбараа нэхэмжлэгч өөр бусад баримтаар няцааж чадаагүй тул зөвхөн гэрчийн мэдүүлгээр үнэлэх боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

        7. Иймд зил 131 машин, модны рамыг 25 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул хариуцагчийн бид 30 000 000 төгрөг гэж тохирсон, энэ үнээс нийт 26 880 000 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрсөн гэсэн тайлбар, Б******* ХХК-ний өмнөөс төлсөн тогны мөнгө, хандив, ойжуулалт, аж ахуйн нэгжийн албан татвар, палкны үнэ гэж төлсөн мөнгийг хариуцагч С.А*******аас гаргуулах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч У.Н*******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч С.А*******ын давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1., 167.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 132/ШШ2023/00032 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2, 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар хариуцагч С.А*******аас 16 362 351 /арван зургаан сая гурван зуун жаран хоёр мянга гурван зуун тавин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч У.Н*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын “…нэхэмжлэгчийн 239 761.75 /хоёр зуун гучин есөн мянга долоон зуун жаран нэгэн төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэйгэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч У.Н*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 160 811 /нэг зуун жаран мянга найман зуун арван нэг / төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.А*******ын 78 950 /далан найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ

 

 

                                         ШҮҮГЧИД                                  Н.БАЯРХҮҮ

 

                                                                                     

                                                                                           Л.АРИУНЦЭЦЭГ