Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Л.Ариунцэцэг |
Хэргийн индекс | 132/2022/00170/И |
Дугаар | 214/МА2023/00010 |
Огноо | 2023-03-13 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 214/МА2023/00010
Г.Т*******ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Н.Баярхүү, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 132/ШШ2023/00001 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Г.Т*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.П*******, Ё.Д*******, С.С*******, С.Ж******* нарт холбогдох
“Гэм хорын хохирол 94 126 238 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, Б.Тулга нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, Б.Тулга, хариуцагч бөгөөд хариуцагч С.С*******, Ё.Д******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жавзандолгор /цахимаар/, түүний өмгөөлөгч Д.Даваа /цахимаар/, хариуцагч Ч.П*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* /цахимаар/, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Т*******ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: “Миний бие Булган аймгийн Р******* сумын Н хорооллын ..... дугаар байрны .... тоотод байрлах 41 м.кв хэмжээтэй өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөндөө бизнес хийж үнэт эдлэл буюу мөнгөн хослол, бэлэн хувцас, гоо сайхан, гоёл чимэглэл, бараа, материалын дэлгүүр ажиллуулж байсан. Би дэлгүүрээ ажиллуулаад 3 жил болж байгаа. Үйл ажиллагаа нь жигдэрсэн, ашиг орлого сайтай ажиллаж байсан бөгөөд 2020 оны 7-8 дугаар сард дэлгүүрийн байрандаа их засвар хийж гадна пасад, доторх лангуу, бүх зүйлээ шинээр солих зэрэг маш их зардлаар дэлгүүрийн байшингаа зассан байсан. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 08 цаг 28 минутын үед манай байрны залгаа ....-ын .... тоот буюу “Б” гэх дэлгүүрийн худалдагч, эздийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болж гал гарч дэлгүүр болон бүх бараагаа галд шатаасан. Тэр үеэр би Улаанбаатар хот руу 3 хоног ажлаар явсан байсан. Улаанбаатарт очоод 3 дахь хоногийн өглөө эрт манай хойд талын айлын хүн залгаж танай байшинд гал гарч байна гэсэн. Хойд хаалгыг нь эвдэж жоохон бараа авсан байсан. Бүх бараа бүтээгдэхүүн галд шатсан. Онцгой байдлын болон Цагдаагийн байгууллагын зохих ажилтнууд үзлэг хийж, дүгнэлт гаргасан. Дэлгүүрт маань 91 төрлийн бараа бүтээгдэхүүн байсан. Дэлгүүрийн байрандаа бүрэн засвар хийсэн, дотор нь 6 ширхэг шилэн лангуу авч тавьсан байсан. Би ажлын байргүй, орлогогүй болж, банкнаас дэлгүүрээ болон дэлгүүрийн ажиллагаа, ашиг орлогоо барьцаалан зээл авсан ч одоо зээлээ төлж чадахгүйд хүрээд эдийн засаг, сэтгэл санааны их хохирол амсаад байна. Иймд “Б”-ны эзэд болох С.С*******, С.Жавзандолгор, Ё.Д******* худалдагч Ч.П******* нараас надад учирсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 26 369 100 төгрөг, барааны үнэ 67 730 138 төгрөг, нийт 94 126 238 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Ё.Д******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Т*******ийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Г.Т*******ийн нэхэмжилсэн 94 126 238 төгрөгийг миний бие хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй. Миний бие Булган аймгийн Р******* сумын Н хороололд дэлгүүр ажиллуулдаггүй. Тухайн үед гал түймэр юунаас болж гарсныг мэдэхгүй. Энэ асуудал надад ямар ч хамаарал байхгүй. Хамааралгүй хүнийг хариуцагчаар татаж оролцуулж байгааг гайхаж байна. Иймд намайг хариуцагчаар татан оролцуулж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч С.С*******, Ё.Д******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч С.Жавзандолгор шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Г.Т*******ийн нэхэмжилсэн 94 126 238 төгрөгийг хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй. Булган аймгийн Р******* сумын .... багийн Х Н гудамж 227б тоот байранд 2020 оны 2 дугаар сард засвар хийгээд 2020 оны 4 сарын 1-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байсан. Бэлэн хувцас зардаг байсан бөгөөд нэмж гоо сайхны бараа татаж дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байсан. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө гал гарах үед би тэнд байгаагүй. Дэлгүүр дээрээ 2019 оны 4 сараас хойш Ковидын улмаас 2 жил очиж чадаагүй. Худалдагч Ч.П******* дэлгүүрийг ажиллуулж байсан. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 9 цагийн үед гал гарлаа гэж утсаар хэлсэн. Хамгийн их бараатай, хамгийн их хохирол амссан нь манай дэлгүүр байгаа. Их хэмжээний хохирол амссан, галын дүгнэлт манайхаас гал гарсан гэж дүгнээгүй учраас хариуцагч биш гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ё.Д******* манай хүргэн ах бөгөөд надад ямар ч бараа материал нийлүүлдэггүй учраас хариуцагч биш. С.С******* манай гэр бүлийн хүн энэ дэлгүүрт хамааралгүй. Энэ дэлгүүрийн бичиг баримт миний нэр дээр байдаг учраас эдгээр хүмүүс хариуцагч биш. Манай дэлгүүрээс гал гарсан гэдэг нь тогтоогдоогүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч Ч.П*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ч.П*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ч.П******* нь 2020 оноос хойш Б дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаа. Тус дэлгүүрийн эзэдтэй ямар нэг хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Цалин мөнгөө тогтмол авч байгаагүй. Ч.П*******ын хувьд хариуцах хариуцагч биш. Мөн тухайн дэлгүүрийн галын аюулгүй байдлыг хариуцсан хүн биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүйн дээр хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 502 дугаар зүйлийн 502.1, 502.2, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч С.Жавзандолгороос гэм хорын хохиролд 22 233 300 /хорин хоёр сая хоёр зуун гучин гурван мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Т*******эд олгож, 71 892 938 /далан нэгэн сая найман зуун ерэн хоёр мянга есөн зуун гучин найм/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Ч.П*******, С.С*******, Ё.Д******* нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан болохыг дурдаж, нэхэмжлэгч Г.Т*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 628 581 /зургаан зуун хорин найман мянга таван зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж төрийн санд, хариуцагч С.Жавзандолгороос улсын тэмдэгтийн хураамжид 269 116.5 /хоёр зуун жаран есөн мянга нэг зуун арван зургаан төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Т*******эд тус тус олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, Б.Тулга нар давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “..Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 71 892 938 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 22 233 300 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч Г.Т******* нь 94 126 238 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч С.Жавзандолгорын өмчлөлийн дэлгүүрээс галын үүсгэвэр гарч тухайн гал түймэрт нэхэмжлэгч Г.Т*******ийн бараа, хүнсний дэлгүүрийн бараа, мөн дэлгүүрийн тавилга, байшин бүр мөсөн шатсан. Анхан шатны шүүх нь дэлгүүрийн байшин болох үл хөдлөх хөрөнгийн үнэ, халаагч тень, хаягийн үнэ болох 22 233 300 төгрөгийг гаргаж шийдвэрлэсэн бөгөөд дэлгүүрийн барааны үнэ болон 71 892 938 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй, хэдэн нэр төрлийн хэдэн төгрөгийн бараа байсныг нотолж чадахгүй байна хэмээн дүгнэж энэ хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нь гал түймэр гарах үед тухайн орон нутагт байгаагүй бөгөөд дэлгүүрээс нэг ч бараа гаргах боломжгүй байсан тул бүх дэлгүүрийн бараа, дэлгүүрийн байшин бүрэн шатсан бөгөөд дэлгүүр дотор тухайн дэлгүүрийн данс, тооцоо байсан ба энэ бүгд шатсан. Нэхэмжлэгч нь өөрийн бүх боломжоороо нэхэмжлэлээ нотолсон. Анхан шатны шүүх нотлох баримтад бодитой дүгнэлт хийж чадсангүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь эргэлтийн хөрөнгийн буюу бизнесийн зээл авсан баримт, мөн дансны хуулга, фото зураг, зарлагын баримт, нэхэмжлэл зэрэг нотолж болох бүх баримтыг гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан баримтын хэмжээнд хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой байсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Мөн тухайн дэлгүүрт ямар бараа байсан талаараа нотлох гэж гэрчүүдийг оролцуулах хүсэлт гаргасан боловч хангаж шийдвэрлээгүй атал ийнхүү дэлгүүрийн бараа байснаа нотлоогүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь өөрийн эрхэлж байсан бизнесээ хайхрамжгүй этгээдийн буруутай үйлдлийн улмаас бүрмөсөн алдаж эдийн засгийн маш их хэмжээний хохирол учирсан. Шүүх иргэний хохирсон эрхийг сэргээх үүрэгтэй, тийм ч учраас нэхэмжлэгч нь зөрчигдсөн, хохирсон эрхээ хамгаалуулах, сэргээлгэхээр шүүхэд хандсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 71 892 938 төгрөгийг бүрэн хангаж шийдвэрлэж, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00001 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү“ гэв.
7. Нэхэмжлэгч Г.Т******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Орон нутагтаа тохижилт сайтай дэлгүүр барьсан. Бараа бүтээгдэхүүний дүүргэлт сайтай байсан. Галын шалтгаан бн дэлгүүрээс гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
8. Хариуцагч бөгөөд хариуцагч С.С*******, Ё.Д******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жавзандолгор шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Би хариуцагч биш гэж үзэж байна” гэв.
9. Хариуцагч бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жавзандолгорын өмгөөлөгч Д.Даваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдаанд хариуцагч С.Жавзандолгор, Ё.Д******* нарын өмгөөлөгчөөр оролцсон. Хариуцагч С.Жавзандолгор анхан шатны шүүх хуралдаанд би хариуцагч биш гэдгийг тайлбарласан. 71 892 938 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдсэн нь үндэслэлтэй байна. Харин 22 233 300 төгрөгийг гаргуулахаар шийдсэнд санал нийлэхгүй байна. Тухайн үед дэлгүүрт ажиллаж байсан худалдагч бол П*******. Тэрээр тень залгаж орхисоноос болж гал гарсан. Анхан шатны шүүх Жавзандолгор, П******* нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгууллагдаагүй учраас П******* гэм хорын хохирлыг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж тайлбарласан. Иргэнийн хуулийн 502 дугаар зүйлийн 502.1 дэх заалтыг буруу тайлбарласан гэж өмгөөлөгч миний зүгээс үзсэн. Хариуцагч С.Жавзандолгорын давж заалдах гомдлыг хүлээж аваагүй. Хүлээж аваагүй үндэслэл нь тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хэтрүүлсэн байна гээд давж заалдах гомдлыг хүлээж аваагүй. Анхан шатны шүүхээс хариуцагч С.Жавзандолгороос гэм хорын хохиролд 22 233 300 гаргуулахаар шийдсэнг хүлээн зөвшөөргүй байна. Нөгөө талаар бол П******* нь тень асааж орхисоноос болж гал гарсан гэж дүгнэлт гарсан. Ийм учраас П*******, С.Жавзандолгор хамтран хариуцах ёстой байсан гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Нэхэмжлэгч 25 000 000 төгрөний дүүргэлт хийсэн байсан юм бол яагаад 71 892 938 төгрөгний бараа байсан гээд байгааг ойлгохгүй байна. Тиймээс анхан шатны шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан эсэхийг нягталж өгнө үү” гэв.
10. Хариуцагч Ч.Пагмадолгорын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Анхан шатны шүүх хуралдаан дээр тодорхой тайлбар хэлсэн байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Тухайн дэлгүүрийн дотор ямар бараа бүтээгдэхүүн байсныг тогтоох боломжгүй байсан учраас ийм шийдвэр гаргасан” гэв.
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******ийн өмгөөлөгч Г.Ичинхорол шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Анхан шатны шүүх хуралдаанд тень асааснаас болж гал гарсан гэсэн зүйл огт яригдаагүйг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Пагмадолгор нь тухайн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан хэдий ч тэдний хооронд ямар нэг гэрээ байгууллагдаагүй. Мөн галын аюулгүй байдлын үүрэг хүлээгээгүй. Ийм учраас П*******оос мөнгө гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Ч.Пагмадолгорыг энэ гэм хорын хохирлыг хамтран хариуцах ёстой гэж байгаа нь үндэслэлгүй. Эзэмшигч хариуцан гэм хорыг арилгах ёстой. Нэхэмжлэгч бол нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотолж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2. Нэхэмжлэгч Г.Т******* “...манай залгаа 227-ын Б тоот буюу “Б”-ны дэлгүүрийн худалдагч, эздийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болж гал гарч дэлгүүрийн барилга болон бараа материал бүхэлдээ шатаж хохирол учирсан тул дэлгүүрийн үл хөдлөх хөрөнгийг 26 369 100 төгрөг, барааны үнэ 67 730 138 төгрөг нийт гэм хорын хохиролд 94 126 238 төгрөг гаргуулна.” гэж,
2а. Хариуцагч С.С*******, Ё.Д******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч С.Жавзандолгор татгалзлын үндэслэлээ “Булган аймгийн Р******* сумын .... багийн Х, Н гудамж .... тоот байранд байрлах Бны дэлгүүрээс гал гарсан гэдэг нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тус дэлгүүр нь С.Жавзандолгорын өмчлөлийнх тул С.С******* Ё.Д******* нар хариуцахгүй” гэж,
2б.Хариуцагч Ч.П*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* нар нь “Бны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан хэдий ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалин хөлс тогтмол авч байгаагүй, тухайн дэлгүүрийн галын аюулгүй байдлыг хариуцсан этгээд биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх “...Булган аймгийн Р******* сумын .... дугаар баг, Н хороолол .... дугаар байранд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гал гарч тус байшин бүхэлдээ шатсан. Гал гарсан шалтгаан нь цахилгаан ашиглалтын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас буюу эрчим хүч ашиглах болон галын аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс .... дугаар байрны ... тоотод байрлах Бны дэлгүүрээс галын эх үүсвэр гарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1, 502.2-т зааснаар эд хөрөнгийг өмчлөгч буюу эзэмшигч нь гэм буруутай байсан эсэхээс үл хамааран гэм хорыг хариуцан” гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 22 233 300 төгрөгийг хариуцагч С.Жавзандолгороос гаргуулан нэхэмжлэгч Г.Т*******эд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон хариуцагч Ч.П*******, С.С*******, Ё.Д******* нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
4. Хэрэгт цугларсан баримтаар “...Булган аймгийн Р******* сумын ... дугаар багт орших .... дугаар байранд гал гарсан болох нь шинжээч Х.Ч*******ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Булган аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 071/12 дугаартай дүгнэлт, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай материалд авагдсан гэрч С.Н*******ийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан камерын бичлэг бүхий зөөврийн хард /плаш/, нэхэмжлэгч нь тухайн байрны .... хаягт байрлах, 41 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч” болох нь тогтоогдсон.
5. Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, ...уг гэм хорыг арилгахдаа гэм хорыг учруулахаас өмнөх байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө, ... эрчим хүч, галын аюултай, ...байдлын улмаас бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан бол өмчлөгч буюу эзэмшигч гэм буруутай байсан эсэхээс үл хамааран хариуцан арилгах үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 502 дугаар зүйлийн 502.1, 502.2, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасан бөгөөд анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч М.Наранхүүгийн “...Бнаас галын эх үүсвэр гарсан буруутай, эзэн нь хариуцах байх” гэсэн дүгнэлт хуульд нийцнэ.
Цахилгаан эрчим хүч ашиглагч нь Эрчим хүчний тухай хуулийн 30.1.8-д ”өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” гэж, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д “ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх” үүрэгтэй гэж хуульчилсан.
Хариуцагч С.Жавзандолгор “Б” дэлгүүрийн эзэн бөгөөд ...... тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг тул хохиролыг хариуцах үүрэг бүхий этгээд, Ч.П*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байхгүй, С.С*******, Ё.Д******* нар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч биш тул гэм хорыг хариуцах үүрэггүй гэж, талуудын хооронд хуульд заасан үүрэг буюу зөрчлийн улмаас үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтаа өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, шүүх хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлнэ гэж мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зохицуулсан.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч 491 нэр төрлийн бараа галд шатсан гэдэг нь баримтаар тогтоогдоогүй тул 68 285 600 төгрөгийн хохиролыг гаргуулах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Нэхэмжлэгч Г.Т******* 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Төрийн банк ХХК-тай байгуулсан 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байх бөгөөд барааны дэлгүүртээ бараа материал татах, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор 36 сарын хугацаатай зээл авсан болох нь Төрийн банкны хуулбар үнэн тэмдэгтэй зээлийн гэрээгээр, мөн зээлийг авахад бүрдүүлсэн зээлийн хүсэлт, дэлгүүрийн бараа материалын жагсаалт, гэрэл зураг, өдөр тутамын орлогын эх үүсвэрээ бичиж байсан бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр тус тус батлагдаж байна. Зээлийн эргэн төлөлтийн хуваарь ёсоор 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 22 142 857 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд дээрх хөрөнгө оруулалтаар дэлгүүртээ бараа бүтээгдэхүүн авч, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд дэлгүүрийн үйл ажиллагааны орлогоор зээлийн эргэн төлөлтийг төлсөнд тооцож, зээлийн үлдэгдэл дүнтэй тэнцэх хэмжээний бараа материалын үлдэгдэлтэй байсан гэж дүгнэв.
Тодруулбал: нэхэмжлэгч Г.Т*******ийн дэлгүүр 2021 оны 07 дугаар сард 33 543 100 төгрөгийн /25 000 000+8 543 100 өмнө байсан барааны үлдэгдэл, барьцааны гэрээнд зааснаар/ үнэ бүхий бараа материалтай байсан гэж үзэх боломжтой бөгөөд тэрээр үйл ажиллагааны орлогоос зээлээ эргэн төлөх, гэр ахуй, амьжиргаандаа хэрэглэсэн бусад зардал, дэлгүүр шатаж байхад тодорхой эд зүйлс авсан талаарх мэдүүлэг зэргийг харгалзан зээлийн гэрээниий үлдэгдэл төлбөрөөр буюу 22 142 857 төгрөгийн хэмжээгээр бараа материалын үнийг тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Г.Т******* үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 22 233 300 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул уг төлбөр дээр 22 142 857 төгрөгийг нэмж, хариуцагчаас нийт 44 376 157 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 49 750 081 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1., 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 132/ШШ2022/00001 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 22 233 300 /хорин хоёр сая хоёр зуун гучин гурван мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Т*******эд олгож, 71 892 938 /далан нэгэн сая найман зуун ерэн хоёр мянга есөн зуун гучин найм/ төгрөгийн...” гэснийг “… 44 376 157 /дөчин дөрвөн сая гурван зуун далан зургаан мянга нэг зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Т*******эд олгож, 49 750 081 /дөчин есөн сая долоон зуун тавин мянга наян нэг/ төгрөгийн ...” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...269 116.5 /хоёр зуун жаран есөн мянга нэг зуун арван зургаан төгрөг таван мөнгө/ төгрөг...” гэснийг, “...379 830 /гурван зуун далан есөн мянга найман зуун гуч/ төгрөг...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Т*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 517 415 /таван зуун арван долоон мянга дөрвөн зуун арван тав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Л.АРИУНЦЭЦЭГ