Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 885

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баттулга,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Э.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Э-ийн Г-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805017861026 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Монгол Улсын иргэн, Б овогт Э-ийн Г-, 1998 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .............. ажилтай , ам бүл-6, эцэг, эх, 2 дүү, охины хамт ................... дүүргийн  ...... дугаар хороо, ..... дугаар гудамж ..... тоотод оршин суух хаягтай,  урьд ял шийтгэлгүй,

 

Шүүгдэгч Э.Г- нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16а байрны 40 тоотод О.У-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Э.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Э.Г- нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16а байрны 40 тоотод О.У-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч О.У-ийн “...2018 оны  03 дугаар сарын 11-ны өдөр 15 цагийн үед өөрийн гэртээ ирэх үед манай нөхрийн өмнөх эхнэр болох Энхмаагийн охин ирсэн байсан. Тэр охин намайг хэл амаар доромжлоод миний нүүр лүү цохьсон, үснээс зулгааж газар унагаагаад гэдэс рүү өшиглөж байхад манай нөхрийн найз нь салгаж би шууд гараад цагдаа дуудсан.

Ажлаа тараад гэртээ очиход хүмүүс цуглуулаад архи уусан бас нэг танихгүй охин аваад ирсэн манай охин гэж байсан. Тэгээд л хэрүүл маргаан эхэлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19-20, 44- 45 дугаар хуудас/

Гэрч Б.Гантулгын “... Тухайн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд Ар хороолол 16а-40 тоотод өөрийн төрсөн охин Гантуяа, мөн Мөнгөнтэс, Энхнаран нар байсан. Би Мөнгөнтэс, Энхнаран нартай 0,75 хэмжээтэй архи болон 2 ширхэг 2,5 литрийн Боргио нэртэй пиво уугаад хэвтэж байтал гаднаас манай хамтран амьдрагч болох Уранчимэг орж ирсэн. Гаднаас орж ирээд энэ зулбасага юу хийж яваа юм яах гэж ирсэн юм гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би дуугарахгүй сууж байсан чинь над руу хандаж чи хэнтэй архи уусан гээд уурлаад байсан. Тэгээд энийгээ явуулаач гээд ярихаар нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Би чи яв би олон жил уулзаагүй охинтойгоо уулзаж байна гэсэн чинь аан тийм үү гээд гараад явчихсан. Хэсэг хугацааны дараа буцаж орж ирээд манай охин руу хандаж чи одоо явах болоогүй юм уу гэж загнаад тэр хоёр хоорондоо хэрэлдсэн. Тэгээд нэг мэдсэн чинь хоорондоо ноцолдоод хэвтэж байсан. Хэн нь эхэлж цохьсон эсэхийг хараагүй. Тэгээд хамтран амьдрагч маань чи охиноороо намайг зодууллаа гээд гараад явчихсан. Удалгүй цагдаа ирсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28-29 дүгээр хуудас/

Шинжээчийн 3534 дугаартай“... Уранчимэгийн  биед зүүн хацар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт. /хэргийн 21 дүгээр хуудас/

Э.Г-гийн яллагдагчаар өгсөн“... Би аав Гантулгынд байж байхад манай аавын найзууд ирчихсэн. Баянгол дүүргийн 2 дугаар хороо 16а байрны 40 тоотод гурвуулаа архи ууж байсан. Тэгээд тэр гэрт орж ирээд намайг янхан, гичий, биеэ үнэлэгч гээд миний жоохон хүүхдийн хажууд элдвээр доромжлоод байсан. Тэгэхээр нь би хүүхэд шигээ хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ гэсэн чинь шууд үсдэж аваад миний гэдэс рүү өшиглөсөн. Тэр үед би газар унаад буцаж босч ирээд нөгөө эгчийг үсдэж аваад адилхан өшиглөсөн. Тэгээд нөгөө эгч цагдаа дуудна гээд гараад явсан удалгүй цагдаа дагуулаад ороод ирсэн. ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бид эвлэрсэн одоо ямар нэгэн асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 24, 33-36 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

 

Иймд шүүхээс дээрх нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Г- нь хохирогч О.У-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Э.Г- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч О.У- нь  “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт /хэргийн 52 дугаар хуудас/ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Э.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Э-ийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Э.Г-д шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

  1.   Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ