Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 108

 

 

 

 

 

 

 

      Ц.Л-, Б.Г- нарт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор А.Баясгалан,

            шүүгдэгч Ц.Л-, Б.Г- нарын өмгөөлөгч Ц.Э-,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 899 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Л- болон шүүгдэгч Б.Г-, Ц.Л- нарын өмгөөлөгч Ц.Э-ын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Л-, Б.Г- нарт холбогдох 1805018480961 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Ц.Л-, 19... оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “.............” ХХК-д зохион байгуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт........... дүүргийн ... дугаар хороо, ...дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;

2. Ханд овгийн Б.Г, 19... оны .... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилга, замын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........ дүүргийн ............. дугаар хороо, .. дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........../;

            Ц.Л-, Б.Г- нар нь бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Билэг их дэлгүүрт иргэн Д.Б-ийг лангуунаас эд зүйл хулгай хийлээ гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Л-, Б.Г- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Ц.Л-, Ханд овгийн Б.Г нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-, Б.Г- нарыг тус тус 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-, Б.Г- нарын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.  

            Шүүгдэгч Ц.Л-, Б.Г- нарын өмгөөлөгч Ц.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаах ажиллагаа маш буруу хийгдсэн, мөн шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа шударга ёсны болон гэм буруугийн зарчмуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Л-, Б.Г- нарыг хохирогч Д.Б-д ямар байдлаар, яаж гэмтэл учруулсан болохыг тодруулж тогтоолгүй зөвхөн маш их зөрүүтэй хохирогчийн мэдүүлгүүд дээр үндэслэн нотлох баримтуудыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Жишээ нь: 1. Хохирогч Д.Батгэрэл анх өгсөн мэдүүлэгтээ: “... 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн үед “Хархорин” зах дээр найзуудтайгаа таараад архи уучихаад харих гээд явж байхдаа ... тасарчихаад нэг мэдсэн “Билэг” их дэлгүүр дотор явж байсан бөгөөд хойд талын хаалганы үүдний хэсгээс зарж байсан бичгийн цааснаас нэг боодлыг авчихсан юм. Тэгтэл бүдүүн махлаг, шар болон туранхай бор хоёр залуу над руу ирээд намайг хулгай хийлээ гээд ...”, Д.Б 2 дахь удаа өгсөн мэдүүлэгтээ: “... “Билэг” их дэлгүүр дотор бага зэрэг согтолттой явж байгаад уг дэлгүүрийн лангуун дээрээс архи уух гээд нэг боодол бичгийн цаас хулгайлаад авсан. Тэгтэл танихгүй 2 залуу, 1 нь өндөр, туранхай, шар царайтай, нөгөө 1 залуу нь махлаг том биетэй, саарал цамцтай залуу...” гэжээ. Гэтэл эхний мэдүүлэгтээ туранхай бор гэж мэдүүлсэн. Энэ байдлаас үзэхэд хэн, хэн, яасан талаар нүүрэлдүүлэн байцаагаагүй. Мөн тухайн хохирогчийг гаргах гэтэл гарахгүй, гадна хаалганы тэнд хэвтчихээд хаалга онгойлгохгүй байхад нь Ц.Л-, Б.Г- хоёр гарнаас нь өргөж аваад цааш нь аваад явсан байдаг. Энэ хугацаанд хохирогч Д.Б нь маш их хэмжээний согтолттой байсан бөгөөд агсам тавьж, дэлгүүрт орилж, гараараа хана цохиж байсан гэдэг. Тэгэхээр хохирогчид учирсан гэмтлийг хэн учруулсан эсэх нь эргэлзээтэй. Хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулахаар дуудсан боловч ирээгүй. Миний үйлчлүүлэгч нарыг яллахдаа бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллаж байгаа боловч Ц.Л-, Б.Г- нар нь тухайн үед ажлаа хийгээд явж байсан. Мөн иргэний хариуцагчаар “Номин” их дэлгүүрийг татах ёстой байсан. Ц.Л-, Б.Г- нар нь өөрийнхөө хийсэн үйлдэлдээ ял шийтгэл авах ёстой. Гэтэл яг хэн нь хэнд ямар гэмтэл учруулсан нь эргэлзээ бүхий байна. Ийм хэрэгт ял шийтгэл оногдуулж шийдвэрлэж байгаа нь үндэслэл муутай байна. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Л- гаргасан давж заалдах гомдолдоо: “... 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр би “Билэг” их дэлгүүрт зохион байгуулагчийн ажлаа хийж байхад хулгайч юм аваад явчихлаа гээд заалаар орилсон. Тэгэхээр нь би яваад очтол хойд хаалган дээр манай бичиг хэргийн худалдагч М нэг согтуу хүнтэй зууралдчихсан зогсож байсан. Би М-ээс хулгай хийсэн хүнийг салгаад, нөгөө хүн хаалганы голд хөлөө жийсэн байдалтай суугаад босохгүй байсан. Хулгай хийсэн хүн нилээн согтуу, хөл дээрээ зогсож чадахгүй байхаар нь хоёр гараас нь өргөөд нэг давхарын аваарын шат руу оруулж цагдаа дуудсан. Би иргэн Д.Б-д хүч хэрэглэж  гараас нь мушгиагүй бөгөөд Д.Б нь нилээн согтуу өөрийгөө авч явах чадваргүй, унаж тусаад хана, шал гараараа цохиод орилж хараагаад байсныг бид хоёр зогсоох гэж оролдоод цагдаагийн байгууллагад хандсан болно. Би тухайн үед хариуцсан ажлын байранд үүргээ гүйцэтгэсэн бөгөөд согтуу хүнийг огт танихгүй бөгөөд анх удаа харсан болно. Ингээд цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Тэр өдөртөө Д.Б нь эрүүлжүүлэгдээгүй атлаа цагдаагийн газарт бид 2-ыг зодсон гэж өргөдөл өгсний дагуу 3 хоногийн дараа буюу 3 дугаар сарын 30-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлэн хөнгөн зэргийн гэмтэлтэй гэсэн дүгнэлт гаргуулсан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шинжээч томилох шийдвэрийг огт танилцуулаагүй. Мөн дүгнэлт гарсан гэдгийг мэдэгдэлгүй нуун дарагдуулсан гэж үзэж байна. Ингээд 3 сарын дараа буюу нотлох баримт болох камерийн бичлэг устгагдсан байхад /15 хоног хадгалагдаж байгаад устгалд ордог/ бид нарыг цагдаагийн байгууллагаас дуудаж ял сонсгон яллагдагчаар татсан. Ингээд шүүх болон прокурор, цагдаагийн байгууллага хулгай хийсэн хүнийг өмөөрч, ажил үүргээ биелүүлж яваа намайг шүүхээр ял оногдуулж, гэмт хэрэгтэн болгож байгаад маш их гомдолтой байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 899 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор А.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийсэн, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шударга ёсны зарчмын талаар тайлбарласан. Гэтэл Монгол улсын иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрхтэй. Хэдийгээр архичин хулгай хийх гэж яваад баригдсан гэж байгаа боловч хууль сахиулагчийн эрхгүй этгээд буюу хамгаалагч түүнд хүч хэрэглэж, үүний дүнд биед нь хөнгөн хохирол учирсан. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэ талаар ч шинжээч эмч мэдүүлэг өгсөн. Дээрх нөхцөл байдлуудаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байгаа учраас шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Л-, Б.Г- нарт холбогдох хэргийг шүүгдэгч Ц.Л- болон өмгөөлөгч Ц.Э- нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэлэлцэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар уг гомдлуудад дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад дараахь зөрчил илэрсэн болно. Үүнд:

1. Прокуророос шүүгдэгч Ц.Л-, Б.Г- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг тэмдэглэх хэсэгт дурьдана гэж заасныг зөрчиж, “Ц.Л-, Б.Г- нар нь бүлэглэж ... Д.Б-ийг лангуунаас эд зүйл хулгай хийлээ гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэж хэт ерөнхий байдлаар бичсэн нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.  

Ямар үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг болох, тэр нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэгт зааснаар яллагдах болохыг прокурорын яллах дүгнэлтээр тодорхойлох ба түүний хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэх учиртай.

Гэтэл дээрх яллах дүгнэлтээр шүүгдэгч Ц.Л-, Б.Г- нар нь хэрхэн яаж хохирогчийг зодож, гэмтэл учруулсан болох нь тодорхойгүй болсны дээр шүүх энэ байдлыг зөвтгүүлэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу юм.

2. Түүнчлэн шүүх хэргийг бүлэглэн үйлдсэн гэж шийдвэрлэхдээ шүүгдэгч тус бүрийн үүрэг оролцоог ялгамжтай зөв тогтоож, хэн, хэрхэн яаж, ямар үйлдлээр хохирогчид гэмтэл учруулсан талаарх үйл баримтыг зөв тогтоож чадаагүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн нотлоогүйтэй холбоотой гэж давж заалдах шатны шүүх үзэв.

3. Мөн шүүгдэгч Б.Г- нь яллагдагчаар “тухайн согтуу хүн өөрөө дайрч үсрээд агсраад байсан. Тэгэхээр нь Л цээж рүү нь түлхсэн” гэж харилцан эсрэг сонирхолтой байдлаар мэдүүлэг өгсөн байхад тэднийг нэг өмгөөлөгчөөр өмгөөлүүлсэн байдал нь шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх байдал үүсэх эсэхэд прокурор, өмгөөлөгч анхаарч үзвэл зохино.    

Дээр дурьдсан үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарч байна. Учир нь, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.2 дахь заалтад “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Л-, Б.Г- нарт холбогдох хэргийг мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзэв.

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож байгаа тул шүүгдэгч Ц.Л-, Б.Г-, тэдний өмгөөлөгч Ц.Э- нарын давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурьдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 899 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Л-, Б.Г- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцтэл шүүгдэгч Ц.Л-, Б.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР 

 

ШҮҮГЧ                                                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ 

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ