Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 567

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 71 дүгээр цагаатгах тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаар магадлалтай, Б.Б-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***,

Архангай аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 96 дугаар зүйлийн 96.1, 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ял шийтгэгдэж байсан, Б овогт Б-н Б-.

Б.Б- нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд цагдаагийн ахлах ахлагч Ч.Г-ийг албан үүргээ гүйцэтгэж байхад хэл амаар доромжлон, хүч хэрэглэж нүүрэн тус газарт нь цохиж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Б.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шүүх хуралдааны танхимаас суллаж шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-эд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл гаргасан гомдолдоо “...Магадлалыгыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг нь хэдийгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй заавал хохирол, хор уршиг учирсан байхыг шаардаагүй ч Б.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй мөн эсэх, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулсан эсэхэд дүгнэлт хийж, хэргийг бүхэлд нь хянаж үзэх ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.

Хууль сахиулагч буюу Цагдаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ хууль, дүрэм, журмын дагуу ажиллаж, хууль ёсны шаардлага тавих ёстой бөгөөд тухай хууль ёсны шаардлагыг манай үйлчлүүлэгч биелүүлэх үүрэгтэй, хууль бус шаардлага тавьсан тохиолдолд биелүүлэх үүрэггүй юм. Тухайн хэргийн нотлох баримт болох камерын бичлэгээс харахад Цагдаагийн алба хаагч нь хууль бус шаардлага тавьсан гэж үзэж болохоор дүр зураглал харагддаг.

Хохирогч буюу цагдаагийн албан хаагч манай үйлчлүүлэгчийг хувцсаа тайл гэсэн шаардлага тавьсан гэж мэдүүлдэг ч тухайн нөхцөл байдалд манай үйлчлүүлэгчийг өмд болон дотоожоо тайл гэсэн шаардлага тавьж, тэр шаардлагыг нь биелүүлээгүйн төлөө хүч хэрэглэн бүх хувцсыг нь тайлж буй үйлдэл нь хууль ёсны эсэх, тухайн шаардлагыг манай үйлчлүүлэгч биелүүлэх ёстой байсан эсэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль ёсыг сахиулах чиг үүрэгтэй хууль сахиулагч Цагдаагийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн эрхийг хүндэтгэдэг эсэх, хууль, журмын дагуу албан үүргээ гүйцэтгэсэн эсэх, хүний эрхийн зөрчил байгаа эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй.

Хууль сахиулагч хууль бус шаардлага тавьж тухайн хууль бус шаардлагыг нь биелүүлээгүй, эсэргүүцсэн иргэн, хүн бүр Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгтэн болох уу?, тухайн хэрэг үйлдэгдэж буй газар нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож ухаарах боломжгүй их хэмжээний согтолттой иргэдийг эрүүлжүүлэх байр гэдгийг, цаашдаа эрүүлжүүлэх байранд дуудлагаар ирж эрүүлжүүлэгдэж буй хүн бүр гэмт хэрэгтэн болох эх суурийг шүүхийн шийдвэрээр бий болгож байна гэдгийг анхааран үзээгүй.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс Б.Б-ийн үйлдлийг яагаад зөрчлийн хэргийн шинжтэй гэж үзсэн, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг болон Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг хэрхэн ойлгож, ялгаж зүйлчлэн хэрэглэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг мөрдсөн эсэхийг хянаж үзээгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана." Мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж хуульчилсан байдаг.

Анхан шатны шүүх Б.Б-эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нэг хавтаст хэргийн хүрээнд, цугларсан нотлох баримтыг үнэлж, Б.Б-ийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн хэргийн шинжтэй гэж үзэн цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж заасныг баримталж тухайн хэргийг хянаж шийдвэрлэх ёстой. Гэтэл 2020.07.22-ны өдрийн 47 дугаартай магадлалын тодорхойлох хэсэгт “... хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий 6 иргэнээс гэрчийн мэдүүлэг аваагүй нь мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг нотлоогүй буюу шүүхийн шийдвэр эргэлзээтэй гарсан” гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтыг дээд шатны прокурор эсэргүүцэлдээ бичиж улмаар давж заалдах шатны шүүх магадлалынхаа үндэслэл болгож анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно”, 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж хуульчилсан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх тухайн цаг хугацаанд байсан гэрч нарыг асуугаагүй, нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж дүгнэсэн атлаа анхан шатны шүүх, прокурор, мөрдөгчид шууд нөлөөлсөн шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайлбал давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлж болохуйц ноцтой зөрүүтэй байх тул цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.” гэсэн нь манай үйлчлүүлэгчид шууд ял оногдуул гэж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг “... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. ...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэж хуульчилсан байдаг. Давж заалдах шатны шүүх нь Үндсэн хуулийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим, яллагдагчийн эрхийг ноцтой зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг хэлсэн саналдаа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу заавал хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Анхан шатны шүүхээс тухайн үед хохирогчийн биед гэмтэл учраагүй байна, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байх тул гэмт хэрэгт тооцохгүй гэдэг байдлаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Албан үүргээ биелүүлж байгаа хууль сахиулагчид хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл гаргаснаар тус гэмт хэрэг төгссөнд тооцохоор зохицуулсан байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтыг гуйвуулан буруу тайлбарлаж, эхэлж дотуур хувцсаа тайл гэсэн шаардлага тавьсан мэтээр гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Б.Б-эд холбогдох хэргийн тухайд хууль сахиулагч эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирсэн этгээдийн согтуурлын хэмжээг шалгахаар хууль ёсны шаардлага тавьсан боловч эсэргүүцэж хууль сахиулагчийн толгой руу цохисон буюу хүч хэрэглэж, эсэргүүцсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь үндэслэлгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-эд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Б.Б-ийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд цагдаагийн ахлах ахлагч Ч.Г-ийг албан үүргээ гүйцэтгэж байхад хэл амаар доромжлон, хүч хэрэглэж нүүрэн тус газарт нь цохиж, эсэргүүцсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүх мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг нотлоогүй тул мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт хийж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан тул магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 71 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэлийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН