Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 71

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Ч.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Оюунгэрэл,

Шүүгдэгч: Б.Б,

Нарийн бичгийн дарга: Г.Анужин  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох 1928001320128 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 96 дугаар зүйлийн 96.1, 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ял шийтгэгдэж байсан,

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд цагдаагийн ахлах ахлагч Ч.Г-ийг албан үүргээ гүйцэтгэж байхад хэл амаар доромжлон, хүч хэрэглэж нүүрэн тус газарт нь цохиж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б-ийг  яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр найзтайгаа 4 шил архи хувааж ууснаа мэдэж байгаа. Баривчлах байранд очоод ******* ахлагчтай юунаас болж маргасан, гаднаас ямархуу байдалтай орж ирсэн, орж ирээд юу болсон талаараа бүгдийг нь санахгүй байгаа. Нэг мэдэхэд өглөө шалдан камерт хэвтэж байсан. Хэсгийн байцаагч намайг авч явж байцаасан. Чи хэрэг зөрчил гаргасан уу гэхэд би юу болсныг санахгүй байна гэсэн. Яагаад ийм зүйл болсныг би ерөөсөө санахгүй байсан. Чи ямар хэрэг хийсэн гэдгээ мэдэж байна уу? гэхэд би одоо бүгдийг нь ойлголоо, албан хаагчийг хэл амаар доромжилсон байна гэдгээ хэлсэн. Түүний дагуу захиргааны арга хэмжээ авна гэж хэсгийн байцаагч хэлсэн. Би торгуулиа төлье гэсэн. Би байцаагчид өөрийнхөө байдлыг хэлсэн. Би хорих ангиас суллагдсан, ганц өнчин охинтой, Өмнөговь аймагт би ажил хийх гэж ирсэн, ийм хэрэгт холбогдчихлоо. Одоохондоо надад мөнгөний боломж байхгүй байна. Би ажлаа хийгээд удаагүй байгаа, цалин буухаар торгуулийнхаа мөнгийг төлье гэсэн. Намайг хэсгийн байцаагч сүүлд нь хоёр удаа дуудсан. Энэ удаа би чамайг торгохгүйгээр өнгөрлөө, чи хамгийн гол нь өөрийнхөө хувийн баталгааг гаргаж өг, чи ******* гэдэг хүнийг хохироосон байна гэсэн. Би ******* ахлагчид баталгаа гаргаж өгсөн. Байцаагдаж байх хугацаанд Өмнөговь аймагт байх айл байхгүй байсан. Итгэл найдварыг нь алдаад явчихсан. Байцаагчдаа ингэж байхаар би хоригдмоор байна. Надад таних айл байхгүй гэж хэлж байсан. Би аймгийн хойно бургасанд хүртэл 2 хоносон. Сааданд сандал дээр 1 шөнө хоносон. Даарсандаа хатгаа авсан юм шиг байна лээ. Халуураад, доошоо гүйлгээд, эм авч уугаад, бүр болохоо байгаад хот руу явсан. Эхнэртээ би ийм хэрэгт холбогдчихлоо гэж хэлсэн. Тодорхой хэмжээнд мөнгө төлөх юм байна гэж бодоод ах руугаа Эрдэнэт рүү явж ажил хийж байгаад тэндээс баригдаж ирсэн. Ирэхдээ эхнэртэйгээ цуг ирээд эргэж ирнэ гэх баталгаа гаргаж өгсөн. Баярбат байцаагч чиний хэрэг бол угаасаа тодорхой захиргааны арга хэмжээ авагдана, торгууль тавигдана гэж хэлсэн. Надад мөнгөний хэрэг их байсан. Мөнгөтэй бол торгуулиа төлье гэж бодсон. Би цагдаа *******т 300.000 төгрөгийн хохирол төлсөн.    

Хохирогч,  иргэний нэхэмжлэгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Миний цамцны захнаас барьж аваад боосон, зүүн мөр рүү цохиж авсан байгаа. Саатуулах байранд ороод хэл амаар доромжилсон. Хувцсаа тайл гэсэн шаардлага тавихад шаардлага биелүүлээгүй. Тэр үед нь би давхар утсаар бичлэг хийж байсан. Доошоо хараад байж байхад өмдөө тайлаад над руу шидсэн. Намайг хараагүй байхад миний шанаа руу хүчтэй цохьсон. Энэ нь бичлэг дээр байгаа байх. Хувцсыг нь тайлаад эрүүлжүүлэх хугацаанд дахин мөр рүү хоёр удаа цохьсон. Камерыг нь солиод хойд талын камерт хийх хугацаанд гараараа миний уруул тус газарт цохьсон байгаа. Үүнээс болж маргаашаас нь эхэлж миний баруун шанаа хавдаж, долоо хоног юм идэж, ууж чадаагүй. Хэсгийн байцаагчийн өрөөнд уулзахад чи намайг уучлаач, би чамд 300.000 төгрөг өгье гэсэн. Би өнчин хүүхэдтэй, эхнэр маань нас барсан гээд зовлонгоо ярьсан. Зовлонгоо яриад байхаар нь эр хүн нэг алдаа биз гээд гэхээр нь хохирол барагдуулаарай гээд хэлсэн. Оргож яваад баригдаж ирээд сүүдрэвчинд уулзсан. Гэхдээ би айлган сүрдүүлж, мөнгө нэхсэн зүйл байхгүй. Энэ хүн намайг заналхийлж байсан. Долоо хоног юм идэж, ууж чадаагүй. Тархи толгой одоо хүртэл өвдөж байгаа. Хүнд цохилт орсон юм шиг байна. Одоо бол гомдолтой байна. Надад 300.000 төгрөг өгсөн гэж гүтгэж байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүр цагдаагийн үүрэг гүйцэтгэсэн юм. Намайг жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 20 цаг 30 минутын үед хэсгийн байцаагч Цагдаагийн ахмад Ч.Г тухайн үед ерөнхий жижүүр байсан. Иргэн Буяннэмэхийг эрүүлжүүлэх саатуулах байрны гадаа авч ирсэн. Иргэн Б.Б нь над руу хандаад пизда минь яасан юм бэ гээд над руу салаавч гаргаад цамцнаас бариад миний хоолойг цамцаар боож зүүн талын мөр рүү нэг удаа цохиж авсан. Иргэн Буяннэмэхийг саатуулах байранд оруулаад та хувцсаа тайл гэсэн хууль ёсны шаардлага тавихад Б.Б нь салаавч гаргаад өмдөө тайлаад над руу өмдөө хөлөөрөө шидсэн, мөн намайг саатуулах байрны жижүүрийн ширээний хажууд доош тонгойгоод зогсож байхад баруун гараараа миний зүүн талын шанаа руу нэг удаа цохиж авсан тэгээд Буяннэмэхийг саатуулах байрны камерт хийх явцад баруун гараараа миний баруун талын мөр лүү 1 удаа цохиж авсан иргэн Б.Б нь эрүүлжүүлэх байрны саатуулах камерт хийгээд хаалгыг нь цоожилж байхад мөн сараалжин төмрийн завсраар гараа гаргаж миний нүүрэн тус газар дахин нэг удаа цохиж авсан юм. Тэгээд камерт байх  үедээ пизда, гөлөг, гичий, гэх мэт үгээр олон удаа харааж зүхсэн мөн миний нүүр рүү нулимсан мөн чамайг алчихаад чиний эхнэрт боовоо амтлуулна гэх мэтээр доромжилж байсан мөн эмч Эрдэнэбулганг миний боовыг хөх гэх мэтээр доромжилж байсан юм. /хх-ийн 14-15-р хуудас/  

Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байрны 24 цагийн жижүүрийн үүргийг цагдаагийн ахлах ахлагч Ч.Г-ийн хамтаар гүйцэтгэсэн. 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн үед иргэн Буяннэмэхийг цагдаагийн ахлах ахлагч Ч.Г, ахмад Б.Б нар  эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэж ирсэн. Ахлах ахлагч Ч.Г иргэн Б-ийг драгерь багажаар согтолтын зэргээ тодорхойлуулахыг шаардсан боловч хэл амаар доромжилж, салаавч гаргасан. Ахлах ахлагч Ч.******* иргэн Буяннэмэхийг хувцсаа тайл гэж хэлэхэд Б.Б Ч.Г-ийн өөдөөс салаавч гаргаад пизда лалар минь, чи зүгээр байсан хүний хувцсыг тайлуулах гэлээ гээд хашхичаад өмдөө тайлаад ******* руу шидсэн. Тэгээд Ч.Г-ийн шанаа руу гараа зангидаж байгаад 1 удаа цохьсон. Хэл амаар доромжлоод байхаар нь Ч.Г намайг утсаараа бичлэг хий гэсэн болохоор утсаар бичлэг хийгээд зогсож байсан чинь Ч.Г руу давшилж байгаад миний утсыг цохиж унагасан. Тэгээд Ч.Г-ийн өөдөөс тулж очоод цээж рүү нь түлхээд байсан. Камерт оруулсны дараа намайг янхан, чи угаасаа янхан биз дээ миний боовыг хөх гэж доромжилсон. Буяннэмэхийг урд талын камерт оруулах гэтэл Ч.Г-ийн уруул руу цохиж нүүр лүү нь нулимсан. Мөн камер дотор шээсэн зэрэг асуудал гаргасан юм. /хх-ийн 17-р хуудас/  

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу Цагдаагийн газарт ерөнхий жижүүрийн  үүрэг гүйцэтгэсэн юм. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 20  цагийн үед Хан-Уулын 15-08 тоотод согтуу хүн агсан тавиад байна гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагын 7053102 дугаартай утсанд иргэнээс ирсэн хэн гэдэг иргэнээс ирснийг нь одоо санахгүй байна. Тухайн дуудлагад жолооч Цагдаагийн дэд ахлагч Бат-Эрдэнийн хамтаар очсон юм. Тухайн дуудлага өгсөн газарт очиход Б.Б нь архидан согтуурсан байдалтай байсныг хууль ёсны шаардлага тавьж Цагдаагийн газрын саатуулах байранд авч ирээд саатуулах байранд би өөрийн биеэр хүлээлгэн өгсөн юм. Саатуулах байранд ирээд хүлээлгэн өгөх явцад Б.Б нь саатуулах байрны жижүүрт үүрэг гүйцэтгэж байсан Цагдаагийн ахлах ахлагч Ч.Г-ийг хэл амаар  доромжилж улмаар нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж авсан юм. Ч.Г-ийг цохиж авсан дараагаар нь саатуулах байранд хийсэн юм. /хх-ийн 18-р хуудас/ 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 370 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:                                        

1. Ч.Г-ийн биед зүүн мөрөнд цус хуралт, хүзүүнд арьсны өнгөц хэсгийн улайлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.                                                                                                   

3.4 Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 20-р хуудас/

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 1979 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн. Архангай аймгийн Хайрхан сумын 8 жилийн сургуульд сурч байгаад 8-р ангиасаа хөдөө гараад мал маллаж байгаад 1999 онд цэргийн албанд татагдаж Сүхбаатар аймгийн Онгон суманд байх Хилийн цэргийн 0184-р ангид 1 жилийн цэргийн алба хаагаад 2000 онд цэргээс халагдаж нутагтаа ирээд нутгийн эмэгтэй Ариунсайхантай гэр бүл болж охин Учралзаяа 2003 онд төрсөн юм. Хөдөө мал маллаж байгаад 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүн амины хэрэгт холбогдож 2008 оны 12 дугаар сард Архангай аймгийн шүүхээс 13 жилийн ял авч хорих ялыг Сэлэнгэ аймгийн Мандал суманд байх Дарьтын шоронд 11 жил 10 сар суугаад 2017 онд суллагдсан юм. Шоронгоос гараад Эрдэнэт хотод байх аав Банзрагч дээр байж байгаад 2018 онд Улаанбаатар хотод орж ирээд барилгын ажил хийж байгаад  би “Хос бор морь” ХХК-нд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мужаанаар ажилд орсон юм. Энэ компанид ажилд ороод шууд Өмнөговь аймагт ирсэн юм. Өмнөговь аймагт барилга дээр ажиллаж байгаад 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Эрболд гэх залуутай нийлж 2 пиво, 4 шил архи паркийн ард хөдөө гарч уусан юм. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд би Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд ирчихсэн байсан яасан гэсэн чинь тухайн үеийн жижүүр нь намайг дуудлагаар ирсэн гэж хэлсэн юм. Юу болсон талаар мэдэхгүй би ухаангүй согтсон байсан юм. Тухайн үеийн асуудлыг бол би мэдэхгүй байна. Сүүлд бичлэг үзэхэд цагдаагийн албан хаагчдын биед халдсан асуудал гаргасан байсан.  /хх-ийн 26-27-р хуудас/

Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 07-р хуудас/

Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарууд /хх-ийн 30-р хуудас/

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 31-р хуудас/

Шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р хуудас/

Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай 2020 оны 4-р сарын 20-ны өдрийн 125 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 157-р хуудас/

Шүүгдэгч Б.Б нь Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 96 дугаар зүйлийн 96.1, 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ял шийтгэгдэж байсан гэх шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 77-80-р хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг доорх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Буяннэмэхийг цагаатгаж шийдвэрлэв. Үүнд:

Улсын яллагч шүүгдэгч Б.Б-ийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд цагдаагийн ахлах ахлагч Ч.Г-ийг албан үүргээ гүйцэтгэж байхад хэл амаар доромжлон, хүч хэрэглэж нүүрэн тус газарт нь цохиж зодон эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогдсон гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, мөн зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж тус тус хуульчилсан ба шүүгдэгч Б.Б-ийн үйлдэлд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэм буруутай үйлдэл байгаа боловч энэхүү гэм буруутай үйлдлийн улмаас” хохирогчид хохирол учирсан байх” гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан ба яллах дүгнэлтэд шүүгдэгчийг “хэл амаар доромжилж, хүч хэрэглэж нүүрэн тус газарт нь цохиж зодон хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэжээ.

Яллах дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч нь хохирогчийн эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд нь халдсан талаар дүгнэж бичсэн байх бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндийг сарниулах гэмтэл учраагүй, гэмтлийн зэрэг тогтоогдоогүй болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 370 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ч.Г-ийн биед зүүн мөрөнд цус хуралт, хүзүүнд арьсны өнгөц хэсгийн улайлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 20-р хуудас / гэснээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учирсан байж гэмээнэ Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрдүүлж, гэмт хэрэг мөн гэж үзэх хууль зүйн үндэслэлийг бий болгох учир шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэв. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэснийг баримтлан шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл байна гэж үзэж, шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх нь хуульд нийцнэ гэж үзэн, шүүгдэгчийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэлд нь зөрчлийн хэргийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.  

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв. 

Түүнчлэн Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын харьяа эрүүлжүүлэх, баривчлах байранд шүүгдэгч Б.Б-ийг албадан эрүүлжүүлж буй байдлыг харуулсан бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган ирүүлсэн ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд уг бичлэгийг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон дээрх бичлэг бүхий CD-г шинжлэн судлах явцад шүүгдэгч Б.Б-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа болон түүнийг албадан эрүүлжүүлэх ажиллагаа явуулахдаа хууль тогтоомж болон эрх зүйн актыг зөрчсөн гэх дараах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.  

“Хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгох ба хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Г нь хууль сахиулагч болох нь: 20367 хувийн дугаартай ажилтан, албан хаагчийн дэлгэрэнгүй анкет “Эцэг, эхийн нэр Чойжилжав, нэр Г, албан тушаал: Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасаг, цагдаагийн ахлах ахлагч эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрийн цагдаа” /хх-ийн 16-р хуудас/ гэсэн Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын ажилтан, албан хаагчийн дэлгэрэнгүй анкетаар тогтоогдож байх бөгөөд уг ойлголтод хамаарах цагдаагийн албан хаагч мөн байна.

Цагдаагийн албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэхдээ Монгол улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль бусад хууль болон хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг сахин биелүүлэх үүрэгтэй.

Тухайлбал согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэхдээ дээрх хуулиудаас гадна Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль болон Монгол улсын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам 629. Албадан эрүүлжүүлэх /2018.01.17-ны өдрийн А/29/  журмыг албан үүргээ гүйцэтгэхдээ баримтлах үүрэгтэй байна.

Эрүүлжүүлэх байрны хүлээн авах хэсэгт шүүгдэгч Б.Б-ийг албадан эрүүлжүүлэх ажиллагаа явагдаж байгаа бичлэгийг шүүх хуралдааны явцад шинжлэн судалж, улмаар цагдаагийн албан хаагч Ч.Г хохирогчоор шүүх хуралдаанд оролцсоны хувьд бичлэг дээрх үйл явцыг болон бичлэг дээр гарч буй хүмүүсийн талаарх мэдээллийг шүүх болон бусад оролцогч нарт тайлбарлаж танилцуулсан болно.

Дээрх бичлэгийг шинжлэн судлахад гэрчийн мэдүүлэг өгсөн эрүүлжүүлэх байрны эмч  С.Э, цагдаагийн албан хаагч Д.Б, хохирогчоор тогтоогдсон Ч.Г нар харагдах ба цагдаагийн албан хаагчдаас гадна энгийн 6 иргэн бичлэгт харагдаж, 4 иргэн нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд оролцож байсан ба эдгээр иргэдийг тус байранд баривчлах шийтгэл эдэлж байсан этгээдүүд гэдгийг хохирогч шүүх хуралдаанд  танилцуулсан болно.

Хохирогч, гэрч нар нь албадан эрүүлжүүлэгдэж буй Б.Б-ийг “хувцсаа тайл” гэх цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэж, цохьсон гэх мэдүүлэг өгдөг ба  тэрээр цамц болон өмдөө тайлсны дараа цагдаагийн албан хаагч Ч.Г-ийн шанаан тус газарт цохин эсэргүүцсэний улмаас дээр дурдсан цагдаагийн албан хаагчид  нь баривчлах шийтгэл эдэлж буй гэх гурван /3/ этгээдийн оролцоотойгоор хүч хэрэглэн дотоожийг нь тайлж улмаар нүцгэлсэн байдалтай байхад нь буюу энэхүү үйл баримтыг энгийн иргэн /цагдаагийн албан хаагчийн даалгавраар/ гар утсаар бичлэг хийж бэхжүүлж буй дүрс харагдана.

Цагдаагийн албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэхдээ албаны бөгөөд хууль ёсны шаардлага тавих эрхтэй, энэхүү хууль ёсны шаардлагыг хэн боловч биелүүлэх үүрэгтэй боловч энэхүү бичлэгээс дүгнэхэд цагдаагийн албан хаагчийн албан үүрэг хууль ёсны дагуу явагдаагүй, хууль ёсны шаардлага тавиагүйн улмаас түүний шаардлагыг эсэргүүцэж улмаар хүч хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл эрүүлжүүлэх байранд албадан эрүүлжүүлэгдэж байгаа этгээдийн дотоожийг нь тайлах талаарх журамд заасан зайлшгүй үндэслэл шаардлага буюу хохирогчийн тайлбарласнаар “шаардлага гарвал гэмт хэрэгт холбогдсон, амиа хорлохыг завдсан иргэдийн турсикийг тайлуулдаг” гэх үндэслэл тухайн цаг хугацаанд гараагүй гэдгийг хохирогч Ч.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг ба цагдаагийн албаны үйл ажиллагаанд баривчлах шийтгэл эдэлж буй этгээдүүдийг татан оролцуулж улмаар эрүүлжүүлэгдэж буй этгээдийн дотоожийг дээрх этгээдүүдээр тайлуулж, улмаар зөрчилд  холбогдон шүүхийн шийдвэрээр шийтгэл эдэлж буй этгээдийг мэргэжилтний хувиар ажиллуулан дуу дүрсний бичлэг хийлгэж, олон хүний өмнө түүнийг хувцасгүй нүцгэн байдалтай байлгаж байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй...” гэх заалт, Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Цагдаагийн алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа Монгол улсын Үндсэн хуульд зааснаас гадна хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх... зарчмыг баримтална гэснийг болон Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагатай холбоотой ...алба хаагч нь хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлахгүйгээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй, Цагдаагийн алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно…гэх заалтуудтай холбоотой хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хүнлэг бус хандах, нэр төрийг нь доромжлохыг хориглох заалтууд зөрчигдсөн байж болзошгүй байна.  

Монгол улсын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 629 дүгээр зүйлийн 629.7.8 Эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирсэн хүний бие, эд зүйлд амиа хорлох бусдад халдан довтлоход ашиглаж болох галт зэвсэг, хутга, мэс, амьсгал боогдуулагч, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис зэрэг зүйл байгаа эсэхийг илрүүлэхийн тулд үзлэг хийж, шаардлагатай тохиолдолд хувцсыг нь тайлж эрүүлжүүлж болно. Хувцас тайлахдаа хүргэгдэн ирсэн этгээдээр өөрөөр нь тайлуулахыг урьтал болгох ба хувцсыг тусгай шүүгээнд хадгална гэж заасан ба дээрх ажиллагаа нь энэхүү журмын дагуу явагдаагүй гэх үндэслэл тогтоогдож байна.

Нөгөөтээгүүр “Эрүүлжүүлэх ажиллагаа” гэдэг нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн амь насыг хамгаалах, түүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэх, өртөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор цагдаагийн байгууллагын хяналтанд авч, албадан эрүүлжүүлэх ойлголт бөгөөд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Цагдаагийн алба хаагч нь эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулж, эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа болон ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг бүрэн хариуцах үүрэгтэй.

Энэхүү үүргээ хууль болон журамд заасны дагуу биелүүлээгүй, аюулгүй байдлаа хангаж ажиллаагүйн улмаас өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээд цагдаагийн албан  хаагчийн биед халдсан гэх үндэслэл бий болж, улмаар түүнийг гэмт хэрэг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор албадан эрүүлжүүлж буй ажиллагааны явцад эрүүлжүүлэх байранд гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл бий болж байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэснийг биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдож байна.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа цагдаагийн албан хаагч Ч.Г-оос хохирогчийн мэдүүлэг, цагдаагийн албан хаагч Д.Б, С.Э нараас гэрчийн мэдүүлэг авснаас өөр мэдүүлгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичлэгээс үзэхэд тухайн хэргийн нөхцөлд цагдаагийн албан хаагчдаас гадна 10 /арван/ энгийн иргэн гэмт хэрэг гарсан гэх эрүүлжүүлэх байрны хүлээн авах хэсгээр орж, гарах, дамжин өнгөрөх үйлдэл хийх ба эдгээрээс 6 иргэн нь шүүгдэгч Б.Буяннэмэхийг эрүүлжүүлэх байранд орж ирэхээс эхлэн эрүүлжүүлэх тусгаарлах өрөө рүү шилжих хүртэл хугацаанд хамт байж, тодорхой үүрэг гүйцэтгэн оролцож байгаа байдал тогтоогддог.

Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ гэж тодорхойлсон ба ач холбогдол бүхий нөхцөл байдлыг буюу хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий дээрх 6 иргэнээс гэрчийн мэдүүлэг аваагүй орхигдуулж, улмаар ашиг сонирхол нэгтэй гэж үзэж болохоор цагдаагийн алба хаагчдаас гэрчийн мэдүүлэг авч, улмаар шүүгдэгчийг яллах талын нотлох баримт болгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдлыг тогтоох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэхгүй байна гэж үзэв.

Түүнчлэн яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Б-ийг: Архангай аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 15 жил хорих ял,

Архангай аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 96 дугаар зүйлийн 96.1, 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 15 жил хорих ял,

Архангай аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 96 дугаар зүйлийн 96.1, 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ял шийтгэгдсэн гэж 3 удаа хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн мэтээр бичиж эрх зүйн байдлыг нь дордуулсан байх боловч хэрэгт авагдсан дээрх шийтгэх тогтоолуудтай танилцахад нэг гэмт хэрэгт холбогдуулан хэд хэдэн шийтгэх тогтоол гарсан байх бөгөөд цаг хугацааны хувьд хамгийн сүүлд буюу Архангай аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/11 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Буяннэмэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 96 дугаар зүйлийн 96.1, 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ял шийтгэсэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Хохирогч Ч.Г мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт       “Б.Б эрүүлжүүлэх байранд саатуулагдах үедээ миний гэр бүлийг оролцуулан гутаан доромжилсонд гомдолтой байна” гэж мэдүүлж байх боловч гэрч С.Э, Д.Б нар энэ талаар гэрчлэн мэдүүлээгүй, хохирогчийн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлгээс зөрүүтэй байгааг дурдах нь зүйтэй. 

Улсын яллагч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-ийг хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор дүгнэлт гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-ийн хувьд цагдаагийн байгууллагын албан тушаалтны бие эрх чөлөөнд халдсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг учир гэм буруугийн тал дээр маргаж мэтгэлцэх зүйлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлнэ гэсэн хуулийн зохицуулалтай. Хавтаст хэргийн хүрээнд хохирол төлбөртэй холбоотой баримт байхгүй байгаа учир нэхэмжилж байгаа 300.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Хүний эрх чөлөөг зөрчсөн, дотуур хувцсыг нь тайлсан үйлдлийг олон гаднын хүмүүсийн нүдэн дээр гаргаж байгаа нь цагдаагийн байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж ойлгож байна. Энэ хүн өөрийнхөө эрх чөлөөнд халдаж, амь насаа хохироох нөхцөл байдал камерын бичлэг дээрээс харагдахгүй байгаа учир үндэслэлгүйгээр хүний эрхийг зөрчиж, дотуур хувцсыг нь тайлсан гэж үзэж байна гэх дүгнэлт гаргав.  

Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байна гэх мэдүүлгийг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгч байх боловч энэхүү хэргийн нөхцөлд тэрээр 1.57 хувийн согтолттой байсан болох нь хохирогч Ч.Г-ийн: “Буяннэмэхийг анх саатуулах байранд ирэхэд нь драгерь багаж үлээлгэх гэхэд үлээхгүй хэл амаар доромжлоод байсан юм. Ирэхдээ их хэмжээний их согтолттой байсан. Дараа нь драгерь багаж үлээлгэхэд 1,57 хувьтай гарч байсныг тэмдэглэж авсан юм. /хх-14-15/ гэрч С.Э-ын ...драгерь багаж үлээлгэхэд 1,57 хувийн согтолттой байсныг тэмдэглэн авсан байгаа гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байх бөгөөд өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн гэх үндэслэлээр түүнийг албадан эрүүлжүүлсэн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т зааснаар яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзэв. 

Дээр тайлбарласан хууль зүйн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б-ийг цагаатгаж шийдвэрлэв.

Хохирогч Ч.******* нь 300.000 төгрөг шүүгдэгч Б.Б-ээс нэхэмжилдэг боловч шүүгдэгч нь 300.000 төгрөгийг хохирогчид өгсөн талаар мэдүүлдэг, шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн төдийгүй хохирогч нь хохирол төлбөр нэхэмжилсэнтэй холбогдуулан ямар нэгэн нотлох баримт хэрэгт ирүүлээгүй тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлэг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий CD-1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас суллаж,  шүүгдэгч Б.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 21 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэв.

Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд шүүгдэгч Б.Б нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гарах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10  дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.                                         

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шүүх хуралдааны танхимаас сулласугай.

3. Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн шүүх хуралдаан болтол 21 /хорин нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.Б нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт холбогдуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,шүүгдэгч бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт  хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлэг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий CD-1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн  5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ДЭЛГЭРМАА