Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 212/МА2023/00026

 

 

      

 

 

 

С.Е-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2022/01034 дүгээр шийдвэртэй,  ****** оршин суух С.Е-ы нэхэмжлэлтэй, тус аймгийн ***** оршин суух Е.З-т холбогдох,

 

нэхэмжлэгч С.Е-ы хариуцагч Е.З-т холбогдуулан гаргасан “худалдсан УАЗ-469 маркийн **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах, улсын бүртгэлд бүртгүүлж, худалдсан эд хөрөнгийн эрхийн доголдлыг арилгахыг хариуцагч Е.З-т даалгах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч Е.З-ын “2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр талуудын хооронд байгуулсан арилжааны гэрээг цуцалж, биет байдлын доголдолтой мөнгөлөг саарал өнгийн Mitsubishi Pajero маркийн **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг С.Е-д буцаах, бор өнгийн УАЗ-31512 маркийн **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан авах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч С.Е-, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн өмгөөлөгч Х.Бакен нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Миний бие С.Е- нь 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Б-сумын 3 дугаар багийн иргэн Е.З- гэх залуугийн эзэмшлийн УАЗ-469 маркийн, бор өнгийн, **** БӨА улсын дугаартай суудлын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн Раjего маркийн, мөнгөлөг өнгийн, **** БӨҮ улсын дугаартай суудлын тээврийн хэрэгслээр сольж авч, арилжааны хэлцэл хийсэн байсан.

1.2. Арилжааны гэрээний талууд болох С.Е-, Е.З- бид арилжааны гэрээ, хэлцлийн дагуу тус тус эзэмшилд байгаа арилжиж байгаа хөрөнгийг харилцан хүлээлцэж, Е.З- нь надаас авсан Раjего маркийн, **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, тээврийн хэрэгслийн эзэмших эрхийн гэрчилгээний хамт авч үлдсэн ба надад худалдсан УАЗ-469 маркийн **** БӨА улсын дугаартай хэрэгслийг, тээврийн эзэмших эрхийн гэрчилгээний хамт хүлээлгэж өгсөн.

1.3. Гэтэл хариуцагч Е.З- нь 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр УАЗ-469 маркийн, **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмших эрхийн гэрчилгээ болон С.Е- миний цахим үнэмлэх, Хаан Банкны виза картын хамт хулгайлан авч явсан байна.

1.4. Худалдагч Е.З- нь арилжааны журмаар худалдан авагч С.Е- надад уг УАЗ-469 маркийн машиныг хүлээлгэн өгснөөр би уг машиныг хадгалж, эзэмшиж байгаа боловч эзэмших эрхийг хууль ёсоор шилжүүлээгүй, Автотээврийн Үндэсний төвд бүртгүүлж өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг Е.З- биелүүлээгүй Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар баталсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн журам, Монгол Улсын шадар сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын хамтарсан 2018 оны 192 дугаар тушаалаар баталсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын Тав дахь бүлгийн 5.2 дахь хэсгийн 5.2.2, 5.2.4 дэх хэсгүүдэд заасныг зөрчиж, Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3, 252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэгт заасан Эд хөрөнгийн эрхийн доголдолтой эд хөрөнгө буюу эрхийн зөрчилтэй эд хөрөнгө шилжүүлсэн нь тогтоогдсон учир дээрх зөрчлийг арилгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

1.5. Нэгэнт худалдагч Е.З-, худалдан авагч С.Е- бид арилжааны зүйл болох тээврийн хэрэгслийг хүлээн авсан тодорхой үйлдэл хийсэн нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3, 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хүлээн авсанд тооцох боловч мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 -д заасан “Эд хөрөнгийн эрхийн доголдолтой” эд хөрөнгө худалдсан учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Миний бие бор өнгийн, УАЗ-31512 загварын, **** БӨА улсын дугаартай тээврийг хэрэгсэлтэй бөгөөд 2022 оны эхээр фейсбүүкт боломжтой машин байвал солино гэж зар тавьсан байсан.Тэр үед Ерка Ерка Ерка гэдэг фейсбуүк хаягаас жижиг суудлын машины зураг явуулж солих уу гэхээр нь би хөдөө явах том тэрэг байвал солино, жижиг тэргээр солихгүй гэж хэлсэн.Тэгээд 2022 оны 8 дугаар сарын сүүл, 9 дүгээр сарын эхээр нөгөө хаягаас Mitsubishi Pajero маркийн автомашины зураг явуулж солих уу гэсэн. Би тухайн тэрэг нь том тэрэг учир соливол сольё, манайд хүрээд ир гэсэн. Тэрний дагуу 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр С.Е- нь Mitsubishi Pajero маркийн автомашинаар Цагаан аралд байдаг манай гэрт очсон. Би эцэг эхийн хамт түүний унаж ирсэн машиныг үзээд хоорондоо солилцохоор болж тохиролцож би түүний Mitsubishi Pajero маркийн **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч үлдэж, С.Е- нь миний бор өнгийн, УАЗ-31512 загварын, **** БӨА улсын дугаартай тээврийг хэрэгслийг унаж явсан. Тэгж явахдаа Mitsubishi Pajero маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татвар төлөх гэрчилгээг надад орхиж явж хэд хоногийн дараа аймагт хүрээд ир, тэр үед нэр дээр шилжүүлэг хийе гээд тохиролцсон.

2.2. Би түүний дагуу 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Цагаан аралаас Өлгий орохоор гарсан ба гэрээс гараад 20-иод км яваад машин гэнэт унтарсан, асаах гэж оролдсон боловч огт асахгүй байхаар нь замын машинаар аймаг орж засварчин Мейрам гэдэг хүнийг авч очиж үзүүлсэн боловч мөн асаагүй. Тэгэхээр нь Алтанцөгц сум орж тус сумын иргэн А.С гэгчтэй харилцан тохиролцож, 200,000 төгрөгийн хөлс төлж, түүний Mitsubishi Pajero маркийн тээврийн хэрэгслээр ачиж аймагт авч ирсэн. Аймагт авч ирээд хэд хэдэн засварчин дагуулж очиж үзүүлсэн боловч мотор солих шаардлагатай, засах боломжгүй гэсэн. Тэгээд би Сагсай суманд очиж С.Е-тай уулзаж өөрийн машинаа буцааж авъя, эсвэл машиныг засуулж өг гэсэн боловч тухайн үед тохиролцоод солилцоо хийсэн, одоо чамд өгөх юм байхгүй гэж гэрээсээ хөөгөөд гаргасан.

2.3. Иргэний хуульд зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй тээврийн хэрэгсэл худалдах, биет байдлын доголдол гарсан тохиолдолд засаж өгөх ёстой. Иймд нэхэмжлэгч С.Е-ы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Сөрөг нэхэмжлэлд:

3.1. Иргэний хуульд зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй тээврийн хэрэгсэл худалдах, биет байдлын доголдол гарсан тохиолдолд засаж өгөх ёстой. 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан арилжааны гэрээг цуцалж, биет байдлын доголдолтой мөнгөлөг саарал өнгийн Mitsubishi Pajero маркийн **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан авч, бор өнгийн, УАЭ-31512 загварын, **** БӨА улсын дугаартай тээврийг хэрэгслийг Е.З- надад буцаахыг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү.

 

4. Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт:

4.1. Хариуцагч Е.З- нь 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн УАЭ-31512 маркийн **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч С.Е- миний эзэмшлийн Mitsubishi Pajero маркийн **** БӨҮ улсын дугаартай суудлын тээврийн хэрэгслээр арилжааны хэлцэл хийж, хоорондоо эд хөрөнгийг авч өгөлцсөн. Хариуцагч Е.З-, нэхэмжлэгч С.Е- бид хоёрын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан Арилжааны гэрээ хийгдсэн бөгөөд мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт зааснаар арилжааны гэрээнд Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт нэгэн адил үйлчлэх билээ. Арилжааны гэрээний худалдан авагч тал Е.З- нь арилжааны гэрээг Б-сумын 3 дугаар баг, Цагаан арал гэх газарт Е.З-ын оршин суугаа газар хийх санал гаргаж, надад арилжааны зүйл болох тээврийн хэрэгслийг хүргэж өгөхийг утсаар холбогдон илэрхийлсэн учир С.Е- миний бие өөрийн эзэмшлийн Mitsubishi Pajero маркийн **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Баян-Өлгий аймгийн Сагсай сумын төвөөс Баян-Өлгий аймгийн Б-сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох Цагаан арал гэх газарт худалдан авагч Е.З-ын гэр хүртэл 140 км гаруй зам явж хүргэж өгсөн. Уг машин нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, биет байдлын доголдолгүй байсан.

4.2. Хариуцагч Е.З- нь 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн Мустанг-150 маркийн мотоциклоор ахтай хамт унаж ирээд, намайг зам тосож, хүлээж аваад өөрийн гэр хүртэл 10 км газар замчилж хүргэсэн. Хариуцагч Е.З-, түүний эцэг Х.Е нар миний эзэмшлийн Mitsubishi Pajero маркийн **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үзэж шалгаж, өөрснөө жолоодож, явж байгаад хүлээж авсан. С.Е- надаас тухайн тээврийн хэрэгслийг хүлээж авсан 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр тээврийн хэрэгсэлд ямар нэгэн биет байдлын доголдол байгаагүй, хэвийн ажиллагаатай, ямар ч доголдолгүй байсан. Худалдан авагч Е.З- нь тухайн тээврийн хэрэгслийг өөрөө зөвшөөрч, биет байдлын доголдолгүй гэдгийг үнэлж, хүлээн авч үлдээд, өөрийн эзэмшлийн УАЗ-Э1512 маркийн **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг надад хүлээлгэн өгч явуулсан. Хариуцагч Е.З- нь 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр тээврийн хэрэгслийг ямар ч биет байдлын доголдолгүй байхад хүлээн авч, гэрээ хэлцэл дуусгавар болсны дараа өөрийнхөө эзэмшилд авч, эдэлж хэрэглэж байгаад эвдэж хэмхэлж хаяад буцаах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй.

4.3. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д зааснаар эд хөрөнгийг хүлээж авсан болох нь батлагдсан, гэрээний үүргийг талууд бүрэн биелүүлсэн байгаа учир Иргэний хуулийн 249 дүгээр зүйлд заасан гэрээнээс татгалзах үндэслэл байхгүй, мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасан тоо, хэмжээ, чанар бүхий эд зүйл хүлээн авсан болох нь үйлдлээр нотлогдсон учраас биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Тухайн арилжааны зүйл болох тээврийн хэрэгсэл нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-д зааснаар биет байдлын доголдолгүй байгаа болно. Хариуцагч Е.З- нь үзэж, шалгаж байж хүлээн авч, хүлээж авсны баталгаа болгож ёс журмаар хадгаа уяж хүлээн авсан нь нотлогдож байна. 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш одоо хүртэл Е.З- өөрөө хүлээн авч, ашиглаж байгаагаас гадна тухайн үед шалгаж авсан учир Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д заасан үндэслэлээр гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна.

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2022/01034 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Е-, хариуцагч Е.З- нарын хооронд байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн арилжааны гэрээг цуцалж, сөрөг нэхэмжлэгч Е.З-аас мөнгөлөг саарал өнгийн Mitsubishi Pajero маркийн **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч буюу сөрөг хариуцагч С.Е-д буцаахыг, сөрөг хариуцагч С.Е-аас бор өнгийн УАЗ -31512 маркийн **** БӨА улсын дугаартай тээврийг хэрэгслийг хариуцагч Е.З-т буцааж өгөхийг тус тус даалгаж, нэхэмжлэгч С.Е-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Е-, сөрөг нэхэмжлэгч Е.З- нарын тус бүрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, сөрөг хариуцагч С.Е-аас 70200 төгрөг гаргуулан сөрөг нэхэмжлэгч Е.З-т олгож шийдвэрлэжээ.  

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Нэхэмжлэгч С.Е- хариуцагч Е.З- бидний хооронд 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Б-сумын 3 дугаар баг “Цагаан арал” гэх газарт худалдан авагч Е.З-ын гэрийн хажууд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан “Арилжааны гэрээ” байгуулагдаж, мөн өдөр арилжааны зүйл болох Е.З-ын эзэмшлийн УАЗ-469 загварын **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авагч С.Е- миний эзэмшилд шилжүүлэн өгч, харин С.Е- миний эзэмшилд байсан “Mitsubishi Pajero” загварын тээврийн хэрэгслийг худалдан авагч Е.З- эзэмшилдээ шилжүүлэн авч, бичиг баримтын хамт авч үлдсэн болно.

6.2. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт “Арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалт нэгэн адил хамаарна” гэж, мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-д “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж заасныг анхан шатны шүүх буруу хэрэглэж, шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 13.10 дахь заалтаар “талуудын хооронд байгуулсан арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд үл нийцэх бөгөөд Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Шүүх... нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж заасан байтал, зохигчид нэхэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох дүгнэлт гаргасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж гомдол гаргаж байна.

6.3. Талууд “Арилжааны журмаар эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ” бичгээр байгуулаагүй боловч 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэрээний зүйлийг харилцан солилцож, тээврийн хэрэгслийг тус тус хүлээн авч, эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл хийсэн нь нотлогдон тогтоогдсон байна.

6.4. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр талуудын хооронд гэрээ байгуулсанд тооцно” гэх хуулийн үндэслэл, мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж заасныг анхан шатны шүүх харгалзан үзэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

6.5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 3.7 дахь заалтаар хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Е.З- нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар “Эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлыг төлүүлэх гэрээ цуцлах эрхтэй” гэж дүгнэжээ. Гэтэл хариуцагч буюу худалдан авагч Е.З- нь худалдагч С.Е- надаас худалдан авсан “Mitsubishi Pajero” загварын **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр унаж, үзэж, шалгаж хүлээж авсан бөгөөд миний бие Сагсай сумаас Б-сумын Цагаан арал багийн иргэн Е.З-ын гэр хүртэл 140 км зам туулж хүргэж өгсөн үйл явдал нотлогдоод байна. Энэ нөхцөл байдал бол худалдан авагч Е.З-ын худалдан авсан “Mitsubishi Pajero” загварын **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах хэлцэл хийсэн үед биет байдлын доголдолгүй эд хөрөнгө хүлээж авсан болохыг нотолж байна.

6.6. Хариуцагч Е.З- нь нэхэмжлэгч С.Е- надаас “Mitsubishi Pajero” загварын **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ямар ч эвдрэл гэмтэлгүй, биет байдлын доголдолгүй байхад өөрөө ах дүүсийн хамт хүлээж авсан байдаг.

6.7. Харин Е.З- нь хүлээж авснаас хойш 7 хоног ашиглаж, эдэлж байгаад Өлгий сум орох замд гэрээс 20-иод км зам яваад эвдэрч гэмтсэн гэж мэдүүлээд, тайлбарлаад байна. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим, эд хөрөнгө устаж гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ” гэж заасныг анхан шатны шүүх анхаараагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

6.8. Хариуцагч Е.З-ын хувьд тээврийн хэрэгслийг горимын дагуу эдлээгүй, буруу ашиглаж хэрэглэсний улмаас эвдэж, гэмтээсэн гэж үзэх бөгөөд шүүхийн шийдвэрээр хариуцагч Е.З-ын эвдсэн, гэмтэлтэй тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч С.Е- надад буцаах шийдвэр гаргасан нь шударга ёсонд нийцэхгүй байна.

6.9. Нэхэмжлэгч С.Е- би хариуцагч Е.З-т 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр биет байдлын доголдолгүй, асаж, өөрийн хөлөөр явж байсан машин техник хүлээлгэн өгсөн байдаг. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт “Хэрэв гэрээнд чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжтой эд хөрөнгийг биед байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж заасан байна. Хариуцагч Е.З- нь надаас бүрэн бүтэн, зориулалтын дагуу ашиглах боломжтой тээврийн хэрэгсэл хүлээж авсан учраас биет байдлын доголдолгүй эд зүйл авсан гэж үзнэ.

6.10. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам” зөрчсөн гэх, мөн Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны N222 дугаар тушаалын хавсралтын 4.1 дэх хэсэгт заасан “Шилжилт хөдөлгөөнийг бүртгэнэ” гэснийг зөрчсөн гэх үндэслэл энэ хэрэгт огт хамааралгүй болно.

6.11. Шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 13.3 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаартай техникийн гэрчилгээнд **** БӨҮ улсын дугаартай “Mitsubishi Pajero” маркийн суудлын автомашины өмчлөгч Ж.Е гэж бичигдсэн” гэжээ. Гэтэл өмчлөгч Ж.Е нь Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлийн холбогдох хэсэгт зааснаар С.Е- надад 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Итгэмжлэл” олгож тээврийн хэрэгслийг худалдах, арилжих, гэрээ байгуулах, төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, өмчлөх эрх шилжүүлэх, үйлдэлд төлөөлөх улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг бүрэн эрхийг олгосон байгаа болно. Тухайн итгэмжлэл тухайн үед хүчин төгөлдөр болсон бөгөөд хугацаа нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусвар болсон боловч энэ маргаанаас болж дахин 2023 оны 6 дугаар сарын 15-ыг хүртэл “Итгэмжлэл”-ийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулаад байна.

6.12. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч С.Е-ы нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Е.З-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

7. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  

7.1. Миний бие сөрөг нэхэмжлэл гаргасан хариуцагч Е.З-ын өмгөөлөгчөөр оролцож байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан. 274.2-д “Арилжааны гэрээгээр талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно” гэсэн зохицуулалттай.

7.2. Худалдах худалдан авах гэрээгээр биет байдлын доголдол болон эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шилжүүлэх ёстой. 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр очиж машиныг очиж хүлээж авсан. Дараа нь 4 хоногийн дараа буюу 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Цагаан арал дахь гэрээсээ гараад 20 км явсны дараа машин эвдэрч гадаа үлдсэн. Тэгээд Өлгийгөөс засварчин дагуулж очоод үзүүлэхэд, асах боломжгүй байна гэсэн болохоор Алтанцөгц сумаас машин хөлсөлж аваад аймгийн төвд хүргэн ахын хашаанд авчраад тавьсан. 2022 оны 9 дүгээр сарын 07-оос хойш тухайн машин хөдлөөгүй тэнд байна. Тэгээд нэхэмжлэгчид холбогдож машин чинь эвдэрхий байна буцаана гэдэг асуудлыг тавьсан. Энэ хооронд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудал байна.

7.3. Тухайн машин биет байдлын доголдолтой байсан. Яагаад гэвэл аваад сар болоогүй байхад Цагаан арлаас наашаа гарч ирж байхад эвдэрчихсэн. Засварчныг гэрчээр асуухад, засах боломжгүй, иж бүрэн мотор солих хэрэгтэй гэдгийг хэлсэн. Тухайн эд хөрөнгө биет байдлын доголдолтой учраас худалдагч тухайн доголдлыг арилгах, эсвэл буцаах үндэслэл байна. Энэ хүрээнд анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтын хүрээнд хэргийг зөв шийдвэрлэсэн.  Mitsubishi Pajero маркийн 23-04 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Ж.Е гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байгаа. Анхан шатны шүүхэд хэрэг хянагдаад шийдвэр гарах хүртэл тухайн машиныг Ж.Еаас нэхэмжлэгч Е-д худалдсан ямар нэгэн холбогдох баримтаа гаргаж өгөөгүй. Эд хөрөнгийг худалдах талаар өгсөн баримт байхгүй байсан.

7.4. Иймд сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.   

 

ХЯНАВАЛ:

 

8. Нэхэмжлэгч С.Е-ы  давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

9. Нэхэмжлэгч С.Е- нь хариуцагч Е.З-т холбогдуулан арилжсан УАЗ-469 маркийн **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн доголдлыг арилгахыг хариуцагч Е.З-т даалгах тухай, хариуцагч Е.З-ын 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр талуудын хооронд байгуулсан арилжааны гэрээг цуцалж, биет байдлын доголдолтой мөнгөлөг саарал өнгийн Mitsubishi Pajero маркийн **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг С.Е-д буцаах, бор өнгийн УАЗ-31512 маркийн **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан авах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

10. Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Е-, хариуцагч Е.З- нарын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан арилжааны гэрээг цуцалж, хариуцагч Е.З-аас Mitsubishi Pajero маркийн **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч С.Е-д буцаах, нэхэмжлэгч С.Е-аас УАЗ-31512 маркийн **** БӨА улсын дугаартай тээврийг хэрэгслийг хариуцагч Е.З-т буцааж өгөхийг тус тус даалгаж, хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нөхцөл байдал, хэргийн үйл баримт бодитой тогтоогдоогүй байхад үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хуулийн урьдчилсан нөхцөлүүд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон эсэхийг анхаарахгүйгээр буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар “хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг” бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

12. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, талууд 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр харилцан тохиролцож, хариуцагч Е.З-ын УАЗ-469 маркийн, **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч С.Е-ы /Ж.Еын эзэмшлийн/ Раjего маркийн, **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр сольж арилжааны гэрээ байгуулсан бөгөөд энэ талаар зохигч маргаангүй. 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч Е.З- арилжиж авсан тээврийн хэрэгслээрээ Б-сумын Цагаан арал багаас Баян-Өлгий аймгийн төв Өлгий сум руу зорчих замд, багийн төвөөс 20-иод км яваад Раjего маркийн, **** БӨҮ улсын дугаартай машин эвдэрч уг машиныг аймгийн төвд ачуулсан бөгөөд уг тээврийн хэрэгслийн энэхүү эвдрэл, гэмтэл буюу доголдлоос болж талуудын хооронд маргаан үүссэн байна.

 

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Мейрамын мэдүүлэг, хариуцагчийн тайлбараар Раjего маркийн, **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн мотор эвдэрсэн гэх дээрх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх хариуцагч Е.З-ын “2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр талуудын хооронд байгуулсан арилжааны гэрээг цуцалж, биет байдлын доголдолтой мөнгөлөг саарал өнгийн Mitsubishi Pajero маркийн **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг С.Е-д буцаах, бор өнгийн УАЗ-31512 маркийн **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан авах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, маргааны үндэслэл болсон Раjего маркийн, **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн моторын эвдрэл юунаас болсон, уг эвдрэл гэмтэл арилжааны гэрээ байгуулагдахаас өмнө үүссэн эсэх, эсхүл гэрээ байгуулагдсаны дараа хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй эсэх, уг эвдрэл гэмтлийг гэрээний талууд, ялангуяа хариуцагч урьдчилан мэдэх боломжтой эсэх зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нөхцөл байдлуудыг тодруулах шаардлагатай байжээ.

 

13. Учир нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт “Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж, 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт “... гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж, 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт “Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй” гэж, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах ... эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж, 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана: 255.1.1.эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан; 255.1.3.тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг ... ашиглах журам зөрчсөнөөс, ...үүссэн” гэж тус тус хуульчилсан.

           

            Иргэний хуулийн дээрх зохицуулалтуудыг хэрэглэхийн тулд “арилжааны зүйл болсон Mitsubishi Pajero маркийн **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой байсан эсэх”, “уг тээврийн хэрэгсэл нь арилжааны гэрээ байгуулахаас өмнө, эсхүл байгуулах үед, байгуулсны дараа эд хөрөнгийн доголдолтой байсан /болсон/ эсэх”, “Хариуцагч нь Mitsubishi Pajero маркийн тээврийн хэрэгслийг хүлээж авах үед уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан эсэх”, эсвэл “эд хөрөнгийн доголдолгүй Mitsubishi Pajero маркийн тээврийн хэрэгслийг хүлээж авсны дараа түүнийг ашиглах журам зөрчсөнөөс уг доголдол бий болсон эсэх” зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нөхцөл байдал, үйл баримтуудыг буюу хуулийн урьдчилсан нөхцөлүүдийг үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах замаар тогтоосны дараа хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

14. Иргэний хуулийн дээрх холбогдох зохицуулалтуудыг шүүх хэрэглэхдээ дээрх урьдчилсан нөхцөлүүдийг тодруулахгүй орхигдуулсан нь хуулийг буруу хэрэглэх, нөгөө талаар гэрчээс хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй орхигдуулж, хуульд заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарах нөхцөл, шалтгаан болсон байна.

 

            15. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байх тул  шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг үндэслэж хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хэргийн үйл баримттай холбогдуулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах талаар гаргасан нэхэмжлэгийн давж заалдах гомдолд дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2022/01034 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид С.Е-ы төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний  төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

                                   ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ