Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 225/МА2023/00009

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 225/МА2023/00009

 

 

 

Б.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 155/ШШ2022/01148 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Д................т холбогдох

4,087,237 (дөрвөн сая наян долоон мянга хоёр зуун гучин долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч А.Д...........ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр, хариуцагч А.Д......., хариуцагчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Батчулууны ******* би 2007 оноос эхлэн DXN сүлжээний компанитай гэрээ байгуулан уг компанид ажиллаж эхэлсэн. Уг компаний бараа бүтээгдэхүүнийг борлуулах ажил хийж байхдаа 2009 оноос эхлэн Ш.М............эй нэг баг болж ажиллаж байх хугацаандаа бид 2 маш сайн санаа оноо нийлж ашигтай байсан. 2011 оны 11-р сард би А.Данаажавыг Ш.Мөнхцэцэгтэй уулзуулж танилцуулж өгсөн.

Тухайн үед А.Д нь намайг М.тэй танилцуулж, 2 сая төгрөг зээлж авсныг бол би тухайн үед мэдэж байсан ба бусад зээлсэн мөнгийг нь бол би мэдээгүй. А.Д нь М эгчийг ямар ч байсан хохиролгүй болгоно, энэ шүүхийн асуудал яахав хаалгачихий, би ******* эгчид хамаагүй гээд шүүх дээр бичээд өгчихсөн, би төлчихнө, та санаа зоволтгүй гэж байсан. Гэтэл өчнөөн жилийн дараа буюу гэнэт Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дансанд барилт хийж миний дансан дахь мөнгийг татсан, яагаад татчихав гэтэл тань дээр шүүхийн шийдвэр гарсан, үүний улмаас таны мөнгийг татсан гэж хэлсэн.

Ингээд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж ямар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад хэний нэхэмжилсэн мөнгөн дүнг Батчулууны ******* надаас албадан гаргуулав гээд Шийдвэр гүйцэтгэгчтэй уулзахад 2012 онд шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.

Би Ш.М-ийг асуудалгүй, хохиролгүй болгоно, та бид 2-г холбож л өгсөн болохоос та энэ мөнгийг аваагүй, би бүрэн хариуцах ёстой гэж байсан хүн маань уг мөнгийг өдий хүртэл төлөөгүй над дээр Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж би ихээхэн хохирлоо.

Иймд Аюушжавын Д-аас 4 сая 87 мянга 237 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч А.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2012 онд шүүхийн гадаа Ш.М эгч мөнгөө нэхэж ирж байсан. Б.******* эгч чиний ажлыг хийж байгаад өрөнд орчихлоо гэхээр нь би төлнө гэж хэлсэн.

2012 онд шүүгчийн захирамж гарснаас хойш би мөнгө өгсөн. Б.******* эгчээр дамжуулж Ш.М эгчид өгч байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр очиж энэ талаараа хэлэхэд өгсөн баримтуудыг тань хасаж болно гэж хэлсэн. Тэгээд Б.******* эгчид та дансныхаа хуулгыг авчих, би дансныхаа хуулгыг авъя. Тэгээд дансаа тулгая гэж хэлсэн боловч алга болчихсон.

...Шүүгчийн захирамжийн дагуу мөнгийг төлсөн тул би нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 4,087,237 төгрөгийг төлөх ёсгүй гэж бодож байна

Тухайн үед Ш.М эгчээс бодитоор 8,000,000 төгрөг аваагүй. Тухайн мөнгийг Б.******* эгч авсан. Би Ш.М эгчээс мөнгө аваагүй учир төлөхгүй. Би Ш.М эгчид 4,087,237 төгрөгийг бүрэн төлж, гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 155/ШШ2022/01148 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.Д-аас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу Ш.М-т төлсөн 3,346,237 (гурван сая гурван зуун дөчин зургаан мянга хоёр зуун гучин долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 741,000 (долоон зуун дөчин нэгэн мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,346 (наян мянга гурван зуун дөчин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Д-аас улсын тэмдэгтийн хураамж 68,490 (жаран найман мянга дөрвөн зуун ер) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Д давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч А.Д-аас 3,346,237 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож шийдвэрлэлээ.

Дээрх шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 06-ны 125 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч А.Д, Б.******* нарын 8,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэх хариу тайлбарыг үндэслэн, тэднээс 8,000,000 төгрөг гаргуулж, Ш.М-т олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Б.******* нь дээрх 8,000,000 төгрөгийг Ш.Мөнхцэцэгээс зээлж аваагүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч түүний нэхэмжилсэн 8,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн талаараа хариу тайлбар гаргасан.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч Б.******* нь Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 125 дугаартай шүүгчийн захирамж гарснаар тухайн шүүгчийн захирамжид дурьдсан 4,000,000 төгрөгийг А.Д-аас шаардах эрх үүссэнийг анхаарч үзэлгүй, хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсноор шаардах эрх үүсэж байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна гэж шийдвэрлэсэн нь ойгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл Б.******* нь Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 125 дугаартай шүүгчийн захирамжийг хүлээж аваагүй, мэдэхгүй гэж тайлбарладаг хэдий ч энэ талаараа шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй ба тухайн үед шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй талаараа маргах боломжтой байсан боловч маргаагүй. Энэ нь тухайн шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож болох ба Ш.М-ээс дээрх мөнгийг авсан болох нь тогтоогдож байна.

Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ дээрх байдлуудыг харгалзан үзсэнгүйд хариуцагч би гомдолтой байна.

Иймд ...шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн бол шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх бөгөөд шүүхийн шийдвэр дээрх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлсөн 4,087,237 төгрөгийг хариуцагч А.Д-аас гаргуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч А.Д ...Шүүгчийн захирамж гарснаас хойш би Б.******* эгчээр дамжуулж Ш.М эгчид мөнгө өгч байсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн байна.

Анхан шатны шүүх ...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байдаг гэсэн үндэслэлээр хариуцагчаас 3,346,237 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 741,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь үндэслэл бүхий болоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь:

Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 125 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.М-ийн нэхэмжилсэн 8,000,000 төгрөгийг хариуцагч А.Д, Б.Ч нар төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Дээрх хуулийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, нэхэмжлэгч Б.******* нь тухайн хэргийн нэхэмжлэгч Ш.М-т 4,087,237 төгрөг төлсөн нь энэ хэргийн хариуцагч А.Д-ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

Учир нь уг захирамж гарах үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр Ш.М, хариуцагчаар Б.*******, А.Д нар оролцож, хариуцагч А.Д ...DXN компаний борлуулагчаар ажиллаж байхдаа Ш.М-ийн 8,000,000 төгрөгийг авсан, Б.*******т хамааралгүй гэсэн тайлбар, Б.******* нь ...М-ээс авсан 8,000,000 төгрөгийг Д-тай нийлж хохиролгүй болгож өгнө гэсэн тайлбар тус тус гаргасан байх ба хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Б.*******, хариуцагч А.Д нарын хооронд гэрээний болон гэрээний бус үүрэг үүсээгүй учир хариуцагчаас нэхэмжлэгч Б.*******ийн Ш.М-т төлсөн төлбөрийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч А.Д-ын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн 4,087,237 төгрөгийн маргааныг шийдвэрлэж байгаа атал шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг 4698368... гэж буруу бичсэн зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 155/ШШ2022/01148 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Д-т холбогдох 4,087,237 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,346 /наян мянга гурван зуун дөчин зургаа/ төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,490 /жаран найман мянга дөрвөн зуун ер/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                Л.ЭРДЭНЭБАТ

Б.СОСОРБАРАМ

 

 

 

 

.