Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 201/МА2023/00005

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, ерөнхий шүүгч З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 138/ШШ2022/01085 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******д холбогдох,

Бэлэглэлийн гэрээ болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, газрыг буцаан олгуулж, газар өмчлөх эрхийг сэргээлгэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Б.Хүрэлсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 11 сарын 22-ны өдөр төрсөн дүү болох *******тай 4025 тоот бэлэглэлийн гэрээ байгуулж ******* нэгж талбарын, ******* улсын бүртгэлийн дугаартай, Дорнод аймаг Хэрлэн сум 1-р баг, Равдангийн гудамжны ******* тоотын 1248 м.кв хэмжээтэй, гэр бүлийн хэрэгцээний газрыг түүнд бэлэглэсэн билээ. Дээрх газар нь ******* бидний болон аав, ээжийн амьдарч байсан хувийн орон сууц бүхий гал голомт болсон үл хөдлөх эд хөрөнгө юм. *******ын хүсэлтээр уг газар, хашаа байшинг засан тохижуулж, бусдад зарж худалдахгүйгээр өөрийн нэр дээр шилжүүлж авъя гэж шахаж шаардсаны дагуу эгчийн хувьд удмынхаа гал голомтыг маань залгуулж яваарай гэж захин өөрийн өмчлөлийн газраа бэлэглэсэн.  Гэтэл аав, ээжийнхээ нас барсны дараа өөрсдийн гал голомт болсон дээрх газрыг бусдад зарж үрж байгаа тухай сонсон туйлын ихээр гомдож байна. Зарж үрэхгүй додомдож авч явна гэсэн газрыг бусдад зарж борлуулан аав ээжийнхээ бурхан тахилыг хөсөр хаяж, сууц байшин, гэр доторх миний болон бусдын эд хөрөнгийг үгүй хийн гал голомтоороо тоглож тохуурхан доромжилж буйд хэлэх үг ч олдохгүй байна. Энэхүү газрын талаарх хүн чанаргүй, хууль бус үйлдлийн талаар дүү *******д удаа дараалан хэлж сануулахад өөдөөс дарамталж, доромжлон загнаж, зүй бусаар байнга харьцсан төдийгүй адаг сүүлдээ утсаа ч авахаа больж хаа байгаа нь мэдэгдэхгүй сураггүй алга болдог. Иймд бэлэглэгч миний эрх ашгийг дүү ******* нь үл ойшоон туйлын ихээр гомдоож өрх гэрийнхээ гал голомтоор тоглож дураар авирласан тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2-т заасан үндэслэлээр ******* миний 2019 оны 11 сарын 22-ны өдөр төрсөн дүү болох *******д бэлэглэсэн 4025 тоот бэлэглэлийн гэрээ, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож газрыг буцаан олгуулж, миний газар өмчлөх эрхийг сэргээн шийдвэрлэж өгнө үү. 

Бид эцэг эхээс тавуулаа. Аав, ээж маань амьдралынхаа сүүлийн жилүүдэд энэ газар дээр миний хоёр хүүхдийг хараад амьдарч байсан. 2019 оны 11 сарын 20-нд аавынхаа ажил явдлыг гаргасан. Энэ үеэр ах дүү нар маань бүгд цугласан байсан учир бид *******аас бусад нь одоогоор Дорнод аймагт байхгүй. ******* Дорнод аймагт ганцаараа, эхнэр хүүхэдгүй, орох оронгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байна. Энэ байдлыг нь харгалзаад энэ газраа *******д шилжүүлье гэж ярилцаад, би миний дүү гал голомтоо сайн сахина шүү. Хүнд ажил төрөл захисан байгаа. Тэр хүнтэй уулзаж ажил төрөлд ороорой. Гэр орноо сайхан өөд нь татаж яваарай. Хэдүүлээ энд тэндээс цуглахдаа энэ гэртээ л цуглана шүү дээ. Гал голомтоо сайхан авч яваарай гэж хэлж дүү *******д газраа өөрийн сайн дураар шилжүүлсэн. Би уг нь бэлэглэлийн гэрээн дээрээ зарж үрэхгүй гэсэн нөхцөл тусгая гэсэн боловч нотариатч бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн зүйлийг зарах нь байтугай барьцаанд ч тавьдаггүй шүү дээ гэж хэлж намайг тайвшруулсан. Тиймээс би ийм нөхцөл болзол тусгалгүйгээр гэрээгээ хийж, дүүдээ энэ газрыг шилжүүлсэн. Тэгэхэд ******* гэр орноо өөд нь татсан зүйлгүй, арчаагүй байдалтай амьдарч байсан. Тэгээд ах, дүү нараа ч гэртээ оруулахгүй, намайг залгахад утсаа авахгүй, эсхүл шөнө орой согтуугаар над руу залгаж элдвээр хэлж чаддаг юм бол шүүхдээд энэ газраа аваарай. Нэгэнт өгсөн юм бол би эргүүлж өгөхгүй гэх мэтээр маш их дарамталдаг байсан. Гэрээс зурагт, хөргөгч гэх мэт өөрт хэрэгтэй зүйлүүдээ авчихаад бусад нохой шувуу, бурхан тахилаа хаячихсан байсан. Үлдсэн юмнууд одоо ч байж л байгаа. 1248м2 талбайтай газрын 624м2 газрыг нь ******* гэж хүн нь авсан. Энхээлэй гэж хүний барилга барьчихаад үлдсэн 624м2 газрын гэрчилгээ нь гараагүй байгаа. Авсан хүмүүс нь орчихсон, байшин барьчихсан, манай үлдсэн юмнууд дээр өөрсдийнхөө юмыг хийчихсэн, юмаа ав ч гэхгүй эзэгнээд байж байна. Тиймээс бэлэглэлийн гэрээгээ хүчингүй болгож, өөрийн газраа нэр дээрээ авах хүсэлтэй байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хүрэлсүх шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа: *******ын хувьд зарж үрж болохгүй гэсэн шаардлагыг нь зөрчсөн, бэлэглэгчийг буюу нэхэмжлэгчийг удаа дараа ноцтой гомдоосон үйлдлүүдийг гаргасан зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрчүүдийн мэдүүлгээр болон нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар нотлогддог. 2019 оны 11 сарын 22-ны өдөр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээний 4.3-т Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол гэрээг хүчингүй болгохыг шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Түүнчлэн өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч өөрөө биечлэн ирж тайлбараа гаргах нь зөв зүйтэй байсан боловч яг үнэндээ үнэнд гүйцэгдэж, хэлэх үг нь олдохгүй учраас ирээгүй гэж ойлгож байна. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гаргасан гэдэг нь нотлогдож байна гэж үзэж байгаа учраас бэлэглэлийн гэрээ, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, газрыг буцаан олгуулж, газар өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой гэдэг үүднээс өмгөөлөгчийн хувьд байр сууриа илэрхийлж байна. гэжээ.

Хариуцагч ******* хариу тайлбартаа: ******* би эгч *******гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь 2019 оны 11 сарын 22-ны өдөр нэгж талбарын *******, улсын бүртгэлийн ******* дугаартай, Дорнод аймаг Хэрлэн сум 1 дүгээр баг, Равдангийн гудамжны ******* тоотын 1248 метр квадрат хэмжээтэй газрыг бэлэглэлийн гэрээгээр хариу төлбөргүйгээр шилжүүлсэн нь үнэн. ******* би эгч *******г гомдоосон ноцтой үйлдэл гаргаж байгаагүй бөгөөд дарамталж, доромжлон загнаж, зүй бусаар харьцсан зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн утга, агуулгаа тодорхойлохдоо бодит байдалд нийцээгүй, үнэн бодит бус байдлаар бичсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******д холбогдуулан гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4025 дугаартай бэлэглэлийн гэрээг болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, газрыг буцаан олгуулж, газар өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 745 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар хариуцагч *******ын өмчлөлд бүртгэлтэй, маргаан бүхий Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Равдангийн гудамжны ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* нэгж талбарын дугаартай 1248 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг бусдад барьцаалах болон шилжүүлэх, худалдах, өр төлбөрт шилжүүлэх зэргээр захиран зарцуулах ажиллагааг гүйцэтгэхгүй байхыг хариуцагч ******* бодонгууд овогт ******* //-д даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 138/ШЗ2022/02312 дугаартай захирамж нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж, ... шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: ... 1. ... Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, нотлох баримтаар өгсөн бэлэглэлийн 4025 дугаартай гэрээ, *******д 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүргүүлсэн мэдэгдэл, шаардлага, Дорнод аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гаргасан хүсэлт, газар өмчлөх эрхийн ******* дугаарын гэрчилгээ, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, газрын байршил кадастрын зураг, *******д бэлэглэсэн газрын болон газар дээрх хувийн орон сууцны гадна доторх байдлыг харуулсан фото зураг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, шүүхэд гаргасан хүсэлтүүд, шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, тайлбарууд зэрэг нотлох баримтууд, *******ын эгч, нэхэмжлэгч ******* намайг болон төрөл төрөгсдөө гомдоосон талаар болон бэлэглэлийн гэрээг өөрийн хүсэлтээр хийх болсон шаардлага, нөхцлийн талаарх гэрч , , нарын мэдүүлгүүдээр Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гаргасан тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхээ хэрэгжүүлэх хуулийн үндэслэлээр гомдоосон үйлдлийг хангалттай нотолсон байдаг.

Шүүхээс бэлэглэгчийг гомдоосон үйлдэл хийсэн нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцэхгүй бөгөөд шийдвэрийн үндэслэл хууль ёсны болоогүй гэдэг нь харагдаж байна.

2. Мөн шүүхээс Нэхэмжлэгч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд маргаан бүхий дээрх газрыг цааш нь бусдад шилжүүлэхгүй, зарж үрэхгүйгээр эцэг, эхийнхээ гал голомтыг залгуулан, гэр орноо өөд нь татаж авч явах гэсэн шаардлагыг тавьж газраа хариуцагч *******д бэлэглэсэн гэж тайлбарлаж, мөн гэрч , , нар энэ талаар мэдүүлдэг /хх 48-53 тал/ хэдий ч талуудын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ-нд энэ талаар тусгаагүй байна.

Тодруулж хэлбэл нэхэмжлэгч нь гэрээг байгуулах үед дээрх болзол шаардлагыг тавьж байсан бол энэ хүсэл зоригоо илэрхийлэн хуульд зааснаар нотариатчаар гэрчлүүлж байгуулсан бэлэглэлийн гэрээнийхээ 3.3-т тодорхой, ойлгомжтойгоор тусгах бүрэн боломжтой байсан.

Гэвч Бэлэглэлийн гэрээ-ний 3.3-т Бэлэглэгч бэлэглэж байгаа үл хөдлөх хөрөнгийг шилжүүлснээр бэлэг хүлээн авагчид болзол, тусгай зориулалт заасан эсэх: гэсэн хэсэгт өөрийн хүсэлтээр гэж бичсэнээс өөр ямар нэгэн болзол заагаагүй байна.

Иймд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарыг дээрх бэлэглэлийн гэрээг байгуулахдаа ...газрыг цааш нь бусдад шилжүүлэхгүй, зарж үрэхгүйгээр эцэг, эхийнхээ гал голомтыг залгуулан, гэр орноо өөд нь татаж авч явах... гэсэн болзлыг зааж хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. гэж дүгнэсэн нь хууль бус юм.

... Хариуцагчтай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэл-ийн 4025 дугаартай гэрээний 4.3-т Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн эсхүл бэлэглэгч, түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан тохиолдолд гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхтэй. гэж талуудын эрх үүргийг тодорхой заасан байдаг.

... Иргэний хуулиар бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол гэрээг хүчингүй болгохоор хуульчилсан бие даасан хуулийн зохицуулалт байдаг.

Харин ч гэрээний 4.3-т энэ нөхцөлд гэрээг хүчингүй болгох, 4.4-т Бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэг хүлээн авагч тал гэрээний зүйлийг бэлэглэгчид, эсхүл өвлөгчид буцаан олгох үүрэгтэй гэж давхар зааж эрх, үүргийг тодорхой заасан байна. Үүнийг шүүх орхигдуулсан, дүгнээгүй, үндэслээгүй нь нэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь харагдаж байна.

Бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдлийг гэрээний болзолд заавал тусгах шаардлагагүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс өөрийн хүсэлтээр шилжүүлсэн байдаг бөгөөд гэрээний хүчин төгөлдөр мөн эсэх дээр одоогоор ямар нэгэн маргаан гаргаагүй юм.

Харин Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэг, 4025 дугаартай бэлэглэлийн гэрээний 4.3, 4.4 дэх хэсэгт заасан эрх зүйн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа гаргаад байгаа бөгөөд бэлэг хүлээн авагч *******ын дээрх хууль, гэрээний үүргээ зөрчиж бэлэглэгч намайг гомдоосон хууль бус үйлдлийн үр дагаврыг арилгуулах, зөрчигдсөн эрхээ шүүхээр сэргээлгэх үндсэн зорилготойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан төдийгүй энэ талаар хангалттай нотолгоо гаргасныг анхан шатны шүүх өчүүхэн ч үнэлээгүй, хэрэгсээгүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. ...

3. Мөн анхан шатны шүүхээс Харин Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа хандлагаас хамгаалах эрхтэй. гэж заажээ.

Хуульд ийнхүү зааснаар маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч болсон ******* нь өөрийн өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж байгааг бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл байна гэж үзэх боломжгүй байхаас гадна энэ нь бэлэглэгийн гэрээг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй. гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр ..., хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор ..., өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр заасан хариуцагч ******* нь бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрх шилжүүлэн авсан этгээдийн хувьд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсгийн үүрэг хүлээж мөн гэрээний 4-р зүйлийн 4.3, 4.4 дэх хэсгийн зохицуулалтын хүрээнд бэлэглэгчийн эрхийг зөрчихгүй, гомдоохгүйгээр бэлэглэсэн газраа эзэмшиж, ашиглах ёстой байх тул шүүх нь хуулийн энэхүү зохицуулалтыг өрөөсгөлөөр дутуу дүгнэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдааг гаргажээ.

Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би айлын том хүүхэд. Би Сүхбаатар аймагт ажиллаж амьдардаг. Тэтгэвэрт гарах үедээ эргээд Дорнод аймагтаа ирнэ. Тиймээс би гал голомтоо сэргээж, өөрийн газраа авах хүсэлтэй байна. Анх энэ газрыг авсан үеэс эхлээд нэг ч удаа зарах талаар бодож байгаагүй. Би аавынхаа ажил явдлын үеэр дүүгээ хөөгөөд гаргах боломжтой байсан. Гэвч дүүгээ өрөвдөөд газраа үлдээсэн. Одоо ингээд өрөвдөөд өр рүүгээ өшиглүүлээд зогсож байна. Би маш их гомдолтой байна. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хүрэлсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... №4025 тоот бэлэглэлийн гэрээний талаар яригдаж байна. Анхан шатны шүүхээс тухайн гэрээний 3.3 дахь хэсэгт тусгай болзол-ыг тусгах ёстой байсан. Гэвч энэ хэсэгт тусгай заалт байхгүй байна гэж үзсэн байгаа. Бидний хувьд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох саналыг гаргаж байна. Бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдлийг удаа дараа гаргасан талаар гомдолд тодорхой дурдаж бичсэн байгаа. Нэхэмжлэгч ч гэсэн өөрөө тайлбар гаргаж байна. Шүүх дүгнэхдээ талуудын эрх үүрэг дээр анхаарах байсан. Бэлэг хүлээн авагчийн үүргийг тодорхой зааж өгсөн байгаа. ... Бэлэглэлийн гэрээний гол зүйл нь гомдоосон тохиолдолд хүчингүй болгох эрхтэй байхаар хуульд нарийвчлан зааж өгсөн байдаг. Үүн дээр заавал амь настай холбоотой асуудал гарсан байхыг шаарддаггүй. Уг нь ******* дүүтэйгээ зөвшилцөх гэж хэд хэдэн удаа оролдсон. Гэвч өөдөөс нь хэл амаар доромжилж, айлган сүрдүүлсэн үйлдэл гаргадаг байна. ... Бэлэглэгчийг гомдоосон үйлдлийг хангалттай гаргаж өгсөн гэж үзэж байна. Шүүхээс гомдоосон үйлдэл гаргасан гэж үзэхгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Бэлэглэлийн гэрээ болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, газрыг буцаан олгуулж, газар өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Бэлэглэгч миний эрх ашгийг дүү ******* нь үл ойшоон туйлын ихээр гомдоож өрх гэрийнхээ гал голомтоор тоглож дураар авирласан, газрыг зарж үрж болохгүй гэсэн шаардлагыг нь зөрчсөн, бэлэглэгчийг буюу нэхэмжлэгчийг удаа дараа ноцтой гомдоосон үйлдлүүдийг гаргасан. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гаргасан гэдэг нь нотлогдож байна. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй. ... гэж,

4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: ...******* би эгч *******г гомдоосон ноцтой үйлдэл гаргаж байгаагүй бөгөөд дарамталж, доромжлон загнаж, зүй бусаар харьцсан зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн утга, агуулгаа тодорхойлохдоо бодит байдалд нийцээгүй, үнэн бодит бус байдлаар бичсэн байна. ... гэж тус тус тайлбар гарган маргасан байна. /хх 26/

5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Равдангийн гудамж ******* тоот хаягт байршилтай, ******* нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1248 м.кв талбай бүхий өөрийн өмчлөлийн газрыг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн төрсөн дүү буюу хариуцагч *******д үнэ төлбөргүй шилжүүлэхээр харилцан тохиролцож, 4025 дугаар Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г бичгээр байгуулан нотариатчаар гэрчлүүлэн, мөн улсын бүртгэлд бүртгүүлж, бэлэг хүлээн авагч буюу хариуцагч *******д уг газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн үйл баримтууд тогтоогдсон байна. /хх 5/

 6. Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 04/581 дугаар албан бичгээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа-гаар хариуцагч *******ын /өмчлөгчийн/ хүсэлтээр 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бүртгэл салгаснаар 1248 м.кв талбай бүхий газрын хэмжээ өөрчлөгдөж хариуцагч *******ын өмчлөлд 624 м.кв талбай бүхий газар бүртгэлтэй байгаа үйл баримт тогтоогджээ.Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй. /хх 37-38/

7. Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ. Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийх бөгөөд дээрх гэрээг анхан шатны шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

8. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан гомдоосон гэдэг нь агуулгын хувьд тухайн этгээд буюу нэхэмжлэгч *******гийн нэр төр, алдар хүнд, нийгэмд болон гэр бүлийн хүрээнд эзлэх байр суурьт сөргөөр нөлөөлөхөөр үйлдэл гаргасан байх, уг үйлдэл нь ноцтойд тооцогдохыг ойлгоно. Бэлэг хүлээн авагч буюу хариуцагч ******* нь бэлэглэгчийн зөвшөөрөлгүй бэлэглэлээр хүлээн авсан 1248 м.кв талбай бүхий газрын 624 м.кв газрыг бусдад худалдсан гэсэн үндэслэл нь бэлэглэгчийг /нэхэмжлэгч *******г/ ноцтой гомдоосон, улмаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хуулийн агуулгын нөхцөлд хамаарахгүй байна. Нөгөө талаар бэлэглэгч ******* нь ... дүү ******* нь ... өрх гэрийнхээ гал голомтоор тоглож дураар авирласан, газрыг зарж үрж болохгүй гэсэн шаардлагыг нь зөрчсөн, ... гэсэн тайлбарыг гаргаж байгаа болов чиг хэрэв бэлэглэлээр шилжүүлсэн газрыг бэлэглэгчийн зөвшөөрөлгүй бусдад худалдсан тохиолдолд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох тухай тохиролцоо /заалт/-г зохигчдын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээнд заагаагүй байна.

9. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж заасан бөгөөд энэ тухай зохигчдын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заажээ. /хх 5/

 10. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

11. Иймд нэхэмжлэгч Б.Туяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

12. Нэхэмжлэгч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт зааснаар удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 138/ШШ2022/01085 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

З.ЭНХЦЭЦЭГ