Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 142/2016/01116/И |
Дугаар | 001/ХТ2017/00788 |
Огноо | 2017-06-13 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2017/00788
Д.Тунгалагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00045 дугаар шийдвэртэй,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 63 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Д.Тунгалагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч П.Эрдэнэцэцэгт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн, гоо сайхны бүтээгдэхүүний үнэ нийт 197 945 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч П.Эрдэнэцэцэгийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч П.Эрдэнэцэцэгийн гаргасан гомдлоор
Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Энхтөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Энхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний ээж Д.Тунгалаг нь 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэн П.Эрдэнэцэцэгт 100 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Ийнхүү зээлдүүлэхдээ Улсын бүртгэлийн Ү-2101016712 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р багт /Оюут дутуу барилгын ард/ байрлах 4 давхар худалдаа үйлчилгээний зориулалттай барилгыг барьцааны/ гэрээ байгуулж барьцаанд авсан ба энэхүү барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэтгэгдсэн. Гэтэл П.Эрдэнэцэцэг нь одоог хүртэл зээлийнхээ хүү болон үндсэн мөнгө, алдангиас нэг ч төгрөг төлөөгүй. Иймээс зээлийн гэрээ болон барьцааны гэрээний дагуу П.Эрдэнэцэцэгээс 100 000 000 төгрөг, түүний 6 сарын хүү 18 000 000 төгрөг, алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутам 0,5 хувь /271 хоног 590 000 төгрөг/ 159 890 000 төгрөг, түүний 50 хувь 79 945 000 төгрөг, нийт 197 945 000 төгрөг нэхэмжилж байх тул түүний барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2101016712 дугаартай Орхон аймаг, Баян-Өндөр сум, 2 дугаар багт байрлах 4 давхар худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын үнийн дүнгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Тунгалагаас 86 000 000 төгрөгийн зээл аваагүй. Харин өөрийн хэрэглэсэн 36 000 000 төгрөгийг төлнө гэжээ.
Хариуцагч П.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Орхон аймагт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд А.Орхонсайхан гэгч Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагч хийж байсан эмэгтэйд 2012 онд 72 000 000 төгрөг зээлдүүлсэн. 2013 оны 12 дугаар сарын сүүлээр Орхон аймгийн Жаргалант сум руу явж дүү П.Энхтайваны нэрээр итгэмжлэл хийлгэсэн ба тухайн үед А.Орхонсайхан нь ...манай намын таньдаг дүү байгаа юм... гээд итгэмжлэл хийлгэсэн. Ийнхүү удалгүй А.Орхонсайхан нь нөгөө мөнгө зээл өгөх хүн ирсэн байгаа, чи битгий олон юм яриарай, чимээгүй байж байгаарай, би яриад зохицуулсан байгаа гэж хэлээд тэр өдрөө буюу 2013 оны 12 дугаар сарын 24-нд Д.Тунгалагтай зээлийн гэрээ хийсэн. Зээлийн гэрээ хийх үедээ надад огт мөнгө зээлдүүлээгүй. Харин А.Орхонсайханы өр төлбөрийг надад шилжүүлж, миний дүүтэйгээ хамтран өмчилдөг Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалах гэж ийнхүү зээлийн гэрээ, барьцааны гэрээ хийсэн байна.
А.Орхонсайхан, Д.Тунгалаг нар нь миний үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээлийн гэрээгээр халхавчлан намайг хууран мэхэлсэн гэж үзэж байна. Учир нь энэхүү 86 000 000 төгрөгийн 50 000 000 төгрөгийг А.Орхонсайхан нь надаас тэр даруй залилан авсан болох нь Орхон аймгийн дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Угтаа 86 000 000 төгрөгийг авах хүсэлт надад огт байгаагүй, харин А.Орхонсайхан л тэр мөнгийг авах хүсэлтэй байсан болохыг сүүлд нь мэдсэн. Үүнээс үзвэл энэхүү зээлийн гэрээ нь миний хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, харин А.Орхонсайханы намайг залилан мэхлэх гэсэн гэмт санаа зорилго, Д.Тунгалагийн А.Орхонсайханаас авах барьцаагүй авлагаа барьцаатай болгох гэсэн санаа зорилгоос үүдэлтэй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймээс Д.Тунгалагийн надтай 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Жаргалант суманд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч талаас хариуцагч П.Эрдэнэцэцэгийн сөрөг нэхэмжлэлтэй танилцсан ба уг нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00045 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч П.Эрдэнэцэцэгээс 144 480 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Тунгалагт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 614 193 төгрөгийг, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 147 675 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч П.Эрдэнэцэцэгээс 880 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Тунгалагт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан хариуцагчийн хөрөнгийг битүүмжилсэн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 4147 дугаар шүүгчийн захирамжийг энэ хэрэгт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 63 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч П.Эрдэнэцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар хойшлогдсон болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч П.Эрдэнэцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хэрэгт Д.Тунгалаг нь надад 100 000 000 төгрөгийн зээлийн гэрээ авагдсан байх ба энэ нь надад мөнгө зээлэх хүсэл зориг байгаагүй, уг мөнгийг надад шилжүүлээгүй. Энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн алдааг залруулалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.
Маргаан бүхий зээлийн гэрээг хариуцагч хэдийгээр Д.Тунгалагтай зээлийн гэрээ байгуулсан байх боловч гэрээний эрх зүйн харилцаанд оролцох хүсэл зориг байгаагүй, зөвхөн А.Орхонсайханаас өмнө зээлсэн зээлийн төлбөрөө л авч байна гэж ойлгож төөрөгдөлд орсноос болсон тухайгаа удаа дараа тайлбарласан ба энэ тухай ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар П.Эрдэнэцэцэг би А.Орхонсайханы хэргийг шийдвэрлэсэн тухай шийдвэрийг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн шүүх тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг ноцтой зөрчсөн. Шүүх хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу хэргийн бодит байдлын талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтуудад тулгуурласан, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Тунгалагийн төлөөлөн нэхэмжлэгч Е.Энхтөр хариуцагч П.Эрдэнэцэцэгээс 197 945 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зээлийн үүрэгт 16 617 235 төгрөг, гоо сайхны бүтээгдэхүүний үнэ 6 317 972 төгрөг, нийт 155 094 193 төгрөгийг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг, хариуцагч П.Эрдэнэцэцэг нь 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Нэхэмжлэлийн үндэслэл болох 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлж бичгээр байгуулагдсан, гэрээний дагуу хариуцагч нь 86 000 000 төгрөгийг хүлээн авсан байх ба уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтаар хариуцагчаас үндсэн зээл 86 000 000 төгрөг, хүү 15 480 000 төгрөг, алданги 43 000 000 төгрөг, нийт 144 480 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан нөхцөл, шаардлагад нийцжээ.
Зээлийн гэрээнд зээлдүүлэгч, зээлдэгчийн байдал тодорхой тусгагдсан, зээлийн хэмжээ, зээлийн хүү, хугацаа, үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд алданги төлөх талаар зааж, гэрээний тохиролцоог ойлгомжтой тодорхойлсон байна. Хариуцагч нь гэрээний дагуу 86 000 000 төгрөгийг хүлээж авсан, авсан зээлээ гэрээнд заасан нөхцөлийн дагуу буцааж төлөх үүрэгтэй болно. “...Зээл авах хүсэл зориг байгаагүй, гэрээг байгуулахдаа хуурч мэхэлсэн, зээлийн мөнгөнөөс 50 000 000 төгрөгийг А.Орхонсайхан авсан тул хариуцахгүй” гэх хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, шүүх энэ талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтийг хийжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.Тунгалагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Энхтөр, хариуцагч П.Эрдэнэцэцэг нар маргааны талаар эвлэрч, хариуцагч нь 150 000 000 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрсэн тул Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 536 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байжээ. Уг захирамжид хариуцагч гомдол гаргаж, Орхон аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 73 дугаар тогтоолоор захирамжийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан байна. Энэ хугацаанд П.Эрдэнэцэцэг, Э.Пүрэвсүрэн нарт холбогдох зээлийн болон барьцааны гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох П.Энхтайваны нэхэмжлэлийг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 276 дугаар шийдвэрээр шийдвэрлэж, ...барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон байна. Шүүх дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байх ба шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн хариуцагчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00045 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 63 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 880 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА