Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2019/0069

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 01 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0069

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

Э.Б нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Э.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, Б.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 128/ШШ2018/0692 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах гомдлоор, Э.Б нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн “Ажлаас халах тухай” Б/35 дугаар захирамжийг хүчингүй болгож, Э.Б Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын ажилд эгүүлэн томилж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт .......... төгрөгийг гаргуулж, түүнээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутган дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 128/ШШ2018/0692 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 25 дугаар зүйлийн 25.1.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн “Ажлаас халах тухай” Б/35 дугаар захирамжийг хүчингүй болгож, Э.Б Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын ажилд эгүүлэн томилж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт ........... төгрөгийг гаргуулж, түүнээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутган дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Төвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12-т “Эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох” гэж заажээ.

Гэтэл шүүх Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан төсвийн шууд захирагч Э.Б төсвийн ерөнхийлөн захирагч хэмээн ойлгож, төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрэн эрх болох Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12-т заасан төсвийн шууд захирагчийн бүрэн эрх хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Зүй нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга бөгөөд Төсвийн шууд захирагчийн бүрэн эрх нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9-д “Дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох” гэж заасан бөгөөд дээд шатны төсвийн ерөнхийлөн захирагч Нийслэлийн Засаг дарга доод шатны төсвийн шууд захирагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Б тус агентлагийн бүтцийг өөрчлөн батлах зөвшөөрөл олгоогүй, ийм нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Өөрөөр хэлбэл Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлтэй нийцэхгүй, 16 дугаар зүйлд заасан дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрөлгүйгээр байгууллагын бүтцийг батлах эрх олгогдоогүй бөгөөд ийм зөвшөөрөл ч хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Зарим агентлагийн бүтэц батлах тухай” А/635 дугаар захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 03/742 дугаар албан бичигт дүгнэлт хийсэн.

Шүүх “...Нийслэлийн Засаг дарга 2016 оны А/635 дугаар захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай 08 дугаар тогтоолыг үндэслэсэн боловч тус агентлагт орлогч дарга 1 байхаар баталсан нь Засгийн газрын тогтоолыг зөрчсөнийг дурьдах нь зүйтэй” гэжээ.

Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 03/742 дугаар албан бичиг нь байгууллагын үйл ажиллагааны талаарх “хангалттай” гэсэн үнэлгээг “хангалтгүй” гэж өөрчилсөн нь Захиргааны ерөнхий хуулийн зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж маргаан бүхий 2018 оны Б/35 дугаар захирамжаас хэтэрч маргаагүй 2016 оны А/635 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын үнэлгээг өөрчилсөн 2018 оны 03/742 дугаар актад дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, утга агуулгын илэрхий алдаатай дүгнэлт хийсэн.

Э.Б 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/46 дугаар тушаалын бүтэн 2 жил өнгөрсний дараа нэхэмжлэгчийг буруутгасан, өөрөөр хэлбэл зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн гэжээ. Мөн энэхүү бүтцийг батлахдаа Төсвийн хуулийг зөрчөөгүй, /зөрчил биш/ гэж үзсэн атлаа дараагийн хэсэгт зөрчлийг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн гээд бүтэц баталсан тушаалыг зөрчил хэмээн үзсэнээрээ утга агуулгын илэрхий алдаатай дүгнэлтийг хийжээ.

Өөрөөр хэлбэл шүүх нэг болохоор уг бүтцийг батлах нь Төсвийн хуулийг зөрчөөгүй “зөрчил биш” гэж үзээд байгаа юм шиг, нөгөө талаас “зөрчил мөн” боловч уг бүтцийг баталсан тушаал нь батлагдсанаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн хэмээн “зөрчил мөн, эсвэл биш” гэж нэг дүгнэлтээ нөгөө дүгнэлтээрээ үгүйсгэж, утга агуулгын илэрхий алдаатай дүгнэлт хийжээ.

Мөн энэхүү зөрчил нь үргэлжилсэн шинжтэй, уг захирамжийг зөрчиж гаргасан тушаал нь хэрэгжсэн хэвээр байсан тул энэ тохиолдолд 6 сар гэсэн хугацааг хамааруулж авч үзэх шаардлагагүй юм.

Тендерийн хууль тогтоомж зөрчсөн нэхэмжлэгчийн үйлдэлд шүүх дүгнэлт хийхээс зайлсхийсэн. Үүнд:

Тендерийн төсөвт өртгийг хувааж, хэдэн тендер шалгаруулалт зохион байгуулсан;

“Хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгосон компаниудын баримт бичиг шаардлагад нийцсэн эсэх;

Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг тендерт оролцогчдод нэгэн зэрэг хүргүүлж байсан эсэх;

Цахим тендер шалгаруулалтын үр дүнгийн мэдээллийг цахим хуудаст бүрэн оруулдаг эсэх;

Нэхэмжлэгч дээрх зөрчлүүдийг гаргасан болохоо өөрөө хүлээн зөвшөөрч, би энэхүү зөрчлүүдийг арилгах талаар зөвхөн санал, төлөвлөгөө Сангийн яаманд хүргүүлсэн гэснийг хүлээн авч, шийдвэр гаргаж байгаа хэрнээ нэхэмжлэгчийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журам, заавар зөрчсөн үйлдэлд нь дүгнэлт хийхгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын хэрэглэнэ” 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцэхгүй байна. Ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн.

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 8 дугаар тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “хангалтгүй биелүүлсэн” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно гэж заасан байдаг.

Гэтэл Э.Б ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үндсэн чиг үүрэг болох төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналтыг хэрэгжүүлж ажилласан эсэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж ажилласан тал дээр огт дүгнэлт хийгээгүй.

Нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2018 оны 3 дугаар сарын 1-ий өдрийн Б/35 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Маргаан бүхий захирамжаар бүтэц дур мэдэн өөрчилсөн, тендерийн хууль тогтоомжийг хэрэгжүүлдэггүй, төсвийн хуульд заасан худалдан авах ажиллагааны холбогдох заалтыг зөрчсөн хэмээн “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр ажлаас халсан бөгөөд нэхэмжлэгчээс “ямар нэгэн хууль зөрчөөгүй” гэж маргасан. Гэтэл нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үндсэн чиг үүрэг болох тендерийн хууль тогтоомжийг зөрчсөн талаар хариуцагчийн захирамж болон холбогдох байгууллагын шалгалт, албан бичгүүдэд тусгасаар байтал шүүх анхаарч үзээгүй болно.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.3, 13.1.4-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь хуулиар хүлээсэн чиг үүргээ бүрэн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсны дагуу Нийслэлийн Засаг дарга Э.Б төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон гэж үзэн ажлаас халсан нь хууль зүйн үндэслэл бүхий болсон.

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журам, зааврыг зөрчсөн нэхэмжлэгчийн үйлдэлд шүүх дүгнэлт хийхээс зайлсхийсэн, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, утга агуулгын илэрхий алдаатай дүгнэлт хийсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/635 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 03/742 дугаар албан бичигт дүгнэлт хийсэн Нийслэлийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр захирамжаар баталсан бүтцийг өөрчилсөн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журам, заавар зөрчсөн нь хангалттай нотлогдсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Маргаан бүхий захиргааны актад дурдсан “зөрчил, дутагдал”-ууд нь нэхэмжлэгчийг төрийн албанаас халах хэмжээний үр дагаварт хүргэхээргүй, зарим нь нэхэмжлэгчид хамааралгүй байгаагаас гадна нэхэмжлэгчийг шууд буруутгаж, төрийн албанаас халах хангалттай үндэслэл тогтоогдсонгүй.

1.Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамжийн хавсралтаар Худалдан авах ажиллагааны газрыг 4 хэлтэстэй, орон тооны дээд хязгаарыг 35 хүртэл албан хаагчтай байхаар баталсантай холбогдуулж нэхэмжлэгч Э.Б нь тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа буюу мөн оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/46 дугаар тушаалаар 3 хэлтэс, 35 албан хаагчтайгаар газрын бүтэц, орон тоог тогтоосныг давж заалдах гомдолд дурдсанчилан төсвийн шууд захирагч болох нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд халдсан гэж үзэхээргүй байна.

Учир нь дээрх тушаалаар хариуцагчаас тогтоосон бүтэц, орон тооны дээр хязгаарыг хэтрүүлээгүй, хэдийгээр Засаг даргын захирамжаар баталсан “Мэдээллийн технологийн хэлтэс”-ийг тусгайлан бүтцийн нэгж байдлаар байгуулаагүй ч энэ чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэжилтэнгүүд байгаагаас гадна хэлтсийн даргын буюу удирдах албан тушаалтны орон тоог цөөрүүлжээ.

Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12-т заасан эрх нь төсвийн ерөнхийлөн захирагч буюу Нийслэлийн Засаг даргад хамаарах боловч байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох шаардлага нь “үйл ажиллагааны үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх, ажлын ачааллыг нягтруулах, чиг үүргийн давхардлыг арилгах” зорилготой байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн баталсан бүтцийг хариуцагчийн хуулиар олгогдсон эрх хэмжээнд халдсан, эрхээ хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Б гаргасан “…Худалдан авах ажиллагааны цахим системийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрхлэн явуулдаг бөгөөд энэхүү системийг бусад байгууллагын нэгэн адилаар манай байгууллага тендер зохион байгуулахдаа ашигладаг учраас Мэдээллийн, технологийн хэлтсийг дагнан байгуулах шаардлагагүй гэж үзсэн...” гэх тайлбарыг ч үгүйсгэх боломжгүй. 

Э.Б Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Худалдан авах ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон, иймд үүрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа үнэхээр л хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр байгууллагын бүтцийг дур мэдэн өөрчилсөн гэж нэхэмжлэгчийг буруутгах тохиолдолд цаг хугацааны хувьд түүнийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Б/23 дугаар захирамжаар жинхлэн томилох бус, харин ч энэ үндэслэлээр чөлөөлөх эрх хариуцагчид байсан, мөн бүтцийг өөрчлөх шаардлагыг өмнө нь тавьж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна. 

Харин “…Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээр хязгаарыг баталсан Засаг даргын 2016 оны А/635 дугаар захирамжаар Худалдан авах ажиллагааны газарт орлогч дарга 1 байхаар баталсан нь “Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолыг зөрчсөн” гэсэн гүйцэтгэлийн аудитын тайланд тусгагдсан дүгнэлтийг чухам ямар үндэслэлээр шүүхийн шийдвэрт дурдсан нь ойлгомжгүй, гэхдээ энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах болохгүй” гэсэнтэй зөрчилдөөгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй Засаг даргын дээрх захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар шүүхийн шийдвэрт дүгнээгүй байна.

Түүнчлэн “…бүтэц баталсанаараа Нийслэлийн Засаг даргын захирамжийг зөрчөөгүй, Төсвийн тухай хуульд нийцсэн…” гэж дүгнэсэн атлаа “…2 жилийн дараа уг тушаалыг үндэслэн нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гарснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг хариуцагч зөрчсөн” гэсэн нь хоорондоо зөрчилдсөн дүгнэлтүүд байх бөгөөд энэ талаарх давж заалдах гомдлыг үгүйсгэхээргүй боловч шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

2.“Хариуцсан ажлын чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй” гэж нэхэмжлэгчийг буруутгасан хирнээ нийслэлийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хурлаар Худалдан авах ажиллагааны газрын ажлын үр дүнг “хангалттай” гэж үнэлсэн болох нь тус өдрийн хурлын тэмдэглэлд тусгагджээ.

Харин Засаг даргын Тамгын газрын дарга М.О 2018 оны 03/742 дугаар албан бичгээр дээрх үнэлгээг ямар үндэслэлээр “хангалтгүй” гэж залруулсан нь ойлгомжгүй, ийнхүү үнэлгээг өөрчлөх болсон шалтгаан нь тодорхойгүй, холбогдох нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөн өдрийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс үзэхэд ч нийслэлийн нутгийн захиргааны нийт 81 байгууллагын үл ажиллагаанд “бүрэн хангалттай”, “хангалттай”, “ажил сайжруулах шаардлагатай” гэсэн 3 төвшний үнэлгээ өгсөн байгаагаас дүгнэхэд “хангалтгүй” гэсэн үнэлгээ байдаг эсэх нь тодорхойгүй байна.

3.Сангийн яамнаас нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2016-2017 онд худалдан авах ажиллагааг зохион байгуулсан байдалд хийсэн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хяналт шалгалтын танилцуулгын дагуу нэхэмжлэгч Э.Б 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/117 дугаар тушаалаар дүгнэлт, зөвлөмжөөр өгөгдсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх, хариу мэдэгдэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулснаас гадна мөн оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 01/1507 дугаар албан бичгээр зөрчил, дүгнэлттэй холбоотой мэдээллийг цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналын хамт Сангийн яаманд хүргүүлсэн зэрэг нь тушаалын нэг үндэслэл болсон “хяналт шалгалтаар тогтоогдсон зөрчлүүдийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авч, тайлагнах талаар санаачилгатай ажиллагаагүй” гэснийг үгүйсгэх үндэслэлд хамаарна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар захиалагч тендерийн үнэлгээний хороог байгуулах эрхтэй, иймд дээрх танилцуулгад тусгагдсан үнэлгээний хорооны гишүүдэд зарим тохиолдолд хөндлөнгийн төлөөллийг оролцуулаагүй гэх зөрчилтэй холбогдуулан нэхэмжлэгчийг буруутгаж болохоос бус бусад дийлэнх зөрчлүүд нь тухайн үед байгуулагдсан үнэлгээний хорооны үйл ажиллагаатай холбоотой байна.

Хуулийн 42.2.2-т зааснаар Худалдан авах ажиллагааны газрын даргын хувьд тендерийн үнэлгээний хорооны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, цаашлаад гаргасан шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрх хэмжээгүй талаар шүүхийн шийдвэрт хангалттай дүгнэсэн байх давж заалдах гомдолд дурдсанчлан “тендерийн хууль тогтоомжийг зөрчсөн нэхэмжлэгчийн үйлдэл”-д анхан шатны шүүх дүгнэлт хийхээс зайлсхийсэн гэх гомдол үндэслэлгүй.

Сангийн яамны хяналт шалгалтын танилцуулгад тусгагдсан үндэслэл бүрт шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй, энэ талаар талууд маргаагүй болохоос гадна зарим зөрчил нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийг томилогдохоос өмнөх асуудлууд байгааг хариуцагч анхаарч үзэхээргүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 128/ШШ2018/0692 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН