Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 201/МА2023/00007

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 138/ШШ2022/01006 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын хүсэлттэй,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохиролд 100 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Ням-Очирын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1995 онд Дорнод аймгийн ******* суманд ээж, ах, дүү нартайгаа амьдардаг байсан жирийн нэг иргэн. Цэргийн албанаас халагдаж ирээд түр зуур ажилгүй байсан. 1995 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 13.00 цагийн орчим тус суманд иргэн *******ыг ухаан алдуулан унагааж, уурын зууханд хийн шатааж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг гарсан. Энэ гэмт хэрэгт намайг сэжиглэн шалгасан. Би 1995 оны 02 дугаар сард уурын зуухнаас 2 шуудай нүүрс авч гэр лүүгээ хариад байж байтал удаагүй 2 цагийн дараа цагдаа ирээд, намайг захиргаан дээр аваачиж байцаасан. Тэнд 3 хонуулаад аймаг руу авч явсан. Аймагт 2, 3 хоног гадуур байцааж байгаад мөрдөнд хийсэн. Намайг 1995 оны 03 дугаар сараас эхлэн сэжигтнээр цагдан хорьсон. Мөрдөнд 7, 8 хонуулаад гаргасан. Ер нь л мөрдөнд оруулж, гаргаад л байсан. Чи мэдэх ёстой, чи харсан байх ёстой. Чи нуун дарагдуулж байна. Үгүй бол чи өөрөө оролцсон байх ёстой гэж намайг байнгын тулгаж байцааж байсан. Тэгээд Улаанбаатар хотоос ******* хурандаа 4 хүнтэй ирсэн. Тэр хүмүүс намайг өдөржин Цагдаагийн газар дээр байцааж байгаад, буудал руугаа авч явж хонон өнжин байцаасан. Намайг өөр өрөөнд оруулаад бал цаас өгч заавал тодорхой зүйл бич. Чамд мэдэх зүйл байгаа гэж хүчирхийлж цоожилсон. Надад мэдэх зүйл байхгүй гэдгээ хэлээд юм бичээгүй байсан. Тэгэхэд намайг гар, хөлийн булчин руу минь хөдөлгөөнгүй болтол зодсон. Гар, хөлийг минь мушгиж дарамталж байсан. Ийм байдлаар тэндээ цоожилж хонуулаад өглөө нь Цагдаагийн газарт аваачиж мөрдөнд хийчихээд Орос руу явсан. Орос руу яваад 5, 6 хоноод ирсэн. Тэр хооронд миний байсан камерт 3 хүн оруулсан. Тэр 3-н хүн хүртэл чамайг авч явна гэж байна лээ. Мэддэг зүйл байгаа бол хэлсэн нь дээр. Хэлэхгүй бол чамайг ганц худагт аваачаад хорьчихвол хэцүү шүү гэх мэт дарамт шахалт маш их байсан. Мөрдөнгийн цагдаа нар ч мөн алуурчин минь тэг, ингэ гэж байнгын шээсний хувин зөөлгөж байсан. Аймагт гадуур байцаагдаж байхдаа айлын пинд байдаг байсан. Хүдэрчулуун хурандаа оройн 9, 10 цагийн үед гэр лүүгээ харьдаг. Тэр хүртлээ намайг байлгаж янз бүрийн ажилд зарна, оргосон хүн бариулах гэж шөнө дагуулж явдаг, коридорт буруу харуулаад зогсоочихдог байсан. Өдөр хоол унданд явна гэж байхгүй. Нэг талх халааслаад өдөржин цагдаа дээр байдаг байсан. Мөрдөнд орох болгондоо хувцсаа булаалгаж, бөөстэй хувцастай гарч ирдэг байсан. Орой нь хаана очиж унтах билээ гээд бас нэг асуудал. Манай ар гэрийнхэн үхэр зараад хувцас хунар, хоол хүнс гээд ойр зуурын юм дөхүүлж, мөнгө төгрөг зарлагадаж л байсан. Улаанбаатар хот руу авч явахын өмнө сахилгад 3 хоног байлгаж, өглөө эрт ачилгын хүмүүстэй хооронд нь гавлаад авч явсан. Хоол ундгүй өдөржин яваад маргааш өдөр нь хотод очиж байсан. Улаанбаатар хот руу аваачиж Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт 3 хоног хорьсон. Би Улаанбаатар хотод нэг сар болсон. Энэ хугацаанд мөн л аймагт байдаг шиг цагдаа дээр өглөө очоод орой хүртэл байдаг байсан. Манай эгч болон хамт явсан Мэндбаяр, Энхтүвшингийн аав гэх мэт ар гэрийнхэн араас хотод очиж байсан. Сэтгэл санааны маш их дарамтад орж байсан. Мөн эд хөрөнгө, зардал гаргасан. Гэмт хэрэг үйлдсэн хүн илэрч гэм буруутай нь тогтоогдсон тухай би саяхан мэдсэн ба үүнээс хойш байдал гайгүй болсон хэдий ч тухайн үеийн айдас дарамт сэтгэлд минь хургаж хэцүү байдаг. Гэмт хэрэгт шалгагдаж байхад сум орон нутгийн иргэд ******* хүн алсан гэнэ, шалгагдаж байгаа гэж цуу яриа тараад би сумандаа очихоос ч айдаг болсон. Ид сайхан 24 насандаа гэмт хэрэгт шалгагдаад би хүнтэй гэрлэж ч чадаагүй. Нэг ёсондоо энэ хэрэгт шалгагдан бүх л насаараа золиос болж хохирсон. Одоо би нутагтаа амьдардаггүй. Улаанбаатар хот, Дорнод аймагт айл амьтны хаяа бараадаж, тус дэм болж явдаг. Миний хувьд өөрийн гэсэн гэр оронгүй, ажилд ч орж чадаагүй. Тиймээс би 1995 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэн *******ыг алсан хэрэгт шалгагдан бүхий л насаараа хохирч яваа тул хууль бусаар хоригдсон, шалгагдсан, эрхээ хязгаарлуулж байсан болохоо тогтоолгож, намайг үндэслэлгүй сэжиглэн шалгаж, хорьж байсан үйлдэлтэй холбогдуулан өөрт учирсан сэтгэл санааны хохирлыг 100 000 000 төгрөгөөр үнэлэн төрөөс нэхэмжилж байна. Би 21 хоног цагдан хоригдсон. Цагдан хоригдсон 21 хоногийн нөхөн төлбөр 100 000 000 төгрөгт багтаж байгаа бөгөөд мөнгөн дүнг нарийн тооцож гаргаагүй. гэжээ.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг болон бусад төлөөлөгч нарыг төлөөлж ******* тайлбартаа: Гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын хувьд нэг санал, байр суурьтай байгаа учир миний бие төлөөлөөд тайлбар хэлье. Сая нэхэмжлэгч 1995 онд болсон үйл явдлын талаар ярьж байна. Энэ гэмт хэргийг Монголын цагдаа нар илрүүлж, ******* энэ хэрэгт холбогдолгүй болсон. Тухайн үед болсон үйл явдал, хэргийг мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор миний сэтгэл санаанд хохирол учирсан, энэ хохиролд 100 000 000 төгрөг нэхэмжилж байгаа гэж байна. Өнөөдөр нэхэмжлэгчид сэтгэл санааны ямар хохирол учирсан юм бэ, үүнийг 100 000 000 төгрөгөөр үнэлэх нь үндэслэлтэй юм уу гэдэг асуудлаар шүүх хуралдаан хийгдэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байхаар заасан. Тиймээс нэхэмжлэгчийн хувьд миний сэтгэл санаанд ийм ийм хохирол учирсан, энэ хохирлоо би ийм ийм баримтуудад үндэслээд нэхэмжилж байна гэх байдлаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Энэхүү нотлох үүргээ нэхэмжлэгч нь хэрэгжүүлээгүй байна гэж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс үзэж, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1-д эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана гэж заасан. Иргэний журмаар нэхэмжилж байгаа нь зөв боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан. Хуульд заасан тохиолдолд гэж заасан байгаа нь мөн л Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуультайгаа холбогдож байгаа. Өнөөдөр сэтгэл санаанд нь ямар хохирол учирчихаад, үүнийгээ ямар шалгуураар үнэлээд 100 000 000 төгрөг нэхэмжлээд байгаа юм бэ гэдгийг тогтоосон баримтууд нь байхгүй байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирлын хэмжээг тодорхойлсон баримт нь байхгүй, зүгээр л 100 000 000 төгрөг гээд биччихсэн. Хэргийн материалд нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт нь авагдаагүй байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хоёрдугаарт, өнөөдөр энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг төлөөлж Цагдаагийн газрын албан хаагчид оролцож байгаа хэдий ч цагдаагийн албан хаагч гэдгээр биш гуравдагч этгээдийн буюу Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгч гэдэг байр сууринаас энэ асуудалд хандаж байгаа шүү гэдгээ хэлье. Нэхэмжилж буй энэ мөнгө нь Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гардаг. Энэ сан нь та бидний буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрддэг. Нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдож, шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд энэ нөөц сангаас олгогддог. Өнөөдрийн хэргийн хувьд энэ 100 000 000 төгрөгийг юунд үндэслэж гаргасан, сэтгэл санаанд ийм хэмжээний хохирол учирсан гэдгээ нотолж чадаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ******* бичгээр гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч нь тухайн гэмт хэрэгт хууль бусаар шалгагдсаны улмаас сэтгэл санааны байдал нь хүнд байсан, мөн 23 жилийн турш сэжигтнээр тооцогдож байсан байх тул сэтгэл санааны хохирлыг төр барагдуулах ёстой гэж үзэж байна. гэжээ.

4.Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

- Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1-д тус тус заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 10 001 341 /арван сая нэг мянга гурван зуун дөчин нэгэн/төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 89 998 659 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 9, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,... шийдвэрлэжээ.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Ням-Очир давж заалдах гомдолдоо: ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байхаар заасан.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн холбогдсон хэргээс болж нутаг орныхон дунд гэмт хэрэгтэн нэр зүүсний улмаас аргагүйн эрхэнд олон жил амьдарсан нутгаа сольсон, цагдан хоригдож байх хугацаандаа зодуулж дарамтлуулж эрүүл мэндээр хохирч улмаар ажил хийх чадваргүй болсон, ид хорин хэдэн насандаа гэмт хэрэгтэн гэж дуудуулсны улмаас гэр бүл зохиож чадаагүй тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч *******ын дээрх тайлбарыг няцаах баримт байхгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд эрүүгийн хэрэгт холбогдсоноос болж дээрх нөхцөл байдал үүссэн гэдгийг нотолсон баримт мөн байхгүй.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилж байгаа төлбөрүүдийг юунд үндэслэн гаргасан, хэрхэн тогтоогдож байгаа талаар баримт байхгүй, эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас алдар нэр, эрүүл мэнд, сэтгэл санааны ямар хохирол учирсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд шүүхээс хангаж шийдвэрлэсэн төлбөрийн хэмжээг юунд үндэслэн гаргаж буй нь тодорхойгүй байна.

Дээрх нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэсэн заалтыг зөрчиж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: ...*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан сэжигтнийг албадан саатуулсан тухай тогтоол, гэрч, сэжигтнээр байцаасан тэмдэглэл 5 удаа, 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн гадагш явахгүй байхаар баталгаа гаргасан тогтоол, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн прокурорын 5/01 тогтоол, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн прокурорын хариу мэдэгдэх хуудас, гэрч нарын мэдүүлэг зэргээр гэмт хэрэгт сэжиглэгдсэн, 23 жил, 5 сар, 06 хоногийн хугацаагаар сэжигтнээр тооцогдон, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан баримтууд нь хангалттай нотлох баримт гэж үзэх үндэслэл болох юм.

Эдгээр нотлох баримт нь онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэн улмаар 23 жил, 5 сар, 06 хоног сэжигтэн хэвээр таслан сэргийлэх арга хэмжээ авагдан, гэмт хэрэг үйлдээгүй байж урьдчилан хорих төвд саатуулагдсан гэмт хэрэг үйлдээгүй хүний хувьд хэдий хэмжээний эрүүл мэнд, алдар хүнд, сэтгэл санаагаар хохирсон байх вэ гэдгийг тодорхойлж чадах нотлох баримт гэж үзэж байна.

Дээр дурдсан баримтад үндэслэж нэхэмжлэгч ч өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн, шүүхээс ч нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж үндэслэлтэй шийдвэр гаргасан. Зөвхөн *******ын хувьд хүнд гэмт хэрэгт 21 хоног хоригдож биеэр тэр зовлон бэрхшээлийг амссан тухайгаа шүүхэд тайлбарладаг. Харин ч шүүх, прокурорын шийдвэргүйгээр удаа дараа цагдаагийн байгууллага 72 хоногоор саатуулан баривчлахдаа хууль зөрчин эрх бүхий албан тушаалтны шийдвэргүй цагдан хорьж хүний эрхийг ноцтой зөрчиж байсан болох нь тодорхой байна. ******* нь эрүүгийн хавтаст хэргийн материлаас өөрийг нь албан ёсны шийдвэргүй хорьж байсан болохыг мэдсэн хэдий ч энэ талаар ямар нэгэн асуудал үүсгэж гомдол гаргаагүй өнгөрч байхад төр нь уучлалт гуйх биш улам тавлан нотлох баримтгүй байхад шүүхээс шийдвэрлэсэн гэж гомдол гаргаж байгаад нь сэтгэл өвдөж байна.

Монгол улсын төр, Засгийн газар Үндсэн хуульд заасан хүний эрхийг зөрчиж байгаа асуудал зөвхөн ******* жишээ биш боловч хүний алдар хүнд, нэр төр, сэтгэл санааны хохирлыг хэмжих маш тодорхой, яг таг шийдэх эрх зүйн зохицуулалт гаргаагүй байсан нь иргэдийг хохироох үндэслэл биш. Харин ч энэ талын зохицуулалтаа гаргаад хаа хаанаа хариуцлагажуулж байсан бол өнөөдөр ******* гэх иргэн сэтгэл санааны хохирлоо үнэлсэн нотлох баримт байхгүй гэж хэлэгдэж суухгүй л байсан юм.

Төр харин сэтгэл санааны хохирлыг хэрхэн, яаж үнэлэх вэ гэдгийг мөрдөг болгон баримтлах хууль тогтоомж, журам гаргах үүрэгтэй ч хэрэгжүүлж чадаагүй нь иргэдийг хохироох үндэслэл биш. Хэдийгээр ******* нэг амьдрах насанд бүх л насаараа хохирсон шаналал, айдас, нэр хүндээ алдсан хохирлын дэргэд 10 сая төгрөг бага хэдий ч төрөөс буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч бага ч гэсэн нөхөн төлбөр шүүхийн шийдвэрээр гаргуулж байгаад сэтгэл уужран өнгөрсөн хугацааны харамслыг хөнгөрүүлж чадахгүй ч гэсэн хүлээн авч тайтгарсан болохыг дурдах нь зөв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхино уу. гэжээ.

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхээс зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн байна. Нутаг орондоо муу нэртэй болсон, залуу насандаа шалгагдсан учраас эхнэртэй болж чадаагүй гэдгийг гуравдагч этгээдийн талаас няцаасан баримт гаргаж өгөөгүй гэж үзсэн байгаа. Гэмт хэрэгт холбогдсоны улмаас эхнэр авч чадаагүй гэдгээ уг нь өөрөө нотлох ёстой байсан юм. Нэхэмжлэгч өөрөө нотлоогүй байгаа. 10 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өмгөөлөгч нь өөрөө тайлбарын сүүлийн хэсэг дээр төр өөрөө сэтгэл санааны хохиролд мөнгө гаргах зохицуулалтыг зохицуулаагүй байж давж заалдах гомдол гаргаж байгаад харамсаж байна гэж хэлж байна. Эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгч нь өөрөө ийм зохицуулалт байхгүй гэдгийг тайлбарлаж өгч байна. Бид буруутай үйлдэл гаргасан нь үнэн. Төрийн нэрийн өмнөөс уучлалт хүсэх болно. Огт ямар ч буруугүй гэж тайлбарлаж байгаа зүйл байхгүй. Бид цагдан хоригдсон, байцаалт өгсөн, Улаанбаатар хот руу ачигдсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. 10 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* төлөөлөгчийн гаргасан тайлбар дээр нэмж хэлэх зүйл байхгүй. гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Ням-Очирын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохиролд 100 000 000 төгрөг гаргуулах хүсэлт гаргасныг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч эс зөвшөөрч маргасан байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...******* намайг 1995 оны 3 сарын 06-ны өдөр тухайн үеийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг буюу хүн амины хэрэгт холбогдуулан сэжигтнээр албадан саатуулж, улмаар 3 хоног, 7 хоног гэх мэтээр цагдан хорих, баривчлах тогтоол гаргалгүйгээр нийт 21 хоног цагдан хорьсон. 1995 оны 02 сард Дорнод аймгийн ******* сумын төвд уурын зууханд хүн шатааж алсан гэмт хэрэг гарсан бөгөөд уг хэрэгт холбогдуулан шалгасан. Энэ хэрэг бүхэл бүтэн  19 жилийн хугацаанд олон хүнийг хорьж, байцааж шалгасны эцэст Ө.Ганзориг гэгч этгээд гэмт хэрэг үйлдсэн нь илэрсэн. Гэвч нэхэмжлэгч *******т холбогдох үйлдлийг 2018 оны 10 сард хэрэгсэхгүй болгож таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон тухай мэдэгдсэн. ...Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчигдсөн эрх нь сэргэж байгаа бөгөөд түүнд учирсан гэм хорын хохиролд нийт 100 000 000 төгрөгийг Монгол улсын төрөөс нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн 21 хоног цагдан хоригдсоны нөхөн төлбөр 100 000 000 төгрөгт багтсан. гэж,

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: ...Нэхэмжлэгч нь миний сэтгэл санаанд ийм ийм хохирол учирсан, энэ хохирлоо би ийм ийм баримтуудад үндэслээд нэхэмжилж байна гэх байдлаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Энэхүү нотлох үүргээ нэхэмжлэгч нь хэрэгжүүлээгүй байна гэж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс үзэж, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Нэхэмжлэгч нь гэмт хэрэгт шалгагдсаны улмаас түүний сэтгэл санаанд нь ямар хохирол учирчихаад, үүнийгээ ямар шалгуураар үнэлээд 100 000 000 төгрөг нэхэмжилж байгаа вэ, үүнийг тогтоосон баримтууд нь байхгүй учраас сэтгэл санааны хохирлыг төрөөс гаргаж өгөх боломжгүй. ... гэж тус тус тайлбар гарган маргажээ.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 1995 оны 02 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын төвд уурын зуухнаас шатсан хүний цогцос олдсон гэмт хэрэгт Дорнод аймгийн Цагдаагийн газраас 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн, /хх 26/

нэхэмжлэгч *******ыг 1995 оны 3 сарын 06-ны өдрөөс эхлэн сэжигтэнг албадан саатуулсан протоколоор албадан саатуулж мөн өдрөө сэжигтнээр байцааж 3 сарын 09-ний өдрийг хүртэл 3 хоног цагдан хорьсон,  мөн 1995 оны сарын 04-ний өдрөөс 2018 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэл гадагшаа явахгүй байх баталгаа авах болон бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, /хх 28-35, 36/

дээрх эрүүгийн хэргийг Ө.Ганзориг гэгч этгээд үйлдсэн нь илэрч 507107 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг дахин явуулж улмаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Ө.Ганзоригийг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 44 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн г, Эрүүгийн бацаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т /2002 оны/ тус тус зааснаар шүүгдэгч Ө.Ганзоригт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна. /хх 5-11/

6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасан.

7. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ дээрх эрүүгийн хэрэгт 21 хоног цагдан хоригдсон, уг хоногийн нөхөн төлбөр сэтгэл санаанд учирсан хохиролд нэхэмжилсэн 100 000 000 төгрөгт багтсан гэж тодорхойлсон байх болов чиг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тухайлбал сэжигтэнг албадан саатуулсан протокол, Дорнод аймгийн Прокурорын газрын шинэ нөхцөл байдал илэрснээс хэргийн ажиллагаа үүсгэх тухай 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5/01 дугаартай тогтоол, мөн газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *******т хэрэг шийдвэрлэсэн талаарх хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтуудаар нэхэмжлэгч ******* нь1995 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 3 сарын 09-ний өдрийг хүртэл 3 хоног цагдан хоригдсон болох нь тогтоогдсон байна./хх 27/

Анхан шатны шүүх *******ын цагдан хоригдсон 3 хоногийн нөхөн төлбөрийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг сарын хугацааг тооцож, үүнийг нэг өдөрт шилжүүлэн бодох журмаар тооцож олгосон нь үндэслэлтэй болсон байна.

8. Мөн шүүх нэхэмжлэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасан онц хүнд гэмт хэрэгт холбогдон сэжигтнээр татагдан шалгагдаж, улмаар 23 жилийн хугацаанд сэжигтэнээр тооцогдсон, 3 хоног цагдан хоригдсон, 1995 оны 5 сарын 04-ний өдрөөс 2018 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэл 23 жил гадагш явахгүй байх баталгаа авах болон бусдын батлан даалтанд өгөх байлгах таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан зэрэг байдлыг харгалзан үзэж, сэтгэл санааны хохиролд 10 000 000 /арван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 89 998 659 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

9. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ******* Нэхэмжлэгч нь тухайн гэмт хэрэгт хууль бусаар шалгагдсаны улмаас сэтгэл санааны байдал нь хүнд байсан, мөн 23 жилийн турш сэжигтнээр тооцогдож байсан байх тул сэтгэл санааны хохирлыг төр барагдуулах ёстой гэж үзэж байна. гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

10. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь ...Өнөөдөр сэтгэл санаанд нь ямар хохирол учирчихаад, үүнийгээ ямар шалгуураар үнэлээд 100 000 000 төгрөг нэхэмжлээд байгаа юм бэ гэдгийг тогтоосон баримтууд хэрэгт байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирлын хэмжээг тодорхойлсон баримт нь байхгүй, зүгээр л 100 000 000 төгрөг гээд биччихсэн. ... гэж шүүхэд тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар нотолж, нотлох баримтаа шүүхэд гаргаж чадаагүй байна.

11. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Ням-Очир: ... Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилж байгаа төлбөрүүдийг юунд үндэслэн гаргасан, хэрхэн тогтоогдсон талаар баримт байхгүй, эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас алдар нэр, эрүүл мэнд, сэтгэл санааны ямар хохирол учирсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүхээс хангаж шийдвэрлэсэн төлбөрийн хэмжээг юунд үндэслэн гаргаж буй нь тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

12. Эрүүгийн гэмт хэрэгт иргэнийг холбогдуулан шалгах эрх бүхий байгууллага хуульд заасан ажиллагаа явуулсан хэдий ч эцэст нь тухайн иргэн гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны улмаас үүсэх үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хууль болон холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагатай нийцсэн байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Ням-Очирын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 138/ШШ2022/01006 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Ням-Очирын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

Ж.ДОЛГОРМАА