Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 201/МА2023/00014

 

*******ийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Б.Дэнсмаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 138/ШШ2022/01095 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн хүсэлттэй,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохиролд 52 030 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Гуравдагч этгээдийн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Мөнхбөт, гуравдагч этгээдийн төлөөлөгч Х.Наранбаатар, Э.Болор-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч ******* нь 1972 онд төрсөн, 50 настай. ******* нь 2007 оны 7 дугаар сард Дорнод аймгийн ******* суманд байрлах ХААН банкны тооцооны төвийн байранд хулгай орж, их хэмжээний мөнгө алдагдсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдсан. Тухайн хэрэг гарах үед наадмын үе таарч ******* нь ах, дүү нарынхаа хамт дүүгийнхээ хуриманд очсон байсан. Гэтэл гэнэт л ийм хэрэг гарлаа гээд *******ийг дүүгийнх нь хамт баривчилж цагдан хорьсон байдаг.  Тухайн хэргээр эрүүгийн хэрэг үүсэж шалгагдаж явсаар 2013 оны 3 дугаар сард хэлэлцэгдэж тус хэрэгт тухайн банкны ажилчид гэм буруутай болох нь тогтоогдож, зохих шийтгэлээ аваад хэрэг хаагдсан. *******ийн хувьд уг хэрэг дээр таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж 2007 оны 8 сарын 15-ны өдрөөс 2008 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хилсээр нийт 144 хоног цагдан хоригдсон ба 2008 оны 01 сарын 10-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзээд хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авч гадагш явахгүй байх баталгаа аван сэжигтнээр байлгасан байдаг. Энэ хугацаанд *******ийг цагдаагийн газраас байнга дуудаж шалгаж, гэрээр нь нэгжлэг, үзлэг хийж, их хэмжээний мөнгө алдагдсан гэдэг үндэслэлээр тухайн сумын иргэд түүнийг янз бүрээр дарамталж чи мөнгөө хаана нуучихсан юм, тийм их мөнгө авчихсан юм чинь машинаа солих хэрэгтэй биз дээ гэх зэргээр хэлдэг байсан байгаа юм. Түүнчлэн цагдаагийн газраас хэн нь мэдэгдэхгүй энгийн хувцастай болон цагдаагийн дүрэмт хувцастай хүмүүс ирж гэрийг нь нэгжиж, эхнэрийг нь хүртэл байцааж шалгадаг байсан гэдэг. Тухайн үед ******* нь жолооч мэргэжилтэй учир танилынхаа жолооны курст цагаар хичээл заадаг байсан. Жолооны багшаар ажиллаж байх үед цалин хөлсний хамгийн доод хэмжээгээр цалинждаг байсан, өөр өндөр цалинтай ажилд орох гэхээр цагдаагийн газраас тодорхойлолт авах шаардлага тавьдаг байсан болохоор өөр ажилд орох боломжгүй байсан гэдэг. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан, цалин хөлс авах эрхээ хязгаарлуулсаар өнөөдрийг хүрсэн байгаа юм. Дорнод аймгийн Прокурорын газарт удаа дараа хүсэлт гаргаснаар *******ийн хэрэг нь 2021 оны 07 сарын 19-ний өдрийн 04/02 дугаартай прокурорын Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор хэрэгсэхгүй болсон бөгөөд энэхүү тогтоолыг авснаар өөрт учирсан хохирол, сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх эрх нь нээгдэж тус шүүхэд хандсан. *******ийн хувьд 2007 оны 08 сарын 15-ны өдрөөс 2008 оны 01 сарын 10-ны өдөр хүртэл нийт 4 сар 24 хоног цагдан хоригдсон мөн түүнд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан бүхий л арга хэмжээг авч байсан байдаг. Тухайн үед байцаагч нар нь орж ирээд шанаадах, зодох, дарамтлах зэргээр эрүүдэн шүүдэг байсан гэж *******  хэлдэг. Уг хэрэг шалгагдаж байх үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар зүйлчилж шалгасан байдаг. Хэргийн материал нь Дорнод аймгийн Прокурорын газрын архивт хадгалагддаг боловч хэргийн материалаас шүүж үзэхээр уг хэргийг мөрдөж байсан мөрдөгч Цогтгэрэлийн танилцуулга л байдаг. Танилцуулга дээр ******* сумын харъяат *******, ******* нарыг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байна гэдгээс өөр материал байхгүй байсан учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын архиваас цагдан хоригдсон хүний талаарх хувийн хэргээс үзэхэд ******* нь 2007 оны 08 сарын 15-ны өдрөөс 2008 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд тус цагдан хорих байранд хоригдсон гэдэг нь тодорхой болж үүнээс цагдан хоригдсон хоногоо тодорхойлон тооцож гаргаж ирсэн юм. Нэхэмжлэгч нь чөлөөтэй ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, өөрийн чаддаг, мэддэгээрээ жолооны курст хамгийн бага хэмжээгээр цалинжиж, сайн дурын даатгалаар хамгийн бага хэмжээгээр 2012 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд явдаг байсан, одоо ******* нь ходоодны хавдартай биеийн байдал нь тааруу байгаа учир өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа. Сэтгэл санааны хор уршгийг мөнгөн төлбөрөөр нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй гэж Эрүүгийн хуульд заасан байдаг. Иргэний хуульд энэ талаар тусгайлсан зохицуулалт байхгүй гэж байгаа нь Иргэний хуулийн 1.2-т заасан иргэний эрхийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах гэх зарчимд нийцэхгүй байна гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.  Тухайн үед буюу 2007 онд *******ийн цагдан хоригдож байх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тооцоход 2007 оны 8, 9 саруудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 69 000 төгрөг, 2007 оны 10,11,12 саруудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 90 000 төгрөг, 2008 оны 1 сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 000 төгрөг байсан. Эдгээрийг яг 30 хоног буюу бүтэн сараар нь нэмээд бодоход гарч байгаа. Ажлын өдрөөр тооцоход 21.5 хоног буюу энэ 426 000 төгрөг нь үнэхээр багасаж байгаа. Тухайн хүний цагдан хоригдсон хоногт нөхөн төлбөрийн хэмжээ нь ийм бага буюу *******эд хохиролтой байгаа гэдгийг дахин хэлмээр байна. *******ийн таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжилж явсаар 14 жил болсон бөгөөд 14 жилийн хугацаанд сэжигтэн, яллагдагчаар тооцогдож явсан. Энэ хугацаанд *******ийн гэр орныг нэгжих, гудамжинд явж байхад нь хаана мөнгөө нуусан, жолооны курст ажиллаж байх үед нь хүртэл ажлаас нь ирээд баривчлаад аваад явах, уг байгууллагыг нь хүртэл нэгжиж шалгах, ажил олгогчийг нь хүртэл дуудаж мэдүүлэг авч байсан юм билээ. *******ийн хувьд өнөөдрийг хүртэл сэжигтэн гэдэг нэр өөрөөс нь салахгүй явдаг гэж өөрөө хэлдэг. Дээрх хэрэгт банкны ажилчид нь буруутай гэдэг нь тогтоогдсон ч орон нутагт нь энэ талаарх ямар ч мэдээлэл өгөөгүй, өөрөөр хэлбэл хүмүүст ******* нь энэ хэрэгт хамааралгүй гэдэг талаар яриа, таниулга хийгээгүй,  зөв ойлголтыг өгөөгүй байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан эрхээ нөхөн сэргээлгэх эрх нь *******ийн хувьд прокурорын 2021 оны 07 сарын 19-ний өдрийн 04/02 дугаартай Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарснаар үүссэн  гэж үзэж Эрүүгийн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол нөхөн төлүүлэх үндэслэлийг заасан байна. ******* нь үндэслэлгүйгээр 144 хоног хоригдсон. Тиймээс нэхэмжлэгч нь өөрт учирсан сэтгэл санааны хохиролоо 50 000 000 төгрөгөөр үнэлсэн. Иргэний хуульд тусгайлан заасан заалт байхгүй гэдэг боловч *******ийн хувьд албан ёсны тогтоол гарсан ч өнөөдрийг хүртэл сэжигтнээр байгаа учраас үүнийг тооцож 50 000 000 төгрөг нэхэмжилсэн. гэжээ. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг болон бусад төлөөлөгч нарыг төлөөлж Х.Наранбаатар тайлбартаа: Юуны түрүүнд манай Цагдаагийн Ерөнхий газар, Дорнод аймгийн Цадаагийн газар гэх байгууллагууд нь Монгол Улсын Ерөнхий сайдын олгосон итгэмжлэлийн хүрээнд төрийг төлөөлж буюу Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж нөөц сангаас мөнгө олгох тухай асуудлыг хэлэлцэж байгаа гэдгийг нэн тэргүүнд хэлэх нь зүйтэй байх. Түүнээс биш цагдаагийн байгууллагын байр суурийг илэрхийлээгүй гэдгийг нэхэмжлэгчийн төлөөлөгчид хэлмээр байна. Нэхэмжлэгч нь бид нарт гардуулж өгсөн бичгийн нэхэмжлэлээр бол цагдан хоригдсон хугацааны нөхөн төлбөр 2 030 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 50 000 000 төгрөг гээд нийт 52 030 000 төгрөгийг нэхэмжилсэн. Монгол Улсын Засгийн газраас үүнийг яагаад зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байхаар заасан байдаг. Өнөөдрийн хэрэгт цугларсан баримтаас үзэхэд цагдан хоригдсон хоногт нь бодсон 2 030 000 төгрөг нь өөрөө 2007 оны бус 2022 онд мөрдөгдөж байгаа 420 000 төгрөгөөр бодсон байнаа гэдэг тайлбарыг өгч энэ нь үндэслэлгүй юм гэж тайлбарласныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр үүнийгээ 2007 оны хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр тооцоод нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байх шиг байна. Үүнийг гуравдагч этгээдийн зүгээс үндэслэлтэй гэж үзэж байгаа.  Улсын Дээд Шүүхийн зөвлөмжид ажиллаж байсан бол хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлстэй дүйцүүлэн, ажил эрхэлдэггүй байсан бол тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 1 сарын хугацааг тооцож түүнийг 1 өдөрт шилжүүлэн бодох журмаар цагдан хоригдсон 1 хоногийн нөхөн төлбөрийг тооцож олгох учиртай гэж зөвлөсөн байдаг. ...Энэ арга хэмжээ авагдсаныг бидний зүгээс хорьсон, хориогүй, мөнгө өгсөн, өгөөгүй гэдэг зүйлээр үгүйсгэх нь өөрөө утгагүй юм. Тийм учраас нэхэмжлэгчийн өөрийнх нь 4 сар 25 хоног цагдан хоригдсон хоногт Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмжид заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж өгөх асуудалд буюу цагдан хоригдсон хоногт ноогдох төлбөрийн хэмжээг шүүхээс хангаж шийдэхэд гуравдагч этгээдийн төлөөлөгчийн зүгээс  үгүйсгэх үндэслэл, нотлох баримт хууль зүйн нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Тиймээс энэ иргэний цагдан хоригдсон хоногт оногдох нөхөн төлбөрийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Дараагийн асуудал нь сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлыг 50 000 000 төгрөгөөр үнэлсэн байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т эд хөрөнгийн бус хохирол сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргана гэж заасан байдаг бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ. Үүгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр яг өнөөдөр дурдаж байгаа 50 000 000 төгрөг яг энэ хэмжээ нь яагаад 50 000 000 төгрөг байх ёстой юм бэ, ямар сэтгэл санааны хохирол учирчихаад, нэхэмжлэгчид ямар хор уршиг бий болгоод, тэрийгээ сэтгэл санааны хохирол гэж нэхэмжлээд 50 000 000 төгрөгөөр үнэлээд байгаа юм бэ, өөрөөр хэлбэл юунд үндэслэж энэ мөнгийг гаргаад байгаа талаарх үндэслэж байгаа баримтаа шүүхэд ирүүлээгүй. Төлбөрийн хэмжээгээ ямар аргачлалаар тогтоосон гэдэг нь байхгүй учраас сэтгэл санааны хохирол 50 000 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тиймээс үүнийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт шүүхээс нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан байдаг. Гэтэл 50 000 000 төгрөгний сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтгүй байх бөгөөд сэтгэл санааны хохирлыг 2021 он хүртэл шалгагдсан энэ хэрэг нь 2013 онд хэрэгсэхгүй болчихсон байгаа учраас 50 000 000 төгрөг нэхэмжилж байгааг нотлох баримт байхгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна. гэжээ.

3. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Я.Зориг бичгээр гаргасан дүгнэлтдээ: Иргэн ******* буруугүй. Сэтгэл санааны хохирлыг барагдуулах, тооцох норм байхгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэхэмжилж тухайн жилүүдэд мөрдөгдөж байсан хэмжээгээр тооцож гарган нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1-д тус тус заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 10 581 142 /арван сая таван зуун наян нэгэн мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41 448 858 төгрөгийг  хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 9, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,... шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байхаар заасан.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн холбогдсон хэргээс болж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, эдийн засгийн уналтад орсон, гэр бүлийн гишүүд хүртэл сэтгэл санааны гүн хямралд байсан гээд нэхэмжлэгч *******ийн дээрх тайлбарыг няцаах баримт байхгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, эрүүгийн хэрэгт холбогдсоноос болж дээрх нөхцөл байдал үүссэн гэдгийг нотлох баримт мөн байхгүй байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилж байгаа төлбөрүүдийг юунд үндэслэж гаргасан, хэрхэн нотлогдож байгаа талаар баримт байхгүй, эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас нэр, эрүүл мэнд, сэтгэл санааны ямар хохирол учирсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд шүүхээс хангаж шийдвэрлэсэн төлбөрийн хэмжээг юунд үндэслэж гаргаж буй нь тодорхойгүй байна.

Дээрх нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэсэн заалтыг зөрчиж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... *******ийн хувьд хийгээгүй хэргээсээ болж 148 хоног цагдан хоригдсон болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байна. Үүнд шүүгчийн захирамж, цагдан хоригдсон хүний тэмдэглэл зэрэг байна. Мөн гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж үзэж байна. Ажлаа хийгээд явж байхад нь л цагдаагийн байгууллагын ажилтан ирээд аваад явчихдаг байсан талаар гэрчилсэн. Мөн энэ хэргээс болж сэтгэл санаа нь хямарч архи уух болсон. Биеийн эрүүл мэндийн байдалд ч нөлөөлсөн байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. гэв.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс сэтгэл санааны хохиролд 10 000 000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх энэ сэтгэл санааны хохирлын төлбөрийг ямар баримтын дагуу хангаж шийдвэрлэж байгааг ойлгохгүй байна. Юуг үндэслэж байгаа нь тодорхой бус байна. Тиймээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байна гэж харж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гуравдагч этгээдийн төлөөлөгч *******ын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч *******ийн хүсэлттэй төрд холбогдох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан өөрт учирсан гэм хорын хохиролд 52 030 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын тусгай сангаас гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасны зарим хэсгийг гуравдагч этгээдийн төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ******* нь Дорнод аймгийн ******* суманд байрлах ХААН банкны тооцооны төвийн байранд хулгай орж, их хэмжээний мөнгө алдагдсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдсан. ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын архиваас цагдан хоригдсон хүний талаарх хувийн хэргээс үзэхэд ******* нь 2007 оны 08 сарын 15-ны өдрөөс 2008 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хорих байранд хоригдсон байна.

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан эрхээ нөхөн сэргээлгэх эрх нь *******ийн хувьд прокурорын 2021 оны 07 сарын 19-ний өдрийн 04/02 дугаар Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарснаар үүссэн  гэж үзэж нэхэмжлэл гаргасан. ... нэхэмжлэгч нь өөрт учирсан сэтгэл санааны хохиролоо 50 000 000 төгрөгөөр үнэлсэн. ... гэж,

5. Гуравдагч этгээдийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ: ... Нэхэмжлэгчийн 4 сар 25 хоног цагдан хоригдсон хоногт Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмжид заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж өгөх асуудалд буюу цагдан хоригдсон хоногт ноогдох төлбөрийн хэмжээг шүүхээс хангаж шийдэхэд гуравдагч этгээдийн төлөөлөгчийн зүгээс  үгүйсгэх үндэслэл байхгүй байна. Тиймээс энэ иргэний цагдан хоригдсон хоногт оногдох нөхөн төлбөрийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Харин сэтгэл санааны хохиролд 50 000 000 төгрөгийг юунд үндэслэж энэ мөнгийг гаргаад байгаа талаарх үндэслэж байгаа баримтаа шүүхэд ирүүлээгүй. Төлбөрийн хэмжээгээ ямар аргачлалаар тогтоосон гэдэг нь байхгүй учраас сэтгэл санааны хохирол 50 000 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэж тус тус тайлбар гарган мэтгэлцжээ.

6. Хэрэгт авагдсан баримтуудаар тухайлбал, Дорнод аймгийн Цагдаагийн газраас 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар Дорнод аймгийн ******* сум дахь ХААН банкны салбарт хулгай орж их хэмжээний мөнгө алдагдсан гэх гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, нэхэмжлэгч *******ийг 2007 оны 8 сарын 15-ны өдрөөс эхлэн сэжигтэнг албадан саатуулсан протоколоор албадан саатуулж сэжигтнээр байцаасан, 2008 оны 1 сарын 10-ныг хүртэл хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч 144 хоног цагдан хорьсон, мөн өдрөөс 2021 оны 07 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд гадагш явахгүй байх баталгаа авах, бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, Дорнод аймгийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 4/02 дугаар Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр *******эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогдсон байна. /хх 7, 14-21/

7. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны дугаар сарын 29-ний өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолоор дээрх эрүүгийн онц хүнд гэмт хэрэгт шүүгдэгч Д.Урангэрэл, Г.Батбаяр, Ш.Батнасан, Н.Мөнхсайхан нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэсэн байна. /хх 22-35/

8. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий байгууллагын хууль ёсны ажиллагаа явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1. дүгээр зүйлийн 1-д хууль зөрчсөн ажиллагаа-ны эрх зүйн үр дагаврын талаар заасан боловч энэхүү ажиллагаанд холбогдох албан тушаалтны хууль бус үйлдэл бүхий ажиллагаа хамаарахаас гадна яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан бол хуулийн дагуу явагдсан ажиллагаа ч мөн адил хамаарна.

10.Төрөөс эрх олгогдсон тусгай албан тушаалтан, байгууллага эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг хуулийн дагуу шалгах, хуульд заасан эрхийн хязгаарлалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй хэдий ч хуульд заасан зохих журмын дагуу явуулсан ажиллагааны үр дүнд тухайн этгээдийн гэм буруу нотлогдоогүй тохиолдолд дээрх эрхийн хязгаарлалт хууль бусад тооцогддог болно. Улмаар үүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хуульд хууль бус ажиллагаа-нд хамааруулдаг.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баримвчилсан цагдан хорьсон ... улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана., Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй байна.

12. Нэхэмжлэгч ******* нь өөрт учирсан эдийн бус гэм хор буюу сэтгэл санааны хохиролд 50 000 000 төгрөг, хууль бусаар цагдан хоригдсон 148 хоногийн нөхөн төлбөрт 2 030 000 төгрөг, нийт 52 030 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1. дүгээр зүйлийн 1-д Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж заасан байна. Мөн хуулийн 45.4.-т зааснаар эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргах эрхтэй байна.

14. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д эдийн бус гэм хорыг арилгах зохицуулалтад зөвхөн бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдийн үүргийг тусгасан, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2.-т зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжтой.

15. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч *******ийн цагдан хоригдсон 148 хоногийн нөхөн төлбөрт 581 142 төгрөг, эдийн бус гэм хор буюу сэтгэл санааны хохиролд 10 000 000 төгрөг, нийт 10 581 142 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгч *******эд олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

16. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нь нэхэмжлэгчид учирсан сэтгэл санааны хохирол нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч ******* нь хууль бусаар 148 хоног цагдан хоригдсон, 2007 оны 8 сарын 15-ны өдрөөс эхлэн сэжигтэнг албадан саатуулсан протоколоор албадан саатуулж сэжигтнээр байцаасан, 2008 оны 1 сарын 10-ны өдрөөс 2021 оны 07 сарын 19-ний өдрийг хүртэлх нийт 13 жилийн хугацаанд гадагш явахгүй байх баталгаа авах, бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, Дорнод аймгийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 4/02 дугаар Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор *******эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тогтоогдсон ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

17. Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

18. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ийн цагдан хоригдсон 148 хоногийг шийдвэрийн үндэслэх хэсэгт 144 хоног гэж зөрүүтэй бичсэнийг цаашид анхаарвал зохино.

19. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 138/ШШ2022/01095 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Б.ДЭНСМАА

С.ОЮУНТУНГАЛАГ