Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00520

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00520

 

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/00182 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Ө-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 14,852,635.77 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Д.Ө-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,852,635.77 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Д.Ө- нь Г ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ/1805130589 дугаар зээлийн гэрээ байгуулж, 16,800,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлээ төлөхгүй байгаа тул Д.Ө-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 10,312,461.42 төгрөг, хүү 4,251,965.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 288,208.57 төгрөг, нийт 14,852,635.77 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Д.Ө- нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Г ХХК-аас 16,800,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Зээлийн гэрээний хугацаанд Д.Ө- нь 2 дараалан хүүхэд төрүүлж цалин орлогогүй болсон. Мөн 2020 оны 02 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Монгол улсын засгийн газар, улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд хөл хорио тогтоосон нөхцөл байдлыг шүүх давагдашгүй хүчин зүйл гэж үзэн зээлийн нэмэгдүүлсэн хүү, хүүгийн төлбөрийг бүхэлд нь хангахгүй байх боломжтой. Зээлдэгч зээлийн төлбөрийг цалин орлогоор төлөхөөр тохирсон тул Д.Ө-ы жирэмсний амралтын хугацаа дуусаж, ажилдаа орсны дараа энэхүү зээлийн үндсэн төлбөрийг төлөхөөс өөр арга байхгүй. Зээлийн гэрээний хугацаа дууссан байхад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь үндэслэлгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ө-аас зээлийн гэрээний үүрэгт 14,852,635 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,213 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ө-аас улсын тэмдэгтийн хураамжид 232,213 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн хуралдааны мэтгэлцээний явцад зээлийн хүүгээс Ковид-19 цар тахлын улмаас давагдашгүй хүчин зүйл үүссэн, түүнтэй холбогдуулан Монгол улсын Засгийн газар /Улсын онцгой комисс/ 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг бууруулах, шилжүүлэх, сунгах, хэсэгчлэн сунгах тухай, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 20-иод удаагийн тогтоол гаргаж, түүний хүрээнд хөдөлмөр эрхлэх, орлого олох боломж хязгаарлагдмал байсан. Мөн өнгөрсөн хугацаанд ойрхон 2 хүүхэд төрүүлсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаан зэргийг харгалзан үзэж, Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлын улмаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.2.11, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг үндэслэж багасгах боломжтой гэж маргаж байсан боловч шүүх харгалзаж үзээгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл хугацааны зээлийн хүү 3,175,444.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 288,208 төгрөг, нийт 3,463,652,71 төгрөгийг хасаж тооцон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Д.Ө-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,312,461.42 төгрөг, зээлийн хүү 4,251,965,78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 288,208.57 төгрөг, нийт 14,852,635.77 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Д.Ө- нь Г ХХК-тай байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1805130589 дугаартай зээлийн гэрээгээр 16,800,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэйгээр зээлэхээр харилцан тохиролцсон. /хх4/

 

2.а. Түүнчлэн, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дээрх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгахаар тохиролцож, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилжээ. /хх7-9/

 

3. Дээрх гэрээний үндсэн дээр талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

4. 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зээлдэгч Д.Ө- нь үндсэн зээл 6,487,538 төгрөг, зээлийн хүү 4,522,015 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,562 төгрөгийг төлсөн тооцооллын талаар талууд маргаагүй .

 

5. Зээлийн гэрээний 3.1.1-д зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд хавсралт 1 заасан графикт хугацаа дууссан өдрөөс эхлэн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцжээ.

 

6. Хариуцагч Д.Ө-аас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 14,852,635 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

6.а. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үүсэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлд Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо болон банк, санхүүгийн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний тохиолдлуудыг нэрлэн заасан байх бөгөөд энэ хуулиар хэрэглээний /цалин/ зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоох, зээлдэгчээр төлүүлэхгүй байх талаар зохицуулалт хийгдээгүй байна. Иймд зээлийн болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг багасгах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/00182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,369 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ