Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 568

 

О.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, иргэний нэхэмжлэгч Д.О-, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 924 дүгээр магадлалтай, О.Б-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хохирогч Ч Ю-ы өмгөөлөгч Н.Жамъяндорж нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***, ял шийтгүүлж байгаагүй, М овогт О-н Б-.

О.Б- нь 2017 оны 06 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын 20-ныг хүртэлх хугацаанд нэр бүхий 6 иргэнийг “...“Эрдэнэс таван толгой” компаниас нүүрс худалдан авах гэрээ байгуулж өгнө, ...төслийн зээл гаргаж өгнө, ...газрын гэрчилгээ гаргаж өгнө, ...компанийн данс нээхээр мөнгийг нь хүүтэй буцааж өгнө,  ...тоглолтийн билетийг нь борлуулж өгнө, байр бэлэглэнэ...” гэх зэргээр хуурч мэхлэх, итгэл эвдэх, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, нийт 444,986,576 төгрөгийг залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сараас эхлэн хамтран амьдрагч Э.А-ыг үсдэх цохих, боох, түлхэж унагах, зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээс 2018 оны 02 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хан Хиллс” хотхоны 535-402 тоотод эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 3 дугаар байрны 33 тоотод эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.Б-ыг хуурч мэхлэх, итгэл эвдэх, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдыг залилан мэхлэн их хэмжээний хохирол бусдад учруулсан,

хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жил 5 сар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 6 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч О.Б-ы биечлэн эдлэх хорих ялыг 7 жил 5 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Тоёота Ланд круйзер 200 маркийн 47-35 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №01628133 тоот гэрчилгээ, татвар төлөгчийн ТА№1009146 тоот гэрчилгээ, “Тоуоtа” гэсэн бичигтэй хар өнгийн смарт түлхүүр 1 ширхэг зэргийг иргэний нэхэмжлэгч Д.О-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх прокуророос О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 2.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйлдлийг тусгаарлаж, прокурорт буцааж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар... гэснийг ...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” гэж,

6 дахь заалтад “...цагдан хоригдсон 431 хоногийг... гэснийг “...цагдан хоригдсон 405 хоногийг... гэж,

8 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч О.Б-аас нийт 443,228,336 төгрөг гаргуулж, нэр бүхий дараах ... хохирогч Ц.О-д 15,248,736 төгрөгийг...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч О.Б-аас нийт 445,729,616 төгрөг гаргуулж, нэр бүхий дараах хохирогч ... Ц.О-д 17,750,016 төгрөгийг...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б-, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай, хохирогч Ч Ю-ы өмгөөлөгч Н.Жамъяндорж нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Магадлалд шүүгдэгчийг “итгэл эвдэх замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж” гэжээ. Залилан мэхлэх гэмт хэргийн шинжид итгэл эвдэх гэх деспозтив шинж байхгүй бөгөөд хохирогч болон шүүгдэгч нарын тухайд урьд нь ажил хэргийн харилцаа холбоотой байсан, тэр ч бүү хэл дээрх хэрэгт залилуулсан гэх зээлсэн мөнгөнөөс хохирогч нар хүү тооцон авч байсан баримт байдаг.

Магадлалд хохирогч Э.А-ыг зодож биед нь гэмтэл учруулсан зүйлчлэл тохирсон гэх боловч тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд хамт байсан гэрчүүдээс мэдүүлэг аваагүй, хохирогч гэмтэл учирсан гэх цаг хугацаа нь зөрүүтэй байхад магадлаагүй нь хийгдвэл зохих тогтоогоогүй байхад эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн хохирогч шүүгдэгч нар эх сурвалжаа заан мэдүүлдэг тус хэрэгт хамтран оролцсон байх боломжтой Ж.Гал-Эрдэнэ, И.Батмөнх, н.Нарссайхан, н.Батболд, н.Цогзолмаа, н.Хишигбадрах гэх хүмүүсийн үйлдлийг шалгуулах, талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд удаа дараа хүсэлт гомдол гаргаж байсан боловч уг хүсэлт гомдлыг ямар үндэслэлээр хүлээн авах боломжгүй байгаа талаараа шүүх тайлбарлаж чаддаггүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдолдоо Цогзолмаа гэх хүнийг шалгуулах талаар тусгаж шүүх хуралдааны үед мэтгэлцэж оролцсон боловч шүүх энэ талаар магадлалдаа огт тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой...” гэснийг зөрчиж байна.

Иймд О.Б-д холбогдох хэргийг прокурорт буцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хангуулах, гэмт хэрэг үйлдсэн этгээд бүрийг олж тогтоох, эрүүгийн хариуцлагыг шударгаар оногдуулах зарчмыг хангуулж өгнө үү” гэжээ

Мөн шүүхэд хохирогч Ч Ю- өмгөөлөгч Н.Жамъяндорж гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн замаар олдсон автомашин болох 47-35 УБЭ дугаартай “Ланд круйзер-200” загварын машиныг хохирогч Ч Ю-ы хохиролд тооцож олголгүйгээр, иргэний нэхэмжлэгчид үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт“Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.

Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” ... гэж заажээ.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан гэрч Л.Энхбаярыг “...2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ч Ю- буюу Гансүх над руу залгаад “би хүнд мөнгө өгөх гэсэн юм, хажууд хамт байлцаад өгөөч” гэж гуйсан. Тэгээд Б-д 840,000 юаныг өгсөн гэх мэдүүлэг, Гал-Эрдэнийн 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Гансүх нь Б-д бэлнээр мөнгө өгсөн. Би яг мөнгөн дүнг хэд байсныг мэдээгүй” гэх мэдүүлэг, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр О.Б-ы нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн гэх лавлагаа “Илч Крейдит” ХХК-ийн зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ зэргээр хохирогч Ч Ю-аас авсан гэх мөнгөөр 47-35 УБЭ дугаартай “Ланд-200” загварын автомашиныг авсан гэж үзэж дээрх автомашинаар хохирогч Ч Ю-ы хохирлыг барагдуулах боломжгүй байна гэж үзжээ.

Шүүхийн дүгнээд байгаа гэрч нарын мэдүүлэг дээр мөнгө өгсөн хугацааг 2017.06.25-ны өдөр гэж андуурч хэлсэн байдаг ба 2017.06.15-ны өдөр мөнгө өгсөн болох нь дараах нотлох баримтаар хангалттай нотлогддог.

Хохирогч Ч Ю-ыг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хохирогчоор тогтоож, хохирогчоор байцаалт авсан ба мэдүүлэгтээ “... өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө барагцаагаар 2017.06.25-ны өдөр гэж хэлсэн одоо ингээд бодоход 2017 оны 06 дугаар сарын дундуур 15-ны үеэр О.Б-д 840,000 юаныг бэлнээр өгсөн гэх мэдүүлэг. /1хх 45-50 /, мөн мэдүүлгээрээ өмнө өгсөн мэдүүлгийн эргэлзээг гаргаж 2017.06.15-ны өдөр мөнгө өгснөө мэдүүлдэг.

О.Б-ы Хаан банкны 5020801353 дансанд 2017.06.16-ны өдөр 48,230,000 төгрөгийн орлого орсон байдаг. /1хх 219-220/. Дээрх мөнгийг О.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ Ч Ю-аас 840,000 юаныг авсан, энэ мөнгөнөөс 2017.06.16-ны өдөр 48,230,000 сая төгрөгийг өөрийн Хаан банкны дансанд хийж бусдын зээлийг төлсөн тухай мэдүүлдэг. Гэрч Мөнх-Өлзийн “...Энэ мөнгийг Архангай аймгийн Өндөр улаан сумын Хануй багт зохион байгуулсан овооны тахилга наадмын ажлын хөлсөнд авсан мөнгө байгаа юм. О.Б- нь ер нь баян хүн шиг загнаж байсан наадмын түрүү бөх болон түрүү моринд 5,0 сая төгрөг өгч харагдаж байсан, бэлнээр 40-50 сая төгрөгтэй байгаа харагдаж байсан. Хар өнгийн Ланд-200 загварын авто машинтай явж байсан... гэх мэдүүлэг. /1 хх 228-229/ дээрх мэдүүлгүүд болон хаан банкны дансны хуулга, бичгийн нотлох баримт нь мөнгө өгсөн цаг хугацааг 2017.07.15-ны өдөр гэдгийг эргэлзээгүй тогтоосон нотлох баримт юм.

Мөн шүүгдэгч О.Б- нь тухайн цаг хугацаанд автомашин худалдан авах санхүүгийн эх үүсвэр байхгүй байсан бөгөөд дээрх автомашиныг ямар эх сурвалжаас олж авсан мөнгөөр худалдан авснаа нотолж чаддаггүй. Иймд 47-35 УБЭ дугаартай Ланд круйзер 200 маркын машиныг О.Б- нь хохирогч Ч Ю-аас залилан мэхэлж авсан мөнгөөр авсан байх бүрэн боломжтой юм.

Иймд гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд хэрэгт битүүмжлэгдсэн 47-35 УБЭ дугаартай “Ланд круйзер” 200 загварын машиныг хохирогч Ч Ю-д олгож өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Б- нь бусдыг хуурч итгэл эвдэх аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулах аргаар 6 иргэнээс 444,986,576 төгрөг буюу их хэмжээний эд хөрөнгийг залилан авсан болох нь тогтоогдсон гэж үзэж байна. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч н.А-н эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан хэргийг прокуророос зүйлчилж ирүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлтэд тусгаж ирүүлээгүй нь прокурорын алдаа. Иймд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргийг бүхэлд нь тусгаарлаж прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Ц.Оюунбатад олгохоор шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолын тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Ц.Оюунбатад олгосон заалтыг хүчингүй болгож, хохирогч Ч Ю-д олгохоор шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хохирогч Ч Ю-ы өмгөөлөгч Н.Жамъяндорж нарын гаргасан гомдлуудыг үндэслэн О.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

О.Б- нь 2017 оны 06 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын 20-ныг хүртэлх хугацаанд нэр бүхий 6 иргэнийг хуурч мэхлэх, итгэл эвдэх, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 444,986,576 төгрөгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 3 дугаар байрны 33 тоотод хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Б-ы гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 2.2, 11.4 дүгээр зүйлийн 2.1-д тус тус заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байна.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Харин прокурорын яллах дүгнэлтэнд дурдагдаагүй бөгөөд анхан шатны шүүхээс хэлэлцэж дүгнэгдээгүй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэлд шүүгдэгчийг буруутгасан дүгнэлт давж заалдах шатны шүүх хийж тухайн үйлдлийг шалгуулахаар прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар буюу шүүгдэгчийн гэм бурууг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байх тул шийтгэх тогтоолд энэ талаар өөрчлөлт оруулсан магадлалын заалтыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх О.Б-ы үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, түүнийг арилгуулах талаар шийдвэр гаргахдаа энэ хэргийн улмаас хохирсон бусад хохирогч нарын эрх ашгийг үл харгалзан тухайн гэмт хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг зөвхөн иргэний нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Тиймээс анхан шатны шүүхээс “Тоёота Ланд круйзер 200” загварын 47-35 УБЭ дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгчид олгуулахаар үүрэг болгосон заалтад өөрчлөлт оруулж, тус тээврийн хэрэгслийг холбогдох байгууллагад шилжүүлэн хохирол барагдуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг даалган, ингэхдээ нэн тэргүүнд иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг, үлдэх мөнгөн дүнгээс энэ хэргийн улмаас хохирсон нэр бүхий хохирогч нарын хохирлыг барагдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд дээрх зөвтгөсөн өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн “...хэргийн нотолбол зохих байдлыг нотлоогүй тул хэргийг прокурорт буцаах тухай, мөн хохирогч Ч Ю-ы өмгөөлөгч Н.Жамъяндоржийн “...шүүгдэгч нь хохирогч Ч Ю-ыг залилсан мөнгөөрөө тус тээврийн хэрэгслийг авсан байх бүрэн боломжтой тул гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд хэрэгт битүүмжлэгдсэн “Ланд круйзер” 200 загварын машиныг хохирогчид олгож өгнө үү” гэсэн агуулгатай гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5, 7 дугаар заалтыг нэгтгэн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “Тоёота Ланд круйзер 200 загварын 47-35 УБЭ дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн” тогтоолыг хүчингүй болгож, тус тээврийн хэрэгслийн №01628133 тоот гэрчилгээ, татвар төлөгчийн ТА№1009146 тоот гэрчилгээ, “Тоуоtа” гэсэн бичигтэй хар өнгийн смарт түлхүүр 1 ширхэг зэргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, төлбөр гаргуулах ажиллагааг хийж, нэн тэргүүнд иргэний нэхэмжлэгч Д.О-ын хохирлыг гаргуулж, үлдэх мөнгөн дүнгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирогч нарын хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсүгэй”,

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “8-12” гэсэн дугаарлалтыг “7-11” гэж өөрчилсүгэй.

3.  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 924 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хохирогч Ч Ю-ы өмгөөлөгч Н.Жамъяндорж нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН