Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 192

 

2020         04            02                                    2020/ШЦТ/192

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

Улсын яллагч Б.Чимгээ,

Хохирогч Ц.Э,

Хохирогч Ц.А,

Хохирогч Э.А, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд,

Хохирогч Ч-Ю, түүний өмгөөлөгч Н.Жамъяандорж,

Хохирогч Ц.О, түүний өмгөөлөгч О.Баясгалан,

Иргэний нэхэмжлэгч Д.О,

Гэрч И.Б,

Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэргийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн М.О.Б-д холбогдох эрүүгийн ....... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...оны .. дугаар сарын ...-ний өдөр ... аймгийн …......суманд төрсөн, ...настай, эрэгтэй, ......... боловсролтой, ........ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ...........тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай М.О.Б- /РД: АЮ85080975/

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурдснаар:

Яллагдагч О.Б нь

- 2017 оны 06 дугаар сард Чингэлтэй дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Ч-Юд /QIAO YONG/ “Эрдэнэс таван толгой” компаниас 500,000 тн нүүрс худалдан авах гэрээ байгуулж өгнө” гэж хуурч урьдчилгаанд 840,000 юань /1 юань 345,19 төгрөг/ буюу 289,959,600 төгрөг,

 

- 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ц.Отаас 14,200 ам.дол /1 ам.дол 2,465.28 төг/ буюу 35,006,976 төгрөг,

 

- 2017 оны 04 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарын хооронд өөрийгөө Сангийн яаманд Бодлогын хэлтсийн даргаар ажилладаг гэж танилцуулан, төслийн зээл гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн О.Уээс 43,290,000 төгрөг,

 

- 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандирс төвийн гадна газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж хуурч Ц.Агаас 5,000,000 төгрөг,

 

- 2018 оны 05 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд АТГ-аас хаачихсан компани дансаа нээхээр хүүтэй нь буцааж өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ц.Эээс 64,730,000 төгрөг,

 

- 2017 оны 10 дугаар сард М.Дорждагвын тоглолтыг зохион байгуулахад тусална, тоглолтын билетийг борлуулж өгнө гэж хуурч тус бүр нь 20,000 төгрөгийн үнэтэй 900 ширхэг буюу 18,000,000 төгрөгийн тасалбар, тоглолтын үеэр 2 өрөө байр бэлэглэж байгаа мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгон итгэл төрүүлж 2017.11.19-ний өдөр автомашин авч өгөх нэрээр 7,000,000 төгрөгийг авч нийт 6 иргэнээс 444,986,576 тэгрөгийг залилан их хэмжээний хохирол учруулсан,

 

- 2017 оны 10 дугаар сараас эхлэн хамтран амьдрагч Э.Аыг үсдэх цохих, боох, түлхэж унагах, зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээс 2018 оны 2 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хан Хиллс”хотхоны 535-402 тоотод эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 3 дугаар байрны 33 тоотод эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Ч-Юд холбогдолтой хэргийн талаар эхлээд мэдүүлэг өгье. 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Төртүвшин гээд Хан-Уул дүүргийн прокурор хийдэг манай найз над руу залгаад “Нүүрсний гэрээ хийх гэсийн ажлыг нь бүтээгээд өгөөч” гэсэн. “би мэддэг хүнээсээ асууя” гэж хариу өгөөд олон хүнтэй уулзсан. Ингэж явсаар “Монтана Холдинг” компаний захирал Х гэдэг хүнтэй уулзсан. Тэр хүн цаашаа судлаж үзнэ гээд явсан. Би Гансүх буюу Ч-Ютай 05 дугаар сарын 03-ны өдөр уулзсан. Х бичиг баримтыг нь аваад өг гэсэн тул бичиг баримтыг нь авч өгсөн. Гансүхтэй уулзахаас өмнө Г надтай уулзаад Гансүхтэй холбож өгсөн. Гансүхтэй Г, Э бид нар очиж уулзсан. Тухайн үед бид ахиад хоёр, гурав хүнтэй уулзаж байсан. 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр намайг хөдөө явж байхад Х яриад “150.000 доллар хэрэгтэй байна. Ажлыг чинь дээгүүр доогуур ярих хэрэгтэй байна” гэсэн. Тухайн үед “Эрдэнэс таван толгой” компани нүүрсний үнэ 68 доллар байхад Гансүх 58 доллароор авъя гэсэн санал тавьж байсан болохоор түүнийг хөөцөлдөхөд хэцүү байна” гээд 150.000 доллар хэрэгтэй байна гэсэн. Би тухайн саналыг Гансүхэд хэлэхэд “одоогоор надад байхгүй эргээд хариу хэлье” гэсэн. Би тухайн үед Гансүхийн утсыг мэддэггүй байсан. Би Гэр дамжуулж энэ үгийг хэлүүлсэн. 06 дугаар сарын 16-ны өдөр би хөдөө наадам хийх гээд явах гэж байхад “Урт цагааны” тэнд Ч-Ю над дээр ирээд “байгаа нь 840.000 юань” гэсэн. Би Х руу яриад “840.000 юань байна” гэхэд “аваад ир” гэсэн. Би мөнгийг “Ард” кино театрын тэнд аваачиж өгсөн. Аваачиж өгөхөд Х “энэ ажил бүтнэ санаа зоволтгүй” гээд надад 200.000 юань өгсөн. Яг бүтнэ биздээ гэж асуугаад 200.000 юанийг авсан. Тухайн өдрөө би хөдөө Архангай аймаг руу явсан. Тухайн үед Гансүх надтай холбоо барьж байсан. Буцаж ирээд Хтай уулзах гэж оролдсон. Гансүхийн хажууд хүртэл би утсаа чанга яригч дээр нь тавьж байгаад ярьж байсан. Би ярихдаа бүтэхгүй бол мөнгийг нь буцаагаад өгчих, энэ ажлыг дуусгая” гэж хэлсэн. Сүүлд нь Х “яг болох гээд байна” гээд надаас 9 дүгээр сард 50.000 төгрөг нэмж авсан. Би тэр ажлыг бүтээх гэж нилээн хичээсэн. Гансүхийн дэргэд ордны хажуу талд 2 удаа өөрийнх дэргэд Хтай ярьж байсан. Мөрдөн байцаалтад Хад өгсөн тухай дурдахад Хаас огт мэдүүлэг аваагүй байсан. Ч-Юы хувьд ийм зүйл болсон.

Утэй холбоотой хэргийн талаар мэдүүлэг өгье. Урт цагааны төслийн удирдагчаар ажиллаж байсан. Найман шаргын 404 тоотод манай оффис байрладаг байсан. Тэгэхэд Цогзолмаа гэж хүн намайг уулзъя гэж дуудсан. Гараад очиход У ирсэн байсан. Тэгээд танилцахад У “мөнгө төгрөгийн хэрэг байвал би хүүтэй мөнгө зээлдэг та авч болно шүү” гэж надад хэлсэн. Сангийн яаманд ажилладаг гэх зүйл огт яриагүй. Тэр талаар би өөрөөс нь асууя гэж бодож байсан. Би хүүтэй мөнгө удаа дараалан зээлсэн нь үнэн. Тэгэхдээ би бэлнээр 40.000.000 төгрөг огт авч байгаагүй, дандаа дансаар авч байсан. “Гэрээ хийх үү” гэж асуухад “би танд итгэж байна гэрээ хийхгүй” гэж байсан. Дараа нь Ут 7.000.000 гаруй төгрөгийн хүү төлсөн баримт хавтаст хэрэг дансны хуулган дээр байгаа. Уийн хувьд ийм зүйл болсон.

А-тай холбоотой хэргийн талаар мэдүүлэг өгье. Гэрчээр ирсэн Батмөнх, түүний найз Хатанбаатар гэж хоёр хүн бид ажил хөөцөлдөөд явж байгаад А-тай танилцсан. Дараа нь фейсбүүкээр А- надтай холбогддог байсан. Газрын гэрчилгээг сэргээлгэх гэсэн юм гэж надад хэлсэн. Би хүмүүсээс асууя одоохондоо мэдэх зүйл байхгүй байна гэж хариу өгсөн. Би энэ тухай Нарссайханд хэлэхэд бичиг баримтыг нь аваад ир болно гэсэн. Энэ тухай А-д хэлэхэд зөвшөөрөөд Нарссайхан дээр очтол “урьдчилгаа мөнгө 5.000.000 төгрөг өг” гэсэн. Тэгтэл А- 5.000.000 төгрөг барьж ирээд надтай гэрээ хийгээд өгсөн. Би тухайн үед Нарссайханд 5.000.000 төгрөгийг гэрээний хамт бусад бүх бичиг баримттай нь өгөөд явуулсан. А-гийн хувьд ийм зүйл болсон.

Оюунцацралтай холбоотой хэргийн талаар мэдүүлэг өгье. Батмөнх, Мөнхтүвшин гээд  “Эрдэнэс таван толгой” компанид ажилладаг залуутай хамт ирсэн. Би тухайн үед Ганхуяг гээд “Эрдэнэс таван толгой” компаний тухайн үед  тэргүүн гүйцэтгэх даргатай найз байсан. Надаас “чи Ганхуягийг таньдаг юм чинь нүүрсний гэрээ хийгээд өгөөч” гээд удаа дараа гуйсан. Мөн нэг компани оруулчихъя чи урилгыг нь аваад өгөөч гэсэн. Би тухайн үед урилгыг нь авч өгсөн. Тэр талаар баримтууд бүгд байгаа байх би гарын үсэг зурж байж авч байсан. Тэгэж байтал компаний нэрийг солиод өгөөч энэ компани мөнгөгүй гээд байна. Өөр компани оруулах гэсэн юм гээд Оюунцацрал эгчтэй “корпорайт” зочид буудлын караокед очиж уулзаж байсан. Уулзахад Ганхуягт 20.000 доллар өгчихье энэ компаний нэрийг солчихъё гэж байсан. Тэгэхэд Оюунцацрал эгч байгаа нь 14.200 доллар байна гээд өгсөн. Гарч ирээд Батмөнх 10.000 долларыг өгчихье 4.200 долларыг нь 2.100, 2.100 доллароор нь хуваагаад авчихъя гэсэн. Тэгээд бид хоёр 2.100, 2.100 доллароор нь хуваагаад авсан. Тэр оройноо 10.000 долларыг Ганхуягт аваачиж өгсөн. Маргааш өглөө нь Ганхуяг энэ ажил бүтэхгүй юм байна гээд 10.000 долларыг буцаагаад авчирж өгсөн. Би 10.000 долларыг Оюунцацрал эгчид буцаагаад өгье гэхэд зүгээрээ чи хөөцөлдөөд өөр тендерт оруулаад өг гэсэн. Мөнгийг нь яах юм бэ гэхэд “чамд байж байг” гэсэн. Тухайн үед би тэр мөнгөнөөс хэрэглэсэн. Оюунцацрал эгч надтай холбоо бариад чамд миний мөнгө байгаа юу гэж асуусан. Би тухайн үед Батмөнхөд мөнгө өгөөд Батмөнх тэр мөнгийг доллар болгоод Оюунцацрал эгчид аваачиж өгсөн. Батмөнх, Оюунцацрал эгчид хэдэн төгрөг аваачиж өгсөн гэдгийг би мэдэхгүй байна. 2.200 долларыг аваачиж өгсөн гэж ярьж байсан хараагүй болохоор мэдэхгүй байна. Оюунцацрал эгчийн үлдэгдэл 6.200 долларыг өгөх ёстой. Тэгэхдээ би өөрөө оролцоод залилж авсан зүйл надад байхгүй. Хэрвээ ямар нэг хэрэг үйлдсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн байна. Яагаад гэхээр учруулсан хохирол гээд байгаа зүйлийг бодитой тогтоох хэрэгтэй байна. Оюунцацралын хувьд ийм байна.

Дт холбоотой хэргийн талаар мэдүүлэг өгье. Д нь “Tv8” телевизийн сэтгүүлч Гэрэлээ гэдэг хүнээс миний дугаарыг аваад надтай ирж уулзсан. Би ирэхэд нь түрүүвчиндээ байсан мөнгөнөөс 500 доллар авч өгсөн. Тухайн үед над дээр ирэхдэээ ах нь тоглолтын бэлтгэл ажиллагааг хангах гээд мөнгө хэрэгтэй гэхээр нь 1.000 доллар өгсөн. Д мэдүүлэг дээрээ намайг дандаа ирж ууж, идэж байсан гэж ярьсан байсан. Тухайн үед намайг ирж хоол ид гэж дуудаад би 2-3 удаа очих нь очиж байсан. Ах нь орон сууцанд орох гэсэн юм гэхээр нь “надад одоо бэлэн байр байхгүй. Хөрөнгө оруулалт нь орж ирээгүй зогссон байр 134 айлын орон сууц Зайсанд байгаа тус байрнаасаа 2 өрөө байр өгнө гэж хэлж байсан. Прокурор мөрдөгч нар энэ байрыг байхгүй гэж дурдсан байсан. Энэ байр үнэхээр байдаг. Тэр хүнээс залилах гээд ч залилах зүйл байгаагүй. Д намайг зохиомол байдал үүсгэсэн, Оюунболд аваргыг дагуулж ирсэн гэж ярьж байсан. Намайг Оюунболдтой хамт явж байхад “ирж хоол ид” гэж дуудаж байсан. Тийм болохоор хамт очсон. Тухайн үед би Оюунболдод машин авч өгчихөөд явж байсан. Сүүлд Дорждавга надад машин хэрэгтэй байна гэхээр нь би найзаасаа асуутал “гаалийн бүртгэл дээр татвар нь янз бүр болсон 2 ширхэг харьер маркийн машин байна” гээд над руу зургийг нь явуулсан. Тухайн зургийг Д руу явуулаад тухайн машиныг 15.000.000 төгрөгөөр авахаар болсон. Тэгээд Дас 9.000.000 төгрөг аваад би 7.000.000 төгрөг нэмээд мөнгийг гүйцээж өгсөн. Сүүлд нь бичиг баримт нь болохгүй байна гэдэг зүйл үүсэх нь үүссэн. Д намайг хоригдсон байхад өргөдөл гаргасан байсан. Тэгэхээр нь би машиныг болиод мөнгийг нь буцааж өгье гэж өөрт нь хэлж байсан. Билетийн хувьд надад өөрөө 100 билет өгсөн. Тоглолт болохоос 3 хоногийн өмнө 300 билет үхэх гээд байна тараагаад өгөх боломж байна уу гэхэд би Амаржаргал руу яриад цэргийн ангиуд руу тараалгуулсан. Дорждагвын хувьд ийм зүйл болсон.

Эт холбогдох хэргийн талаар мэдүүлэг өгье. Э бид хоёр эртний танилууд 2018 оны 5 сард бид хоёр холбогдож уулзсан. Би Эээс 1, 2 удаа мөнгө зээлж авсан. Дараа нь данс нээх асуудал дээр 2, 3 газар хайгуул хийх гэж явахад Э зарим дээр нь өөрөө хүртэл явсан. Энэ мөнгийг зээлж байгаа буцааж өгнө гэдгийг хэлж байсан. Тэр мөнгөнүүд хайгуулын ажилд зарцуулагдсан гэдгийг Э өөрөө мэдэж байгаа. Эийн мөнгийг би өөрөө авсан. Цаанаасаа хүнээс авч байгааг мэдсэн. Би тэр талаар уучлалт гуйж байна.

Ланд 200 машины талаар мэдүүлэг өгье. Ланд 200 машиныг Ч-Юаас авсан мөнгөөр хийсэн гэдэг. Энэ бол үгүй юм. Манай наадмыг прокурор, мөрдөгч энэ мөнгөөр хийсэн гэж ярьдаг. Үүнийг 2012 оноос эхлээд хийгээд тогтсон байсан. Мөнгийг нь бүх зүйлийг нь бэлдсэн байсан. Ланд 200 маркийн машиныг би 6 дугаар сарын 13-нд авсан. Тухайн үед наадам хийх гэсэн юм гайгүй машин авмаар байна гэхэд надтай хамтарч ажиллаж байсан Баярмагнай гэдэг хүн 200.000 доллар авчирж өгч байсан. Тухайн мөнгөнөөс наадамныхаа эд зүйлийг бүрдүүлсэн, 6 дугаар сарын 13-ны өдөр Ланд 200 маркийн машиныг авсан. Нэрийг нь шилжлүүлэх гэсэн боловч Ариунболд гэх залуу иргэний үнэмлэхээ мартсан байна гэхээр нь тал мөнгийг нь өгөөд сүүлд 20-ны үед үлдсэн мөнгийг өгөөд шилжүүлж авсан байдаг. Энэ нь Ч-Юы мөнгөнд ямар ч хамаагүй. Ч-Ю мөнгөнөөс  640.000 юанийг Хад, 200.000 юанийг наадмын мөнгөн дээр нэмсэн, ганц нэг зүйлд хэрэглэсэн. Тэгэхээр ланд 200 маркийн машин Ч-Юы мөнгөтэй ямар ч холбоогүй. Сүүлд нь ланд 200 маркийн машиныг тоноглуулж байхад надад мөнгөний хэрэг гарсан тул “Илч кредит” ББСБ-д барьцаанд тавьсан.  Сүүлд нь Ч-Юы найз Э Завхан явна гээд унаад явсан. Унаж явж ирээд Э авчихлаа гэхээр нь мөнгөнийхөө барьцаанд авч байгаа гэж ойлгосон. Би Эын дэргэд утсаа машинтай холбож байгаад Хтай ярьж байсан. Ийм зүйл болсон.

А-т холбогдох хэргийн талаар мэдүүлэг өгье. Амаржаргал бид хоёр 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр танилцсан. 8 дугаар сарын 06-наас нэг гэрт байсан. Бид хоёрын дунд маргалдаж байсан удаа байдаг. 12 дугаар сарын 29-ний өдөр намайг цохиж, зодож, хөлийг нь гэмтээсэн гэж байна. Цогтсайхан намайг аваад Амаржаргал бид хоёрыг хүргэж өгч байхад зам түгжрэлтэй байсан тул талбай дээрээс алхаад их дэлгүүр дээр ирсэн. Бид хоёр 2 шампанск уусан. Тэгтэл “Чингис хаан” банкны Баттулга гээд залуу гарын бэлэг өгөх гэсэн юм гэхээр нь би их дэлгүүр дээр гэртэй дуудтал 2 теллер бүсгүйтэй хамт ирсэн. Амаржаргал “юу хүмүүс бэ” гэж асуухаар нь тайлбарлатал Амаржаргал уурлаад гараад явсан. Тэгээд намайг зодсон гэж мэдүүлэг өгсөн байсан. 2018 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө асуудал болсон гэж ярьсан байсан. Тэгэхэд Амаржаргалыг Батболдтой ажлаас нь очиж аваад гэртэй ирэхэд манай найз Ганболд, Санжаадамба 2 ирээд бид нар гараад явсан. Би шөнө ирээд унтаад өгсөн. Өглөө цагдаа нар ирээд боссон. Ийм зүйл болсон гэв.

 

Хохирогч Ч-Юд /QIAO YONG/ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Г залуу намайг Батсайхантай танилцуулсан. Түүнээс хойш гэрээ хийж өгнө, барилга барина гээд яриад явсан. Засгийн газар дээр 7-8 удаа сайд, зөвлөхтэй уулзана гээд худлаа яриад байгаад байсан. 6 дугаар сарын 10-нд мөнгө авсанаас хойш 7 дугаар сарын 10-нд гэрээ хийнэ гээд алга болсон. Түүнээс хойш ээж эмнэлэгт хэвтсэн, ээж нас барсан гээд худлаа яриад яваад байсан. Тэгээд би цагдаад хандсан. Би 3 хувийн хүүтэй хүнээс мөнгө зээлээд өгсөн. Би өгсөн мөнгө болох 289.959.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

 

Хохирогч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Батсайханд итгээд хайрласан сэтгэл дээр минь тоглолт хийгээд надад нийт 6 удаа гар хүрсэн. Би зарим ганц нэг цохилтыг нь тооцохгүй байгаа тооцвол 10 болно. Энэ хүнийг би 6 сар хамт амьдрахдаа нэг ч удаа араар тавьж үзээгүй. Намайг орой болгон ажлаас авдаг байсанд баярладаг. Нэг удаа зам түгжрээд Монол банкны тэндээс алхаад гэртээ иртэл бэлэг эрхтэнээ босгоод шууд хийгээд “Чи ямар хүнтэй унтаад ирэв” гэж байсан. Бас нэг удаа батлан хамгаалах яам дээр жижүүрт гараад хоночихоод иртэл бид хоёрын унтдаг орон доороос яагаан өнгийн чихтэй утасны гэр гарч ирж байсан, гэх мэт энэ хүн дандаа өөрөөсөө болдог. Нэг ч удаа би энэ хүнийг алгадаж, маажиж үзээгүй. Намайг олон удаа зодсон. Хоёр хүүхэнтэй банкны залуу орж ирсэн нь үнэн би “юун 2 хүүхэн бэ” гэж асуусан нь үнэн. Тухайн үед би айгаад нойл руу орсон. Тэгтэл нойлын хаалгыг цөм өшиглөөд намайг янз бүрээр дуудаад гараад ир гээд байсан. Намайг гарч иртэл тэр залуу яваад бид хоёр хоёулахнаа үлдсэн. Тэгээд миний дээр гараад гараа зангидаж байгаад миний чих рүү хэд хэдэн удаа цохисон. 29-нөөс 30-нд шилжих шөнө намайг зодож байгаад миний хөлийг хугалсан нь үнэн. Бид хамтдаа их дэлгүүрийн хажуу талд хуучин байранд амьдардаг байсан. Нэг өдөр Батсайхан намайг зодож байтал хаалга цохиод цагдаа ороод ирсэн. Юу болсныг асуухад доод талын айл байнга зодолддог гээд цагдаад дуудлага өгсөн байсан. Тухайн үед би Батсайханыг бодоод ямар нэг асуудал болоогүй гэж хэлээд цагдааг гаргасан. Тэгээд буцаж ирээд намайг шууд зодсон би аргаа бараад хөл нүцгэн гарч гүйсэн. Замын урд такси бариад зогсож байтал нөгөө хоёр цагдаа машинтайгаа зогсож байсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн цагдаа дээр очоод ээжийг дуудсан. Ээжийнхээ оймсыг өмсөөд хороололд гэртээ хүргүүлсэн. Би өнөөдрийг хүртэл өсгийтэй гутал өмсөж чадахгүй байгаа. Батсайхан тухайн үед “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэх зардлыг дааж байсан. Одоо хүртэл физик эмчилгээ хийлгэж байгаа. “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэж байхад аав маань Увс аймгаас дуулаад ирсэн байсан. Тэгэхэд би аавыгаа уйлж байхыг анх удаа харсан. Тэгэхэд Батсайхан аавын ярьж байгааг үл тоомсорлон утсаар ярьж байсан. Батсайхан намайг Увсад очиж бэр гуйсан. Би одоо Увсад очихоос хүртэл ичиж байна. Шүүхэд даанч сэтгэл санааны хохирол гэдэг зүйл байдаггүй, намайг удам судраар минь доромжилж байна. Батсайхан хүний урманд уучлалт гуйсан бол өргөдлөө татах байсан. Би Батсайханаас залилан хийдэг байсныг нь мэдээгүй. Надад нэг компанитай гэж хэлдэг байсан. Дараа нь би цагдаа дээр шалгуулаад мэдсэн. Батсайхан надтай амьдарч байх хугацаандаа 3 гутал, 2 гадуур хувцас, нэг удаа 50.000 төгрөг бэлнээр өгсөн. Би энэ хүнээс мөнгө төгрөг нэхэж байгаагүй. Намайг зодож байгаад миний утсыг эвдсэн болохоор гар утас авч өгч байсан. Би маш их гомдолтой байна. Батсайханаас 5.736.762 төгрөг нэхэмжилж байна.” гэв. 

 

Хохирогч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Батсайхан 2006 онд надтай миний эгчээр дамжуулж танилцаж байсан. 2018 оны 3 дугаар сард Эрдэнэт хотод ирээд уул уурхайн компанитай амжилттай яваа компаний захирал болсон, нэрийн хуудас зэргийг үзүүлээд манай компанид Авилгалтай тэмцэх газраас шалгалт ороод данс хаасан мөнгө хэрэг болж байна гээд 64.750.000 төгрөгийг авсан. Би энэ хүний уул уурхайн компани хаана байдгийг мэдэхгүй. Надад “Заамар”-т байдаг гэж ойлгуулж байсан. Харин сүүлд мэдүүлгээс Завхан аймагт байдгийг мэдсэн. Би тэр газар  руу нь очиж үзэж байгаагүй. Харин Булган аймгийн Хутаг-Өндөр суманд миний заслаа хийлгэдэг хүнээр хамт очиж засал хийлгэж байсан. Батсайханаас баримтаар нотлогдсон 64.750.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

 

Хохирогч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Батсайхантай ахаараа дамжуулж танилцаж байсан. Фэйсбүүкээр найзууд болж хоорондоо харьцдаг байсан. Хан-Уул дүүрэг дээр газрын гэрчилгээ гаруулах гэж явж байгаад Батсайханд хэлтэл болно гэж байсан. Надаас Батсайхан 30.000.000 төгрөг нэхсэн. Тухайн үед надад 30.000.000 төгрөг байгаагүй. Надад байгаа нь 5.000.000 төгрөг байна гэхэд үлдэгдэл 25.000.000 төгрөгийг би өөрөөс өгчихье гэж байсан. Их дэлгүүрийн хажууд 5.000.000 төгрөг зээлийн гэрээ хийгээд нотариатаар батлуулаад өгсөн. Энэ зүйл бүтээгүй дандаа худлаа ярьж явсан. Надтай утсаар ярьж байх хугацаанд Батболд гэдэг хүн чиний мөнгийг авсан чи энэ хүнтэй учраа ол гэдэг байсан. Харин одоо Нарссайхан болсон байна. Нарссайханыг би сүүлд мэдсэн. Тухайн үед Батболдтой миний мөнгийг авсан гэж бодоод ярьхад маргааш өгнө гэдэг байсан. Сүүлдээ тэр хүн намайг ална гэх болсон. Одоо гомдолтой байна.” гэв.

 

Хохирогч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Батмөнх гээд “Эрдэнэс таван толгой” ХХКомпанид ажилладаг, манай найзын хүү байдаг юм. Би Батмөнхөд танай байгууллага нүүрсний гэрээ ямар журмаар хийж байгааг мэдээд өгөөрэй гээд хэлж байсан. 2017 оны 10 дугаар сарын 02-нд Батмөнх над руу залгаад “Ганхуягийн найз нүүрсний гэрээ хийнэ гэнэ тантай уулзуулъя” гэсэн. Тухайн үед манай хөрөнгө оруулагч Хятад хүн ирсэн байсан. Тэгээд манай оффист манай хөрөнгө оруулагч, Батсайхан, Батмөнх, бид 4 уулзсан. Тэгэхэд Батсайхан нүүрсний квот байна би энэ ажлыг хөөцөлдөөд өгье гэсэн. Манай хөрөнгө оруулагч Монгол хэл мэддэг байсан тул ажил хэрэг болохгүй юм байна гээд явсан. Батмөнх, Батсайхан хоёр мөнгө хэрэг болоод байна мөнгө зээлээч гэсэн. Би тэр хоёрын дэргэд эгч рүүгээ залгаад 14.200 доллар аваад өгсөн. Би мөнгө өгөхдөө сүүлийн хугацаа 7 хоног шүү мөнгөө буцаагаад өгөөрэй гээд өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа Чингэлтэй дүүргийн цагдаагаас миний таньдаг Батсайхан мөрдөгч утасдаад “тантай Батсайхан гэдэг хүн яагаад холбогдоод байгаа юм бэ” гэсэн. Би “мөнгө зээлсэн өгөхгүй байгаа” гэж хэлтэл гадуур залилан хийгээд яваад байгаа бидний хайгаад байгаа хүн байна гэсэн. Тэгээд түүнээс хойш мөнгөө авах гээд чадахгүй цагдаад өргөдөл өгсөн. Тэгээд байж байтал Батмөнх, Г хоёр ирээд 6.200 доллар өгөөд таны үлдсэн мөнгийг бид хариуцна. Тэгэхэд Батсайхан хүртэл таны мөнгийг өгнө ажилд саад болоод байна, та өргөдлөө татаад авчих гэсэн. Би залуу хүнд саад болоод яахав гээд бүх мөнгөө авсан гээд цагдаагаас өргөдлөө авсан. Түүний дараа бүгд алга болсон. Тэгтэл шоронд орсон байна гэж дуулсан. Би сүүлдээ ядараад байсан тул хаясан, тэгээд өдийг хүртэл явсан. Одоо үлдэгдэл 6.200 доллар буюу 15.300.000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.

 

Хохирогч Ч-Ю /QIAO YONG/ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 06 дугаар сард Эрдэнэс таван толгой ТӨХК-тай нүүрс худалдан авах гэрээ байгуулж БНХАУ руу гаргах ажлыг төлөвлөөд өөрийн танил Баясаа гэх ахад энэ талаар хэлэхэд Галаа гэж хүнийг танилцуулсан. Тухайн үед Галаатай уулзаж Эрдэнэс таван толгой ТӨХК-иас их хэмжээний нүүрс худалдаж авмаар байна, гэрээ хэлцэл байгуулаад өгөх хүн байна уу гэхэд “болно бичиг баримтыг чинь үзье” гэхээр нь би Эрдэнэс таван толгой ТӨХК-д гаргасан өргөдөл, компанийн гэрчилгээний хуулбар, гаалиар нүүрс гаргах зөвшөөрлийн хуулбар, тээврийн гэрээ зэрэг баримтуудыг бүрдүүлж Галаа, Баясаа хоёрт өгсөн. Ингээд удалгүй Галаа нь Батсайхан гэдэг хүнийг надад танилцуулж энэ хүн бол танил тал ихтэй ажлыг чинь бүтээж өгөх хүн байгаа юм гэж танилцуулсан. Тэгтэл Батсайхан нь нүүрс худалдаж авахад урьдчилгаа мөнгө хэрэгтэй надад 2.0 сая доллар байгаа чи 1.0 сая юань олчих гэж хэлсэн. Тэгээд мөнгө төгрөгөө олчих юм бол гэрээгээ шууд байгуулаад ажил бүтнэ найдвартай гэж хэлсэн. Ингээд би найзаасаа 840,000 юанийг зээлээр авсан бөгөөд би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө барагцаагаар 2017.06.25-ны өдөр гэж хэлсэн байдаг. Одоо бодохоор 2017 оны 06 дугаар сарын дундуур 15-ны үеэр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын урд талын автомашины зогсоол дээр О.Бтай уулзаад 840,000 юанийг бэлнээр түүнд өгсөн. О.Б нь мөнгөө нэг бүрчлэн тоолж авсан. Мөнгө өгөх үед Галаа болон Э нар хамт байсан. Тэгээд О.Б нь ирэх долоо хоногийн ажлын эхний өдөр гэрээ байгуулна гэж хэлчихээд явсан. Тэгснээ уг гэрээний асуудлыг хойшлуулаад байсан. Удалгүй баяр наадам ч болж хэд хоног бүх нийтээр амарсан. Дараа нь сонгууль болсонтой холбогдуулаад дахиад хойшлоод байна гээд л яваад байсан. Иймэрхүү байдлаар гэрээний асуудлыг хойшлуулсаар байгаад 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр О.Бтай уулзахад авсан мөнгөө эргүүлж өгнө гэж хэлээд гараар баталгаа бичиж өгчихөөд явсан. Ингээд дахиад тэр чигтээ алга болчихсон юм. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Анх О.Бтай Галаа гэж хүнээр дамжуулан танилцсан. Эрдэнэс таван толгой ТӨХК-иас 500,000 тн нүүрс худалдаж авах гэрээ хийлгүүлэх зорилгоор танилцаж байсан. О.Б нь өөрийгөө Урт цагааны орчим оффистой, хувиараа барилга барьдаг гэх мэт зүйл ярьж байсан. Түүнд мөнгө өгөхдөө ямар нэг гэрээ хэлцэл байгуулаагүй, өөрийгөө Засгийн газарт танил тал ихтэй, барилгын тендер авдаг их л том хүн гэж итгүүлсэн...” гэжээ. /1хх- 49-50, 5хх-35-36-р тал/

 

Гэрч Л.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...“..Ч-Юы монгол нэрийг нь Гансүх гэдэг юм. Би Гансүхийг нилээн олон жилийн өмнөөс таньж мэддэг найз нөхдийн холбоотой хүмүүс байгаа юм. 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Гансүх надруу залгаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын урд талын талбайд Гансүхийн автомашин дотор сууж байхад Галаа болон Батсайхан гэдэг хүмүүс ирж машин дотор суусан. Тэгээд Гансүх юанийг бэлнээр гаргаж ирээд тоолоод Батсайханд өгсөн, Батсайхан ч тоолоод аваад явсан. Тухайн үед Ч-Ю буюу Гансүх нь Эрдэнэс таван толгой ХХК-иас 500,000 тонн нүүрс худалдаж авах зөвшөөрөл авах гээд ажил хөөцөлдөж байсан юм. Ямар учиртай нүүрс авах гэж байгаа гэхлээр Гансүхийн найз нь Хятад улсад нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай юм байна. Тэгээд Гансүхийг Монгол улсад байгаа учир нүүрс авах гэрээ хийгээд өгөөч гэж гуйсан юм байна лээ, түүний дагуу Гансүх энэ ажлыг хөөцөлдөж эхэлсэн байсан.Тэгж байгаад Баясаа, Галаа гэх хүмүүстэй танилцсан. Галаа, Баясаа хоёр нь гэрээг найдвартай хүнтэй ярьсан байгаа өнөө маргаашгүй гэрээ байгуулагдана гээд Батсайхантай уулзуулсан байсан. Ингээд Батсайханд мөнгө өгснөөс хойш 2-3 удаа Гансүх бид хоёр Батсайхантай уулзахад өнөө маргаашгүй гэрээ байгуулагдана гэж байснаа наадам баяр болж байна гэж хойшлогдоод дараа нь ээжийн бие муу байна гэж бас хэд хоног хойшлуулсан. Тэр үед Батсайханыг худал хэлж байна гэж бодоод өөрийн нь унаж байсан Ланд 200 маркийн автомашиныг барьцаанд авч гражид хадгалсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг авахад Илч кредит компаний нэр дээр байсан ба ямар учиртайг асуухад манай компани гэж хэлсэн. Тэрнээс хойш холбоо барихгүй явсаар байгаад 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр надтай уулзаад 25-ны өдөр гэхэд найдвартай мөнгийг чинь өгнө гээд баталгаа бичиж өгсөн. Тухайн үед Батсайхан нь Эрдэнэс таван толгой компаниас 500,000 тонн нүүрс худалдаж авах гэрээ байгуулж өгнө гэж хэлсэн учир нүүрс худалдаж авах мөнгөний урьдчилгаа гэж 840,000 юанийг өгч байсан” гэжээ. /1хх-57-59-р тал/

 

Гэрч Ж.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 05 дугаар сард миний танил нэг хүн надруу залгаад одоо би нэрийг нь мартчихаад хэлж чадахгүй байна. Тэр хүн нүүрсний гэрээ хийх компани байна, уг ажлыг хөөцөлдөөд өгөх хүн байна уу гэхээр нь би таньж мэддэг хүмүүс байна уу үгүй юу асуугаад үзье гэсэн. Удалгүй Гансүх гэх хүн ирж уулзаад нүүрс худалдаж авах гэрээг Эрдэнэс таван толгой ТӨХК-тай байгуулах гэсэн юм таньж мэддэг хүн байна уу гэхээр нь хүмүүсээс асууя гээд явуулсан. Тэр орой Гансүхийн ажиллуулдаг Анужин нэртэй ресторанд намайг дахин дуудаж уулзсан бөгөөд очиход Гансүх, Э болон Гансүхийг анх танилцуулсан хүн гурвуулаа сууж байсан. Тэгээд нөгөө л нүүрс худалдаж авах гэрээний асуудлаа ярилцсан. Хэд хоногийн дараа би Гансүхэд Батсайхан ахын утасны дугаарыг өгсөн. Ингээд цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Би гарын үсэг зурж гэрээ байгуулж өгөх эрх бүхий хүн биш учраас, уг гэрээг хийж өгч чадаж магадгүй гэдэг үүднээс О.Быг хэлж өгсөн юм. Тэгээд Гансүх нь О.Бд бэлнээр мөнгө өгсөн, би мөнгөн дүнг яг хэд байсныг мэдээгүй тоолж үзээгүй” гэжээ. /1хх-64-65-р тал/

Хохирогч Ц.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2017 оны 10-р сарын 02-ны өдөр миний таньдаг Батмөнх гэдэг залуу над руу 88118232 дугаарын утаснаас залгаж, уулзъя гэхээр нь би Төрийн өмчийн хорооны тэнд ойрхон явж байсан болохоор уулзаж машин дотроо ярилцсан. Тэгээд надад Батсайхан гэх залууг танилцуулаад энэ залуу Эрдэнэс таван толгойн гүйцэтгэх захирал Ганхуягтай найз болохоор нүүрсний гэрээ хийлгэхээр болсон, та 3 хоногийн хугацаатайгаар мөнгө төгрөг зээлээч гэж гуйгаад ярилцаад өнгөрсөн. Тэндээс гараад би өөрийн ажилладаг Корпориат конвешн центрт ажил дээрээ байж байхад орой 20 цагийн үед Батмөнх, Батсайхан хоёр хамтдаа ирээд өдөр ярьсан зүйлийнхээ талаар хэлээд надаас 14200 ам долларыг 3 хоногийн хугацаатайгаар авч явсан. Удалгүй 3 хоногийн дараа Батмөнх, Батсайхан хоёрлуу залгаад мөнгөө авья гэж хэлтэл маргааш өгье гэж худлаа хэлж ярьсаар байна...уг нь бол одоогоос 1 жилийн өмнө манай түнш хятадууд таван толгойгоос нүүрс авмаар байна, тендер зарлагдвал хэлээрэй гэж байсан. Тэгээд Батмөнхийг Эрдэнэс таван толгойд ажилладаг болохоор хэлсэн байсан юм. Тэгээд л Батмөнх надаас нөгөө нүүрс авах хэвээрээ юу гээд хүрээд ирсэн юм. Тэгээд гэрээ чинь бэлэн болсон, урилга нь гарах гээд байна, урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна, эргээд зохицуулаад танд өгнө гэж хэлээд авсан. Батмөнх Эрдэнэс таван толгойд зохион байгуулагч хийдэг, Батсайхан нь Хануй группын захирал гэж байсан.” гэжээ. /3хх-ийн 239-240-р тал/ Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4хх-11/

 

Гэрч И.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 онд Оюунцацралт эгч над руу яриад чи Эрдэнэс таван толгойд ажиллаж байгаа юу, танайх нүүрсний борлуулалт хийгдэж байгаа юу гэж асуухаар нь хийгдэж байгаа гэсэн. Тэгээд 2017 онд мөн тэр талаар ярихаар нь сонгон шалгаруулалт хийгддэг юм би хүнээс асууя гэсэн. Ингээд өөрийн найз Батсайхантай холбогдож жагсаалтад оруулах арга байна уу гэхэд сонгон шалгаруулалтаар ордог юм байна, сонгон шалгаруулалт нь дууссан байна, харин надад мөнгөний хэрэг гараад байна, надад мөнгө зээлэх үү гэхээр нь мөнгө төгрөг байхгүй гэдгээ хэлсэн. Тэгээд Батсайханы хамтаар 2017.10.02-ны өдөр Оюунцацралт эгчийн ажил дээр очиж уулзаад жагсаалтад оруулж өгье, харин та мөнгө зээлээч гэхэд хэд гэж асуухаар нь боломжоороо гэхэд 14.200 ам.дол өгөхөөр нь тэр дор нь хажууд нь Батсайханд өгчихөөд гарсан. Уг нь 14 хоногийн хугацаанд төлөх байсан ч чадалгүй одоо хүрсэн. Ингээд 6000 ам.дол-г одоо 8.200 ам.дол өгөх дутуу байгаа. Энэ мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй. Дэргэд нь бүгдийг Батсайханд өгсөн. Батсайхан нүүрсний гэрээ байгуулах жагсаалтад оруулж өгнө гэж хэлсэн юм. Батсайхан Хануй группын захирал ажилтай, барилга уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Би Эрдэнэс таван толгой ХХК-ийн Захиргаа удирдлагын газарт ерөнхий зохион байгуулагч хийдэг. Харин нүүрсний гэрээ зэрэг нь Борлуулалтын газарт хамаардаг” гэжээ. /3хх-244-245-р тал/

 

Хохирогч О.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017.04.17-ны өдөр Цогзолмаа эгчтэй таараад хийж байгаа ажил төрөл ойр зуурын юм яриад салсан. Тэгтэл 4 хоногийн дараа над руу залгаад ярих юм байна хүрээд ир гэсэн. Тэгэхэд Цогзолмаа нь манай шавь Сангийн яаманд бодлогын хэлтсийн даргаар ирсэн байна, бэлэн төсөл хөтөлбөр бий юу гэсэн. Тэгээд Батсайхантай уулзуулахад өөрийгөө Сангийн яаманд бодлогын хэлтсийн даргаар ажилладаг, яамнаас батлагдан ирсэн төсөл манайхаар дамждаг юм гэхээр нь 2017.04.19-ний өдөр Батсайханы цахим хаягаар төслөө явуулсан. Тэгээд төсөл чинь болчихлоо, бичиг хэргийн зардалд урьдчилгаа 1.500.000 төгрөг явуул гэхээр нь 21-ний өдөр бэлнээр 1 сая төгрөг дансаар 500.000 төгрөг өгсөн. 5 сарын 20-ны өдөр танай төсөл батлагдаад гүйлгээ хийгдээд бэлэн болно байшин саваа бэлдэж бай гэсэн. Тэгээд таг чиг байснаа 2017.07.10-ны өдөр Батсайхан утасдаад танай төсөл болчихлоо, баярын дараа гүйлгээ хийнэ гэсэн. Би гэртээ зурагт үзэж байтал Өлзий сувгаар Хану группын ерөнхийлөгч Батсайхан гээд ярьж байсан. Дараа нь 650.000 төгрөг зээлээч гээд авсан. 2017.09.15-ны өдөр Сангийн яамны эрсдэлийн санд 18 сая төгрөг байршуулах хэрэгтэй гэхээр нь нөхөртөө хэлэхэд одоо хоёулаа болье гэсэн. Тэгтэл орой нь утасдаад ах нь 10 саяыг нь олчихлоо, миний дүү 8 саяыг нь олчих гэсэн. Тэгэхээр нь найзуудаасаа зээлээд Батсайханы өгсөн дансанд шилжүүлсэн. Тэгснээ маргааш нөгөөдрөөс нь эхлээд Чойжилсүрэн сайд ажлаа өгөх гээд байна, 50 сая төгрөг өгөөд юмаа гялс зуруулаад ав, би 9911-тэй утсаа тавьчихлаа та 2 ямар хойрго юм бэ гээд байхаар нь 12 сая төгрөг шилжүүлгээр 3 сая төгрөг бэлнээр дараа нь 2017.11,15-ны өдөр авто плазагийн лангууных нь дэргэд 15 сая төгрөг бэлнээр өгсөн. 2017.11.22-ны өдөр 1.5 саяыг бэлнээр өгсөн, 500.000 төгрөг эмнэлгээс ирж авсан. Оны өмнө 3 саяыг, 2017.12.26-ны өдөр 700.000-г шилжүүлсэн...Би ээж Д.Наранцэцэгийн хаан банкны дансыг шалгаж үзэхэд нийтдээ 40,990,000 төгрөгийг Батсайханд өгсөн байна. Энэ мөнгөнөөс бэлнээр нийтдээ 19,150,000 төгрөг, 21,840,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байна. Үүнээс гадна танил ах Гансүхээс мөнгө шилжүүлсэн, Батсайханы 5029568282, 5020801353 дугаарын данс руу мөнгө шилжүүлдэг байсан. Яг шилжүүлсэн дансны хуулгаа харахад 43,290,000 төгрөгний 22.140.000 төгрөгийг Батсайханы 5020801353, 5029568282 гэсэн дансуудаар өгсөн. Дансны хуулганд харагдаж байгаа. Харин үлдсэн 21,150,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Батсайхан энэ мөнгөнүүдийг авахдаа танай гэрээ чинь сангийн яаман дээр зурагдсан байгаа, би энэ яаманд бодлогын хэлтсийн дарга ажилтай, гүйлгээг хийх гээд байна, сайд юмаа өгч байгаад гэрээгээ зуруулж ав гээд байна гэж их л итгүүлсэн, сүүлд худлаа гэдгийг нь мэдсэн. Батсайхан нь Сангийн яаман дээр уулзсан болохоор итгэсэн.” гэжээ /3хх-ийн 34-36-р тал/

 

Гэрмөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 04 дүгээр сард эхнэр У нь Батсайхантай танилцсан бөгөөд анх танилцахдаа Батсайхан нь манай эхнэрт төслийн зээлд хамруулж өгнө гэж хэлсэн байсан. Тэгээд би 2017 оны 05 дугаар сард эхнэрийн хамтаар Батсайхантай Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд уулзаж Батсайханд шуудайны үйлдвэр барих төсөл үзүүлэхэд болохоор юм байна гэж хэлсэн. Ингэж л анх холбогдсон ба Батсайхан өөрийгөө Сангийн яаманд бодлогын хэлтсийн дарга гэж танилцуулж байсан. Анх 2017 оны 05 дугаар сард бичиг хэргийн зардал гэж 1,500,000 төгрөг авснаас хойш цувуулж авсаар 40 орчим сая төгрөг болсон. Сангийн яамнаас төслийн зээл гаргуулж өгнө хэмээн авсан” гэжээ. /3хх-37-р тал/

 

Хохирогч Ц.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн танил ахаараа дамжуулан О.Бтай анх танилцсан. Тэгээд нээх найзалж нөхөрлөөд байдаггүй байсан. Фэйсбүүкээр л харьцдаг байсан. Тэгээд би 2018 оны 01 дүгээр сард Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 4-р цахилгаан станцын наана байдаг 2840 м.кв талбай бүхий хоосон газрыг авахаар Хан-уул дүүрэгт хүсэлт гаргасан ч дүүрэг захирамж гаргаж өгөхгүй гэсэн. Тэгээд би энэ талаараа Батсайханд хэлтэл Батсайхан наад газрын чинь эзэмших гэрчилгээг Нийслэлийн газрын албанаас гаргадаг юм би чамд гэрчилгээг нь гаргаж өгч чадна газраа авахад заавал дуудлага худалдаа болно тийм учраас дуудлага худалдааны мөнгийг өг гэсэн.Тэгээд би үнэхээр гаргаж өгч чадах юм уу дуудлага худалдаа гэж яадаг юм хэдэн төгрөг хэрэг болох юм гэж асуутал Батсайхан 10 сая төгрөг болно гэсэн. Тэгэхээр нь би 10 сая төгрөг бол байхгүй, 5 сая төгрөг л байна гэтэл Батсайхан тэгвэл наад мөнгөө өгчих би өөрөө нэмээд өгчихье гэсэн. Тэгээд л 5 сая төгрөгөө өгсөн. Батсайхан надад хэлэхдээ 2018 оны 02 дугаар сард газрын эзэмших гэрчилгээг гаргаж өгнө гэсэн. Тэгээд Батсайханы хэлсэн хугацаа нь өнгөрөөд Батсайханаас яасан талаар асуухад удахгүй гарна гэдэг ба би итгээд нилээн хүлээсэн. Тэгтэл над руу Хан-Уулын цагдаагаас яриад Батсайханыг хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа талаар хэлсэн. Тэгээд л би залилуулсан байна гэдгээ мэдсэн. Би 5 сая төгрөгийг Гандирс төвийн хажууд бэлнээр Батсайханд өгч зээлийн гэрээ хийж Сүхбаатар дүүрэгт байх нотариатаар баталгаажуулсан. Би Нарссайхан гэж хүнийг огт танихгүй.” гэжээ. /3хх-194-195-р тал/

 

Хохирогч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Батсайхантай 2006 онд өөрийн хуурай эгч Уранбилэг гэж хүнээр дамжуулан танилцаж байсан. Тэгтэл 2018.05.27- ны өдөр Батсайхан Орхон аймагт ирж надтай уулзсан. Тэгээд уул уурхайн компанитай болсон, маш амжилттай ажиллаж байгаа гэх зэрэг ойр зуурын юм ярьж байгаад явсан. 2018.05.29-ний өглөө яриад манай компани дээр АТГ-с шалгалт хийгээд байгууллагын оффисыг хаачихжээ, ажил төрөл хөөцөлдөх гэсэн мөнгө хэрэг болоод 3 сая төгрөг өгөөч гэхээр нь Г гэж хүний дансаар 3 сая төгрөг шилжүүлсэн. Дараа нь дахиад мөнгө хэрэг боллоо гээд 2,5 саяар нэг, 100.000-р нэг удаа мөнгө авсан. Түүнээс хойш хөдөө машин эвдрээд суучихлаа, Архангай аймгийн Өндөр-Улаан суманд сургууль барьж байгаа, АТГ-н шалгалт дуусахаар хүүтэй нь буцааж өгнө гэх зэргээр 2018.11.20-ны өдрийг хүртэл цувуулж авсаар байгаад нийт 64.730.000 төгрөгийн хохирол учруулаад байна. Бид 2006-2008 оны хооронд эр эмийн харьцаатай байж байгаад түүнээс хойш холбоо тасарсан боловч түүний ярьж хэлсэн үгэнд нь итгээд тус болох санаатай мөнгө өгч байсан. Хятад хүмүүстэй нийлж ажил хийж байгаа гээд Орхон аймагт хэд хэдэн удаа ирсэн. Би мөнгийг өөрийнхөө данснаас шилжүүлдэг Батсайхан болохоор янз бүрийн хүмүүсийн дансаар мөнгөө авдаг байсан. Юунд зарцуулж байгааг хэлээгүй. Завхан аймагт алтны уурхайн хайгуул хийж байгаа гэж хэлээгүй, харин Төв аймгийн Заамар суманд байдаг алтны уурхай дээрээ ажиллаж байна гэж утсаар ярьдаг байсан.” гэжээ /4хх-233-235-р тал/

 

Орхон аймгийн прокурорын газрын Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /4хх-189/, Орхон аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /4хх-193/, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх-196-223/

 

Хохирогч М.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2017.11.06-нд Монгол бөхийн өргөөнд өөрийн тайлан тоглолтоо хийхээр бэлтгэл ажпаа хийж байсан юм. Тэр үед манай нутгийн Гэрэлмаа гэж сэтгүүлч охин манай сумын гаралтай Батсайхан гэж том компаний захирал байдаг юм та хандив тусламж яриад үзээч гэж надад тус болох санаатай хэлсэн байх. Ингээд 99111985 гэсэн утас өгөхөөр нь би түүнтэй холбогдоод учир байдлаа хэлэхэд шууд надад 500 ам.доллар өгсөн. Тэгэхээр нь би итгэж эхэлсэн. Ингээд манайд ирээд ууж идэж байхдаа билетийг чинь зарж өгнөө гээд эхлээд 100 ширхэгийг, дараа нь эхнэрээс 300 ширхэгийг, дараа нь манайд ирж 500 ширхэгийг аваад явсан. Ингээд 2017.11.06-ны өдөр тайлан тоглолтон дээр Г гээд байнга цуг явдаг сэтгүүлч залуугийн хамт ирээд ахдаа Зайсанд баригдаж буй барилгаас 2 өрөө шинэ байр өгнө гэж амлаад 2200 гаруй хүний өмнө хадганд боосон түлхүүр өгч хуурсан... Тэгээд билетний мөнгөө аваад ах нь хүүдээ машин авч өгөх гэсэн юм одоо 7, 8 сая төгрөг л байна гэхэд танд орж ирсэн Харрер 15 саяд өгье, байгаа 7 сая төгрөгөө аваад ир гэхээр нь 2017.11.19-ний өдөр Улаанбаатар их дэлгүүр очиж мөнгөө өгсөн. Хоёр хоногийн дараа ахаа нэг тус болооч гээд ярьсан. Яасныг асуухад дүү нь эхнэр болох хүнээ гуйх гэсэн юм, таныг очвол баярлана гээд гуйгаад байхаар нээрээ ч 2 өрөө байр өгөх гэж байгаа хүүд тусалъя гээд Увс аймаг руу бэр гуйхаар явсан. Одоо бодоход надаас авсан 7 сая төгрөгөөр эхнэр гуйх гэж явсан юм билээ. Ирэхэд машин бэлэн байна гэсэн байгаагүй. Авто тээврийн газарт таны бичиг баримтыг хөөцөлдөж байсан Батжаргал гэдэг хүн хоригдчихлоо, би зохицуулж өгнө хүлээж бай гэдэг байсан. Тэгтэл авсан эхнэрээ зодож нүдээд эхнэрийн нь аав Увсаас ирээд цагдаад шалгуулахад Батсайхан нь ямар ч компаниг, эд хөрөнгөгүй хоосон нөхөр байсан ба анхнаасаа л намайг хуурч байсан юм билээ” гэжээ. /4хх-29-130-р тал/

 

Гэрч Ч.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Д бол миний гэр бүлийн хүн байгаа юм. Батсайхан гэх залууг бол 2017 оны 10 сарын үед зүс үзэж хальт таньдаг болсон. Яаж таньдаг болсон гэхээр тухайн үед манай нөхөр тайлан тоглолт хийх гэж байсан юм. TV8 телевизийн нэг сэтгүүлч эмэгтэй манай нөхрийн нутгийн эмэгтэй гэсэн. Тэр эмэгтэй манай нөхөрт Батсайхан гэж хүн байдаг тэр хүнтэй уулзаад үзээрэй тоглолтыг чинь ивээн тэтгэж туслаж дэмжиж магадгүй гээд фасебүүк хаягыг нь өгөөд манай нөхөр фасебүүк рүү нь холбогдож уулзсан. Тэгээд бараг анхны уулзалтан дээрээ Батсайхан нь 500 доллар өгч ивээн тэтгэж байна гэсэн. Үүний дагуу манай нөхөр Батсайханд итгэж эхэлэн, хоорондоо харилцаатай болсон байж байгаад нэг орой Батсайхан нь манайд ирж, манай нөхөр 200.000 төгрөг аваад, үнэтэй виски архи авч ирээд мах шөл чанаж дайлсан. Тэр орой манайхаас гарахдаа тоглолтын билет зарж өгнө гээд 100 ширхэг билет аваад гарсан. Манайд ирэхийн өмнө тэр өдөртөө том бөхчүүд болон Алтай констракшингийн захирал Бат-Эрдэнэ нартай Батсайхан нь манай нөхөр Дагваа уулзуулсан байсан. Тэр үед Бат-Эрдэнэ нь 500 ширхэг билет авна гэж хэлсэн байсан. Дараа нь хэд хоногийн дараа 200 ширхэг билет өөрөө ирж манайхаас авсан. Манай гэрийн гадаа ирээд такси бололтой машинд сууж байхдаа билет авсан. Батсайхан нь одоо билет хэд үлдсэн бэ гэж чатаар хүртэл асууж байсан. Тэр үед 500 ширхэг байгаа гэж хэлэхэд бүх билетийг чинь авъя гэж хэлсэн. Тэгээд билетээ өгөх болоод тоолоход 600 ширхэг билет байсан. Батсайхан нь манай гэрт ирээд 600 ширхэг билетийг нөхрөөс аваад явсан байсан. Би яг хажууд байгаагүй ажилтай байсан учраас сүүлд авсан 600 ширхэг билетийг Батсайханд хүлээлгэж өгч чадаагүй. Ингээд 2017 оны 11 сарын 06-ны өдөр тайлан тоглолт болоход Батсайхан, Г гэдэг залуутай ирээд хоёр өрөө байр хадганд боосон түлхүүрын хамт тэр олон үзэгчид нарын нүдэнд дээр өгсөн. Ингээд үнэхээс итгэл төрсөн юм. Батсайхантай утсаар яриад ах нь хүүдээ нэг машин авч өгөх гэсэн билетний мөнгөнөөс өгөх боломж байна уу гэхэд билетны мөнгө өгъе гэхгүйгээр танд хэдэн төгрөг байгаа юм бэ гэхэд 7 сая орчим төгрөг байна гэсэн. Тэгтэл би таньдаг хүнээсээ асууя гэж утсаа таслаад эргээд харрейр, клугер хоёр байна алийг нь авах вэ гэсэн юм асуусан. Тэр үед чанга яригч дээр тавьсан байсан учраас би Дагваа руу харрейр гэж хэлсэн. ...Тэгээд Батсайхан нь 5020801353 гэсэн данс өгсөн. Тэгтэл банкаар дамжуулах болохоор хононо яаралтай өгчих гэх мэтийн утгатай зүйл яриад байсан учир манай нөхөр бэлнээр 6.800.000 төгрөг авсан. Тэгээд Дагваа Оюунчимэг гээд миний төрсөн эгчээс утсаар мөнгө асуугаад эгч шууд Батсайханы данс руу 350.000 төгрөг шилжүүлсэн байсан. Дараа нь 350.000 төгрөгийг манай нөхөр Дагваа өөрийн дансаасаа эгч Оюунчимэг шилжүүлж төлсөн. Ингээд 25 сая 350.000 төгрөгний хохирол учирсан байна. гэх мэдүүлэг /4хх-ийн 134-135-р тал/

 

Хохирогч Э.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 8 дугаар сараас Батсайхан гэж залуутай хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2017 оны 10 дугаар сард Батсайханы түрээсээр амьдарч байсан УИД-ийн орчим байх байрны гадна согтуудаа ямар ч шалтгаангүй зодоод гэрт ороод бас зодсон. Дараа нь бас түрээсийн байрандаа зодоход доод айл цагдаад дуудлага өгсөн байсан. Гэнэт хаалга тогшоод 2 цагдаа орж ирээд юу болоод байна гээд шаардлага тавьсан ба би ч цагдаа нарт өөрсдөө учраа олно гээд хэлтэл цагдаа нар гэрт орж ирж харчихаад яваад өгсөн. Тэгтэл Батсайхан дахиад намайг зодоод цохиод байхаар нь би гэрээс хөл нүцгэн зугтааж гараад зам дээрээс такси барих гээд зогсож байтал нөгөө дуудлагаар ирсэн цагдаа нартай таараад Чингэлтэй дүүрэг дээр авчирсан. 2017 оны 12 дугаар сард бас ариун цэврийн өрөөний хаалга хаачихсан байхад эвдэж орж ирээд үснээс чирээд нөгөө өрөөнд оруулж байгаад зодсон. Миний чихний хэнгэрэг цоорсон. Дараа нь 2018 оны 02 дугаар сарын 14-нөөс 16-нд 2 өдөр гэрийнхээ хаалгыг цоожилж, миний гар утсыг унтрааж байгаад дуртай цагтаа 2 өдөр зодож өнгөрүүлсэн. Дараа нь Хан хиллсийн байранд бас зодохоор нь гарсан хойно нь амжиж “үхлээ Хан хилс 535-402” гэсэн мессежийг ээж рүүгээ явуулсан. Тэгээд ам руу виски зутгаад, ална гээд хутга барихаар нь хутгыг нь нуутал балконоор шиднэ гээд өргөж шидэх гээд байхаар нь ямар ч буруугүй байж би уйлаад уучлалт гуйсан. Тэр үед хаалга тогшоод манай ээж 2 цагдаатай зогсож байсан. Батсайханыг хаалга тайлахгүй болохоор би дотроос нь ээжээ би байгаа шүү гээд орилоход байрны эзнийг дуудаад илүү түлхүүрээр тайлаад орж ирсэн. Намайг нийт 10 гаруй удаа зодсон. 5-6 удаад нь гэртээ зодсон, бусад нь машиндаа суулгаж байгаад шанаадах алгадах зэргээр зоддог байсан. Миний хөлийн хуруу хугарсан, хэнгэрэг цоорсон, үс унасан, гар хөл биеийн бүхий л хэсэгт хөхрөлт үүссэн, толгой сав доргисон... Миний биед учирсан зүүн тавхайн 5 дугаар хурууны 3-р шивнүүрийн хугарал гэмтлийг 2017 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Батсайхан учруулсан. Тэр өдөр түүний найз Баттулга 2 согтуу эмэгтэйтэй орж ирэхээр нь би уурласан чинь Батсайхан намайг элдвээр хэлээд эхэлсэн. Би айгаад угаалгын өрөөнд ороод түгжтэл хаалгыг нь цөм өшиглөсөн. Тэгээд би гараад иртэл үсдэж шанаа руу цохиод, зүүн чих рүү гараараа цохиж доороо хийж байгаад зодсон. Тэгээд би гараад зугтаатал Батсайхан араас гарч ирээд шатан дээр барьж аваад ноцолдох явцад шатан дээрээс түлхэхэд уг гэмтэл учирсан. Тэр өдөр би шууд гэртээ хариад өглөө босоход зүүн хөл маш их хавдсан байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт зураг авхуулахад чигчий хурууны үе хэсгээр хугаралтай гэж гарсан. Бас миний зүүн чих дүнгэнээд үсээ угаах үед их өвдөөд цус гарсан. Тэгээд би Батсайханы хажууд аав руугаа яриад хэлсэн. Зүүн чихний хэнгэрэг цоорсон байна гэхээр нь эмнэлэгт хэвтэх хэрэгтэй юм байна гэж бодоод 2018 оны 01 сарын 02-ны өдөр Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтсэн” гэжээ. /2хх-187-192-р тал/

 

Гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 19-20 нд шилжих шөнө манай төрсөн дүү Б.Цогзолмаагийн 88852128 дугаарын утсанд манай охин Э.Аын 99114104 дугаараас “hanhils 535-402 toot duudlaga ug vhlee” гэсэн мессэж явуулсан байсан. Тэгээд дүүгийн хамт 102-т дуудлага өгөөд дүү бид хоёр шууд Ханхиллс хотхоны 535 дугаар байранд очоод цагдаагийн хамт орох гэтэл тайлахгүй байсан. ...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай охиныг О.Б зодоод баруун чихний хэнгэрэг хагарсан, зүүн хөлны чигчий хуруу хугарсан байсан. Тухайн үед “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.” гэх мэдүүлэг /2хх-ийн 196-197-р тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн №2737 тоот дүгнэлтэнд: “...Э.Аын зүүн тавхайн 5-р хурууны 3-р шивнүүрийн ташуу зөрөөгүй хугарал, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, хамрын нуруу, зүүн хөмсөг, зүүн хацар шанаа цээжний урд дээд хэсэг, ар нуруу, 2 гарын бугалга, шуу, 2 хөлийн гуя шилбэ, баруун өгзөг, баруун ташаа хэсгүүдэд олон тооны цус хуралт, хүзүүнд дарагдлын ором гэмтэл тогтоогдсон, дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, эдгээрээс зүүн тавхайн 5-р хурууны 3-р шивнүүрийн ташуу зөрөөгүй хугарал гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, хамрын нуруу, зүүн хөмсөг, зүүн хацар шанаа цээжний урд дээд хэсэг, ар нуруу, 2 гарын бугалга, шуу, 2 хөлийн гуя шилбэ, баруун өгзөг, баруун ташаа хэсгүүдэд олон тооны цус хуралт, хүзүүнд дарагдлын ором гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, зүүн тавхайн 5-р хурууны 3-р шивнүүрийн ташуу зөрөөгүй хугарал, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл нь 2017 оны 12 сараас 2018 оны 01 сарын хооронд үүссэн байх боломжтой, бусад гэмтлүүд нь 2018.02.19-нөөс 20-ны хоорондхи цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /2хх-ийн 212-р тал/

Мөнгөн гүүр эмнэлгийн Э.Аын талаархи өвчний түүхийн хуулбар /2хх-ийн 235-246-р тал/, аюулын зэргийн үнэлгээ өндөр гэх маягт /2хх-ийн 229-р тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр иргэн О.Б нь манай “Илч Кредит” ББСБ дээр ирж өөрийн эзэмшлийн 47-35 УБЭ улсын дугаартай Тоёота Ланд Крузер 200 маркийн машинаа 30 сая төгрөгөнд барьцаалан унаж явахаар гэрээг хийж машиныг манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн. 1 сарын хугацаатай 5,5 хувийн хүүтэй 30 сая төгрөгийг зээлсэн. Нэг сарын дараа зээл төлөх хугацаа дуусахад төлж амжихгүй байна гээд зээлийн хүү алдангитай нь нийлүүлээд 1.700.000 төгрөг төлсөн.Тэгээд 2018 оны 02 дугаар cap хүртэл холбогдож байгаад гэнэт алга болчихсон. Бид сураглаад яваад үзэхээр цагдаад шалгагдаад цагдан хоригдсон байсан. Тэгтэл манай байгууллагын нэр дээр байсан Батсайханы барьцаалсан 47-35 УБЭ дугаартай Ланд крузер 200 маркийн машиныг битүүмжилсэн байсан. Тэгээд бид энэ асуудлаар гомдол гаргаж өдий хүртэл ийм болчихоод байна” гэжээ. /1хх-52-53-р тал/

 

Эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол /2хх-173, 3хх-22, 179-180, 224, 4хх-106, 187/, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол банкнаас зарласан хагшийн лавлагаа /1хх-24/, 2018.03.20-ны №03 Эд хөрөнгө битүүлжлэх тухай тогтоол, тэмдэглэл /1хх-26-35/, ял шалгах хуудас /1хх-22, 3хх-93/, тээврийн хэрэгслийн эзэмшлийн лавлагаа /1хх-130-131/, хохирогч Ц.Од хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-11/, 2018 оны 03 сарын 15-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /4хх-17/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч О.Бд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцлээ.

 

1/ Шүүгдэгч О.Б нь 2017 оны 06 дугаар сард Чингэлтэй дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Ч-Юд /QIAO YONG/ “Эрдэнэс таван толгой” компаниас 500,000 тн нүүрс худалдан авах гэрээ байгуулж өгнө” гэж хуурч урьдчилгаанд 840,000 юань /1 юань 345,19 төгрөг/ буюу 289,959,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч-Ю /QIAO YONG/ “…Батсайхан нь нүүрс худалдаж авахад урьдчилгаа мөнгө хэрэгтэй надад 2.0 сая доллар байгаа чи 1.0 сая юань олчих гэж хэлсэн. Тэгээд мөнгө төгрөгөө олчих юм бол гэрээгээ шууд байгуулаад ажил бүтнэ найдвартай гэж хэлсэн. Ингээд би найзаасаа 840,000 юанийг зээлээр авсан. …2017 оны 06 дугаар сарын дундуур 15-ны үеэр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын урд талын автомашины зогсоол дээр О.Бтай уулзаад 840,000 юанийг бэлнээр түүнд өгсөн. О.Б нь мөнгөө нэг бүрчлэн тоолж авсан. Мөнгө өгөх үед Галаа болон Э нар хамт байсан...” гэх мэдүүлэг /1хх-49-55-р тал/, Гэрч Л.Эын “...Ч-Юы монгол нэрийг нь Гансүх гэдэг юм. Би Гансүхийг нилээн олон жилийн өмнөөс таньж мэддэг найз нөхдийн холбоотой хүмүүс байгаа юм. 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Гансүх надруу залгаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын урд талын талбайд Гансүхийн автомашин дотор сууж байхад Галаа болон Батсайхан гэдэг хүмүүс ирж машин дотор суусан. Тэгээд Гансүх юанийг бэлнээр гаргаж ирээд тоолоод Батсайханд өгсөн, Батсайхан ч тоолоод аваад явсан...” гэх мэдүүлгээр /1хх-57-59-р тал/, Гэрч Ж.Г-ын “...Гансүх нь О.Бд бэлнээр мөнгө өгсөн, би мөнгөн дүнг яг хэд байсныг мэдээгүй тоолж үзээгүй” гэх мэдүүлгээр /1хх-64-65-ртал/, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол банкнаас зарласан хагшийн лавлагаа /1хх-24/ зэргээр,

 

 

2/ Шүүгдэгч О.Б нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ц.Отыг хуурч мэхэлж, 14,200 ам.дол /1 ам.дол 2,465.28 төг/ буюу 35,006,976 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Отын “…ажил дээрээ байж байхад орой 20 цагийн үед Батмөнх, Батсайхан хоёр хамтдаа ирээд өдөр ярьсан зүйлийнхээ талаар хэлээд надаас 14200 ам долларыг 3 хоногийн хугацаатайгаар авч явсан. Удалгүй 3 хоногийн дараа Батмөнх, Батсайхан хоёрлуу залгаад мөнгөө авья гэж хэлтэл маргааш өгье гэж худлаа хэлж ярьсаар байна. ...гэрээ чинь бэлэн болсон, урилга нь гарах гээд байна, урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна, эргээд зохицуулаад танд өгнө гэж хэлээд авсан” гэх мэдүүлгээр /3хх-239-240-р тал/, Гэрч И.Бийн “...Батсайханы хамтаар 2017.10.02-ны өдөр Оюунцацралт эгчийн ажил дээр очиж уулзаад жагсаалтад оруулж өгье, харин та мөнгө зээлээч гэхэд хэд гэж асуухаар нь боломжоороо гэхэд 14.200 ам.дол өгөхөөр нь тэр дор нь хажууд нь Батсайханд өгчихөөд гарсан. Уг нь 14 хоногийн хугацаанд төлөх байсан ч чадалгүй одоо хүрсэн. Ингээд 6000 ам.дол, одоо 8.200 ам.дол өгөх дутуу байгаа. Энэ мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй. Дэргэд нь бүгдийг Батсайханд өгсөн. Би Эрдэнэс таван толгой ХХК-ийн Захиргаа удирдлагын газарт ерөнхий зохион байгуулагч хийдэг. Харин нүүрсний гэрээ зэрэг нь борлуулалтын газарт хамаардаг” гэх мэдүүлгээр /3хх-244-245-р тал/, 2018 оны 03 сарын 15-ны өдрийн Монгол банкнаас зарласан хагшийн лавлагаа /4хх-17/ зэргээр,

 

3/ Шүүгдэгч О.Б нь 2017 оны 04 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарын хооронд өөрийгөө Сангийн яаманд Бодлогын хэлтсийн даргаар ажилладаг гэж танилцуулан, төслийн зээл гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн О.Уээс 43,290,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Уийн “...Батсайхантай уулзахад өөрийгөө Сангийн яаманд бодлогын хэлтсийн даргаар ажилладаг, яамнаас батлагдан ирсэн төсөл манайхаар дамждаг юм гэхээр нь 2017.04.19-ний өдөр Батсайханы цахим хаягаар төслөө явуулсан. Тэгээд төсөл чинь болчихлоо, бичиг хэргийн зардалд урьдчилгаа 1.500.000 төгрөг явуул гэхээр нь 21-ний өдөр бэлнээр 1 сая төгрөг, дансаар 500.000 төгрөг өгсөн. ...Дараа нь 650.000 төгрөг зээлээч гээд авсан. 2017.09.15-ны өдөр 12 сая төгрөг шилжүүлгээр, 3 сая төгрөг бэлнээр дараа нь 2017.11.15-ны өдөр авто плазагийн лангууных нь дэргэд 15 сая төгрөг бэлнээр өгсөн. 2017.11.22-ны өдөр 1.5 саяыг бэлнээр өгсөн, 500.000 төгрөг эмнэлгээс ирж авсан. Оны өмнө 3 саяыг, 2017.12.26-ны өдөр 700.000 төгрөг шилжүүлсэн...Би ээж Д.Наранцэцэгийн хаан банкны дансыг шалгаж үзэхэд нийтдээ 40,990,000 төгрөгийг Батсайханд өгсөн байна. Энэ мөнгөнөөс бэлнээр нийтдээ 19,150,000 төгрөг, 21,840,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байна. Үүнээс гадна танил ах Гансүхээс мөнгө шилжүүлсэн, Батсайханы 5029568282, 5020801353 дугаарын данс руу мөнгө шилжүүлдэг байсан. Яг шилжүүлсэн дансны хуулгаа харахад 43,290,000 төгрөгний 22.140.000 төгрөгийг Батсайханы 5020801353, 5029568282 гэсэн дансуудаар өгсөн. Дансны хуулганд харагдаж байгаа. Харин үлдсэн 21,150,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Батсайхан энэ мөнгөнүүдийг авахдаа танай гэрээ чинь сангийн яаман дээр зурагдсан байгаа, би энэ яаманд бодлогын хэлтсийн дарга ажилтай, гүйлгээг хийх гээд байна, сайд юмаа өгч байгаад гэрээгээ зуруулж ав гээд байна гэж их л итгүүлсэн, сүүлд худлаа гэдгийг нь мэдсэн. Батсайхан нь Сангийн яаман дээр уулзсан болохоор итгэсэн. гэх мэдүүлгээр /3хх-34-36-р тал/, Гэрч Л.Цгийн “...2017 оны 04 дүгээр сард эхнэр У нь Батсайхантай танилцсан бөгөөд анх танилцахдаа Батсайхан нь манай эхнэрт төслийн зээлд хамруулж өгнө гэж хэлсэн байсан. Тэгээд би 2017 оны 05 дугаар сард эхнэрийн хамтаар Батсайхантай Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд уулзаж Батсайханд шуудайны үйлдвэр барих төсөл үзүүлэхэд болохоор юм байна гэж хэлсэн. Ингэж л анх холбогдсон ба Батсайхан өөрийгөө Сангийн яаманд бодлогын хэлтсийн дарга гэж танилцуулж байсан. Анх 2017 оны 05 дугаар сард бичиг хэргийн зардал гэж 1,500,000 төгрөг авснаас хойш цувуулж авсаар 40 орчим сая төгрөг болсон. Сангийн яамнаас төслийн зээл гаргуулж өгнө хэмээн авсан” гэх мэдүүлгээр /3хх-37-р тал/, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх-45-81/ зэргээр,

 

4/ Шүүгдэгч О.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандирс төвийн гадна газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж хуурч Ц.Агаас 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Агийн  “...би 2018 оны 01 дүгээр сард Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 4-р цахилгаан станцын наана байдаг 2840 м.кв талбай бүхий хоосон газрыг авахаар Хан-уул дүүрэгт хүсэлт гаргасан ч дүүрэг захирамж гаргаж өгөхгүй талаараа Батсайханд хэлтэл Батсайхан наад газрын чинь эзэмших гэрчилгээг Нийслэлийн газрын албанаас гаргадаг юм би чамд гэрчилгээг нь гаргаж өгч чадна газраа авахад заавал дуудлага худалдаа болно тийм учраас дуудлага худалдааны мөнгийг өг гэсэн. Тэгээд би үнэхээр гаргаж өгч чадах юм уу дуудлага худалдаа гэж яадаг юм хэдэн төгрөг хэрэг болох юм гэж асуутал Батсайхан 10 сая төгрөг болно гэсэн. Тэгэхээр нь би 10 сая төгрөг бол байхгүй, 5 сая төгрөг л байна гэтэл Батсайхан тэгвэл наад мөнгөө өгчих би өөрөө нэмээд өгчихье гэсэн. Тэгээд л 5 сая төгрөгөө өгсөн. ...Би 5 сая төгрөгийг Гандирс төвийн хажууд бэлнээр Батсайханд өгч зээлийн гэрээ хийж Сүхбаатар дүүрэгт байх нотариатаар баталгаажуулсан” гэх мэдүүлгээр /3хх-194-195-р тал/, Ц.А, О.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар /3хх-191-р тал/ зэргээр,

 

5/ Шүүгдэгч О.Б нь 2018 оны 05 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд АТГ-аас хаачихсан компани дансаа нээхээр хүүтэй нь буцааж өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ц.Эээс 64,730,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Эийн “...2018.05.27- ны өдөр Батсайхан Орхон аймагт ирж надтай уулзсан. Тэгээд уул уурхайн компанитай болсон, маш амжилттай ажиллаж байгаа гэх зэрэг ойр зуурын юм ярьж байгаад явсан. 2018.05.29-ний өглөө яриад манай компани дээр АТГ-с шалгалт хийгээд байгууллагын оффисыг хаачихжээ, ажил төрөл хөөцөлдөх гэсэн мөнгө хэрэг болоод 3 сая төгрөг өгөөч гэхээр нь Г гэж хүний дансаар 3 сая төгрөг шилжүүлсэн. Дараа нь дахиад мөнгө хэрэг боллоо гээд 2,5 саяар нэг, 100.000-р нэг удаа мөнгө авсан. Түүнээс хойш хөдөө машин эвдрээд суучихлаа, Архангай аймгийн Өндөр-Улаан суманд сургууль барьж байгаа, АТГ-н шалгалт дуусахаар хүүтэй нь буцааж өгнө гэх зэргээр 2018.11.20-ны өдрийг хүртэл цувуулж авсаар байгаад нийт 64.730.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх мэдүүлгээр /4хх- 233-235-р тал/, Орхон аймгийн прокурорын газрын Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /4хх-189/, Орхон аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /4хх-193/, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх-196-223/ зэргээр,

 

6/ Шүүгдэгч О.Б нь 2017 оны 10 дугаар сард М.Д-ын тоглолтыг зохион байгуулахад тусална, тоглолтын билетийг борлуулж өгнө гэж хуурч тус бүр нь 20,000 төгрөгийн үнэтэй 900 ширхэг буюу 18,000,000 төгрөгийн тасалбар, тоглолтын үеэр 2 өрөө байр бэлэглэж байгаа мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгон итгэл төрүүлж 2017.11.19-ний өдөр автомашин авч өгөх нэрээр 7,000,000 төгрөг буюу нийт 25,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Д “...Би 2017.11.06-нд Монгол бөхийн өргөөнд өөрийн тайлан тоглолтоо хийхээр бэлтгэл ажпаа хийж байсан юм. ...ингээд манайд ирээд ууж идэж байхдаа билетийг чинь зарж өгнөө гээд эхлээд 100 ширхэгийг, дараа нь эхнэрээс 300 ширхэгийг, дараа нь манайд ирж 500 ширхэгийг аваад явсан. Ингээд 2017.11.06-ны өдөр тайлан тоглолтон дээр Г гээд байнга цуг явдаг сэтгүүлч залуугийн хамт ирээд ахдаа Зайсанд баригдаж буй барилгаас 2 өрөө шинэ байр өгнө гэж амлаад 2200 гаруй хүний өмнө хадганд боосон түлхүүр өгч хуурсан... Тэгээд билетний мөнгөө аваад ах нь хүүдээ машин авч өгөх гэсэн юм одоо 7, 8 сая төгрөг л байна гэхэд танд орж ирсэн Харрер 15 саяд өгье, байгаа 7 сая төгрөгөө аваад ир гэхээр нь 2017.11.19-ний өдөр Улаанбаатар их дэлгүүр очиж мөнгөө өгсөн” гэх мэдүүлгээр /4хх-129-130-р тал/, Гэрч Ч.Өын  “...Д бол миний гэр бүлийн хүн байгаа юм. Батсайхан гэх залууг бол 2017 оны 10 сарын үед зүс үзэж хальт таньдаг болсон. Яаж таньдаг болсон гэхээр тухайн үед манай нөхөр тайлан тоглолт хийх гэж байсан юм. ...Тэр үед Бат-Эрдэнэ нь 500 ширхэг билет авна гэж хэлсэн байсан. Дараа нь хэд хоногийн дараа 200 ширхэг билет өөрөө ирж манайхаас авсан. Манай гэрийн гадаа ирээд такси бололтой машинд сууж байхдаа билет авсан. ...Батсайхан нь манай гэрт ирээд 600 ширхэг билетийг нөхрөөс аваад явсан байсан. Би яг хажууд байгаагүй ажилтай байсан учраас сүүлд авсан 600 ширхэг билетийг Батсайханд хүлээлгэж өгч чадаагүй. ...Батсайхантай утсаар яриад ах нь хүүдээ нэг машин авч өгөх гэсэн билетний мөнгөнөөс өгөх боломж байна уу гэхэд билетны мөнгө өгъе гэхгүйгээр танд хэдэн төгрөг байгаа юм бэ гэхэд 7 сая орчим төгрөг байна гэсэн. Тэгтэл би таньдаг хүнээсээ асууя гэж утсаа таслаад эргээд харрейр, клугер хоёр байна алийг нь авах вэ гэсэн юм асуусан. Тэр үед чанга яригч дээр тавьсан байсан учраас би Дагваа руу харрейр гэж хэлсэн. ...Тэгээд Батсайхан нь 5020801353 гэсэн данс өгсөн. Тэгтэл банкаар дамжуулах болохоор хононо яаралтай өгчих гэх мэтийн утгатай зүйл яриад байсан учир манай нөхөр бэлнээр 6.800.000 төгрөг авсан. Тэгээд Дагваа Оюунчимэг гээд миний төрсөн эгчээс утсаар мөнгө асуугаад эгч шууд Батсайханы данс руу 350.000 төгрөг шилжүүлсэн байсан. Дараа нь 350.000 төгрөгийг манай нөхөр Дагваа өөрийн дансаасаа эгч Оюунчимэг шилжүүлж төлсөн. Ингээд 25 сая 350.000 төгрөгний хохирол учирсан гэх мэдүүлгээр /4хх-134-135-р тал/ зэргээр,

 

7/ шүүгдэгч О.Б нь 2017 оны 10 дугаар сараас эхлэн хамтран амьдрагч Э.Аыг үсдэх цохих, боох, түлхэж унагах, зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээс 2018 оны 2 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хан Хиллс”хотхоны 535-402 тоотод эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 3 дугаар байрны 33 тоотод эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Аын “...Би 2017 оны 8 дугаар сараас Батсайхан гэж залуутай хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2017 оны 10 дугаар сард Батсайханы түрээсээр амьдарч байсан УИД-ийн орчим байх байрны гадна согтуудаа ямар ч шалтгаангүй зодоод гэрт ороод бас зодсон. ...2017 оны 12 дугаар сард бас ариун цэврийн өрөөний хаалга хаачихсан байхад эвдэж орж ирээд үснээс чирээд нөгөө өрөөнд оруулж байгаад зодсон. Миний чихний хэнгэрэг цоорсон. Дараа нь 2018 оны 02 дугаар сарын 14-нөөс 16-нд 2 өдөр гэрийнхээ хаалгыг цоожилж, миний гар утсыг унтрааж байгаад дуртай цагтаа 2 өдөр зодож өнгөрүүлсэн. Дараа нь Хан хиллсийн байранд бас зодохоор нь гарсан хойно нь амжиж “үхлээ Хан хилс 535-402” гэсэн мессежийг ээж рүүгээ явуулсан. ...Намайг нийт 10 гаруй удаа зодсон. 5-6 удаад нь гэртээ зодсон, бусад нь машиндаа суулгаж байгаад шанаадах алгадах зэргээр зоддог байсан. Миний хөлийн хуруу хугарсан, хзнгэрэг цоорсон, үс унасан, гар хөл биеийн бүхий л хэсэгт хөхрөлт үүссэн, толгой сав доргисон... Миний биед учирсан зүүн тавхайн 5 дугаар хурууны 3-р шивнүүрийн хугарал гэмтлийг 2017 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Батсайхан учруулсан. ...2018 оны 01 сарын 02-ны өдөр Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтсэн.” гэх мэдүүлэг /2хх-ийн 187-192-р тал/, Гэрч Б.Цийн “...2018 оны 02 дугаар сарын 19-20 нд шилжих шөнө манай төрсөн дүү Б.Цогзолмаагийн 88852128 дугаарын утсанд манай охин Э.Аын 99114104 дугаараас “hanhils 535-402 toot duudlaga ug vhlee” гэсэн мессэж явуулсан байсан. Тэгээд дүүгийн хамт 102-т дуудлага өгөөд дүү бид хоёр шууд Ханхиллс хотхоны 535 дугаар байранд очоод цагдаагийн хамт орох гэтэл тайлахгүй байсан. ...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай охиныг О.Б зодоод баруун чихний хэнгэрэг хагарсан, зүүн хөлны чигчий хуруу хугарсан байсан. Тухайн үед “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.” гэх мэдүүлэг /2хх-ийн 196-197-р тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн №2737 тоот дүгнэлт Мөнгөн гүүр эмнэлгийн Э.Аын талаархи өвчний түүхийн хуулбар /2хх-ийн 235-246-р тал/, аюулын зэргийн үнэлгээ өндөр гэх маягт /2хх-ийн 229-р тал/ зэрэг дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан Нотолбол зохих байдлыг нотолон тогтоож чадаагүй тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

 

Шүүгдэгч О.Б нь нийт 6 иргэнийг хуурч мэхлэх, итгэл эвдэх, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдыг залилан мэхлэн их хэмжээний хохирол бусдад учруулсан,

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд нэр бүхий хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас М.О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэргийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгасан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б хохирогч Ч-Юаас авсан мөнгөнөөс 640.000 юаныг Хад өгсөн гэх боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй, нотлогдохгүй байх тул Х гэгчийг шалгуулах тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй.

 

Түүнчлэн хохирогч Ч-Ю болон түүний өмгөөлөгч Н.Жамъяандорж нараас хэрэгт битүүмжлэгдсэн О.Бы барьцаалсан 47-35 УБЭ дугаартай Ланд крузер 200 маркийн машиныг бидний мөнгөөр авсан гэх үндэслэлээр хохиролд тооцуулах хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Хохирогч нь мөнгө өгсөн он, сар, өдөрөө мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрүүтэй мэдүүлдэг ба хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2017.06.25 өдөр мөнгө өгсөн болох нь гэрч Л.Эын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 131 дүгээр талд 2017.06.21-ний өдөр тухайн автомашин нь О.Бы эзэмшилд бүртгэгдсэн нь баримтаар нотлогдож байна. Иймд 47-35 УБЭ улсын дугаартай Ланд-200 автотмашиныг хохиролд тооцуулах хүсэлтийг хангах боломжгүй. Мөн хохирогчийн өгсөн гэх мөнгөөр дээрх автомашиныг худалдан аваагүй болох нь тогтоогдож байна.

О.Б нь Тоёота Ланд круйзер 200 маркийн 4735 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Илч кредит” ХХК-д 1 сарын хугацаатай 30 сая төгрөгийг зээлэх хүсэлт гаргаж, Зээлийн гэрээг 2017.07.16 өдөр, мөн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу /фидуци/ байгуулсан байна. 

 

Иймд Илч кредит ХХК нь иргэний эрх зүй харилцаагаар зохицуулсан гэрээнд заасан нөхцлийн дагуу шийдвэрлэх эрхтэй ба хэрэгт хураагдан ирсэн Тоёота Ланд круйзер 200 маркийн 4735 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №01628133 тоот гэрчилгээ, татвар төлөгчийн ТА№1009146 тоот гэрчилгээ, “Toyota” гэсэн бичигтэй хар өнгийн смарт түлхүүр 1 ширхэг зэргийг иргэний нэхэмжлэгч Д.Оад олгох нь зүйтэй.

 

Хохирогч Э.А нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжилсэнийг шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаар бүрдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан гэмт хорын болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Ц.Отаас 14,200 ам.дол /1 ам.дол 2,465.28 төг/  авснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 8000 ам.долларыг хүлээлгэн өгсныг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч О.Баас нийт 443,228,336 төгрөг гаргуулж, нэр бүхий дараах хохирогч нарт олгох нь зүйтэй, түүний хохирлыг задлаж дүгнэхэд:

хохирогч Ч-Ю /QIAO YONG/-нд 289,959,600 төгрөгийн, Ц.Од 15,248,736 төгрөгийн, О.Ут 43,290,000 төгрөгийн, Ц.Ад 5,000,000 төгрөгийн, Ц.Эт 64,730,000 төгрөгийн, М.Дд 25,000,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд төлөгдөөгүй байх тул шүүгдэгч О.Баас гаргуулж дээрх нэр бүхий хохирогч нарт тус тус олгох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт үлдээж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03 тогтоолоор Илч кредит ХХК-ний нэр дээр эзэмшлийн гэрчилгээтэй /1хх-131-143/  Тоёота Ланд круйзер 200 маркийн 4735 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүлжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Бы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч О.Бы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлөгдөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэргийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Бы 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 4-ны өнөөдрийг хүртэл урьдчилан цагдан хоригдсон 82 хоногийг, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл урьдчилан цагдан хоригдсон 185 хоногийг, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл урьдчилан цагдан хоригдсон 164 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б нь хэргийн нөхцөл байдлаа нэмж шалгуулж, улмаар зарим хохирогч нарт учруулсан хохирлоо учруулаагүй, гэмт хэргийг үйлдснээ хүлээн зөвшөөрөхгүй гэснийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний мэдүүлсэнтэй холбоотой ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй бөгөөд түүний ингэж мэдүүлснийг буруутгах үндэслэл болохгүй.