Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00618

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00618

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2023/00311 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш.Г-т холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол болон тулаас төмрийн үнэ, олох байсан орлогот нийт 48,050,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, түүний өмгөөлөгч Т.З, хариуцагч Ш.Г-, түүний өмгөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.МөнхБ- нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

А ХХК нь Төв аймгийн Бүрэн сумын дунд сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэхээр 2019 оны 09 дүгээр сард гэрээ байгуулан өөрийн хөрөнгөөр зээл авч ажлыг эхлүүлсэн. Тус барилгын гадна болон дотно сантехникийн ажлыг хийлгэхээр зүс таних Ш.Г-тай ярилцаж, Ш.Г-ын бригад нь өөрсдөө хоол, багаж хэрэгсэл, тээвэр зэргээ хариуцаж, А ХХК нь ажлын хөлсөнд 22,000,000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон, бичгээр гэрээ байгуулаагүй.

Барилгын ажлын явцад хариуцагч Ш.Г- нь гадна дулааны шугам, цэвэр усны шугам, гадна шугамын будалт хийгдсэн, мөн мэргэжлийн хүн учраас зураг төслийн дагуу дотор талын ажлыг хийж байгаа хэмээн ойлгуулж, манай байгууллагаас 8,000,000 төгрөгийн цалин авсан. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор 2019 оны 11 дүгээр сард барилгын ажлыг түр зогсоосон ба түүнээс хойш тус сургуулийн санхүүжилт ... царцсан бөгөөд манай байгууллага санхүүжилтийн араас хөөцөлдөж 2021 оны 04 дүгээр сараас тус барилгаа эхлүүлсэн. Барилгын гадна, дотно ажлууд эхэлсэн бөгөөд дотор засал чимэглэлийн ажил хийхэд сангийн ажил хүлээгдсэн. Ш.Г-ыг ажлаа дуусгахыг удаа дараа шаардахад ковид туссан, хүү нь нас барсан гэх шалтгаанаар 3 сар хүлээлгэсэн ба 2021 оны 7 дугаар сард арай гэж холбогдоход хүү нас бараад, мөн Хөвсгөлд ажил хийгээд явж байна 3 хоногийн дараа Бүрэн суманд очиж ажлаа хийе гээд утсаа салгаад дахин холбогдоогүй. Манай барилгын ажил удаашралтай байгаагаас болж БШУЯ, Барилгын хөгжлийн төв, Төв аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газар, Бүрэн сумын Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчид байнга гомдол санал гаргаж, нэгдсэн шалгалт хийж, барилгын дотор талын сантехникийн ажлыг дахин хийхийг шаардсан. Учир нь хийгдсэн ажлууд бүгд зураг төслөөс зөрүүтэй буруу хийгдсэн байсан. Энэ байдлыг өөрсдөөр нь арилгуулахаар Ш.Г-тай холбогдож чадаагүй тул арга буюу өөр мэргэжлийн бригадыг гэрээ байгуулан ажиллуулсан.

Ш.Г- нь дотор халаалтын гол шугамыг буруу угсарсан, жигүүрийн хаалтууд хийгээгүй, дотор бохирын системд бүхэлд нь хог хийж бөглөсөн, тусдаа хийгдэж буй шугамыг 1 шугам нүхэнд холбосон гэх мэт байж болохгүй алдаатай ажил хийсэн мөн гадна шугамын хөдлөх тулгуурыг буруу хол зайтай хийсэн, мөн налуулгыг зургийн дагуу хийгээгүй, эхлэх ба төгсгөлийн худагт хийх ёстой ус буулгагчийг хийгээгүйгээс шугамын ус юүлэгдэхгүй хөлдөж, задарч бидэнд хохирол учруулсан. Үүнээс А ХХК-д гадна шугамыг ухаж гаргахад хотоос эксковатор түрээсэлсэн 3,000,000 төгрөг, гадна дотор ажлын хөлс 12,000,000 төгрөг, гадна шугам булах зардалд 1,500,000 төгрөг, гадна хөлдсөн шугам гэсгээх тасалж гагнах ажилд 5,000,000 төгрөг, задарсан трубаг шинээр солих дулаалах материал дулаалгад 120 м буюу 1,500,000 төгрөг, 12 м ф 76 мм-ийн хар труба 312,000 төгрөг, мөн тус ажлаас болж 3,4 сар ажил зогсож хохирол учирсан байна.

А ХХК-ийн зүгээс Ш.Г-ыг ажлаа үргэлжлүүлэн хийх доголдлыг арилгах хугацаа хангалттай олгосон боловч Ш.Г- нь үүргээ биелүүлээгүй тул бидний зүгээс Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар доголдлыг арилгасан зардалд 11,312,000 төгрөг /гадна дулааны материалын хоолойн зардал 312,000 төгрөг, гадна дулааны 120м дулаалга 1,500,000 төгрөг, гадна дулааныг ухсан механикмын зардал 3,000,000 төгрөг, гадна дулааны буцаан булсан зардал 1,500,000 төгрөг, шугамын хөлдүүс гаргаж бэхлэх ажилчдын цалинд 5,000,000 төгрөг/ гаргуулна.

А ХХК нь баруун бүсийг хангах цементний үйлдвэрийн бүтээн байгуулалтад, ... барилгын ажилдаа иргэн Д-, ХХ ХХК-аас барилгын хэв тулаас зэргийг түрээсэлж болон худалдан авсан. 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр А ХХК-ийн захирал О.Б-нь Ховд аймагт төслийн талбайд ажиллаж байхдаа Ү-2 маркийн тулаас төмөр 1100 ширхэгийг өөрийн биеэр 37-66 УБД дугаартай, Волво маркийн машинд ачаад явуулсан. УлаанБ- хотод хүлээн аваад түрээслэх, худалдах байгууллагад 2 хуваан өгөхийг Я.С-аас гуйсан. 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ачаа УлаанБ- хотод ирж, Сонгинохайрхан дүүргийн баянхошуу 112-ын буудалд байрлах иргэн Д-ийн хашаанд 625 ширхэг тулаас, 4 хонгиог буулгахад шөнийн 00 цаг буюу 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр болсон. Ачааны машины жолооч яаралтай ачаанд орох болсон тул Сонгинохайрхан дүүрэгт байрлах танилууд руугаа ярьж байгаад Ш.Г-тай холбогдож, түүний Нарангийн голын хашаа байнга хүнтэй байдал тул буулгачих гэсний дагуу тухайн шөнөдөө 02 цаг хүртэл түүний хашаанд 450 ширхэг тулаас төмрийг буулгасан. Түүнээс хойш Я.С- ажилтай, Ш.Г- нь ажил явдал гээд мөн утсаа авахгүй байсаар 7 сарын сүүл болсон. Иймд Я.С- ахыг очоод тулаас төмрийг хараад, тэндээс унаа хөлслөн ХХ ХХК-д хүргэхийг хэлэхэд нөгөө буулгасан хашаанд тулгаас төмөр байхгүй байна гэсэн. Түүнээс хойш Ш.Г-тай холбогдож чадахгүй байсаар 2021 оны 09 сард түүний эхнэрээр дамжуулан холбогдох сургуулийн барилгад хийсэн ажлын хөлс 8,000,000 төгрөг төл тэгэхгүй бол өгөхгүй, манай дүү Сэлэнгэ аймгийн барилгад ашиглаж байгаа. Ажлын хөлс 8,000,000 төгрөгийг өгөх юм бол тулаас төмрийг түрээсийн хамт буцааж өгнө гэж хэлсэн.

Ш.Г- нь Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо, Нарангийн голын эцэс Толгойтын 118 дугаар гудамжны 01 тоотод буулгасан 450 ширхэг тулаас төмрийг хууль бусаар эзэмшсэнээс болоод А ХХК-д 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг дуустал 241 хоногийн түрээсийн төлбөрт 13,014,000 төгрөгийн хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хохиролд 13,014,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Мөн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс Ш.Г-т ирсэн тулаас төмөр хаана байгаа, хэнд өгсөн нь тодорхойгүй, мөн муруйж гэмтсэн байх магадлалтай тул 450 ширхэг тулаас төмрийн үнийг ХХ ХХК-тай байгуулсан гэрээний дүнгээр буюу нэг ширхэг төмрийг 25,000 төгрөгөөр тооцож, 11,250,000 төгрөг, нийт 35,756,000 төгрөг гаргуулна.

Монгол Улсад дулааны улиралд барилгын ажил идэвхтэй явагддаг бөгөөд V-2 тулаас төмөр нь тухайн үед барилгын зах зээлд хомсдолтой байсан бөгөөд V-2 тулаас төмрийн түрээсийн ханш нь өдрийн 110-170 төгрөг байсан тул Ш.Г- нь 450 ширхэг тулаас төмрийг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх нийт 472 хоногийн хугацаанд хууль бусаар эзэмшсэнээс манайх мөн хугацаанд олох байсан 25,488,000 төгрөгийн орлогоо алдсан гэж үзэж байна. Барилгын компанийн үнийн санал болон зар сурталчилгаанаас үзэхэд тулаасыг түрээслэх үнэ дунджаар нэг ширхгийн хоногийн түрээсийг 120 төгрөгөөр тооцож, нийт 450 ширхэг төмрийн 1 өдрийн түрээс 54,000 төгрөгийг 472 хоногоор үржүүлэн нийт 25,488,000 төгрөг гарсан болно.

Иймд хариуцагч Ш.Г-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн хохиролд 11,312,000 төгрөг, олох ёстой байсан орлогод 25,488,000 төгрөг, тулаас төмрийн үнэ 11,250,000 төгрөг, нийт 48,050,000 төгрөг гаргуулж, А ХХК-д олгох шаардлагыг гаргаж, уг шаардлагаа бүрэн дэмжиж байна.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

БИ ХХК-ийн захирал ОБ.- миний бие болон манай компанийн менежер хамт А ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Б-той 2019 оны 08 дугаар сард Төв аймгийн Бүрэн сумын дунд сургуулийн барилгын сантехникийн гадна болон дотор шугамын гэрээг аман хэлбэрээр хийж гүйцэтгэж эхэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 45,000,000 төгрөгийн албан гэрээ бичгээр байгуулсан. Манай компани нь тус барилгын ажлын сантехникийн угсралтыг 70%-тай гүйцэтгэсэн болно. Гэтэл А ХХК-ийн захирал О.Б-нь Ш.Г-ын хувийн бригадтай 22,000,000 төгрөгийн аман гэрээ хийсэн, мөн мэргэжлийн бус хүмүүсээр ажил гүйцэтгэсэн гэж илтэд худал нэхэмжлэл гаргасан. 2019 оны 11 дүгээр сард А ХХК-ийн барилга хариуцсан даамал Б-т манай компанийн инженер Д.Б- болон миний бие гадна шугамын угсралтын ажлын зургийн дагуу хийж гүйцэтгээд хүлээлгэж өгсөн. Гадна шугамын гулсах тулгуур ирээгүй тул түр модон дэрээр орлуулж хийлгээд өөрсдөө гулсах тулгуур ирэхээр сольж булна гэж тохиролцсон. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр буцаж ирэхэд гулсах тулгуур хийлгүй булаад манай компанийн зөвшөөрөлгүй дур мэдэн ус шахсан байсан. Урьдчилгаа болгож 8,000,000 төгрөг хувааж авсан нь үнэн болно. Үүнээс хойш 2-3 удаа очиж тодорхой ажлуудыг компаниас зардал гаргаж ажил гүйцэтгэсэн. 2021 оны хавраас үлдэгдэл ажлаа хийнэ гэж дундын санхүүжилт авах гэж аман болон утсаар удаа дараа шаардахад ямар нэгэн шалтаг тоочоод өгөхгүй байсан. Гэтэл тэр хугацаанд өөрсдөө гэрээгээ дур мэдэн зөрчиж өөр хүмүүс оруулж ажил гүйцэтгүүлсэн байсан. 2021 оны 06 сард манай компанийн менежер Ш.Г-тай О.Б-нь утсаар холбогдож би Ховдод байна гээд хүнээр барилгын сапуд /тулаас/ төмөр түрээсээр аваад буцааж өгтөл 300 гаруй ширхэг гологдоод байна. Үүнийг хадгалах газар байна уу гэж яриад Ш.Г-ын хашаанд намайг иртэл хадгалж бай гээд тавиулсан байсан. А ХХК нь манай компанийн ажил гүйцэтгэхэд гарсан зардал болох 10,000,000 төгрөгийг өгөөгүй байгаа учир бид тэр сапуд /тулаас/ төмрийг барьцаанд байлгаж байгаа нь үнэн болно. Манай компаниас гаргаж ажил гүйцэтгэсэн 10,000,000 төгрөгийг өгөх юм бол тэр сапуд /тулаас/ төмрийг буцаан өгөхөд бэлэн байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.5, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Г-аас 19,562,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 28,488,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550,364 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Г-аас 255,760 төгрөг нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

4.б. Хариуцагч Ш.Г-ын хууль бусаар эзэмшиж буй 450 ширхэг тулаас төмрийг манай компани ХХ ХХК-аас худалдан авсан боловч үнийг төлж чадахгүйд хүрсэн тул тулаас төмрийг буцаан өгөхөөр УлаанБ- хот руу зөөж. түр буулгах зорилгоор Ш.Г-ын Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо Нарангийн голын эцэс Толгойтын 118 дугаар гудамжны 01 тоотод буулгасан. Гэтэл тухайн тулаас төмрийг Ш.Г- дур мэдэн хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр ашиглаж, эзэмшиж эхэлсэн.

Үүний улмаас ХХ ХХК нь тулаас төмрийг буцаан өгөөгүй үндэслэлээр ашигласан хугацааны түрээсийн төлбөр төлөхийг шаардаж эхэлсэн. Ш.Г- нь тулаас төмрийг хууль бусаар эзэмшсэнээс болж, манай компани хоног өнгөрөх тутамд түрээсийн төлбөрийн өрөнд орж, гарах ёсгүй байсан зардал гарах бодит нөхцөл үүссэн, ХХ ХХК-д төлбөр төлөх боломжгүй байсны улмаас арга буюу тэдгээрийн төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулсан. Хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийн өрөнд орж хохирч байсан тул арга буюу түүний үнийг төлснөөр тухайн тулаас төмрийг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс хойш бусдад түрээсэлж, орлого олох боломжоо алдсан гэж үзэж болно.

Хэрвээ Ш.Г- нь тулаас төмрийг дур мэдэн, зөвшөөрөлгүй ашиглаж, эзэмшээгүй байсан бол бид ХХ ХХК-д 450 ширхэг тулаас төмрөө хүлээлгэн өгч, ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг төлөөд өөр төлбөр төлөх шаардлагагүй дуусах боломжтой байсан.

Монгол Улсад дулааны улиралд барилгын ажил идэвхтэй явагддаг бөгөөд тулаас төмөр нь тухайн үед барилгын зах зээлд хомсдолтой байсан бөгөөд М-2 тулаас төмрийн түрээсийн ханш нь өдрийн 110-170 төгрөг байсан тул Ш.Г- нь 450 ширхэг тулаас төмрийг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх нийт 472 хоногийн хугацаанд хууль бусаар эзэмшсэнээс манайх мөн хугацаанд олох байсан 25,488,000 төгрөгийн орлогоо алдсан гэж үзэж байна.

Барилгын компанийн үнийн санал болон зар сурталчилгаанаас үзэхэд тулаас төмрийг түрээслэх зах зээлийн ханш 110-170 төгрөг байсан тул бидний зүгээс дундаж байдлаар нэг ширхгийн хоногийн түрээсийг 120 төгрөгөөр тооцож, нийт 450 ширхэг тулаас төмрийн 1 өдрийн түрээс 54,000 төгрөгийг 472 хоногоор үржүүлэн нийт 25,488,000 төгрөгийг гаргасан тул хариуцагч Ш.Г-аас 25,488,000 төгрөгийг нэмж гаргуулж, мөн ажил гүйцэтгэх гэрээний улмаас учирсан хохиролд 3,000,000 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Ш.Г- нь А ХХК-тай ямар нэг гэрээ хэлцэл байгуулаагүй. Ш.Г- нь БИ ХХК-ийн ажилтан. А ХХК-тай байгуулсан гэрээ нь хэрэгт авагдсан. Ажилтнаас мөнгө гаргуулна гэж байгаа нь үндэслэлгүй. А ХХК нь н.Н- гэх хүнтэй байгуулсан гэрээг өгсөн бидэнд хамааралгүй. Компаниудын хооронд байгуулсан гэрээтэй холбоотой асуудлыг хоорондоо ярилцана, манайд хамааралгүй. Тулаас төмрийг хүлээж авсан, хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Хэдэн төмөр хүлээлгэж өгсөн, одоо хэдэн төмөр нь дутаж байгаа талаар мэдэгдэх юм байхгүй. Хэрэгт компанийн захирал н.Б-ын тайлбараар уг төмөр нь компанид байгаа Ш.Г-т байхгүй. Прокурорын хэрэгсэхгүй болгосон тогтоолд компани хоорондын асуудал тул иргэний журмаар шийдвэрлүүлнэ гэсэн. Мөнгө шилжүүлсэн баримт нь О.Б-гэх иргэн хүнээс шилжсэн. Материалын зардал гэж Ш.Г-ын данс руу 8,000,000 төгрөг шилжүүлснээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй. Ямар ажил хийх ёстой, ямар ажлыг дүгнэсэн талаар дүгнэсэн зүйл хэрэгт байхгүй.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. БИ ХХКийн захирал О.Б нь Манай компани нь тус барилгын ажлын сантехникийн угсралтыг 70%-тай гүйцэтгэсэн болно. Мөн мэргэжлийн бус хүмүүсээр ажил гүйцэтгэсэн гэж илтэд худал нэхэмжлэл гаргасан байна. 2019 оны 11 дүгээр сард А ХХК-ийн барилга хариуцсан даамал Б-т манай компанийн инженер Д.Б- болон миний бие гадна шугамын угсралтын ажлын зургийн дагуу хийж гүйцэтгээд хүлээлгэж өгсөн. Урьдчилгаа болгож 8,000,000 төгрөг хувааж авсан нь үнэн болно. Үүнээс хойш 2-3 удаа очиж тодорхой ажлуудыг компаниас зардал гаргаж ажил гүйцэтгэсэн. 2021 оны хавраас үлдэгдэл ажлаа хийнэ гэж дундын санхүүжилт авах гэж аман болон утсаар удаа дараа шаардахад ямар нэгэн шалтаг тоочоод өгөхгүй байсан. Гэтэл тэр хугацаанд өөрсдөө дур мэдэн зөрчиж өөр хүмүүс оруулж ажил гүйцэтгүүлсэн байсан. А ХХК нь манай компанийн ажил гүйцэтгэхэд гарсан зардал болох 10,000,000 төгрөгийг өгөөгүй байгаа учир бид тэр сапуд төмөрийг барьцаанд байлгаж байгаа нь үнэн болно. Манай компаниас гаргаж ажил гүйцэтгэсэн 10,000,000 төгрөгийг өгөх юм бол тэр сапуд төмрийг буцаан өгөхөд бэлэн байна гэсэн.

Ш.Г- би сапудыг аваагүй, хүлээж авсан хүлээлгэж өгсөн хүнээс нь нэхэмжлэхгүй ямар ч хамааралгүй хүнээс сапудны мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд 450 ш сапудны үнэ 11,250,000 төгрөгийг төлөхгүй. Шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэн зарчим алдагдаж байна.

Дээрх гомдолд үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

450 ширхэг тулаас төмрийг Ш.Г-ын оршин суугаа газрын хашаанд буулгасан болох нь хэрэгт авагдсан гэрэл зураг, тулаас төмрийг хүлээлгэж өгсөн жолооч, хүлээлгэн өгсөн тухай баримт зэргээр тогтоогддог. Хариуцагч Ш.Г- нь өнөөдрийг хүртэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажлын хөлсний үлдэгдлийг өгсөн үед тулаас төмрийг хүлээлгэж өгнө гэсэн тул манай тулаас төмрийг хууль бусаар эзэмшиж байсан гэдэг нь тайлбараас нь тогтоогдож байна. Мөн тулаас төмрийг буцаан авах талаар харилцсан чатад үзлэг хийж баримтжуулсан. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байх тул гомдлыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Ш.Г-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 11,312,000 төгрөг, тулаас төмрийн үнэ 11,250,000 төгрөг, тулаас төмрөөс олох ёстой байсан орлогод 25,488,000 төгрөг, нийт 48,050,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь, Төв аймаг Бүрэн сумын төвд баригдах бүрэн дунд сургуулийн барилгын гадна болон дотор сантехникийн ажлыг 22,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр хариуцагч Ш.Г-тай амаар тохиролцсон гэх боловч хариуцагч уг нэхэмжлэлийн үндэслэлийг эс зөвшөөрч, надтай гэрээ байгуулаагүй бөгөөд миний ажилладаг БИ ХХК-тай дээрх ажлыг 45,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр бичгээр гэрээ байгуулж, манай компани уг ажлын 70 хувийг хийж гүйцэтгэсэн, ажлын хөлсөнд 8,000,000 төгрөг авсан, одоо 10,000,000 төгрөгийн авлагатай гэж тайлбарлаж, БИ ХХК-ийн захирал ОБ.-ын гаргасан компанийн хэвлэмэл хуудсан дээр бичигдсэн тамга тэмдэг бүхий тайлбар, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ зэргийг ирүүлжээ./хх 198-203/

 

3. А ХХК нь БИ ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр, гүйцэтгэгч нь Төв аймаг Бүрэн сумын төвд баригдах сургуулийн барилгын гадна болон дотор сантехникийн ажлыг гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажил гүйцэтгэх, ажлын хөлсөнд 45,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ./хх201-203/

 

4. Нэхэмжлэгч талаас 450 ширхэг барилгын тулаас төмрийг хариуцагч Ш.Г-ын оршин суудаг газрын хашаанд түр буулгасан, уг тулаас төмрийг өгөхгүй байгаа тул уг төмрийн үнэ болон тулаас төмрийг бусдад түрээслэн олох байсан орлогоо нэхэмжилнэ гэснийг, хариуцагч эс зөвшөөрч намайг эзгүйд барилгын гологдол 300 гаруй тулаас төмрийг түр хадгалж бай гэж хүнээр буулгуулсан байсан, манай компани ажлын хөлсний авлагатай тул уг тулаас төмрийг манай компанийн барьцаанд байгаа нь үнэн гэсэн тайлбарыг өгчээ./хх 198/

 

5. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, БИ ХХК-ийн нэхэмжлэгчтэй байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ, уг компанийн нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээтэй байсан, ажлын хөлсний дутууг өгөөгүй байгаагаас нэхэмжилсэн тулаас төмрийг компанийн барьцаанд авсан гэх зэрэг тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, хариуцагчийн эрх зүйн байдал тодорхойгүй, шүүхээс хамтран хариуцагч татах хүсэлт нэхэмжлэгчид байгаа эсэхийг тодруулснаар тухайн маргааны үйл баримтыг бүрэн тогтоох ажиллагааг хийгээгүй, энэ талаар талуудыг мэтгэлцүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа зөрчлийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2023/00311 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 300,390 төгрөг, хариуцагчаас төлсөн 255,760 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

  ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ