Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 203/МА2023/00008

 

 

 

 

 

 

Х.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 143/ШШ2022/00... дугаар шийдвэртэй,

Х.*******гийн нэхэмжлэлтэй,

И.*******т холбогдох,

Үндэслэлгүй үүрэггүйгээр хөрөнгөжсөн 17588000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч И.*******, хариуцагчийн өмгөөлөгч И.Олонмөнх, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .....2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж Өмнөговьд ирсэн. И.******* хотод байсан хашаа байшингаа 28 сая төгрөгөөр зарж тал хагасыг нь хүүхдүүддээ зарцуулж 7 сая төгрөгөөр ******* сумын 4-р баг ******* 4-р гудамжны ... тоот хаягт хашаа газар худалдан авч 54 м талбай бүхий орон сууцны зориулалтай байшин барьж, хашаа газраа тохижуулсан.

Бид хоёр 2015 оны 6-р cap хүртэл гэр бүл болж амьдарсан.

2015 оны намар шүүхэд хандаж гэрлэлтээ цуцлуулсан. Ийнхүү гэрлэлтээ цуцлуулах үедээ өөрийн оруулсан дундын эд хөрөнгийг хуваалгах үндэслэлээр нэхэмжлэн шаардсан боловч шүүх ******* дахь хашаа, газрыг И.******* хотод байсан хашаа байшингаа зарж худалдан авсан байна, одоо хуваалгах гэж байгаа байшин нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэл үүсээгүй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хангаагүй болно.

Х.******* миний бие өөрийн ажил бизнесийн орлогоор энэхүү нэхэмжлэлд хавсаргасан жагсаалт баримтын дагуу 2014 оны 04 дүгээр сарын 04-нөөс гэрлэлт цуцлуулах хүртэл хугацаанд нийт 27000000 төгрөгийн дүн бүхий барилгын материал түүхий эд, эдлэл хогшил авч өгснийг И.******* авч өөрийн эзэмшиж буй барилга байшиндаа хэрэглэсэн нь тоо зүсээрээ гэрч баримтаар нотлогдоно.

Монгол улсын дээд шүүх дээрх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ: Нэхэмжлэгч нь ******* сумын 4-р багийн *******ы 4-р гудамжны .. тоотод барьсан барилгыг дундын эд хөрөнгө учраас ноогдох хэсэг 25000000 төгрөгийг авах эрхтэй уг барилгыг барихад 29000000 төгрөгийн зардал гаргасан тул 14500000 төгрөг буюу оруулсан мөнгөө гаргуулна гэсэн шаардлагыг давж заалдах шатны шүүх зөв тодорхойлсон боловч дундын эд хөрөнгө хуваалгах, оруулсан зардлаа буцаан авах хоёр өөр асуудлын талаар эрх зүйн зөрчилтэй дүгнэлт хийсэн.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн барилгын материал худалдан авсан тээврийн болон, ажлын хөлс төлсөн, зээл авсан баримтууд нь эдгээр үйл баримтыг нотлохоос маргаж буй хашаа байшинг гэр бүлийн дундын хөрөнгө болохыг нотлохгүй гэж дүгнэсэн.

Нөгөө талаар Х.******* миний бие И.*******ын байшинд зарцуулж алдсан хөрөнгөө буцааж гаргуулахаар шаардлагын агуулга, үндэслэл, дүнг зөвтгөж хэдийд ч буцаан шаардах эрхтэй болно.

Энэхүү шаардлага нь урьд гаргаж шүүхээр шийдвэрлүүлсэн дундын эд хөрөнгө хуваалгах шаардлагад хамаарахгүй, биеэ даасан тусдаа, бусдын эд хөрөнгийг үүрэггүйгээр үндэслэлгүй олж аван хөрөнгөжсөнөөс үүсэх эрх зүйн зохицуулалтаар үүсэх нэхэмжлэл болно.  

Дээрх хөрөнгө эд хогшил нь И.*******ын байшингийн бүтэц хийцэд болон түүний амьдрал ахуйд хэрэглэгдсэн одоо биет байдлаар нь шаардах боломжгүй тул хуулийн дагуу мөнгөөр нь шаардах үндэслэлтэй болно.

Тус байшинд дээврийн төмөр болон банз дутсан тул банкнаас зээл авч эргэн төлөлтийг тухайн үед ....... аймгийн ..... худалдааны төвд миний өөрийн нэр дээр 107 тоот лангуу түрээсэлж миний 9300000 төгрөгийн бараа тоолуулж тухайн банкны эргэн төлөлтийн 108000 төгрөгийг төлж байсан.

Миний бие хариуцагч И.*******аас хашаа байшинд оруулсан 17588000 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж байна гэжээ.

Хариуцагч И.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 17588000 төгрөгийг нэхэмжилж байна. Анх 27000000 төгрөгийг 2015 онд нэхэмжилж шүүх хуралд оролцож байснаас хойш материалын тоо ширхэг, үнийн дүнг байнга өөрчилж янз бүрээр бичиж байх юм.

Өөрийнх нь гаргаж өгч байсан байшин барихад ******* өөрийнхөө мөнгөөр 6000 тоосго 3 тонн цемент авсан гэж нотлон гаргаж өгсөн боловч сүүлд нь би бүх цемент тоосгыг авсан гэх мэтээр хэлсэн ярьсан болгон нь зөрүүтэй байдаг нь энэ хүн ямар ч материал аваагүй гэдгийн нэг жишээ.

Зөвхөн Хаан банкны дансны хуулга үзүүлээд л явах юм. Наймаа хийдэг хүний хувьд дансны хуулга гэдэг бол өдөр бүрийн байж л байдаг мэдээлэл болохоос хаана хэнд өгч юу авсныг нотлох баримт биш шүү дээ.

Миний хувьд анх барилга барихад өөрийн мөнгөөрөө тоосго цемент аваад үлдсэн барилгын материалыг хүү .... өөрийн ажилладаг барилгын Мон метал компаниас тоо ширхэг, үнэ мөнгөөр нь зээлдэж авч барьсан. Банкнаас зээлээгүй компаниасаа миний хүү зээлээд цалингаараа эргэн төлж дуусгасан.

Энэ хүн зөвхөн хамтран амьдраад байшинг нь заруулчихаад дахин байшин барихад нь салаад их хэмжээний мөнгө нэхэмжлэн авах зорилготой байсан. Түүндээ л хүрэх гэж өдий олон жил худал ярьж бичиж гүтгэж доромжилж намайг зовоосоор явна.

Түрүүчийн удаад 3470000 төгрөг шүүхээс өгөхөөр шийдвэрлэснийг тэтгэврийн зээл хийгээд төлж дуусгасан.

Манай 3 хүү болон дүүгийн нэг хүү нийт дөрвүүлээ нийлж энэ байшинг Улаанбаатар хотоос ирж барьсан. 2014 оны 07 дугаар сараас 08 дугаар cap гээд cap гаран хугацаанд барьсан. Тэгэхэд энэ хүн 2014 оны 07 дугаар сарын 13-ны өдөр бүх бараатайгаа ачиж аваад явсан.

Одоо манай барилга барьсан 3 хүү бүгд Өмнөговьд шилжин ирж ажиллаж амьдарч байна. Алинаас нь ч гэрчийн мэдүүлэг авч болно.

......аас 2016 онд авсан гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа гэжээ.

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И.*******аас 17588000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х.******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтуудыг хуулийн дагуу үнэн зөвөөр нь авч хэлэлцээгүйд гомдолтой байна.

Миний бие нь анхан шатны шүүхэд 32 хуудас нотлох баримт өгсөн байдаг. И.*******ын нэр дээр ХААН банкны дансанд орлого зарлага байдаггүй ямар ч нотлох баримт өгөөгүй байхад иргэдийн төлөөлөгч ******* нэхэмжлэгч Х.*******гийн нотлох баримт хангалтгүй байна гэж И.*******ын үгээр үг хийн мөн анхан шатны шүүгч нар хуулийн дагуу удаа дараа үнэн зөвөөр шийдэж өгөөгүйд гомдолтой байна.

Мөн И.Олонмөнх өмгөөлөгч И.*******ын хөрөнгө байна гэж үздэг.

ХААН банкны миний нэр дээрх ............ тоот дансны депозит дансны хуулга 15,180 мянга төгрөгийн орлого, зарлага мөн Голомт банкны 1,110,000 төгрөгийн орлого зарлага мөн******* овогтой *******д 4,685,000 төгрөгийн бараа зээлдүүлсэн тодорхойлолт нотариатаар гэрчлүүлсэн баримт, ******* миний ......... тоот дансанд 3,000,000 төгрөг хийсэн орлого, зарлагын гүйлгээ мөн Капитрон банкнаас 2,000,000 төгрөг зээлсэн гэрээ, эргэн төлөлтөд сар бүр 108,000 төгрөгөөр төлж байсны баримтууд байгаа.

Эдгээр орлого нийлээд 17588000 төгрөг болж байгааг шүүх ялгаж салган авч хэлэлцсэнгүйд гомдолтой байна. 9х5 буюу 54 метр квадрат байшин барихад 1500 ширхэг тоосго орсон байдаг.

Хас үнэлгээ компанийн үнэлгээг Л............ шүүгч Өмнөговь аймгийн ******* сум Дунд сайханы ...... тоот хашаанд очиж үзлэг хийсэн баримт байдаг. Баримтаар нотлогддог.

Иймд миний зүгээс хэлэхэд миний бие И.*******т өөрийн наймаа хийсэн мөнгөөр сайхан байшин барьж өгсөн байдаг. И.*******ын хүү ******* хаалга, цонх, паар, паркет шал эдгээр зүйлийг авсан.

Иймд миний зүгээс хөрөнгө оруулсан тоосго, цемент, блок, шавар, цоож,  газрын хундааманд оруулсан материалыг үнэн зөвөөр нь тооцоолж дахин хэргийг хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү шилжүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгч та бүхэн сайн шинжлэн судлаад нотлох баримтуудыг гаргаж үзээд хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Хариуцагч И.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                             ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгч Х.*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Х.******* нь ******* сумын 4-р багийн *******ы 4-р гудамжны ..... тоотод хашаанд байшин барихад оруулсан 17588000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч И.******* нь ******* сумын 4-р багийн *******ы 4-р гудамжны ... тоотод хашаанд өөрийн болон хүүхдүүдийн хөрөнгөөр байшин барьсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Х.*******, И.******* нар нь хамтран амьдарч байх хугацаандаа бий болгосон гэх Өмнөговь аймгийн ******* сумын 4 дүгээр баг, *******ы ...... тоотод байрлалтай байшин нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэдэг нь нотлогдоогүй, нэхэмжлэгчээс "ХААН, Голомт банкнуудын миний нэр дээрх харилцах дансанд нийт 17588000 төгрөгийн орлого орсныг байшин барихад зарцуулсан” гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч дээрх данснуудын зарлагын гүйлгээний утга дээр тухайн байшинг барихад дээрх орлогыг зарцуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна .

Нэхэмжлэгч Х.*******  ******* сумын 4-р багийн *******ы 4-р гудамжны ...... тоот хашаанд байшин барихад оруулсан 17588000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлох баримтаар нотолж чадаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

“Нэхэмжлэгч Х.*******гийн 2014 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацааны өөрийн Хаан банкны орлого зарлагын гүйлгээ 15180000 төгрөг, мөн Голомт банкны дансны 1100000 төгрөг, Капитрон банкнаас 2000000 төгрөгийн зээл авч эргэн төлөлтийг төлсөн гэх баримтууд нь түүнийг худалдаа эрхэлж байсан дансаар нь орлого, зарлагын гүйлгээ хийгдсэнийг илтгэхээс бус маргаж буй хашаа, байшинд хөрөнгө оруулсан, улмаар энэ нь дундын хөрөнгө болсон гэдгийг нотлохгүй байна” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэл бүхий болжээ. 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245890 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 143/ШШ2022/00... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Х.Ариунтунгалагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245890 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.ГЭРЭЛМАА

                              ШҮҮГЧИД                                      Ш.ТӨМӨРБААТАР

                                                                                     М.МӨНХДАВАА