Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00572

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00572

 

 

                                                                                   

 Ц.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2022/02736 дугаар шийдвэртэй Ц.С-ын нэхэмжлэлтэй “Ц” ХХК-д холбогдох 75,082,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие “Ц” ХХК-тай орон сууцны барилгын захиалгын урьдчилсан гэрээг 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулан, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд баригдах Residence-55 орон сууцны цогцолборын 55/2 дугаар байрны 1 дүгээр орц, 7 дугаар давхар, С хэсэгт 83,47 м.кв талбайтай, 3 өрөө байрыг 1 м.кв талбайг 1,500,000 төгрөгөөр худалдан авахаар 1,000,000 төгрөгийг төлсөн. 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр орон сууц захиалгаар барих 27 дугаартай гэрээг байгуулан, байрны үнийн дүнгийн 40 хувь буюу 49,082,000 төгрөгийг урьдчилан төлсөн. Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр 2011 оны 04 дүгээр улиралд барилгын ажлыг дуусгавар болгож хүлээлгэн өгөх үүргийг хариуцагч хүлээсэн юм.

Барилга угсралтын ажил нь Нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас хойшилсон гэх үндэслэлээр 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан, барилгын ажлыг 2012 оны 02 дугаар улиралд багтаан эхлүүлэхээр тохиролцсон. Захиалсан барилгын газар олголттой холбоотой захиргааны хэргийн маргааныг Улсын Дээд шүүх 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр эцэслэн шийдвэрлэсэн байхад барилгын ажлыг эхлүүлээгүй, захиалгын төлбөрт төлсөн 50,082,000 төгрөгийг буцаан олгоогүй. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр барилгын ажлыг эхлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, хохирлыг барагдуулах, эсхүл хариуцагчийн барих өөр орон сууцны төсөлд гэрээг шилжүүлэх эсэхийг харилцан тохиролцож шийдвэрлэхээр заасан байдаг. Үүний дагуу төлбөрийг буцаан авах болон гэрээг шилжүүлэх талаар удаа дараа уулзаж, шаардлагыг гаргасан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлэхгүй байна.

Гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өргөдлийг бичгээр гаргасан боловч шийдвэрлээгүй. Хариуцагч нь төлбөрийг буцаан төлөх болон гэрээний үүргийн биелэлтийг хэрэгжүүлэхгүй байсны эцэст 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20/04 тоот албан бичгээр төлбөрийг хэсэгчлэн төлөх болно гэх хариуг өгсөн.

Мөн гэрээг цуцлах саналыг хүлээн авсан гэж төлбөрийг буцаан олгох бичигт хариуцагч компанийн ерөнхий нягтлан бодогч нь дурдсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд гэрээнд заасны дагуу алданги төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний 2.5 дахь хэсэгт гэрээнд заагаагүй бусад зүйлсийг үндсэн гэрээ болон холбогдох хууль, тогтоомжоор зохицуулна гэж заасан. Орон сууц захиалгаар барих гэрээний 7.3 дахь хэсэгт хариуцагч үүргээ 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд шилжүүлсэн төлбөрийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөх үүргийг хүлээсэн. Хариуцагчид 2012 оны 03 дугаар улирал буюу 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоногийн 50,082 төгрөгийн алданги төлөх үүрэг үүсч байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 25,000,000 төгрөгийн алдангийг гаргуулах хүсэлтэй байна.

Иймд хариуцагч “ЦИ” ХХК-иас орон сууц захиалгаар барих гэрээний дагуу төлсөн 50,082,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 75,082,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

Нэг. “ЦИ” ХХК нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд Residence 55/2 орон сууцны барилгын зураг төслийг батлуулж, хөрөнгө оруулалт санхүүжилтийг хариуцаж, барилгын ажлыг гүйцэтгүүлж байх явцдаа захиалагчтай гэрээ байгуулж байсан ба энэ дагуу "Орон сууцны барилгын захиалгын гэрээ”-ний урьдчилгаа 1,000,000 төгрөг, мөн гэрээ байгуулагдсантай холбоотойгоор 49,082,000 төгрөг, нийт 50,082,000 төгрөгийг тус компанид гэрээний дагуу төлөгдсөн болно.

Хоёр. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсноос авч үзвэл:

а. Талууд 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-г байгуулснаар гэрээний нэмэлт, өөрчлөлтийг оруулсан ба гол асуудал нь барилгын ажилд саад учирсан, энэ нь шүүхэд бусад этгээдээс хандсан маргааны асуудалтай холбоотойгоор гэрээ хэрэгжих эсэх, хэрвээ энэ нь сунжирч гэрээ хэрэгжихээргүй бол хэрхэн шийдэхийг талууд тохиролцож, уг “Нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээ”-ний 2.4 болон 2.5 заалтаар шийдвэрлэсэн. Гэрээний энэ заалтын дагуу 2012 оны 02 дугаар улиралд буюу 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдөр барилгын ажил эхлээгүй, шүүхийн маргаан нь дуусаагүй бөгөөд энэ дагуу захиалагч иргэн Ц.С-ын хувьд дээр дурдсанчлан гэрээг цуцлах, төлбөрөө буцаан авах шаардлагыг компанид хандаж гаргаж байсан, үүнд мөн бид маргаагүй ба харин төлбөрийг буцаан олгохыг хэрэгжүүлж чадаагүй, төлбөрийн боломжгүй байсан тул үүгээр талуудын хоорондох гэрээ цуцлагдсан болно.

б. Мөн дээр дурдсан маргааныг шүүх 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр эцэслэн шийдсэн байхад барилгыг эхлүүлээгүй, төлбөрт хүлээн авсан 50,082,000 төгрөгийг буцаан олгоогүй ... гэсэн байх ба энэ нь нэхэмжлэгч дурдсан шалтгаанаараа гэрээгээ цуцалсан гэж, манай компани төлбөрийг буцаан олгож чадаагүй гэдэгтэй маргах зүйлгүй болно.

в. Ийнхүү гэрээнд заасан болон хуулийн дагуу хандаж, нэхэмжлэлдээ тодорхойлсноор нь захиалагч тал гэрээ цуцлахаа мэдэгдэж, төлбөрөө буцаан авахаар шаардаж байсан нь Иргэний хуулийн 204, 225 дугаар зүйлд заасан дагуу хууль ёсны гэж үзэж байна.

Эдгээр байдлаар захиалагч тал гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээний 2.4, 2.5 заалт дахь хугацаагаар гэрээ цуцлагдсан гэж, шүүхийн маргаантай асуудалд анхны шүүхийн шийдвэр гарснаар 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ цуцлагдсан гэж, сүүлчийн байдлаар 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бичгээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг буюу мөнгөө авахаар шаардаж, энэ үед гэрээг цуцалж ийнхүү шаардаж байсан гэх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан хугацаагаар хуулийн дагуу төлбөрийг буцаан олгох үүрэг үүссэн ба энэ үүргээ манай компани биелүүлж чадаагүй өнөөг хүрсэн тул хуулийн дагуу тухайн хугацаагаар тооцож хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “ЦИ” ХХК-иас орон сууц захиалгаар бариулах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 50,082,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.С-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу алдангид 25,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЦИ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 408,360 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.С-од олгож шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт алданги 25,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хариуцагч “ЦИ” ХХК-иас орон сууц захиалгаар бариулах гэрээний төлбөрт урьдчилан төлсөн 50,082,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 75,082,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан, гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул хариуцагчаас алданги шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй хэмээх дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг шүүх үнэлээгүй гэж байна. Нэхэмжлэгч хариуцагчтай 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдөр орон сууц захиалах гэрээг байгуулахаас өмнө уг барилгын газар олголттой холбоотой маргаан үүссэн байсныг нэхэмжлэгч тухайн үед мэдээгүй гэрээг байгуулан төлбөрөө төлсөн. Барилгын ажлыг 2011 оны 04 дүгээр улиралд дуусгавар болгох ёстой байсан боловч Нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас хойшилсон гэх үндэслэлээр 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан 2012 оны 02 дугаар улиралд багтаан эхлүүлүүлэхээр тохиролцсон. Тухайн гэрээний 2.5-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гарах хүртэл хугацаанд хариуцагч талтай уулзаж гэрээг цуцлаагүй байсан. Хариуцагчид гэрээг цуцлах саналыг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргасан боловч барилгатай холбоотой маргааныг захиргааны болон иргэний хэргийн шүүх шийдвэрлэж дуусаагүй гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авч шийдвэрлэлтийг хүлээж байсан. Харин 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хариуцагчийн ерөнхий нягтлан бодогчийн гэрээнээс татгалзах саналыг хүлээн авлаа, төлбөрийг хэсэгчлэн буцаан төлнө гэх мэдэгдлийг авсны дараа эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ нь нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан, гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсон гэх шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж байна.

Талуудын хооронд байгуулсан нэмэлт гэрээний 2.6-д "энэ гэрээнд заагаагүй бусад зүйлийг үндсэн гэрээ болон холбогдох хууль, тогтоомжоор зохицуулна", үндсэн гэрээний 7.3-т "Гүйцэтгэгч гэрээний 2.2.7-д заасан хугацааг 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн бол энэ хугацаанаас хойш хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчийн шилжүүлсэн орон сууцны үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө" гэж заасан. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан алдангийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд гэрээ байгуулагдсан талаар маргахгүй, гэрээ байгуулагдаад 5, 6 сарын хугацаа өнгөрөх явцад шүүхийн маргааны улмаас барилгын ажлыг түдгэлзүүлж, зогсоосон байдаг. Энэ үйл явдалтай холбогдуулан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, гэрээгээ цуцлах хүсэлтийг ирүүлж, гэрээ цуцлах асуудал яригдсан. Цуцлах асуудал яригдах явцад нэмэлт гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан байгаа. Өмнө нь гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцлах санал гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учраас шүүх хэргийг тал бүрээс нь нотлох баримтын хүрээнд, мэтгэлцээний хүрээнд үнэн, зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны байгаа учраас гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч “ЦИ” ХХК-д холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу урьдчилан төлсөн төлбөр 50,082,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 75,082,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч үндсэн төлбөрийг зөвшөөрч, алдангийг эс зөвшөөрч маргажээ.

 3. Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болох, гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн орон сууц барьж ашиглалтад оруулж нэхэмжлэгчийн өмчлөлд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй үйл баримтыг анхан шатны шүүх хэргийн нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэн зөв тогтоожээ.

 Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь орон сууц бариулахаар захиалж, гэрээний үнэд 50,082,000 төгрөг төлсөн, хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй буюу орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд хүлээлгэн өгөөгүй үйл баримтын тухайд талууд маргаагүй, харин нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болсон байна.

 4. Анхан шатны шүүх гэрээнээс татгалзсан, гэрээг цуцалсан тохиолдолд үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул хариуцагчаас алданги шаардах хууль зүйн үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж, алданги гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.     

 5. Алданги гаргуулах  нэхэмжлэлийн талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийхдээ зохигч гэрээгээр ямар үүрэг хүлээсэн, уг үүрэг гүйцэтгэх хугацаа, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр бичгийн гэрээгээр тохиролцсон эсэх, үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх нөхцөл бий болсон эсэх үйл баримтыг тогтооно.

 5.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөх анзыг алданги гэнэ”, 232.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заажээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар барих гэрээ бичгийн хэлбэртэй, уг гэрээний 7.3-т “Гүйцэтгэгч гэрээний 2.2.7-д заасан хугацааг 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн бол энэ хугацаанаас хойш хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчийн шилжүүлсэн орон сууцны үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө” гэж заасан байна.

Иймээс талууд үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол алданги төлөхөөр бичгийн гэрээгээр  харилцан тохиролцсон гэж үзнэ.

 5.2. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхийг хуульчилсан байна.

Нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 2.4-т зааснаар гүйцэтгэгч нь орон сууцны барилгын ажлыг 2012 оны 02 дугаар улиралд багтаан эхлүүлэх бөгөөд үүнээс үзвэл талууд гэрээндээ ажил гүйцэтгэх хугацааг тохиролцсон, энэ үүргээ хариуцагч зохих ёсоор биелүүлээгүй байна.

Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасан.

5.3. Талууд 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнд заасан хугацаанд барилгын ажил эхлүүлээгүйгээс гэрээ хэзээ цуцлагдсан, гэрээ цуцлагдсанаар алданги шаардах эсэх талаар маргасан бөгөөд нэхэмжлэгч Ц.С нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрээ цуцлах талаар хариуцагч талд мэдэгдсэн, хариуцагчаас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Ц.С-од өгсөн албан бичгээр гэрээ цуцлахыг зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн байна. /хэргийн 12, 50/

 Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээ цуцлах талаар хариуцагчид мэдэгдсэн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл гэрээ хүчин төгөлдөр үйлчилсэн тул энэ хугацааны алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч ажлын хөлсөнд 50,082,000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрчээ. Иймд нэхэмжлэгч алдангид 25,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байх тул хариуцагчаас орон сууц захиалгаар бариулах гэрээний төлбөр 50,082,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 75,082,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Сүхболдод олгох нь зүйтэй гэж үзэв.

 6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг үндэслэсэн нь оновчгүй болжээ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах эрхийг зохицуулсан байх ба хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд гэрээг цуцалсан бөгөөд ийнхүү гэрээг цуцалсантай холбогдуулан нэхэмжлэгч нь гэрээний гүйцэтгэлийг шаардсан байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг нэхэмжлэгчийн шаардах эрхийг бус, харин тухайн шаардах эрхийн эрх зүйн үндэслэлийг зохицуулсан заалт юм.

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2022/02736 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн  

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ЦИ” ХХК-аас 75,082,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.С-од олгосугай.” гэж,

2 дахь заалтад “56.2” гэснийг “56.1” гэж, “408,360” гэснийг “533,360” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.НЯМБАЗАР              

                                           ШҮҮГЧИД                                   М.БАЯСГАЛАН

                                                                                               Д.БЯМБАСҮРЭН