Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00517

 

 

 

 

    2023             03             10                                      210/МА2023/00517

  

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/00128 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б-т холбогдох 227,003,040 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Ч.Г, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Талууд 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 14/41 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, ** дугаар байр, ** тоот 2 өрөө орон сууцыг барьцаалан 30,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлж, эргүүлэн төлсөн. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 81,000,000 төгрөг, 10,000 ам.долларыг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр барьцааны зүйлийн бүртгэлийг хялбарчлах зорилгоор 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт гэрээг байгуулан зээлсэн. Уг зээлийг авснаасаа хойш зээл, хүүгийн төлбөрийг хийгээгүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 12 дугаар сард нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Д.Б гадаад явсан тул шийдвэрлүүлэх боломжгүй болсон. 2022 оны 03 дугаар сард шүүгчийн захирамжийн дагуу Д.Б-ийг эрэн сурвалжилж, цагдаагийн байгууллагаас түүнийг ирсэн талаар мэдэгдсэн. Бид зээл болон өр төлбөрийн талаар удаа дараа хэлэлцээд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн хүүг тооцоход 205,632,000 төгрөг 25,387 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 41,126,400 төгрөг болон 5077 ам.доллар, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт өр 327,758,400 төгрөг, 40,464 ам.доллар буюу ам.долларын ханшийг 3120 төгрөгөөр тооцоход 454,006,080 төгрөг болохыг хүлээн зөвшөөрсөн. Уг үнийн дүнгээс 50 хувийг чөлөөлж үлдэгдэл 227,003,040 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний дотор зээлдэгч төлж барагдуулахаар хэлэлцэн тохиролцож Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Д.Б эвлэрүүлэн зуучлалаар баталгаажуулахаас татгалзсан тул Д.Б-ээс 227,003,040 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ТХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 30,000,000 төгрөгийг зээлж зээлийг гэрээнд заасны дагуу бүрэн төлж барагдуулсан. Өөр гэрээ байгуулаагүй. 81,000,000 төгрөг болон 10,000 ам долларыг хүлээж аваагүй. Нэхэмжлэгч хуурамч баримт бүрдүүлж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай нөхөр н.Б нь М.Н-г таньдаг, хамтарч юм хийдэг байсан. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эхнэр М.Н зээлийн хүү өссөн талаар надад мэдэгдсэн тул өргөдөл бичиж өгсөн. Мөн зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа санахгүй байна, нөхөртэйгөө утсаар холбогдож асуухад би авсан, чи гарын үсэг зурчих гэж хэлсэн. Тус мөнгийг хэдийд авсан талаар мэдэхгүй байна, би хүлээж аваагүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 175 дугаар зүйлийн 175.1 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Б-ээс 227,003,040 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, *** дугаар бичил хороолол, *** дугаар байр, *** тоот 2 өрөө орон сууцнаас хангуулах тухай “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,363,185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

   4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байх тул давж заалдах гомдол гаргасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа нь 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дууссан байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг гурван жил гэж заасан. Шүүх зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл талуудын хооронд 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч компанид хүсэлт гаргасан. Уг хүсэлтээс харахад хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар тасалдсан болох нь илэрхий байна. 2019 оны 12 дугаар сард анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч гадагшаа явсан байсан тул шүүгчийн захирамжаар хариуцагчийг эрэн сурвалжилж, цагдаагийн байгууллагын мэдэгдсэнээр 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, 79.2 дахь хэсэгт шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж тус тус заасан. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй, хэрэгт авагдсан баримтад бодит дүгнэлт хийлгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч байгууллага нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зээлдүүлсэн 81,000,000 төгрөг болон 10,000 ам долларыг ямар эх үүсвэрээр гаргаж зээлдэгчид өгсөн талаарх санхүүгийн анхан шатны баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй гэж хэт нэг талыг барьж, хэрэгт авагдсан баримт, талуудын тохиролцоо, хүсэл зоригийн илэрхийллийг анхааарч үзээгүй дүгнэлт гаргасан. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт гэрээнд зээлдүүлэгч компанийн захирал М.Нина болон зээлдэгч Д.Б нар гарын үсэг зурж баталгаажуулсан. Тус гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Д.Бийн гарын үсэгтэй тохирч байгааг тодорхойлсон. Мөн хариуцагчийн гаргасан хүсэлт болон мөнгө олгосон баримтаар тогтоогдоно. Шүүх шийдвэртээ хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагатай 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулаагүй, хариуцагчийн 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүрэг нь дуусгавар болсон, зээлийн нэмэлт гэрээний үүргийг хангах зорилгоор барьцааны үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх зөрүүтэй дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөг авсан нь үнэн. Үүний дараа миний оролцоогүйгээр 30,000,000 төгрөгийг өгсөн ч орон сууцыг барьцаанаас чөлөөлөөгүй. Нэмэлт гэрээгээр авсан мөнгө хэзээ, хэрхэн авсан талаар баримтгүй. Намайг танилын хүрээнд дуудаж гарын үсэг зуруулж “танай нөхөр энэ мөнгийг авсан, хүсэлтээ бичээд өг” гэж хэлсэн. Би нэг ч төгрөг аваагүй. Зээлийн төлөлт болон 80,000,000 төгрөг, 10,000 ам.долларын талаар мэдэхгүй. Тухайн төлбөрийн баримтанд би гарын үсэг зураагүй, миний гарын үсэг биш гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Д.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 227,003,040 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ “30,000,000 төгрөг зээлж, уг зээлийг гэрээнд заасны дагуу бүрэн төлж барагдуулсан. Өөр гэрээ байгуулаагүй. 81,000,000 төгрөг болон 10,000 ам долларыг хүлээж аваагүй. Нэхэмжлэгч нь хуурамч баримт бүрдүүлэн надаас их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

3. Зохигчид зээлийн гэрээний нэмэлт гэрээг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулж, 81,000,000 төгрөг, 10,000 ам долларыг сарын 4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож, 81,000,000 төгрөг, 10,000 ам долларыг хариуцагчид мөн өдөр бэлнээр олгосон талаархи зээлийн гэрээний нэмэлт гэрээ болон кассын зарлагын ордер хэрэгт авагджээ. 

4. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь “Хариуцагчийг эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гарсан. 2022 оны 03 дугаар сард шүүхийн шийдвэрийн дагуу Д.Б-ийг эрэн сурвалжилж байсан цагдаагийн байгууллага түүнийг гадаадаас буцаж ирснийг мэдэгдсэн” гэж тайлбарласныг хариуцагч эсэргүүцээгүй хэдий ч энэ үйл баримтын талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд заасан “хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар тасалдсан” гэсэн үндэслэлийг шалгах нь зүйтэй байна.

5. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/00128 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 1,363,185 төгрөгийг шүүгчийн захирмжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ДАВААДОРЖ

                ШҮҮГЧИД                                 М.БАЯСГАЛАН

                                                                   Д.БЯМБАСҮРЭН