Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2023/00128

 

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг ... тоотод байрлах, регистр ..., Т... ББСБ, ХХК,

Хариуцагч:Баянгол дүүрэг, .... тоотод оршин суух, регистр ..., Д....гийн Б...,

Нэхэмжлэлийн шаардлага:227 003 040 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Л..., хариуцагч Д.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т... ББСБ, ХХК нь хариуцагч Д.Б...т  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 227 003 040 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Д.Б... нь 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Т... ББСБ ХХК-тай 14/41 тоот зээлийн гэрээг хавсралт барьцааны гэрээний хамт байгуулж өөрийн өмч Баянгол дүүрэг, .... тоот 2 өрөө орон сууцаа барьцаалан 30 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлж, эргүүлэн төлсөн.2017.03.06-ны өдөр 81 000 000 төгрөг, 10 000 ам.долларыг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр барьцааны зүйлийн бүртгэлийг хялбарчлах зорилгоор 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 14/41 тоот зээлийн гэрээний нэмэлт гэрээ байгуулан зээлсэн.Гэвч уг зээлийг авснаасаа хойш зээл, тооцогдсон хүүгийн ямар нэг төлбөр хийгээгүй, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 12 дугаар сард хандсан боловч Д.Б... гадаад явсан тул шийдвэрлүүлэх боломжгүй болсон, 2022 оны 3 дугаар сард шүүхийн захирамжийн дагуу Д.Б...ийг эрэн сурвалжилж байсан цагдаагийн байгууллага түүнийг гадаадаас буцаж ирснийг мэдэгдсэн.Бид үүссэн өр төлбөр, үүний шалтгаан, төлж барагдуулах арга замыг хайн удаа дараа хэлэлцээд 2022.05.25-ны өдрийн байдлаар тооцоход хүү 205 632 000 төгрөг болон 25 387 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 41 126 400 төгрөг болон 5077 ам.доллар, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт өр 327 758 400 төгрөг, 40 464 ам.доллар буюу ам.долларын ханшийг 3120 төгрөгөөр тооцоход 454 006 080 төгрөг болохоор байгааг хүлээн зөвшөөрч, үүний 50 хувийг төлбөрөөс чөлөөлөн 227 003 040 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний дотор зээлдэгч төлж барагдуулах, ийнхүү хэлэлцэн тохиролцсоноо эвлэрүүлэн зуучлах үйлчилгээгээр баталгаажуулахаар урьдчилан тохиролцож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан.Гэвч Д.Б... урьдчилан тохиролцсоноо эвлэрүүлэн зуучлалаар баталгаажуулахаас татгалзсан тул Д.Б...ээс 227 003 040 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, 1.... тоот 2 өрөө орон сууцаар  хангуулна, 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн төлбөрөөс 2 000 000 төгрөг л үлдсэн байх гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Би Т... ББСБ, ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 30 сая төгрөг зээлж, уг зээлийг гэрээнд заасны дагуу бүрэн төлж барагдуулсан.Би өөр гэрээ байгуулаагүй, 81 сая төгрөг болон 10 000 ам долларыг би хүлээж аваагүй. Нэхэмжлэгч байгууллага нь хуурамч баримт бүрдүүлэн надаас их хэмжээний мөнгө нэхэмжилж байна, зөвшөөрөхгүй, манай нөхөр Б..., Н...г таньдаг, эд нар хамтарч юм хийдэг байсан, намайг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эхнэр Нина дуудаж, манай хүү өндөр болсон гэхээр нь очиж гараар өргөдөл бичиж өгсөн, зээлийн гэрээнд зурсныг санахгүй байна.Би нөхөр Б...тай утсаар ярьж асуухад би авсан, зурчих гэж хэлсэн, танилын хүрээнд, танилын шугамаар хийгдсэн, би нэг төгрөг хүлээж аваагүй, тохиролцооны журмаар надаар зуруулсан, мөнгөө хэдийд авсныг би мэдэхгүй, манай хүн би авсан гэж л надад хэлсэн, Б....ыг яаж авсныг би мэдэхгүй гэв.

Нэхэмжлэгчээс:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн гэрээний нэмэлт гэрээ, кассын зарлагын ордер, Баянгол дүүрэг, 1.... тоотод байршилтай, Д.Б...ийн өмчлөлийн 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өгсөн, /хх 3, 5, 6, 7, 8, 9/

Хариуцагчаас:Хаан банкин дахь дансны хуулга, Голомт банкин дахь дансны хуулга 17 хуудас /хх 27-49, 50-66/

Хариуцагчийн хүсэлтээр томилсон шинжээчийн дүгнэлтийг шүүх бүрдүүлсэн байна./хх 77-90/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв. 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Зээлийн гэрээний үүрэгт Д.Б...ээс 227 003 040 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, 1.... тоот 2 өрөө орон сууцнаас  хангуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд Би Т... ББСБ, ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 30 сая төгрөг зээлж авсан, уг төлбөрийг манай нөхөр Баттулга төлчихсөн гэсэн.Би Т... ББСБ, ХХК-аас 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 81 000 000 төгрөг, 10 000 ам.доллар зээлж аваагүй, би мэдэхгүй, Н... намайг дуудаж, 2018 онд өргөдөл бичүүлж авсан, манай нөхөр зурчих гэсэн гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн гэрээний нэмэлт гэрээ, кассын зарлагын ордер, Баянгол дүүрэг, 1.... тоотод байршилтай, Д.Б...ийн өмчлөлийн 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, хариуцагчийн Хаан банкин дахь дансны хуулга, Голомт банкин дахь дансны хуулга, шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. 

Зохигчдын хооронд 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Гэрээний 1.1-т зааснаар хариуцагч Д.Б... нь нэхэмжлэгч байгууллагаас 30 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 4,0 хувийн хүүтэйгээр зээлж, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан хэмжээгээр тохиролцсон байна./хх 7-9/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг ба хариуцагч Д.Б... нь энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдал болон зээлийн мөнгийг хүлээн авсан тухай үйл баримтад маргахгүй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь энэхүү зээлийн үүргээс 2 000 000 төгрөгийн үлдэгдлийг зээлдэгч төлөөгүй гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүргээс зээлдэгч Д.Б... 2 000 000 төгрөгийг төлөөгүй болох нь санхүүгийн анхан шатны баримт болон зээл хүүгийн тооцооллоор нотлогдоогүй байна.

Нөгөө талаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа нь 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дууссан байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай баримтгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх боломжгүй байна.

Зохигчдын хооронд 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх боловч уг гэрээнд дурдсан 81 000 000 төгрөг, 10 000 долларыг Д.Б... хүлээн аваагүй болох нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2985 дугаар шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч байгууллага нь 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр зээлдүүлсэн гэх 81 000 000 төгрөг, 10 000 долларыг ямар эх үүсвэрээс гаргаж зээлдэгчид өгсөн тухайгаа санхүүгийн анхан шатны баримтаар нотлоогүй, улмаар уг зээлийн хүүгийн тооцооллын талаарх баримтыг шүүхэд  өгөөгүй байна.

Хариуцагч Д.Б... нь 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч байгууллагатай барьцааны гэрээ байгуулж, 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг хангах үүрэг хүлээж, өөрийн өмчлөлийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, 1.... тоотод байршилтай, 2 өрөө бүхий, 36,3 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

Харин хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагатай 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан зээлийн нэмэлт гэрээний үүргийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулаагүй байна.

Хариуцагчийн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүрэг нь дуусгавар болсон, харин 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн  зээлийн нэмэлт гэрээний үүргийг хангах зорилгоор барьцааны үүрэг үүсээгүй байх тул Д.Б...ийн өмчлөлийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, 1.... тоотод байршилтай, 2 өрөө бүхий, 36,3 м.кв талбайтай, орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 227 003 040 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, 1.... тоот 2 өрөө орон сууцнаас  хангуулах Т... ББСБ, ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 363 185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан Дашдаваагийн Б...ээс 227 003 040 /хоёр зуун хорин долоон сая гурван мянга дөчин/ төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, 1.... тоот 2 өрөө орон сууцнаас  хангуулах тухай Т... ББСБ, ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 363 185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            З.ДОРЖНАМЖИН