Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00510

 

 

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00510

 

 

Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/00036 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 5032 дугаартай захирамжаар Т-аас 70,347,950 төгрөг гаргуулж Ч-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Т-ийн өмчлөлийн барьцаа хөрөнгөд шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны ** тоот хаягт байрлах 47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нийт 132,399,000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч талаас энэхүү үнэлгээтэй 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр танилцаад барьцаа хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, үнэлгээний компани нь энэхүү объектын ашигтай давуу талууд болон байршил, зах зээлээс олдог ашиг орлогын байдлыг тодруулан, эдийн засгийн үр өгөөжийг тооцоолон гаргахгүйгээр өөр бусад төрлийн ижил биш объекттой харьцуулах байдлаар үнэлгээ гаргасан нь бодит байдлаас зөрүүтэй, харьцуулах боломжгүй объектуудыг харьцуулсан гэж үзэж байна. Иймд барьцаа хөрөнгийг үнэлсэн Дамно ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 5032 дугаар шийдвэрээр Т-аас 70,207,950 төгрөгийг гаргуулж Ч-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Т-т шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэхэд биелүүлээгүй тул төлбөр төлөгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны ** тоотод байрлах 47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 18290882/02 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хураасан. Төлбөр төлөгч нь төлбөрийг төлж барагдуулаагүй тул талуудаас үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах үнийн санал авахад төлбөр төлөгч 210,000,000 төгрөгөөр, төлбөр авагч Ч-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жамъяндорж 56,400,000 төгрөгөөр тус тус үнэлсэн.

Иймд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 9/247 тоот шинжээч томилох тогтоолоор Дамно ХХК-ийг томилоход 132,399,000 төгрөгөөр үнэлснийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 4-178/18010 дугаар албан бичгээр төлбөр төлөгч, авагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт гардуулсан. Хураагдсан хөрөнгийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 92,679,300 төгрөгөөр дуудан анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4-178/19501 дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байх тул үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны М-5 тоотод байрлах эрхийн улсын Ү-2206031110 дугаарт бүртгэлтэй 47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлсэн Дамно ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Т-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан давхацсан талаарх хүндэтгэн үзэх шалтгаанаа илэрхийлсээр байтал эзгүйд шүүх хуралдааныг хийж, мэтгэлцэх эрхийг хангаагүй. Тодруулбал, шинжээчээс асуулт асууж, тодруулах боломж олгоогүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч оролцоогүй, гомдолд бичгээр тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Т- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 5032 дугаар шийдвэрээр Т-аас 70,507,950 төгрөгийг гаргуулан Ч-д олгож, шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөрийг барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны М-5 тоот хаягтай 47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

4.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны М-5 тоотод байрлах эрхийн улсын Ү-2206031110 дугаарт бүртгэлтэй 47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр битүүмжилж, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хураасан /хх 24, 26/.

 

4.2. Талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 9/247 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Дамно ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийг шинжээчээр томилж, шинжээч нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны М-5 тоотод байрлах эрхийн улсын Ү-2206031110 дугаарт бүртгэлтэй 47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 132,399,000 төгрөгөөр үнэлсэн /хх 30-56/.

 

 5. Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцүүлж гүйцэтгэсэн, уг ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гаргаагүй.

Хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар зохигч тохиролцоогүй тул хариуцагч нь үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцсэн гэж анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг өгсөн байна.

 

5.1. Анхан шатны шүүх үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв байх бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцыг зах зээлийн ханшаас багаар үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

Мөн Дамно ХХК-ийн үнэлгээчин нь Т-ийн өмчлөлийн 47 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 132,399,000 төгрөгөөр үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 он/-ийн 8, 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

 

6. Үнэлгээний талаарх мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гардуулан өгсөн, харин Т- нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд энэ талаар нэхэмжлэл гаргасан байна /хх 56/.

 

6.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь үнэлгээний талаарх гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 30 минутад товлож хойшлуулсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 50 минутад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр тус өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг мэдэгдэх хуудсын хамт ирүүлснийг анхан шатны шүүхээс цаг хугацааны хувьд шүүх хуралдаан давхацсан гэж үзэхгүй гэж дүгнэж, түүний гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт нийцжээ.

Иймд шүүх хуралдаан давхацсан талаарх хүндэтгэн үзэх шалтгаанаа илэрхийлсээр байтал эзгүйд шүүх хуралдааныг хийж, мэтгэлцэх эрхийг хангаагүй, шинжээчээс асуулт асууж, тодруулах боломж олгоогүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/00036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Т.БАДРАХ