Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00524

 

 

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00524

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/03705 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х ХХК, О-нарт холбогдох,

100,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Эрдэнэ, хариуцагч О-/цахимаар/, хариуцагч Х ХХК-ийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б ХХК-ийн захирал Ж- 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй үйлчилгээний 40 айлын орон сууцны барилгад 1,800,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг Х ХХК-ийн захирал Б-ээс авахаар тохиролцсон. Тус хөрөнгө оруулалтын ажил 2018 оны 03 дугаар сард эхлээгүй байсан бөгөөд Х ХХК-ийн захирал Б- ...манай компанийн хөрөнгө оруулалт удахгүй шилжинэ, 100 сая төгрөг өгөөч... гэхээр нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 100 айл, Цагдаагийн гудамж, 72 дугаар байр 10-н давхрын Ү-6 тоот хаягт байрлах, 33.6 м.кв конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, Х ХХК-ийн захирал Б-ээс асуухад менежер О-гийн данс руу хийчих гэсний дагуу түүний 5753628931 тоот данс руу 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн.

Дээрх хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй тул 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэрээг өөрчлөн байгуулсан. Үүрэг гүйцэтгэх гэрээний дагуу Б ХХК-иас нийт 360,000,000 төгрөг шилжсэн. Гэрээнд заасан хугацаанд Х ХХК нь үүргээ биелүүлээгүй учраас талууд 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тооцоо нийлсэн ба нийт 130,000,000 төгрөгийн үлдэгдлийг Б ХХК-д төлөхөөр тохиролцож баримт үйлдсэн.

О-г 100,000,000 төгрөгийг шилжүүлэн аваад Х ХХК руу шилжүүлсэн, эсхүл тодорхой хэсгийг өөрөө хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй тул хамтран хариуцагчаар татаж байна. Иймд хариуцагч нараас 130,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч Х ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Х ХХК нь Б ХХК-тай гэрээ байгуулаагүй. Х ХХК-ийн захирал Б-ийн эхнэр О-нь тухайн үед компанид менежерээр ажиллаж байхдаа Б-ийн өмнөөс гарын үсэг зурж, тамга, тэмдэг ашигласан. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот гэрээнд Х ХХК-ийн тамга дарагдсан боловч захирлын гарын үсэг өөр байгаагаас гадна гэрээний ар тал Ж-, О-, Г- гэсэн хүмүүсийн бичиг баримтын хуулбар байх ба Х ХХК-ийн гэрчилгээ, баримт байхгүй тул Х ХХК-ийг оролцсон гэдгийг нотлохгүй. Мөн Х ХХК-аас О-д итгэмжлэл өгөөгүй, зөвхөн Х ХХК-ийн захирлын зүгээс манай менежер О-той ярьчих гэж хэлсэн байдаг. Мөн энэхүү гэрээтэй холбоотой зээлсэн, өгсөн гэх мөнгөнүүд бүгд О-гийн данс руу орсон бөгөөд Б- болон Х ХХК-ийн дансанд ороогүй.

2017 оны 01 тоот гэрээг хүчингүй болгоогүй атлаа дахиад 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01 тоот гэрээ байгуулсан. Хоёр дахь гэрээгээр эхний гэрээг шинэчилсэн гэж нэхэмжлэлийн шаардлагад бичсэн байх ба Х ХХК-ийн захирлын гарын үсэг өөрчлөгдсөнөөс гадна ямар нэгэн бичиг баримт байдаггүй. Мөн гэрээг нотариатаар ч батлуулаагүй. Иймд эхний болон хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ нь хүчин төгөлдөр бус.

Эхний нэхэмжлэл дээр зээлийн гэрээний үүрэгт 130,000,000 төгрөг нэхэмжилдэг, 100,000,000 төгрөгийг Ж- О-гийн дансанд шилжүүлсэн. Тэр 100,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын баталгаа гэж шилжүүлсэн атлаа 130,000,000 төгрөг нэхэмжилж буй нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хөрөнгө оруулалтын баталгаа гэж өөрчилсөн. Тооцоо нийлсэн гэх баримтыг хэн бичсэн нь тодорхой бус, хэн хэн нийлээд энэ бичмэлийг үйлдсэн нь тодорхойгүй, гарын үсэг болон санхүүгийн тэмдэг байхгүй. Уг баримтад 316,000,000 төгрөгийн асуудал байдаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

3. Хариуцагч О-гийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн гэрээнүүд болон гар бичмэл нь Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хорооны барилгад хөрөнгө оруулалт хийсэн гэх энэ баримт Х ХХК-тай хамааралгүй.

Тухайн үед би Х ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба Ж- намайг ажлын байрандаа дуудан очиж уулзахад Би чамд 190,000,000 төгрөг өгсөн байна, одоо 130,000,000 төгрөг авна гэж хэлээд гар бичмэлд гарын үсэг зуруулсан. Ж- бид хоёр хөрөнгө оруулалтын гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг банкнаас зээл авах зорилгоор, мөн тендерт оролцох зорилгоор бэлдсэн. Би тэр үед цагдаа болон тагнуулын байгууллагаас шалгагдаад цаг үе хэцүү байсан үед Ж- бид хоёр нийлж гар бичмэл хийсэн. Энэ гар бичмэлийг харвал энэ мөнгөнөөс хэдийг нь төлсөн, хэдийг нь тэгсэн, ингэсэн гэсэн утга бүхий бичиг байгаа. Ж- бид хоёрын хувьд энэ 130,000,000 төгрөг битгий хэл зөндөө төлбөр тооцооны асуудал гарч ирнэ. Би 130,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар Х ХХК нарт холбогдох 130,000,000 төгрөг гаргуулах тухай Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 807,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх 130,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 100,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй, үнэн зөв үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Шүүхээс ...байгуулагдаагүй байсан 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээний үүргийн гүйцэтгэлд 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөнгө шилжүүлсэн гэх тайлбар нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаагүй байхад хөрөнгө оруулалт гэж мөнгө шилжүүлсэн гэж шаардсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуульд гэрээ байгуулахаас өмнө үүрэг гүйцэтгэлийн баталгаа шилжүүлэн авахыг хориглосон зүйл байхгүйгээс гадна талууд урьдчилан тохиролцож үүрэг гүйцэтгэлийн баталгаа шилжүүлсэн.

Б ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй үйлчилгээний 40 айлын орон сууцны барилгад 1,800,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг Х ХХК-иас авахаар тохиролцон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Тус гэрээний хөрөнгө оруулалт нь 2018 оны 03 дугаар сар хүртэл олгогдоогүй бөгөөд Х ХХК-ийн захирал Б- нэхэмжлэгч компанид хандан хөрөнгө оруулалт удахгүй шийдэгдэнэ, хөрөнгө оруулалтын гэрээгээ шинэчлэн байгуулъя, ...танайх үүрэг гүйцэтгэлийн баталгаа болгон 100,000,000 төгрөгийг манай компанийн дансанд байршуулчих гэх санал гаргахад нь Б ХХК зөвшөөрч Х ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 18/996 дугаартай гэрээний төлбөр гэх агуулгатай төлбөрийн нэхэмжлэх ирүүлсний дагуу нэхэмжлэхэд бичигдсэн менежер О-гийн Хаан банк ХХК-ийн 5753628931 тоот данс руу 100,000,000 төгрөгийг Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж- өөрийн данснаас шилжүүлсэн.

Мөн хэрэгт авагдсан Х ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б ХХК-д ирүүлсэн Хөрөнгө оруулалтын гэрээний үүрэг гүйцэтгэлийн баталгаанд 200,000,000 төгрөгийг компанийн орлогод хүлээн авсан гэх агуулга бүхий албан бичгээр талууд гэрээгээр тохиролцоогүй хэдий ч гэрээний үүрэг гүйцэтгэлийн баталгаанд мөнгө шилжүүлэн авсан болох нь тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхээс гэрээ байгуулахаас өмнө мөнгө шилжүүлсэн үйл баримтад дүгнэлт өгч нэхэмжлэгчийн компанийн эрх зүйн байдлыг дордуулж үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Х ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Учир нь Х ХХК нь тухайн Б ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Б ХХК-ийн захирал Б-ийн эхнэр О-тухайн үед Б ХХК-д менежерээр ажиллаж байхдаа гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан гэж ярьдаг. Гэвч Х ХХК-ийн зүгээс О-д ямар нэгэн итгэмжлэл болон компанийг төлөөлөх эрхийг олгоогүй. Нэхэмжлэлтэй холбоотой зээлсэн, хөрөнгө оруулсан, О-, Х ХХК-д өгсөн гэх мөнгө бүгд О-гийн дансанд орсон болохоос Х ХХК-ийн дансанд ганц ч төгрөг ороогүй.

Нэхэмжлэгч тал шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа зээлийн төлбөрийн үлдэгдэл гэж гаргасан боловч сүүлд хөрөнгө оруулалтын гэрээний эргүүлэн төлөх дүн гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байдаг. Энэ үндэслэлээр зээлийн гэрээ гэж байхгүй, хөрөнгө оруулалтын гэрээний үлдэгдэл төлбөр гэж үзэх үндэслэл аль аль нь нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үздэг. Хөрөнгө оруулалтын гэрээний ард О-, Ж-, Г- нарын иргэний үнэмлэх хавсаргагдсан байдаг болохоос Х ХХК-ийн ямар нэгэн итгэмжлэл, тамга тэмдэг, албан бичиг, Х ХХК-ийн бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ гэх мэт албан ёсны баримт бичгүүд огт хавсаргагдаагүй. Мөн уг гэрээ нь нотариатаар баталгаажаагүй байдаг. Б ХХК нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагадаа тооцоо нийлсэн гар бичмэлийг баримталдаг. Энэ гар бичмэл нь эх хувиараа биш ба канондсон хувь дээр нь нэмэлт бичилт хийсэн байдаг. Хэний хооронд хэрхэн, яаж тооцоо нийлсэн акт үйлдсэн нь тодорхойгүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй. Аль гэрээг үндэслэж, ямар шаардлагаар нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байгаа учраас тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй учраас хэвээр үлдээж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч О-гийн гаргасан тайлбарын агуулга: Гомдолд хэлэх тайлбаргүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Х ХХК, О-нарт холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 130,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч О-зөвшөөрч, хариуцагч Х ХХК эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 100,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн тул энэ хэмжээнд нэхэмжлэлийг шийдвэрлэв.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, талуудын хооронд үүссэн үүргийн харилцаанд үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгөөгүйг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар залруулан дүгнэх боломжтой гэж үзэв.

 

4. Б ХХК болон Х ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ХОГ-1 тоот хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр Х ХХК нь Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй үйлчилгээтэй 40 айлын орон сууцны барилгад 1,800,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулах, Б ХХК нь нэг жилийн хугацаанд хөрөнгө оруулалтыг үр шимийн хамт буцаан төлөх нөхцөлийг тохиролцсон байна /хх 5-7/.

 

4.1. Б ХХК болон Х ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ХОГ-1 тоот хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Х ХХК нь өмнөх гэрээнд заасан 40 айлын орон сууцад хөрөнгө оруулахаа больж, БСШУЯ-аас зарласан Ерөнхий боловсролын сургууль, сургуулиас өмнөх боловсролын цэцэрлэгийн өргөтгөл, барилга байгууламжид Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын сонгон шалгаруулалтад тэнцсэн гүйцэтгэлийн ажлуудад 1,800,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулах, Б ХХК нь нэг жилийн хугацаанд хөрөнгө оруулалтыг үр шимийн хамт буцаан төлөх нөхцөлийг тохиролцжээ /хх 9-13, 21/.

Хариуцагч Х ХХК нь Б ХХК-тай 2 удаагийн гэрээ байгуулаагүй, О-нь захирал С.Батсүхийн өмнөөс гарын үсэг зурсан гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн байр суурийг баримтаар нотлоогүй.

 

4.2. Дээрх үйл баримтаас үзэхэд Б ХХК болон Х ХХК нь ашиг олох, барилгын ажилд хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтын үндсэн дээр барилга барих зорилгыг хэрэгжүүлэхийн тулд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээг 2 удаа байгуулсан нь хүчин төгөлдөр байна.

 

5. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ХОГ-1 тоот хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийн явцад Х ХХК-иас 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 18/996 тоот нэхэмжлэхийг Б ХХК-д ирүүлжээ /хх 37/.

Уг нэхэмжлэхийн дагуу Б ХХК нь Х ХХК руу 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 100,000,000 төгрөг шилжүүлсэн нь банкны дансны хуулгаар нотлогдож байна /хх 15/. Энэхүү 100,000,000 төгрөгийг хүлээн авсан банкны данс нь хариуцагч О-гийн данс гэдэгтэй зохигч маргаагүй.

 

5.1. Х ХХК нь Б ХХК-ийн шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг О-хүлээн авсан тул хариуцахгүй гэж маргасан.

2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний 3, 5, 6 дугаар зүйлд зааснаар Б ХХК нь хөрөнгө оруулагч Х ХХК-д хөрөнгө оруулалтын үр шим, өгөөж олгох, уг үүргийн баталгаа гаргах үүргийг хүлээжээ. Гэрээний энэхүү зохицуулалтын дагуу Х ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэхэд заасан банкны данс руу 100,000,000 төгрөг шилжүүлсэн тул дээрх мөнгөн хөрөнгийг данс эзэмшигч О-биш Х ХХК хүлээн авсан гэж үзнэ.

Учир нь Б ХХК нь О-той аливаа хэлбэрээр гэрээ байгуулсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй ба Х ХХК-ийн нэхэмжлэхэд мөнгө хүлээн авах дансаар О-гийн дансыг заасан тул уг дансаар 100,000,000 төгрөгийг Б ХХК шилжүүлснийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч Х ХХК-ийн өмнө үүрэг гүйцэтгэсэнд тооцно.

 

5.2. Б ХХК болон Х ХХК нь анх 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 100,000,000 төгрөг шилжсэн байгааг анхан шатны шүүх анхааралгүйгээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаагүй байхад мөнгө шилжүүлсэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

 

5.3. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээ хэрэгжээгүй тул Б ХХК болон Х ХХК нь шинээр 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар өмнөх хөрөнгө оруулалтын гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

Иймд гэрээний талууд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээнээс татгалзсан тул уг гэрээний хэрэгжилтийн явцад шилжүүлсэн 100,000,000 төгрөгөө Б ХХК нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Х ХХК-аас шаардах эрхтэй.

 

6. Иймд хариуцагч Х ХХК-аас 100,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, хариуцагч О-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/03705 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-аас 100,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч О-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 807,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-аас 657,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Т.БАДРАХ