Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 471

 

А.О, Н.М, С.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч П.Сарантуяа, шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Л.Данзанноров, Т.Энхбаяр, шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Д.Батбаяр, Т.Мөнхдэлгэр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 552 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 823 дугаар магадлалтай, А.О, Н.М, С.Б нарт холбогдох 1705013090273 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч П.Сарантуяа, шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг, Л.Данзанноров, Т.Энхбаяр, шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Д.Батбаяр, Т.Мөнхдэлгэр нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Вип” харуул хамгаалалтын албаны захирал ажилтай, урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 605 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, Х овогт С.Б,

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 451 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг, 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар хөрөнгө хураахгүйгээр 6 жил 4 сар хорих ял,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 312А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 5 сар хорих ял,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Бовогт Н.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн  20.16 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд,

Монгол Улсын иргэн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд Нийслэлийн шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 4 жил 6 сар хорих ял,

Нийслэлийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 119 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Б”-д заасны дагуу 20 жил хорих ял тус тус шийтгүүлсэн, О овогт А.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Б, Н.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан “Бүлэглэн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1-т заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, эд хөрөнгө гэмтээж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч С.Б, Н.М, А.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т заасан “хохирогч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

С.Б, Н.М нарт тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял,

А.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1-т зааснаар С.Б, Н.М нарт оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний хорих ялыг 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоногийн хугацаагаар тогтоож, тэдгээр оногдуулсан хорих ялыг тус тус нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 3 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Б-ын цагдан хоригдсон 30 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, С.Б, Н.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар А.О-д оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын шүүгдэгч С.Б, Н.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулсантай холбоотой хэсгүүдийг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолоос шүүгдэгч С.Б, Н.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч С.Б, Н.М, А.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсантай холбоотой хэсгүүдийг хүчингүй болгон хэргийг тусгаарлаж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...С.Б-ын цагдан хоригдсон 30 хоног...” гэснийг “...С.Б-ын цагдан хоригдсон 85 хоног...” гэж өөрчилж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч П.Сарантуяа нар хамтран гаргасан гомдолдоо “...давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.О-ийг иргэн Г.Г, Ц.Г, Б.Э нарын хамт 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр С.Б, Н.М, С.Мнартай хувийн таарамжгүй харьцааны улмаас зодолдож С.Б-ын биед "хөнгөн гэмтэл учруулсан" гэх хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосныг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд зааснаар зүйлчлэн дахин шалгуулахаар мөрдөн байцаалтанд буцаахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон үндэслэлүүдийг өмгөөлөгчийн зүгээс бүх талаас нь гарган өгч тайлбарласаар байтал А.О-д холбогдох хэргийг дахин шалгуулахаар буцааж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн шүүгдэгч А.О-ийн иргэн С.Б-ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх хэрэг нь “Ривэр Бич” гэх амралтын газарт огт болоогүй байхад амралтын газарт болсон мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй. А.О нь худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдээгүй, бодит байдлыг гуйвуулах эсхүл болоогүй зүйлийг болсон мэтээр мэдүүлэхгүй болох нь мөрдөн байцаалтын явцад хангалттай тогтоогдсон тул А.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.О-ийн өмгөөлөгч П.Сарантуяа хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх А.О-ийг худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр торгох ял оногдуулсан бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй. Мөрдөн шалгах, шүүн таслан ажиллагаа маш удааширсан бид залхсан. Анхан шатны шүүх А.О-ийн хохирогчоор өгсөн хоёр мэдүүлгийг худал гэж үзсэн. Худал мэдүүлсэн гэж үзэж байгаа бол хэн нэгэнд хохирол учруулсан байхыг шаардана. Гэтэл хэн нэгэнд ямар ч хохирол учруулаагүй. 2017 онд өгсөн мэдүүлгийг одоо шалгах үндэслэл, ач холбогдол байхгүй. Танхайрах гэмт хэргийн гол шинж нь нийтийн хэв журмыг алдагдуулсан байхыг шаардана. Гэтэл давж заалдах шатны шүүхийн шүүгч өөрийн төсөөллөөр ургуулан бодож хэргийг шийдвэрлэсэн. Танхайрах гэмт хэргийн шинжгүй байхад давж заалдах шатны шүүхээс дахин шалгуулахаар буцаасан нь үндэслэлгүй юм. А.О нь худал мэдүүлэг өгөх идэвхтэй үйлдэл гаргаагүй. Иймд А.О-д холбогдох үйлдэл болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч П.Одонтунгалаг гаргасан гомдолдоо “...Н.М-д 2 жил хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийг Н.М үйлдсэн болох нь бүрэн гүйцэт нотлогдон тогтоогдоогүй байхад магадлалд гэм буруутай болох нь нотлогдож байна гэсэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хүулийн 16.2 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Камерын бичлэг гэрэл зургийн үзүүлэлтэд авагдаагүй байтал хаалгаар орох гэж дайрч давшлан хүмүүсийг цохиж, дугтарч унагах байдлаар маргаан зодоонд идэвхтэй оролцож байгаа нь бичигдэн үйлдсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Камерын бичлэгийг үзээд ялгах боломжгүй байхад цагаан пүүз, тийм хувцастай хүн гэх зэргээр шүүх шинжээч шиг камерын бичлэгт уншилт хийж, уг баримтаа үндэслэн танхайрах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэсэнд гомдолтой байна. Камерын бичлэгийг нэг бүрчлэн гэрэл зургийн үзүүлэлтээр буулгаж, хэрэгт бэхжүүлснээр уг баримтыг шүүх үнэлэх ёстой. С.Б-ыг тухайн хэрэгт буруутгахын тулд Н.М-ыг бүлэглэн үйлдсэн гэж нотлох баримтаар нотлогдоогүй гэмт хэрэгт буруутгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг таслан зогсоож, гэмт хэргийг илрүүлэн тогтоож шударгаар ял оногдуулахаас гадна гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх зорилгыг хэрэгжүүлдэг. Тухайн үед Н.М жолоо барьж явсан бөгөөд машинаас С.Б түрүүлээд буусан. С.Б-ыг сэлэм мэт зүйл барьсан байх үед Н.М түүнтэй ярилцаж, хориглож байгаа үйлдэл нь камерт бичигдсэн байтал түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь шударга ёс, хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Н.М-д 2 жил  хорих ялыг шийтгэснийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 

Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Д.Батбаяр, Т.Мөнхдэлгэр нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл, 1.7 дугаар зүйлийн 3, 1.12 дугаар зүйлийн 1, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Д.З-ийн тоглоомын газарт маргаан дэгдээж, сандал эвдэлсэн хоёр үгийн талаар Д.З тухайн үед С.Б руу утасдаж хэлсэн, тэдгээр залуучуудыг түүнтэй яриулсан ба шүүгдэгчийг ирэхэд тухайн хоёр залуу явчихсан байхаар нь тоглоомын газарт танхайрч, сандал ширээ хэмхэлсэн учир шалтгааныг нь олохоор, учирсан хохирол төлбөрөө олж авахаар Кастл баар руу очсон болохоос ямар ч шалтгаангүйгээр Кастл баарыг “эвдэн түйвээх” зорилго агуулж очоогүй учир Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан танхайрсан гэмт хэргийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж дүгнэх боломжгүй. Аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан талаар тухайн цаг хугацаанд үйлчлүүлж байсан, амгалан тайван байдал нь алдагдаж, айж ичсэн гэх нэг ч хүнээс байцаалт аваагүй байсан. Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаан зохих ажиллагаа хийлгэсэн ч шинээр баримт хэрэгт авагдаагүй юм. Аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, үүнээс болж олох байсан орлого болон эд хөрөнгийн хохирол учруулсан гэх талаар ямар нэгэн өргөдөл гомдол, баримтгүй. Харин ч хохирол учраагүй гэж захирал Ж.Л албан тоотоор мэдэгдэж, зохион байгуулагч Т.Э-н хамтаар санал, гомдолгүй, цагдаагаар шалгуулах шаардлагагүй хэмээн гэрчийн мэдүүлэг өгсөн. Мөн дуудлагаар очсон цагдаагийн ахмад Д.Баярбат нь дотор баарны үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан гэж мэдүүлсээр байхад С.Б нь бусдад хүч хэрэглэн бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчин аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, улмаар гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай байна. Байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан нь баримтаар нотлогдохгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ гэж заасан байхад давж заалдах шатны шүүх хуулийн үндэслэлгүй шийдвэр гаргасан. С.Бод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн гэмт хэргийн тухайд хэрэг бүртгэлтийн хэргийг нээхдээ нууц эх сурвалжаас олсон гэж тэмдэглэсэн. Хүнийг мөрдөж мөшгиж байгаа бол прокуророос зөвшөөрөл авах ёстой. Прокурорын хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцуулах тогтоол байхгүй. Энэ асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1,4,9 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Хууль зөрчиж хийсэн байх тул нотлох баримтыг нотлох баримтаас хасуулах, нотлох баримтад тооцохгүй байх талаар хүсэлт гаргаж байсан. Мөн шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 8 дахь заалтыг зөрчсөн. Хугацаа алдсан. Хэрэгт прокурорын зөвшөөрөлгүй ажиллагаа явагдсан, мөн мөрдөгчийн нууц ажиллагааны магадлагаа байхгүй байхад анхан шатны шүүх гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байсаар байтал хэргийг прокурорт буцааж, “прокуророос аваагүй зөвшөөрлөө нөхөн хийгээд дахин шүүхээр оруул” гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож С.Б-ыг цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Г.Оюунцэцэг хэлсэн саналдаа “Камерын бичлэгт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Танхайрах гэмт хэргийн хувьд бүлэглэсэн шинж байхгүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх боломжгүй юм. С.Б-ыг худал мэдүүлсэн үндэслэлээр торгох ял оногдуулсан боловч ямар ч дүгнэлт хийхгүйгээр хорих ялд дүйцүүлсэнд гомдолтой байдаг. С.Б-ыг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлгээр нь буруутгаж байгаа мөртлөө тус мэдүүлгийг үндэслэж хэдэн хэдэн холбогдогчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Мөн нэгжлэг хийх зөвшөөрөл өгөөгүй байхад хууль бус ажиллагаа хийсэн. Тийм учраас С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх боломжгүй. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордох нөхцөл байдал үүсгэхээр байна” гэв.

 

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч Д.Батбаяр хэлсэн саналдаа “Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна. Сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэх үйлдлийг шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5.1, мөн хуулийн 26.8 дугаар зүйл, 22.3 дугаар зүйл, 16.1 дүгээр зүйлийн 1, 4, 9 дэх хэсэгт заасныг тус тус ноцтой зөрчсөн. Прокурорын зөвшөөрөлгүйгээр үзлэг хийж, баримтыг нөхөж хийсэн нөхцөл байдал байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх баримтыг нөхөх гүйцэтгэх боломжийг олгож буй мэт шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Хойшлуулшгүй ажиллагаа хууль бус явагдсан, прокуророос хүчинтэйд тооцсон тогтоол байхгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр хэлсэн саналдаа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь бүлэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүсэж үйлдсэн байхыг шаардана. Тухайн бааранд үйлчлүүлж байсан иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах зорилготой очсон бол дээрх зүйл хэсгээр ял шийтгэх боломжтой. Гэтэл хэргийн материалтай танилцахад С.Б өөрийн хамгаалдаг байсан компанийн үйл ажиллагааг тасалдуулж, элдвээр аашилсан хүмүүсийг олохоор тухайн бааранд очиж асуудалд холбогдсон. Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахаар очсон, эсвэл хүн хайж очсон эсэхийг эргэлзээгүй тогтоогоогүй. С.Б нь хүмүүсийн үйлчлүүлж буй хэсэгт нэвтэрч ороогүй. Олон нийтийн амгалан тайван байдал хэрхэн алдагдсан талаар гэрчийн мэдүүлэг авагдаагүй. Харин эргүүлийн цагдаа тухайн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан талаар мэдүүлсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Л.Данзанноров, Т.Энхбаяр нар нь “...анхан шатны шүүх Н.М-ыг С.Б-той бүлэглэн метамфетамины агууламж бүхий мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж ямар ч хууль ёсны баримт нотолгоогүйгээр буруутгаж ялласан. Н.М нь хар тамхи хадгалсан үйлдэл хийгээгүй, энэ нь нотлогдоогүй л бол Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан хэрэгт буруутгах үндэслэлгүй. Хэрэглэсэн гэх үйлдэл нотлогдвол үүнийг Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл хэсгээр хариуцлага тооцох учиртай. Н.М нь С.Б-ын эзэмшлийн дээрх байранд түр амьдарч байсан. Цагдаагийн байгууллагаас прокурорын зөвшөөрөлгүйгээр нэгжлэг хийсэн гэх 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр амьдрахаа больсон байсан. Нэгжлэгийн үед хураан авсан эд зүйлсийн дотор ямар ч мансууруулах болон сэтгэцэд нөлөөт ямар ч бодис байгаагүй. Энэ нь шинжээчийн 10769 дугаартай дүгнэлтээс тодорхой харагдах ба хадгалсан гэх ямар ч хориотой бодис илрээгүй. Хураагдсан бонго, соруул, гялгар уут, гуурс, тарианы шилний хагархай, хуванцар сав гэх мэт зүйлс нь С.Б, Н.М нарын хэнийх нь ч хэрэглээгүй эд зүйлс. Харин тэдний танил н.М гэгч хэд хоногийн өмнө хэрэглэж байсан гэдгийг тэд тодорхой гэрчилсэн. н.М гэгчийн үйлдэлд хамаатуулж Н.М-д ял шийтгэх нь Эрүүгийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй" гэсэн зарчмыг ноцтой зөрчиж байна... Анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.М-ыг С.Б-той бүлэглэн Кастл үйлчилгээний төвийн өмнө нийтийн хэв журмыг бүлэглэн, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн эд хөрөнгө гэмтээж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэх үндэслэлээр ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн диспозицид тусгагдсан гол шинж нь булэглэн гүйцэтгэх юм. Хэрэгт С.Б-ын үйлдэлд Н.М бүлэглэн оролцсоныг нотлох баримт байхгүй. Хэрэгт-эд мөрийн баримтаар авагдсан CD нь Н.М-ын цагаатгах талын гол баримт гэж бид үздэг. Тухайн өдөр яг юу болсон нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаас харагддаг. Уг баримтуудыг анхааралтай үзвэл Н.М тухайн маргаан, асуудалд оролцоогүй, С.Б-той бүлэглээгүйг тодорхой харж болно. Харин ч тухайн маргаанаас С.Б-ыг холдуулан авч явсан байдал бичлэгээс харагдана. Маргаанд оролцсон гэх баримт хэрэгт байхгүй тул санаа зорилго нэгтгэсэн зүйл байхгүй. С.Б түүнд хаашаа очиж, хэнтэй уулзахаа хэлээгүй. Н.М машин жолоодож явсан. Тухайн газар ирэх хүртлээ хаана очиж яваагаа мэдээгүй явсан ба энэ талаараа тодорхой мэдүүлдэг. Н.М-ыг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан хэрэгт бүлэглэн оролцсон гэж үндэслэлгүй дүгнэснээс гадна түүний үйлдлийг тус зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна. Гэтэл Н.М тухайн үйлдэлд хамтран оролцоогүй ба ямар ч зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл хэрэглээгүй нь камерын бичлэгт харагддаг. Түүний хэрэглэсэн гэх зэвсэг, эд зүйл эд мөрийн баримтаар хураагдаагүй. Гэтэл Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд зааснаар хууль зөрчин шийтгэхдээ хэргийн бодит байдалд огт нийцэхгүй, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр шийтгэсэнд асар их гомдолтой байна. Түүнийг огт оролцоогүй асуудалд шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.2-т заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй” гэсэн хууль хэрэглээний алдааг илэрхийлнэ. Н.М мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Гэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг үнэн гэдгээ удаа дараа илэрхийлж, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан дээр өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэйгээ адил агуулгатайгаар мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг бөгөөд үйлдлийн шинж нь “зориуд” худал мэдүүлэг өгөх үйлдэл байгаа. Гэтэл түүнийг зориуд худал мэдүүлсэн гэдгийг нотлоогүй, шалгаагүй, зөвхөн хоёр мэдүүлгийн зөрүүгээр буруутгаж байгаа нь буруу юм. А.О, Г.Г, Ц.Г, Б.Э нарт холбогдох хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Зарим яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг анхаарах ёстой. Нэг агуулгатай мэдүүлгийг прокурор, шүүх үнэн, худал гэж, хоёр туйлтайгаар ялгаатай дүгнэсэн нь тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцэхгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж Н.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хамтран гаргажээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Л.Данзанноров хэлсэн саналдаа “Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй. Шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн үед ямар нэгэн сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Гэтэл сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэж буруутгасан нь үндэслэлгүй юм. Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцид зааснаар бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг хадгалсан гэж үзнэ. Гэтэл нэгжлэгээр болон биеийн аль нэг хэсгээс нь сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарна. Нэгжлэг зөвшөөрөлтэй явагдсан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд заасныг зөрчсөн. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэгжлэг хийх зөвшөөрлийг авч ирсэн боловч хэргийн материалд хавсаргаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Мөн Н.М, С.Б нарыг хэрхэн үйлдлээрээ нэгдэж сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан талаар дүгнэлт хийгээгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөн гүйцэтгэх ажиллагааны шугамаар хэргийг илрүүлсэн гэх агуулгаар шүүх дүгнэлт хийсэн. Гэтэл мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа хэрэгт авагдаагүй, гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан мэдээ, баримт байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт Н.М оролцсон болох нь камерын бичлэгээс огт харагдахгүй. Харин С.Б-ын үйлдлийг таслан зогсоож буй үйлдэл тодорхой харагдана. Н.М ямар нэгэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй болох нь камерын бичлэгээс тодорхой харагдана. 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгтэй утга агуулга ижил бүхий Н.Мын мэдүүлгийг худал мэдүүлэгт тооцож буй нь үндэслэлгүй юм. Мөн С.Б, Н.М нарт оногдуулсан торгох ялыг хорих ялтай дүйцүүлсэн нь хууль хэрэглээний алдаа. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хорих ял байхгүй бөгөөд дүйцүүлж ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймд Н.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Мөн шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Т.Энхбаяр шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.М-ыг С.Б-той бүлэглэж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн. Гэтэл гэрчүүд зөвхөн С.Бын үйлдлийг л мэдүүлсэн. Шүүхийн гаргасан дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн буюу хууль хэрэглээний алдаа гаргасан. Иймд Н.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Б, Н.М нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг хэвээр үлдээж, мөн хуулийн тусгай ангийн 21.2, 20.7 дугаар зүйлд заасныг дахин шалгуулахаар буцаасан нь үндэслэлтэй. С.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 61-97 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 0.5 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалсан хэрэгт яллагдагчаар татагдсан байхад прокуророос ямар нэгэн шийдэл гаргаагүй байна. Мөн “Ривер бич” амралтын орчимд болсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байхад прокуророос хувийн таарамжгүй харьцаа гэж үзсэн нь үндэслэлгүй. Тиймээс хэргийн бодит байдал, зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 105 дугаартай тогтоолоор зарим яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор шийдвэрлэсэн мэт харагдаж буй учир дээрх шийдвэр үндэслэлгүй. С.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих ажиллагааг бүрэн тогтоогоогүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хяналтын шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч П.Сарантуяа, шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг, Л.Данзанноров, Т.Энхбаяр, шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Д.Батбаяр, Т.Мөнхдэлгэр нарын гаргасан гомдлуудыг үндэслэн А.О, Н.М, С.Б нарт холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

 

Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн сэдэлт нь бусдыг үл тоомсорлон басамжлах, элдвээр доромжлох, өөрийн хүчин чадалтай, зориг зүрхтэй, бүхнээс давуу болохоо харуулах, айлган сүрдүүлэх явдал бөгөөд С.Б, Н.М нарыг бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 11-12-ны өдрийг шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Castle” баарны хамгаалалтын ажилтнуудтай маргалдан аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг доголдуулж, эмх замбараагүй байдал үүсгэсэн тэдгээрийн үйлдлийг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхдээ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн тохиолдолд хүндрүүлэн авч үздэг бөгөөд С.Б-ын 58,7 см урттай балиус /сэлэм/-аар зэвсэглэн “Castle” баарны шилэн хаалгыг гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэсэн байна.

                             

Харин шүүхүүд Н.М, С.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тус бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн тохирох хэсгээр зөв зүйлчилж чадаагүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Н.М, С.Б нар нь бүлэглэн “Castle” баарны хамгаалалтын ажилтнуудтай хэрүүл маргаан өрнүүлж эмх замбараагүй нөхцөл байдал бий болгож танхайрсны дараа харуулын ажилтан нараас үзүүлсэн эсэргүүцлийн эсрэг /мөн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн/ С.Б нь тээврийн хэрэгслээс балиус /сэлэм/ гарган авч түүгээрээ бусдыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэн заналхийлж, улмаар баарны шилэн хаалга, эд зүйлийг эвдсэн байх бөгөөд Н.М нь С.Б-ын дээрх зэвсэг хэрэглэсэн дараачийн үйлдэлд биечлэн оролцсон, эхнээс нь хүлээн зөвшөөрч санаа зорилгоороо нэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Н.М нь С.Б-той бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэхдээ анхнаасаа зэвсгийн чанартай эд зүйл буюу сэлэм, балиус ашиглахаар түүнтэй тохироогүй, санаа бодол, үйлдэхээр нэгдэж, энэ гэмт хэргийг туйлд нь хүргэхэд чиглэсэн тодорхой үйлдэл хийгээгүй байгаа нь С.Б-ын үйл ажиллагааг “зөрчиж үйлдэх” шинж чанартай, Н.М-ыг “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэмт хэрэгт бүлэглэсэн гэж үзэхгүй байх үндэслэл болж байна. Иймээс Н.М-ын хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч С.Б, Н.М нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч С.Б, Н.М, А.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн нотлогдсон байдалд хангалтгүй гэсэн дүгнэлт хийж холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байх боловч гэм бурууг нотлох талаар тодорхой ажиллагаа зааж прокурорт буцаасан байгаа нь шүүх хэрэг, маргаанд хөндлөнгийн байр суурь баримтлах зарчимд нийцэхгүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага, мөрдөгчийн зүгээс аливаа гэмт хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн шалгаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн бүхий л нотлох баримтуудыг гүйцэт бүрдүүлж, хэргийг шүүхэд шилжүүлсний эцэст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хэмжээ хязгаарын хүрээнд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутайг хөтөлбөргүй тогтооход эргэлзээ үүссэн тохиолдолд гэмт хэрэгт холбогдсон этгээдийг тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцохоос татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан ойлголт, практикт хэвшсэн хууль хэрэглээ билээ.

 

Энэ хэрэгт эрх бүхий байгууллага, мөрдөгчийн зүгээс шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд хамааралтай, ач холбогдолтой, яллагдагч нарын гэм бурууг бүрэн баталж чадна гэж үзсэн бүхий л нотлох баримтуудыг цуглуулж, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн шалгасны эцэст хэргийг шүүхэд шилжүүлсэн байх боловч тэдгээрийг сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах болон зориуд худал мэдүүлэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцоход хангалттай баримт цуглараагүй, хэргийн нотолгоонд үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдлууд үүссэн тул нэр бүхий гурван шүүгдэгч нарын энэхүү хоёр гэмт хэрэгт холбогдсон үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Мөн хэрэгт гэрчээр асуугдсан, хохирогчоор тогтоогдсон “Castle” баарны хамгаалалтын ажилтан зарим этгээдийг “Ривэр Бич” гэх амралтын газарт танхайрсан эсэх асуудлыг шалгуулахаар давж заалдах шатны шүүхээс магадлалын тодорхойлох хэсэгт заасан нь прокурорын эрх хэмжээнд хамаарах асуудлаар шүүхээс хэргийг хэлэлцэх хүрээ хязгаараас хальж хийсэн дүгнэлт байх тул шүүхийн шийдвэрээс хассан бөгөөд шүүх өөрөө энэ талаар тогтоох хэсэгт заагаагүй тул өөрчлөлт оруулахгүйгээр тогтлоо.   

 

Иймд шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч П.Сарантуяа нарын гаргасан цагаатгуулах агуулга бүхий гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч П.Одонтунгалаг, Л.Данзанноров, Т.Энхбаяр, шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Д.Батбаяр, Т.Мөнхдэлгэр нарын гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг хэрэгсэхгүй болгох гомдлуудыг хүлээн авч гомдлын бусад хэсгүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 552 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 823 дугаар магадлалд:

 

“Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч С.Б, Н.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Мөн шүүгдэгч А.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж,

“Шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                       

                                               ДАРГАЛАГЧ                                        Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                  Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН