Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 255

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж, 

Нэхэмжлэгч: “С” ХХК 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, “С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн NE-026255 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах, “С” ХХК нь Дорнод аймгийн Дашбалбар сумын Гашуун нэртэй 3708.67 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани Дорнод аймгийн Дашбалбар сумын Гашуун нэртэй газарт ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн №026255 дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг хийж, дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д зааснаар талбай байрших аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, 19 дүгээр зүйлийн 19.5 дугаар зүйлүүдийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрээр манай компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна. Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 7/4180 тоот мэдэгдлийн тус захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор дээд шатны захиргааны байгууллагад хандах эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад хандах эрхтэй гэж заасны дагуу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 017/006 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтод гомдол гаргасан боловч 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/4985 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн тул дээрх шийдвэрийг манай компани дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. Бид Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.17, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй тул уг талбайд өргөдөл гаргасан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаар анхан шатны шүүлтийг хийж, дээрх талбай нь ямар нэг байдлаараа ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн Засаг даргаас санал авахаар явуулсан. 

Ашигт малтмалын газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/07 дугаар тушаалаар батлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын дөрөвдүгээр хэсгийн 4.5-д “аймаг, нийслэлийн Засаг даргаас үндэслэлгүй дэмжээгүй сана ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, ... төслийг боловсруулан ...” гэж заасан байдаг. Анхан шатны шүүлтээр ямар нэг байдлаар давхцаагүй гэсэн байхад орон нутаг хууль зүйн үндэслэл бүхий ямар ч татгалзсан хариу өгөх боломж байхгүй. 

Дээрхээс үзвэл, хууль хуульчилсан актын холбогдох заалтууд болон Улсын Дээд шүүхийн тайлбар нь цогцоороо аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан тохиолдолд захиргаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг үүрэг болгосон агуулгатай байхад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь татгалзсан шийдвэр гаргасан нь хууль бус байна. 

2. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор Кадастрын хэлтэс ямар нэгэн шийдвэр гаргах ёстой байсан. Гэтэл кадастрын хэлтэс нь шийдвэрээ 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нь өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус байна. Мөн Кадастрын хэлтсийн 319 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэдийн төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх зүйлийг дурдсан байдаг. Уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасан байдаг. Гэтэл уг шийдвэрийг 1 жил 8 сарын дараа гаргасан байгаа нь хууль бус байна. 

3. Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар хамгийн түрүүнд өргөдөл гаргасан хуулийн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоно гэж заасан байдаг. “С” ХХК-ийн гаргасан өргөдлийг Ашигт малтмал,  газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хянаж үзээд, хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, мөн тухайн талбайтай давхцаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсний улмаас аймгийн Засаг даргаас санал авахаар явуулсан байдаг. Түүнээс хойш өөр хэдэн ч компани тус талбай дээр өргөдөл гаргасан байж болох бөгөөд үүнийг бид мэдэх  боломжгүй. Иймд “С” ХХК нь тухайн талбайд хамгийн түрүүлж хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Монгол Улсын Их хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай” 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай” 511 дүгээр тогтоолыг тус тус батлан гаргасан. 

Дээр дурдсан хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тогтоолыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн шинээр олголтыг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгох ажлыг төрийн захиргааны байгууллага зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна. 

“С” ХХК нь Дорнод аймгийн Дашбалбар сумын Гашуун нэртэй 3708.67 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гарган NE-026255 дугаарт бүртгүүлсэн байна. 

Кадастрын хэлтсээс өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19.3-т заасны дагуу санал авах мэдэгдлийг Дорнод аймгийн Засаг даргад 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 6/7243 тоот албан бичгээр хүргүүлсэн байна. Уг саналд Дорнод аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1/4492 тоот албан бичгээр NE-026255  дугаартай өргөдөлд дурдсан солбицол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг 12 дугаартай дэмжихгүй санал ирүүлсэн байна. 

Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтэст “С” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 15/1203 тоот албан бичгээр Дорнод аймгийн Дашбалбар сумын Гашуун нэртэй 3708.67 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гарган NE-026255 дугаартай өргөдөлд дахин санал явуулж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан байна. 

Уг албан бичгийг үндэслэн дахин санал авах мэдэгдлийг Дорнод аймгийн Засаг даргад 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/10328 тоот албан бичгээр хүргүүлсэн байна. 

Уг саналд Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/183 тоот албан бичгээр NE-026255 дугаартай өргөдөлд дурдсан солбицол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг 135 дугаартай дэмжихгүй санал ирүүлсэн байна. 

Аймаг, нийслэлийн Засаг даргаас дэмжээгүй санал ирүүлсэн тул өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн байна. 

Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” заалтын хүрээнд хийж өдрийн сонины 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 41 дугаарт олон нийтэд мэдээлэн хүргэжээ. Энэхүү сонсох ажиллагаанд танай компани нь бичгээр болон амаар тайлбар гаргаж ирүүлээгүй байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрээр NE-026255 дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 7/4180 тоот албан бичгээр тус компанид мэдэгдэл хүргүүлсэн байна. 

Иймд “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

“С” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, “С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн NE-026255 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах, “С” ХХК нь Дорнод аймгийн Дашбалбар сумын Гашуун нэртэй 3708.67 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

“С” ХХК нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших 3708.67 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтэс 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, өргөдлийн бүртгэлийн NE-026255 дугаарт бүртгэсэн байна. 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга “С” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасны дагуу Дорнод аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 6/7243 дугаар, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/10328 дугаар мэдэгдлийг тус тус хүргүүлжээ. 

Дээрх мэдэгдлүүдийн дагуу Дорнод аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 135 дугаар саналаар тус аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт 3708.67 гектар талбайд тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг буруутгах боломжгүй юм. 

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.”, 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:

27.2.1.хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх;

27.2.2.хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заажээ. 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийг гаргахын өмнө “Өдрийн сонин”-ы 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 041 (5608) дугаарт Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасныг үндэслэн шийдвэр гаргахтай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулахыг аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдэгдсэний дотор нэхэмжлэгч компани багтжээ. 

Ийнхүү мэдэгдсэний дагуу шийдвэр гаргасныг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан санал гаргах боломж олгох, 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан хүргүүлэх зэрэгт нийцсэн гэж үзлээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно.”, Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/07 дугаар тушаалаар  батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын Дөрөв дэх хэсгийн 4.3-д  “Аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлтэй “дэмжихгүй” санал ирүүлсэн тохиолдолд ... хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр, мэдэгдлийн төсөл боловсруулан ... мэдэгдлийг тус газрын бичиг хэргээр дамжуулан өргөдөл гаргагчид мэдэгдэнэ.” 4.5-д “Аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй “дэмжихгүй” санал ирүүлсэн тохиолдолд ... хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр ... боловсруулан ... мэдэгдлийг өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө. ...” гэж зааснаас үзвэл аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн “дэмжихгүй” санал нь хуульд нийцсэн байх учиртай бөгөөд Засаг даргын саналын хууль зүйн үндэслэлтэй эсэхийг төрийн захиргааны байгууллага дүгнэх үндэслэлгүй болох нь доорх байдлаар тогтоогдож байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/ Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;...”, Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газар Монгол Улсын хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.” гэж тус тус заасны дагуу Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж, хангах нь Засгийн газар болон гүйцэтгэх эрх мэдлийн бүх байгууллагад хамаарах үүрэг юм.

Ашигт малтмал, газрын тосны газар нь Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1-д заасны дагуу байгуулагдсан Засгийн газрын агентлаг бөгөөд Үндсэн хууль бусад хуулийг биелүүлэх үүрэгтэй төрийн захиргааны байгууллага тул Засаг даргаас ирүүлсэн “дэмжихгүй” санал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх чиг үүрэггүй юм.

Харин Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Шүүх хүчин төгөлдөр болсон, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ.” гэж тус тус зааснаар шүүх хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг тухайн этгээдээс гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хүчин төгөлдөр болсон, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэх замаар шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг. 

Засаг даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан гаргаж буй санал нь гадагш чиглэсэн, нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, эрх зүйн үр дагавар бий болгосон байдлаараа Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулжээ.

Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хуулиар харьяалуулсан хэргийг хянан шийдвэрлэдэг учир захиргааны байгууллага саналын хууль зүйн үндэслэлийг дүгнэх эрхгүй юм. 

Нэхэмжлэгч “С” ХХК  Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 135 дугаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-уудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 12, 2016 оны 135 дугаар саналуудыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

Шүүхийн дээрх шийдвэрт хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргаагүй учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.1-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

Ийнхүү шүүхийн шийдвэрээр аймгийн Засаг даргын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй санал хүчингүй болсноор Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийн “С” ХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болох үндэслэл бүрджээ. 

Гэвч аливаа шүүхийн шийдвэр биелэх боломжтой байх учиртай бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх талаарх Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалт өөрчлөгдөж, хүчингүй болсон тул маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчингүй болгосон ч хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй байна. 

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд тус хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 11.1.25 дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж, 17, 18, 20 дугаар зүйлүүдийг өөрчлөн найруулан, 19 дүгээр зүйлийг хүчингүй болгожээ.

Ингэснээр геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авч шийдвэрлэхгүй болсон бөгөөд харин ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авч бүртгэн, сонгон шалгаруулалт зохион байгуулж, тусгай зөвшөөрөл олгохоор болсон тул аймгийн Засаг даргын саналыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон ч нэхэмжлэгч компанийн зөрчигдсөн эрх сэргэхгүй юм. 

Мөн хууль буюу хуулийн зарим зүйл заалт хүчингүй болж зохицуулалт өөрчлөгдсөн тул нэгэнт хүчингүй болсон зүйл заалтыг буцаан хэрэглэж хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нь хууль буцаан хэрэглэх зохицуулалтад хамаарахгүйг дурдах нь зүйтэй. 

Иймд нэхэмжлэгч “С” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, “С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн NE-026255 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах “С” ХХК нь Дорнод аймгийн Дашбалбар сумын Гашуун нэртэй 3708.67 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоох” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Харин нэхэмжлэгч “...хууль зүйн үндэслэлгүй “дэмжээгүй” санал...”-ыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүйгээс хохирол учирсан гэж үзвэл хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх эрхтэй болно.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 17, 18 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийн “С” ХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгон, “С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн NE-026255 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах “С” ХХК нь Дорнод аймгийн Дашбалбар сумын Гашуун нэртэй 3708.67 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                         Н.Д