Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2020/0190/З |
Дугаар | 001/ХТ2021/0024 |
Огноо | 2021-01-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2021/0024
С з к э ХХК-ийн
нэхэмжлэлтэй,Эрүүл мэндийн даатгалын
ерөнхий газарт холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
М.Батсуурь
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: 2019 онд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас С з к э ХХК-д эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг бүрэн олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, санхүүжилтийн үлдэгдэл 520,324,000 төгрөгийг С з к э ХХК-д олгохыг хариуцагчид даалгах,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 478 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 613 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Т.Д, Ч.О-Э, С.Г нар,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 478 дугаар шийдвэрээр: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С з к э ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2019 онд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас С з к э ХХК-д эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг бүрэн олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, санхүүжилтийн үлдэгдэл 520 324 000 төгрөгийг С з к э ХХК-д олгохыг хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 613 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 478 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, өмгөөлөгч Ц.М нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... С з к э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 613 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндэслэлтэй шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нотлох баримт дутуу бүрдүүлсэн, зарим асуудлаар дүгнэлт хийгээгүй гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь дараах байдлаар үндэслэлгүй болсон.
5. Нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу шүүхээс шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 19 дүгээр тогтоолыг үндэслэл болгосон байхад нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
6. Шүүхээс /Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 19 дүгээр тогтоолд/... ямар шалтгааны улмаас. хэвтүүлэн эмчлэх, сэргээн засах гэж тусад нь зохицуулсан нь тодорхойгүй... гэжээ. Гэтэл хэргийн оролцогчид 19 дүгээр тогтоолыг хуульд нийцсэн эсэх талаар маргаагүй бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.4-д заасны дагуу төлбөрийн хэмжээг тогтоох эрхийнхээ хүрээнд Үндэсний зөвлөлд нэхэмжлэгч С з к э-ийг тусгайлан нэрлэн зааж, төрийн өмчит эмнэлгүүдийн нэгэн адил санхүүжүүлэхээр тодорхой заасан. Харин Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар тухайн тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй.
7. ...нэхэмжлэгчид олгож байсан санхүүжилтийг бууруулан олгох болсон шалтгаан, үндэслэлийг тодруулж... шийдвэрлэх нь зүйтэй гэжээ. Гэтэл хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тогтоолд заасан сэргээн засах гэдэг заалтад хамаарах тул 110,000 төгрөгөөр санхүүжилтийг олгоно гэж, эмчилгээнд зарцуулдгаас их санхүүжилт аваад байгаа гэдэг үндэслэлийг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанууд дээр тайлбарласан бөгөөд Эрүүгийн цагдаагийн газраас шалгаад прокуророос 110,000 төгрөгөөр санхүүжүүлэх нь үндэслэлгүй болохыг тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол, ЭМЯамны тушаал, НДҮЗөвлөлийн шийдвэрээр энэ нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул үүнийг дахин тодруулах шаардлагагүй. Мөн зардлын тухайд, их бага байгааг хариуцагч өөрсдөө гүйцэтгэлээр нь хянаж хүлээн зөвшөөрсөн боловч ямар ч үндэслэлгүйгээр санхүүжилт хийгээгүй байгаа болно.
8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар зөвхөн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хянах, гэрээгээ дүгнэх нь хариуцагч байгууллагын үүрэг. Өөрөөр хэлбэл, хэдэн даатгуулагч хэвтэн эмчлүүлсэн тоо тохирч байгаа, үйлчилгээний зардлын төлбөр гүйцэтгэх журамдаа нийцсэн, үнэн бодитой эсэхийг хянах эрх, үүрэгтэй. Зардлын хэмжээг өөрчлөх саналтай бол дээрх хуулийн дагуу Үндэсний зөвлөлд санал гаргах байдлаар шийдвэрлүүлэх ба дундаас нь өөрсдөө дур мэдэн санхүүжилтийг багасгах эрх байхгүй.
9. ...даатгуулагчид ямар тусламж үйлчилгээ үзүүлснийг, даатгалын сангаас хэрхэн тооцож эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн зардал нь хэвтүүлэн эмчлүүлэх, сэргээн засах үйлчилгээ авсантай холбоотой зардал эсэх нь тодорхойгүй гэжээ. Хариуцагч тал хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, тайлбараар бүрэн нотлогдсон нөхцөл байдлыг илтэд үгүйсгэсэн дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 19 дүгээр тогтоолд зааснаар Сэргээн засах клиник эмнэлгийг төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагад олгох төлбөрийн хэмжээгээр тооцохоор олгох тухайд маргаж байгаа бөгөөд даатгуулагч ямар эмчилгээ үйлчилгээ авснаас хамаарч зардлыг тооцох нь мөн тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гүйцэтгэх журам-д заагдсаны дагуу тооцогдож, үүнд хяналт тавих нь хариуцагчийн үүрэг байна.
10. Хэргийн оролцогчид С з к э-ийн үйл ажиллагаа 19 дүгээр тогтоолын 1/хэвтүүлэн эмчлүүлэх/ эсвэл 6/сэргээн засах/-д заасанд хамаарах тухайд маргасан. Хариуцагч маргааны явцад хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ гэдгийг шүүх дээр хүлээн зөвшөөрсөн, маргахгүй байгаа. Уг асуудлаар анхан шатны шүүх Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс тодруулсан боловч аль нь ч тодорхой хариу өгөөгүй боловч анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, ЭМЯам зэрэг эрх бүхий байгууллагуудын тогтоол, шийдвэр, прокуророос уг зардлыг шалгаж тогтоосон тогтоол болон талуудын гаргасан тайлбар зэрэг хангалттай нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүхийн ...аль төрөлд хэрхэн хамаарахыг тодруулах гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй, бөгөөд энэ нь бүрэн тогтоогдсон байна.
11. Мөн гэрээнд заагдсан 1,748,969,400 төгрөг нь ерөнхий санхүүжилт бөгөөд үүнээс өөрийн үзүүлсэн үйлчилгээний хэмжээгээр баримтын үндсэн дээр тооцож авдаг бүхэлдээ олгогдох биш гэх тухайд нэхэмжлэгч хариуцагч нар маргаагүй байхад давж заалдах шатны шүүхийн ...яагаад төсвийн хэмжээгээр авах гэж маргахгүй байгаа, шаардах болсон үндэслэл тодорхойгүй гэсэн ч; ойлгомжгүй байна. Түүнчлэн тооцооллын хувьд маргаангүй гэдгээ хариуцагч анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдэгдсэн. Талууд энэ талаар, мөн нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй байхад ийм дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
12. Хариуцагч 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 02/361 дүгээр албан бичгээр зардлыг 110,000 төгрөгөөр санхүүжүүлэхээр мэдэгдэж байсан гэсэн баримтыг цуглуулах гэжээ. 2018 онд энэ тухай мэдэгдэж байсан эсэх нь маргааныг шийдвэрлэх чухал ач холбогдолтой нотлох баримт биш, түүнчлэн хариуцагч байгууллагын өөрийн албан бичиг байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй гэж заасны дагуу тухайн үндэслэлээр шүүхийг нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах ямар ч боломжгүй болохыг анхаарч үзнэ үү.
13. Эцэст нь, манай эмнэлэг хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ үзүүлдэг улсын хэмжээнд байгаа ганц С з к э бөгөөд 19 дүгээр тогтоолын дагуу үйл ажиллагаагаа олон жил явуулж энэхүү санхүүжилтийг бүрэн авч ирсэн. Манайд өгч байгаа санхүүжилттэй холбогдох хяналт шалгалтыг Эрүүл мэндийн даатгалын хяналтын байцаагч нар сар бүр шалгаж, баримт бүрээр нь гүйцэтгэлийг баталгаажуулдаг, маш хатуу хяналттай. Гэтэл 2018 онд дааталын газар манай эмнэлгийг, одоо Захиргааны хэргийн шүүхээр маргаж байгаа энэ үнэлгээтэй холбогдох асуудлаар Цагдаагийн байгууллагаар жил орчмын хугацаанд шалгуулж эцэст нь ямар нэгэн зөрчилгүй, санхүүжилтийг зохих ёсоор авч байсныг тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл нэгэнт ийнхүү тогтоогдсон асуудлыг дахин хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх нотлох баримт дутуу гэх үндэслэлээр буцаасанд гомдолтой байна. Манай эмнэлэг 6000 орчим цус харвалттай өвчтөн, осол гэмтлийн дараах өвчтөн, мэс заслын дараах өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй өвчтөн болон ахмад настан эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн зардлаа одоо хүртэл авч чадаагүйн улмаас, маш их алдагдалд орж банкнаас өндөр хүүтэй зээл авч, татвар, нийгмийн даатгалын өр төлбөрөө одоо хүртэл төлөх ямар ч боломжгүй болж дансаа хаалгуулаад байгаа нь цаашид хэвтэж эмчлүүлэх олон арван өвчтөнүүдийн эрх ашиг зөрчигдөхөд хүрч байгаа нөхцөл байдлыг мөн анхаарч үзнэ үү.
14. Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчид маргааны үндэслэлээ тодорхой тайлбарласан, холбогдох нотлох баримтууд хэрэгт авагдсан эрүүгийн цагдаагийн эдийн засагтай тэмцэх албанаас шалгасан баримтууд байхад тодорхойгүй мэтээр дүгнэсэн, зарим асуудлаар дүгнэсэн атлаа заримыг нь дүгнэх боломжгүй гэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлал хуулийн үндэслэлгүй болжээ.
15. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
16. Давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3, 121.3.4-т заасанд нийцсэн байна.
17. Нэхэмжлэгч С з к э ХХК нь ... Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 19 дүгээр тогтоолын дагуу 2016, 2017 онуудад Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ-ний төрлөөр 300,000 төгрөгөөр санхүүжилт олгож байсан, 2019 оны оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02/03 дугаартай Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ-г мөн адил нөхцөлөөр байгуулсан,... гэтэл хариуцагч байгууллага 2016 оны 19 дүгээр тогтоолын 6-д Сэргээн засах тусламж, үйлчилгээ гэсэнд хамааруулж 110,000 төгрөгөөр санхүүжилт олгож байгаа нь хууль бус,... дээрх байдлаас манай эмнэлгийн санхүүгийн хувьд бэрхшээл үүсч, өвчтөн эмчлүүлэгчдийн эрхийг ч зөрчсөн... гэж, хариуцагчаас ...2019 онд гэрээг өмнөх байдлаар олгох боломжгүй талаар удаа дараа мэдэгдсэн, сэргээн засах тусламж үйлчилгээ явуулдаг эмнэлэг тул 110,000 төгрөгөөр санхүүжүүлэх ёстой... гэж тайлбарлан маргажээ.
18. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад дараах тусламж, үйлчилгээ хамаарна, 9.1.1-д хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ, 9.1.5-д уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ гэж тус тус зааж, 11 дүгээр зүйлийн 11.2-т Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас болон даатгуулагчаас төлөх төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журмыг эрүүл мэндийн даатгалын байгууллага болон нийгмийн даатгалын, санхүү, төсвийн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тус тус үндэслэн үндэсний зөвлөл тогтоох-оор заасан байна.
19. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртгийн жин, журам батлах тухай 19 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтад Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ төрлөөр төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад 300,000 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 175,000 төгрөг, 6-д Сэргээн засах тусламж, үйлчилгээ төрлөөр төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад 110,000 төгрөг байхаар заажээ.
20. Түүнчлэн уг тогтоолын гуравдугаар хавсралтаар батлагдсан Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гүйцэтгэх журам-ын 2 дугаар зүйлийн 2.1-д Эрүүл мэндийн даатгалын сангаас дараах тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг хариуцна. Үүнд: 2.1.1-д Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ, 2.1.6-д Сэргээн засах тусламж, үйлчилгээ, 2.2-т Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ, 2.2.1-д Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.3, 15.1.5, 15.1.7, 15.1.8, 15.1.10-15.1.12-т заасан төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзүүлнэ, 2.2.2-т Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд энэхүү тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан оношийн хамааралтай бүлгийн 1-107 дахь бүлэгт хамаарах оношийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ хамаарна, 2.8.1-д Сэргээн засах тусламж, үйлчилгээ нь рашаан сувиллын сэргээн засах тусламж, үйлчилгээ, эрт үеийн сэргээн засах тусламж үйлчилгээ, өдрөөр үзүүлэх уламжлалтын сэргээн засах тусламж, үйлчилгээ гэсэн хэлбэрүүдтэй байна гэж тус тус заасан байна.
21. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 0004472 дугаар тусгай зөвшөөрлөөр нэхэмжлэгч С з к э ХХК нь Дотор, эмэгтэйчүүд, мэдрэл, шүдний өвчний эмчилгээ, оношилгоо, клиник биохими лаборатори, ЭХО оношилгоо-ний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг харин Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар тусгай зөвшөөрөл авсан эсэх нь тодорхойгүй байна.
22. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Сэргээн засах тусламж, үйлчилгээг дараахь хэлбэрээр үзүүлнэ, 13.1.1-д эмнэлгийн бусад тусламж, үйлчилгээтэй хамт цогц байдлаар, 13.1.2-т дагнасан байдлаар, Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.21-д сэргээн засах гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгахад чиглэсэн сэргээн засах болон эмнэлгийн бусад мэргэжилтний хамтын цогц үйл ажиллагааг ойлгохоор тодорхойлжээ.
23. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/141 дүгээр шийдвэрээр[1] тус байгууллагад эмчилгээний 175 ор хуваарилсан бөгөөд 2019 оны Нөхөн сэргээх эмчилгээ-ний тусламж үйлчилгээний жагсаалтаас[2] даатгуулагч нарыг тус эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн болох нь харагдаж байна.
24. Гэвч, нэхэмжлэгч С з к э ХХК нь хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ-г үзүүлэхдээ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 эсхүл 9.1.5-ын алинд хамаарах үйлчилгээний зардал гаргасан болох нь тодорхойгүй байна. Учир нь Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-т сэргээн засах төв нь хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээр тодорхойлжээ. Гэхдээ Сэргээн засах клиник эмнэлэг ХХК-ээс үзүүлсэн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд шууд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 19 дүгээр тогтоолын 1 дүгээр хүснэгтийн 1-д зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөр олгоно гэсэн үг биш.
25. Түүнчлэн, Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гүйцэтгэх журам-ын Дөрөвт Эрүүл мэндийн байгууллагын даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний нийт зардлын хэмжээг тооцох аргачлал-ыг заасан бөгөөд хэвтүүлэн эмчлэх болон сэргээн засах тусламж үйлчилгээний зардлын хэмжээг уг журмын 4.3-т заасан томъёогоор оношийн хамааралтай бүлэг тус бүрийн зардлын хэмжээг тооцохоор, 4.4.3-т Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний хувьсах зардлын бүрэлдэхүүнд хэвтүүлэн эмчлэх хугацаанд хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгсэл болон хэвтүүлэн эмчлэх үед хийгдсэн суурь оношилгоо, шинжилгээ, бариа засал сэргээн засах эмчилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээ багтана гэж, сэргээн засах тусламж үйлчилгээний зардлыг хэмжээг тооцохдоо 4.10.1-д Сэргээн засах тусламж, үйлчилгээний зардлын хэмжээ нь 113-115 дугаар оношийн хамааралтай бүлгийн зардлын нийлбэрээр тодорхойлогдоно, 4.10.5-д даатгуулагчийн тухайн сард авсан өдрөөр үзүүлэх ... сэргээн засах эмчилгээний зардлыг холбогдох санхүүгийн баримтыг үндэслэн ... гүйцэтгэлээр санхүүжүүлнэ. Даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээнээс хэтэрсэн төлбөрийг даатгуулагч өөрөө хариуцан төлнө гэж тус тус хуульчилсан байна.
26. Дээрх хууль, журмын зохицуулалтаас үзвэл, нэхэмжлэгч С з к э ХХК нь хэвтүүлэн эмчлэх замаар эрүүл мэндийн тусламж үзүүлэх үед гаргасан зардлын хэмжээ нь журамд заасан оношийн бүлгийн алинд хамаарч байгаа, мөн даатгуулагчид ямар тусламж үйлчилгээ үзүүлсэн буюу хэвтүүлэн эмчлүүлэхэд эм, тариа, дусал зэрэг өртөг өндөртэй тусламж үйлчилгээ үзүүлсэн эсэх, өртөг өндөр эм, тариа хийлгүй зөвхөн сэргэн засах тусламж үйлчилгээ үзүүлэн эсэх нь энэ хэрэгт маргааны үйл баримтыг тогтооход шууд ач холбогдолтой. Үүнийг Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 487 дугаар тушаалын 2.6-д зааснаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх өвчтөний түүх, үзүүлсэн үйлчилгээ төрөл, зардал зэрэг холбогдох баримтыг цуглуулах замаар дүгнэлт өгөх шаардлагатай.
27. Харин, анхан шатны шүүх ...хариуцагч байгууллага 2016, 2017 онуудад Хэвтүүлэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээ-ний төрлөөр 300,000 төгрөгөөр санхүүжилт олгож байсан атлаа 2019 онд ижил нөхцөлөөр гэрээ байгуулж, гэрээнд өөрчлөлт оруулаагүй байхад нэхэмжлэгчид Сэргээн засах тусламж, үйлчилгээ-ний төрлөөр 110,000 төгрөг олгосон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн... гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх-ээр, 34 дүгээр зүйлийн 34.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, 34.3-т шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасанд нийцээгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
28. Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, өмгөөлөгч Ц.М нарын хяналтын журмаар гаргасан ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т заасны дагуу нэхэмжлэл гаргасан,... Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 19 дүгээр тогтоолтой маргаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт хангалттай бүрэн цугларсан... гэсэн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 613 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, өмгөөлөгч Ц.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ