Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 209/МА2023/00034

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Я.Туул, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  01 дүгээр сарын 27-ны өдрийн 147 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашид билгүүн ХХК-ийн гаргасан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ҮХХ/820-62, ҮХХ/820-63 дугаартай үнэлгээг дахин хийлгэхийг даалгах,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагт товлосон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт явагдсан хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах,

Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р сургуулийн хойд талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай хувийн сууцны зориулалттай амины орон сууцны талбайн хэмжээг 211 м.кв талбайтай болохыг тогтоолгож уг талбайн хэмжээг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өөрчлөлт оруулахыг даалгах” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа анхны дуудлага худалдааг буюу 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хийгдсэн дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад анхны дуудлага худалдаагаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг, 5 хороолол, 4-р байр, 178 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны ялагч тодорч амины орон сууц Ү-2******* дугаартай болон тус эрхтэй газар худалдан борлогдоогүй тул хоёр дахь дуудлага худалдааг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт зарлаж, уг дуудлага худалдаагаар амины орон сууц болон газрын ялагч нар тодорсон.

Миний бие анхны дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг гардаж авснаас хойш 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагт товлогдсон дуудлага худалдааг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэх тухай шаардлагыг гаргаж, улмаар дуудлага худалдаа болохоос өмнө буюу 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг сарын дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3202 дугаартай захирамжаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж гаргасан. 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 3439 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүний улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж, анхны дуудлага худалдаа явагдаж, мөн хоёр дахь дуудлага худалдаа 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр явагдсан.

Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэлийг гардан авсан, хариу тайлбарыг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн, шүүхийн журмаар маргаантай байгааг хариуцагч тал мэдэж байсан атлаа хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулсан, мөн шүүх 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хуулийн хугацаанд гаргасан бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзэж, улмаар анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явагдахгүй байх боломжтой байсан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.

Миний бие 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Капитал банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр дээрх амины орон сууцаа барьцаалах үед 1 давхар сууц байсан ба 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 190779/05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтын 1-т Ү-2******* дугаартай Дархан сум, 9-р багт байрлах, 90 м.кв талбайтай хувийн сууц 2 давхар гэх тэмдэглэл болон эд хөрөнгө битүүмжлэх үеийн гэрэл зурагт 2 давхар хувийн сууцны зураг зэргээр амины орон сууцанд өөрчлөлт орсон нь нотлогддог. Гэвч хөрөнгийн үнэлгээг улсын бүртгэл дээрх бүртгэлтэй 90 м.кв талбайтай гэснийг үндэслэж үнэлгээ гаргасан. Мөн албадан дуудлага худалдааг 90 м.кв талбайгаар үнэлж, дуудлага худалдаа явуулсны улмаас ийнхүү маргаан үүссэн. Миний бие хэмжилт хийдэг Гео од ХХК-аар өөрийн дээрх амины орон сууцаа хэмжүүлэхэд 211 м.кв талбайтай гэх план зураг гаргасан. Улмаар миний бие 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн газарт дээрх амины сууцын м.кв-ийн өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргахад боломжгүй тухай хариу ирүүлсэн. Иймд шүүх хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт явагдсан хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17 дугаар сургуулийн хойд талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай хувийн сууцны зориулалттай амины орон сууцны талбайн хэмжээг 211 м.кв талбайтай болохыг тогтоолгож, уг талбайн хэмжээг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авч, хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбарын агуулга:

Тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1241 дугаартай шийдвэрээр Дарханхан жаргалан ХХК-аас 86,404,246.80 төгрөг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р багш нарын байрны зүүн талд байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай, 90.0 м.кв талбайтай амины орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р багш нарын байрны зүүн талд байрлалтай, ******* дугаартай, 500.0 м.кв талбайтай, 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг, 5-р хороолол, 4-р байр, 178 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 18.0 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байна. Гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 19070779 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 19070779/05, 19070779/06 дугаартай тогтоолоор дээрх барьцаа эд хөрөнгүүдийг битүүмжилж, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 19070779/08, 19070779/09 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хураасан байна. Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй байх тул 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20/25 дугаартай тогтоолоор Ашид билгүүн ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон байна. Тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 00011 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/00028 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 19 дугаартай магадлалд төлбөр төлөгч ******* нь өөрийн тайлбартаа ... өөрийн хувийн сууцыг 157.8 м.кв талбайтай хувийн сууц газрын хамт 213,000,000 төгрөг байна гэсэн боловч нотлох баримт ирүүлээгүй шүүхийн шийдвэр гарсан байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад заавал биелүүлнэ ... гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р багш нарын байрны зүүн талд байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай, 90.0 м.кв талбайтай амины орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р багш нарын байрны зүүн талд байрлалтай, ******* дугаартай, 500.0 м.кв талбайтай, 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг, 5-р хороолол, 4-р байр, 178 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 18.0 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар болсныг талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч Дарханхан жаргалан ХХК-ийн төлбөрт хураагдсан барьцаа эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р багш нарын байрны зүүн талд байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай, 90.0 м.кв талбайтай амины орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р багш нарын байрны зүүн талд байрлалтай, ******* дугаартай, 500.0 м.кв талбайтай, 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын хамт шинжээчийн тогтоосон үнэлгээ 95,160,848 төгрөгийн 70 хувь болох 66,612,593.6 төгрөгөөр албадан дуудлага худалдааны үнийг тогтоож, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахад худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.6, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнийн 50 хувь болох 47,580,424 төгрөгөөр 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт худалдан борлуулах ажиллагаа явуулахыг талуудад мэдэгдсэн. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахад төлбөр төлөгч Дарханхан жаргалан ХХК-ийн төлбөрт хураагдсан эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р багш нарын байрны зүүн талд байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай, 90.0 м.кв талбайтай амины орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р багш нарын байрны зүүн талд байрлалтай, ******* дугаартай, 500.0 м.кв талбайтай, 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын хамт 48,100,000 төгрөгөөр худалдан борлогдсон байна. Дээрх хөрөнгийн одоогийн бодит хэмжээ нь Гео од ХХК-аар хэмжүүлэхэд 211 м.кв талбайтай гэх боловч талбайн өөрчлөлтийг орсон даруйд төлбөр авагчид хүсэлт гаргаж, зөвшөөрөл авсны дагуу улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдэж, гэрчилгээн дээр нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой байсныг хариуцагч тал хэрэгжүүлээгүй байна.

Мөн тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 дугаартай магадлалд төлбөр төлөгч ******* нь өөрийн тайлбартаа өөрийн хувийн сууцыг 157.8 м.кв талбайтай хувийн сууц, газрын хамт 213,300,000 төгрөгөөр үнэлэгдэж байна гэсэн боловч нотлох баримт ирүүлээгүй тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.7, 66.1, 66.5, 122 дугаар зүйлийн 122.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т тус тус заасныг баримтлан *******гийн нэхэмжлэлтэй *******д холбогдуулан Ашид билгүүн ХХК-ийн гаргасан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ҮХХ/820-62, ҮХХ/820-63 дугаартай үнэлгээнүүдийг дахин хийлгэхийг хариуцагч *******д даалгах, *******ас 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагт товлосон албадан дуудлага худалдаа, *******ас зохион байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р сургуулийн хойд талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай хувийн сууцны зориулалттай амины орон сууцны талбайн хэмжээг 211 м.кв талбайтай болохыг тогтоолгож уг талбайн хэмжээг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийг 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод нөхөн төлүүлж, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 280,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

            ...төлбөр төлөгч Дархан ханжаргалант ХХК-ийн төлбөрт хураагдсан барьцаа эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө 66,612,593.6 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахад худалдан  бологдоогүй, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахад 48,100,000 төгрөгөөр худалдан борлогдсон.

            Дээрх хөрөнгийн одоогийн бодит хэмжээ нь Гео од ХХК-аар хэмжүүлэхэд 211 м.кв талбайтай гэх боловч талбайн өөрчлөлт орсон дариуд төлбөр авагчид хүсэлт гаргаж зөвшөөрөл авсны дагуу Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдэж гэрчилгээн дээр нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой байсныг хариуцагч тал хэрэгжүүлээгүй.

            Мөн төлбөр төлөгч ******* нь Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээртэй магадлалд өөрийн тайлбартаа өөрийн хувийн сууцыг 157,8 м.кв талбайтай хувийн сууц газрын хамт 213,300,000 төгрөгөөр үнэлэгдэж байна гэсэн боловч нотлох баримт ирүүлээгүй тус хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

            Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/00028 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч *******гийн гаргасан үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийг дахин хүлээн авч үнэлгээг дахин хийлгэхээр шийдвэрлэсэн явдал нь хуульд нийцэхгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

             5. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх *******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Дархан-Уул аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлоор хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуулиар олгогдсон эрхийг хангаж, болсон үйл баримт, хэрэгт авагдсан  бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэхийг даалгах, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 4 дүгээр сарын 12, 05 дугаар сарын 10-ны өдрүүдэд явагдсан 2 удаагийн дуудлага худалдааг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р сургуулийн хойд талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай амины сууцны зориулалттай хувийн орон сууцны талбайн хэмжээний өөрчлөлтийг бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн үнэлгээг үл хөдлөх эд хөрөнгө үнэлэх тусгай зөвшөөрөлтэй, хөндлөнгийн хуулийн этгээд хийсэн тул үнэлгээг дэмжиж байна, анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагч  Дархан-Уул аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, хариуцагч байгууллагаас 2022 оны 04, 05 дугаар саруудад явуулсан 2 удаагийн дуудлага худалдааг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг буюу үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг тогтоолгох, эрх бүхий байгууллагад бүртгэхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* төлбөр төлөгч Дархан хан жаргалант ХХК-ийн төлбөрт хураагдсан барьцаа эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө 66,612,593.6 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахад худалдан  борлогдоогүй, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахад 48,100,000 төгрөгөөр худалдан борлогдсон, Монгол улсын дээд шүүхийн тогтоолоор нэхэмжлэгч *******гийн гаргасан үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийг дахин хүлээн авч үнэлгээг дахин хийлгэхээр шийдвэрлэсэн явдал нь хуульд нийцэхгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин “гомдол гаргах эрхгүй” гэж заасан тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийлээ.

3.Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тухайд:

 Хэргийг судлан үзвэл: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1241 дугаар шийдвэрээр Дархан хан жаргалант ХХК-аас 86,404,246.8 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банканд олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй улмаас нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 3995 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдсэн байна./хх-54, 55-56/

Төлбөрт хураагдсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р баг, 17-р сургуулийн хойд талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эрх, Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг, 5-р хороолол, 4-р байрны 178 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 20/25 дугаартай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээчин Ч.Жамъянг дээрх хөрөнгийн үнэлгээг тогтоолгох шинжээчээр томилжээ.

Шинжээч нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р баг, 17-р сургуулийн хойд талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эрхийг 95,160,848 төгрөг, Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг, 5-р хороолол, 4-р байрны 178 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай сууцыг 38,065,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

Хэдийгээр маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар 3 шатны шүүх хянан шийдвэрлэсэн боловч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байх шатанд тухайн эд хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт орж, төлбөр төлөгч нь 2 давхар болгон өргөтгөсөн бөгөөд талбайн хэмжээ нь 211 м/кв болж өөрчлөгдсөн байхад үнэлгээчин нь 1 давхар, 95 м/кв талбай бүхий эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон нь бодит байдалтай нийцээгүй байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т зааснаар үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардлагатай үнэн зөв баримт мэдээллээр хангахыг үйлчлүүлэгчээс шаардах  эрхээ хэрэгжүүлээгүйгээс хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан ...хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасныг зөрчсөн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын үнэлгээг дахин хийлгэхээр шаардах эрхтэй болно. Энэ талаар анхан шатны шүүх хуулийн дагуу үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

4. Үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны тухайд:

Хариуцагч  Дархан-Уул аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/11 дугаартай тогтоолоор анхны буюу 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн албадан дуудлага худалдааг  хүчингүйд тооцож, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар тогтоожээ.

Хоёр дахь албадан дуудлага худалдааг хэн эрхлэн хөтөлсөн болох нь тодорхойгүй, дуудлага худалдааны тэмдэглэлд энэ талаар тусгаж баталгаажуулаагүй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.17-д “Дуудлага худалдааны явцын талаар тэмдэглэл хөтөлж, дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч болон тэмдэглэл хөтлөгч, шийдвэр гүйцэтгэгч гарын үсэг зурах ...” гэж заасныг зөрчсөн байна.

Мөн хариуцагч байгууллага 2 удаагийн дуудлага худалдааны ялагчдын дэнчинг буцаан олгосон нь хэрэгт баримтаар авагдсан ба гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй бөгөөд дуудлага худалдааг хууль зөрчиж явуулснаа өөрсдөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хариуцагч байгууллагыг 2 удаагийн албадан дуудлага худалдааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон дуудлага худалдаа явуулах журам зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

5. Үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ өөрчлөгдсөнийг тогтоолгож, эрх бүхий байгууллагад өөрчилсөн бүртгэл хийхийг даалгах тухайд:

Анхан шатны шүүх Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг захиргааны байгууллага гэж тодорхойлон түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д тус тус заасан хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

 Иймд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  01 дүгээр сарын 27-ны өдрийн 147 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                  

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.МЯГМАРСҮРЭН                                    

                                             ШҮҮГЧИД                                       Я.ТУУЛ

                       Л.АМАРСАНАА