Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 209/МА2023/00035

 

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Г.Давааренчин, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  12 дугаар сарын 22-ны өдрийн 135/ШШ2023/00004 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ТӨХК-нд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэм хорын хохиролд 18,745,650 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 22 цаг 40 минутын орчим Шарын гол сумаас Дархан-Уул аймаг руу 87-89 УНЧ улсын дугаартай “Volkswagen Touareg” маркийн автомашиныг жолоодон ирж явахдаа Цементийн үйлдвэрийн уулзвар дээр тэмдэг тэмдэглэгээ байхгүйн улмаас төөрч, Улаанбаатар чиглэлийн сайжруулсан шороон зам руу орж явж байгаад Төмөрлөгийн үйлдвэрийн зүүн талын харалдаа зам дээр овоолж асгасан төмрийн хүдрийн овоолго мөргөж, зам тээврийн осолд орсон. Осол гаргах үед харанхуй болж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон нөхцөлд уг төмрийн хүдрийн овоолго нь замын голд ямар нэгэн анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээгүй байсны улмаас миний бие нь тоормос гишгэсэн боловч зогсож амжилгүй мөргөж, зам тээврийн осолд орсон.

Ослын улмаас миний машинд их хэмжээний эвдрэл гарсан ба 2020 оны 9 дүгээр сарын 08-ын өдөр “Богд моторс” ХХК-нд 200,000 төгрөг төлж оношилгоо хийлгэхэд 97,140,820 төгрөгийн сэлбэг, засварын ажил хийгдэнэ гэж нэхэмжлэх бичиж өгсөн.

******* миний гомдлын дагуу 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Зөрчлийн 2018000374 дугаартай хэрэгт бүртгэлийн хэргийг нээсэн. Зөрчил хянан шалгах ажиллагааны явцад “Тэнцвэр Эстимэйт” ХХК миний тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг 22,316,000 төгрөг гэж тогтоосон.

2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэлд уг зам тээврийн осол болсон шалтгаан нь “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27 дугаар бүлэг 27.4-т “зам дээр засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21-т тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хөдөлгөөний тухай хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах гэсэн заалтыг зөрчиж байна” гэж ахлах дэслэгч магадлагаа гаргасан. Энэхүү магадлагаагаар зам тээврийн ослын шалтгааныг тогтоож, ******* Зөрчлийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасан зөрчил гаргасныг тогтоож, 2022 оны 11 сарын 27-ны өдөр энэ зөрчлийн хэргийг хаасан.

Гэхдээ “...дээрх үйл баримт нь Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн технологийн зам дээр үйлдэгдсэн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжийг шалгуулахаар хэргийг тусгаарлах үндэслэлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 сарын 27-ны өдрийн 2018000476 тоот прокурорын тогтоолоор 2018000374 тоот зөрчлийн хэргээс 2018000476 дугаар зөрчлийн хэргийг тусгаарлаж, харьяаллын дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагчид шилжүүлсэн.

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч ******* Зөрчлийн хэргийг шалгах явцад шинжээч *******гийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтээр осол болсон зам нь Авто замын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь заалтад заасан Орон нутгийн чанартай авто зам-ын ангилалд хамаарч байгааг тогтоосон.

Осол болсон зам нь Төмөрлөгийн үйлдвэрийн зам биш болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр МХГ-ын улсын байцаагч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр 10-07-024/20/02 тоот албан бичгээр зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх санал гаргасан.

Дээрх саналын дагуу Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 011000041 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Хэрэг бүртгэлтийн явцад “Volkswagen Touareg” маркийн 8789 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн үнэлгээчин *******, *******, ******* нарын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №21/194 дугаартай дүгнэлтээр 18,745,650 төгрөгөөр тогтоосон.

Хохирлын хэмжээ их буюу 50,000,000 төгрөгийн хохиролд хүрээгүй гэх үндэслэлээр 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 58 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасан тул 18,745,650 төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээд болох “*******” ТӨХК-иас гаргуулахаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга::

Хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлд Цементийн уулзвар дээр тэмдэг тэмдэглэгээ байхгүйн улмаас төөрч Улаанбаатар чиглэлийн сайжруулсан шороон зам руу орж явж байгаад Төмөрлөгийн үйлдвэрийн зүүн талын харалдаа зам дээр овоолж асгасан төмрийн хүдрийн овоолго мөргөж, зам тээврийн осолд орсон. Осол гарах үед харанхуй болж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон нөхцөлд..." осолд орсон тухай дурджээ.

Цементийн үйлдвэрийн уулзвар дээр чиглэл заасан тэмдгийг осол болохоос өмнө буюу 2019 оны 08 дугаар сарын 09-нд хариуцагчийн зүгээс байрлуулсан нотлох баримтыг тухайн үед зөрчлийн хэргийг шалгасан цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч ямар нэгэн гомдол санал гаргаагүй.

******* нь Улаанбаатар чиглэлийн сайжруулсан шороон зам руу орж явж байгаад осолд орсон тухай дурдаад байгаа нь үндэслэлгүй бөгөөд чиг заасан тэмдгийг зөрчин “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийн дотоодын тээвэрт ашигладаг зам дээр осол гаргасныг Замын цагдаагийн зохицуулагч, ахлах дэслэгч тогтоосон.

Нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлээс харвал харанхуй болж үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2 дахь заалтуудыг зөрчин осол гаргасан гэж үзэхээр байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрийн 3.5-д заасан үүргээ биелүүлж цагдаагийн байгууллагад ослын талаар мэдээлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй эс үйлдэхүй нь ослын хэргийг шалган шийдвэрлэхэд хүндрэл учруулсан гэж дүгнэж байна. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл нь хүчингүй болсон журам баримталж гарсан тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч “*******” ТӨХК-иас 13,121,955 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 5,623,695 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,679 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 223,560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бууруулан 18,745,650 төгрөгийн 70 хувь 13,121,955 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 5,623,695 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон.

            4.1 ******* нь замын арчлалт засварын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй байгууллага ба зам хариуцагч байгууллагын зөвшөөрөлгүйгээр зам засварын ажил хийсэн ба ийнхүү замын ажил хийх зайлшгүй байсан эсэх нь тодорхойгүй.

            4.2 гэм хор учруулсан этгээдийн үйлдэл нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр бусдад хохирол учруулсан нь тогтоогдсон байх нь гэм хорын улмаас учирсан хохирлыг шаардах үндэслэл болдог. Гэтэл тухайн осолд зам хариуцагч байгууллага буруутай талаар эрх бүхий этгээдийн шийдвэр хэрэгт байхгүй байхад анхан шатны шүүх буруутай этгээдийг тогтоож байгаа нь үндэслэлгүй байна.

            4.3 ..хохирлын хэмжээг 5,623,695 төгрөгөөр буруулахдаа Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар хохирогчийн ашиг сонирхлыг харгалзаж үзэлгүйгээр хохирлын хэмжээг буруулж байгаа нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т зөрчигдсөн эрхийг сэргээх гэсэн Иргэний хуулийн зорилт, суурь зарчимд нийцэхгүй байна.

            4.4 анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын 70 хувийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо ямар тооцоон дээр үндэслэн гаргасан нь тодорхойгүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхийн байх хуулийн шаардлага хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн 5,623,695 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг өөрчилж,  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

             5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

5.1 Манай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд зам тэгшлэх зорилгоор замын голд шороо асгасан. Овоолсон шорооны хажуугаар тойроод машин явах боломжтой байсан боловч ******* нь машины хурдаа тохируулж яваагүйн улмаас автомашинд хохирол учирсан. Хэргийн газрын үзлэг болон ослын бүдүүвч зурагт А цэгээс Б цэг хүртэл 7.90 м явж зогссон нь тухайн тээврийн хэрэгсэл хурдтай явж  байсан. Мөн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явсан бол ослын бүдүүвч зурагт овоолсон шорооноос баруун талын хашлага хүртэл 1.90 м зай байгаагаас үзэхэд тээврийн хэрэгсэл тойрч гарах боломжтой байсан.

5.2 Шинжээч авто замын барилгын инженерийн дүгнэлтэд “Эрэл” ХК-ийн ойролцоох 3-н замын уулзвараас “*******” ХК чиглэлийн авто зам нь Авто замын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь заалтад заасан орон нутгийн чанартай авто замын ангилалд хамаарна гэсэн.

...******* нь орон нутгийн чанартай авто замын арчлалт хамгаалалтыг хариуцах үүрэггүй байна.

 Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т шүүх гэм хорыг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан хариуцагчаас гадна Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан зам хариуцагч байгууллага хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас зам тээрийн осол гарах нөхцөл бүрдсэн гэж үзэж хохирлыг буруулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчдын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарлаагүй байх боловч зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоохдоо хэрэглэвэл зохих хуулийг гүйцэд хэрэглээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй  байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.   

3. Нэхэмжлэгч ******* нь гэм хорын хохиролд хариуцагч “*******” ТӨХК-иас 18,745,650 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг  анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг бууруулан нийт хохирлын 70 хувь буюу 13,121,955 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлын үндэслэлээ “...анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, гэм хорын хохирлыг хариуцагчаас гаргуулахдаа хохирлын хэмжээг ямар үндэслэлээр багасгаж шийдвэрлэж байгаагаа тайлбарлаагүй” гэжээ.

Хэргээс судлан үзэхэд:

4. Нэхэмжлэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрэл” ХХК-ийн ойролцоох 3 замын уулзвараас “*******” чиглэлийн авто зам дээр замын тэмдэг тэмдэглэгээ байхгүй байсны улмаас овоолсон шороо мөргөж, зам тээврийн осол гарсан, осол гарахад хариуцагчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн тул гэм хорын хохирлыг хариуцагч “*******” ТӨХК нь хариуцах үүрэгтэй гэж, хариуцагч нь “...жолоочийн буруутай үйл ажиллагааны улмаас зам тээврийн осол гарсан тул гэм хорын хохирлыг хариуцан төлөх үүрэггүй” гэж маргажээ.

5. Нэхэмжлэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Volkswagen Touarag” маркийн 87-89 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрэл” ХХК-ийн ойролцоох 3 замын уулзвараас “*******” чиглэлийн авто зам дээр замын тэмдэг тэмдэглэгээ байхгүй байсны улмаас овоолсон шороо мөргөж, зам тээврийн осол гарсан болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 58 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна. / 1 дүгээр хавтаст хэргийн 9, 31-32/

Зам тээврийн осол болсон тухайн зам нь орон нутгийн чанартай авто замын ангилалд хамаарч байгаа болох нь шинжээч, Авто замын барилгын инженер Е.Энхтуяагийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан 01 тоот дүгнэлтээр нотлогдож байгаа, Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол гүйцэтгэх чиг үүрэг бүхий зам хариуцагч байгууллага байна.” гэж хуульчилсны дагуу тухайн орон нутгийн чанартай авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол гүйцэтгэх ажлыг зам хариуцагч байгууллага хариуцах үүрэгтэй боловч хариуцагч “*******” ТӨХК нь зам хариуцагч байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн авто зам дээр шороо буулгаж, овоолго үүсгэсэн, тухайн авто зам дээр замын тэмдэг тэмдэглэгээ тавиагүй нь тухайн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзнэ. / 1 дүгээр хавтаст хэргийн 11/

Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасны дагуу гэм хорын хохирлыг буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай үндэслэлтэй байна.

6. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт гаргахдаа хариуцагч “*******” ТӨХК болон зам хариуцагч байгууллага нь хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас дээрх зам тээврийн осол гарах нөхцөл бүрдсэн гэж хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийжээ.

Учир нь орон нутгийн чанартай авто зам дээр зам засварын ажил хийхээр шороо буулгаж, овоолго үүсгэхдээ хариуцагч  “*******” ТӨХК нь зам хариуцагч байгууллагын зөвшөөрлийг аваагүй, нийгмийн хариуцлагын хүрээнд зам засварын ажил хийхээр шороо буулгаж энэ талаар таниулах тэмдэг, тэмдэглэгээ тавиагүй  үйлдэл нь зам хариуцагч байгууллагын үйл ажиллагаатай холбоогүй тул осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн нь хариуцагчийг гэм буруутай гэж үзэх үндэслэл болно.

7. Хэрэгт авагдсан баримтаар осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн учир нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасны дагуу хариуцагч *******” ТӨХК хариуцан арилгах үүрэгтэй.

            8. Хавтас хэргийн 79 дүгээр талд авагдсан зам тээврийн ослын бүдүүвч зургаас үзэхэд осол болсон цэгээс автомашин зогсох хүртэл 7.90 м зам туулсан байгаагаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг тус тус зөрчсөн нь гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн гэж үзнэ./ 1 дүгээр хавтаст хэргийн 79/

            Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа нэхэмжлэгч *******ын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн нь хохирлын хэмжээ нэмэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т “гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж заасныг баримтлан нийт 18,745,650 төгрөгийн 80 хувь буюу 14,996,520 төгрөгийг хариуцагч “*******” ТӨХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,749,130 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ

            9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь зөрчлийн улмаас үүсэх гэм хорын хохирол арилгуулахаар гаргасан нэхэмжлэл байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 буюу гэрээний үүрэг зөрчсөнөөс үүсэх гэм хорын хохирлыг арилгах зохицуулалтыг тайлбарлаж  хэрэглэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болох тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

            10. Нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйлдэл нь гэм хорын хохирлын хэмжээ нэмэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж дүгнэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  12 дугаар сарын 22-ны өдрийн 135/ШШ2023/00004 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын

            “...Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т заасныг баримтлан” гэж,

            “...13,121,955 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 5,623,695 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг, “...14,996,520 төгрөгийг гаргуулан *******т олгож, үлдэх 3,749,130 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

            тогтоох хэсгийн 2 дахь заалтын

            “...хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 223,560 төгрөгийг гаргуулан” гэснийг, “...хариуцагч ******* ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамж 232,933 төгрөгийг гаргуулан” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,929 төгрөг 12 мөнгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                                  

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.МЯГМАРСҮРЭН                                                              

                                                 ШҮҮГЧИД                                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                         Я.ТУУЛ