Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 209/МА2023/00037

 

 *******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  01 дүгээр сарын 25-ны өдрийн 135/ШШ2023/00135 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                   ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “******* ӨМҮ улсын дугаартай, Бэйбэн /beiben/ маркийн ачааны тээврийн хэрэгсэл, ******* улсын дугаартай НД /ND/ чиргүүлийг тус тус хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч *******, ******* нараас тээврийн хэрэгсэл, чиргүүлийг хууль бусаар эзэмшиж ашиглаж, олсон орлого нийт 462,976,404 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч *******гийн “******* ӨМҮ дугаартай ачааны машин, ******* УНН улсын дугаартай чиргүүл зэргийн өмчлөгч болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлтэй

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэлийн нэгтгэсэн шаардлага:

Миний бие улсын 6547 ӨМҮ дугаартай, Бэйбэн /beiben/ маркийн ачааны тээврийн хэрэгслийг 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр, улсын 1807 дугаартай НД маркийн ачааны тээврийн хэрэгслийг 2013 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлэн авч өмчилж эхэлсэн.

2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дугаар 1726 “хамтран ажиллах гэрээ”-г “*******” ХХК-тай байгуулсан. Тус гэрээний дагуу дээр дурдсан хоёр ширхэг тээврийн хэрэгслийг Монгол Улсаас Бүгд найрамдах Хятад ард улс руу нүүрс тээвэрлэхэд оролцуулж байсан. Тээврийн хэрэгслийг эзэмшиж /жолоодож/ тээвэрлэлтэд *******г оролцуулж байсан ба хувийн таарамжгүй харилцааны улмаас түүнд итгэж тээврийн хэрэгслийг хариуцуулах боломжгүй болсон. Иймээс тээврийн хэрэгсэл болон тээврийн хэрэгслийг баримт бичгүүдийг *******гаас шаардсан боловч шаардлагыг хүлээн аваагүй.

Аливаа хөрөнгийг эзэмшиж ашиглаж буй этгээд, эсхүл өмчлөгчийн зөвшөөрснөөр эзэмшиж ашиглаж буй тохиолдолд түүнийг хууль ёсны эзэмшил, ашиглалт, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эсхүл өмчлөгч эд хөрөнгөө буцаан шаардсаар байхад ашигласаар байгаа бол түүнийг хууль бус эзэмшил, ашиглалт гэж үздэг.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй,” 106.3-т энэ хуулийн “106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч...шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна.” гэж заасан. Хариуцагчаас тээврийн хэрэгслийг бичиг баримтын хамт гаргуулан авах хүсэлтэй байна.

Иймээс Улсын ******* ӨМҮ дугаартай, Бэйбэн маркийн ачааны тээврийн хэрэгслийг улсын ******* дугаартай НД маркийн ачааны тээврийн хэрэгслүүд болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг *******, ******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан ...нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэлээ өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, тодотгох, тайлбар гаргах эрхийнхээ дагуу тус шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрүүдэд гаргасан нэхэмжлэлүүдээ нэгтгэн ...хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл, чиргүүлийг чөлөөлүүлэн авч, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хариуцагч *******, ******* нараас 2018-2020 онуудад тээврийн хэрэгсэл, чиргүүлийг хууль бусаар эзэмшиж, ашиглан нүүрс тээвэрлэлт хийж олсон орлого 462,976,404 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

...2018 оны 01 дүгээр сараас *******, ******* нар тээвэрлэлтийн хөлсний тооцоог өөрсдөө хийж авч *******д нэг ч төгрөг өгөөгүй учир сарын орлого 2,500,000 төгрөг нийт 72,000,000 төгрөгийг нэхэмжилж, шүүхэд анх хандсан.

Мөн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 222,000,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлсэн шаардлага нь ачаа тээвэрлэлтийн гэрээгээр ******* болон ******* нар ******* ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хэд хэдэн удаа тээвэрлэлтэд явсан талаар баримт гаргаж өгсөн. Нүүрс тээвэрлэлтэд *******, ******* нар 2018-2020 оны хооронд 2018 онд 89 удаа, 2019 онд 91 удаа, 2020 онд 20 удаа нүүрсний тээвэрт явсан байна. ******* ХХК-иас баримт гаргаж өгсөн. ******* нь тээвэрлэлтийн хөлсийг сард 9000 юань байсан гэж тооцож шүүхэд хандсан. Улмаар нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ “*******” ХХК-иас гаргасан баримт дээр 2018-2020 оны хооронд нийт тээвэрлэлтийн тоог бичиж тээвэрлэлтийн зардлыг хасахгүйгээр бүгд 80 юань гэж тооцоод 462,976,404 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Талууд хамтран амьдарч байсан дээр маргадаггүй. *******гийн авсан тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос өөр улсын дугаартай тээврийн хэрэгсэл авч явах гэсэн боловч оршин суугаа хаяг тээврийн хэрэгслийн дугаарын зөрчлөөс болж хамтран амьдрагч *******гийн нэр дээр тухайн тээврийн хэрэгслийг бүртгүүлсэн. *******гийн хувьд *******д машин авч өгөх үүрэг үүсээгүй.

...******* урт, богинын тээвэрлэлтийг ялгахгүй бичсэн байдаг. Богино тээвэрлэлт 35 км дотор шороон замаар, уртын тээвэр 210 км дотор засмал замаар тээвэрлэдэг. Уртын тээвэр хямд байдаг. Богинын тээвэр үнэтэй байдаг.

“*******” ХХК-иас гаргаж өгсөн 2018-2020 онуудын нүүрс гарсан баримтуудад ******* ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэсэн баримтуудыг гаргаж өгсөн боловч дотор нь 65-74 дугаартай тээврийн хэрэгслийн 7 удаа явсан баримтыг гаргаж өгсөн. Энэ нь 2018 оны 05 дугаар сарын 13, 15, 18-ны өдрүүдийн, 2019 оны 07 дугаар сарын 19, 20-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 04, 13, 14-ний өдөр нийт 7 удаа гарсан баримт хэрэгт авагдсан байдаг. Иймд *******г 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Гурван гэрч асуугдсан. Гэрчүүд *******г хувийн бизнес эрхэлдэггүй талаар мэдүүлсэн. Нэхэмжлэгч өөрийгөө ямар орлого олдог талаарх эх үүсвэрээ нотолж чадахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

3. Хариуцагч *******гаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

******* ******* ӨМҮ улсын дугаартай ачааны машин, ******* УНН дугаартай чиргүүл зэрэг нь миний өмч мөн болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан.

******* 65-74 ӨМҮ улсын дугаартай ачааны машиныг чиргүүлтэй нь хамт 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр анх ******* УНН улсын дугаартай, 5677 БЧ улсын дугаартай “*******” ХК-ийн зам дээр явдаг байхад нь тухайн компани захирал Д.Мөнхбат гэдэг хүнээс худалдаж авахаар болж хоорондоо хувь лизингийг 40,000,000 төгрөгөөр тохирч, урьдчилгаанд нь 5,000,000 төгрөгийг өөрийн хүү *******ээс зээлж өгөөд үлдэгдэл мөнгийг нь 7 сарын хугацаатай сард 5,000,000 төгрөг төлж авахаар өгч авсан байдаг.

Ингээд “*******” ХХК-ийн нүүрсний тээвэрт явах гэтэл хотын болон өөр аймгийн дугаартай машин явуулахгүй, Өмнөговь аймгийн дугаартай тээврийн хэрэгсэлтэй хамтран ажиллана гэхээр нь *******д итгэл хүлээлгэн нэр дээр нь тээврийн хэрэгслийг шилжүүлсэн. Мөн машинаараа Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Таван толгой” ХХК-ийн 4 болон 8 дугаар амнаас нүүрс ачиж Гашуун Сухайт чиглэлийн 235 км авто замаар нүүрс тээвэрлэж Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны чиглэлийн хяналтын талбайд буулгадаг байсан. 65-74 ӨМҮ улсын дугаартай ачааны машинаар *******, ******* нар богинын тээвэрт ээлжлэн явж машины мөнгийг хийж байхдаа дахиад 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Д.Мөнхбатаас 46,000,000 төгрөгөөр ачааны том машин авахаар болж мөн хувь лизингээр урьдчилгаанд 5,000,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 41,000,000 төгрөгийг сар сардаа 5,000,000 төгрөг өгч байхаар болоод тухайн машиныг ******* Улаанбаатар хот орж, Улиастайд айлын хашаанд байхад нь авч Өмнөговь аймаг орж *******гийн нэр дээр болгож ******* ӨМҮ гэсэн улсын дугаар авсан. Машины хувь лизинг дуусахаар хүү ******* нэг машинаа өгнө гэж ярьж байсан. Гэтэл *******гийн хүү нэг машиныг нь би авна гэсний дагуу өгөхөөр болж ийг ******* дагуулж урт богинын тээвэрт нүүрс тээвэрлэх, том тэрэг барихыг зааж өгсөн. Ингээд болон ******* нар нь нэг, нэг том тэргээрээ нүүрсний тээвэр хийх болсон.

нь 65-74 ӨМҮ машиныг унаж чадахгүйн улмаас гурван удаа осол гаргасан. Машины засвар үйлчилгээг хоёр удаа ямар ч мөнгө авалгүйгээр засварлаж бүрэн бүтэн машин хүлээлгэж өгсөн. ******* нь 2017 оноос хамтран амьдрагч *******тэй амьдрахаа больж тусдаа амьдрах болсон. Хоорондоо харилцан тохиролцоод хоёр машин буюу ******* ӨМҮ улсын дугаартай машиныг хүү *******д, 65-74 ӨМҮ улсын дугаартай машиныг нарт тус тус өгч нүүрсний тээвэрт явж байтал ******* нь миний болон манай хүүгийн машины хувь лизинг төлж дуусгасны дараа хууль ёсны өмчлөгчийн эрхэд халдаж байна. Тухайн машинуудыг худалдаж авах үед ******* нь гэр гуанз ажиллуулдаг байсан боловч тухай гуанз нь тогтмол орлогогүй байдаг байсан. ******* нь машины лизингийн мөнгийг *******гийн дансанд хийж ******* Д.Мөнхбатад өгдөг байсан. Ингээд 2019 оны 11 дүгээр сараас Шин Лу Юуан ХК-ийн Монгол улс дахь төлөөлөгч болох н.Бадрах гэдэг ******* нь 6547 ӨМҮ машины тээврийн зардлыг надад олгох ёстой. *******д өгөх ёсгүй гэсэн утга бүхий хүсэлтийг тус компанид өгснөөс болж тус компани нь хэн нь хууль ёсны өмчлөгч болох маргаанаа шийдсэний дараа ирж тээврийн зардлаа ав гэдэг шаардлага тавьдаг болсон. Иймд *******гийн өөрийн нойр хоолоо хасан байж шударгаар олсон мөнгөөрөө авсан машин болох ******* ӨМҮ улсын дугаартай ачааны машины хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

******* бид хоёрыг хамтран амьдарч байх хугацаанд ямар тохиролцоо хийж байсныг бид хоёроос өөр хэн ч мэдэхгүй. Д.Мөнхбат гэрчээр мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн. Мөн дансны хуулгаар намайг орлоготой байсныг нотолно. *******, ******* нар миний өмч гэж үзэж байгаа бол нотолж чадахгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

5. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 95 дугаар зүйлийн 95.1-т тус тус заасныг баримтлан *******, ******* нарын хууль бус эзэмшлээс ******* ӨМҮ улсын дугаартай Бэйбэн /beiben/ маркын ачааны автомашин, ******* АЧ улсын дугаартай Шандон /Shandong/ маркын чиргүүл зэрэг тээврийн хэрэгслүүд болон тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримтын хамт гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******, ******* нараас 26,313,147 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 436,663,257 төгрөг, мөн хариуцагч *******гийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,859,983 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 316,951 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч *******д буцаан олгож, хариуцагч *******, ******* нараас 359,716 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            Миний бие 2016-2017 оны сүүлч хүртэл хариуцагч *******тай хамтран амьдарч байсан. Энэ хугацаанд 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 17/26 дугаартай “Хамтран ажиллах ерөнхий “гэрээг “Шинь Лу Юуан" ХХК-тай байгуулж уг гэрээний дагуу өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл, чиргүүлийг “Шинь Лу Юуан” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгч, хариуцагч *******, ******* нарыг жолоочоор ажиллуулсан. 2018 оны 01 сараас эхлэн ******* нь надтай хамтран амьдрахаа больсон ба энэ үеэс эхлэн миний өмчлөлийн тээврийн хэрэгслийг ашиглан тээвэрлэлт хийж, тухайн тээврийн хэрэгслээр олсон төлбөр тооцооноос нэг ч төгрөг өгөлгүй 2022 оны 12 сар хүртэл ашигласаар ирсэн.

Хариуцагч *******, ******* нар нь тээврийн хэрэгсэл чиргүүлийг буцааж өгөхгүй хууль бусаар эзэмшиж, “Шинь лу юуан” ХХК-тай байгуулсан “Хамтран ажиллах ерөнхий гэрээг” ашиглан 2018-2020 онуудад нүүрс тээвэрлэлтийн ажлыг хийж 462,976,404 орлого олсон. Энэ нь Эрдэнэс таван толгой ХК, “Шинь лу юуан” ХХК-н шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн санхүүгийн анхан шатны баримтууд, Монгол банкнаас шүүхэд ирүүлсэн 2018-2020 онуудын юаны ханш, нэг удаагын рейсийн буюу ажлын жишиг үнэ, эдгээрийг үндэслэн хийсэн тооцоогоор гарсан дүн юм. Энэ тооцоогоор 2018 онд 183,693,809 төгрөг, 2019 онд 233,423,865 төгрөг. 2020 онд 45,858,730 төгрөг нийт 462,976,404 төгрөг болсон байна.

Анхан шатны шүүх миний нэхэмжилж буй дээрх төлбөрөөс 26,313,147 төгрөгийг гаргуулж, үлдэгдэл 436,663,257 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна. ******* би 2020 оны 02 дугаар сарын 18, 2020 оны 12 дугаар сарын 16, 2022 оны 09 дүгээр сарын 05, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлүүдээ *******тай 2018 оноос эхлэн хамтран амьдрахаа больсон, 2018 оны 01 сараас эхлэн тухайн тээврийн хэрэгслээр олсон төлбөр мөнгийг авч чадаагүй гэдгээ удаа дараа бичиж нэхэмжилсэн. Мөн ******* нь сөрөг нэхэмжлэл болон хариу тайлбартаа 2017 оноос хойш хамтран амьдрагч *******тэй амьдрахаа больж тусдаа амьдарч эхэлсэн гэж дурдсан байсан. Энэ бүхэн нь дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д заасан *******, ******* нар нь 2015-2019 оныг хүртэл хамтран амьдарч байсан гэсэн шийдвэр гаргах үндэслэлийг үгүйсгэж байгаа юм.

Иймд миний өмчлөл, эзэмшлийн ******* ӨМҮ улсын дугаартай “Ве1Ьеп” маркийн ачааны тээврийн хэрэгсэл, ******* УНН улсын дугаартай “N0” маркийн ачааны чиргүүлийг ашиглаж олсон орлого 462,976,404 төгрөгөөс хэрэгсэхгүй болгосон 436,663,257 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

             7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Анхан шатны шүүх нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв. эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэргийн үйл баримт болон нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр *******, ******* нарын эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан нь тухайн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 4 үндэслэлээр анхан шатны шүүх нотолж чадаагүйг тайлбарласан боловч шүүх хүлээж аваагүй. Үүнд:

1. Л Гэрэлсүрэн, ******* нар нь 2016-2019 оны 09 сар хүртэл хамтран амьдарч байсан. ...Өмнөговийн харьяалалтай хүнтэй хамтарч ажиллана гэсний дагуу хамтран амьдрагч Өмнөговийн харьяалалтай *******гийн нэр дээр тээврийн хэрэгслийг бүртгүүлж ******* ӨМҮ улсын дугаарыг авсан. *******гийн хувьд анхнаасаа тодорхой зорилгоор буюу нүүрсний тээвэрт явахын тулд аргагүйн эрхэнд хамтран амьдрагч *******д итгэн түүний нэр дээр тээврийн хэрэгслээ бүртгүүлсэн ба *******гийн хувьд *******д машин авч өгөх талаар аливаа үүрэг үүсээгүй.

2. ...65- 47ӨМҮ улсын дугаартай машины маргаан дээр 2011 оноос маш их мөнгө олж байсан гэж маргадаг ч гэрч А.Норовсүрэн, Э.Эрдэнэбаяр нарын мэдүүлгээр хүнс болон авто сэлбэгийн наймаа эрхэлж байгаагүй талаар мэдүүлсэн мэдүүлэг данс нь хуулга зэргээр няцаагддаг.

3. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага дээрээ болон шүүх хуралдааны явцад ******* нь *******гаас 2018 оны 01 сараас хойш нэг ч төгрөг аваагүй гэдэг. Гэтэл *******гийн Хаан банкны 5006813210 тоот дансанд *******, ******* нараас 2015 онд- 1 удаа 3.500.000, 2016 онд-27 удаагийн гүйлгээгээр 25.609.333, 2016 оны 12 сарын 19-ны өдрийн 2 удаагийн гүйлгээгээр 3.864.000 төгргөний гүйлгээний утга дээр ******* тооцоо дуусав гэсэн, 2017 онд -18 удаагийн гүйлгээгээр 9.362.000, 2018 онд -16 удаагийн гүйлгээгээр 14.749.000 төгөрг, 2019 онд -7 удаагийн гүйлгээгээр 14.050.000 төгрөг оржээ.

Энэ хэрэгт нотлох баримтаар өөрийнх нь өгсөн *******гийн дансны хуулгаар нийтдээ *******гаас ******* рүү Монгол мөнгөөр 72,134,333 төгрөг орсон нь тогтоогдоно.

4. Шинлинюуан компаниас шүүхэд гаргаж өгсөн баримтуудад 2018-2020 онуудад ******* ӨМҮ улсын дугаартай Бэйбэн маркын машин *******АЧ чиргүүлээр нүүрс тээвэрлэсэн тоог гаргаж өгснөөс санхүүгийн хэдэн удаа урт, богинын рейсэнд явсан, авсан ажлын болон тээврийн хөлсөнд хэдэн төгрөг авсан талаарх баримтыг гаргаж өгөөгүй байхад шүүх өөрийн санаачилгаараа хөлсийг тооцож гаргасан нь хууль бус юм.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй.”

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар *******гээс *******ӨМҮ улсын дугаартай Бэйбэн маркын машин, *******АЧ чиргүүлийн хамт гаргуулан *******д олгох үндэслэлтэй. Харин *******гийн хувьд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргасан ч тус машиныг хүнс болон сэлбэгийн наймаа хийсэн мөнгөөр авсан *******гаас 2018 оны 01 сараас хойш ямар ч мөнгө аваагүй гэж тайлбарладаг ч хэрэгт авагдсан баримтаар энэ үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн  гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

         2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан  үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Хэргээс судлан үзвэл:

            3. Нэхэмжлэгч ******* нь *******, ******* нарын хууль бус эзэмшлээс ******* ӨМҮ улсын дугаартай Бэйбэн /beiben/ маркын ачааны автомашин, ******* АЧ улсын дугаартай Шандон /Shandong/ маркын чиргүүл зэрэг тээврийн хэрэгслүүд болон тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримтын хамт гаргуулах, мөн 2018-2020 онуудад тээврийн хэрэгсэл, чиргүүлийг хууль бусаар эзэмшиж, ашиглан нүүрс тээвэрлэлт хийж олсон орлого 462,976,404 төгрөг гаргуулах,

            Хариуцагч ******* нь 6547 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан бөгөөд анхан шатны шүүх “...******* нь ******* ӨМҮ улсын дугаартай чирэгч, ******* АЧ улсын дугаартай чиргүүл зэрэг тээврийн хэрэгслийн өмчлөгч байна, ... ******* нь өмчлөгчийн шаардах эрхээ хэрэгжүүлж, шүүхэд 2020 оны 02 сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд энэ үеэс тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч нар хууль бусаар эзэмшиж байсан гэж үзнэ гэх дүгнэлт хийж, хариуцагч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс ******* ӨМҮ улсын дугаартай Бэйбэн /beiben/ маркын ачааны автомашин, ******* АЧ улсын дугаартай Шандон /Shandong/ маркын чиргүүл зэрэг тээврийн хэрэгслүүд болон тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримтын хамт гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******, ******* нараас 26,313,147 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 436,663,257 төгрөг, мөн хариуцагч *******гийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            4. Талуудын маргаж буй ******* ӨМҮ улсын дугаартай Бэйбэн /beiben/ маркын ачааны авто машин, ******* АЧ улсын дугаартай Шандон /Shandong/ маркын чиргүүл зэрэг нь 02-30 УНН улсын дугаартай чирэгч, ******* АЧ улсын дугаартай чиргүүлийг нэхэмжлэгч ******* нь  иргэн Д.Мөнхбаттай 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 41,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд худалдагч нь 02-30 УНН улсын дугаартай, Beiben ND4251 B34J маркын LBZ446DB1AA023735 тоот аралын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгөтэй, зүтгүүрийн зориулалттай тээврийн хэрэгсэл, ******* АЧ улсын дугаартай Шандон /Shandong/ маркын чиргүүлийн хамт хүлээлгэн өгөх, худалдан авагч нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүр 5,000,000 төгрөг төлөх ба 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр худалдан авсан тээврийн хэрэгслүүдийн үнийг төлж дуусгасан байхаар гэрээгээр тохирчээ. / 1 дүгээр хавтаст хэргийн 50-51/

5. Авто тээврийн үндэсний төвөөс 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 349 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Тээврийн хэрэгслийн лавлагаа”-гаар ******* ӨМҮ улсын дугаартай Бэйбэн /Beiben/ маркын зүтгүүрийн зориулалттай тээврийн хэрэгсэл, ******* АЧ улсын дугаартай ачааны чиргүүл нь “Шинлунюуан” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа бөгөөд өмнөх өмчлөгчдийн мэдээллээр 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл “Далан гол” ХХК-ийн, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл *******гийн өмчлөлд бүртгэгдсэн байна. / 2 дугаар хавтаст хэргийн 9-14/

Нэхэмжлэгч *******гийн иргэн Д.Мөнхбаттай 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, гэрч Д.Мөнхбатын “...миний бие уг тээврийн хэрэгслийг 2016 оны 09, 10 сарын үед *******тэй худалдах, худалдан авах гэрээ хийж зарсан. Би *******д өртэй байсан учир эхлээд гэрээ хийлгүй 2016 оны 08 сард 1 машин худалдсан. Машины үнээ 65 сая төгрөгөөр тооцсон. 25 сая төгрөгийн сэлбэгийн өрөө тооцож суутгаад зөрүү 40 сая төгрөгийг надад ******* дараа нь өгөхөөр тохиролцож, 5 сая төгрөгийг өгсөн. Дараа нь 2016 оны 10 сард 2 дахь машинаа 46 сая төгрөгөөр зарсан. Үүнээс мөн 5 сая төгрөг авсан. Үлдэгдэл 41 сая төгрөгийг дараа нь авахаар тохирсон. Тээврийн хэрэгслийн төлбөрийг 2017 оны 07 дугаар сарын эхээр төлж дууссан. Төлбөр *******гээс дансаар шилжиж ирдэг байсан, *******д худалдсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 145/

Хэрэгт авагдсан “Шинлунюуан” ХХК болон ******* нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 17/26 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-гээр тус компани нь ачаа тээврийн үйлчилгээг зах зээлээс олж, тээврээр хангах, ******* нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг компанийн нэр дээр шилжүүлж, компанийн нэрийн өмнөөс түүний гуравдагч этгээдтэй байгуулсан тээврийн үйлчилгээг гүйцэтгэхээр тохирч, тус гэрээнд ******* АЧ улсын дугаартай чиргүүлийг заасан байна.

Мөн “Шинлунюуан” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/225 дугаартай албан бичгээр ******* ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ******* АЧ улсын дугаартай чиргүүл нь иргэн *******гийн хувийн өмч мөн бөгөөд манай байгууллагатай хамтран ажиллах гэрээний дагуу ажилладаг нь үнэн болохыг тодорхойлжээ. /1дүгээр хавтаст хэргийн 183-186/

Иймд “...******* нь ******* ӨМҮ улсын дугаартай чирэгч, ******* АЧ улсын дугаартай чиргүүл зэрэг тээврийн хэрэгслийн өмчлөгч байна.” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

6. Нэхэмжлэгч ******* нь ******* ӨМҮ улсын дугаартай чирэгч, ******* АЧ улсын дугаартай чиргүүлийг дагалдах бичиг баримтын хамт хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар *******ийг татан оролцуулж, хариуцагч нарт холбогдуулан 2018-2020 онуудад тээврийн хэрэгсэл, чиргүүлийг хууль бусаар эзэмшиж, ашиглан нүүрс тээвэрлэлт хийж олсон орлого 462,976,404 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 180-181, 3 дугаар хавтаст хэргийн 34-36, 41-42, 146-148/

            7. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2015 оноос 2019 онуудад хүртэл хамтран амьдарч байсан ба энэ үед нэхэмжлэгч ******* нь өөрийн зөвшөөрлийн дагуу, өөрийн өмчлөлийн дээрх тээврийн хэрэгслүүдийг *******, түүний хүү ******* нарын эзэмшилд шилжүүлж, хариуцагч нар нь тухайн тээврийн хэрэгслүүдийг ээлжлэн жолоодож, нүүрсний тээвэрт явдаг байсан болох нь тогтоогдож байна.

Харин *******, ******* нар нь тусдаа амьдрах болсон үеэс эхлэн нэхэмжлэгч ******* нь өмчлөлийн зүйлээ хариуцагч нараас шаардаж байсан, 2018-2020 онуудад тээврийн хэрэгсэл, чиргүүлийг хууль бусаар эзэмшиж, ашиглан нүүрс тээвэрлэлт хийж орлого олж байсан гэж мэтгэлцэж байгаа боловч нэхэмжлэгчийн энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, холбогдох нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч нарыг 2018-2020 онуудад тээврийн хэрэгсэл, чиргүүлийг хууль бусаар эзэмшиж байсан гэдгийг  нотолж чадаагүй байх тул нэхэмжлэгч *******гийн шаардах эрхээ хэрэгжүүлсэн хугацааг 2020 оны 02 сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан үеэс эхлэн тооцож, 2020 оны 02 сарын 20-ны өдрөөс хойш хариуцагч нар нь 2020 оны 11 дүгээр сард ******* ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 8 удаа тээвэрлэлт хийж олсон орлого болох 19,083,267 төгрөг, 12 дугаар сард 3 удаа тээвэрлэлт хийж олсон орлого болох 7,229,880 төгрөг, нийт 26,313,147 төгрөгийг бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж олсон үр шим гэж үзэж, хариуцагч *******, ******* нараас гаргуулж, нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

8. Маргаж буй ******* ӨМҮ улсын дугаартай чирэгч, ******* АЧ улсын дугаартай чиргүүл зэрэг тээврийн хэрэгслийн өмчлөгч нь нэхэмжлэгч ******* мөн болохыг тогтоосон учир хариуцагч  *******гийн маргаан бүхий тээврийн хэрэгслүүдийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргаагүй, давж заалдах гомдлын дагуу ирүүлсэн хариу тайлбартаа давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар дурдаагүй боловч 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 08 цаг 58 минутад “...эмээ 91 настай Ж.Долгор нь унаж бэртэн, дунд чөмгөний хугарал гэх  оноштой гэмтлийн тасагт байнгын сахиуртай эмчлүүлж байгаа, надаас өөр асрах хүн байхгүй тул 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү.” гэх хүсэлтийг холбогдох баримтын хамт ирүүлжээ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.” гэж хуульчилсан бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хурал хойшлуулах тухай хүсэлтдээ гарын үсгээ зураагүй, хүсэлтдээ хавсаргаж ирүүлсэн баримтууд нь хуулийн шаардлага хангахгүй хуулбар баримтууд байх тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

10.Нэхэмжлэгчийн гаргасан давж давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,341,300 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  01 дүгээр сарын 25-ны өдрийн 135/ШШ2023/00135 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,341,300  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                  

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.МЯГМАРСҮРЭН                   

                                               ШҮҮГЧИД                                            Л.АМАРСАНАА

                                                                                                          өмЯ.ТУУЛ