Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/ма2023/00569

 

 

 

 

 

 

 

 

2023 03 17 210/МА2023/00569

 

 

Х.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/00230 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Э-ын хариуцагч Н т холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/3061 дугаар шийдвэрээр Х.Э нь Б.Г д 26,750,125 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн. Талууд хөрөнгийн үнэлгээнд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандсан. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тухайн үнэлгээг эрх бүхий байгууллагаар тогтоолгохоор болсон ба төлбөр төлөгч Х.Э од 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 14511 тоот мэдэгдэлд тус орон сууцыг 123,827,600 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдэгдсэн. Уг үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөрөнгийн үнэлгээний М ХХК -ийн 25/Ш тоот үнэлгээг хэд хэдэн шалтгааны улмаас зөвшөөрөхгүй. Орон сууцыг үнэлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд бичигдсэн байрны хуучин хэмжээ болох 30 м.кв талбайтайгаар үнэлсэн. Орон сууцны талбайн хэмжээг тооцохтой холбоотой Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал гэх стандарт мөрдөгдөж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, 2009 оноос өмнө хуучны орон сууцны талбайг хэмжихэд тагт, харанхуй өрөө, хонгилын талбай ордоггүй ба шинэ стандартын дагуу ариун цэврийн өрөө, тагт зэргийг сууцны ашиглалтын талбайд оруулж тооцдог болсон. Дээрх байдлыг оруулж тооцвол 2 өрөө орон сууцны талбайн хэмжээ нь доод талдаа 60м.кв болно. Орон сууцны талбайн хэмжээг зургийн инженер буюу мэргэшсэн архитектор үнэгүй хэмжилт хийдэг. Харин хөрөнгийн үнэлгээний М ХХК -ийн цахим сайтаас гурван зар оруулж, дундажлаад хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан. Дээрх хөрөнгийг үнэлэхдээ шинжлэх ухааны үндэслэл бүхий аргыг хэрэглээгүй, зах зээлийн судалгааг бүрэн гүйцэд хийгээгүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хураасан Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байр, * тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг 123,827,600 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр төлбөр төлөгч Х.Э оос 27,041,825 төгрөгийг гаргуулж Б.Г д олгохоор шийдвэрлэсэн. Х.Э нь тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учраас гуравдагч этгээд Ш.Б, Д.Х нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаанд оруулсан. Талууд, өмчлөгчид хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцох ажиллагааг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр явуулсан боловч төлбөр авагч уг ажиллагаанд оролцоогүй. Иймд талууд үнэлгээг харилцан тогтоогоогүй гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилж, үнэлгээг тогтоолгоход үл хөдлөх эд хөрөнгийг 123,827,600 төгрөгөөр үнэлсэн. Талуудад хөрөнгийн үнэлгээг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 4-130/14510 тоот үнэлэгдсэн үнэлгээний талаарх мэдэгдлээр танилцуулахаар хүлээлгэн өгч, баталгаат шуудангаар хүргүүлж, тэмдэглэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Э-ын хариуцагч Н т холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хөрөнгийн үнэлгээний М ХХК -ийн захирал, үнэлгээчин Б.Э нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо ...манай компани талбайн хэмжилт хийх эрхгүй байгууллага гэдгээ, мөн маргааны зүйл болж буй 2 өрөө байранд хэмжилт албан болон албан бусаар ч хэмжилт хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд хөрөнгийн үнэлгээ нь маргаж буй хоёр өрөө орон сууцны талбайн хэмжээг орон сууцны барилгын доторхи сууцны талбай тооцох аргачлал буюу MNS605852009 дугаартай стандартын дагуу хэдэн м.кв талбайтай болохыг тогтоогоогүй атлаа үнэлгээ гаргасан. Мөн өөрсдөө очиж үзээгүй ижил төсөөтэй гэх орон сууцнуудыг unegui.mn сайт дээр оруулсан үнийн саналын дунджаар тооцож гаргасан. Энэ талаар нэхэмжлэгч талын зүгээс үл хөдлөх хөрөнгийн хувьд талбайн хэмжээг бүхий байгууллагаар тогтоолгох нь зах зээлийн үнийг тогтооход чухал ач холбогдолтой талаар шүүх хуралдааны явцад удаа дараа хэлсэн боловч авч хэлэлцээгүй. Иймээс 2 өрөө орн сууцны зах зээлийн үнийг үнэн зөв, бодитой тогтоохын тулд эрх бүхий этгээдээр талбайн хэмжилт хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа болно. Дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзэж 00230 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч Н т холбогдуулан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/03061 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2348 дугаар магадлалаар хариуцагч Х.Э оос 26,750,125 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г д олгож шийдвэрлэжээ. /хх63-68, 69-75/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх учиртай.

4. Хариуцагч Н нь дээрх шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, үнийн санал авах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тус тус заасан журмын дагуу явуулсан болох нь хэрэгт авагдсан эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол, үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх76-89/

5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр М ХХК -ийг шинжээчээр томилж, шинжээч М ХХК нь төлбөрт хураагдсан Ш.Б, Д.Х нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байр, * тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг 123,827,600 төгрөгөөр үнэлж, Н т ирүүлжээ. /хх93-127 / Мөн дээрх үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

6. Хариуцагч Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч Х.Э од 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр танилцуулсан болох нь хэрэгт авагдсан мөн өдрийн 4-130/14511 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар /хх-130/ тогтоогдож байна.

7. М ХХК үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн үнэлгээний орлогын, зах зээлийн, өртгийн хандлагын аргыг ашиглан ойролцоо байршилд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулан үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

8. Нэхэмжлэгч нь ...Б.Э нь анхан шатны шүүх хуралдааны явцад манай компани талбайн хэмжилт хийх эрхгүй гэж хүлээн зөвшөөрсөн. гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ. М ХХК -ийн захирал Б.Э т Сангийн сайдаас хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий 07120004 дугаартай гэрчилгээ олгосон, уг зөвшөөрлийн хугацааг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар сунгасан баримт хэрэгт авагдсан байх ба гэрч Б.Э ын дээрх тайлбар нь өөрийгөө хөрөнгийн үнэлгээ хийх эрхгүй гэсэн агуулгыг илэрхийлээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. /хх124-126/

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь орон сууцны барилгын доторхи сууцны талбай тооцох аргачлалын дагуу хэдэн м.кв талбайтай болохыг тогтоогоогүй, очиж үзээгүй, үнэгүй.мн сайтад оруулсан үнийн саналын дунджаар тооцсон гэх агуулгаар гаргасан гомдолд үндэслэлгүй. Шинжээч дүгнэлт гаргахдаа үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгийн байршил, зориулалт зэргийг харгалзан зах зээлд худалдан борлогдож байгаа бусад ижил төсөөтэй хөрөнгүүдтэй харьцуулах байдлаар хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлж, холбогдох сайтын зургуудыг тайландаа хавсаргасан /хх120-123/ байна. Энэ үйл баримтыг нэхэмжлэгч нар няцаах буюу шинжээч нь ...орон сууцны барилгын доторхи сууцны талбай тооцох аргачлалын дагуу хэдэн м.кв талбайтай болохыг тогтоогоогүй, очиж үзээгүй, үнэгүй.мн сайтад оруулсан үнийн саналын дунджаар тооцсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/00230 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Д.ЦОГТСАЙХАН