Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00528

 

 

2023 03 13 210/ШЗ2023/00528

Д.Ц ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/00207 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Ц ын нэхэмжлэлтэй, хариуцагч С ХХК-д холбогдох урьд эрхэлж байсан хүний нөөцийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 24,278,715 төгрөг, алданги 8,798,606 төгрөг, нийт 33,077,321 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Д.Ц нь 2014 оны 04 сараас хариуцагч компанид ажилд орсон. Ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6, 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 2.9.1, 2.11, 6.2.1 дэх заалтыг тус тус үндэслэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт Энэ хуулийн 58.1.3, 139.1-д зааснаас бусад тохиолдолд хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно гэж заасан. Уг заалтаар нийт ажилласан хугацаа 2 жилээс дээш бол хугацаагүй гэрээ гэж тооцохоор байна. 2022 оны 04 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, хугацаатай гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасныг анхаарч үзэлгүй ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан өөрчлөлтийг оруулсан. Хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэж, ямар нэгэн тэтгэмж олгохгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 09 сарын 30-ны өдрийн *** дугаар тушаалаар дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох мэдэгдлийг 2022 оны 08 сарын 30-ны өдөр хүлээж авснаас хойш хариуцагч байгууллагад удаа дараа хөдөлмөрийн эрхийн маргааныг эвийн журмаар шийдвэрлүүлэх, хэлэлцээр хийх талаар мэдэгдэл хүргүүлэхэд ямар ч хариу өгөөгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу цалин хөлс, мөн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцож, 2022 оны 10 сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 24,278,715 төгрөг, алданги 8,798,606 төгрөг, нийт 33,077,321 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: С ХХК нь төв суурин газраас хол бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг эрчим хүч, зам, барилга, геологийн хайгуул, уул уурхайн компаниудад тохилог орчинтой хээрийн болон суурин кемп байгуулж, нийтийн хоол, угаалга цэвэрлэгээ, засвар үйлчилгээ зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, ажлын хүрээ хязгаар нь гуравдагч этгээдээс шууд хамааралтай байдаг. Тиймээс бид ажилтнуудтай жил бүр хугацаатай гэрээ байгуулдаг бөгөөд нэхэмжлэгчтэй 2021 оны 04 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Ингээд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2022 оны 03 сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байсан тул ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 сарын 01-ний өдөр шинэчлэн байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6, ажил олгогч болон О ХХК-ийн хооронд байгуулсан *** тоот гэрээний хугацаанд үндэслэн гэрээг хугацаатай байгуулахаар тохиролцож, 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс *** тоот гэрээний хугацаа дуусгавар болох өдөр гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд гэрээ байгуулах явцад гэрээний дээрх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй үзүүлээгүй тул гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Хөдөлмөрийн гэрээний дээрх заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасантай бүрэн нийцсэн гэж ажил олгогчийн зүгээс үзсэн. Хөдөлмөрийн тухай хууль 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх заалтыг хэрэглэх нөхцөл байдал үүсээгүй. Нэхэмжлэгчтэй байгуулсан 2021 оны хөдөлмөрийн гэрээний хугацаа болон 2022 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааны зохицуулалт яг адилхан байсан бөгөөд 2022 оны 04 сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулсан гэж үзэх үндэслэлгүй. Хөдөлмөрийн гэрээний 2.6.1-д нэхэмжлэгчийн цалин хөлсийг өмнөх 2021 оны гэрээний 1.5-д заасан цалин хөлснөөс 14.2%-аар нэмэгдүүлж, ажилтны ээлжийн хуваарийг 28/14 байсныг 14/14 болгон өөрчилж, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулан гэрээг шинэчлэн байгуулсан. Нэхэмжлэгчийн хувьд хөдөлмөрийн гэрээний хугацааг хүлээн зөвшөөрч 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд ажилласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийн талаар зохицуулсан бөгөөд 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт тэтгэмж олгох үндэслэлүүдийг дурдсан. Нэхэмжлэгчийн хувьд дээрх үндэслэлүүдийн аль нь ч үүсээгүй байсан тул тэтгэмж өгөх үндэслэлгүй гэж үзсэн. Дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэл нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга 2021 он/ 158 зүйлийн 158.2.2, 124 дүгээр зүйлийн 124.1, 127 дугаар 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 24,278,714.76 төгрөг, алданги 8,798,606.23 төгрөг, нийт 33,077,320.99 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай Д.Ц ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй процессын алдаа гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчмыг ноцтой зөрчиж нэг талд давуу байдал бий болгосон тул шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. 2022 оны 12 сарын 22-ны өдөр гэрч асуулгах хүсэлт гаргасан. Тус хуралд гэрчээр Б.Буяндэлгэр оролцсон бөгөөд тухайн цаг хугацаанд хариуцагч компанийн дотоод журам батлагдаагүй талаар мэдүүлсэн. Гэвч анхан шатны шүүхийн тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгийн аль ч хэсэгт бичигдээгүй байна. Мөн 2022 оны 09 сарын 30-ны өдрийн *** дугаартай ажлаас халах тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6, 78 дугаар зүйлийн 78.1.3, 2022 оны 04 сарын 01-ний өдөр ажилтантай байгуулсан *** тоот хөдөлмөрийн гэрээний 2.9.1, 2.11, 6.2.1-д тус тус заасныг үндэслэсэн байна. Тушаалын үндэслэлд байхгүй хөдөлмөрийн дотоод журам хаанаас гараад ирэв, мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл яагаад болов гэх зэрэг нөхцөл байдал байхад хариуцагч талд ашигтай байдлаар тайлбарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.б. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагч С ХХК-ийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь Катерингийн үйлчилгээ-ний чиглэлтэй болон *** дугаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Хариуцагч С ХХК нь өнөөдрийн байдлаар гадаад худалдаа, катерингийн үйлчилгээ, автомашин ачаа тээвэрлэх, хүнсний агуулах зэрэг нийт 4 чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

4.в. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж заасан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь ажлаас халах үндэслэл болсон хуулийн заалт нь шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйл, 78 дугаар зүйл заалтууд байхад анхан шатны шүүхээс хүчингүй болсон хуулийн заалтыг хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хууль нь буцаан хэрэглэдэггүй байхад анхан шатны шүүхээс хариуцагч талд ашигтай байлгах зорилгоор хүчингүй болсон хуулийг тайлбарлаж хэрэглэсэн. Маргааны зүйл болох хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 сарын 01-ний өдөр байгуулсан. Иймд шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэж, тайлбарлах байсан.

4.г. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ажил олгогч нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр *** дугаар Хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн гэрээний хугацааг Ажил олгогч болон О ХХК-ийн хооронд байгуулсан *** тоот гэрээний хугацаанд үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс *** тоот гэрээний хугацаа дуусгавар болох өдөр хүртэл хугацаатайгаар гэрээг байгуулжээ гэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хариуцагч талд ашигтай байдлаар тайлбарлаж, үндэслэл болгон хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна гэж заасан. Гэтэл ажил олгогч дээр дурдсанаар нөхцөлийг нь дордуулахгүй гэсэн боловч дордуулж хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: С ХХК-ийн ажлын хүрээ нь гуравдагч этгээдээс шууд хамааралтай байдаг. Тиймээс бид ажилтнуудтай жил бүр хугацаатай гэрээ байгуулдаг бөгөөд нэхэмжлэгчтэй 2021 оны 04 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2-т заасны дагуу хэдийгээр хууль 2022 оны 01 сараас мөрдөгдөж эхэлсэн ч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах хүртэл 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ дагаж мөрдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай нийцүүлэн хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 сарын 01-ний өдөр шинэчлэн байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх заалтыг хэрэглэх нөхцөл байдал үүсээгүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжээд жил л болж байгаа бөгөөд хууль үйлчилж эхлэх хугацаагаа өөртөө заасан, энэ хугацаанаас тоолж үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан шиг 2 жил болоогүй билээ. Нэхэмжлэгчтэй байгуулсан 2021 оны хөдөлмөрийн гэрээний хугацаа болон 2022 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааны зохицуулалт ижил байсан бөгөөд 2022 оны 04 сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Энэ нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл болохгүй. Мөн үнэхээр хөдөлмөрийн гэрээ нь ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байсан бол 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8, 2022 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасны дагуу холбогдох хуулийн байгууллагад хандаж хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааныг үүсгэх боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд хөдөлмөрийн гэрээний хугацааг хүлээн зөвшөөрч 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд ажилласан. Нэгэнт нэхэмжлэгч уг гэрээг хүлээн зөвшөөрсөн, ямар нэгэн хөдөлмөрийн маргаан үүсгээгүй байсан тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь заалтын дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийн талаар зохицуулсан бөгөөд 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт тэтгэмж олгох үндэслэлүүдийг дурдсан. Нэхэмжлэгчийн хувьд дээрх үндэслэлүүдээс аль нь ч үүсээгүй тул тэтгэмж өгөх үндэслэлгүй болно. Дээрх үндэслэлээр хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэл нь хуульд нийцсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч С ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан хүний нөөцийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 24,278,715 төгрөг, алданги 8,798,606 төгрөг, нийт 33,077,321 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 33-35, 115-116/

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...Хөдөлмөрийн тухай хуульд /2021 оны/ анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцохоор зохицуулсан, ажил олгогч ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан хөдөлмөрийн гэрээг байгуулсан... гэсэн агуулгаар тайлбарладаг бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон тул хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон, ажилтан өөрөө зөвшөөрч хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, тушаал хуульд нийцсэн... гэсэн агуулгаар тайлбарласан маргасан байна.

 

3. С ХХК-ийн захирлын 2022 оны 09 сарын 30-ны өдрийн *** тоот тушаалаар хүний нөөцийн менежер Д.Ц тай байгуулсан *** тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, Д.Ц ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх ба уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6, 78 дугаар зүйлийн 78.1.3, хөдөлмөрийн гэрээний 2.9.1, 2.11, 6.2.1-д заасныг үндэслэжээ. /хх 4/

Ажил олгогчийн зүгээс ажилтанд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй талаар 2022 оны 08 сарын 30-ны өдөр мэдэгдсэн, дээрх тушаалыг эс зөвшөөрч ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна. /хх 2-арын нүүрний дардас, 36/

 

4. Талууд 2022 оны 04 сарын 01-ний өдөр *** тоот хөдөлмөрийн гэрээг байгуулж, ажил олгогч нь ажилтныг Хүний нөөцийн хэлтсийн хүний нөөцийн менежерээр ажиллуулах, сарын үндсэн цалин 3,127,000 төгрөг, урамшуулалт цалин 272,000 төгрөгөөр цалинжуулах, *** тоот гэрээний хугацаа дуусгавар болох хүртэлх хугацаатай байх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 14-17/

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж болохоор зохицуулжээ.

С ХХК-ийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг улсын бүртгэлийн гэрчилгээнд катерингийн үйлчилгээ гэж тэмдэглэсэн, мөн өмнө нь талууд 2020 оны 04 сарын 01-ний өдөр, 2021 оны 04 сарын 01-ний өдрүүдэд хөдөлмөрийн гэрээг тус тус нэг жилийн хугацаатай байгуулж байсан зэрэг үйл баримтаас үзэхэд ...ажлын хүрээ хязгаар нь гуравдагч этгээдээс шууд хамааралтай байдаг учир бид ажилтнуудтай жил бүр хугацаатай гэрээ байгуулдаг... гэх хариуцагч талын тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй. /хх 21, 38-42, 81/

Өөрөөр хэлбэл, ажил олгогч С ХХК нь ажилтан Д.Цтай хөдөлмөрийн гэрээг *** тоот гэрээний хугацаа дуусгавар болох хүртэлх хугацаагаар байгуулсныг буруутгах боломжгүй юм.

Түүнчлэн, 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан тул ажил олгогч мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт ...хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно гэж заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Иймд талууд 2022 оны 04 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулах үед Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөөд 4 сарын хугацаа өнгөрсөн байсан, өмнөх Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн дагуу байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацааг хоёр жил-ийн хугацаанд оруулан тооцох боломжгүй учир ...ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан... гэж үзэхгүй.

 

6. Хэрэгт О ХХК, С ХХК-ийн хооронд байгуулагдсан *** тоот Кэмп байгууламжийн менежментийн үйлчилгээ-ний гэрээ авагдсан, уг гэрээний хугацаа 2022 оны 09 сарын 30-ны өдөр дуусгавар болсон байх тул ажил олгогчийн зүгээс Д.Ц тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг 2022 оны 09 сарын 30-ны өдрөөр дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6, 78 дугаар зүйлийн 78.1.3, 2022 оны 04 сарын 01-ний өдөр *** тоот хөдөлмөрийн гэрээний 2.9.1, 2.11, 6.2.1-д тус тус заасантай нийцсэн байна. /хх 152-153, 158-159/

Ажилтан Д.Ц ыг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгох зохицуулалтын аль ч үндэслэлд хамаарахгүй байх тул ...ажил олгогч ажилтанд тэтгэмж олгоогүй... гэх нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

7. С ХХК-ийн захирлын 2022 оны 09 сарын 30-ны өдрийн *** тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний холбогдох зүйл, заалтыг үндэслэсэн учир шүүх эдгээр үндэслэлийг хянана.

Иймд ...хариуцагч компанийн хөдөлмөрийн дотоод журам батлагдаагүй байсан талаар гэрч мэдүүлсэн, анхан шатны шүүх энэ талаар дүгнээгүй, хөдөлмөрийн дотоод журмыг ажил олгогчид ашигтайгаар тайлбарласан... гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

8. Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед үүссэн, уг үйл баримтыг дүгнэхдээ анхан шатны шүүх дээрх хуулийг тайлбарлаж хэрэглэсэн байх тул ...анхан шатны шүүх хүчингүй болсон хуулийн заалтыг хэрэглэсэн... гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

9. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/00207 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл давж заалдах гомдлын улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР