Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00530

 

 

2023               03            13                                      210/МА2023/00530

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/00088 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ж” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 3,081,982,395 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Г, Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: ““Ж” ХХК-тай Б нүүрсний уурхайн төслийн хөрс хуулалтын ажил гүйцэтгэх №*** тоот гэрээг 2019 оны 02 сарын 25-ны өдөр байгуулж, улмаар хөрс хуулалтын гэрээт ажлыг эхлүүлэн 2019 оны 08 сард дуустал ажиллаж, нийт 1,285,000 м.куб уулын ажлыг мэргэжлийн болон чанарын түвшинд хийж гүйцэтгэсэн. Хариуцагчийн зүгээс гэрээний дагуу гүйцэтгэлээр төлбөл зохих нийт 10,053,727,548.65 төгрөгөөс өнөөдрийн байдлаар 2,420,106,184.24 төгрөг төлөгдөөгүй ба гэрээний 15.2-т заасны дагуу тооцсон алданги болох 661,876,210.66 төгрөг, нийт 3,081,982,394.9 төгрөгийг манайд төлөх үүрэгтэй. 2019 оны 02 сарын 25-ны өдрийн гэрээний үүргийн төлбөр нь 1,691,244,071.38 төгрөг, алданги 661,876,210.66 төгрөг, 2018 оны 11 сарын 19-ний өдрийн гурвалсан гэрээний үүрэг 728,862,113 төгрөг, нийт 3,081,982,394.9 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. “Б” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулахаар гурвалсан гэрээ байгуулсан бөгөөд түүний төлбөрийг “Ж” ХХК төлж барагдуулахаа илэрхийлж, тооцоо нийлж, албан тоот хүргүүлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: ““Ж” ХХК нь “О” ХХК-тай *** газарт хэрэгжүүлж байгаа Б нүүрсний уурхайн төслийн хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр 2019 оны 02 сарын 25-ны өдөр №*** тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу “О” ХХК-аар нийт 8,000,000 м.кв бүхий хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэх, 1 м.кв-ын үнэ 6,336 байхаар харилцан тохиролцсон. “О” ХХК нь 2019 оны 08 сарыг дуустал 1,285,000 м.кв бүхий уулын ажлыг хийж гүйцэтгэсэн ба манай компани гэрээний үүргийн дагуу 2019 онд 7,364,720,677.27 төгрөг, 2021 онд 268,900,687.14 төгрөг, нийт 7,633,621,364.41 төгрөгийг төлсөн. “О” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд 2018 оны 02 сарын 07-ны өдөр №*** тоот Оын үйлчилгээний гэрээ байгуулсан ба тус гэрээнд Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших чулуун нүүрсний уурхайд Оын ажил үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон. “О” ХХК нь “Б” ХХК-д нийт 6,869,872,083.52 төгрөг төлөх ёстой ба сул зогсолтын төлбөр 617,730,000 төгрөг, төлбөр төлөөгүйгээс үүссэн алданги 738,344,885.86 төгрөг буюу нийт баталгаажаагүй 1,381,468,385.86 төгрөгийн “Б” ХХК-ийн өр төлбөрийг “Ж” ХХК нь “О” ХХК-д 40,000 тонн нүүрс өгөх замаар төлөх буюу нүүрс борлуулж төлөх байдлаар харилцан тохиролцож Иргэний хуулийн 343-358 дугаар зүйл болон бусад холбогдох хууль тогтоомжийг үндэслэн хамтран ажиллах шилжилтийн хугацааны гурвалсан гэрээ байгуулсан. “О” ХХК мөн уул уурхай ашигт малтмал Оын ажил үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй байсан тул “Б” ХХК болон “О” ХХК-ийн хооронд байгуулагдсан №*** тоот гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм. Үүнтэй холбоотойгоор “Б” ХХК, “О” ХХК, “Ж” ХХК-ийн хооронд хийгдсэн гурвалсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ. Иймд “О” ХХК нь гурвалсан гэрээний үлдэгдэл 2,172,634,479.40 төгрөгийг “Жавхлан Орд” ХХК-аас шаардах эрхгүй юм. Нэхэмжлэгч тал гэрээний хүрээнд хийгдсэн ажлын дагуу манай компанийн шилжүүлсэн төлбөр мөнгийг “Б” ХХК-ийн өрөнд суутган тооцож байсан төдийгүй 2019 оны байдлаар манай компани “О” ХХК-д 247,471,704.84 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байтал гурвалсан гэрээний үлдэгдэл төлбөр 2,172,634,479.40 төгрөгийг нэмж, нийтдээ 2,420,106,184.24 төгрөгийг нэхэмжилж байгаа нь илт хууль бус үйлдэл юм. “О” ХХК нь “Б” ХХК-ийн гэрээний төлбөр дээр давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйл ажиллагаагаа явуулаагүй үед сул зогсолтын төлбөр 617,730,000 төгрөг, алданги 738,344,885.86 төгрөгийг нэхэмжилж байгаа нь илт хууль бус үйлдэл юм. “О” ХХК нь “Б” ХХК-ийн гэрээний төлбөр дээр давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйл ажиллагаагаа явуулаагүй үед сул зогсолтын төлбөр 617,730,000 төгрөг, алданги 738,344,885.86 төгрөгийг нэмж үндсэн төлбөр дээр 1,356,074,885.86 төгрөгийг нэмж тооцсон төдийгүй “О” ХХК нь “Ж” ХХК-тай байгуулсан 2019 оны 02 сарын 25-ны өдрийн №*** тоот гэрээний төлбөрийн алданги 661,876,210.66 төгрөгийн талаар тооцоо тулгаагүй, албан ёсоор мэдэгдэж баталгаажуулаагүй тул гэрээний дагуу төлбөр төлөөгүй хугацааны алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ж” ХХК-аас 2,673,912,792.24 төгрөгийг гаргуулж, “О” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 408,069,600.66 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,567,861.97 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Ж” ХХК-аас 13,527,514 төгрөг гаргуулж “О” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2019 оны 02 сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 8,000,000 м.куб хөрс хуулалтын ажлыг хийхээр тохиролцсон боловч нэхэмжлэгчийн хувьд 1,285,000 м.куб хөрс хуулалтын ажлыг хийсэн байдаг. Хариуцагчийн зүгээс тухай ажлын гүйцэтгэлд 8,141,760,000 төгрөг төлөхөөс 7,633,621,364 төгрөг төлсөн ба үлдэгдэл 508,138,636 төгрөгийг төлнө. Харин илүү нэхэмжилсэн төлбөрийг  төлөх үндэслэлгүй гэх байр суурийг илэрхийлж оролцсон. Гэтэл анхан шатны шүүх “...”Ж” ХХК 2,689,006,871.38 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан тулган баталгаажуулав...”, “...“Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2021.05.18-ны өдрийн *** албан тоотоор ... Үлдэгдэл 2,689,006,871.38 төгрөгийг ... төлөх хуваарь гарган “О” ХХК-д хүргүүлсэн байна...”, “...2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний үүргийн төлбөр нь 1,691,244,071.38 төгрөг, алданги 661,876,210.66 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гурвалсан гэрээний үүрэг 728,862,113 төгрөг, нийт 3,081,982,394.9 төгрөг нэхэмжилсэн...”, “...хариуцагч гурвалсан гэрээний үүргийг манайх хариуцахгүй гэх боловч төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн...” гэж дүгнэсэн.

4.б. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрээний үүрэгт хамаарах төлбөр, алданги, гурвалсан гэрээний үүрэг гэх байдлаар ялгаж өгсөн атлаа гурвалсан гэрээний дагуу шаардлага гаргаагүй байхад түүнийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосон нь утга агуулгын хувьд алдаатай, харилцан эсрэг дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна.

4.в. 2018 оны 11 сарын 19-ний өдрийн гурвалсан гэрээ нь хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан байдаг. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх гурвалсан гэрээгээр “Ж” ХХК ямар нэгэн байдлаар мөнгөн төлбөрийн үүрэг хүлээгээгүй гэдэг нь харагдаж байна. Мөн гурвалсан гэрээний үүргийг “Ж” ХХК-д өр шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлээгүй тухай нэхэмжлэгч тал тайлбарладаг бөгөөд Иргэний хуульд зааснаар  тухайн өр шилжих гэрээг анх байгуулсан хэлбэрээр шилжүүлнэ гэж заасан байдаг. “О” ХХК, “Б” ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсийг төлөх үүрэг үүссэн байх ба энэхүү гэрээг бичгээр байгуулсан. “Ж” ХХК-ийн хувьд тухайн өрийг шилжүүлэн авч байгаа бол мөн адил анх хийсэн хэлбэрээр буюу бичгээр гэрээ байгуулах ёстой байсан ба энэ талаар тусгайлан хийсэн гэрээ байхгүй. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл байхаар байна. Гэтэл шүүх гурвалсан гэрээтэй холбоотой төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.г. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлохдоо “...2019 оны 02 сарын 25-ны өдөр байгуулагдсан “Б нүүрсний уурхайн хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэх гэрээг үндэслэж гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардаж байна...” гэдэг. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагч 2021 онд 268,900,387 төгрөгийг шилжүүлэхдээ 2019 оны 02 сарын 25-ны өдрийн гэрээний үүрэгт шилжүүлсэн гэх боловч “Ж” ХХК аль үүргийн гүйцэтгэлийн төлбөр шилжүүлсэн талаар дурдаагүй тул гурвалсан гэрээний төлбөрт суутгасныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан эрх нь үүрэг гүйцэтгэгчид олгосон эрх болохоос үүрэг гүйцэтгүүлэгч тухайн төлбөрийг аль үүрэг хамаарахыг шийдэх эрх хуулиар олгогдоогүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: “”Б” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулахаар гурвалсан гэрээ байгуулсан бөгөөд түүний төлбөрийг “Ж” ХХК төлж барагдуулахаа илэрхийлж, тооцоо нийлж, албан тоот хүргүүлж байсан. Бид нар нэхэмжлэл гаргахдаа алдангийг гэрээнд үндэслэн дурдаж оруулсан. Мөн өмнөх жилийн авлага, өглөгийг гурвалсан гэрээг хавсаргасан. “Ж” ХХК манай компани руу 2019 оны 12 сарын 24-ний өдөр явуулсан албан бичгийн хариу болгож 2019 оны 12 сарын 30-ны өдөр ирүүлсэн албан бичигтээ 2,695,000,000 төгрөгийн авлагатай, алданги тооцвол 668,000,000 байна гэж дурдсан. Энэ үйлдэл нь манай авлагын хэмжээ энэ дүнгээр байна гэж баталж байгаа юм. Тухай бүрд нь ийм алданги үүсэж байгаа шүү гээд мэдэгдэж байсан. “Жавхлан Орд” ХХК-ийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авсан ба тэр мэдүүлэгт манай авлага, өглөгийн хэмжээ таарч байгааг дурдсан. Гэрчээс алдангийн дүн дээр маргаан байна уу гэхэд гэрээний дагуу таарч байна гэж хэлсэн тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 2,420,106,184 төгрөг, алданги 661,876,211 төгрөг, нийт 3,081,982,395 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ. /хх 1-2/

Хариуцагч “Ж” ХХК нь дээрх шаардлагаас 508,138,636 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг “...гэрээний дагуу нэхэмжлэгчид нийт 8,141,760,000 төгрөг төлөхөөс 7,633,621,364 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч нь гэрээний дагуу манай шилжүүлсэн мөнгийг “Б” ХХК-ийн өр төлбөрт суутган тооцож байсан нь үндэслэлгүй, гурвалсан гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй...” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 34-36/

3. Талууд 2019 оны 02 сарын 25-ны өдөр “Б нүүрсний уурхайн хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр “О” ХХК нь 2019 оны 02 сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Б нүүрсний уурхайд 8,000,000 м.куб хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэх, “Ж” ХХК нь 1 м.куб хөрс хуулалтын ажлыг 6,336 төгрөгөөр тооцож хөлс төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 7-16/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “...2019 оны 02 сарын 25-ны өдөр хөрс хуулалтын ажлыг эхлүүлэн 2019 оны 08 сарыг дуустал ажилласан...” гэж дурдсан ба хариуцагч энэ талаар маргаагүй.

Иймд 2019 оны 08 сарын 31-ний өдрийн байдлаар “О” ХХК-ийн “Ж” ХХК-аас авах авлагыг 1,770,524,071 төгрөг гэж тодорхойлсон “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоно. /хх 134/ Учир нь:

4.а. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт нягтлан бодогч нь компанийн эрх бүхий албан тушаалтанд хамаарахаар, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д нягтлан бодогч нь тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулахаар тус тус зохицуулсан;

4.б. Мөн дээр дурдсан “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтад гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарсан Б.Б нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгч, уг баримтын үнэн зөвийг гэрчилсэн.

5. Харин хэрэгт авагдсан 2019 оны 10 сарын 31-ний өдөр, 2019 оны 11 сарын 04-ний өдөр, 2020 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар талуудын өр, авлагыг тодорхойлсон “Тооцооны үлдэгдлийн баталгаа”, “Тооцоо нийлсэн акт” гэх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзэв. Учир нь, эдгээр баримтууд хөрс хуулалтын ажил дууссан 2019 оны 08 сарын 31-ний өдрөөс хойшхи цаг хугацаанд хамаарч байна. /хх 18, 104, 136/  

6. Хэргийн 46-50-р талд авагдсан, талуудын тайлбарт дурдагдаж буй “О” ХХК, “Ж” ХХК, “Б” ХХК нарын хоорондын 2018 оны 11 сарын 19-ний өдрийн “Хамтран ажиллах шилжилтийн хугацааны гурвалсан гэрээ”-тэй холбоотой төлбөр тооцооны асуудлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй. /хх 46-50/

Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрээний нэг тал болох “Б” ХХК оролцоогүй, мөн гурвалсан гэрээний үүргийн талаарх тооцоо нийлсэн актыг “О” ХХК, “Ж” ХХК-ийн нягтлан бодогч нар үйлдэж, “Б” ХХК-ийн нягтлан бодогч оролцоогүй болох нь тогтоогдсон.

7. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ж” ХХК нь нэхэмжлэгч “О” ХХК-д 1,770,524,071 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2021 оны 10 сарын 12-ны өдөр 268,900,687 төгрөг төлсөн тул үлдэгдэл 1,501,623,384 төгрөгийг төлөх үүргийг хүлээнэ. /хх 94/

Талууд гэрээний 15.2-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,3 хувийн алданги төлөх, нийт төлөх алдангийн хэмжээ төлөх ёстой төлбөрийн 15 хувиас хэтрэхгүй байхаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтад харшлахгүй тул хариуцагчаас 1,501,623,384 төгрөг х 15 хувь = 225,243,508 төгрөгийн алданги гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. /хх 14/

8. Нэхэмжлэгч нь “Ж” ХХК-ийн 2019 оны 12 сарын 30-ны өдрийн ***тоот, 2021 оны 05 сарын 18-ны өдрийн *** тоот албан бичгүүдээр хариуцагч нийт 2,689,006,871 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан болох нь нотлогдоно гэж тайлбарлаж байна. /хх 25, 54/

“Ж” ХХК-ийн захирал нь гадаад улсын иргэн болох нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хийгдсэн тэмдэглэгээгээр тогтоогдсон, дээрх албан бичгүүдийг эх хэл дээрээ үйлдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар эдгээр баримтыг үнэлэх боломжгүй.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/00088 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ж” ХХК-аас 1,726,866,891 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,355,115,504 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...56.1...” гэснийг “...56.2...” гэж, “...13,527,514...” гэснийг “...8,792,284...” гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ж” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 02 сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 10,986,820 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                          

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЗОЛЗАЯА     

                                ШҮҮГЧИД                                      Э.ЭНЭБИШ

                                                                                       Д.НЯМБАЗАР