Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00602

 

   

2023 03 20 210/МА2023/00602

 

Д.З нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00100 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.З, Ц.Ц нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш ХХК, А.Б нарт холбогдох, орон сууцыг А.Бгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, гэрээний дагуу алданги 28,654,192 төгрөг, хохирол 10,400,000 төгрөг, нийт 39,054,192 төгрөгийг Ш ХХК-аас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2020 оны 05 сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, урьдчилгаанд өгсөн 27,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ш ХХК-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ц, нэхэмжлэгч Д.З ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нар нэхэмжлэл, тайлбартаа: Д.З миний бие *** тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг 2018 оны 10 сарын 05-ны өдөр А ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, төлбөрөө бүрэн төлж, хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн. Дээрх орон сууцыг 2020 оны 05 сард Ш ХХК-д худалдсан боловч гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй 11 сарын хугацаа өнгөрлөө. Иймд Д.З , Ц.Ц болон Ш ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 05 сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг цуцалж, тус гэрээний 5.2-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2%-тай тэнцэх хэмжээний алданги буюу 28,654,192 төгрөг, түүнчлэн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч нарт учирсан хохирол 10,400,000 төгрөг, нийт 39,054,192 төгрөгийг хариуцагч Ш ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2.   Хариуцагч Ш ХХК нь хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Ш ХХК нь 2020 оны 05 сарын 09-ний өдөр Ц.Ц тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, *** тоотод байрлах, 71,06 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнэ 2,200,000 төгрөгөөр тооцож, нийт 156,332,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Дээрх тохиролцооны дагуу Ц.Ц д 2020 оны 05 сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 05 сарын 20-ны өдөр 7,000,000 төгрөг, 2020 оны 06 сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөг төлсөн. Гэтэл дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас барилгын салбарт хүндрэл гарч, манай компанийн үйл ажиллагаа зогсонги байдалтай болсон ба үүнээс үүдэн нэхэмжлэгчид үлдсэн төлбөрөө төлж чадаагүй. Бидний хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн буюу Ц.Ц нь маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрхтэй болохоо нотлохгүйгээр тухайн гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл, өмчлөгч Д.З ын зөвшөөрөлгүйгээр тухайн гэрээ байгуулагдсан байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахаар байна. Түүнчлэн, Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх үүсгэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангагдаагүй. Иймд тухайн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Ц аас 27,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.   Хариуцагч А.Б хариу тайлбартаа: А.Б нь 2019 оны 12 сарын 05-ны өдөр Ш ХХК-ийн захирал Д.Б тай гэрээ байгуулж, тухайн компанийн барьж байсан *** байршилтай 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 83,000,000 төгрөг, 2019 оны 11 сарын 30-ны өдөр 19,300,000 төгрөг, 2019 оны 12 сарын 05-ны өдөр 1,302,000 төгрөг, 2020 оны 05 сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 108,602,000 төгрөгийг төлсөн. Улмаар байрандаа 2020 онд нүүн орж, өнөөдрийг хүртэл хугацаанд амьдарч байна. Гэтэл нэхэмжлэгч нар А.Б ийн амьдарч буй орон сууцны гэрчилгээг 2021 оны 04 сарын 05-ны өдөр гаргуулан авч, нэхэмжлэл гаргажээ. Тухайн үед энэ байрыг давхар хэн нэгэнд зарсан талаар мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй. Иймд А.Б д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.   Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ш ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. А.Б болон Ш ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээнээс харахад тухайн гэрээнд дурдсан орон сууцны байршил нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн байртай таарахгүй, өөр байршилд, өөр орон сууц худалдах авах агуулгатай гэрээ хийсэн атлаа нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцанд орж, амьдраад түүнийг чөлөөлж өгөхгүй гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн, Ш ХХК-тай байгуулсан 2020 оны 05 сарын 09-ний өдрийн гэрээг цуцалж, өгсөн авснаа буцаах шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл, гэрээний дагуу хүлээн авсан 27,000,000 төгрөгийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй, гагцхүү гэрээ байгуулсан, тухайн гэрээ хүчинтэй, гэхдээ бид одоо цуцлах шаардлага гаргаж байгаа тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй болно гэжээ.

 

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Б ийн хууль бус эзэмшлээс *** тоотод байрлах 71,06 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.5 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.Ц болон Ш ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 05 сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Ш ХХК-аас алданги 28,654,192 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 10,050,000 төгрөг, нийт 38,704,192 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.З , Ц.Ц нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 350,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ц, Д.З нарт холбогдох Ц.Ц болон Ш ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 05 сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Ш ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Ц, Д.З нараас худалдах, худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан 27,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Ш ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Ц, Д.З нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,127,448 төгрөг, хариуцагч Ш ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 939,610 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бгаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц, Д.З нарт, мөн хариуцагч Ш ХХК-аас 292,950 төгрөгийн нөхөн гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн ***1 тоот дансанд оруулж, мөн Ш ХХК-аас 998,131 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц, Д.З т нарт олгож шийдвэрлэжээ.

6.   Хариуцагч Ш ХХК давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь нотлох баримтад тулгуурлаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж тул эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.а. Ц.Ц болон Ш ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 05 сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Ц.Ц нь өөрийн хууль ёсны өмчийг худалдсан бол шаардах эрх нь нээлттэй. Гэтэл улсын бүртгэлийн гэрчилгээнд Ц.Цгийн нэр байхгүй нь анхнаасаа гэрээ байгуулах, худалдах эрхгүй этгээд болох нь тогтоогдож байна. Мөн Ц.Цд маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч болох Д.З аас худалдан борлуулах эрх олгосон итгэмжлэл байхгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчсөн, мөн хуулийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл байх тул гэрээ байгуулагдсан үеэс эхлэн хүчин төгөлдөр бус байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж өгнө үү.

6.б. Маргаан бүхий орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хийгдэх цаг хугацаандаа нотариатаар гэрчлүүлээгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй байдаг. Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар Ц.Ц нь урьдчилсан тэмдэглэлийг хийлгээгүй, хийлгэх ч эрхгүй этгээд байна.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 гэснийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 гэж өөрчилж, мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт болох Ш ХХК-аас алданги 28,654,192 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 10,050,000 төгрөг, нийт 38,704,192 төгрөгийг гаргуулж Д.З , Ц.Ц нарт олгохоор шийдвэрлэсэн хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч Ц.Ц давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Анхан шатны шүүхээс орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаанд үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Тухайн гэрээнд талуудын хүсэл зорилго болон үүрэг хүлээсэн этгээдэд төлбөр төлөгч нараас хамаарч, гэрээний талуудыг тодорхойлох боломжтой байсан учраас анхан шатны шүүх нь зөв дүгнэсэн. Гэрээ байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацаанд Ш ХХК-аас шалтгаалан орон сууцанд орж амьдрах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Орон сууцны үнийг төлөөгүй тул өмчлөх эрх шилжээгүй, гэрээний мөнгийг төлөх хугацаанд түр шилжүүлсэн байхад өөр хүн оруулж, маргаан үүссэн. Бодит нөхцөл байдалд бидний эрх ашиг хөндөгдөж байгаа бөгөөд улсад олон жил хөдөлмөрлөж олсон мөнгөөр орон сууц худалдаж авсан. Гэтэл одоог хүртэл хүмүүсийн хууль бус эзэмшлээс орон сууцаа авч чадаагүй байна гэжээ.

 

8. Нэхэмжлэгч Д.З ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх 2023 оны 01 сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шийдвэр гаргасан. Тухайн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх маргаан бүхий асуудлыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг журамлаж шийдвэрлэсэн. Ш ХХК-аас худалдан авах зорилгоор шилжүүлсэн 27,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж, буцаан олгуулах гэж тодорхой дурдсан. Уг үндэслэлээс өөр буцаах эрх ашиг, сонирхол хариуцагчийн хувьд байхгүй. Хариуцагч нь 2020 оны 05 сарын 09-ний өдрийн гэрээг анхнаасаа хууль зөрчсөн үндэслэл байсан тохиолдолд ямар шалтгаанаар уг асуудлыг хөндөж яриагүй өнөөдрийг хүрсэн эсэх, мөн Д.З ын үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудалд түүний гэр бүлийн хүн Ц.Ц тухайн зээлийн харилцаанд хамтран оролцож байгааг үгүйсгэж чадаагүйд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Д.З , Ц.Ц нар хариуцагч Ш ХХК, А.Б нарт холбогдуулан *** тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг А.Б ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, гэрээний дагуу алданги 28,654,192 төгрөг, хохирол 10,400,000 төгрөг, нийт 39,054,192 төгрөгийг Ш ХХК-аас гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч Ш ХХК нь 2020 оны 05 сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, урьдчилгаанд өгсөн 27,000,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг шаардлага гаргаж, зохигчид харилцан маргажээ. /хх 1, 54, 98-99, 107, 124, 134-136, 146-147, 171-172/

Нэхэмжлэгчийн гаргасан ...Ш ХХК-тай байгуулсан 2020 оны 05 сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг цуцлах... гэх шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус, харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тул шүүх уг асуудлыг шийдвэрлэхгүй.

 

3.   Ц.Ц, Ш ХХК нар 2020 оны 05 сарын 09-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Ц.Ц нь *** тоот хаягт байршилтай 71,06 м.кв талбайтай 3 өрөө орон орон сууцыг худалдах, Ш ХХК нь орон сууцны үнэ 156,332,000 төгрөгийг тодорхой хуваарийн дагуу төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 32-31/

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1, 145 дугаар зүйлийн 145.2, 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэгт тус тус заасан ...улсын бүртгэлд бүртгүүлэх... шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байна. Энэ талаарх хариуцагч Ш ХХК-ийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

4. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу, хохирлыг мөн зүйлийн 56.6 дахь хэсэгт заасны дагуу тус тус шийдвэрлэнэ. Тодруулбал:

4.а. Хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь алданги шаардах эрх олгохгүй тул ...алданги 28,654,192 төгрөг гаргуулах... шаардлагыг хэрэгсэхгүй болгоно;

4.б. Хэргийн баримтаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлтэй холбоотойгоор нэхэмжлэгч талд 10,050,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон тул уг хохирлыг хариуцагч Ш ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцнэ; /хх 45-46, 161-165/

4.в. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар Ш ХХК нь дээрх гэрээний дагуу нийт 27,000,000 төгрөгийг Ц.Цгийн өмчлөлд шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон тул ...27,000,000 төгрөгийг буцаан гаргуулах... сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийн зохицуулалтад нийцнэ.

 

5. *** тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг А.Б ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлагын тухайд анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ.

Тодруулбал, хэргийн 129-р талд авагдсан Ш ХХК-ийн захирал Д.Б , А.Б нарын хооронд 2019 оны 12 сарын 05-ны өдөр байгуулагдсан гэх Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээ-ний зүйл нь ...*** 70,04 м.кв талбайтай 3 өрөө орон сууц... байх ба энэ нь нэхэмжлэгч Д.З ын өмчлөлд бүртгэлтэй ..*** тоот 71,06 м.кв талбайтай 3 өрөө орон сууц...-аас өөр байх тул А.Б ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлнө гэж үзэх боломжгүй. /хх 6, 129/

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч Ш ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00100 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш ХХК-аас 10,050,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.З , Ц.Ц нарт олгож, үлдэх 29,004,192 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар Ц.Ц, Ш ХХК нарын хооронд 2020 оны 05 сарын 09-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Д.З , Ц.Ц нараас 27,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ш ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож,

тогтоох хэсгийн 5 дахь заалтыг 4 гэж дугаарлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 1,127,448 төгрөг, хариуцагч Ш ХХК-аас төлсөн 939,610 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 704,027 төгрөгийг улсын төсвөөс, мөн улсын тэмдэгтийн хураамжид 175,750 төгрөгийг хариуцагч Ш ХХК-аас, 70,200 төгрөгийг хариуцагч А.Бгаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.З , Ц.Ц нарт тус тус буцаан олгож, нэхэмжлэгч Д.З, Ц.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,232,560 төгрөгийг гаргуулан хариуцагч Ш ХХК-д буцаан олгож, хариуцагч Ш ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 292,950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулсугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 6 дахь заалтыг 5 гэж дугаарлан,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Ш ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 02 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 939,610 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.НЯМБАЗАР