Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 213/МА2023/00009

 

*******ын нэхэмжлэлтэй

“Зүүншанд” ХХК-д холбогдох иргэний хэргийн тухай

                                                          

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Баттогтох, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 131/ШШ2023/00080 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй  хариуцагч “Зүүншанд” ХХК-д холбогдох

2022 оны 02 сарын 13 ны өдөр хийгдсэн орон сууц захиалгын гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, Баянхонгор сумын 1-р багийн нутагт дунд захын урд байрлах / ногоон/ 436 дугаар байрны 3 өрөө орон сууцыг олгож өгөхийг даалгах үндсэн нэхэмжлэлтэй,

 Орон сууц захиалан бариулах гэрээний алданги 10.000.000, орон сууцанд хийсэн нэмэлт засвар, тавилгын үнэ 3.900.000, шинээр орон сууц худалдан авахад гарах үнийн зөрүү 29.053.500 нийт 42.953.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Борын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бор, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Х.Золцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

1. Би 2021 оны 08 сард 1.500.000 төгрөгөөр 80м2 , 3 өрөө байр захиалгаар авахаар амаар тохирч, 2022 оны 02 дугаар сарын 13 ны өдөр тус компаний захирал *******тэй орон сууц / захиалгын / зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж 2022 оны 12 сард ашиглалтад орох, одоогийн дунд захын өмнө баригдаж байсан байрны 8 давхарт 804 тоот байрыг нэг квадрат метрийг нь 1.650.000 төгрөгөөр тооцож худалдан авахаар тохирч гэрээ байгуулсан.

2. Байрны урьдчилгаа болгож 22.000.000 төгрөгийг 2022 оны 08 сард *******гийн дансанд шилжүүлсэн. Дараа нь мөнгөө цувуулж өгсөөр байгаад 2022 оны 01 сар гэхэд нийт 28.280.000 төгрөг өгсөн.

3.Гэтэл энэ мөнгийг өгсний дараа буюу 2022 оны 2-р сард байрныхаа түлхүүрийг авч үлдэгдэл мөнгөө хийхээр очиход байрны үнийг 10 хувь нэмнэ гэж хэлээд нэг метр квадратын үнийг 1.650.000 төгрөг болгосон байсан Энэ нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 -д төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар төлбөрийг тооцож төлнө гэсэн заалтыг зөрчсөн байсан.                      

Намайг Ипотекийн зээл авахаар зээлийн хүсэлт илгээж байтал ипотекийн зээл уддаг юм, орон сууц барьцаалсан зээл ав гэж тулгаж хэлэхээр нь банкны эдийн засагчтай уулзаад зээлээ авахаар болж энэ талаар *******д хэлэхэд танай байрыг өөр хүнд бэлэн мөнгөөр зарсан гэж хэлсэн. Энэ талаар яагаад бидэнд хэлэхгүй ийм асуудал болов гэхэд бэлэн мөнгөөр зарсан одоо ямар ч аргагүй болсон гэж хэлсэн.                                                                                                         

4.Үүрэг гүйцэтгэгч гэрээнийхээ үүргийг зөрчиж хувьдаа илүү ашиг олох, татвараас зайлсхийх зорилгоор барилгын зургийг өөрчлөн нэмж өрлөг хийж 83 м2 өсгөж 91м2 болгож өөр хүнд илүү бэлэн мөнгөөр худалдаж биднийг хохироосон. Бидний хооронд байгуулсан гэрээний 4.1.4-д захиалагчийн захиалсан байрыг гэрээний хугацааны туршид гуравдагч этгээдэд худалдахгүй, давхардуулан захиалга авахгүй байх үүргээ зөрчсөн.                                                                                      

Үүрэг гүйцэтгэгч ******* Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзах заалтыг зөрчиж зөвхөн хувийн ашиг олох сонирхолдоо хөтлөгдөн захиалагч миний эрхийг зөрчсөн.

Энэ байрыг авахаар гэрээ хийснээс бидэнд маш их чирэгдэл учруулсан.    

5.Манайх гэр хороололд хол амьдардаг учраас хүүхдүүдээ 10 жилийн 1-р сургуульд оруулахаар шилжүүлгийг хийлгэчихсэн байсан. Одоо хүүхдүүд маань холоос сургуульдаа явж байгаа төдийгүй хүүхдүүддээ байрыг нь үзүүлж тэдний орох өрөөг хүртэл танилцуулсан байхад хүүхдүүдийн сэтгэл санаанд ч хямрал үүсгэсэн.

6.Захиалагч миний хувьд гэрээний үүргийг зөрчөөгүй. ******* гэрээнээс татгалзах талаар бидэнд юу ч хэлээгүй, энэ талаар мэдэгдээгүй. Бид байрны урьдчилгаанд өгсөн мөнгийг ******* миний нөхөр Д.Жаргалсайханы дансанд 2022 оны 03 сард шилжүүлсэн байсныг би 2022 оны 04 сарын дундуур мэдээд очиж уулзахаар очиход бидэнтэй уулзахыг хүсээгүй, цагдаа дуудна гэж дарамталсан.

7. Би гэрээнээс татгалзсаныг зөвшөөрөхгүй байгаа энэ талаараа *******д хэлсэн. Тухайн үед байрны нэг метр квадратын үнэ 1.500.000 төгрөг байсан. Одоо байрны нэг квадратын үнэ 2.000.000 төгрөг болсон. Тухайн үед ******* гэрээнийхээ үүргийг ямар нэг шалтгаангүйгээр зөрчөөгүй бол бид байрныхаа үнийг төлөөд байрандаа орчих байсан.                                                     

Бид гэрээний дагуу байрандаа орно гэсэн шийдэлд хүрсэн учраас байрныхаа полконд 500.000 төгрөгийн, нойлын өрөөнд 250.000 төгрөгийн засвар хийж , засвар хийсэн хүндээ 150.000 төгрөгийн нийт 800.000 төгрөгийн зардал гаргасан байсан. Пүрэвсүрэн гэрээнээс хууль бусаар татгалзсанаас болоод одоо манайд дараах хохирол учирсан.                                                                                       

1. 2022 оны 2 сард 2.660.000 төгрөгийн цахилгаан бараа зээлээр авч , гал тогооны өрөөнд хэмжээг нь тааруулж 3.100.000 төгрөгийн тавилга захиалж хийлгэсэн байсан.                                                                             

2. Одоо шинэ байр захиалж авахад нэг метр квадратын үнэ 2.000.000 төгрөг болсон учраас 166.000.000 төгрөгөөр байр худалдан авахаар бодит хохирол учраад байна. Манайх гэр хороололд амьдардаг учраас орон сууцны тавилгыг гэрт тавих боломжгүй болсон.                                                                                                               3. Байрныхаа полконд 500.000 төгрөгийн, нойлын өрөөнд 250.000 төгрөгийн засвар хийж , засвар хийсэн хүндээ 150.000 төгрөгийн нийт 800.000 төгрөгийн зардал гаргасан байсан,

*******г гэрээнээс хууль бусаар татгалзсан гэж үзэж байгаа болохоор миний хувьд гэрээний хүчин төгөлдөр байдал хэвээр үргэлжилж байгаа гэж бодож байна. 

Иймд 2022 оны 02 сарын 13 ны өдөр хийгдсэн орон сууц захиалгын гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, Баянхонгор сумын 1 -р багийн нутагт дунд захын урд байрлах 29 айлын / ногоон/ байрны 3 өрөө байрыг олгож өгөхийг даалгаж өгнө үү ..

4.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа барилгын зураг төсөв зөрчин үүдний хэсэгт өрөгдөөгүй байсан хэсгийг намайг өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор өрлөг хийж байсан хүмүүст нөлөөлж м2 ыг багасгуулж өрүүлсэн мэтээр илт гүтгэн, өөрийн буруу үйлдлийг надад нялзаасан байна.

5.Мөн иргэн Ганбаатарт улсын комисс хүлээн авсны дараа өрлөгийг үндсэн зургаас илүү нэмж өрүүлэн 91.06 мкв болгон зарсан байна. Энэ нь барилгын зургийг удаа дараа өөрчилсөн үйлдэл нь захиалагч миний эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл төдийгүй ашиг олох зорилгоор мкв ыг нэмж бусдад олон удаа санал болгон зарсан үйлдлээ булзааруулж байна. Илт худал зүйл бичиж, гүжирдэж байгаад миний бие гомдож нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна.                                                

Ихэсгэсэн шаардлага:                              

1. Иргэний хуулийн 232.6 д, Орон сууц захиалгаар бариулах гэрээний 4.1.6 д заасны дагуу захиалсан байрыг 2022 оны 01 сард багтаан захиалагчид өгөөгүйгээс саатуулсан хугацааны алданги хоног тутамд 0.5 хувиар тооцоход 640000 төгрөг, нийт 180 хоногоор тооцоход 115.200.000 байгааг багасгаж, 10.000.000 төгрөг гаргуулах                                                                                                                                       

2. Байрны болкон, нойлын өрөөнд засвар хийсэн 800.000 төгрөг,                 

3. Гал тогооны тавилга хийлгэсний хөлс 3.100.000 төгрөг,                                    

4.Одоо би шинээр орон сууц авахад 1 мкв ыг 1.900.000 төгрөгөөр авах болж зөрүү гарч байх тул 29.053.000 төгрөг, нийт 42.953.000 төгрөгийг *******гээс гаргуулж өгнө үү..

Шүүх хуралдааны шатанд Орон сууц захиалан бариулах гэрээний алданги 10.000.000, орон сууцанд хийсэн нэмэлт засвар, тавилгын үнэ 3.900.000, шинээр орон сууц худалдан авахад гарах үнийн зөрүү 29.053.500 нийт 42.953.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж.    Манай зүгээс 3 өрөө байраа гаргуулж авах шаардлагаа дэмжиж байна.                                                                                              

1.Анх барилгын карказ хийгдэж байх үед 2021 оны 08 сард манай нөхөр Жаргалсайхан бид хоёр Пүрэвсүрэн гуайтай уулзаад 80 орчим мкв талбайтай 3 өрөө байна уу, урьдчилгаа өгөөд ипотект хамрагдах юм гэхэд мкв ийн илүүг эгч нь аргална, байрны ордер 8 аар гаргана, үлдсэн дээр нь өөр ордер гаргуулчихдаг юм, зургийг нь янзлуулчихна, зургийн хүн нь манай дүү байгаа юм. Эгч нь олон жил барилга барьсан, санаа зоволтгүй, нэг ёсондоо 2 ордер гаргуулчихдаг юм. Та хоёр зөрүү мкв аа бэлнээр төлчихөөрэй, 12 сард ашиглалтад орно. Гол нь бэлэн мөнгөө та 2 миний дансанд хурдан хиймээр байна. Хурдан тусмаа сайн гэж хэлээд 80 мкв ийг 1.500.000 төгрөгөөр гэрээ хийж, зөрүүг нь цувиргаж төлөхөөр тохиролцон мөнгөө дансанд нь хийсэн.

2.2021 оны 12 сард ******* нь бид хоёрыг дуудаж уулзаад юмны үнэ нэмэгдээд хэцүү байна. Би байрны үнээ 10 хувь нэмлээ. 1.650.000  төгрөгөөр авбал ав, чи татвараас 2 хувиа авна гэж тулгасан тул бид зөвшөөрсөн.

3.Ипотекийн зээл гаргуулах талаар миний бие 2021 оны 08 сараас эхлэн Баянхонгор Их дэлгүүр дэх ХААН банкны салбарт Батбаяр гээд эдийн засагчид хандаж байгаа билээ. Тус эдийн засагчид 2022 оны 02 сарын 15-нд орон сууцны байр захиалах гэрээг авчирч судлуулахад боломжтой гэж үзэн Ипотекийн зээлийн захиалгад бүртгүүлсэн. Энэ орон сууц захиалах гэрээг хийж байхад Пүрэвсүрэн гуай өөрөө 80мкв гэж бичиж өгсөн.       

4.Манайх ипотекийн зээл гарах боломжтой болсон хариу төвөөс ирсэн. Хүсэлт илгээснээс хойш 2 сар хүлээдэг гэнэ гэж хэлэхэд маш их уурлаж “танайд 80 мкв гарахгүй, 91.3 аар ав, байр барьцаалсан зээл судлуул гэж  хэлсэн. Би хүү нь 15 хувь ш дээ та одоо хэлээд байхдаа яахав дээ, арай ч дээ, тэр үед нь хэлэхгүй гэхэд зөндөө л барилга баригдаж байна ш дээ, авах хүн зөндөө байна та хоёр боль боль гээд уурлаад байсан.

5.Ингээд байр барьцаалсан зээл авахаар эдийн засагчдаа хэлэхэд 5-7 хоногт гарна гэсэн. Энэ тухай Пүрэвсүрэнд хэлэхэд байрыг чинь бэлэн мөнгөнд зарсан гэж хэлсэн. Энэ хугацаанд олон хүнд Пүрэвсүрэн өөрөө утсаар ярьж уг байрыг бэлэн мөнгөнд авахыг санал болгосон байсан. Энэ үйлдэл нь анхнаасаа манайд зардал 83 мкв аар, бусдад зарвал 91.3 мкв аар худалдах зорилготой байсан байна.

6. Миний бодлоор улсын комисс хүлээн авахад уг байр 83.83 мкв үндсэн зургаараа байсан. 2021 оны 08 сард бид 2-т өгсөн зураг нь 111,26 мкв, 4 өрөө байр 1.5 саяаар санал болгосон. Удалгүй 1 өрөө 1 болконыг тастаж, Рэнцэндагвад өгөхөөр боллоо гээд дахин зурагт өөрчлөлт оруулсан. Миний бие өрлөг хийж байгаа хүмүүст нөлөөлөөгүй, нөлөөлөх байтугай таних ч үгүй. Анхнаасаа энэ байрыг 91.06 мкв байрны төлбөр төлнө гэдгээ мэдэж байсан.            

7.Харин Пүрэвсүрэн гуайн өгсөн зургийн өрлөг өөр байсныг мэдээд энэ хэсгээ өгөөгүй байна гэдгийг нь хэлсэн чинь уурлаад загнаж инженер залуугаар хэмжүүлэхэд зурган дээр 12 мкв байсан нь хэмжилтээр 8 мкв байсан. Үүнд Пүрэвсүрэн уурлаж байсан. Миний хувьд Пүрэвсүрэн гэрээнээс татгалзсан шалтгааныг бэлэн мөнгөөр их мкв байрыг бусдад худалдах зорилгоор бидэнтэй хийсэн гэрээнээс үндэслэлгүйгээр  татгалзсан гэж үзэж байна.  *******д 83 мкв байрыг тухайн зах зээлийн үнээр ******* надад худалдан борлуулахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү..гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

1. Манай барьж ашиглалтад оруулсан 436 дугаар байранд 80м2 байр байхгүй. Батлагдсан зургаар барьсан. Батлагдсан зургийн нүүр, план зураг хавсаргасан. Манай байранд энэ хүний захиалж байсан байр батлагдсан зургаараа 91.06м2 юм. Батлагдсан зургийг өөрчлөх эрх хэнд ч байхгүй байхад Азжаргал гэж хүн өөрөө дур мэдэн өрлөг өрж байсан өрлөгчинд хэлж үүдний хэсгийг хасуулж 83м2 болгож өрүүлсэн.                                           2. Нэг метр квадратын үнийг 1500 000 төгрөг байсан. Гэтэл 1650 000 төгрөг болгож, 10 хувь нэмсэн гэж бичжээ. Нэмсэн гэж байгаа 10 хувь бол нэмэгдсэн өртгийн албан татвар юм. Манай компани НӨАТ төлөгч байгууллага юм. Энэ татварын Е баримт шивснээр манай компани НӨАТ-ын 10 хувийг татварт төлж захиалагчид Е баримт өгдөг. Е баримт өгснөөр захиалагч ******* 2 хувийн татварыг буцаан авдаг, 6000 000 төгрөгийг татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж нийт 8000 000 төгрөг буцаан авдаг зарчимтай. Энэ хүнд ашигтай 1 м2 ын үнэ ханшийг өсгөсөн юм биш татвараа авах болсон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Харин гэрээнд НӨАТ аа тусгаагүй нь миний алдаа байсан.

3. Азжаргал нь ипотекийн зээл авахаар хөөцөлдөж байсан гэж бичжээ. Энэ хүн ипотекийн зээлд хамрагдах боломжгүй юм. Учир нь 80 м2 аас доош м2 тай байр авч байгаа хүнд ипотекийн зээл олгогддог журамтай. Банкны энэ журмын тухай өөрт нь олон удаа хэлж байсан. Хэлэхээр би худал яриад байгаа юм шиг уурладаг байсан хүн.                                                                                                                     

4.Харин  тагт дээр наалгасан плита, 00 ийн өрөөнд хийсэн хавтангийн үнэ, ажлын хөлсийг өгнө тоог нь хэлээрэй гэж хэлэхэд хэлэхгүй байсан. Гэтэл 800000 төгрөг нэхсэн тул би үүнийг төлсөн.                     

5. Уг 436 дугаар байрны 804 тоотыг Р.Ганбаатар гэдэг хүн авсан. 436 дугаар байрны 804 тоот байрыг зургийн дагуу 91.06 м2 болгож дахин өрлөг, шавар, засал хийлгэж энэ хүний байрандаа орох хугацаа 7, 8 хоног хойшилж төлөвлөсөн ажлыг нь саатуулсан. Дур мэдээд өөрчилсөн байрыг улсын комисс ч хүлээн авдаггүй.           

6. Би энэ орон сууцыг барих гэж 700.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлээ төлөх хугацаа болсон, ажил хийсэн хүмүүсийн цалин хөлс гээд бэлэн мөнгөтэй хүнд зарахаас өөр аргагүй болсон. Тэгээд ч энэ хүн 91.06м2 байрыг авах боломжгүй байсан учраас өөрт нь хэлээд зарсан. Ипотекийн 6 хувийн зээлийг 80 аас доош М2 байр авч буй хүмүүст олгодог гэдгийг бүх хүн мэддэг гэтэл энэ хүн мэддэггүй. Өөрөө дур мэдэн м2 аа хасуулаад өрүүлчихээр болно гэд бодсон.

7. Батлагдсан зураг төсөл өөрчлөгдсөн тохиолдолд улсын бүртгэлийн гэрчилгээ гарахгүй батлагдсан зургийн хэмжээгээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргана гэж олон хэлсэн. Урьдчилгаа төлбөрөө гүйцээж өгч чадахгүй, банкны зээл нь ч олгогдоогүй. Азжаргалаас урьдчилгаанд 28220000 төгрөг авсан байсан үнэн. Сүүлд мессежээр дансаа явуулсан тул мөнгийг буцаан шилжүүлсэн..

8. Нэхэмжлэгчийн зүгээс маш их худал ярьж байна. Хамгийн эхний нэхэмжлэл дээр 80м2 гэж бичсэн байхаар нь би хариу тайлбартаа 80м2 байр манай зурагт байхгүй гэж хариу өгсөн байгаа. 28,000,000 төгрөгийг 08 дугаар сараас дараа оны 03 дугаар сар хүртэл цувуулж өгсөн нь үнэн. 91.06 мкв байрыг авах гэж байгаад үүдний хэсгийг хасуулаад 83 мкв болгосон байсан.

9.Тэгээд манай зүгээс хүлээн зөвшөөрсөн. Цагаан сарын үеэр төлбөрөө бүрэн төлсөн айлуудаа оруулсан байсан. *******ын тухайд урьдчилгаа 41,000,000 төгрөг өгөх ёстой байсан боловч 28,000,000 төгрөг л өгсөн байсан. Ингээд орон сууцаа улсын комисст хүлээлгэн өгсөн, энэ үед ******* зээл хөөцөлдөж байгаа гэсэн боловч бүтсэн эсэхийг би мэдээгүй, орон сууцны зээл хөөцөлдөж байна, 80 мкв байр худалдах худалдан авах гэрээ хийгээд өгөөч гэхээр нь хийж өгсөн.

10.Мөнгөө өгөхгүй байхаар нь өөр хүнд худалдсан, миний хувьд энэ хүнд худалдсан байсан байраа өөр хүнд үнэ хүргэж ашиг олсон зүйл байхгүй. Нөхөрт нь байранд хийсэн нэмэлт завсрын өртөг 800,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Надад авсан зүйл алга тийм учир өгөх байр байхгүй. Үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэж байна.. гэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 343 дугаар зүйлийн 343.1-дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Зүүн шанд ХХК нд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч *******ын “2022 оны 02 сарын 13 ны өдөр хийгдсэн орон сууц захиалгын гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, Баянхонгор сумын 1-р багийн нутагт дунд захын урд байрлах / ногоон/ 436 дугаар байрны 3 өрөө байрыг олгож өгөхийг даалгах”ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,                                                                                     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь Орон сууц захиалан бариулах гэрээний алданги 10.000.000, орон сууцанд хийсэн нэмэлт засвар, тавилгын үнэ 3.900.000, шинээр орон сууц худалдан авахад гарах үнийн зөрүү 29.053.500 нийт 42.953.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж,

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Борын  тус шүүхэд гаргасан гомдлын агуулга:

... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн , Иргэний хэргийг шийдвэрлээд гарсан шийдвэрийг хэрэгт авагдсан нотлох баримтууд тэдгээрээр тогтоогдсон үйл баримтыг хуульд нийцүүлэн дүгнээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуучийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дугаар зүйл, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан талуудын эвлэрэн хэлэлцэх эрхийг ноцтой зөрчсөн. Шүүх хуралдаанд шүүгч талуудын эвлэрэн хэлэлцэх хүсэлт байгааг асууж талууд эвлэрэх боломжтой гээд хариуцагч талаас Баянхонгор суманд шинээр баригдаж байгаа байрнаас хөнгөлөлттэй үнээр байр авах уу гэж нэхэмжлэгч *******аас асуухад ...Азжаргал надад байр өгвөл нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 42 953 000 төгрөгөөсөө татгалзана гэсэн яриа өрнүүлсэн. Шүүгч 42 953 000 төгрөгөөс татгалзаж байгаа гэсэн үг үү гэхэд нь өмгөөлөгч би нэхэмжлэлээс татгалзаж байгаа юм биш одоо баригдаж байгаа барилгаас байр өгвөл хохирол болох 42 953 000 төгрөгөөс татгалзаж эвлэрнэ гэж тодруулж хариулсан.

2. Гэтэл талууд эвлэрлээ бүрэн шийдээгүй ярилцаж байхад шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлж талуудын эвлэрэх эрхийг зөрчсөн. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд хэрхэн бичсэнийг мэдэхгүй байна. Шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах хүсэлтэй байгаагаа нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэрт удаа дараа хэлсэн боловч танилцуулаагүй Шийдвэрийн тодорхойлох хэсэгт шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн зарим хэсэг болох 42 953 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэх тэс өөр дүгнэлт хийж бичсэн нь үндэслэлгүй болжээ.

3. ******* 2021 оны 08 сард 436 дугаар байрны 8 давхарт 804 тоот байрыг 80 м квадрат 3 өрөө байрыг 1 кв метрийг 1 500 000 төгрөгөөр тохирч захиалсан байсан Бичгээр гэрээ хийх хүсэлтийг удаа дараа тавьсаар 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус компанийн захирал *******тэй / орон сууц захиалгын / гэх ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулах үед 1м квадратыг 1 650 000 төгрөгөөр нэмэгдүүлснийг ******* хүлээн зөвшөөрч гэрээ хийсэн .

4. Уг байр гэрээ ёсоор 2022 оны 12 сард ашиглалтад орох ёстой байсан боловч 2022 оны 03 сард ашиглалтад орсон. Байрны урьдчилгаанд 28 280 000 төгрөг өгсөн.

5. Шүүх хариуцагчийн гэрээнээс татгалзсаныг зөв гэж үзсэн боловч гэрээнээс татгалзахтай холбоотой эрх зүйн дүгнэлтийг дутуу хийж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй зөвхөн нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Тухайлбал Шүүх тогтоох хэсэгтээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225 1.2 дугаар зүйлийг баримталсан нь гэрээнээс татгалзсан шалтгаан гэж үзэхээс биш гэрээнээс татгалзах үндэслэлийг зохицуулсан заалтад хамаарахгүй. Шүүх гэрээнээс татгалзсаныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн атлаа гэрээнээс татгалзсантай холбоотой Иргэний хуулийн 204, 205, 221, 227 дугаар зүйлүүдийг хэргийн үйл баримттай холбогдуулан хэрэглэх ёстой байтал хэрэглээгүй, дүгнэлт хийгээгүй.

5. Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан үүргийг ******* зөрчөөгүй, 2022 оны 02 сард байрныхаа үлдэгдэл мөнгийг өгч байраа авъя гэж Пүрэвсүрэнтэй уулзахад байрны квадратын үнэ нэмэгдсэн гэж хэлсэн, байр 2022 оны 3 сард ашиглалтад оронгуут түүний зээл бүтсэн, байраа авна гэхэд нь бусдад худалдсан байсан төдийгүй, хуулийн зохицуулалт нь хугацааны хувьд үүрэг зөрчсөн нөгөө талдаа мэдэгдэх сануулах,нэмэлт хугацаа тогтоож өгөх шаардлагыг заасныг шүүх анхаараагүй

6. Иргэний хуулийн 204 дүгээр зуулийн 1, 2-д зааснаар гэрээний талууд гэрээнээс татгалзахдаа тэр тухайгаа нөгөө талдаа заавал мэдэгдэх үүрэгтэй. Хэрвээ мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж хуульд заасан. Урт хугацааны гэрээ хийсэн хэн боловч дуртай цагтаа гэрээнээс татгалзаж өөрт илүү ажигтай байдал гаргах байдал гардаг учраас гэрээг тогтвортой, талуудын итгэл найдварыг баталгаатай болгох зорилгоор иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225 4-т гэрээнээс татгалзаж болохгүй тохиолдлыг зааж хязгаарлалт тогтоож өгсөн.

7. нэхэмжлэгч гэрээний үүргийг зөрчөөгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 1.4-т ...захиалагчийн захиалсан байрыг гуравдагч этгээдэд гэрээний хугацааны турш худалдахгүй, давхардуулан захиалга авахгүй байхаар заасан. Мөн барилга баригдаж дууссан, захиалагчид байрыг хүлээлгэн өгсний дараа төлбөрийг 100 хувь төлж Эрхийн бүртгэлийн газраас бичиг баримтыг гаргаж өгөхөөр заасан боловч энэ үүргээ хариуцагч зөрчсөн.

8. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д зааснаар барилга нь зураг төсвийн дагуу явагдах ёстой. Гэтэл 436 дугаартай орон сууцны барилгын зураг 4 удаа өөрчлөгдсөн. Талууд яагаад зураг дахин дахин өөрчлөгдөөд байгаа, өрлөгийг хэн хийсэн талаар маргаж ирсэн. Нэхэмжлэгчийн талаас Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч асуулгах хүсэлтийг шүүхэд өгсөн. Гэтэл гэрчүүдээс хүсэлтэд тавьсан асуултыг бүрэн тодруулаагүй, барилгын зураг төсөл хийсэн хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн гэрч А.Уянболд, Э.Чимэддорж нарыг дургүйцээд ирэхгүй байна гэсэн шалтгаан хэлж асуугаагүй хүсэлтийн зарим хэсгийг хангахаас татгалзсан нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлсөн.

9.Тухайн орон сууцны 83 м квадратыг өсгөж 91.3 м квадрат болгож хэдийд хэн өөрчилсөн, эсхүл хариуцагч илүү ашиг харж , татвараас зайлсхийж илүү үнээр бэлэн мөнгөөр бусдад худалдаж мөнгө -угаасан уу гэх зэрэг эргэлзээтэй асуудлууд тогтоогдоогүй бөгөөд гэрчийг асуух нь шүүхийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох ёстой байхад ач холбогдол өгөөгүй.

10. *******ын нөхөр Жаргалсайхан Зүүн шанд ХХК-д ажиллаж байсан ******* түүний данс руу цалинг нь хийдэг, мэддэг учраас *******ын байрны урьдчилгаанд төлсөн 28 220 000 төгрөгийг нөхөр Жаргалсайханы дансанд 2022 оны 3 сарын сүүлчээр хийснийг ******* 2022 оны 4 сарын дундуур мэдээд Пүрэвсүрэнтэй уулзахаар очиход түүнийг хүлээж аваагүй талаар Азжаргал тайлбарладаг. Байрны урьдчилгаанд өгсөн мөнгийг буцааж өглөө гэдгийг Азжаргалд огт мэдэгдээгүй гэдгийг нэхэмжлэгч удаа дараа хэлдэг шүүхэд ч тайлбарласан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.4-т захиалагчийн захиалсан байрыг гуравдагч этгээдэд гэрээний хугацааны турш худалдахгүй. давхардуулан захиалга авахгүй байх үүргийг заасан боловч гүйцэтгэгч энэ үүргээ биелүүлээгүй.

11. Орох өрөөний  тагтад 500 000 төгрөгийн , нойлын өрөөнд 250 000 төгрөгийн засвар хийж , засвар хийсэн хүндээ 150 000 төгрөгийн нийт 800 000 төгрөгийн зардал гаргаж, 2022 оны 2 сард 2 660 000 төгрөгийн цахилгаан бараа зээлээр авч , гал тогооны өрөөнд хэмжээг нь тааруулж 3 100 000 төгрөгийн тавилга захиалж хийлгэсэн байсан. Тухайн үед байрны 1 м квадратыг 1 650 000 төгрөгөөр захиалж байсан бол одоо шинэ байр захиалж авахад нэг метр квадратын үнэ 2 000 000 төгрөг болсон учраас 166 000 000 төгрөгөөр байр худалдан авахаар бодит хохирол учраад байна.

12. Хариуцагч *******г гэрээнээс хууль бусаар татгалзсан ч гэсэн нэхэмжлэгч ******* тухайн орон сууцыг бусдад худалдагдах хугацаа хүртэл гэрээ хүчин төгөлдөр байдал хэвээр үргэлжилж байгаа гэж бодож явсан. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн судалж нотлох баримт болгоныг үнэлэх ёстой. Энэ байдал шүүхийн шийдвэрт бүрэн тусгагдсангүй.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 131 ШШ2023/00080 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд  хянаад  анхан шатны шүүхийн шийдвэрийг   хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.  Учир нь:

1. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2501 дугаар захирамжаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т зааснаар хэрэгт ач холбогдолтой үйл баримтыг нотлуулахаар  Д.Жаргалсайхан, Д.Сарантунгалаг, А.Уянболд, Э.Чимэддорж нарыг  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж мэдүүлэг  авахыг хүссэн нэхэмжлэгч *******ын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч А.Уянболд, Э.Чимэддорж нарыг гэрчээр оролцуулж мэдүүлэг авах үүргээ хэрэгжүүлээгүй,  орхигдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.6-д   “нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр  шүүх бүрдүүлнэ”, 25 дугаар зүйлийн 25.1.3-т “... гэрчээс мэдүүлэг авхуулах...” эрхийг  эдлэх боломжийг хязгаарласан гэж үзэх  бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн  оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдөж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

2. нэхэмжлэгч *******ын нэмэгдүүлсэн шаардлагын хувийг хариуцагч *******д гардуулаагүй, Л.Лхагва-Очирт гардуулж улмаар хариуцагч ******* гарын үсэг зурж, ойлгомжгүй  нөхцөл байдлыг бий болгосон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

3. Энэ талаар  “...гэрчүүдээс хүсэлтэд тавьсан асуултыг бүрэн тодруулаагүй, барилгын зураг төсөл хийсэн хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн гэрч А.Уянболд, Э.Чимэддорж нарыг дургүйцээд ирэхгүй байна гэсэн шалтгаан хэлж асуугаагүй хүсэлтийн зарим хэсгийг хангахаас татгалзсан нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлсөн...” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн   гомдлын хэсэг үндэслэлтэй харин хэргийн үйл баримт болон  хэргийн шийдвэрлэлт, давж заалдах  гомдлын зарим хэсэгт эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.5-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 131/ШШ2023/00080  дугаар шийдвэрийг   хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.3 дугаар зүйлийн 6 тус тус   зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг  шүүгчийн захирамжаар буцаан гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар  давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

Л.НЯМДОРЖ