Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 213/МА2023/00011

 

*******, ******* нарын 

нэхэмжлэлтэй *******, ******* нарт

холбогдох иргэний хэргийн тухай

                                                          

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Баттогтох, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 131/ШШ2023/00092 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******, ******* нарын  нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 27,540,000 төгрөг гаргуулахыг тухай хүссэн иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Сайнбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч *******, ******* нар анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

1. Бид өөрсдийн өмч болох улсын бүртгэлийн Ү-0320001959 дугаартай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 01 дүгээр багийн 3 дугаар сургуулийн хажууд байрлалтай 444 м.кв талбай 8 өрөө 2 давхар үйлчилгээтэй орон сууцыг *******, ******* нарт 2017 онд 125,000,000 төгрөгөөр худалдаж гэрээ хийж хүлээлгэн өгсөн. Энэ гэрээ хийгдсэнээс хойш хугацаанд төлбөр мөнгөө төлөхгүй биднийг маш их хохироож байна. Энэ хугацаанд 97,460,000 төгрөгтэй дүйцэх байр болон бэлэн мөнгөний тооцоо нийлж авсанд тооцсон. Одоо үлдэгдэл төлбөр болох 27,540,000 төгрөг гаргуулж өгнө үү.

2. 2017 онд бидний дунд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. *******, ******* нар банкны зээл бүтчихвэл төлбөр мөнгийг даруй өгөх талаар хэлсэн боловч үүнийгээ биелүүлэлгүй үлдэгдэл мөнгөө өгөхгүй явсаар биднийг хохироож байна. Мөн биднийг ядуу хоосноор дуудаж үлдэгдэл мөнгөө өгөхгүй талаар хэлж байна. Сүүлд бид 125,000,000 төгрөг төлөгдөхөөс 2022 оныг хүртэл хугацаанд 97,460,000 төгрөгтэй дүйцэх байр болон бэлэн мөнгөний тооцоо нийлж авсанд тооцож хэлцэл байгуулж гарын үсэг зурсан. Үүнээс төлөгдөөгүй үлдсэн 27,540,000 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Бид хавтаст хэрэгт *******гийн хувийн дэвтэрт тэмдэглэгдсэн “Бидний тооцоогоо бодож хоёр талаас гарын үсэг зурсан гар бичвэрийн зургийг дарж байсан юм. Түүнийг бид хэрэгт хавсаргасан. Үүнд нийт өгсөн мөнгөн дүнгээ тохиролцож үлдэгдэл мөнгийг 7 сард төлж барагдуулаарай гээд хэлсэн. Үүнийг нотариатаар орж батлуулах талаар ярьсан боловч миний ажлын зав болоогүй юм. Дараа нь эвлэрүүлэн зуучлалд хандсан. Гэтэл гарын үсэг зурагдаагүй байсаар шүүхэд шилжүүлэх хүсэлт өгсөн. 125,000,000 төгрөгөөр зарсан нотариатаар гэрээ байгуулсан. Үл хөдлөх худалдах худалдан авах гэрээнд 60,000,000 төгрөг гэж бичсэн шалтгаан нь татвараас зайлсхийх зорилготой байсан юм. гэжээ.

Хариуцагч *******, ******* нар анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

1. Хариуцагч *******, ******* бидний зүгээс нэхэмжлэгч нараас 444 м.кв талбайтай 8 өрөө 2 давхар үл хөдлөх хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч 45,000,000 төгрөгийн 2 өрөө шинэ байр өгсөн одоо төлбөрийн ямар нэгэн тооцоо байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 125,000,000 төгрөг гэж тодорхойлсон боловч энэ гэрээ өгч банкнаас зээл авах зорилготой байсан хуурамч гэрээ хийсэн болохыг хэн аль нь мэдэж байгаа бөгөөд одоо энэ гэрээг ашиглан биднээс мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Тухайн үед Нэхэмжлэгч *******, ******* нарын уг үл хөдлөх эд хөрөнгө Капитал банкны зээлийн барьцаанд байсан бөгөөд зээлээ төлж чадахгүй хураагдах гэж байна та хоёр аваадах гэж *******ын ээж гуйгаад орон гэргүй болоод гээд байхаар тухайн үед тусалж хэлсэн үнээр нь авч байсан Банканд тодорхой хэмжээний мөнгийг нь төлж бичиг баримтыг нь чөлөөлүүлж авч байсан, тухайн үед нэхэмжлэгч нарын хөрөнгийг худалдаж авах хүн олдохгүй байсан. 444 мк.в талбайтай 8 өрөө 2 давхар үл хөдлөх хөрөнгө тухайн үед ямар ч хүн амьдрах, эзэмших боломжгүй балгас байсан бөгөөд бүх паар нь хөлдөөд задарсан, өрөөний хана нурсан, цонх нь хагарсан аймгийн төвийн архичид орж архи уудаг нохой шувуу цугласан баас, шээс хогонд дарагдсан дайнд бөмбөгдүүлсэн юм шиг байдалтай байсан. Бид хоёр аваад өөд нь татаж хэчнээн сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, иж бүрэн засвар үйлчилгээ хийн өнөөдрийн хэмжээнд болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

3. Гэрээтэй холбоотой маргаан гэж үзэж буй бол 3 жилийн хугацаатай. Харин үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан гэж үзвэл 6 жилийн хугацаатай байдаг. Үл хөдлөх эд хөрөнгөөс үүсэлтэй маргаан гэж тодорхойлбол Ү-0320001959 дугаартай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг 3 дугаар 10 жилийн урд хаягт байрлах 444 м.кв талбайтай, 8 өрөө, 2 давхар орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө  хөрөнгө нь *******, ******* нарын өмчлөлөөс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн худалдах худалдан авах гэрээгээр *******, ******* нарын өмчлөлд шилжиж бүртгэгдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Тухайн үед талбайн хэмжээ зөрүүтэй байснаас кадастрын зурагт өөрчлөлт орж 324 м.кв болж өөрчлөгдсөн.

3.60,000,000 төгрөгийн 2 хувийн татвар буюу 1,200,000 төгрөгийг төлсөн нь нотлогдож байна. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээ дуусгавар болсон тул гэрээнд заагдсан мөнгөн дүнг нэхэмжлэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 27,540,000 /хорин долоон сая таван зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 295,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга:

1. Талууд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулан гэрээгээр худалдагч *******, ******* нар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг 3 дугаар 10-н жилийн хажуу урд байрлах 444 мкв талбайтай 8 өрөө 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг 125,000,000 төгрөгөөр худалдахаар үүнээс 45,000,000 төгрөгийг бэлэн өгч үлдэгдэл 80,000,000 төгрөгийг банкны зээлэнд хамрагдаж төлөхөөр гэрээ байгуулсан байдаг

2. Энэхүү гэрээг хариуцагч нь хуурамч гэрээ банкнаас зээл авахын тулд хийсэн гэж тайлбарладаг бөгөөд энэ гэрээнд заагдсан 444 мкв талбай нь 324 мкв байсныг гэрээ байгуулснаас хойш хожим мэдсэн. Энэ нь хэрэгт авагдсан гэрээний он сар, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өгсөн баримтуудын он сар, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн он сараар нотлогдоно.

 3. биднээс мөнгө нэхэмжлэх үндэслэлгүй мөн 444 мкв талбайтай 8 өрөө 2 давхар үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх болоод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст баримт бүрдүүлээд өгөхөд 324 мкв болж хэмжээ нь багассан байсан тул худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч нар биелүүлээгүй 444 мкв талбай нь 324 мкв болж 120 мкв хасагдсан тул нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 4. нэхэмжлэгч нар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хариуцагч нартай байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр гэрээ юм.

Харин нэхэмжлэгч нарын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэх гэрээг үндэслэж 27,540,000 төгрөг нэхэмжилж байгаа гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй эрхийн зөрчилтэй эд хөрөнгө шилжүүлсэн тул гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

5.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" байхаар заасан тул шүүхийн нэхэмжлэлийн шаардлага хангах үндэслэл болсон гэрээний шүүхэд нэхэмжлэл гаргах сүүлийн хугацаа 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байсан байна.

Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үүссэн үеэс эхлэн тоолох талаар заасан, нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг, сэргээлгэх хүсэлт гаргаагүй байна.

6. Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 131/ШШ2023/00092 дугаартай шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа  нар тус шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Бид  шүүх хуралдааны явцад харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлээс 12 540000 төгрөгийг татгалзаж  15 000000 төгрөгийг  өгч, авахаар   харилцан тохиролцож эвлэрч байна гэцгээв. Би *******ын төлөөлж оролцож байгаа надад бүрэн хэмжээний итгэмжлэл олгосон юм тул  тус  эрхийнхээ хүрээнд уг эвлэрлийг баталгаажуулж байна гэцгээв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд  хянаад:

Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 27,540,000 төгрөг гаргуулахыг хүсэн шаарджээ. Харин хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаан үүсгэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын 27.540.000 төгрөгөөс 12.540.000 төгрөгийг татгалзсан, хариуцагч *******, ******* нар нь 15.000.000 төгрөгийг *******, ******* нарт төлөхөөр  харилцан тохиролцож эвлэрсэн  талаарх тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн зохигчдын эвлэрлийг баталж,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигч талуудын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.4-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын 27.540.000 төгрөгөөс 12.540.000 төгрөгийг татгалзсан, хариуцагч *******, ******* нар нь 15.000.000 төгрөгийг *******, ******* нарт төлөхийг зөвшөөрч  харилцан тохиролцож эвлэрсэн  эвлэрлийг баталж,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  168 дугаар зүйлийн   168.2-т зааснаар хариуцагчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,650  төгрөгийг  төвлөрсөн төсвийн дансанд  хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид  нэхэмжлэл  гаргахдаа төлсөн 295,650 төгрөгийн тал хувь 147,825 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас, хариуцагч *******, ******* нараас 116475  төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******, *******  нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар  давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ, 

Л.НЯМДОРЖ