Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 98

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.А

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: К ХХК 

Гуравдагч этгээд: М ХХК 

Нэхэмжлэлийн шаардлага: ...М ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, хотхонд байрлах *******В байрны ******* дугаар авто зогсоолын Ү-******* дугаартай улсын бүртгэл болон уг бүртгэлийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн дугаар гэрчилгээг хүчингүй болгож, тус автозогсоолын өмчлөгчөөр иргэн Т.А-г бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх автозогсоолын өмчлөх эрхийг Т.А-гийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, гуравдагч этгээд М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, С.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.А шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Т.А миний бие 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр М ХХК-тай 193 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг-г байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, хотхоны *******В байрны зоорийн давхрын ******* дугаар автомашины зогсоолыг захиалж, гэрээний үнийг бүрэн төлснөөр М ХХК-тай тооцоо нийлсэн акт үйлдэж, авто машины зогсоолыг өөрийн эзэмшил, ашиглалтад хүлээн авсан.

Улмаар М ХХК нь авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй, холбогдох материалыг өгөхгүй байсан тул миний бие шүүхэд хандан авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01397 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан. Үүний дагуу Хан-Уул дүүргийн бүртгэлийн газарт 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хандахад надад К ны барьцаанд байгаа тул бүртгэх боломжгүй гэж бүртгэхээс татгалзсан хариуг өгсөн, мөн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт гомдол гарахад 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр мөн л бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй гэх хариуг өгсөн.

Гэтэл М ХХК нь К тай миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, хотхоны *******В байрны ******* дугаар авто зогсоолыг надад өгт мэдэгдэлгүйгээр зээлийн барьцаанд тавихын тулд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусэд эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд М ХХК нь барилгын гүйцэтгэгч этгээд атлаа 2010 онд өөрсдийн барьж гүйцэтгэсэн 4 блок барилгын орон сууц, авто зогсоолын тоот тус бүрээр өмчлөх эрх бүртгүүлэх тухай мэдүүлэг гаргасан байх бөгөөд хариуцагчийн хувьд М ХХК-ийг тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг хууль ёсоор өмчлөх эрхтэй эсэхийг нягтлан шалгүйгээр 4 блок барилгын 96 орон сууц, 205 авто зогсоолын өмчлөх эрхийг тус компанийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон байдаг.

Зүй нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1-д заасны дагуу М ХХК-иас гаргасан мэдүүлгийн үнэн зөвийг нягтлан шалгах бүрэн эрхтэйгээс гадна Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах бүрэн боломжтой байсан.

Гэтэл хариуцагч нь авто зогсоолуудын өмчлөгчөөр бүртгэгдсэн М ХХК нь бүртгүүлэх эрхгүй этгээд гэдгээ хүлээн зөвшөөрсөн үйл баримт, иргэн Т.А-ийн авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл харгалзан, өөрсдийн хууль бус үйлдлийг зөвтгөж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд хариуцагчийн гаргасан дээрх үйлдэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зарчим, шаардлагыг ноцтой зөрчсөн болохыг тодорхой харуулж байна.

Түүнчлэн М ХХК болон К ХХК-иудын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр №Т07/208, №Т07/141 дугаартай зээлийн барьцааны гэрээ байгуулагдаж, барьцааны эрх улсын бүртгэлд бүртгэгдэхээс өмнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, хотхоны *******В байрны 2 тоот орон сууц болон мөн байрны зоорийн давхрын ******* дугаар авто зогсоолуудын өмчлөх эрх К ХХК-ийн барьцааны эрхээс цаг хугацааны хувьд өмнө үүссэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоно.

Иймээс М ХХК нь авто зогсоолуудын өмчлөх эрхийг хууль бусаар өөрийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны өмчлөгчид нь огт мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр К ХХК-тай зээлийн барьцааны гэрээг байгуулж, нэхэмжлэгчид огт хамааралгүй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой хохироосон үйлдэл юм.

Учир нь К ХХК нь 2010 онд зээлийн барьцааны гэрээг байгуулах үедээ иргэд нь орон сууцандаа нүүн орж, өөрсдийн орон сууц, авто зогсоолыг эзэмшиж, ашиглаж эхэлсэн байхад барьцааны зүйлийг нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр бусдын өмч хөрөнгийг өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр барьцаалсан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд М ХХК болон К ХХК-иуд нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг зөрчсөн болно.

Тиймээс М ХХК болон К ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээний оролцогч бус, банкны өмнө үүрэг хариуцлага хүлээгээгүй иргэн Т.А-ийн өмч хөрөнгийг хууль ёсны өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр түүнд огт хамааралгүй зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байх тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд К ХХК-иас зөвшөөрөл авах ёстой гэх үндэслэлээр өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзаж буй нь үндэслэлгүй юм гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

...Өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагад М ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, хотхоны *******В байрны ******* дугаар авто зогсоолын эрхийн улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар зэргийг тодорхойлоогүй байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрх авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээний дугаар нь тогтоогдож байна.

Иймд М ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, хотхонд байрлах *******В байрны ******* дугаар авто зогсоолын Ү-******* дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээг хүчингүй болгож, тус авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Т.А-г бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолын өмчлөх эрхийг Т.А-йн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн эрхийн улсын бүртгэлийн тасагт даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

Өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ...М ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, хотхонд байрлах *******В байрны ******* дугаар авто зогсоолын Ү-******* дугаартай улсын бүртгэл болон уг бүртгэлийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн дугаар гэрчилгээг хүчингүй болгож, тус авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Т.А-г бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолын өмчлөх эрхийг Т.А-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгуулах гэж тодруулж байна гэв.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л-д шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х******* цогцолбор /17021/, Зайсангийн тойруу *******а, *******б, *******в, *******г байрны зоорийн давхрын ******* тоот 90 хувийн гүйцэтгэлтэй авто зогсоолыг холбогдох нотлох баримтуудыг үндэслэн 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр М ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн дугаар гэрчилгээг олгосон байна.

К тай байгуулсан 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 дугээр зээлийн гэрээ, 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт гэрээ, 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн нэмэлт гэрээ, 2010 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 дүгээр барьцааны гэрээ бүртгэлтэй байна.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаар тогтоол болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/*******99 дүгээр албан бичгээр М ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, х******* цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, *******а, *******б, *******в, *******г байруудыг битүүмжилсэн байна.

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 124 дүгээр захирамжаар М ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 дугаар албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай хувийн хэрэгт Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 705 дугаартай Б.Б-ын нэхэмжлэлтэй шүүх хуралдааныг хойшлуулсан шүүгчийн захирамж хавсаргагдсан байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/Ш2016/01397 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн ,,,, дүгээр хороо, Х******* цогцолбор Зайсангийн тойруу, *******в байрны зоорийн давхрын ******* дугаар авто зогсоолын өмчлөгчөөр Т.А-г тогтоож шийдвэрлэснийг үндэслэн иргэн Т.А нь дээрх авто зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасныг дараах үндэслэлээр буцаасан байна.

Уг ******* тоот, 90 хувийн гүйцэтгэлтэй авто зогсоолыг холбогдох нотлох баримтыг үндэслэн 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр М ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206******* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 0 дугаар гэрчилгээ олгосон бөгөөд уг бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээ нь хүчинтэй байна. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д зааснаар улсын бүртгэлд өмнө бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно.

Шүүхийн шийдвэрээр уг эдэ хөрөнгийг битүүмжилж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн тул мөн хуулийн 20.3, 20.5-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр, өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан.

Уг эд хөрөнгүүд нь К ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байх тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу К ХХК-иас зохих зөвшөөрлийг авах бөгөөд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй байна. Ийнхүү мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан нь хуульд нийцсэн байна.

Иймд Т.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд М ХХК нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Иргэн Т.А нь 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр манай компанитай 193 тоот Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, тус гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж хотхоны *******В байрны 2 тоот орон сууцыг тус байрны зоорийн давхрын ******* дугаар авто зогсоолыг захиалан бариулж, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан.

Мөн Баянгал, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/01397 дугаар шүүгчийн захирамжаар Т.А-г уг зогсоолын өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно.

М ХХК, К ХХК-иуд 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 дүгээр зээлийн гэрээ, Т07/141 дүгээр зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж, зээлийн өр төлбөрийг М ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд барьж буй хотхоны орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон юм.

Хэдийгээр дээр дурдсан Т07/141 дүгээр зээлийн барьцааны гэрээнд М ХХК нь 205 дугаар автомашины гаражийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх эд хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно.

Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Б-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хатан туул хотхоны 17 дугаар 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм.

Мөн 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т07/252 дугээр зээлийн барьцааны гэрээгээр Ф ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд М ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн *******в тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга мөн Богдхон Уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт оршин 2.5 га бүхий газар эзэмших эрх зэргийг К ХХК-ийн зээлийн барьцаанд байршуулсан бөгөөд иргэдэд Блью Скай хотхоны орон сууц, авто зогсоолуудыг худалдан борлуулсан орлогоос зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийн ихэнх хэсгийг төлж барагдуулснаар К ХХК нь 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт Зээлийн барьцааг чөлөөлөх тухай албан бичгийг хүргүүлж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсангийн *******в, *******г тоотод байрлах тус бүр 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг зээлийн барьцаанаас өөрсдийн санаачлагаар чөлөөлсөн.

Манай компани К ХХК-иас нийтдээ 9 тэрбум орчим төгрөгийн зээл авч, уг зээлүүдийн төлбөрийг иргэдэд худалдан борлуулсан орон сууц, авто зогсоолуудын орлого болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх замаар 20 орчим тэрбум төгрөгийг тус банкинд төлж барагдуулсан боловч К

ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанийн барьж буй орон сууцнуудыг 50 хувиар үнэгүйдүүлж авах, доллар, юанийн хаш өсөх үед төгрөгөөр өгсөн зээлийг доллар, юаньд шилжүүлэх зэргээр өрийн дарамтанд хийсвэрээр оруулж, бидний үйл ажиллагааг доголдуулсан.

Ингээд 2010 оны 5 дугаар сард К ХХК-ийн шахалтаар бусдад худалдсан орон сууц болон авто зогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн тус бүрээр нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрийн өмчлөлийн хөрөнгө мэтээр бүртгүүлэхээр хүсэлт өгч, тус компанийн ажилтанд итгэмжлэл олгосноор К ХХК нь орон сууц болон авто зогсоолуудын гэрчилгээг өөртөө авсан ба манай компанитай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 дүгээр зээлийн барьцааны гэрээг шинээр байгуулсан ба энэхүү гэрээгээр иргэн Т.Агийн хотхоны *******в байрны зоорийн давхарт байрлах ******* дугаар авто зогсоолыг өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр барьцаалуулсан нь түүний эрх ашгийг хохироосон үйлдэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Т.Агийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж хотхоны *******в байрны зоорийн давхрын ******* дугаар зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзах зүйлгүй болно гэв.

Гуравдагч этгээд К ХХК шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, С.Янар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус банк нь М ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 дугаар зээлийн гэрээг байгуулж, 1.400.000,00 ам долларыг жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.

Мөн М ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 дүгээр зээлийн барьцааны гэрээг байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд Зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар дэд бүтцийн хамт, 205 автомашины гараж, 3 өрөө орон сууц, гаражийн хамт, Үээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон М ХХК-ийн бараа материалын үлдэгдэл зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан.

Мөн тус банк нь 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ТО7/252 дугаар зээлийн барьцааны гэрээг Ф ХХК-тай байгуулж, уг гэрээний зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд М ХХК-ийн өмчлөлийн Ү-2206******* дугаар улсын бүртгэлийн дугаартай, 000******* дугаар

гэрчилгээний дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн *******в тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, М ХХК-ийн өмчлөлийн Ү-2206******* дүгээр улсын бүртгэлийн дугаартай, 0000******* дугээр гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн *******г тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, М ХХК-ийн зээмшлийн 1/52 дугээр гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан байна.

Харин 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр М ХХК-ийн өмчлөлд *******а, *******б, *******в, *******г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 дүгээр зээлийн барьцааны гэрээгээр *******а,б,в,г дүгээр байрны 1-205 дугаар авто зогсоолыг нэг бүрчлэн барьцаалсан.

Тус банкны М ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасан заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм.

Гэтэл М ХХК нь Т.Атэй 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалагчтай байгуулах худалдах худалдан авах гэрээг байгуулж, тус банкны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох нь Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, хотхоны *******в байрны зоорийн давхрын ******* дугаар авто зогсоолыг худалдсан байна.

Энэ нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан зохицуулалтуудыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/01397 дугаар шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус банкны 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 дүгээр зээлийн барьцааны гэрээний дагуу үүссэн барьцааны эрхээс хойш бий болсон үр дагавар байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т.А-ийн өмчлөх эрх нь тус банкны барьцааны эрхээс хойно үүссэн учир М ХХК-ийн өмчлөх эрхийг Т.А-д шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу К ХХК-иас зөвшөөрөл авахыг бүртгэлийн байгууллага мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Гэтэл нэхэмжлэгч нь уг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлэгүй буюу мэдүүлэгт хавсаргах шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй учир түүний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл нь хууль ёсны байна.

Иймд нэхэмжлэгч Т.А-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.А ...М ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, хотхонд байрлах *******В байрны ******* дугаар авто зогсоолын Ү-******* дугаартай улсын бүртгэл болон уг бүртгэлийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн дугаар гэрчилгээг хүчингүй болгож, тус авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Т.А-нг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолын өмчлөх эрхийг Т.А-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбар зэргийг харьцуулан үзэж, үнэлсний үндсэн дээр шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

К ХХК М ХХК-тай 1.400.000,00 ам долларыг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлдүүлэхээр 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 дүгээр гэрээг[1] байгуулсан ба зээл олгох бусад нөхцөлд 7.000 м.кв талбайтай, 205 автомашины гаражийн Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2007 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор гаргуулан, барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэх гэсэн зээл олгох бусад нөхцлийг уг гэрээг тохиролцжээ.

Ф ХХК-тай К ХХК нь 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т07/252 дугаар зээлийн гэрээний[2] үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс хөрөнгө барьцаалах талаар харилцан тохиролцож Т07/252 дугаар зээлийн барьцааны гэрээг байгуулсан ба уг гэрээгээр Аялал жуулчлалын цогцолбор зориулалттай 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй М ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж *******в, *******г байр, Хан-Уул дүүргийн нутагт орших Богд Хан-Уул дархан цаазат газрын тусгай хамгаалалтын газар нутгийн Зайсангийн ам нэртэй газруудыг зээлийн барьцаанд барьцаалсан байна.

Уг зээлийг бүрэн төлж барагдуулсан болох нь К ХХК-ийн 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн зээлийн барьцааг чөлөөлөх тухай 2229 дүгээр албан бичгээр[3] тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

М ХХК болон Т.А нар 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны *******в байрны 2 тоот 132 м.квтай 4 өрөө орон сууцыг 1 гаражийн хамт 12.000 ам доллараар худалдан авахаар тохиролцож 193 дугаар гэрээг[4] байгуулсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч Т.А уг орон сууц болон гаражийн үнийг төлөх, М ХХК нь барилгыг барьж ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсний дагуу Т.А 12.000 ам долларыг төлсөн болох нь 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн кассын орлогын ордер[5], М ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн 16/072 дугаартай хариу тайлбар[6] зэргээр тогтоогдож байна.

Гуравдагч этгээд М ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, *******в байрны зоорийн давхрын ******* тоот авто гаражийн үйл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар мэдүүлэг[7] гаргасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаар бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээг[8] 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр олгожээ.

К ХХК болон М ХХК-иуд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 дүгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор Т07/141 дүгээр гэрээг[9] байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж, *******в байрны зоорийн давхрын ******* тоот авто зогсоолыг барьцаалсан байна.

Т.А М ХХК-нд холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, хотхоны *******в байрны ******* дугаар авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01397 дугаар захирамжаар[10] хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

К ХХК М ХХК-иуд 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 дүгээр гэрээг байгуулахдаа нэхэмжлэгчийн маргаж байгаа авто зогсоолыг уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан гэж үзэх боломжгүй ба уг гэрээг байгуулсны дараа буюу 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр М ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан *******в дугаартай аялал жуулчлалын цогцолбор зориулалттай 1692 м.кв талбайтай 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан байна.

М ХХК болон Т.А нар 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 193 дугаар гэрээг байгуулсны дараагаар гуравдагч этгээд М ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсан *******в /*******а, б, в, г/ байрны зоорийн давхрын ******* тоотыг авто машины зогсоолын зориулалттай 18 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэйгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн дугаар гэрчилгээг 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр авч, К ХХК-тай байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар барьцаалсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Ийнхүү нэхэмжлэгч Т.А-гийн орон сууцыг улсын бүртгэлд бүртгэхгүй байх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байхад хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгч Т.Агийн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрх, Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т заасан өмчлөгч тус бүр дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болох өөрийн сууц болон бусад талбайг хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул М ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, хотхонд байрлах *******В байрны ******* дугаар авто зогсоолын өмчлөх эрхийн дугаар гэрчилгээг хүчингүй болгож, тус авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Т.А-г бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолын өмчлөх эрхийг Т.А-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна, 4.2-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасан байх тул М ХХК-ийн *******в байрны ******* дугаар авто зогсоолыг улсын бүртгэлд бүртгүүлсэн үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, дээрх орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээний дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шинэ өмчлөгчид шилжүүлэх зохицуулалттай байх тул нэхэмжлэгч Т.А-гийн гаргасан ...М ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, хотхонд байрлах *******В байрны ******* дугаар авто зогсоолын Ү-******* дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.А-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган М ХХК-ийн өмчлөлд

бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, хотхонд байрлах *******В байрны 1,, дугаар авто зогсоолын өмчлөх эрхийн 00000 дугаар гэрчилгээг хүчингүй болгож, тус авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Т.А- бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолын өмчлөх эрхийг Т.А-н нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг ...М ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, хотхонд байрлах *******В байрны ******* дугаар авто зогсоолын Ү-******* дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Т.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.САЙХАНТУЯА