Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 212/МА2023/00031

 

 

     

 

    

                                        

 

 

 

А.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 130/ШШ2023/00099 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч **** оршин суух А.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар (даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.А)-т холбогдох,

 

“Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөнөөс дутуу олгосон 3,799,968 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагч байгууллагын төлөөлөгчГ.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Нэхэмжлэгч А.Б нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Уужим амралтын газарт 1985 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал үйлчлэгчээр, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг дуустал худалдагчаар нийтдээ улсад 5 жил 4 сар улсын төсөвт байгууллагад ажилласан.

1.2. Нэхэмжлэгч А.Б нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Анх Баян-Өлгий аймгийн Буянт сумын цэцэрлэгийн эрхлэгч А.Б-д өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс нэг удаа олгох тэтгэмжийн хэмжээг 13,200,000 төгрөгөөр тогтоож өгөхийг хүсэж, уг саналыг аймгийн Боловсролын газарт уламжилсан. Гэтэл аймгийн Боловсролын газар нь А.Бд 9,400,032 төгрөгийн тэтгэмж өгч үлдсэн, 3,799,988 төгрөгийг өгөлгүй хохироосон байна. Уг 3,799,988 төгрөг нь А.Бийн Сагсай сумын Уужим амралтын газар болон Сагсай сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажилласан 5 жил 4 сард ноогдох хугацааны тэтгэмж юм.

 

1.3. Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын санхүү нь А.Бийн Сагсай Уужим амралтын газар болон Сагсай сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажилласан 5 жил 4 сарын хугацааг төрд ажилласан хугацаанд тооцохоос татгалзсан. Бодит байдал дээр, 1990-ээд оноос өмнө хувийн байгууллага гэж байхгүй ба амралтын газар, худалдаа бэлтгэл анги нь улсаас санхүүжүүлдэг төсөвт байгууллага учраас А.Бд төрөөс нэг удаа олгох тэтгэмжийг авах эрх үүссэн гэж үзэж байна.

1.4. Иймд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөнөөс дутуу олгосон 3799968 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Бд олгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч А.Б нь 1985 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Сагсай сумын Уужим Пионерын лагерьд үйлчлэгчээр 3 сар, 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Сагсай сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 5 жил 1 сар, 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар 12 жил, 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцуулж, баталгаажуулсан байна.

2.2. Засгийн газрын 2019 оны 7 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 3.1.2 болон 3.1.4 дэх заалт мөн заалтын тайлбар болон Хөдөлмөрийн Нийгмийн Хамгааллын Яамны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №3/439 тоот албан бичигт мөн Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас манайд хүргүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №6/2848 тоот албан бичигт тус тус 1990 оноос өмнө болон хойших хугацаанд үйлдвэр аж ахуйн газруудад ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулахгүй гэсэн байна.

2.3. А.Бийн 1985 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Пионерын лагерьд үйлчлэгчээр ажилласан 3 сар болон 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Сагсай сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажилласан 5 жил 1 сар болох нийт 5 жил 1 сар төрийн алба хаасан хугацаанд оруулах боломжгүй болно.

2.4. Иймд Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Засгийн газрын тогтоолыг үндэслэж олгосон. Тодруулбал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд нөхөн тооцуулж, баталгаажуулсан 3 жил 7 сар мөн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажилласан 12 жил нийт төрийн алба хаасан хугацааг нь 15 жилээр тооцож нийт 9,434,850 төгрөгийн тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 130/ШШ2023/00099 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-ийг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөнөөс дутуу олгосон 3,799,968 (гурван сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуун жаран найман) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Шеруши бахат овогт А.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх А.Бийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт холбогдох тэтгэмжийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой.

4.2. Монгол улсын иргэн А.Б нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын “Уужим” амралтын газарт 1985 оны 5 дугаар сарын 29-ны өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 02-ныг дуустал үйлчлэгчээр, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1986 оны 4 дүгээр сарын 01-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг дуустал худалдагчаар нийт улсад 5 жил, 4 сар улсын төсөвт байгууллагад ажилласан. А.Б нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Анх Баян-Өлгий аймгийн Буянт сумын цэцэрлэгийн эрхлэгч А.Бд өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс нэг удаа олгох тэтгэмжийн хэмжээг 13,200,000 төгрөгөөр тооцон олгож өгөхийг хүсэж аймгийн Боловсролын газарт саналаа уламжилсан. Гэтэл аймгийн Боловсролын газар нь А.Бд 9.400,032 төгрөгийн тэтгэмжийг өгч үлдсэн 3,799,988 төгрөгийг өгөлгүй хохироосон байна. Уг 3,799,988 төгрөг нь А.Бийн Сагсай сумын Уужим амралтын газар, сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажилласан 5 жил, 4 сард ноогдох хугацааны тэтгэмж юм. Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын санхүү нь А.Бийн Сагсай сумын Уужим амралтын газар болон Худалдаа бэлтгэл ангид ажилласан 5 жил, 4 сарын хугацааг төрд ажилласан хугацаанд тооцоохоос татгалзсан. Гэвч 1990-ээд оноос өмнө Монгол улсад хувийн хэвшлийн байгууллага гэж байгаагүй ба амралтын газар, худалдаа бэлтгэл анги нь улсаас санхүүжүүлдэг төсөвт байгууллагууд учраас А.Бд төрөөс нэг удаа олгох тэтгэмжийг авах эрх үүссэн гэж үзэж байна.

4.3. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтад нийцэхгүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

5. Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Боловсрол шинжлэх ухааны газраас боловсролын салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан хүмүүст зохих журмаар тэтгэмжийг тооцож өгдөг.  А.Б Буянт сумын хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байгаад ажилласан жилд нь ногдох тэтгэмжийг манайхаас албан ёсоор тооцож олгосон.

5.2. Харин Сагсай сумын Уужим пионерын байгууллагад үйлчлэгчээр, мөн Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан хугацааг тооцох боломжгүй. Бид тэтгэмж олгохдоо дандаа дээд шатны байгууллагаас лавлаж асуудаг.

5.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ч тайлбарлаж өгсөн байна. Тухайн хувийн хэвшилд ажиллаж байсан хугацааг бид тооцохгүй. Манай санхүүгийн хүмүүс тэтгэмжийг тооцож надад гарын үсэг зуруулдаг. Манай нягтлан Улаанбаатар хот руу ажлаар явсан байгаа учраас би өөрөө оролцож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

            6. Давж заалдах шатны шүүх хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ түүний гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

 

7. Нэхэмжлэгч А.Б нь Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт холбогдуулан “төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөнөөс дутуу олгосон 3.799.968 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Уужим амралтын газарт 1985 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал үйлчлэгчээр, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг дуустал худалдагчаар ажилласан жилийг төрд ажилласан жилд тооцоогүй нь хууль бус” гэж тайлбарласан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар “Журам батлах тухай” тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 3.1.2, 3.1.4 дэх заалт, мөн заалтын тайлбар болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Яамны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 3/439 тоот албан бичигт, тус Яамнаас манайд хүргүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 6/2848 тоот албан бичигт тус тус 1990 оноос өмнө болон хойших хугацаанд үйлдвэр аж ахуйн газруудад ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулахгүй гэсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

           

8. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт зааснаар шүүх хуульд заасан тохиолдолд Засгийн газраас энэ хуульд нийцүүлэн гаргасан, иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулсан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг хэрэглэж болох ба Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар “Журам батлах тухай” тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-аар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөхөөр зохицуулсан байхад анхан шатны шүүх хэргийн үйл баримтад огт холбогдолгүй буюу хэрэгт хамааралгүй Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг маргааны үйл баримтад хэрэглэж, А.Бийн нэхэмжлэлийн шаардлага дахь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Уужим амралтын газарт 1985 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал үйлчлэгчээр, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг дуустал худалдагчаар ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хууль хэрэглээний алдаа гаргажээ.

           

9. Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллагуудын талаар “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Уужим пионерын лагерь болон Сагсай сумын худалдаа бэлтгэлийн анги нь улсын өмчит үйлдвэрийн газрууд хэдий ч улсын төсөвт байгууллага биш бөгөөд тухайн тооцоон дээр үйлдвэр, үйлчилгээ эрхэлдэг байсан...” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж заасан хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна.

           

10. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар “Журам батлах тухай” тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “Төрийн албаны тухай хуулийн 11-14 дүгээр зүйлд заасан албан тушаалд ажилласан хугацаа”-г төрийн албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацаанд оруулж тооцохоор журамласан ба уг хугацааг тухайн буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилтны ажиллаж байсан байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж буюу албан тушаалтан тооцож тодорхойлохоор мөн журмын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт  зохицуулжээ.            Түүнчлэн мөн журмын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилтны ажиллаж байсан байгууллага жил бүр төсөвтөө тусгахаар байна.

           

11. Зохигчийн тайлбараас үзвэл, нэхэмжлэгч А.Б нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлд боловсролын харилцаанд оролцогчдын нийгмийн баталгааг хуульчилсан. Боловсролын тухай хуулийн мөн зүйлийн 43.1.4 дэх заалтад “төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах” гэж, 43.5 дахь хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаас нь тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана” гэж, 43.7 дахь хэсгэт “Энэ хуулийн 43.1.4, 43.5-д заасан нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтооно” гэж тус тус хуульчилжээ.

 

            12. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахдаа олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээг тогтооход хэрэглэгдэх “төрийн албанд ажилласан хугацааг тогтоох” шалгуур үзүүлэлтийг Монгол Улсын Засгийн газрын дээрх тогтоолд “хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж буюу албан тушаалтан тооцож тодорхойлно” гэж, түүнчлэн нэг удаагийн буцалтгүй тусламжийн санхүүжилт, олговол зохих байгууллагын талаар Засгийн газрын  тогтоолд “шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана” гэж, Боловсролын тухай хуульд “нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах” гэж тус тус журамлаж, хуульчилсныг үндэслээд Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар нь А.Бийн нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч мөн эсэх, түүнчлэн А.Бийн тэтгэвэр тогтоолгохоос өмнө ажиллаж байсан байгууллага болох Баян-Өлгий аймгийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцуулах эсэх асуудлыг шүүх зохигчоос тодруулах замаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх шаардлагатай.

            Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно” гэж, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “... хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр ... хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно” гэж хуульчилсан журмыг шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд бүрэн нийцэх юм. Шүүх уг журмуудыг хэрэгжүүлээгүй атлаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ түүний хариуцагчийг шинээр тодорхойлох, шүүх шаардлагатай гэж үзвэл өөр этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулж болох, хэрвээ нэхэмжлэгч хариуцагчийг буруу тодорхойлсон бол хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргах, эсхүл шүүхийн журмаар солихыг зөвшөөрөх, зөвшөөрөхгүй байх эрхийг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасан журмыг тайлбарлаж мэдэгдээгүй буюу нэхэмжлэгчийн үүнтэй холбоотой эрхүүдийг хангаагүй байна гэж завж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

            13. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр тогтоогдсон анхан шатны шүүхийн (1) хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй журмыг хэрэглэж, (2) нотлох баримтад тулгуурлаагүй дүгнэлт хийж, (3) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрэгжүүлээгүй зөрчлүүд нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 /шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй/, 168.1.3 дахь заалтад /хэргийн ... оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн/ хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 168.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул “хэргийн үйл баримт, хууль хэрэглээтэй холбоотойгоор шийдвэрт өөрчлөлт оруулах замаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах” талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            14. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 130/ШШ2023/00099 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК