Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2023/00788

 

 

 

 

   2023              09           22     

                       130/ШШ2023/00788

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн С сумын 4 дүгээр багт оршин суух, Ш овогт А-ны Б,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Б аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар /дарга С.Х/,

Хамтран хариуцагч: Б аймгийн С сумын хүүхдийн цэцэрлэг /эрхлэгч С.Л/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөнөөс дутуу олгосон 3,799,968 /гурван сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуун жаран найман/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Н

Хамтран хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М-т шүүх хуралдааны товыг шүүхээс 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М нь шүүх хуралдаанд өөрийг оролцуулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийлгэх тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нарын хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М-ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлтээр хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мухтарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч А.Б, хариуцагч Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Б аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар /дарга С.Х/, хамтран хариуцагч: Б аймгийн С сумын хүүхдийн цэцэрлэг /эрхлэгч С.Л/ нарт холбогдуулан төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөнөөс дутуу олгосон 3,799,968 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч А.Б нь Б аймгийн С сумын У амралтын газарт 1985 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал үйлчлэгчээр, Б аймгийн С сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг дуустал худалдагчаар нийтдээ улсад 5 жил 4 сар улсын төсөвт байгууллагад ажилласан.

1.2.Нэхэмжлэгч А.Б нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан юм. Анх Б аймгийн С сумын цэцэрлэгийн эрхлэгч А.Б-д өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс нэг удаа олгох тэтгэмжийн хэмжээг 13,200,000 төгрөгөөр тогтоож өгөхийг хүсэж, уг саналыг аймгийн Боловсролын газарт уламжилсан. Гэтэл аймгийн Боловсролын газар нь А.Б-д 9,400,032 төгрөгийн тэтгэмж өгч үлдсэн, 3799,988 төгрөгийг өгөлгүй хохироосон байна. Уг 3,799,988 төгрөг нь А.Б-ийн С сумын У амралтын газар болон С сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажилласан 5 жил 4 сард ноогдох хугацааны тэтгэмж юм.

1.3.Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын санхүү нь А.Бийн С У амралтын газар болон С сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажилласан 5 жил 4 сарын хугацааг төрд ажилласан хугацаанд тооцохоос татгалзсан. Бодит байдал дээр, 1990-ээд оноос өмнө хувийн байгууллага гэж байхгүй ба амралтын газар, худалдаа бэлтгэл анги нь улсаас санхүүжүүлдэг төсөвт байгууллага учраас А.Б-д төрөөс нэг удаа олгох тэтгэмжийг авах эрх үүссэн гэж үзэж байна.

1.4.Иймд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөнөөс дутуу олгосон 3799968 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б-д олгож өгнө үү гэсэн байна гэжээ.

2.Хариуцагч Б аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа:

2.1.Нэхэмжлэгч А.Б нь 1985 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл С сумын У лагерьд үйлчлэгчээр 3 сар, 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл С сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 5 жил 1 сар, 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл С сумын Хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар 12 жил, 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцуулж, баталгаажуулсан байна.

2.2.Засгийн газрын 2019 оны 7 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 3.1.2 болон 3.1.4 дэх заалт мөн заалтын тайлбар болон Хөдөлмөрийн Нийгмийн Хамгааллын Яамны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №3/439 тоот албан бичигт мөн Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас манайд хүргүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №6/2848 тоот албан бичигт тус тус 1990 оноос өмнө болон хойших хугацаанд үйлдвэр аж ахуйн газруудад ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулахгүй гэсэн байна.

2.3.А.Б-ийн 1985 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл П лагерьд үйлчлэгчээр ажилласан 3 сар болон 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл С сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажилласан 5 жил 1 сар болох нийт 5 жил 1 сар төрийн алба хаасан хугацаанд оруулах боломжгүй болно.

2.4.Иймд Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Засгийн газрын тогтоолыг үндэслэж олгосон. Тодруулбал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд нөхөн тооцуулж, баталгаажуулсан 3 жил 7 сар мөн С сумын хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажилласан 12 жил нийт төрийн алба хаасан хугацааг нь 15 жилээр тооцож нийт 9,434,850 төгрөгийн тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэсэн байна гэжээ.

3. Хамтран хариуцагч Б аймгийн С сумын хүүхдийн цэцэрлэг /эрхлэгч С.Л/ хариу тайлбартаа:

3.1. Төсвийн тухай хуулийн 16.5.5 дахь хэсэгт батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэсэн хуулийн заалтын хүрээнд манай цэцэрлэгт өндөр насны тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж манай байгууллагын дансанд орж ирээгүй тул манайх нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй.

3.2. Төсвийн төлөвлөгөө хийх үед 2022 онд өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ ирүүлсний дагуу бид Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтайд заасан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох” журмын дагуу материалыг бүрдүүлж нэхэмжлэгч А.Б-ийн ажилласан жилийг нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг харж тэтгэмжийн хугацааг тогтоож хүргүүлсэн үүнийг Б аймгийн санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн хянаж 2023 оны төсвийн төсөл явуулдаг юм. Иймд энэ гарсан зөрчил нь төрийн албан мөн биш дээр маргаж байгаа манай цэцэрлэгт хамааралгүй болно.

3.3. Б аймгийн төрийн сан хянасан 2023 оны төсөвт суугдаж Б аймгийн боловсролын газарт уламжилсныг хянан баталгаажуулан Боловсролын газрын төсөвт 13200000 төгрөг ирсэн. Энэ асуудлыг Б аймгийн Боловсрол Шинжлэх Ухааны газар, Төрийн сангийн мэргэжилтэн нар хариуцна. Хэрэв хуульд нийцэхгүй бол буцаах байсан энэ нь тусгай мэргэжил шаардсан ажил учир манай байгуулгаад ямар ч хамааралгүй байна. Манай хариуцах асуудал биш байна гэжээ.

4.Нэхэмжлэгчээс Б аймгийн Архивын тасгийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №347 дугаартай Архивын лавлагаа, А.Бийн №098806 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбар, Б аймгийн С сумын хэрэглээний хоршооны даргын 1991 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №13 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, Монгол Улсын Хүн Амын Бодлого Хөдөлмөрийн Яамны 1996 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №4/282 дугаартай Б аймгийн Засаг даргад хаягласан Танай 2/174 тоотын хариу гэсэн албан бичиг, Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайдын 1995 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн №108/133 дугаартай Төрийн албан хаагчийн тухайн албан тушаалд ажилласан хугацааг тооцож, цалингийн шинэ сүлжээг мөрдөх тухай тушаал, Монголын Худалдаа 90 жил /1921-2011/ гэх номын холбогдох хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,  зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

5.Хариуцагчаас Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №6/2848 дугаартай Б аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.А-д хаягласан Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №3/439 дугаартай Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хаягласан Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №8/521 дугаартай С аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ч.Ж-д хаягласан Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Б аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын ня-бо Н.М-ын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тооцоо бодсон А.Б-ийн тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн тооцоо зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

6. Хамтран хариуцагчаас Б аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/22 дугаартай тушаал, А.Б-ийн хөдөлмөрийн дэвтэр, өргөдөл, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Б аймгийн С сумын Хүүхдийн цэцэрлэгийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаартай албан бичиг, Б аймгийн С сумын хэрэглээний хоршооны даргын 1991 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаартай тушаал, Б аймгийн С сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тушаал, А.Б-ийн цалингийн түүвэр, М.С-ийн цалингийн түүвэр, Б аймгийн С сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/32 дугаартай тушаал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

7. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Б аймгийн Боловсрол шинжлэх ухааны газраас А.Б-ийн хүсэлт, А.Б-ийн цалингийн түүвэр, Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б аймгийн Засаг даргын тамгын газрын төрийн сангийн хэлтсээс Тэтгэвэрт гарах албан хаагчийн үндсэн цалингийн тооцоолол, Тэтгэвэрт гарах албан хаагчийн мэдээллийг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

8. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

9.Нэхэмжлэгч А.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Аймгийн Боловсролын газар нь надад 9,400,032 төгрөгийн тэтгэмж өгч үлдсэн, 3,799,988 төгрөгийг өгөлгүй хохироосон тул дутуу олгосон тэтгэмжийн мөнгө 3,799,988 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан гэжээ.

10.Хариуцагч Б аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...1990 оноос өмнө болон хойших хугацаанд үйлдвэр аж ахуйн газруудад ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулахгүй тул нэхэмжлэгч А.Б-ийн 1985 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл П-ын лагерьд үйлчлэгчээр ажилласан, мөн 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл С сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулах боломжгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэжээ.

11. Хамтран хариуцагч Б аймгийн С сумын хүүхдийн цэцэрлэг /эрхлэгч С.Лхамжав/ нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Төсвийн тухай хуулийн 16.5.5 дахь хэсэгт батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэсэн хуулийн заалтын хүрээнд манай цэцэрлэгт өндөр насны тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж манай байгууллагын дансанд орж ирээгүй тул манайх нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэжээ.

12.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

12.1.Нэхэмжлэгч А.Б нэхэмжлэлдээ ... Б аймгийн С сумын У лагерьд үйлчлэгчээр 1985 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 3 сар, С сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 5 жил 1 сар ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцож,

Мөн С сумын Хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 12 жил, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласныг төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөнөөс дутуу олгосон 3,799,988 төгрөгийг авах ёстой гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч өөрийн нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэж байгаа байдлын талаарх, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэхүү үүргээ биелүүлж өөрийн нэхэмжлэлийн шаардлага нотолж чадаагүй болно

Харин нэхэмжлэгч А.Бийн С сумын Хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажилласан талаар зохигчид маргаагүй болно.

12.2.Нэхэмжлэгч А.Б нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн тул Төрийн албан тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй болно.

13. Нэхэмжлэгч А.Б С сумын Хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 12 жил 23 хоног, НДШ-ийн баталгаажилтын хуудсаар 1991 оны 6 дугаар сараас 1994 оны 12 дугаар сар хүртэл 3 жил 7 сар, нийтдээ төрийн албад ажилласан жил 15 жил 7 сар 23 хоногийн хугацаанд оногдох төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 9,434,850 төгрөгийг олгосон нь зохигчдын тайлбар болон хариуцагчаас гаргаж өгсөн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А.Б-ийн тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн тооцоо зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэжээ.

13.1. Б аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2022 оны 12 сарын 05-ний өдрийн Б/22 дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаалаар Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалт, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 43.1.7 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг тус тус үндэслэн 1. ... сургуулийн өмнөх боловсролын салбараас өндөр насны тэтгэвэрт гарсан багш, ажилтнуудад олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг хоёрдугаар хавсралтаар ... баталсугай. 2. Мөнгөн тэтгэмжид шаардагдах 22,085812/ хорин хоёр сая наян таван мянга найман зуун арван хоёр/ төгрөгийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж зардал ... шилжүүлэн санхүүжүүлж олгохыг нягтлан бодогч /Н.М/-д зөвшөөрсүгэй гэж, 2 дугаар хавсралтаар Хүүхдийн цэцэрлэгээс өндөр насны тэтгэвэрт гарсан багш, ажилтнуудын  нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж нэрсийн 1-рт С сумын Хүүхдийн цэцэрлэг, албан тушаал туслах багш, овог А, нэр Б, мөнгөн тэтгэмж /төгрөгөөр/  9,434,850 гэжээ.

13.2. Маягт НМ-076 Тэтгэвэрт гарах албан хаагчийн  үндсэн цалингийн тооцоолол /БШУЯ-д явуулсан санал/ гэх хүснэгтээр үзүүлсэн нэрсийн жагсаалтын 12 дугаарт Байгууллагын нэр С хүүхдийн цэцэрлэг, овог А, нэр Б,албан тушаал туслах багш, сарын дундаж цалин 631589.0,  тэтгэмж олгох хугацаа 21, олгох тэтгэмжийн хэмжээ 13,263,369.0 гэж, Боловсрол, шинэлэх ухааны яамнаас ирсэн тэтгэвэрт гарах албан хаагчдын жагсаалт /тэтгэвэрт гарах албан хаагчийн мэдээлэл/-д 60 дугаарт байгууллагын регистрийн дугаар 9006095, аймаг нийслэл 02.Б, дүүрэг С, байгууллагын нэр С сумын цэцэрлэг, овог А, нэр Б, албан тушаал туслах тогооч,регистрийн дугаар БББББББ, нийт ажилласан хугацаа 30, үүнээс төрийн албанд ажилласан жил 21, албан тушаалын ангилал, зэрэглэл ТҮБД-1-5, нэг сарын үндсэн цалин/сүүлийн жилийн үндсэн цалингийн нэг сарын дундаж хэмжээ 631589.0, тэтгэмж олгох хугацаа 21, олгох тэтгэмжийн хэмжээ 13,263,369.0, тусгасан байна.  

Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 2.1-д ... нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын сүүлийн 3 жилийн дунджаар тооцно ... гэж, мөн Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 2.2-д ... энэ журмын 1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт тогтоолгосон төрийн албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн  албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно ... гэж тус заасан байх тул нэхэмжлэгч А.Б-ийн төрийн албанд ажилласан өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон нь дээрх хуулинд нийцсэн байна.

14. Нэхэмжлэгч А.Б Б аймгийн С сумын У лагерьд үйлчлэгчээр 1985 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, С сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажилласан үйл баримтын талаар нэхэмжлэгч А.Бийн №098806 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийн бичилт хийгдсэн, мөн Б аймгийн С сумын хэрэглээний хоршооны даргын 1991 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №13 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам-ын 3-ын 4-д улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан (хөлсөөр түр ажилласан орохгүй)-аар 1996 оны 8 дугаар сарын 01-ээс 2008 оны 5 дугаар сарын 06-ны хүртэл ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцохоор заасан.

15. Иймд нэхэмжлэгч А.Б нь Б аймгийн С сумын У лагерьд үйлчлэгчээр 1985 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, С сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцогдох хууль зүйн үндэслэл байхгүй болно.

16. Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 6\2848 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичигт...Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 3.1.2-т Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэний 1990 оны 03 дугаар сарын 23-аас өмнөх нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацаа, 3.1.4-т улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан бусад ажилтан (хөлсөөр түр ажиллагч орохгүй)-аар 1996 оны 08 дугаар сарын 01-ээс 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх ажилласан хугацаа-г төрийн албанд ажилласан хугацаанд оруулж тооцохоор тус тус заасан. Иймд уг журмын зохицуулалтаар 1990 оноос өмнөх болон хойших хугацаанд нэгдэл болон үйлдвэр, аж ахуйн газарт ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулж тооцох боломжгүй гэсэн байна.

Мөн Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам-ын 3-ын 2-д төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэний 1990 оны 3 дугаар сарын 23-аас өмнө нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацааг төрийн алба хаасан хугацаатай адилтган тооцон гэж заасан байна.

Б аймгийн С сумын У лагерь болон С сумын Худалдаа бэлтгэлийн анги нь улсын өмчит үйлдвэрийн газрууд хэдий ч улсын төсөвт байгууллагаа биш бөгөөд тухайн тооцоон дээр үйлдвэр, үйлчилгээ эрхэлдэг байсан тул дээрх журмын заалт хамааралгүй болно.

17. Хамтран хариуцагч С сумын Хүүхдийн цэцэрлэг нь ... төсвийн төлөвлөгөө хийх үед 2022 онд өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ ирүүлсний дагуу холбогдох материалын бүрдүүлж Б аймгийн санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн хянаж 2023 оны төсвийн төсөл явуулдаг,Б аймгийн төрийн сан хянасан 2023 оны төсөвт суугдаж Б аймгийн Боловсролын газарт уламжилсныг хянан баталгаажуулан энэ асуудлыг Б аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газар, Төрийн сангийн мэргэжилтэн нар хариуцна, С сумын Хүүхдийн цэцэрлэг нь хариуцагч биш, манай дансанд тэтгэмжийн мөнгө орж ирээгүй, А.Б нь тус цэцэрлэгт туслах багшаар ажилласан хугацааны оногдох тэтгэмжийг авсан байгаа ... хамтран хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Хамтран хариуцагч С сумын Хүүхдийн цэцэрлэг нь 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаартай “Б аймгийн ЗДТГ-ын төсөв, санхүүгийн ахлах мэргэжилтэн Ж.А-д танаа “ гэх албан бичгээр тус цэцэрлэгийн 2022 оны цахим төсвийн төслийг хянаж, хүлээн авна уу гэсэн албан бичгээр А.Б гаргаж байсан өргөдөл /он, сар өдөргүй/, 098806 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /хуулбар/, нийгмийн даатгалын дэвтэр /хэзээ нээсэн тодорхойгүй, эхний хуудас байхгүй, хуулбар/ Б аймгийн С сумын хэрэглээний хоршооны даргын 1991 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн 13 дугаартай “ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хуулбар/, 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ... “ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал, туслах багш А.Б-ийн цалингийн түүвэр /хуулбар/, Маягт НМ-07 тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн судалгаа /он сар өдөргүй, хуулбар/, туслах багш А.Б-ийн сүүлийн 3 жилийн цалингийн түүвэр /хэн тооцож гаргасан нь тодорхойгүй, хуулбар/, С сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн Б/32 дугаартай “А.Бийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал зэрэг баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ба тухайн үед энэхүү баримтуудыг бүрдүүлэн хүргүүлсэн ба манай хүүхдийн цэцэрлэгийн нягтлан А.П /нэхэмжлэгчийн нөхөр гэж/ энэ талаар сайн мэднэ гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй байна.

18. Хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудаар нэхэмжлэгч А.Б-ийн хариуцагч Б аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар болон хамтран хариуцагч С сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөнөөс дутуу олгосон 3,799,968 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

19.Энэ нэхэмжлэл нь тэтгэмжтэй холбоотой тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

20.Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Монгол Улсын Хүн Амын Бодлого Хөдөлмөрийн Яамны 1996 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №4/282 дугаартай Б аймгийн Засаг даргад хаягласан Танай 2/174 тоотын хариу гэсэн албан бичиг, Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайдын 1995 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн №108/133 дугаартай Төрийн албан хаагчийн тухайн албан тушаалд ажилласан хугацааг тооцож, цалингийн шинэ сүлжээг мөрдөх тухай тушаал, мөн Б аймгийн Архивын тасгийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №347 дугаартай Архивын лавлагаа, мөн хариуцагчаас гаргаж өгсөн Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн З\439 дугаартай Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Хариу өгөх тухай албан бичгийн хуулбар нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

20.1.Хариуцагчаас Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн З/439 дугаартай Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хаягласан Хариу өгөх тухай албан бичгийн хуулбарыг гаргаж өгсөн ба энэ нь хэрэгт хамааралгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-ийг баримтлан нэхэмжлэгч Ш овогт А-ны Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар болон хамтран хариуцагч С сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөнөөс дутуу олгосон 3,799,968 /гурван сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуун жаран найман/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б