Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 212/МА2023/00035

 

 

     

 

 

       

 

 

Т.Д-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2022/01082 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *****оршин суух Ж  овогт Т.Д  нэхэмжлэлтэй, хариуцагч **** оршин суух Т овогт Н.А  холбогдох,

 

“Махны үнэ 5,790,800 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч Н.А , түүний өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Иргэн Н.А нь 2021 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс эхэлж үхрийн мах, ямааны мах авснаас сүүлийн тооцоогоо 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хийсэн ба үүний дараа үлдсэн 5790800 төгрөгийг өгнө гэснээр өдий хүрлээ.

1.2.Н.Ад уг 5798000 төгрөг өгөх талаар хэлэхэд, би чиний мөнгийг мэдэж байна. Одоо боломжгүй байгаа учраас үүнийг боломжоороо өгөх болно гэсэн юм. Тэгээд үүнээс хойш жил гаруй болж байна. Би мөнгө хэрэгтэй болсон надад мөнгийг маань яаралтай төлж өгөх талаар Аблайханд хэд хэдэн удаа хэлсэн боловч миний үгийг тоогоогүй учраас би шүүхэд хандсан.

1.3. Хариуцагчийн зүгээс надад 2022 оны 5 дугаар сард мөнгө өгсөн гэж байна. Гэхдээ уг мөнгө нь ямааны махны үнэ байсан. 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхэлж би ямааны мах өгсөн. Энэ он сар, жинтэй нь хамт миний тэмдэглэлийн дэвтэрт тодорхой бичигдсэн. Миний 6 удаагийн үйлдлээр өгсөн махны нийт үнэ нь 6899000 төгрөг болсон. Үүнийг шилжүүлсэн болох нь дансны хуулгаар нотлогдож байна.

1.4. Харин хариуцагчийн хэлж байгаа тайлбар нь ямар ч үндэслэлгүй. Би ч гэсэн махны чиглэлээр ажиллаад 10 гаруй жил болж байна. Гэхдээ Н.А бүх юм тодорхой байхад, маргаад байгаад нь би өөрөө гайхаж байна. Надад шилжүүлсэн мөнгөний үнийн дүн болон махны жин бүх зүйл таарч байхад, яагаад маргаад байгаа нь бүр ойлгомжгүй. 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 182 кг цул мах, 27.8 кг нь ястай мах, 06 дугаар сарын 11-ний өдөр 37.7 кг хонины мах, 20.9 кг ямааны мах, 06 дугаар сарын 21-ний өдөр 74.5 кг цул мах, 14.7 кг ястай мах, 08 дугаар сарын 01-ний өдөр 112 кг цул мах, 11 кг хавирга, 08 дугаар сарын 02-ны өдөр 18 кг хавирга, 08 дугаар сарын 29-ний өдөр 114 кг цул мах, 18.6 кг ястай мах, 09 дүгээр сарын 01-ний өдөр 68.5 цул мах, 13.10 кг ястай мах, 09 дүгээр сарын 05-ны өдөр 158 кг цул мах, 19.7 кг ястай мах, 48500 төрөгт нуруу болон ахар ястай адууны мах тус тус өгсөн. Бүгд нийлээд 11908000 төгрөг болж байна. Үүнээс надад 07 дугаар сарын 31-ний өдөр 1200000 төгрөг, 09 дүгээр сарын 10-ны өдөр 1300000 төгрөг, 09 дүгээр сарын 28-ний өдөр 800000 төгрөг тус тус шилжүүлсэн. Мөн 04 дүгээр сарын 06-ны өдөр 500000 төгрөгийг өмнөх мөнгөнөөс хасна шүү, хойно явуулсан ямааны махтай нийлүүлэхгүй шүү гэж хэлсэн. Үүнийг ч гэсэн тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглээд бичиж авсан. Уг 500000 төгрөгийг өмнөх мөнгөнөөс хасахад, үлдэгдэл 5790800 төгрөг үлдсэн. Тийм учраас би 2021 оны мөнгийг нэхэмжилж байна.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Миний бие Т.Дээс 2016 оноос эхлэн 2022 оны 8 дугаар сар хүртэл худалдах, худалдан авч хамтран ажиллаж ирсэн.

2.2.  2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Т.Д нь надтай тооцоо хийж байгаа хэмээн хэлж, үлдэгдэл 5790800 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж надаар гарын үсэг зуруулж авсан.

2.3. Түүний дараа Т.Дий ХААН банк дахь ****** тоот дансанд 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 500000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 400000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 28-ний өдөр 500000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 600000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 887000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 08-ний өдөр 395000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 1054000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 20-ний өдөр 900000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 855000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 808000 төгрөг, нийтдээ 6899000 төгрөг шилжүүлсэн.

2.4. Эдгээр шилжүүлсэн мөнгөний зарим нь буюу 3929200 төгрөг нь 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш мах худалдан авсны төлбөр байсан. Одоо үлдэгдэл 2821000 төгрөгийн тооцоо байгаа юм. Харин түүний илүү нэхэмжилж буй хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.5. 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш 4 удаагийн үйлдлээр 3929000 төгрөгийн мах авсан. 10 удаагийн үйлдлээр 6899000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс 3929000 төгрөг махны үнэ 2968000 төгрөг урьд нь зээлээр авсан махны үнэ юм. Тэгээд би 05 дугаар сарын 29-ний өдөр 400000 төгрөг, 05 дугаар сарын 05-ны өдөр 500000 төгрөг, 05 дугаар сарын 06-ны өдөр 600000 төгрөг шилжүүлсний дараа нь мах авах талаар хэлсэн. Иймд надад дахиад 2-3 удаа мах авч ирж өгсөн. Хэрвээ би өгөх өглөгтэй байгаад өгөхгүй явж байсан бол тухайн үед надад дахиад мах өгөхгүй байсан. Тийм учраас би илүү нэхэмжилсэн мөнгөн төлбөрийг төлж чадахгүй. Харин 2821000 төгрөгийг төлөхөд бэлэн байна

2.6. Би нэхэмжлэгчээс мах аваад түүний мөнгийг өгөхгүй зугтаад явж байгаа зүйл огт байхгүй. Т.Д өөрөө андуураад буруу тооцоо гаргаж байна. Баян-Өлгий аймагт зөвхөн Т.Дтай хамтран үйл ажиллагаа явуулахгүй. Түүнээс гадна 10 гаруй хүнээс мах авч ажилладаг. Намайг нэхэмжлэгчийг хохироох ямар нэгэн шаардлага байхгүй.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2022/01082 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.А-аас 5790800 /таван сая долоон зуун ерэн мянга найман зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Д-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107603 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.А-аас 107603 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Дд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:   

4.1. Миний бие иргэн Т.Д-ээс 2016 оноос эхлэн 2022 оны 8 дугаар сар хүртэл мах худалдах, худалдан авч хамтран ажиллаж ирсэн. 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Т.Д нь надтай тооцоо хийж байгаа хэмээн хэлж, үлдэгдэл 5,790,800 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж надаар гарын үсэг зуруулж авсан. Түүний дараа Т.Д-ий ХААН банк дахь ****** тоот дансанд 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 500,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 400,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 887.000   төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 395,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 14-ны өдөр 1,054,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 900.000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 855,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 808,000 төгрөг нийтдээ 6,899,000 төгрөг шилжүүлсэн. Эдгээр шилжүүлсэн мөнгөний зарим нь буюу 3,929,200 төгрөг нь 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш мах худалдан авсны төлбөр байсан юм. Одоо үлдэгдэл 2.821.000 төгрөгийн тооцоотой байгаа. Т.Дий илүү нэхэмжилж буй хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргасан боловч анхан шатны шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийж надаас илүү төлбөр гаргуулан шийдвэрлэсэн нь хууль бус юм.

4.2. Анхан шатны шүүхээс миний Т.Дий дансанд шилжүүлсэн мөнгийг түүнд өгөх ёстой өглөгт тооцох боломжгүй хэмээн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал, намайг Т.Дий дансанд мөнгө шилжүүлэхдээ утга дээр "ямаа, үхэр" хэмээн бичсэн учраас өр зээлээ хааж байгаа хэмээн үзэхгүй гэжээ. Би Т.Дээс 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр, 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр, 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр, 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрүүдэд ямаа болон үхрийн мах авсан үедээ илүү мөнгө шилжүүлсэн. Миний шилжүүлсэн мөнгө дансны хуулгаар нотлогдож байгаа. Харин Т.Д нь миний энэхүү шилжүүлсэн мөнгөнд мах өгсөн гэж байгаа хэмээн тэмдэглэлийн дэвтэртээ үзлэг хийлгэсэн боловч тухайн тэмдэглэлийн дэвтрийг надад урьд өмнө нь огт танилцуулаагүй. Миний шилжүүлсэн мөнгөний хэмжээнд тааруулан өөрийнхөө хувийн тэмдэглэлийн дэвтэрт тооцоо бичсэнийг би зөвшөөрөхгүй. Миний өөрийн хувийн тэмдэглэлийн дэвтэртэй ТДаметкений тэмдэглэлийн дэвтэрт бичсэн тооцоо нийлэхгүй байна.

4.3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2022/01082 дугаартай шийдвэрийг өөрчлөн Т.Дд шилжүүлсэн 2,969,800 төгрөгийг хасаж тооцож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: 

5.1. Нэхэмжлэгч Т.Д миний бие хариуцагч Н.Аы гаргасан давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбар гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан учир давж заалдах гомдлыг хүлээн авч, ханган шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна.

5.2. ХариуцагчН.А нь нэхэмжлэгч Т.Д надаас олон жилийн турш байнгын бизнесийн харилцаатай, түншлэлийн журмаар мах худалдах худалдан авах үйл ажиллагаа эрхэлж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна. Хариуцагч Н.А нь 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн тооцоогоор махны үнийн үлдэгдэл 5,790,800 төгрөгийг Т.Д надад төлөх өртэй болохыг өөрөө хүлээж зөвшөөрч байгаа ба энэ нь түүний гарын үсгээр нотлогдсон байна.

5.3. Хариуцагч Н.А нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2,821,000 төгрөгийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 3,929,200 төгрөгийг тооцоо нийлсэн 2022 оны 4 дүгээр сард тооцоо нийлснээс хойш төлж өгсөн гэж маргаж байна. Гэтэл Н.А нь тооцоо ёсоор төлбөл зохих нийт 5,798,800 төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй болох нь бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоно.

5.4.Н.А нь 2022 оны 5 дугаар сараас хойш үргэлжлүүлэн мах худалдан авч байсан бөгөөд урьдын адил өдөр бүрийн зээлийн дэвтэрт бичүүлээд авч байсан ба сар бүр махны үнийг хувааж төлж байсан юм. Аблайхан сүүлд авсан махны хэмжээ, үнийн дүн, төлсөн банкны санхүүгийн баримт (дансны хуулга) зэрэг нотлох баримтаар тулгалт хийж, зээлийн дэвтэрт бичигдсэн огноо, махны үнэ зэргийг харьцуулж, нотлох баримтаар үнэлэхэд яв цав тохирч байна. Энэ нь хариуцагч Аблайхан нь өмнөх үлдэгдэл 5,798,800 төгрөг төлөөгүй болохыг давхар баталж байна.

 

5.5. ХариуцагчН.А нь нотлох баримт болгож хувийн тэмдэглэлийн дэвтэр гарган өгсөн боловч уг дэвтрийн бичилт, бичгийн хэлбэр, бичсэн үзгийн бэхний өнгө, цаг хугацаа, бичигдсэн орон зай зэрэг нь нэг өдөр, нэг цаг хугацаанд, нэг үзгээр бичигдсэн байх тул хуурамч нотлох баримт болох нь  энгийн нүдэнд илэрхий байсан учраас анхан шатны шүүх нотлох баримтыг хууль ёсоор, үндэслэлтэй зөв үнэлсэн гэж үзэж байна.

5.6. Нэхэмжлэгч Т.Д би зээлийн дэвтрийг нотлох баримтаар өгсөн байх ба цаг хугацаа, өдрөөр нь он сарын огноотой нь дэс дарааллаар бичсэн учраас нотлох баримтын үндсэн эх сурвалж мөн. Тухайн зээлийн дэвтэрт бичигдсэн махны үнэ өртөг нь хариуцагчН.Аы төлж барагдуулсан махны үнэ өртөгт бүрэн нийцэж байна.Тооцож үзэхэд нэг ч төгрөгийн зөрүү гараагүй болно.

5.7. Анхан шатны шүүхээс бичгийн нотлох баримтад хийсэн үзлэгийн тэмдэглэл бол нотлох баримт болохын хувьд бодит байдлыг баталж өгнө.

5.8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж хариуцагчН.Аы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Т.Дий хариуцагч Н.Ад холбогдуулан гаргасан “Зээлээр өгсөн махны үнэ 5,790,800 төгрөг гаргуулах”-ыг хүссэн хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэж, гомдолд заасан үндэслэлээр хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан гэж дүгнэв.   

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

8. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв сэргээн тогтоож, Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Т.Дий нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хариуцагч Х.А-аас 5,790,800 /таван сая долоон зуун ерэн мянга найман зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Дд олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Учир нь хуулийн уг зүйл, хэсэгт зааснаар худалдан авагч нь худалдаж авсан барааны үнээ төлөх үүрэгтэй байна.  

10. ХариуцагчН.А нь нэхэмжлэгч Т.Дээс мах худалдан авдаг бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч Н.Ааас 5,790,800 /таван сая долоон зуун ерэн мянга найман зуу/  төгрөгийн авлагатай болох нь хэрэгт авагдсан тооцоо нийлсэн баримтаар тогтоогджээ. Энэ талаар талууд маргаагүй.

11. Гэвч хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2,821,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөгүй ба нэхэмжлэгч хариуцагч нар тооцоо нийлсний дараа буюу 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш худалдах-худалдан авах гэрээгээр мах худалдаж, худалдан авч байсан, тооцоо нийлснээс хойш нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн 6,899,000 төгрөгийн 3,929,200 төгрөг нь тооцоо нийлснээс хойш худалдан авсан махны үнэ байсан гэж маргасан боловч энэ талаар хариуцагч шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

12. Мөн хариуцагч Н.Аы давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын үндэслэлийн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх” үүргээ хариуцагч Н.А нь биелүүлээгүй байна. Иймд хариуцагч Н.Аы  шүүхэд гаргасан давж заалдах гомдол нь хэрэгт  авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

13. Хариуцагч Н.Аы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 62446 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2022/01082 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,    хариуцагч Н.Аы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Аы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62446 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ