Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 607

 

У.А- нарын 17 хүнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Б.П-ын өмгөөлөгч Д.Энхбаатар, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 985 дугаар магадлалтай, У.А-, Б.П-, Г.Г-, Э.О-, О.Д-, М.А-, Э.С-, Т.Д-, О.М-, Т.Б-, П.Л-, Ц.Х-, Ц.М-, Г.Э-, Ж.Г-, Б.Э-, Э.С- нарт холбогдох хэргийг шүүгдэгч Б.П-, шүүгдэгч У.А- болон түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, 4 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, хангайн 35 дугаар гудамжны 50 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт О-н Д,

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, 3 дүүгийн хамтаар Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, зүүн нарангийн 10-07 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ш Э-н О,

3. Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, аав, ээж, ах, хоёр дүү, эхнэр, хүүхдийн хамт Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 6 дугаар багийн 4-37 тоотод оршин суух,

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөсөн, Б овогт Э-н С,

4. Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, Ногоон чулуут, 7 дугаар гудамжны 38 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х овогт М-н А,

5. Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 11 дүгээр гудамжны 304 тоотод оршин суух хаягтай боловч Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Саарал 4 дүгээр байрны 00 тоотод оршин түр суух, ял шийтгэлгүй, Ш овогт О-н М,

6. Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, 2 дүү, хүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, Ногоон чулуутын 11 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух боловч Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 23а-65 тоотод оршин түр суух, ял шийтгэлгүй, Б овогт Т-н Д,

7. Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян Уулын 27 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Г-н Э,

8. Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, эгчийн хамт Булган аймаг, Булган сум, 6 дугаар баг, 6а-4 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух хаягт боловч Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, Ногоон чулуут 4-14 тоотод түр оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 534 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Т овогт Ж-ы Г,

9. Монгол Улсын иргэн, 2002 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн ерөнхий боловсролын 19 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, 5 дугаар бааз 6 дугаар байрны 03 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ш овогт Б-н Э,

10. Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, “City car wash”-д ажилтан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Хустайн 1 дүгээр гудамжны 7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Ц-н М,

11. Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Мон лаа 6 дугаар гудамжны 15а тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, насанд хүрээгүй шүүгдэгчид хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 424 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, Б овогт П-н Л,

12. Монгол Улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 37 дугаар гудамжны 19 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, С овогт Э-н С,

13. Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, хоёр дүүгийн хамтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 6-10-5 тоотод оршин суух,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 977 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 60 хоног буюу 2 сараар тогтоож, нийт хорих ялыг 8 сараар тогтоож байсан, Х овогт Ц-н Х,

14. Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 48 дугаар гудамжны 5 тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Б овогт Т-н Б,

15. Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эгч, дүү нарын хамт Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 7 дугаар баг, тамирын 59 дүгээр гудамжны 5900 тоотод оршин суух боловч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 49-52 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Б-н П,

16. Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошууны 29-8а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, М овогт Г-н Г,

17. Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, ах, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, зүүн баян уулын 33-9 тоотод оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 344 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоног хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 779 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 2 сарын хугацаагаар тогтоож байсан, Т овогт У-н А.

У.А- нь бусадтай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 25-наас 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын дүүргүүдэд 8 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсгийн чанартай зүйл ашиглаж, эд зүйлсийг хууль бусаар дээрэмдэн авч, нийт 14,835,683 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн бусадтай бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 26-нд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Домогт мэлхий хад” амралтын газраас иргэн Д.Дарамжавын өмчлөлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан,

Б.П- нь бусадтай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 14-нөөс 2019 оны 02 дугаар сарын 26-ныг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын дүүргүүдэд 6 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсгийн чанартай зүйл ашиглаж, эд зүйлсийг хууль бусаар дээрэмдэн авч, нийт 12,180,963 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн бусадтай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Туулын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг нь хууль бусаар хулгайлан авч, бусдад 780,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн бусадтай бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 26-нд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Домогт мэлхий хад” амралтын газраас иргэн Д.Дарамжавын өмчлөлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан,

Ганцаараа 2018 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “love” шөнийн цэнгээний газарт иргэн О.Уламбадрахтай маргалдаж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Г.Г- нь бусадтай бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 14-нөөс 2019 оны 02 дугаар сарын 26-ныг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын дүүргүүдэд 4 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсгийн чанартай зүйл ашиглаж, эд зүйлсийг хууль бусаар дээрэмдэн авч, нийт 10,528,646 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн бусадтай бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Домогт мэлхий хад” амралтын газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Болд, Д.Дарамжавын нарт хүч хэрэглэн довтолж, эд зүйлийг нь дээрэмдэх явцдаа Б.Болдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Мөн бусадтай бүлэглэн дээрх амралтын газраас иргэн Д.Дарамжавын өмчлөлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан,

О.Д- Э.О-, Э.С-, М.А-, У.А- нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Бямбажаргалын эд зүйлсийг хууль бусаар дээрэмдэн авч, нийт 375,600 төгрөгийн хохирол учруулсан,

Ганцаараа нь 2019 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Fire” шөнийн цэнгээний газарт ажиллаж байсан иргэн И.Шинэбаярын Samsung s-7 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад 170.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.Х-, Б.Б-, Б.П- нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах иргэн Б.Туулын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг хулгайлан авч, бусдад 780,000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Э-, Б.Э-, Ц.М-, П.Л-, Ж.Г-, Э.С-, О.Оюунчимэг /хэрэг нь тусгаарлагдсан/, Б..Пүрэвжаргал нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хүнсний дэлгүүрээс 101,400 төгрөгийн барааг дээрэмдэн авч хохирол учруулсан,

Т.Д-, О.М- нар нь бусадтай бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 26-нд Налайх дүүрэгт байрлах “Домогт мэлхий хад” амралтын газраас иргэн Д.Дарамжавын өмчлөлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч У.А-ийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэн, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г.Г-ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэн, зэвсэг хэрэглэж үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.П-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд

шүүгдэгч Ж.Г-, П.Л-, Ц.М-, Б.Э-, Г.Э-, Э.С- нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч М.А-, Э.О-, О.Д-, Э.С- нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ц.Х-, Т.Б- нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Т.Д-, О.М- нарыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг мэдсээр байж түүнийг ашигласан гэмт хэрэг үйлдэхэд оролцож мөнгө угаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч У.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр чөлөөлж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 7 жил хорих ял шийтгэж,

шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5 жил хорих ял шийтгэж, 

шүүгдэгч Б.П-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 04 жил хорих ял, 

шүүгдэгч М.А-, Э.О-, Э.С- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил хорих ял,

шүүгдэгч О.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ял,

шүүгдэгч Ц.Х-, Т.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 жил хорих ял тус тус шийтгэж,

шүүгдэгч Т.Д-, О.М- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 

шүүгдэгч Ж.Г-, П.Л-, Ц.М-, Б.Э-, Г.Э-, Э.С- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б.П-д оногдуулсан 2 жил ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 6 жилийн хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ын цагдан хоригдсон 273 хоног, шүүгдэгч Б.П-ын цагдан хоригдсон 335 хоног, шүүгдэгч Т.Б-ын цагдан хоригдсон 79 хоног, шүүгдэгч О.Д-ын цагдан хоригдсон 194 хоног, шүүгдэгч Э.О-ын цагдан хоригдсон 92 хоног, шүүгдэгч У.А-ийн цагдан хоригдсон 543 хоног, шүүгдэгч М.А-ын цагдан хоригдсон 102 хоног, шүүгдэгч Ц.Х-гийн цагдан хоригдсон 4 хоног, шүүгдэгч Э.С-ын цагдан хоригдсон 273 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Ж.Г-, П.Л-, Ц.М-, Б.Э-, Г.Э-, Э.С- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй”.

“Шүүгдэгч Ж.Г-, П.Л-, Ц.М-, Б.Э-, Г.Э-, Э.С-, О.М-, Т.Д- нар нь тус тус 4 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Г.Г-ыг ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд ...” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалт дахь "... эрүүгийн хариуцлагаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр чөлөөлж ...” гэснийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож ...” гэж тус тус өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.С-, Б.П-, Г.Г-, У.А-, шүүгдэгч У.А-ийн өмгөөлөгч Н.Энхжаргал, шүүгдэгч Б.П-ын өмгөөлөгч Д.Энхбаатар нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч У.А- гаргасан гомдолдоо “...Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа маш их ойлгож, нийгэмд аюултай зүйл хийснээ ухамсарлаж байна. Уг гэмт хэргийг үйлдэхдээ мэс болон зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй, амаараа айлгаж, сүрдүүлсэн, өөрөөр маргах зүйл байхгүй. Мөн Сүхбаатар дүүргийн эрүүгийн 1709008850038 дугаартай хэрэгт 2020.07.06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт анхан шатны шүүхээс шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Мөн Чингэлтэй дүүрэгт шалгагдаж байгаа хэргээ нэмж нэгтгүүлэх гэж олон удаа прокурор, шүүхэд гомдол гаргасан.

Миний холбогдсон хэрэгт мэс болон зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй болохыг мөрдөн байцаах болон прокурорын шатанд тогтоогоогүй, нотлоогүй, дутуу маш их зүйлийг орхигдуулсан юм. Тиймээс би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т заасан хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүх хэргээ нэгтгэн шийдвэрлүүлж, нэг мөр шийтгүүлмээр байгаа учраас гомдол гаргаж байна. Хүлээн авна уу” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Б.П- гаргасан гомдолдоо “...Миний бие уг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршгаа бүрэн ойлгож, нийгэмд буруу зүйл хийж байснаа ухамсарлан хийсэн гэмт үйлдэлдээ чин сэтгэлээсээ харамсаж учруулсан төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Мөн манай гэр бүлийн хувьд ам бүл 4, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг. Ээж хөдөлмөрийн чадвараа 70 хувиас дээш алдсан, хөдөлмөр эрхлэх боломжгүй, эмчийн хяналтанд, эгч эрхэлсэн тодорхой ажилгүй, ээжийг болон хүүхдээ харж хандан гэртээ байдаг юм. Миний бие гэр бүл, хайртай хүмүүсээ хүнд байдалд орхин өөрийн үүрэг хариуцлагаа умартан гэмт хэрэг үйлдэн ийм байдалд хүрсэндээ маш их харамсаж, гэмшиж байна. Иймд эрхэм шүүгчид та бүхнийг гэр бүл хайртай хүмүүсдээ хэд хоногийн өмнө ч болтугай очиж, алдаагаа засаж залруулан тэднийгээ харж хандах боломжоор хангаж, надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч У.А-ийн өмгөөлөгч Н.Энхжаргал гаргасан гомдолдоо “...Анхан шатны болон давж заалдах шатны шүүх миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүхээс У.А-ийг дээрмийн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэсэн шийдвэр гаргахдаа шүүгдэгч У.А- болон өмгөөлөгч миний гаргасан саналыг харгалзан үзээгүй. Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр болсон бөгөөд түүнээс өмнө У.А-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж улмаар шүүхэд шилжүүлсэн. Мөн Чингэлтэй дүүргийн прокуророос түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан шалгаж байгаа талаар шүүгдэгчээс болон өмгөөлөгчөөс удаа дараа илэрхийлсэн. Гэвч анхан шатны шүүх энэ байдлыг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болсон.

Нөгөө талаар нэг төрлийн гэмт хэргийг 2017 оны 08 сараас эхлэн үйлдсэн байдал нь үргэлжилсэн гэмт хэргийн шинжтэй байхад зарим үйлдлийг нь үлдээж дахин шүүхээр шийдвэрлүүлэх үндэслэл бүрдүүлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг хэрэглэх үндэслэл бүрдэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Прокурор, мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хэргийн бодит байдлыг нотлохын тулд яллагдагч, шүүгдэгчийн ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасан.

Энэ хэрэг дээр У.А-ийн туйлын зорилго нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар, энэ үргэлжилсэн үйлдэл бүхий гэмт хэргийг хамтатган шалгуулах талаар мөрдөгчид, прокурорт удаа дараа хүсэлт гаргасан, шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх талаар хүсэлт гаргасаар байтал тухайн хүсэлтийг хүлээн авсан атлаа урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүй шүүх хуралдааныг явуулсан байдаг.

Мөн хэргийг мөрдөн байцаалтаас прокурорт, прокуророос шүүхэд шилжүүлэхдээ өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй, прокуророос өмгөөлөгчид мэдэгдээгүй нь тухайн хэрэгт талууд мэтгэлцэх боломжийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх түхай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 болон 32.10 дугаар зүйлийн 6-д заасныг тус тус ноцтой зөрчсөн.

Энэ байдлаас шалтгаалан тус хэрэгт холбогдох бусад баримтыг өмгөөлөгчөөс шүүхэд хүргүүлж чадаагүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын У.А-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.П-ын өмгөөлөгч Д.Энхбаатар хэлсэн саналдаа “Б.П- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, хохирлоо бүрэн төлж барагдуулсан болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан 6 жилийн хорих ялаас багасгаж өгнө үү” гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарт холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ хэдэн хэдэн алдаа гаргасан байна. У.А-, Б.П-, Г.Г-, Т.Д-, О.М- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Б.П-, Г.Г- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Т.Д-, О.М- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байгаа. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр шүүхийн шатанд байгаа хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэсэн өөрчлөлт орсон байхад хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт О.Д-т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийг 1 дэх хэсгийг орхигдуулсан байсан. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.П-, шүүгдэгч У.А- болон түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарын гаргасан гомдлуудыг үндэслэн У.А-, Б.П-, Г.Г-, Э.О-, О.Д-, М.А-, Э.С-, Т.Д-, О.М-, Т.Б-, П.Л-, Ц.Х-, Ц.М-, Г.Э-, Ж.Г-, Б.Э-, Э.С- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч О.Д- дангаар болон бусадтай бүлэглэн, М.А-, Э.О-, Э.С- нар бүлэглэн, бусдын эд хөрөнгийг, хүч хэрэглэж, дээрэмдсэн, харин шүүгдэгч Ж.Г-, П.Л-, Ц.М-, Б.Э-, Г.Э-, Э.С- нар бүлэглэн бусдын эд хөрөнгийг, хүч хэрэглэхгүйгээр, дээрэмдсэн, түүнчлэн шүүгдэгч Ц.Х-, Т.Б- нар бусадтай бүлэглэн, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг авч хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд нэр бүхий 17 шүүгдэгчийн 12 шүүгдэгч болох О.Д-, Э.О-, Э.С-, М.А-, Ц.Х-, Б.Б-, Г.Э-, Б.Э-, Ц.М-, П.Л-, Ж.Г-, Э.С- нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, шүүгдэгч О.Д-, М.А-, Э.О-, Э.С- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Ц.Х-, Т.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, шүүгдэгч Ж.Г-, П.Л-, Ц.М-, Б.Э-, Г.Э-, Э.С- нарын үйлдлийг 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, үндэслэл бүхий шийдвэрлэжээ.

Мөн шүүх дээрх нэр бүхий 12 шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэж, заримд нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч У.А-, Г.Г-, Б.П- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Г.Г-, Б.П- нарт холбогдох мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлд заасан “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй” гэсэн зохицуулалт нь дээр дурдсан онцлогийг агуулсан, ямар нэгэн урьдчилсан нөхцөл, сонголтгүйгээр шууд хэрэглэгдэх шинжтэй байна.

Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг өөрчилсөнтэй холбогдуулан энэ хуулийг дагаж мөрдөж эхлэх үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь дуусгавар болоогүй, шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд үргэлжилж байгаа хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй тухай заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээг тогтоожээ.

Иймд дээрх хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш буюу 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэхүү хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг хэрэглэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шүүгдэгч У.А-, Б.П-, Г.Г- нарт холбогдох шийдвэрүүдийг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн шүүхүүд гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч нартай цуг явж байсан зарим хүмүүсийн санаа зорилго, үйлдлийн шинж чанарт хууль зүйн буруу дүгнэлт хийж, Т.Д-, О.М- нарыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж дүгнэсэн, үүний зэрэгцээ анхан шатны шүүх хуралдаанаар мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой ямар нэгэн нотлох баримтыг хэлэлцээгүй, шинжлэн судлаагүй атлаа тэднийг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, улмаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, У.А-, Г.Г-, Б.П- нарыг гэмт хэрэг үйлдэх үед Т.Д-, О.М- нар нь хамт байсан боловч тэдэнтэй санаа зорилго нэгдээгүй, ямар нэгэн үүрэг гүйцэтгэж оролцоогүй, мөн тэдний үйлдлийг хууль бус гэдгийг сануулж, эсэргүүцсэн зэрэг нөхцөл байдалд бодитой үнэлэлт дүгнэлт хийлгүй гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь буруу байх тул тэдгээрийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн анхан шатны шүүх зарим шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг буруу тооцож, давж заалдах шатны шүүх үүнийг зөвтгөөгүй байх тул энэ талаарх өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулах нь зүйтэй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дээрх өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Б.П-ын “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү”, шүүгдэгч У.А- болон түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарын “...холбогдсон хэргүүдийг нэгтгэн шалгуулах хүсэлтэй байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 985 дугаар магадлалын “шүүгдэгч У.А-, Г.Г-, Б.П- нарт холбогдох зүйл, заалт, хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, тэдэнд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Мөн шийтгэх тогтоол, магадлалын Т.Д-, О.М- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж, Т.Д-, О.М- нарт дээрх зүйлд зааснаар гэм буруутайд тооцсон болон хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн заалтыг тус тус хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “шүүгдэгч Т.Б-ын цагдан хоригдсон “79” хоног гэснийг “97”, шүүгдэгч О.Д-ын цагдан хоригдсон “194” хоног гэснийг “212”, шүүгдэгч Э.О-ын цагдан хоригдсон “92” хоног гэснийг “96”, шүүгдэгч М.А-ын цагдан хоригдсон “102” хоног гэснийг “6”, шүүгдэгч Э.С-ын цагдан хоригдсон “273” хоног гэснийг “67” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Б.П-, шүүгдэгч У.А- болон түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН