Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2020/0018

 

Я.С-ийн нэхэмжлэлтэй,

Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:          Танхимын тэргүүн Ч.Тунгалаг,

Шүүгчид:             Х.Батсүрэн,

                            Б.Мөнхтуяа,

                            П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:    М.Батсуурь,

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай” мэдэгдлийг хүчингүй болгож, Я.С-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206014162 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Хөх тэнгэр” хотхоны 48А байрны 2 тоот, 384.23 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн бүртгэл хийхийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн газарт даалгах тухай”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0472 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 551 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, гуравдагч этгээд К банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, Ц.Г, Э.Б, Х.И нарыг оролцуулан,

Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0472 дугаар шийдвэрээр: Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасныг тус тус баримтлан иргэн Я.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай” мэдэгдлийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Хөх тэнгэр” хотхоны 48А байрны 2 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн бүртгэл хийхийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн.
  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 551 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0472 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “К банк” ХХК-ийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

  1. Гуравдагч этгээд К банкны гүйцэтгэх захирал Л.А хяналтын гомдолдоо: “...Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүх хурлын товыг мэдэгдээгүй тухай. Анхан шатны шүүх “...шийдвэрийн үндэслэх хэсэгт “гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн тэдгээрийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсныг тэмдэглэж байна”” гэжээ.
  1. Гэтэл анхан шатны шүүхээс гуравдагч этгээд болох К банкинд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид болох Х.И, Э.Б нарт 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны товыг огт мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл шүүгчийн туслах нь 99673151 утсаар хуралдаан болсон өдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 13.30 цагийн үед Х.И төлөөлөгч рүү залгаж 15.00 цагт шүүх хуралтай гэж мэдэгдсэн. Төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны товыг яагаад өмнө мэдэгдээгүй талаар болон тухайн үед Хөвсгөл аймагт байсан тул оролцох боломжгүй талаар шүүгчийн туслахад хэлэхэд “би 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр утсаар ярьж хурлын товыг мэдэгдсэн” гэж худал хэлсэн тул миний бие утсаар ярьсан түүхээ буюу жагсаалтаа шалгаарай, над руу яриагүй шүү гэж хэлэхэд утсаа салгасан. Гэтэл шүүх хуралдаан болсны дараа хэргийн материалтай танилцаж үзтэл хавтаст хэргийн 201 болон 231 дүгээр хуудаст 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдааны товыг Э.Б-т утсаар мэдэгдсэн. Х.И-ны дугаар холбогдох боломжгүй байсан гэх зэргээр хуурамч баримт үйлдэж хийсэн байна. Шүүгчийн туслах нь хурлын товыг Э.Б-болон Х.И нарын аль алинд нь утсаар болон биечлэн огт мэдэгдээгүй болно.  
  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх болон шүүх хуралдаанд дуудан ирүүлнэ, 59.2-т “Шүүх хуралдаанд ирвэл зохих оролцогчдод шуух хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар мэдэгдэнэ, 59.3-т “Шүүхийн мэдэгдэх хуудсыг ирвэл зохих оролцогчийн оршин суугаа болон ажлын газрын хаягийн дагуу шуудангаар эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд утас, факс, цахим шуудан, цахилгаан болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болох бөгөөд мэдэгдсэнээ баримтжуулна”, 59.4-т “Мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргэсэн бол шүүх хүлээн авагчийн нэр, хаяг, явуулж байгаа он. сар, өдрийг тэмдэглэж, шүүхийн болон шуудангийн ажилтны гарын үсгийг зуруулна”, 59.6-т “Мэдэгдэх хуудсыг түүнд заасан этгээдэд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг удирдах албан тушаалтан, холбогдох ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ” гэж тус тус заасны дагуу мэдэгдэх хуудсаар мэдэгдэх ёстой байтал шүүх ийм ажиллагааг огт хийгээгүй.
  1. Хуульд “шаардлагатай тохиолдолд” утсаар мэдэгдэж болно гэж заасан бөгөөд хэрэв шүүх тухайн тохиолдлыг “утсаар мэдэгдэх шаардлагатай тохиолдол” гэж үзсэн бол яагаад тэгж үзсэн талаарх дүгнэлтийг шүүхийн шийдвэрт тусгах ёстой. Мөн тухайн хэргийн шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр товлогдсон байсан бөгөөд төлөөлөгч Х.И нь шүүх хуралдаан давхардсан шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлт өгснийг шүүх хүлээн авч 4992 тоот захирамжаар хурлыг хойшлуулсан байна. Уг захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтаар шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 15.00 цагт товлосон буюу шүүх хуралдаан болохоос 14 хоногийн өмнө хурлын тов гарсан байхад шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдэх бүрэн боломжтой байсан. Иймд анхан шатны шүүх гуравдагч этгээд болох К банкинд болон түүний төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр буюу шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
  1. Давж заалдах шатны шүүх: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо К банк нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хуралд оролцох тухайгаа болон хурлын товыг мэдэгдэж өгөх тухай хүсэлтийг дараах байдлаар тусгасан байсан. Жич: Давж заалдах шатны шүүх хуралдаанд К банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь оролцох хүсэлтэй байх тул шүүх хуралдааны товыг мэдэгдэж өгнө үү. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И /99037807/, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б /95603340/. Гэтэл шүүх нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И, Э.Б нарт огт мэдэгдэлгүйгээр давж заалдах шатны шүүх хурлыг хийсэн байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчид болох Х.И, Э.Б нар нь анхан шатны шүүх хуралд тов мэдэгдээгүйн улмаас оролцож чадаагүй бөгөөд үүнтэй холбоотой гомдол гаргаж байхад дахин төлөөлөгчдийг хуралд оролцуулах ажиллагааг хийлгүйгээр хуралдаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Банкны зүгээс шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхээ эдлэх болон дээрх төлөөлөгчдийг оролцуулах хүсэлтээ илэрхийлсээр байхад товыг мэдэгдэлгүй хурал хийсэнд гомдолтой байна.
  1. Мөн Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөхдөө “шүүгчийн туслахаас товыг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-т мэдэгдсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И-ны дугаар холбогдох боломжгүй байсан талаар тэмдэглэл үйлджээ. Иймд анхан шатны шүүх хурлын товыг мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна” гэжээ. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгчийн туслах нь хурлын товыг Э.Б-т огтхон ч мэдэгдээгүй байдаг бөгөөд энэ нь утасны яриа хийсэн жагсаалтаар нотлогддог. Мөн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Х.И-ны утас унтраагүй байсан, унтарсан ч дуудлага хадгалах үйлчилгээнд бүртгэгдэх байсан бөгөөд шүүгчийн туслахаас тухайн өдөр огт дуудлага ирээгүй бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр буюу хурал болдог өдөр л залгасан байдаг.
  1. Хоёр. Шинээр ирсэн нотлох баримтыг гуравдагч этгээдэд танилцуулах ажиллагааг хийгээгүй тухай. Шүүх хуралдаан болсон өдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1593 тоот шийдвэрийг буюу нийт 14 хуудас баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд туссан байна.
  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4-т заасны дагуу хэргийн оролцогч нь шүүх хуралдаан товлохоос өмнө нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй. Гуравдагч этгээд нь хуулийн 22.4, 21.12 дах заалтуудын дагуу хэргийн материалтай танилцах, нотлох баримттай танилцах эрхтэй. Мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т шүүх хуралдааны явцад нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай болсон гэж үзвэл шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно”, 96.3-т “Шүүх хуралдааны явцад шинэ нотлох баримт зайлшгүй шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 30 хүртэл хоногоор хойшлуулж болно” гэж тус тус заасан. Дээрх заалтуудаас үзэхэд, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь уг нотлох баримтыг хурал товлохоос өмнө гаргаж өгөх үүрэгтэй байсан, шүүх хуралдааны үед нотлох баримт гаргаж өгсөн бол шүүх зайлшгүй шаардлагатай гэж үзвэл нотлох баримтыг хүлээн авч хурлыг хойшлуулах ёстой байсан. Мөн шүүх хуралдаанд оролцоогүй бусад оролцогч нарын нотлох баримттай танилцах хуульд заасан эрхийг хангуулах ёстой байтал нотлох баримтыг шаардлагатай гэж үзээд хүлээж авсан хирнээ шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь гуравдагч этгээдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
  1. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дээрх үйлдлийг зөвтгөсөн бөгөөд К банкны нэхэмжлэгчээр оролцсон шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгснийг гуравдагч этгээдэд танилцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах ёстой байсан гэж үзэхээргүй байна гэсэн. Хэдий К банкны нэхэмжлэлтэй хэргийн шүүхийн шийдвэрийг баримтаар гаргаж өгсөн боловч энэхүү захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй Х.И, Э.Б нар нь тухайн иргэний маргаанд огт оролцоогүй, уг шийдвэрийн талаар мэдээлэлгүй байсан. Мөн нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01593 тоот шийдвэрт 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн бөгөөд маргаан бүхий хөрөнгө болох Ү-2206014162 тоот улсын бүртгэлийн дугаартай, 384.23 м.кв талбайтай, ХУД, 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48А байр, 2 тоот орон сууцыг барьцаалсан зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр болохыг дурдаж, тус үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Ийм байдлаар иргэний болон захиргааны хэргийн шүүхүүд нэг асуудлыг зөрүүтэй байдлаар шийдвэрлээд байна.
  1. Гурав. Гуравдагч этгээдийн тайлбар, баримтыг үнэлээгүй тухай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д хэргийн оролцогчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх гэж байгаа бол хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзэхээр заасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв” гэсэн байна.
  2. Өөрөөр хэлбэл, шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт гуравдагч этгээдүүдийн тайлбарыг тусгасан боловч эдгээр тайлбаруудыг шинжлэн судлаагүй, үнэлээгүй гэдэг нь шийдвэрийн үндэслэх хэсгээр харагдаж байна.
  1. Дөрөв. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдолтой хүсэлтүүдийг хангаж, шаардлагатай арга хэмжээг аваагүй тухай. Тус хэрэгт К банкны зүгээс гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, тухайн захиргааны хэргээр тус банкны барьцаа хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан үүссэн учраас К банк нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон. Гэтэл иргэн Я.С нь К банкны нэхэмжлэлтэй “П” ХХК, “М к” ХХК болон иргэн Б.Инжинаш, Ж.Батаа нарт холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд тус хэрэг нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа гэдэг нь баримтаар нотлогдсон байсан.
  1. Энэ иргэний хэргээр иргэн Я.С-ийн нэхэмжлэлд дурдсан ХУД-ийн 11-р хороо 48А байрны 2 тоот орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр хянагдаж байсан. Дээрх иргэний хэргийн маргаанаар тус банкны барьцааны эрхийн хүчин төгөлдөр байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэж байх тул энэхүү захиргааны хэргийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй байсан юм. Учир нь, иргэний маргаанаар барьцааны хүчин төгөлдөр байдлыг дүгнэснээр тухайн захиргааны хэрэгт К банкны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэх, мөн хариуцагч байгууллага нь барьцааны эрхийг бүртгэсэн үйлдэл болон бүртгэлээс чөлөөлөхөөс татгалзаж байгаа эс үйлдэл нь хууль зүйн үндэслэлтэй эсэх асуудал тодорхой болох юм. Дээрх иргэний хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхээс шалтгаалан тухайн захиргааны хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхой болохоор байхад анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын хүсэлтийг харгалзахгүйгээр К банкнаас гаргасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.
  1. Мөн банкны зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “П” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг гаргасан боловч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, “К банк” ХХК нь “П” ХХК-тай 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 08/150 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, 600.000.00 (зургаан зуун мянга) ам.долларыг, жилийн 7,71 хувийн хүүтэйгээр 120 сарын хугацаатайгаар зээлсэн. Уг зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус банкны зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардаж болон барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах талаар шаардлага гаргасан.
  1. Уг зээлийн гэрээний үүрэгт одоогийн маргаан бүхий хөрөнгө болох Ү-2206014162 тоот улсын бүртгэлийн дугаартай, 384.23 м.кв талбайтай, ХУД, 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу 48А байр, 2 тоот орон сууцыг барьцаалсан бөгөөд барьцааны эрх хэвээр бүртгэлтэй байна. Одоогийн захиргааны маргаанаар дээрх хөрөнгийн барьцааны эрхийн бүртгэлийг хэвээр үлдээх эсхүл болгох талаар хэлэлцэж байгаа бөгөөд хэрвээ дуусгавар болгохоор шийдвэрлэсэн тохиолдолд зээлдэгч болох П ХХК-ийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх юм. Учир нь, тухайн компани нь банктай хийгдэж буй зээлийн маргаан дууссаны дараагаар магадгүй зээлийн төлбөрөө барьцаа хөрөнгөөр барагдуулах ашиг сонирхолтой ч байж болох юм. Гэтэл тухайн компанийг оролцуулахгүйгээр энэхүү захиргааны маргааныг шийдвэрлэж барьцаа хөрөнгөтэй холбоотой сөрөг шийдвэр гаргавал тус компанийн эрх ашигт шууд нөлөөлөхөөр юм.
  1. Тав. Хэргийн нөхцөл байдалд үндэслэлгүй дүгнэлт өгсөн тухай: Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийн нөхцөл байдалд бүхэлд нь буруу дүгнэлт өгч шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь, Улсын бүртгэлийн байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Уг хуульд зааснаар улсын бүртгэлийн байгууллага нь барьцааны эрхийн бүртгэлийг хууль бусад тооцож, хүчингүй болгох эрхгүй бөгөөд хуулиар ийм эрх олгогдоогүй. Мөн аливаа бүртгэлийг хийхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн тухай хуулийг мөрдөж ажиллах бөгөөд уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-т “мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа” бол эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана гэж заасан.
  1. Гэтэл Я.С нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Барьцааны гэрээ”-ний хүчин төгөлдөр байдалтай холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5318 тоот захирамж гарсан. Мөн К банкны нэхэмжлэлтэй “П” ХХК-д холбогдох иргэний маргаанаар зээлийн гэрээний болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт өгөх бөгөөд тус хэрэгт Я.С нь гуравдагч этгээдээр оролцож байгаа. Иймд иргэний шүүхээр барьцааны эрхийн талаар маргаан үүссэн, түүнийг шүүх хянан шийдвэрлэж дуусаагүй байгаа тул барьцааны эрхийн бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй бөгөөд энэ үндэслэлээр Я.С-ийн мэдүүлгийг бүртгэхээс татгалзаж байгаа улсын бүртгэгчийн татгалзал үндэслэлтэй юм.
  1. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 472 тоот шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 551 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д “Магадлалд энэ хуулийн 123.2-т заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 119.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно”, 124.4-т “Хяналтын журмаар гаргасан гомдол нь энэ хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүгч гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гаргана” гэж тус тус заасан; давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батсүх 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гардан авсан боловч хуульд заасан 14 хоногийн хугацаанд хяналтын журмаар гомдол гаргаагүй, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр буюу хуулийн хугацааг 22 хоногоор хэтрүүлж гомдлоо ирүүлсэн байх тул зөвхөн гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
  2. Хоёр. Нэхэмжлэгч Я.С нь 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “М к”  ХХК-тай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах” 156 тоот гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Блю Скай хотхоны 48А байрны 2 тоот 384.23 м.кв талбай бүхий орон сууцыг “М к” ХХК нь нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх, харин нэхэмжлэгч Я.С нь 130 000 ам.долларын төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон; нэхэмжлэгч нь гэрээнд заасан орон сууцны үнийг бүрэн төлснөөр орон сууцаа хүлээн авсан; “К банк” ХХК болон “П” ХХК-ийн хооронд 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 08/150 тоот Зээлийн гэрээг байгуулж, 600,000.00 ам.долларын зээлийг “П” ХХК-д олгосон байх ба 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр, “К банк” ХХК, “П” ХХК болон “М к” ХХК-ийн хооронд байгуулсан 08/150 дугаар бүхий “Зээлийн барьцааны гэрээ”-гээр барьцаалуулагч “М к” ХХК нь нэхэмжлэгчийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Блю Скай хотхоны 48А байрны 2 тоот 384.23 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан; Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6746 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Блю Скай хотхоны 48 А байрны 2 тоот 384.23 м.кв талбай бүхий өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Я.С-ийг тогтоосон; Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 375 дугаар шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийн Y-2206014162 дугаар бүхий Хан-Уул дүүрэг 11-р хороо, 48А байрны 2 тоот 384.23 м.кв орон сууцыг “М к” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл болон 000106169 дүгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, уг орон сууцыг Я.С-ийн өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгохыг хариуцагч захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэсэн; Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Я.С-т 90 хувийн гүйцэтгэлтэй уг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, 009575959 тоот, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ү-2206014162 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон зэрэг тогтоогдсон үйл баримтыг үндэслэж: Я.С-ийн “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Хөх тэнгэр” хотхоны 48А байрны 2 тоот, 384.23 м.кв талбай бүхий орон сууцны үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн бүртгэл хийхээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгож, дээрх орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн бүртгэл хийхийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал зөв.
  3. Тодруулбал, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг хууль бусаар олж авсан бөгөөд уг зүйлийн хууль ёсны өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж авсан бол тухайн эд хөрөнгийн хувьд барьцааны эрх дуусгавар болно” гэж заасан; нэгэнт дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдээр Я.С-ийг тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоож, “М к” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгон, уг орон сууцыг Я.С-ийн өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэсний дагуу уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон тул хариуцагч улсын бүртгэгчийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн мэдэгдлээр “иргэний хэрэг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа” гэх үндэслэлээр барьцаанаас чөлөөлсөн бүртгэл хийхээс татгалзсан нь хууль бус.
  4. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна:” гээд 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана” гээд 29.1.5-д “мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа” гэж тус тус заасан нь энэхүү тохиолдолд хамаарахгүй, учир нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу өмчлөх эрхийн талаар нотлох баримт зөрчилтэй, бүрэн бус, илэрхий хууль зөрчсөн, эсхүл тухайн өмчлөх эрхийн талаар маргаанКапи шүүхээр хянан хэлэлцэж байгаа бол эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэхээс татгалзах учиртай; мэдүүлэг гаргасан нэхэмжлэгч Я.С-ийн өмчлөх эрхийн талаар зөрүүтэй, бүрэн бус нотлох баримт байхгүй буюу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, түүний өмчлөх эрхийн талаар маргаан байхгүй, хариуцагчийн татгалзлынхаа үндэслэл болгож буй зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээнд нэг тал болж оролцоогүй тул зээлдүүлэгч “К банк” ХХК-д зээл төлөх, бусад этгээдийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөр хангах үүрэг хүлээхгүй, энэ талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэжээ.
  5. Тиймээс шүүхийн шийдвэр, магадлалын энэ хэсэгт холбогдуулж гаргасан гомдлыг хүлээн авахгүй.
  6. Гурав. Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд “... шүүх хуралдаанд оролцох ... , мэтгэлцэх боломжоор хангаагүй ...” гэж тайлбарлаж байгаа ч анхан шатны шүүх хуралдааныг анх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15.30-д хийхээр товлосон боловч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй ...” гэсний дагуу хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 22-нд товлосон[1]; товлосон өдөр шүүх хуралдааныг хийх гэсэн ч мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “... хэргийн материалтай танилцах боломжоор хангаж өгнө үү ...” гэсэн хүсэлтийн дагуу хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан[2]; түүнчлэн шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хийхээр товлоход гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... өөр шүүх хурал давхацсан ...” гэсэн үндэслэлээр дахин шүүх хурлыг хойшлуулж, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 15.30 цагт хийхээр товлож, энэ талаар захирамжид заасан[3]; шүүгчийн туслахаас товыг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-т мэдэгдсэн баримт[4] авагдсан; өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралд оролцох эрхийг хангаж, удаа дараа шүүх хурлыг хойшлуулж байсан; давж заалдах шатны шүүх хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10.30-д хийхээр товлож, энэ талаар 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шүүгчийн туслах гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдсэн талаар мөн баримт хэрэгт авагдсан[5] зэргээс үзэхэд шүүхүүд хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж үзэхгүй, уг гомдол няцаагдаж байна.
  7. Түүнчлэн, хэдийгээр шүүх хуралд оролцох нь хэргийн оролцогчийн эрх боловч энэхүү эрхийг шүүхээс хязгаарласан үйл баримт тогтоогдохгүй байхын зэрэгцээ нөгөө талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т зааснаар “хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй” гэснийг дурдах нь зүйтэй, энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.
  8. Дөрөв. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т “шүүх хуралдааны явцад нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай болсон гэж үзвэл шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно” гэж, 96.3-т “Шүүх хуралдааны явцад шинэ нотлох баримт зайлшгүй шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 30 хүртэл хоногоор хойшлуулж болно” гэж заасан зохицуулалтууд нь энэхүү тохиолдолд хэрэглэгдэхгүй; учир нь шүүх хуралдааны явцад хэрэгт ач холбогдол бүхий “нэмэлт”(нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлага, хариуцагч хэвээр бөгөөд түүнд хамааралтай, хавтаст хэрэгт авагдаагүй) нотлох баримт, эсхүл, “шинэ” (нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлсэнтэй холбоотой шинэ хариуцагч, гуравдагч этгээд татан оролцуулах, үүнтэй холбоотой, хавтаст хэрэгт байхгүй) нотлох баримт хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд энэ заалтын дагуу шүүх хуралдааныг хойшлуулах учиртай; энэ нөхцөлд, анхан шатны шүүх хуралдааны эхэнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01593 дугаартай шийдвэрийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн буюу энэ баримтыг цуглуулах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулах шаардлагагүй; энэхүү шийдвэр нь гуравдагч этгээд К банкнаас зарим этгээдийг хариуцагчаар тодорхойлж “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ... төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” үндсэн нэхэмжлэлтэй маргааныг шийдвэрлэсэн байх ба тухайн хэрэгт нэхэмжлэгчээр оролцсон К банк нь энэ нотлох баримтыг мэдээгүй байх боломжгүй тул “... нотлох баримттай танилцах хуульд заасан эрхийг хангуулах ёстой байтал нотлох баримтыг шаардлагатай гэж үзээд хүлээж авсан хирнээ шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь гуравдагч этгээдийн эрхийг ноцтой зөрчсөн ...” гэх гомдол үгүйсгэгдэнэ.
  9. Тав. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараахь тохиолдолд ... түдгэлзүүлнэ” гээд 65.1.3-т “Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг шийдвэрлэх боломжгүй” гэж зааснаар тухайн захиргааны хэрэгт шууд холбоотой, эрүү, иргэний өөр хэрэг, маргаан хянан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд уг хэргийг шийдвэрлэхийн өмнө захиргааны хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь тогтоогдвол шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх журамтай.
  10. Дээр дурдсанаар, нэгэнт Я.С-ийг тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоосон болон “М к” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл, түүнийг үндэслэж олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгон, уг орон сууцыг Я.С-ийн өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэсэн иргэний болон шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр; уг шийдвэрийн дагуу уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон; гуравдагч этгээд К банкны нэхэмжлэлтэй, “П” ХХК, “М к” ХХК болон иргэн Б.И, Ж.Б нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Я.С нь гуравдагч этгээдээр оролцож байгаа боловч тухайн хэргийг шийдвэрлэхийн өмнө энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагагүй; энэ хүсэлтийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1364 дүгээр захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 257 дугаар тогтоолоор зөв шийдвэрлэсэн байх учир гомдлын дөрөв дэх хэсгийн үндэслэлийг хүлээн авахгүй.
  11. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0472 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 551 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгч Л.Ариунаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар хяналтын журмаар гуравдагч этгээдээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

  ШҮҮГЧ                                                                       М.БАТСУУРЬ

 

 

 

 

[1] I дүгээр хавтаст хэргийн 174-178 дахь тал

[2] I дүгээр хавтаст хэргийн 180-187 дахь тал

[3] I дүгээр хавтаст хэргийн 205-206 дахь тал

[4] I дүгээр хавтаст хэргийн 207-208 дахь тал

[5] II дугаар хавтаст хэргийн 4 дэх тал