Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2020/0551

 

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2020/0551

Улаанбаатар хот

Я.С-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 472 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “К” ХХК-ийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу Я.С-н нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 472 дугаар шийдвэрээр: Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасныг тус тус баримтлан иргэн Я.С-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “*** ******” хотхоны *** байрны * тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн бүртгэл хийхийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна.

Маргаж байгаа эд хөрөнгө нь анх 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж эрхийн улсын бүртгэлийн *-********** дугаарт бүртгэгдэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдож, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр К болон “М” ХХК, “П” ХХК нарын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдан улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон холбогдох нотлох баримтуудыг үндэслэн иргэн Я.С-н өмчлөлд 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхдээ барьцааны үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөөгүй бөгөөд өнөөдрийн байдлаар албан ёсоор барьцааны эрх цуцлагдаж бүртгэгдээгүй байгаа болно.

Учир нь бүртгэлийн байгууллага нь өөрөө дур мэдэн барьцааны эрхийг дуусгавар болгох эрхтэй биш бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21.1-д “барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно” гэж заасан байдаг. Өнөөдрийн байдлаар К-аас барьцааны эрхийг дуусгавар болгох тухай хүсэлт ирүүлээгүй бөгөөд К-н 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1427 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дээрх барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01593 тоот шүүхийн шийдвэр гарсан, уг шийдвэрийг банкны зүгээс эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа тухай мэдэгдээд байна. /Холбогдох шүүхээс хэрэг маргаан үүсгэсэн талаар мэдээлэл авна уу/

Дээрх нотлох баримтаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29.1.5-д мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаар маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг түүнд хавсаргасан баримт бичгийг буцаах хууль эрх зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх дээрх хуулийн 29.1.5-д заасан үндэслэл хамаарахгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа бөгөөд бүртгэхээс татгалзсан гол цаад үндэслэл нь үүргийн гүйцэтгэлийг маргаж буй эд хөрөнгөөр хангуулах талаар иргэний хэргийн хэрэг маргаанаас шууд хамааралтайг олж хараагүй байна. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэгчийн буруутай үйл ажиллагаа биш тул анхнаасаа иргэний хэрэг маргаан үүсгэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Мөн гуравдагч этгээдийг оролцуулалгүйгээр хийсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “К” ХХК-ийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... анхан шатны шүүхээс гуравдагч этгээд болох Канд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид болох Х.И, Э.Б нарт 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны товыг огт мэдэгдээгүй болно. Өөрөөр хэлбэл, шүүгчийн туслах нь ******** утсаар хуралдаан болсон өдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 13.30 цагийн үед Х.И төлөөлөгч рүү залгаж 15.00 цагт шүүх хуралтай гэж мэдэгдсэн. Төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны товыг яагаад өмнө мэдэгдээгүй талаар болон тухайн үед Хөвсгөл аймагт байсан тул оролцох боломжгүй талаар шүүгчийн туслахад хэлэхэд “би 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр утсаар ярьж хурлын товыг мэдэгдсэн” гэж худал хэлсэн тул миний бие утсаар ярьсан түүхээ буюу жагсаалтаа шалгаарай над руу яриагүй шүү гэж хэлэхэд утсаа салгасан болно.

Гэтэл шүүх хуралдаан болсны дараа хэргийн материалтай танилцаж үзтэл хавтаст хэргийн 201 болон 231 дүгээр хуудаст 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны товыг Э.Б-т утсаар мэдэгдсэн. Х.И-н дугаар холбогдох боломжгүй байсан гэх зэргээр хуурамч баримт үйлдэж хийсэн байна. Шүүгчийн туслах нь хурлын товыг Э.Б болон Х.И-д аль алинд нь утсаар болон биечлэн огт мэдэгдээгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2, 59.3, 59.4, 59.6-д тус тус заасны дагуу мэдэгдэх хуудсаар мэдэгдэх ёстой байтал шүүх ийм ажиллагааг огт хийгээгүй.

Хуульд “шаардлагатай тохиолдолд” утсаар мэдэгдэж болно гэж заасан бөгөөд хэрэв шүүх тухайн тохиолдлыг “утсаар мэдэгдэх шаардлагатай тохиолдол” гэж үзсэн бол яагаад тэгж үзсэн талаарх дүгнэлтийг шүүхийн шийдвэрт тусгах ёстой.

Мөн тухай хэргийн шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр товлогдсон байсан бөгөөд төлөөлөгч Х.И нь шүүх хуралдаан давхардсан шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлт өгснийг шүүх хүлээн авч 4992 тоот захирамжаар хурлыг хойшлуулсан байна. Уг захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтаар шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 15.00 цагт товлосон буюу шүүх хуралдаан болохоос 14 хоногийн өмнө хурлын тов гарсан байхад шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдэх бүрэн боломжтой байсан.

Иймд анхан шатны шүүх гуравдагч этгээд болох К-д болон түүний төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр буюу шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Шинээр ирсэн нотлох баримтыг гуравдагч этгээдэд танилцуулах ажиллагааг хийгээгүй тухайд:

Шүүх хуралдаан болсон өдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1593 тоот шийдвэрийг буюу нийт 14 хуудас баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд туссан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4-д заасны дагуу хэргийн оролцогч нь шүүх хуралдаан товлохоос өмнө нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй. Гуравдагч этгээд нь хуулийн 22.4, 21.1.2 дахь заалтуудын дагуу хэргийн материалтай танилцах, нотлох баримттай танилцах эрхтэй.

Мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т “Шүүх хуралдааны явцад нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай болсон ... гэж үзвэл шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно” гэж, 96.3-д “Шүүх хуралдааны явцад шинэ нотлох баримт зайлшгүй шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 30 хүртэл хоногоор хойшлуулж болно” гэж тус тус заасан.

Дээрх заалтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь уг нотлох баримтыг хурал товлохоос өмнө гаргаж өгөх үүрэгтэй байсан, шүүх хуралдааны үед нотлох баримт гаргаж өгсөн бол шүүх зайлшгүй шаардлагатай гэж үзвэл нотлох баримтыг хүлээн авч хурлыг хойшлуулах ёстой байсан. Мөн шүүх хуралдаанд оролцоогүй бусад оролцогч нарын нотлох баримттай танилцах хуульд заасан эрхийг хангуулах ёстой байтал нотлох баримтыг шаардлагатай гэж үзээд хүлээн авсан хэрнээ шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь гуравдагч этгээдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Гуравдагч этгээдийн тайлбарыг үнэлээгүй тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д хэргийн оролцогчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх гэж байгаа бол хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзэхээр заасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт гуравдагч этгээдүүдийн тайлбарыг тусгасан боловч эдгээр тайлбаруудыг шинжлэн судлаагүй, үнэлээгүй гэдэг нь шийдвэрийн үндэслэх хэсгээр харагдаж байна.

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой хүсэлтүүдийг хангаж, шаардлагатай арга хэмжээг аваагүй тухайд:

Тус хэрэгт К-н зүгээс гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, тухайн захиргааны хэргээр тус банкны барьцаа хөрөнгийг улсын бүртгэлтэй холбоотой маргаан үүссэн учраас К нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон.

Гэтэл иргэн Я.С нь К-н нэхэмжлэлтэй, “П” ХХК, “М” ХХК болон иргэн Б.И, Ж.Б нарт холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд тус хэрэг нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа гэдэг нь баримтаар нотлогдсон байна. Энэ иргэний хэргээр иргэн Я.С-н нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *** байрны * тоот орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр хянагдаж байсан.

Дээрх иргэний хэргийн маргаанаар тус банкны барьцааны эрхийн хүчин төгөлдөр байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэж байх тул энэхүү захиргааны хэргийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй байсан юм. Учир нь иргэний маргаанаар барьцааны хүчин төгөлдөр байдлыг дүгнэснээр тухайн захиргааны хэрэгт Кны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэх, мөн хариуцагч байгууллага нь барьцааны эрхийг бүртгэсэн үйлдэл болон бүртгэлээс чөлөөлөхөөс татгалзаж байгаа эс үйлдэл нь хууль зүйн үндэслэлтэй эсэх асуудал тодорхой болох юм.

Дээрх иргэний хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхээс шалтгаалан тухайн захиргааны хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхой болохоор байхад анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын хүсэлтийг харгалзахгүйгээр К-аас гаргасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Мөн банкны зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “П” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг гаргасан боловч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, “К” ХХК нь “П” ХХК-тай 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 08/150 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж 600,000 /зургаан зуун мянга/ ам.долларыг жилийн 7.71 хувийн хүүтэйгээр, 120 сарын хугацаатайгаар зээлсэн. Уг зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус банкны зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардаж болон барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах талаар шаардлага гаргасан.

Уг зээлийн гэрээний үүрэгт одоогийн маргаан бүхий хөрөнгө болох *-********** тоот улсын бүртгэлийн дугаартай, 384.23 м.кв талбайтай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *** ****** цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, *** байр, * тоот орон сууцыг барьцаалсан бөгөөд барьцааны эрхийн бүртгэлийг хэвээр үлдээх эсхүл дуусгавар болгох талаар хэлэлцэж байгаа бөгөөд хэрвээ дуусгавар болгохоор шийдвэрлэсэн тохиолдолд зээлдэгч болох “П” ХХК-ийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх юм. Учир нь тухайн компани нь банктай хийгдэж буй зээлийн маргаан дууссаны дараагаар магадгүй зээлийн төлбөрөө барьцаа хөрөнгөөр барагдуулах ашиг сонирхолтой ч байж болох юм.

Гэтэл тухайн компанийг оролцуулахгүйгээр энэхүү захиргааны маргааныг шийдвэрлэж барьцаа хөрөнгөтэй холбоотой сөрөг шийдвэр гаргавал тус компанийн эрх ашигт шууд нөлөөлөхөөр юм.

Хэргийн нөхцөл байдалд үндэслэлгүй дүгнэлт өгсөн тухайд:

Анхан шатны шүүх нь хэргийн нөхцөл байдалд бүхэлд нь буруу дүгнэлт өгч шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь улсын бүртгэлийн байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Уг хуульд зааснаар бол улсын бүртгэлийн байгууллага нь барьцааны эрхийн бүртгэлийг хууль бусад тооцож, хүчингүй болгох эрхгүй бөгөөд хуулиар ийм эрх олгогдоогүй болно. Мөн аливаа бүртгэлийг хийхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөж ажиллах бөгөөд уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д “мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа” бол эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана гэж заасан.

Гэтэл Я.С нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5318 тоот захирамж гарсан. Мөн К-н нэхэмжлэлтэй “П” ХХК-д холбогдох иргэний маргаанаар зээлийн гэрээний болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт өгөх бөгөөд тус хэрэгт Я.С нь гуравдагч этгээдээр оролцож байгаа юм.

Иймд иргэний шүүхээр барьцааны эрхийн талаар маргаан үүссэн, түүнийг шүүх хянан шийдвэрлэж дуусаагүй байгаа тул барьцааны эрхийн бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй бөгөөд энэ үндэслэлээр Я.С-н мэдүүлгийг бүртгэхээс татгалзаж байгаа улсын бүртгэгчийн татгалзал үндэслэлтэй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 472 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “… Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг зөрчиж буюу тус банкны “П” ХХК болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан Зээлийн барьцааны болон Зээлийн барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээнүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасны дагуу иргэний хэргийн шүүх дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус эсэхийг шийдвэрлэнэ.

“М” ХХК-ийг нэхэмжлэгчийн орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан гэсэн шүүхийн шийдвэр огт байхгүй бөгөөд харин шүүх гэрээний дагуу өмчлөх эрхээ шилжүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон байна. Анхан шатны шүүх Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг үндэслэн шийдвэрээ гаргасан нь үндэслэл муутай болжээ.

Хариуцагчид тус банкны зүгээс орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тухайгаа урьд нь мэдэгдэж байсан бөгөөд хариуцагч нь Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29.1.5 дахь заалтыг үндэслэн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, мэдүүлгийг буцаажээ.

Нэхэмжлэгч Я.С-ээс уг мэдэгдлийг хүчингүй болгож, Я.С-н өмчлөлийн улсын бүртгэлийн *-********** дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “*** ******” хотхоны *** байрны * тоот, 384.23 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн бүртгэл хийхийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6746 дугаар шийдвэрээр “2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон байрны төлбөрийг хариуцагчид бүрэн төлсөн байх ба уг өдрөөс өмчлөх эрх үүссэн гэж үзнэ” гэж дүгнэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “*** ******” хотхоны *** байрны * тоот 384.23 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Я.С-ийг тогтоосон байна.

Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 375 дугаар шийдвэрээр дээрх орон сууцыг “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг Я.С-н өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэсний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “*** ******” цогцолбор, Зайсангийн тойруу гудамж, *** байр, * тоот хаягт байршилтай 384.23 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Я.С-ийг эрхийн улсын бүртгэлийн *-********** дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

 

Дээрх шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгчийг өмчлөх эрхтэй болохыг тогтоосон хугацаанаас хойш байгуулагдсан “М” ХХК, “К” ХХК, “П” ХХК-ийн хоорондын 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 08/150 тоот зээлийн барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэлтэй гэх үндэслэлээр барьцааны эрхийг дуусгавар болгохоос татгалзсан хариуцагчийн үйлдэл үндэслэлгүй байна.

Учир нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг хууль бусаар олж авсан бөгөөд уг зүйлийн хууль ёсны өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж авсан бол тухайн эд хөрөнгийн хувьд барьцааны эрх дуусгавар болно” гэж заасан. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулагч гуравдагч этгээд “М” ХХК бус харин нэхэмжлэгч Я.С өмчлөх эрхтэй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, улмаар нэхэмжлэгчийн өмчлөлд уг үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн байна.

Гэтэл Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасныг үндэслэл болгон “К” ХХК-ийн “М” ХХК-иас үүргийн гүйцэтгэл шаардсан маргаан иргэний хэргийн шүүхээр хянагдаж байгаа гэсэн үндэслэлээр Я.С-н орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн бүртгэл хийхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д “мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа” бол улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг түүнд хавсаргасан баримт бичгийг буцаахаар заасан нөхцөлд энэ тохиолдол хамаарахааргүй байна.

Учир нь дээрх хуульд зааснаар мэдүүлэг гаргасан нэхэмжлэгч Я.С-н өмчлөх эрхтэй холбоотой маргаан байхгүй, хариуцагчийн татгалзлынхаа үндэслэл болгож буй зээлийн гэрээнд гэрээний тал болж оролцоогүй тул зээлдүүлэгч “К” ХХК-д зээл төлөх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөр хангах үүрэг хүлээхгүй гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гуравдагч этгээдийн гомдлын тухайд:

А) Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 4992 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И-н шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан байх бөгөөд шүүгчийн туслахаас товыг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-т мэдэгдсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И-н дугаар холбогдох боломжгүй байсан талаар тэмдэглэл үйлджээ.

Иймд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан хурлын товыг мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна. Нөгөө талаар, мөн зүйлийн 71.2-т зааснаар “хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй” байна. 

Гуравдагч этгээд “К” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбараа бичгээр ирүүлсэн байх тул түүний төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д заасантай нийцжээ.

Б) “К” ХХК-ийн нэхэмжлэгчээр оролцсон шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгснийг гуравдагч этгээд “К” ХХК-д танилцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах ёстой байсан гэж үзэхээргүй байна.

В) Гуравдагч  этгээдийн “К” ХХК-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1364 дүгээр захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 257 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байх тул гомдлын энэ талаарх үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 472 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “К” ХХК-ийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “К” ХХК-ийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ